11 сар 17, 2024

Дэлхийн санхүүгийн хямрал…

-АНУ-ын санхүүгийн хямрал-

2009-03-17. Улаанбаатар. Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай орнуудын тоонд АНУ зүй ёсоор ордог. Гэвч тус улсын эдийн засаг одоогоос хэдэн жилийн өмнө хямралд өртсөн юм. Чухам юунаас болж дэлхийн тэргүүлэх эдийн засаг хямрахад хүрэв. Энэ асуултад 2008 оны аравдугаар сарын 28-ны өдөр тэр үеийн Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Аршад Сайд: АНУ-ын санхүүг хямралд оруулахад маш олон тооны хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт: 2001 оны есдүгээр сарын 11-ний өдрийн халдлагын дараа АНУ-ын нөөцийн банкнаас бага хүүтэй их хэмжээний зээл гаргасан. Хоёрдугаарт: Энэ хүнд байдлаасаа гарч амжаагүй байтал моргейжийн буюу орон сууцны маш хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл иргэддээ олгох ажлыг АНУ-ын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн. АНУ-ын Засгийн газар хүн болгоноо өөрийн орон сууцтай болгох бодлого явуулж, тус улсын банкууд зээлийн нөхцлийг зөөлрүүлж, их хэмжээний найдваргүй зээл олгосон. Гуравдугаарт: Тус улсын иргэд бэлэн мөнгөгүй хэрнээ өөрийн чадавхаасаа давсан тийм амьдралын нөхцөл байдлыг хүсч орон сууцнаас гадна, машин, тавилга гэх мэт үнэтэй зүйлүүдийг зээлээр авч байсан. АНУ-ын эдийн засгийн хямрал эхэндээ Европын орнууд руу хүчтэй чиглэж байсан бол, хожим Азийн орнууд руу чиглэсэн. Энэ нь Азийн хөрөнгийн биржүүдэд компаниудын хувьцааны ханш хэрхэн буурч байгаагаас харагдана. Тухайлбал, Sony корпорацийн хувьцааны ханш хөрөнгийн бирж дээр нэрлэсэн үнээсээ 70 хувиар доогуур ханшаар худалдаалагдаж байна. Энэ нь тус компанийн бодит хөрөнгө, бодит үнэлгээнээс доогуур ханштай болж байгааг гэрчилж байгаа явдал юм. Азийн орнуудын эдийн засаг хямарч байгаагийн бас нэг илрэл бол долларын ханш хэлбэлзэж эхэлсэн явдал. Азийн эдийн засаг яагаад хямраад байна гэхээр эдгээр улс орнууд Америк руу их хэмжээний экспортын бүтээгдэхүүн гаргадаг. Америк эдийн засгийн хямралд орсноор эдгээр орнуудаас экспортын бүтээгдэхүүн худалдан авах чадваргүй болчихож байгаа юм. Америк руу гаргадаг экспортын хэмжээ багасна гэдэг нь тухайн улсад орох хөрөнгө оруулалтын хэмжээ хумигдаж байна гэж тайлбарлаж байсан билээ. АНУ-ын wall street-ээс эхтэй санхүүгийн хямрал олон тооны хүчин зүйлээс шалтгаалсан болохыг эдийн засагчид ийнхүү хэлдэг.

2001 оны есдүгээр сарын 11-ний өдрийн халдлагыг суурь шалтгаан нь болсон гэж үздэг аж. Үүний дараахан тус улсын нөөцийн банкнаас бага хүүтэй их хэмжээний мөнгө гаргажээ. Залгуулаад нөхцөлөө зөөлрүүлж хүн бүрийг орон сууцтай болгох бодлого явуулсан ч, эргээд баталгаагүй моргейжийн зээл болж хувирсан байна. Үүнээс болж тус улсын дийлэнх банкууд хүндэрч зээлээ хаасан нь мөнгөний гачигдалд ороход хүргэв. Энэ нь даамжирч даатгалын болон хөрөнгийн зах зээлд нь уналт ажиглагдаж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, тус улсын санхүүгийн секторууд бүхэлдээ өвчилж, бодит эдийн засаг нь царцахад хүрсэн тал бий. Тиймээс хямралыг намжаахын тулд Америкийн засгийн газраас 700 тэрбум ам.долларын санхүүгийн тусламжийг банкууддаа олгохоор шийдвэрлэсэн гэдэг. Энэ нь хямралыг бага ч болтугай зогсоох найдвар болно гэж шинжээчид үзэж байсан юм. Харамсалтай нь хямрал үргэлжилсээр дэлхийн томоохон хөрөнгийн биржүүдийн индекс, компаниудын хувьцааны ханш унасаар байв. АНУ-ын төрөөс зохицуулалт хийх гэсэн ч амжилтгүй болсон нь хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэл сул байгаагийн тод илрэл болсон билээ. АНУ болон бусад хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт буурч, үүнийгээ дагаад хөрөнгө оруулалт буурна гэсэн хандлага зах зээлд давамгайлж байсан учраас томоохон биржүүдийн индекс унаж, хувьцааны ханш суларсаар байсан юм. Америкийн эдийн засаг хүнд байсан тул долларын ханш хүртэл ганхаж эхлэв. Тиймээс долларын ханшийн эрсдэлээс сэргийлж хөрөнгө оруулагчид алт ихээр худалдан авч байжээ. Америкийн эдийн засаг тогтворжиж байдал хэвэндээ ортол алтны үнэ өндөр байна гэдгийг тухайн үед шинжээчид тооцоолж байсан юм. Харин бусад түүхий эдийн үнэ унах нөхцөл бүрэлдэж байлаа. Монгол Улсын Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын дарга Батбаяр: Хятадууд түүхий эдийн их хэмжээний нөөц бэлтгэж байгаа. Нөөц хангалттай түвшинд хүрвэл дэлхийн зах зээлд түүхий эдүүдийн эрэлт багасч, үнэ буурна гэдгийг мөн онцолж байсан юм. Тиймээс хямрал хэдий хүртэл үргэлжлэх нь хэн хүний санаа чилээх асуудлын нэг болоод байсан цаг үе. Үүнд дийлэнх эдийн засагчид АНУ-ын санхүүгийн хямрал хэдийг хүртэл үргэлжлэхийг тааж хэлэхэд бэрх хэмээн хариулж байв. Харин тэр үеийн Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Аршад Сайд: Ойрын хоёр, гурван жилдээ эдийн засгийн хямрал үргэлжлэх байх хэмээн ярьж байсан юм. Энэ нь биеллээ олсон байдаг. 2010 оны есдүгээр сарын 7-ны хавьцаа дэлхийн банкнаас гаргасан судалгаанд америкийн эдийн засаг хүнд хэвээр байна гэж тусгасан нь үүний нэг нотолгоо, бас баталгаа байв.

Өөрөөр хэлбэл, АНУ-ын эдийн засаг, санхүүгийн хямрал 2008, 2009, 2010, 2011 оныг дамнан үргэлжилсэн юм. Тухайлбал, 2011 оны есдүгээр сарын дундуур америкт ажилгүйдэл 9,1 хувьд хүрсэн байлаа. АНУ 300 гаруй сая хүн амтай гэж тооцвол, тус улсад 30 гаруй сая хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжээд байсан юм. Ийнхүү хүн амынх нь тодорхой хэсэг орлогогүй болсон нь америкийн эдийн засгийг хойш чангааж байсан нь мэдээж. Ажилгүйдэл нэмэгдэхийн хэрээр бараа бүтээгдэхүүний эрэлт буурч, үйлдвэрүүдийнх нь ашиг орлого буурч байсан юм. Үүний бодит жишээг америкийн орон сууцны зах зээлээс харж болохоор байв. Америкийн худалдааны яамнаас гаргасан судалгаагаар орон сууцны борлуулалт 2011 оны есдүгээр сард өмнөх сараасаа 0,7 хувиар буурсан бол, орон сууцны үнэ 1,2 хувиар буурсан байв. Эрэлт буурч, үнэ буурахын хэрээр барилгын компаниудынх нь ашиг орлого буурч байсан нь эндээс илт харагддаг. Ганц барилгын салбарт гэлтгүй бусад салбарт ч бууралт гарч байсан нь мэргэжлийн байгууллагуудаас явуулсан судалгаанаас харагддаг. Институт фор сапли менежмент байгууллагаас явуулсан судалгаагаар америкийн үйлдвэрлэлийн индекс 2011 оны есдүгээр сард өмнөх сараасаа 0,3 нэгжээр буурч, 50,6 нэгж болсон байлаа. Үйлдвэрлэлийн индекс 2009 оны долоодугаар сараас хойш байгаагүй хамгийн доод түвшиндөө хүрсэн нь энэ. Өөрөөр хэлбэл, америкийн үйлдвэрлэлийн салбар эдийн засгийн хямралын оргил үеэс ч дордсон юм. Ийнхүү америкт ажилгүйдэл газар авч байсан нь үйлдвэрлэл буурч, бодит эдийн засгийн өсөлт саарах дохиог өгч байсан юм. Америк хэрэглээнд түшиглэсэн эдийн засагтай орон. Сүүлийн 20 жилийн хугацаанд үйлдвэрлэл хөгжсөн орнуудын экспортын бүтээгдэхүүний дийлэнхийг шингээж ирсэн ч, хямралын үед тэгэх бололцоогүй болов. АНУ-ын эдийн засаг хямралд өртөж худалдан авах чадваргүй болсон нь Европын улсууд төдийгүй, Азийн орнуудад хүндээр тусч эхэлсэн юм. Америкийн хямрал дэлхийн нөгөө өнцөгт байгаа эдийн засагт яахаараа гэж хэн хүнгүй асууж байлаа. Үүний хариулт нь их энгийн. Нэг нь нөгөөгөөсөө хамааралтай эдийн засаг тул хямрахгүй байхын ч аргагүй. Ийнхүү санхүүгийн хямрал гинжин хэлхээгээр бусад орнуудад мэдрэгдэж эхлэх нь тэр.

