11 сар 23, 2024

Чингис Хаан музей

Чингисийн хадны бичиг Эрмитажийн музейгээс Чингис Хааны музейд тавигдахаар болов

2021.06.03. Монгол Улс. Улаанбаатар хот. ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитажын музей XIII зууны үеийн Чингисийн хадны бичгийн хуулбарыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчлах үеэр манай улсад дурсгасан билээ. Эрмитажын музейн захирал Михайл Пиотровскийтэй санамж бичиг байгуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг дурсгал нь Монголын эртний бичмэлүүдийн нэг гэдгийг онцолсон юм. Тэрбээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Чингис хааны музей байгуулагдана. Энэ цаг мөчид Эрмитажын музей Чингисийн хадны бичгийн хуулбарыг манай улсад дурсгалаа. Манай улсын түүх соёлын өвийг гамтай хадгалж хамгаалж ирсэнд баяртай байна гэсэн юм. Боржин чулуун дээр эртний монгол үсгээр сийлсэн Чингисийн хадны бичгийг 1224-1225 оны үеийнх гэж үздэг. Үүнийг XIX зуунд Байгаль далайн орчмоос олсон бөгөөд 1936 оноос Эрмитажын музейд хадгалж байгаа юм. Монгол улс Чингис хааны музейгээ байгуулмагц хуулбарыг илгээхээ тус музейнхэн мэдэгдсэн юм.

Чингис хаан хаад, язгууртны музей нээлтээ хийлээ

2022.10.11. Монгол Улс. Улаанбаатар хот. Чингис хаан хаад, язгууртны музей нээлтээ хийлээ. МУЗЕЙД:

  • Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан);
  • Эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан);
  • Их Монгол Улс;
  • Монголын Их эзэнт улс;
  • Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе);
  • Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим);
  • Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрийг байршуулсан байна. 

Олон улсын стандартад нийцсэн ийм музейтэй болсон нь монголчуудын түүх соёлоо сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон түмнийг соён гэгээрүүлэх чиглэлээр хийж байгаа олон ажлын нэг юм. Чингис хаан, хаад язгууртны музей 12 мянга орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь эх үзмэр, үлдэх хувь нь гадаадын улс орны музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлсийн  хуулбар, уран бүтээл юм. Энэ музей Хүннүгийн эзэнт гүрний үеэс XX зууны эх буюу 2000 жилийн хугацаан дахь хаад, язгууртан, нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан төрт ёсны музей юм. Чингис хаан, хаад язгууртны музей 2022.10.12-ны өдрөөс иргэдэд үйлчилж эхэлсэн. 16 хүртэл насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй, насанд хүрэгчдэд 30000, оюутанд 15000, гэр бүлд 20000 төгрөгөөр үйлчилнэ. Монгол Улсын Засгийн газрын 2019.07.03-ны өдрийн хуралдаанаас Чингис хаан музейг байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингисийн музейн нээлтэд оролцож үг хэлэв

