11 сар 16, 2024

Шатахууны импорт буурчээ

Өнгөрсөн оны наймдугаар сараас ирэх оны наймдугаар сар хүртэл хугацаанд 1,443.809 тонн шатахуун импортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.8 хувиар буурчээ. Энэ нь Ковид-19 цар тахалтай холбоотой юм.

Хэдийгээр нийлүүлэлт буурсан ч, үнэ тогтворжсон байна. Тухайлбал, нэр бүхий 15 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж байгаагийн дүнд шатахууны жижиглэнгийн үнэ энэ оны таваас наймдугаар сард литр тутамдаа 1320-1400, наймаас аравдугаар сард 1370-1450 төгрөг болж тогтворжсон байна. Ингэснээр найм, ес, аравдугаар сард иргэд, аж ахуй нэгжүүдэд долоон тэрбум гаруй төгрөгийн бодит хэмнэлт үзүүлсэн гэсэн тооцоо гарчээ. Тиймээс ирэх онд бүх төрлийн шатахуун, дизель түлшний жижиглэнгийн үнийг тогтворжуулах чиглэлээр ажиллаж, үр дүнг нь тухай бүр нь танилцуулж байхыг холбогдох сайд, агентлагийн даргад Засгийн газраас даалгаад байна. Үүнээс гадна, ирэх онд нэр бүхий 24 аж ахуйн нэгж 30 хоногийн буюу нийт 120 мянга 350 тонн түлш, шатахууны нөөц бүрдүүлэхээр Засгийн газраас шийдвэрлээд байгаа юм. Энэ онд 22 аж ахуйн нэгж А-80 авто бензин 6000, АИ-92 авто бензин 42000, дизелийн түлш 80700, ТС-1 онгоцны түлш 4300 тонны нөөцтэй байх үүрэг хүлээн, нийт 133 мянган тонноос доошгүй хэмжээнд барьж байгаа юм.