-Европын санхүүгийн хямрал-

Европын холбоо одоогоос хэдэн жилийн өмнө Австри, Англи, Бельги, Болгари, Герман, Грек, Дани, Ирланд, Испани, Итали, Кипр, Латви, Литва, Люксенбург, Мальта, Нидерланд, Польша, Португали, Румын, Словак, Словени, Финлянд, Франц, Унгар, Чех, Швед, Эстони зэрэг 27 орноос бүрдэж байлаа. Эдгээрээс 17 нь нэгдсэн нэг валют болох евро мөнгөн тэмдэгт хэрэглэж ирсэн. Тухайлбал, Австри, Бельги, Герман, Грек, Ирланд, Испани, Итали, Кипр, Люксенбург, Мальта, Нидерланд, Португали, Словак, Словени, Финлянд, Франц, Эстони зэрэг 17 орон евро мөнгөн тэмдэгт хэрэглэж ирсэн юм. Евро мөнгөн тэмдэгт хэрэглэдэг дээрх орнуудыг евро бүсийн орон гэж нэрлэдэг. 2012 оны байдлаар евро бүсийн орнуудын төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3 хувиас хэтрэх ёсгүй байлаа. Мөн улсынх нь өр дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас доогуур байх ёстой байсан юм. Гэтэл 2012 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн байдлаар евро бүсийн орнуудаас Люксенбург, Финлянд, Словени гэсэн гурван орон л төсвийн сахилга зөрчөөгүй явсан нь сайшаалтай. Харин бусад нь тааруухан дүн авахаар байсан юм. Тэднээс Грек, Итали, Ирланд, Испани, Португали улсууд өрийн хэмжээгээрээ бусдаасаа дээгүүрт бичигдэж байсныг нуух юун. Тухайлбал, Грекийн өр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 142 хувьд, Италийн өр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 119 хувьд, Ирландын өр дотоодын нийт бүтээгдхүүнийхээ 96 хувьд, Португалийн өр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 93 хувьд хүрчихсэн байсан юм. Дээрх улсуудын эдийн засаг зөвхөн 2012 онд ингэтлээ хүндэрчихсэн юм биш. Өмнө нь ийм байдалтай байсан гэдэг. Тиймээс 2011 оны нэгдүгээр сарын 16-ны хавьцаа тэр үеийн Европын холбооны ерөнхийлөгч Херман ван Ромпей Евро бүсийн сайд нарын уулзалтын үеэр нэгэн чухал мэдэгдэл хийсэн байдаг. Тэрбээр: Бид хамтын хүчээр евро бүсийг хадгалж үлдэх хэрэгтэй байна. Европын холбооны улсууд санхүүгийн хувьд оршин тогтнож чадахгүй бол, Европын холбоо үгүй болно. Тиймээс Европын холбооны эдийн засгийн хямралын хоёр дахь давалгааг хамтдаа анагаах шаардлагатай байна. Ингэхийн тулд Грек, Ирланд, Испани, Португалийн эдийн засгийг хамтын хүчээр аврах шаардлага тулгарч байна. Өнөөдөр Ирланд улсад 60 тэрбум еврогийн дэмжлэг хэрэгтэй байна. Европын холбооны буурай улсуудын тоонд багтдаг Португали улсад санхүү хүндхэн байна. Испанийн эдийн засаг Португалиас арай дээр байгаа ч, энэ улсын эдийн засгийн хэвийн байдалд оруулахад дор хаяж 1 тэрбум еврогийн дэмжлэг хэрэгтэй байна. Дээрх улсууд хэрэв дэмжлэг хүсвэл, Европын холбоо болон Валютын сангийн хамтран байгуулсан сангаас дэмжлэг үзүүлэх болно. Одоогоор тус санд 750 тэрбум евро байршиж байна хэмээн дурдаж байсныг сануулах нь зүйтэй болов уу.  Чухам юунаас болж дээрх улсууд өрд орж, өрийн хямралд өртсөн бэ гэдэг асуулт эндээс урган гардаг. Тэгвэл үүнд эдийн засагчид Грекийн хэт үрэлгэн зан энэ улсыг дааж давшгүй өрийн хямралд оруулаад зогсохгүй, евро бүсийн хэд хэдэн орныг хөлдөө чирсэн болохыг хэлдэг. Гэхдээ тэд нэг нь нөгөөгөө буруутгахаас илүүтэй хамтын хүчээр үүнийг даван туулахыг хичээж байсан нь Европын холбооны ерөнхийлөгч Херман ван Ромпейн хэлсэн үгнээс илт харагддаг.

2009 онд америкийн эдийн засаг хямарч, энэ нь эцэстээ дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал болж даамжирсан тал бий. 2010 зургаадугаар сарын 2-ны өдрийн байдлаар нөхцөл байдал дээрдэж дэлхийн ихэнх улсууд хямралаас гарсан тухайгаа мэдэгдэж байсан ч, европын холбооны зарим улсуудад нөхцөл хүнд байсаар байсныг дээрх тоо баримт тод харуулах биз ээ. Нэг талд ийнхүү хэрхэн өрийн хямралаас гарах тухай ярьж байхад, нөгөө талд евро бүсийн өрийн хямрал дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг дээр анхаарлаа хандуулж байсан юм. Европын холбооны улсуудын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын төлөв байдлыг илтгэдэг фурчасинг менежер индекс 50 нэгжээс дээш байвал тухайн салбарт өсөлт гарч буйг илтгэдэг байна. Харин 50 нэгжээс бага гарвал тухайн салбарт бууралт гарч буйг илэрхийлдэг юм. Маркет экономикс байгууллагаас явуулсан судалгаагаар фурчасинг менежер индекс 2011 оны наймдугаар сард 51,1 нэгжтэй гарч байлаа. Энэ нь евро бүсэд эдийн засгийн хямрал нүүрлэх нь гэсэн айдсыг бага зэрэг намжаасан ч, индекс огцом өсөхгүй байсан нь үйлдвэрлэл, үйлчилгээ буурч болзошгүй байсныг давхар анхааруулж байсан юм. Дээр нь европын холбооны орнуудад ажилгүйдэл 10 хувьд хүрээд байсан нь байдлыг хурцатгаж байв. Дэлхийн эдийн засгийн 30 хувийг АНУ, 40 хувийг Европын бүс эзэлдэг. Америк болон евро бүсийн орнуудад ажилгүйдэл нэмэгдэж, үйлдвэрлэл буурч, бодит эдийн засгийн өсөлт ийнхүү саарч болзошгүй байсан нь бусад оронд хүндрэл авч ирж мэдэхээр байлаа. Тэр дундаа үйлдвэрлэл хөгжсөн азийн орнуудыг хөлдөө чирж мэдэхээр байсан юм. Америк болон европын холбооны орнуудын хэрэглэгчдийн худалдан авах чадвар буурахын хэрээр азийн орнуудаас импортолж авах бараа бүтээгдэхүүн хумигдаж, энэ нь үйлдвэрлэлд тулгуурласан эдийн засагтай Хятад, Солонгос, Япон улсуудад хүндээр тусч мэдэхээр байсан юм. Хэрэв евро бүсийн өрийн хямрал савнаасаа халивал, дэлхийн эдийн засагт төдийгүй, манай улсын санхүүд хүссэн хүсээгүй хүнд цохилт өгнө гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байлаа. 2011 оны есдүгээр сарын 15-нд Монголбанкны Эрсдэлийн удирдлагын газрын албаны дарга Батсайхан: Дэлхийн эдийн засаг цаашид хүндэрвэл манай улсад энэ нь хүссэн хүсээгүй нөлөөлнө. Ингэхдээ гадаадад ажиллагсдын мөнгөн гуйвуулга буурч, гадаадын хөрөнгө оруулалт багасч магадгүй. Үүнээс гадна, зэсийн үнийн бууралтаар дамжиж төсөвт дарамт авч ирж болзошгүйг анхаараалж байсан юм.