2022.10.11. Монгол Улс. Улаанбаатар хот. Чингис хаан хаад, язгууртны музей нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх: Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа манай улсын ард иргэд ээ, Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ, Эрхэм хүндэт зочид, эрхэм нөхөд өө. Ерөөл бэлгэ, өлзий учрал тэгш дүүрэн бүрдсэн энэ сайхан өдөр Эзэн Богд Чингис хаан болон түүний залгамжлагчдын түүхэн гавьяа, үйл хэргийг алдаршуулж, суу алдрыг мөнхжүүлэх зорилгоор, даяар Монголын ариун гал голомт, улсын нийслэл Улаанбаатар хотноо Чингис хаан, хаад язгууртны музейг нээж, далай их өвөг дээдэстээ гүн хүндэтгэл үзүүлэхээр Та бид хуран цуглаад байна. Энэ жил монголчууд бидний хувьд төрт ёс, түүх соёл, хууль цаазын дор монгол туургатныг нэгтгэн, өнө эртнээс улбаатай Монгол төрийн гал голомтыг бадраан, Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсаа байгуулж, монгол үндэстний суу алдрыг дэлхий дахинд тунхаглан мандуулсан Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн тэгш ой тохиож байна. Их эзэн Чингис хаан Монголын төдийгүй дэлхий ертөнцийн түүхэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс суурийг цогцлооход онцгой гавьяа байгуулсан аугаа их хаан билээ. Эзэн хаан, түүний залгамжлагчид Евроазийн өргөн уудам нутагт Ази, Европын олон үндэстэн хоорондын дайн тулаан, зөрчил, тэмцэлдээнийг зогсоож, дэлхий ертөнцөд Монголын их амар амгаланг тогтоож, улс түмнүүдийн харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлэн, оюун санаа, шашин шүтлэг, худалдаа арилжаа, соёл, урлаг, шинжлэх ухаан хийгээд тухайн үеийн хүний нийгэм хөгжин дэвжих таатай нөхцөлийг бүрдүүлж чадсан юм. Дэлхийн улс түмэн үнэт зүйлсээ харилцан хүлээн зөвшөөрч, олон соёл иргэншил, шашин шүтлэг зэрэгцэн орших учиртайг анхлан мэдрүүлж, хүн төрөлхтний хөгжилд онцгой гавьяа байгуулсан Их Эзэн Чингис хааны түүхэн үйл хэргийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрсөн. 2005 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэх тогтоол гаргаж байсан билээ. Чингис хаан бол дэлхийн олон үндэстэн, ард түмний энх тайвны төлөө тэмцэж, тив, дэлхийд амар амгаланг цогцлоон, хүн төрөлхтний өмнө аугаа үйл хэргийг бүтээсэн их хүмүүн хэмээн олон улсын түүхчид, эрдэмтэн судлаачид онцлон тэмдэглэдэг юм. Их эзэн Чингис хаан болон түүнийг залгамжилсан их хаадынхаа үйл хэргийг монголчууд бид судлан шинжилж, хадгалан хамгаалж, улс орондоо төдийгүй дэлхий ертөнцөд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх нь Эзэн хаанаараа овоглосон хүн бүрийн үеийн үед эрхэмлэн дээдэлж явах учиртай ариун үүрэг мөн. Ийм учраас Төрийн тэргүүн зарлиг буулгаж, монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахиж буйгаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн дээдэлж, Монгол төр, айл өрх, албан байгууллага бүр хүндэтгэн залж, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсан билээ. Өнөөдөр та бидний өмнө сүндэрлэн байгаа Чингис хаан, хаад язгууртны музей манай ард түмэн, бидний үр хүүхэд, ирээдүй хойч үе маань эх орон, ард түмэн, өвөг дээдэс, үүх түүх, үнэт зүйлээрээ бахархах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, дэлхий дахинаа эх орноо сурталчлан таниулах, аугаа түүхт монгол үндэстнийг оюун санаа, зүрх сэтгэл, итгэл үнэмшлийн хувьд нэгтгэн зангидаж, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах болно. Цаашид Монгол төр, бидний ирээдүй болсон үр хүүхэд, хойч үеийнхэн маань Их хаадынхаа үйл хэргийг улам бүр үргэлжлүүлэн судалж, сурталчлан таниулж, Монгол түмний их бүтээн байгуулалт, бахдал омогшлын бэлгэдэл болсон музейг өргөтгөн, үзмэр, үйлчилгээ, сан хөмрөгийг нь арвижуулан баяжуулж, дэлхий нийтийн анхаарлыг татсан түүхийн музей, олон улсын судалгааны төв болгон хөгжүүлэх учиртай. 2019 оны Монгол Улсын Засгийн газрын 280 дугаар тогтоолоор Чингис хаан музей байгуулах шийдвэр гарсан цаг мөчөөс өнөөг хүртэл хүндрэл, бэрхшээл олонтоо тохиолдсон ч музейг богино хугацаанд барьж ашиглалтад орууллаа. Монголчууд бид оюун ухаан, мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө нэгтгэн эрч хүчтэй хамтран ажиллаж чадвал ямар ч зүйлийг хийж бүтээж чаддаг гэдгээ энэ түүхэн бүтээн байгуулалтаар бас дахин нотлон харууллаа. Монголын түүхэнд тодоор бичигдэн үлдэх энэ түүхэн музейг бүтээн байгуулах их үйлсэд оройлон зүтгэж, сэтгэл зүтгэлээ зориулан манлайлан оролцсон эрдэмтэн судлаачид, уран бүтээлчид, барилгачид, инженер, техникийн ажилчид, баялаг бүтээгчид, төрийн албан хаагчид, Соёлын яам, тус музейн удирдлага, хамт олон болон бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцсон бүх хүн, байгууллага, хамт олонд ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Чингис хаан, хаад язгууртны музей Чингис хаан судлалын олон улсын гол төв болж, их хаадын суу алдрыг дэлхий дахинаа үеийн үед түгээн дэлгэрүүлж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Дэлхийн мянганы суут хүмүүн Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмний олон зуун жилийн хүсэл мөрөөдлийн биелэл болсон Эзэн Богд Чингис хааны хүндэтгэлийн өргөө- Чингис хаан хаад язгууртны музейн өндөр үүдийг өргөж, алтан босгыг мялаан албан ёсоор ёслол төгөлдөр нээж байна. Мөнх тэнгэрийн хүчин дор Их Эзэн Чингис хааны суу алдар, сүр хүч монголчууд биднийг өнө мөнхөд ивээх болтугай гэжээ. 

Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь үзэсгэлэн нээлтээ хийлээ

2024.07.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь үзэсгэлэн Чингис хаан үндэсний музейд нээлтээ хийлээ. Их түүхээ түмэн олондоо сурталчилан таниулахаар алдарт Луврын музей тэргүүтэй Европын томоохон музей, архивын сан хөмрөгт буй дурсгалуудыг эх  орондоо дэлгэн үзүүлж буй байгууллага, хамт олонд талархал илэрхийлж, цаашид түүх, соёлтой холбоотой дурсгалуудаар олон үзэсгэлэн гаргахыг онцгойлон дэмжихээ илэрхийлжээ. 2024.08.25-ныг хүртэл хугацаанд дэлгэх үзэсгэлэн нь монголчууд дэлхийд хэрхэн нөлөө үзүүлж, амар амгаланг тогтоон, соёл, худалдаа, эдийн засаг, улс төрийн хувьд хэрхэн өөрчилснийг илтгэх эртний улсуудын түүхтэй холбоотой дурсгалууд, Монголын эзэнт гүрний дурсгал, хаад, түүний угсааныхны дурсгал хэсгээс бүрджээ. Тухайлбал Монголын эзэнт гүрэн, Ил хант, Юань, Кидан Улстай холбоотой дурсгалуудыг хадгалж буй Луврын музей, Францын Үндэсний Архив, Севрийн Үндэсний Керамикийн музей, Чимэглэлийн Урлагийн музей болон Швейцарийн Ритберг музей, цуглуулагч Сэм ба Мирна Майэрсын цуглуулга зэрэг Европын таван томоохон музей, архиваас татаж авчирсан үзмэрүүдийг толилуулжээ. Ил хаант, Юань, Кидан Улс, Хүннү үеийн ховор чухал дурсгалууд, Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын бүх харьяа улсуудын дурсгалуудыг анх удаа нэг дор дэлгэжээ. Үзэсгэлэнгийн онцлох гол дурсгал нь 1305 онд Ил хаан Өлзийтөөс Францын хаан Гоо Филиппт илгээсэн монгол бичгийн захидал юм. Энэ захидал нь монгол хаадын бичиг соёлын дахин давтагдашгүй үнэт өв, төрт ёсны аугаа уламжлал, монгол бичгийн гайхамшиг, монголын их амар амгаланг бүрэн илэрхийлдэг, үнэлж баршгүй түүхэн баримтад тооцогддог. Үзэсгэлэнг 2025 оны гуравдугаар сард Прага хот дахь Үндэсний музей, 10 дугаар сард Цюрих хотын Ритберг музей, 2026 онд Берлиний түүхийн музей, Канад, АНУ зэрэг улсад дэлгэхээр төлөвлөж байна. Өнгөрсөн жил Монгол Улс, БНФУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор Францын Нант хотод дэлгэсэн үзэсгэлэнг зургаан сарын хугацаанд 250 гаруй мянган хүн үзэж сонирхжээ.