Ер нь америк болон евро бүсийн эдийн засгийн хүндрэл ази төдийгүй, манай улс руу хүрээгээ тэлбэл дараах 5 нөхцөл байдлаар дамжина гэж эдийн засагчид үзэж байсан юм. Нэгдүгээрт: Хятад экспортынхоо багагүй хэсгийг Европт гаргадаг. Евро бүс санхүүгийн хямралд автах юм бол хятадын экспортлох бараа бүтээгдэхүүний хэмжээ буурна. Хятадын экспортын хэмжээ буурвал Монголоос авах түүхий эд, материалын импорт буурах магадлалтай. Өөрөөр хэлбэл, манайхаас авах зэс, нүүрс зэрэг бусад түүхий эдийн эрэлт буурна гэсэн үг юм. Тэр ч утгаараа евро бүсийн хямрал хятадаар дамжиж манай улсын борлуулалтын орлого багасад нөлөөлж магадгүй гэж таамаглах нэгэн байсан билээ. Хоёрдугаарт: дэлхийн эдийн засгийн 40 хувийг эзэлдэг евро бүсийн орнуудын дотоодын эрэлт буурна гэдэг нь гадаад зах зээлд түүхий эдийн эрэлт буурахыг илтгэж байлаа. Манай улсын экспортын зэс, өнгөт металл, хар төмөрлөг, нүүрс гээд бүхий л түүхий эдийн эрэлт буурах нөхцөл тавигдах байв. Эрэлт буурч байгааг дагаад үнэ буурах зах зээлийн зарчим үйлчлэх нь гарцаагүй байлаа. Энэ үнийн бууралт монголын эдийн засагт шууд нөлөөлөх магадлалтайг эдийн засагчид анхааруулж байсан юм. Гуравдугаарт: Европоос орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ буурна гэж шинжээчид үзэж байлаа. Дөрөвдүгээрт: Евро бүсийн өрийн хямралаас болж дэлхийн зах зээлд бараа таваарын эрэлт буурч, үнэ нь тэр хэрээр уруудаж байсан билээ. Энэ байдал удаан үргэлжилбэл манай улсын экспортын орлого буурч, гадаад худалдааны алдагдал нэмэгдэж, гадаад валютын нөөц хорогдох эрсдэл байсан юм. Тавдугаарт: Монголын нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүн европын зах зээл рүү нэлээд гардаг. Европын худалдан авах чадвар буурвал энэ бүтээгдэхүүний эрэлт буурах магадлал маш өндөр байсан юм. Манай улс 2006 онд европын холбооны улсууд руу бараа бүтээгдэхүүн экспортын ямар ч татваргүйгээр гаргаж эхэлсэн байдаг. Энэ боломж 2008 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон юм. Харин үүнийг сунгаж европын холбооны улсууд руу дахин бараа бүтээгдэхүүн 3 жилийн хугацаатай ямар ч экспортын татваргүйгээр гаргах боломжтой болсон юм. Энэ талаар тэр үеийн Гадаад харилцааны яамны Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд дарга Батжаргал: Европын холбооны улс руу бараа бүтээгдэхүүн татваргүйгээр экспортлох эрх дахин гурван жилийн хугацаагаар сунгагдлаа. 7200 нэрийн барааг импортын тэг татвартайгаар Европын холбооны 27 гишүүн оронд экспортлох хөнгөлөлт 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Энэхүү хөнгөлөлт 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх юм хэмээн мэдэгдэж байлаа. Ийнхүү өнгөрсөн хугацаанд манай аж ахуйн нэгжүүд ноос, ноолууран бүтээгдэхүүн европын холбооны улсууд руу экспортлох боломж дахин нээгдсэн ч, европт санхүүгийн хямрал нүүрлэснээр манай улсаас авах ноос ноолуурын бүтээгдэхүүний импорт буурч болзошгүй нөхцөл байдал үүссэн юм.

-Грекийн санхүүгийн хямрал-

Евро бүсийн хямралын гол буруутан нь Грек улс гэлцдэг. Энэ улс евро бүсийн орнуудыг 2008-2009 он хавьцаа хямрал руу дагуулсан гэж ойлгогддог. Энэ нь грек улс евро бүсэд нэгдэж орсон тэр үеэс эхлэлтэй юм. Грекчүүд 2001 онд евро бүсэд элсэхдээ европын холбооноос тавьдаг төсвийн хариуцлагыг хэдийнэ зөрччихсөн байжээ. Тодруулбал, төсвийн алдагдал нь дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувиас хэтрэх ёсгүй. Улсынх нь өр дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас доогуур байх ёстой гэсэн евро бүсийн орнуудын мөрддөг алтан дүрмийг зөрчсөн байжээ. Гэвч үүнийгээ томоохон банкуудад их хэмжээний мөнгө төлөх замаар далдалж, санхүүгийн тайлан балансаа ташаа мэдээллэх замаар евро бүсэд элсэн орсон байгаа юм. Энэ нь хэдэн жилийн өмнө нэгэнт нийтэд ил болсон мэдээлэл. Энэ үед Грекийн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 15,4 хувьд хүрч, өрийн хэмжээ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 127 хувьд хүрчихсэн байлаа. Тус улсын мөнгө олдог гол салбар нь аялал жуулчлал, далайн тээвэр, химийн үйлдвэрлэл юм. 2008 онд тохиосон дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын үед дээрх салбаруудынх нь орлого хумигдсан байна. Энэ үед тус улс зарлагаа бууруулах бус, эсрэгээр нь нэмэгдүүлж байжээ. Тухайлбал, төрийн албан хаагчдынхаа цалинг хоёр дахин нэмэгдүүлж, тэтгэвэр тэтгэмж болон халамжийнхаа хэмжээг өсгөсөн байгаа юм. Олсноосоо илүү зардаг нь тус улсын төсвийн алдагдал хэрээс хэтрэхэд нөлөөлжээ. Энэ бүхэн тус улсыг өрийн хямрал рүү түлхсэн гэж ойлгож болно. Тиймээс тус улс 2010 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Европын холбоо болон Олон улсын валютын санд хандаж анхны зээл тусламжаа хүссэн байна. Евро мөнгөн тэмдэгт хэрэглэдэг Грек улсын эдийн засгийн талаарх таагүй мэдээлэл нь еврогийн ханш ам.долларын эсрэг 15 орчим хувиар унахад нөлөөлсөн байна. Еврогийн ханш үргэлжлэн унавал евро бүсэд аюул авч ирж мэдэхээр байжээ. Тиймээс европын холбоо болон олон улсын валютын сан Грект зээл олгохоор болсон байгаа юм. Гэхдээ Грекийг төсвөө тана гэсэн шаардлага тавьсан байгаа юм. Энэ дагуу Грекийн засгийн газар төсвөө танах шийдвэр гаргаж, 2010 оны тавдугаар сарын 5-нд тус улсын парламент 4,8 тэрбум еврогийн хэмнэлт хийх эдийн засгийн хамгаалалтын хууль гээчийг баталсан байна. Уг хуулиар сард 3000 еврогоос дээш цалинтай төсвийн албан хаагчдад хагас жил тутам 1000 еврогийн бонус олгодог байсныг зогсоох. Төсвийн албан хаагчдын урамшуулал тэтгэмжийг 8 хувиар хасах. Сард 2500 еврогоос дээш тэтгэвэртэй хүмүүст нэмэлт тэтгэмж олгохгүй байх. Тэтгэврийн нас 61 байсныг 65 болгон өөрчилж, архи, тамхи, шатахууны татварыг 10 хувиар өсгөх шийдвэр гаргажээ. Үүний дараа 2010 оны тавдугаар сарын 9-ний өдөр евро бүсийн орнууд Олон улсын валютын сантай хамтран Грекийн засгийн газарт 110 тэрбум еврогийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон байгаа юм.

Ингэснээр тус улсын төсвийн алдагдал хэрээс хэтэрч, Засгийн газар нь 300 тэрбум еврогийн өртэй болжээ. Үүнээс 50 тэрбум еврогийн өрийг ойрын хугацаанд барагдуулах ёстой байсан ч, тус улс санхүүгийн тийм чадамж байсангүй. Тиймээс үүнийг барагдуулахад шаардагдах санхүүгийн дэмжлэг Европын холбооноос дахиад хүссэн байдаг. Олон улсын валютын сан, Европын холбоо яагаад Грект гар сунгаж байсныг хүн бүр гайхдаг. Энэ нь хариулахад тийм ч хүндрэлтэй асуулт биш юм. Учир нь Грекийн хямрал даамжирвал евро бүсийнх 16 оронд халдварлах байсан учраас тэр. Евро бүсийн орнууд евро гэх нэг мөнгөн тэмдэгт хэрэглэж байсан нь тэдний хувь заяаг холбож байсан юм. Грекийг оролцуулаад 16 орон еврог өөрийн улсын мөнгөн тэмдэгт хэмээн зарласан учраас өөр хоорондоо хамааралтай санхүүгийн системд нягт холбогдсон байсан гэсэн үг. Тиймээс ч Грек хямарч еврогийн ханшид нөлөөлж эхэлмэгц бусад евро бүсийн орнуудын эдийн засаг санхүүд цохилт өгч байсан гэж ойлгож болох талтай. Тэр тусмаа төсвийн сахилга бат алдагдсан Португали, Ирланд, Итали, Испанид хүндээр тусах байв. Тиймээс бүсийн орнууд Грекийг хямралаас гаргах гэж бүгд дор бүрнээ хичээсэн байдаг. Грек ч ялгаагүй. Тухайлбал, тус улс хямралаас гарахын тулд 2010 оны эцэст төсвийн алдагдлаа 8,7 хувь, 2012 онд гэхэд 3 хувь болгох зорилт тавин ажилладаг байдаг. Үүний тулд дээр дурдсанчлан төрийн албан хаагчдынхаа цалинг хасч, тэтгэвэрт гарах насыг нэмж, татвараа нэмсэн байдаг юм. Үүнийг тус улсын иргэд эсэргүүцэж, ажил хаяж, жагсаал цуглаан дээрээ тулж байсан ч улсаараа хямрах уу, эсвэл хэсэг хугацаанд бүсээ чангалах уу гэдэг хоёрхон сонголт байв. Грекийг хямрах үед евро бүсээс гаргах, эсвэл еврогоос татгалзвал асуудал намжих биш үү хэмээн эргэцүүлэх цөөнгүй хүн байв. Гэвч ингэх бололцоогүй хэмээн ганц хариулт тэднийг угтаж байлаа. Учир нь евро бол тус бүсийг эдийн засгийн хувьд төдийгүй, улстөрийн хувьд холбодог гүүр нь юм. Нэгдсэн нэг мөнгөн тэмдэгт евро нийтээрээ хэрэглэж байсан учраас Европын холбооны нэгдэл оршиж буйн нэг үндэс билээ. Аль нэг улс еврогоос татгалзсанаар европын холбоо эцэстээ тарч бутарч болзошгүй томоохон хор уршиг гарах байв. Тиймээс Европын холбоо Грект өнгөрсөн хугацаанд тусалж ирсэн юм. 

-Азийн санхүүгийн хямрал-

Ази номхон далайн бүсийн Санхүү Хөгжлийн төвөөс Дэлхийн Банктай хамтран Азийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, авч байгаа арга хэмжээнүүд сэдэвт видео семинарыг 2008 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулсан юм. Видео семинарт Ханой, Хо Ши Мин, Манила, Коломбо, Токио, Улаанбаатар, Шанхай болон Бээжингийн дэлхийн банкин дахь суурин төлөөлөгчид, тухайн улсын эдийн засагчид, шинжээчид оролцож 10 гаруй жилийн дараа дахин давтагдсан Азийн хямралын талаар ярилцсан юм. Видео семинарын үеэр Дэлхийн банкны Бээжин дэх төлөөлөгчийн газрын Хятад, Монголын хариуцсан газрын дарга Девид Доллар 10 жилийн дараа давтагдсан азийн санхүүгийн хямралын шалтгаан, сургамжын талаар илтгэл тавив. Үүний сацуу санхүүгийн хямрал азийн хөгжиж буй орнуудад хэрхэн нөлөөлж байна сэдвээр Азийн санхүүгийн хөгжлийн төвийн орлогч захирал Яанг Жинлинг, Дэлхийн банкны хөгжлийн төв Федерик Макаранс, Вьетнамын Сангийн сайд Ван Тао нар илтгэл тавьсан юм. Вьетнамын Сангийн сайд Ван Тао: Гадаадад ажилладаг манай улсын иргэд жилдээ эх орон руугаа 8 тэрбум ам.доллар гуйвуулдаг байсан бол, энэ нь эрс багассан тухай мэдэгдсэн байдаг. Вьетнамын олон мянган иргэд гадаадад ажилладаг аж. Дэлхийн дахинаа санхүүгийн хямралтай тулгарсан учраас гадаадад ажилладаг тус улсын иргэд эх орон руугаа буцах нь ихэссэн байна. Тиймээс тус улсын гадаадад ажилладаг иргэдийн эх орон руугаа гуйвуулдаг мөнгөний хэмжээ нь эрс буурсан байгаа юм. Үүнээс гадна, Вьетнамд аялал жуулчлалын салбараас орж ирэх мөнгөний хэмжээ багассан байлаа. Үүний сацуу хөрөнгө оруулалт төлөвлөж байсан хэмжээндээ хүрээгүй зэргийг дурдаж болох юм. 2009 онд тус улс 65 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ гэж төлөвлөж байжээ. Үүний сацуу Вьетнамын хөрөнгийн зах зээлд арилжаалагддаг үнэт цаасны ханш унаж, зээл олголт багассантай холбоотойгоор үл хөдлөх хөрөнгийн ханш уруудаж эхэлсэн байгаа юм. Илтгэлээс азийн ихэнх улс энэ мэт нэгэн ижил хүндрэлтэй байгаа нь ажиглагдаж байсан юм. Нэгэнт азийн ихэнх улс орнууд санхүүгийн томоохон бэрхшээлэй тулгараад байсан тул арилжааны банкуудаараа дамжуулан санхүүгийн хямралаас гарах гарцыг эрэхийлж эхэлжээ. Нэг ёсондоо, азийн улсууд банкны сектортоо дэмжлэг үзүүлсэн тухайгаа семинарын үеэр хэлж байсан юм. Энд азийн зарим нэг улсаас жишээ татан хэлэх нь зүйн хэрэг байх. Тухайлбал, Японы эдийн засаг 2008 оны сүүлийн гурван сард 12 орчим хувийн бууралттай гарсан байдаг. Тиймээс Японы Засгийн газар хямралын эсрэг 225 тэрбум америк долларын төлөвлөгөө батлан хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлсэн юм. Тухайлбал, 2009 оны гуравдугаар сард тус улсын экспортын хэмжээ өмнөх сарынхаасаа өсч, худалдаалагдахгүй байсан барааны нөөц багассан байгаа юм. Үүний зэрэгцээ японы хөрөнгийн биржийн үндсэн үзүүлэлт болох Никкей-ийн индекс өссөн үзүүлэлт гарч эхлэв. Никкей-ийн индекс 2008 оны сүүлчээр огцом буурсан ч, 2009 оны дундуур 3,6 хувиар өссөн үзүүлэлт гарсан юм. Энэ жишгээр азийн орнууд хямралыг даван туулахын тулд дотоодын зах зээлээ дэмжихийн тулд, арилжааны банкууддаа дэмжлэг үзүүлж, мөнгөний хатуу бус зөөлөн бодлого явуулж эхэлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, бүхий л орнууд нэгэн ижил хүндрэлтэй тулгарч тэрнээсээ гарах нэгэн ижил гарцыг эрэлхийлж байлаа.

Видео семинарын үеэр яригдаж байсан гол асуудлын нэг бол азийн ихэнх улсууд мөнгөний зөөлөн бодлого явуулж эхэлсэн нь санхүүгийн хямралаас гаргах сайн талтай ч, эргээд 10 жилийн дараа дахин санхүүгийн хямралд хүргэж болзошгүйг эдийн засагчид анхааруулж байсан нь нууц биш. Үүнд тэр үеийн Дэлхийн банкны Бээжин дэх төлөөлөгчийн газрын Хятад, Монголыг хариуцсан газрын дарга Девид Доллар: Өнөөдрийн АНУ-ын авч хэрэгжүүлж байгаа мөнгөний зөөлөн бодлого нь эргээд 10 жилийн дараа санхүүгийн хямралд хүргэж болзошгүй юм. Уг нь инфляцийг бага хэмжээнд барихын тулд зээл бага багаар олгох нь зүйн хэрэг. Гэхдээ өнөөдөр инфляийг барихаас илүүтэй дефляцийг барих хамгийн оновчтой шийдвэр болоод байна. Нэг ёсондоо эдийн засгийн өсөлтөө авч үлдэх хамгийн чухал шийдвэр. Тиймээс өнөөдөр АНУ мөнгөний зөөлөн бодлого явуулж, үнэт цаасны хүүгээ бууруулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм. Сүүлийн 20 жилийн хугацаанд АНУ дэлхий экспортын дийлэнх хувийг худалдан авдаг байсан. Харин энэ улс өнөөдөр санхүүгийн хямралд өртөөд байна. Тэр ч утгаараа экспортлогч орнуудын бараа бүтээгдэхүүнийг худалдан авахгүй болмогц дэлхийн бусад орнууд дагаж хямраад байна. АНУ нэгэнт ийм хямралд орсон тул экспортлогч орнууд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ хаашаа шингээх вэ гэдгээ сайтар бодож үзэх хэрэгтэй. Өөрийн улсдаа үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлдээ шингээх нь эдийн засгийн хямралаас аварахаас гадна, санхүүгийн хямралаас гарах эцсийн боломж гэж дүгнэж хэлмээр байна. Энэ маягаар бүхий л орнууд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ өөрийн улсын зах зээлд эхлээд борлуул. Энэ нь санхүүгийн хямралаас гарах нэг гарц болно. Урьдчилсан прогнозоор 2009 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 2 хувиар өсөх таамаглалыг одоогоор дэвшүүлээд байна гэсэн тайлбарыг 2008 оны сүүлчээр видео семинарын үеэр хэлж байсан юм. Ийнхүү 2008-2009 оныг дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралтай үдсэн билээ. Харин оновчтой бодлогын үр дүнд 2010 оноос байдал дээрдэж эхэлсэн юм. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал болж, экспортод тулгуурласан эдийн засагтай азийн үйлдвэрлэгч орнуудын бүтээгдэхүүний худалдан авах улсгүй болмогц тухайн улс нь иргэдийнхээ худалдан авах чадавхийг сайжруулж бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлдээ худалдаалсан нь хямралаас гарахад нөлөөлсөн байгаа юм. Энэ нь дэлхийн банкнаас гаргасан судалгаанаас тод харагддаг. Дэлхийн банк 2010 оны есдүгээр сарын 7-ны өдөр зүүн азийн орнуудын бүс нутгийн эдийн засгийн талаарх хагас жилийн тойм судалгааг танилцуулахад өмнөхөөсөө харьцангуй сайжирсан үзүүлэлт гарсан нь үүний нотолгой юм. Тухайн үед Дэлхийн банкны Монгол дахь суурийн төлөөлөгчийн газрын эдийн засагч Алтанцэцэг: Хятадын эдийн засаг өсч байгаатай холбоотойгоор уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэнэ. Энэ нь ашигт малтмалаас хамааралтай эдийн засагтай зүүн азийн орнуудад сайнаар нөлөөлнө гэж хэлж байв. Үүнээс гадназүүн азийн орнуудыг чиглэсэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлагатай байжээ. Энэ нь зүүн азийн орнуудын эдийн засаг өсөхөд нөлөөлнө гэж үзэж байлаа. 2009 онд зүүн азийн эдийн засаг 7,3 хувийн өсөлттэй гарсан бол, 2010 онд 8,9 хувийн өсөлттэй гарахаар байснаас үүнийг харж болно. Гэхдээ үүний хажуугаар саар зүйл гарч болзошгүй байлаа. Хямралын үед зүүн азийн олон мянган хүн ажилгүй болсон байдаг. Тэднийг ажлын байртай болгохын тулд багагүй мөнгө шаардагдана. Энэ нь зүүн азийн орнуудын төсвийн алдагдал буурахгүй байх нэг шалтгаан болохоор байсан юм.

-Зүүн ази, номхон далайн бүсийн орнуудын санхүүгийн хямрал-

Дэлхийн банк 2008-2009 оны хямралын үед ойр ойрхон бүсийн орнуудынхаа эдийн засаг, санхүүд үнэлэлт дүгнэлт өгч байлаа. Тухайлбал, өмнөх сард нь дээрх видео семинарыг хийсэн бол, дараагийн сард нь зүүн ази, номхон далайн бүсийн орнуудын эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгсөн юм. Дэлхийн банкнаас зургаан сар тутамд зүүн ази, номхон далайн бүсийн эдийн засгийн тоймыг гаргадаг. Ээлжит тойм судалгаа нь байсан гэж ойлгож болох талтай. Энэ талаар тэр үеийн Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч Алтанцэцэг: Дэлхийн банк өөрийн гишүүн нийт 188 орноо бүсээр хуваагаад, тус бүрт нь гаргадаг тайлан байгаа. Манай зүүн ази, номхон далайн бүс нутгийн хэмжээнд бол Хятад, Солонгос, Вьетнам, Малайз, Индонези, зүүн Тимор, Камбожи, Лаос, Монгол зэрэг улсууд багтдаг. Хэдийгээр зүүн ази, номхон далайн бүсийн орнууд эдийн засгийн хямралд маш сайн бэлтгэлтэй байсан ч, нэг ч улс орон дэлхий нийтийг хамарсан хямралын гадна үлдэж чадсангүй. Бүгдээрээ их, бага ямар нэгэн байдлаар татагдан орчихоод байна гэсэн дүгнэлт хийсэн. 2008 онд эдийн засгийн өсөлт 8.5 хувьтай байна гэсэн прогнозыг гаргасан. Гэхдээ энэхүү өсөлт нь хөрөнгө оруулалт багассан, орлого багассан, хэрэглээ багассанаас үүдээд 2009 оноос буурах болов уу гэсэн прогнозыг мөн гаргасан байгаа. Ер нь дэлхийн эдийн засгийн тулгуур, гурван гол зах зээл хямарчихлаа. АНУ, Европын холбоо, Японы зах зээл бүгд хямарчихсан байна. Тиймээс дэлхийн хэмжээний эдийн засгийн гол тулгуур нь манай бүс нутаг болж хувираад байгаа юм. Зүүн ази, номхон далайн орнуудын бүс нутгийн хэмжээнд хямралд татагдаад орсон ч гэсэн, ирэх жил дэлхий нийтээр гарах өсөлтийн 3,1 хувийг манай бүс дангаараа бүрдүүлэх ийм өндөр өсөлт гарахаар байгаа. Тиймээс эдийн засгийн гол найдвар гэж хэлж болохоор байгаа гэсэн тайлбар өгч байсан юм. Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар Монгол, Лаос, Камбожи, Папуа, Шинэ Гвиней, Зүүн Тимор болон Номхон далайн арлын жижиг орнууд санхүүгийн давалгаанд өртсөн байгаа юм. Азаар эдгээр улсуудын банкны тогтолцоо дэлхий зах зээлтэй төдийлэн нягт холбоотой бус учраас хямралд бага өртсөн орны тоонд багтсан байна. Гэхдээ эдгээр улсуудад экспортоос орж ирэх орлого буурч, аялал жуулчлал, гадаадад ажиллагсдын мөнгөн гуйвууллага эрс буурсан байв. Тиймээс зүүн азийн аль ч улс дэлхийн эдийн засгийн хямралын гадна үлдэхгүй гэсэн дүгнэлтийг дэлхийн банкныхан өгсөн юм. Тэр дундаа зүүн азийн бүс нутгийн хувьд дэлхийн санхүүгийн хямралд өртөж болзошгүй эмзэг орнуудын тоонд гадаадын хөрөнгө оруулалтад хэт дулдуйдсан орнууд орж байлаа.

Тиймээс дэлхийн банкныхан зүүн азийн бүсийн орнуудад хандаж, зээлийн дарамт багатай, валютын ихээхэн нөөцтэй байх нь эдийн засгаа аварч гарах эцсийн гарц болно гэдгийг хэлж байсан юм. Дэлхий нийтээрээ хэрэглээ хумигдаж, экспорт буурч, хөрөнгө оруулалт багасч байсантай холбоотойгоор 2009 онд эдийн засгийн өсөлт 6,7 хувь болж саарах төлөвтэй байсан билээ. Үүний зэрэгцээ зүүн азийн орнуудад ядуурлын түвшин 2 хувиар нэмэгдэж, 2009 онд 11 хувьд хүрнэ гэж дэлхийн банкныхан үзэж байлаа. Тиймээс улс орон бүр хямралаас гарах төлөвлөгөө боловсруулж, дэлхийн банктай хамтран хэлэлцэж байв. Энэ талаар тэр үеийн Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч Алтанцэцэг: Улс орнууд хямралаас гарахын тулд янз янзын арга хэмжээ авч байна. Хятад улсын хувьд 4.7 триллион долларыг баталж байгаа байхгүй юу. Улс орнуудыг ялгаатай гэж хэлэхэд хэцүү байна. Ерөнхийдөө бүгд л нэг чигийн арга хэмжээ авч байна. Зарим нь банкууддаа хөрөнгө оруулат хийж байна. Зарим улс орнууд банкуудаа худалдаж авч байна. Манай монгол улсын хувьд бусад улсуудтай адилхан. Түрүүчээсээ банкуудад байгаа хадгаламжинд баталгаа гаргаад эхэлчихлээ. Энэ бол олон нийтийн сэтгэл зүйд нэлээд эергээр нөлөөлсөн арга хэмжээнүүдэд тооцогдож байна. Цаашилбал, хадгалжмийн даатгалын хууль. Үүнийг бид 3,4 жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Өнөөдөр үүнийг яаравчилж батлах тухай ярьж байгаа нь зөв зүйтэй алхам хэмээн ярьж байсан юм. Дэлхийн хэмжээнд бэлэн мөнгөний хомсдол бий болоод байлаа. Тиймээс дэлхийн банкныхан монгол улсыг байгаа мөнгөн хуримтлалаа хэмнэлттэй зарахыг зөвлөж байсан юм. 2008 оны эхэнд манай улс 1 тэрбум америк долларын нөөцтэй байсан ч, энэ нь удалгүй 640 сая ам.доллар болж буурсан юм. Зэсийн үнэ цаашид унасаар байвал монгол улс 2009 онд гадаад валютын багахан нөөцтэй болж мэдэхээр байжээ. Тиймээс дэлхийн банкныхан манай улсыг онцолж ийм зөвлөгөө өгсөн хэрэг.

-Хятадын санхүүгийн хямрал-

2009-0321. Улаанбаатар. Дэлхийн банкнаас хятадын эдийн засгийн тойм судалгааг улирал тутам гаргадаг билээ. Хятадын эдийн засгийн 2009 оны эхний улирлын тойм судалгааг гарахад, тус улсын эдийн засгийн өсөлт саарч байгааг дэлхийн банкныхан онцолж байсан юм. 2008 оны эцэст хятадын эдийн засгийн өсөлт 11 хувь байсан бол, 2009 онд 6,5 хувь болж буурах төлөвтэй байлаа. Хятад экспортод тулгуурласан эдийн засагтай улс. 2008-2009 онд дэлхийн нийтээрээ эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй тулгарахад улс орон бүр хямралыг хүндрэл багатай туулахын тулд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого явуулж, дотоодын худалдан авалтаа дэмжиж байсан юм. Энэ нь хятадын экспорт 21 хувиар буурч, аж үйлдвэрийнх нь салбарын орлого багасч, эдийн засгийн өсөлт нь саарахад нөлөөлж байв. Тус улсад эдийн засгийн өсөлт буурч байснаас 2009 оны эхний улиралд 20 сая хүн ажлын байргүй болсон тод жишээ бий. Цаашид  ажилгүй болох иргэдийн тоо өснө гэж дэлхийн банкныхан үзэж байлаа. 2009 онд хятадын их дээд сургуулиудыг 7 сая хүн төгсөх судалгаа гарч байв. Харамсалтай нь шинэ боловсон хүчнүүдийг шингээх ажлын байрны зах зээл нь хомсдож байгааг дэлхийн банкныхан онцолж байсан юм. Тиймээс хятадын бодлого боловсруулагчид эдийн засгийн өсөлтөө авч үлдэх, улмаар ажлын байр хэвээр хадгалах зорилгоор иргэн бүр үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ худалдаж авах ажлыг эхлүүлсэн байдаг. Энэ талаар тэр үеийн Дэлхийн банкны Хятад, Монголыг хариуцсан захирал Девид Доллар: Хятад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ өмнө нь экспортод гаргадаг байсан. Дэлхий нийтийг хамраад байгаа эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж, тус улсын экспортын бүтээгдэхүүний эрэлт буурч байна. Тиймээс тус улс өмнө нь экспортод гаргадаг байсан бараа бүтээгдэхүүнээ дотоодын зах зээл рүүгээ чиглүүлж эхлээд байгаа юм. Хятад хүн амын тоогоороо дэлхийд дээгүүрт бичигддэг. Нэг ёсондоо тус улсын үйлдвэрүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах эзэн байгаа гэсэн үг. Хятад өөрсдөө үйлдвэрлэж, өөрсдөө худалдаж авах механизм руу шилжсэн нь тус улсын үйлдвэрүүдийг уналтад орохоос сэргийлсэн оновчтой алхам боллоо. Энэ нь тус улсад ажилгүйдэл газар авахгүй байх баталгаа болж байна. Хятадын эдийн засаг 2009 онд 4 хувиар саарах төлөвтэй байгаа учраас тус улс импортын бараа бүтээгдэхүүнээс татгалзаж, дотоодын үйлдвэрүүдээ дэмжих бодлого явуулж эхэлсэн. Энэ нь амжилттай хэрэгжвэл тус улсын эдийн засгийн уналт тогтворжино гэж хэлж байсан юм. Хэдийгээр 2008-2009 оны хямралын үед хятадын экспорт буурч эдийн засгийн өсөлт нь саарсан ч, санхүүгийн бусад салбар нь өөр орнуудыг бодвол харьцангуй тогтвортой байсан юм. Тэр дундаа банкны салбар нь өвчлөөгүй байсныг дэлхийн банкныхан онцолдог. 2008 оны арваннэгдүгээр сард Хятадын Засгийн газар банкууддаа 4 тэрбум ам.долларын санхүүжилт хийсэн байдаг. Үүний үр дүнд хятадын банкууд зах зээл рүүгээ их хэмжээний мөнгө гаргаж чадсан байгаа юм. Энэ нь аж ахуйн нэгжүүдээ дэмжиж чадсан оновчтой алхам болсны зэрэгцээ эдийн засгийн бууралтыг сааруулахад ихээхэн дэмжлэг болсон байна. Мөн эдийн засгийн эрэлтийг нэмэгдүүлж иргэдийнх нь худалдан авалт нэмэгдэхэд нөлөөлсөн байгаа юм. Тухайн үед хятадын засгийн газар эдийн засгийн эргэлтээ сайжруулахын тулд төсвөө танах бус, зардлаа нэмэх бодлого явуулсан байдаг.

-Дэлхий нийт санхүүгийн хямралаас хэрхэн гарсан бэ-

2009-03-17. Улаанбаатар. Ийнхүү дэлхий нийтээрээ эдийн засаг хямралтай тулгараад байхад улс орон бүр хямралаас гарах өөрсдийн төлөвлөгөөг баталж хэрэгжүүлсэн юм. Хямралаас гарахад шаардагах хөрөнгийн эх үүсвэрийг дэлхийн улс орнууд янз бүрийн аргаар олж байсан юм. Тухайлбал, Шинэ Зеландын Төвбанк Засгийн газраараа баталгаа гаргуулж 5 жилийн хугацаатай 91 сая ам.долларын бонд гаргасан байдаг. Тэд бондоос орж ирэх мөнгөөр эдийн засгийн гол салбар болох фирмийн аж ахуйг хүндрэлээс гаргахаар ажиллав. Тайваны бодлого боловсруулагчид хүндрэлээс гарахын тулд эдийн засагт үзүүлэх тусламжийн хэмжээгээ 4 тэрбум гаруй ам.доллараар нэмэгдүүлсэн байдаг. Тэгвэл тэргүүлэх эдийн засаг бүхий Америк, Япон, Хятад хямралын эсрэг ямар арга хэмжээ авсан нь ихээхэн анхаарал татдаг. Энэ тухай тэр үеийн Сангийн яамны Санхүүгийн бодлого зохицуулатын газрын дарга Батбаяр: Улс орон болгон өөрийн улсад тохирсон арга хэмжээ авч байгаа. Америк хямралаас гарах арга хэмжээг хоёр, гурван үе шаттай авч хэрэгжүүлсэн. Банкны салбарын алдагдлыг бууруулах, уналтыг зогсоох, дээрээс нь бодит эдийн засгийн салбарт, АНУ-ын эдийн засагт ач холбогдолтой гэж тооцогддог салбаруудаа дэмжиж байна. Энэ төлөвлөгөө нь хэрэгжээд багагүй хугацаа өнгөрсөн. Энэ хэрэгжсэн арга хэмжээнүүд нь уналтыг тодорхой хэмжээгээр сааруулсан. Гэхдээ бүрэн зогсоож чадаагүй. Япон бол дотоодын үйлдвэрлэлээ сэргээхийн тулд, дотоодын хэрэглээгээ нэмэх тодорхой арга хэмжээ авч байгаа. Хүн болгон иргэн болгондоо 120 америк долларын нэг удаагийн буцалтгүй тусламж өгнө. Үүгээрээ хэрэглээгээ дэмжинэ гэсэн бодлого явуулж байна. Сүүлийн үед компаниудын үнэт цаас худалдаж авах, хувийн салбарт олгосон зээлийг Засгийн газар худалдаж авах ажил хийж байна. Хятадын хувьд экспортод түшиглэсэн эдийн засгийн өсөлттэй. Экспортод түшиглэсэн эдийн засаг давамгайлж явж ирсэн. Гадна талын эрэлт унаж байгаатай холбогдуулан хятад эдийн засгийн өсөлтөө хадгалахын тулд дотоодын хэрэглээгээ нэмэгдүүлэхээс өөр аргагүй болж байгаа. Үүний тулд 4-5 багц арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Гол нь ойрын жилүүдэд дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэд дотоодын бараа бүтээгдэхүүн худалдаж авбал урамшуулал зарлах гэх мэт. Азийн улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ европын орнуудаас ялгаатай. Ерөнхийдөө азийн орнууд хэрэглээ гэхээсээ илүү хадгаламжинд тулгуурласан эдийн засагтай улс орнууд байдаг. Япон, Хятад, Солонгосоос бусад орнууд том эдийн засагтай. Европын холбооны улсууд, Англи эдгээр улсууд болохоор хэрэглээнд тулгуурласан эдийн засагтай орнууд. Тэр орнуудын хувьд орлогын хуваарилалтыг дахин явуулах. Бага, дунд орлоготой иргэдийг татварын хөнгөлөлтээр дэмжих. Дээр нь тодорхой салбаруудад чиглэсэн хөтөлбөрүүд явуулж байна. Ер нь эдийн засгийн хямралтай холбоотойгоор дэлхийн улс орнуудад гарч байгаа хандлага бол дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, үүнийгээ татварын болон татварын бус механизмаар дамжуулан хэрэглэх хандлага өндөр болж байгаа. Гэхдээ эргээд экспортод түшиглэсэн эдийн засагтай орнууд хүчтэй өртөж байна. Тухайлбал, Хятад, Солонгос, Япон зэрэг улсууд Европын холбоо болон Америкийн явуулж байгаа протекшн бодлогыг эсэргүүцэж байгаа юм хэмээн хэдэн жилийн өмнө хуучилж байсан юм. Америк, Англи, Европын холбоо зэрэг улсууд өмнө нь бараа, бүтээгдэхүүн гаднын улсуудаас импортолж авдаг байсан. Харин эдийн засаг, санхүү нь хямраад ирэхийн цагт хямралаас гарахын тулд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авдаг болсон байгаа юм. Энэ нь азийн үйлдвэрлэгч орнуудад хүндээр тусч байсан нь мэдээж. Япон, Солонгос, Хятадын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний эрэлт бага байсан учраас тэр юм. Тиймээс Япон дотоодын нийт бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлэх үүднээс иргэн бүртээ 12 мянган долларын буцалтгүй тусламж олгох ажлыг эхлүүлжээ. Мөн тус улсын Засгийн газар хүндрэлд ороод байгаа компаниудын үнэт цаас, хувийн салбарт олгосон зээлийг худалдан авч эхэлсэн байгаа юм. Хятадын тухайд эдийн засгийн өсөлтөө авч үлдэхийн тулд дотоодын үйлдвэрлэл болон хэрэглээгээ нэмэгдүүлэх бодлого явуулж байлаа. Дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдан авч байгаа иргэдээ урамшуулах зэрэг арга хэмжээ авч байсан юм.

-Монголын санхүүгийн хямрал-

Манай улс бөмбөрцгөөс тасраад өөр гариг руу нүүгээд явчихгүйгээс цааш дэлхий дахиныг нэрвэсэн хямралын бараан сүүдэр тойроод биш, дайраад гарах нь тэр. Монгол улсын ажиллах хүч төвлөрдөг Япон, Солонгосын үйлдвэрүүд хүндэрмэгц тэдний мөнгөн гуйвуулга багасахад нөлөөлж байлаа. Гадаадад хөдөлмөр эрхэлдэг иргэд жилд ар гэр рүүгээ, эх орон руугаа 200 сая ам.доллар гуйвуулдаг байж. Энэ орлого хумигдаж эхэлсэн нь хямрал хүрээгээ тэлж буйг тодоос тод харуулж, манай улс руу чиглэж явааг эртнээс анхааруулсан дохио байлаа. Хямрал эхэндээ гадаадад ажилладаг иргэдэд мэдрэгдсэн бол, эцэстээ төсвийн орлого тасалдаж, долларын орлого хумигдаж, төгрөгийн ханш унаж, валютын ханшийн өсөлтөөр дамжин эдийн засагт хүчтэй цохилт өгсөн юм. Манай улс 2006 онд Гэнэтийн ашгийн албан татварын тухай хууль батлан гаргаж байсныг хэн хүнгүй санаж буй нь лавтай. Энэ хуульд эхэндээ Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэс 6400 америк доллар, нэг унци алт 500 ам.доллараас дээш үнээр арилжаалагдаж байвал илүү гарсан мөнгийг Монгол улсыг хөгжүүлэх санд төвлөрүүлэхээр тусгасан байлаа. Гэвч АНУ-ын эдийн засгийн хямралаас улбаалж манай улсын гадаад зах зээлд нийлүүлдэг зэсийн үнэ Лондонгийн металлын биржэд 8000 ам.доллараас 2700 ам.доллар болтлоо уруудсан гашуун түүх бий. Зэсийн үнэ уруудсанаар уг түүхий эдээс гэнэтийн ашгийн татварт орж ирэх мөнгө үгүй болов. Алт олборлолт улирлын чанартай байдаг. Алтны улирал дууссан тул ийм металл тушаах аж ахуйн нэгж тухайн үед харамсалтай нь байсангүй. Тиймээс энэ төрлийн металлын үнийн өсөлтөөс Монгол Улсыг хөгжүүлэх санд төвлөрөх орлого байсангүй. Орж ирлээ ч алтны үнийн өсөлтөөс тийм их мөнгө орж ирдэггүй байлаа. Монгол улсыг хөгжүүлэх санд жилд алтны үнийн өсөлтөөс 12 тэрбум төгрөг, зэсийн үнийн өсөлтөөс 300 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлдэг байснаас үүнийг харж болно. Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралаас улбаалж уул уурхайн бүтээгдэхүүнээс орж ирэх орлого тасарч, Монгол Улсын хөгжүүлэх сангийн хэтэвч нимгэрсэн тал энэ мэт ажиглагдаж эхэлсэн. Энэ талаар Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийн захирал Хашчулуун: Зэсийн үнэ унаж байгаа болохоор энэ төрлийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс улсын төсөвт орох мөнгө багасч байна. Эрдэнэт үйлдвэр мөн ашиггүй ажиллаад эхэлчихлээ. Үүний сацуу хөрөнгө оруулалт багасч байна гэж бататган хэлж байсныг энд дурдах нь зүйтэй болов уу.Үүнээс гадна, дэлхийн хөрөнгийн биржүүд дээр томоохон уул уурхайн компаниудын хувьцаа унахад нөлөөлсөн юм. Тухайлбал, дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралын уршгаар манай улсын стратегийн ордуудад хөрөнгө оруулахаар зэхэж байсан компаниудын хувьцааны ханш дэлхийн хөрөнгийн биржүүдэд унаж, юун хөрөнгө оруулалт манатай асуудалтай тулгарав. Тухайлбал, оюутолгойн ордод хөрөнгө оруулсан хуучны Айвенхоу майнз компанийн хувьцааны ханш 50 гаруй хувиар унаж, 5 канад долларт хүрсэн тал бий. Айвенхоу майнз компанийн зүгээс үүнийг ямар нэг улс төрийн юм уу, эсвэл оюутолгойн төсөлтэй холбогдолтой зүйл биш. Цэвэр олон улсын санхүүгийн зах зээлийн хямралын шалтгааны улмаас хэмээн тайлбарлаж байсан удаатай. Ингэснээр стратегийн ордуудад хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байсан компаниуд өөрсдөө санхүүгийн хүндрэлтэй тулгарах нь тэр. Үүгээр дамжин уул уурхайн салбарт орж ирэх хөрөнгө оруулалт үгүй болох магадлал өндөр байсан гэхэд хилсдэхгүй. Цаашлаад 2008-2009 оны азийн санхүүгийн хямралын үед манай улсын арилжааны банкуудын хадгаламж 1 триллион орчим төгрөг байсан бол, нийт зээлийн өрийн үлдэгдэл 3 триллион орчим төгрөгт хүрсэн байлаа. Зээл олголт хадгаламжаасаа давсан тул арилжааны банкууд эргэлтийн хөрөнгөгүйд хүрч, улмаар зээл олголтоо хязгаарлахад хүрсэн юм. Үүнээс улбаалж хөрөнгийн зах зээл дээрх хувьцааны ханш унаж, шинээр баригдсан орон сууцны эрэлт багасч, улмаар үл хөдлөх хөрөнгийн ханш унасан байдалтай байв. Манай улс тухайн үед банкны салбарт үүссэн нөхцөл байдлаас гарах үүднээс Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 300 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад байршуулсан гэх мэдээлэл гарч байлаа. Гэхдээ энэ нь хангалтгүй байсан юм. Нэг хэсэг манай улсад инфляцийн түвшин 34 хувьд хүрсэн тул төв банкнаас мөнгөний хатуу бодлого явуулж, бодлогын хүүгээ 10.25 хувьд хүргэсэн тал бий. Харин хямралын үед ази, европын орнуудын адилаар манай төв банк бодлогын хүүгээ бууруулж 9,75 хувь болгосон юм. Монголбанк мөнгөний хатуу бодлогоо зөөлруулж бодлогын хүүгээ 0,5 нэгж хувиар бууруулсан шалтгаанаа тухайн үед гадаад зах зээлд буудай, нефтийн үнэ буурсан. Үүнээс үүсээд байсан инфляцийн дарамт багасч байгаа тул бодлогын хүүгээ бууруулсан хэмээн тайлбарлаж байсан юм. Яг үнэндээ инфляцийг тоогоор барих бус, дефляцийг сааруулах үүднээс дэлхий банкны зөвлөснөөр Монголбанк бодлогын хүүгээ бууруулсан гэж ярих нь бий. 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын нөлөө манай улсад энэ мэт мэдрэгдээд эхэлчихсэн байсан тул, дэлхийн санхүүгийн хямрал намжихийг хүлээзнэхээс илүүтэй улс орон бүр өөр өөрийн онцлогт тохирсон арга хэмжээ авч байсан юм.

-Монголын эдийн засгийн бодлогын чуулга уулзалт-

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран 2008 оны аравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монголын эдийн засгийн бодлогын чуулга уулзалт зохион билээ. Чуулга уулзалтад Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Джэймс Адамс, Дэлхийн банкны ерөнхий эдийн засагч Жастин Ифу Лин олон улсын эдийн засгийн мэргэжилтэн профессор Ричард Помфрет нар ирж оролцоно хэмээн тухайн үед дуулдаж байлаа. Чуулга уулзалтаар хэлэлцэх асуудлын тухай Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Аршад Саейд: Энэ чуулга уулзалтын эхний хэсэгт бид байгалийн баялагаар баян Монгол орны хувьд хөгжлийн ямар замыг сонгох нь зүйтэй вэ гэдэг талаар ярилцана. Хоёр дахь гол ярилцах асуудал бол аливаа улс орон ашигт малтмалаа ашиглахдаа яаж хөрөнгийн хуримтлалтай болох. Үүсгэсэн хуримтлалаа улс орны хөгжилд хэрхэн зарцуулах тухай асуудлыг хөндөнө. Харин гурав дахь асуудал бол Байгалийн баялагтаа түшиглэж хөгжиж ирсэн улс, орнуудын туршлагын талаар хэлэлцэж, тэднээс суралцах явдал юм. Хамгийн сүүлд Монгол улсад тулгараад байгаа эдийн засгийн бэрхшээлтэй зүйлийг хэрхэн яаж шийдэх вэ гэсэн асуудлуудаар ярилцана. Тухайлбал, инфляцийг хэрхэн хязгаарлах, улс орны эдийн засгийн өсөлтийг хэрхэн яаж нэмэгдүүлэх асуудлыг авч хэлэлцэнэ гэсэн юм. Чуулга уулзалтын зорилго нь Монголын эдийн засгийн цаашдын зорилт, бодлогыг боловсруулах үүднээс дэлхийн эдийн засагчид илтгэл тавьж, манай удирдах дээд шатны хүмүүстэй санал солилцох явдал байлаа. Тухайлбал:

Дэлхийн банкны ерөнхий эдийн засагч Жастин Лин: Дэлхийн эдийн засгийн хөгжлийн өнөөгийн нөхцөлд Монгол улс ямар бодлого баримтлах ёстой талаар. 

Австрийн эдийн засагч, профессор Ричард Помфрет: Ашигт малтмалын баялаг бүхий орон эдийн засгийн өсөлтийн үед хэрхэн нөөц баялгаа зөв ашиглан хөгжих талаар илтгэл тавих байв.

-Санхүүгийн хямрал ба хандивлагчид…

2008-2009 оны хямралын үед энэ тэндээс эрдэмтэн судлаач урьж эдийн засагт илэрсэн өвчний шинжийг эхлээд хэлэлцүүлэв. Тавигдсан илтгэл, хэлэлцэгдсэн асуудлаас манай улсын эдийн засагт голланд өвчний шинж тэмдэг илэрсэн нь илт. Уул уурхайн орлогоо зохисгүй ашигладаг улсуудад тохиолддог, баялгийн хараал хэмээн нэрлэгддэг голланд өвчний шинж тэмдэг манай эдийн засагт илэрсэн гэх дүгнэлт өгсөн юм. Өөрөөр хэлбэл, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд өндөр үед, хуримтлал үүсгэж чадалгүй хэт их үрэлгэн зарж байсан нь төсвийн хүндрэл бий болгосныг бүгд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн юм. Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасантай холбоотойгоор манай улсын төсөв 2008 онд 400 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан бол, 2009 оны төсвөө 300 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар баталж байлаа. Эх үүсвэр нь тодорхойгүй тул парламентаар төсөвт тодотгол хийж, үр ашиггүй зардлыг танаж, алдагдлыг бууруулах нь бууруулсан. Ингээд ч 2009 оны төсөвт 145 сая ам.доллар, 2010 оны төсөвт 60 сая ам.доллар дутагдах тооцоо гарав. Юуны түрүүнд эдийн засгийн хүндрэлийг даван туулахад хоёр жилийн хугацаанд 205 сая ам.долларын эх үүсвэр шаардлагатай болсон гэсэн үг. Тиймээс Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран Хандивлагчдын чуулга уулзалт зохиож, донор орнуудаас тусламж гуйж эдийн засагт үүссэн хүндрэлийг даван туулсан юм. 2009 оны эхээр зохиогдсон хандивлагчдын чуулга уулзалтад дэлхийн 80 орны төлөөлөгчид ирсэн ч, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан, Японы засгийн газраас бусад нь гар сунгасангүй. Японы элчин сайд Хидокоро 50 сая ам.долларын зээл олгох боломжтой гэсэн бол, Дэлхийн банк 60 сая ам.доллар зээлэхээ амласан юм. Дэлхийн банкны захирлуудын хурлаар энэ зээлийг мөн оны долдугаар сард батлуулж, хоёр шатлалтайгаар шилжүүлэхээр болсон юм. Ингэхдээ эхний 40 ам.долларын төсвийн зээлийг 2009 онд, үлдэх 20 сая ам.долларын төсвийн зээлийг 2010 онд шилжүүлэхээр Монгол Улсын Засгийн газартай тохиролцов. Дэлхийн банкнаас тухайн үед Улаанбаатар хотын цэвэр агаарын төсөл, Ус ба хаягдал усны төсөл, Мэдээлэл харилцаа холбооны дэд бүтцийн төсөл, Сэргээгдэх эрчим хүч ба хөдөөгийн эрчим хүчний төслийг хэрэгжүүлж байжээ. Нэмж Тавантолгой болон Оюутолгойн ордуудын ойролцоо дэд бүтэц хөгжүүлэх төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байлаа. Эдгээрт зориулж хоёр жилийн хугацаанд нэмж 90 сая ам.долларыг буцалтгүй тусламж олгохоо Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан Аршад Саид мэдэгдэж байсан удаатай. Азийн хөгжлийн банкны тухайд манай улсын төсвийн цоорхойг нөхөхөд зориулж 50 сая ам.долларын зээл олгохоо хандивлагчдын чуулга уулзалтын үеэр мэдэгдэж байв. Үүнээс гадна, 2009-2010 онд 147 сая ам.долларын тусламж нэмж өгөхөөр төлөвлөж байгаагаа Азийн хөгжлийн банкны төлөөлөгч Адреан Рутенберг илэрхийлж байлаа. Үүний 74 сая ам.доллар нь буцалтгүй тусламж бол, үлдэх хувийг хоёроос доош хувийн хүүтэйгээр манай улсад зээлэхээр болов. Мөн 15-20 сая долларын техникийн туслалцаа үзүүлж, 2009 онд багтаан шилжүүлэхээ амлаж байлаа. Мөн тус банкныхан манай улсад үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэх боломжийг хайж, бололцоо гарвал тусламжаа нэмэгдүүлнэ гэдгээ давхар илэрхийлж байсан удаатай. Гагцхүү үүнийг нийгмийн халамжийн зөв тогтолцоо, эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэлд зарцуулах ёстой. Эдгээр хөтөлбөрийг Дэлхийн банк болон Японы Засгийн газартай хамтарч хэрэгжүүлнэ гэж Азийн хөгжлийн банкны төлөөлөгч Адреан Рутенберг мэдэгдэж байлаа. Олон улсын валютын сангаас манай улсын санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх, гадаад валютын нөөцийг хамгаалах, долларын ханшийг тогтворжуулах, иргэдийн банкинд итгэх итгэлийг сайжруулах зорилгоор 224 сая ам.долларыг мөн зээлэхээр болов. Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас амласан зээл тусламж эхнээсээ орж ирж, хандивлагчдын өгсөн мөнгөөр эдийн засагт амь тариа хийж, санхүүгийн хүндрэлийг хохирол багатай даван тууллаа. Дээрх байгууллагуудаас төслийн хүрээнд буцалтгүй олгосон мөнгийг эргүүлэн өгөхгүй ч, төсвийн дэмжлэгт авч ашигласан зээлийг эргүүлэн төлөх ёстой байсан юм. Эдгээрийг хэзээ, яаж, юугаар төлөхийг тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогтоос тодруулахад, Олон улсын валютын сангаас амласан 224 сая ам.долларыг хоёроос доош хувийн хүүтэй 4-5 жилийн хугацаатай зээлж байгаа. Эхний хоёр жил үндсэн зээл болон зээлийн хүү төлөх шаардлагагүй гэдгийг Олон Улсын валютын сангийхан мэдэгдсэн. Бусад донор орнуудаас авч байгаа зээл бүгд хөнгөлөлттэй нөхцөлд хамаарч байгаа. Хамгийн бага хүүтэй, хамгийн найдвартай зээл авч байгаа гэсэн тайлбар өгч байсан юм.

-Хямралаас гарах төлөвлөгөөг богино, дунд хугацаанд хэрэгжүүлэв-

Манай улс хямралын эсрэг богино болон дунд хугацааны төлөвлөгөө боловсруулан ажилласан байдаг. Богино хугацааны төлөвлөгөө 18 сарын хугацаатай. Олон улсын валютын сангийн манай улсад зээлсэн 224 сая долларын санхүүжилтээр хэрэгжих байлаа. Энэ мөнгө санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх, гадаад валютын нөөцийг хамгаалах, долларын ханшийг тогтворжуулах, иргэдийн банкинд итгэх итгэлийг сайжруулах зэрэг ажилд зарцуулагдах ёстой байв. Харин хямралын эсрэг дунд хугацааны хөтөлбөрийг манай улс 1 тэрбум 500 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр болсон юм. Энэ хөрөнгийн тал хувийг дотоодын эх үүсвэрээс олохоор төлөвлөж байсан бол, үлдсэнийг нь гадаадын зээл тусламжаар олохоор ажиллаж байсан юм. УИХ-ын 22-р тогтоолоор баталгаажсан хямралын эсрэг дунд хугацааны хөтөлбөрийг 2011 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байдаг. Төсвийн бодлого, нийгмийн хамгаалал, уул уурхай, банкны салбарын хүрээнд уг хөтөлбөр хэрэгжих байлаа. Төсвийн бодлогын хүрээнд: 2010-2011 оны хооронд Төсвийн хариуцлагын тухай хуулийн төсөл, Нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барих, төсвийг батлагдсан тоонд барих, техник эдийн засгийн үндэслэлгүй төслүүдийг санхүүжүүлэхгүй байх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулан батлах, дэд бүтцийн салбарын их засварын ажлыг хийхээр тусгасан байдаг. Аливаа хямралын үед, тэр дундаа эрчим хүчний салбарт хүндрэл, бэрхшээл үүсч магадгүй тул, үүнээс сэргийлж тус салбарт их засварын ажил хийхээр төлөвлөж байсан юм. Нийгмийн хамгааллын хүрээнд амьжиргааны доод түвшинд амьдарч байгаа өрхийг халамжинд хамруулахаар болсон юм. Мөн хүүхдийн мөнгө олгох хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналтыг сайжруулах, амьжиргааны доод түвшинг дахин тогтоох, нийгмийн халамжийн мэдээллийн санг бий болгох, халамжийн хөтөлбөрт хамрагдагсдын амьжиргааны түвшингийн өөрчлөлтийг тодорхойлох ажлуудыг хийхээр тусгаж байлаа. Уул уурхайн салбарын хүрээнд: Оюутолгойн гэрээний дагуу уул уурхайн салбарын бодлогыг тодорхой болгох, хөрөнгө оруулалтын гэрээний загварын төслийг боловсруулах, кадастрын албаны журмыг Засгийг газраар батлуулах, уул уурхайн салбарт ажиллах хүчнийг дадлагажуулах, уул уурхайн компаниудын хариуцлагын тогтолцоог нэвтрүүлэх, ашигт малтмалын салбарт мониторинг, хяналтыг оновчтой болгох зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байсан юм. Банкны салбарын хүрээнд: олон улсын аудитийн байгууллагаар Анод банкинд хөндлөнгийн хяналт хийлгэж, бүтцийг өөрчлөх, банкны хяналт шалгалтыг сайжруулах, эрсдлийн удирдлагыг сайжруулах, дүрмийн санг нэмэгдүүлэх, зээл найдваргүй болсон тохиолдолд барьцаа хөрөнгийг үл маргах журмаар банкуудад шилжүүлэх, банкийг татан буулгах, худалдан нийлүүлэх зэрэгт хууль эрхзүйн орчинг сайжруулахаар төлөвлөсөн байдаг юм. Хямралын эсрэг богино болон дунд хугацааны хөтөлбөрийн талаар Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгч Бен Кен Жан: Хямралын эсрэг Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа дунд хугацааны хөтөлбөрийн тухайд сайтар боловсруулсан төлөвлөгөө гэж бодож байна. Харин Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлэх богино хугацааны төлөвлөгөө бодитой гэж үзэж байгаа. Энэ хөтөлбөрийг Монголын засгийн газар зөвхөн дангаараа хийгээгүй. Манай түншүүдтэй хамтран хийсэн. Тиймээс, Олон улсын валютын сан үүнийг дэмжиж 224  сая ам.долларын туслалцаа үзүүлэхээр харилцан тохиролцоод байна. Энэ сард багтаан 224 сая ам.долларынхаа 100 сая ам.долларыг монгол руу шилжүүлнэ хэмээн хэдэн жилийн өмнө ярьж байв. Тэгвэл Дэлхийн банкны Монголыг хариуцсан мэргэжилтэн Дэвид Доллар: Монголын засгийн газрын өнөөг хүртэл хэрэгжүүлсэн түргэн шуурхай арга хэмжээг маш их дэмжиж байгаа. Өнөөдрийн танилцуулсан хөтөлбөр төлөвлөгөөг маш оновчтой гэж бодож байна. Үүнийг дэмжиж байгаа учраас бид тодорхой амлалтуудыг өгч, хамтарч ажиллахаар болж байгаа хэмээн хэлсэн байдаг. УИХ-аар баталсан хямралын эсрэг дунд болон богино хугацааны төлөвлөгөөнд манай улс 2009 онд эдийн засгийн өсөлтөө 5 хувиас бууруулахгүй, ажилгүйдлийн түвшинг 3,2 хувиас хэтрүүлэхгүй барина гэж тусгасан. Манай улс хямралаас гарах дунд хугацааны төлөвлөгөөндөө уул уурхайн салбарт ажиллах иргэдийг дадлагажуулж, ажлын байртай болгоно гэж мөн тусгасан билээ. Товчхондоо, стратегийн ордуудын хөрөнгө оруулалтын гэрээг хийж, улмаар уул уурхайгаас олох ашгаас эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлж, ажлын байр шинээр бий болгоно гэх зэрэг асуудлыг тусгаад байсан юм. Стратегийн ордуудын хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн ч, ордуудаас эцсийн бүтээгдэхүүн автал дор хаяж дөрвөн жил хэрэгтэй. Тэр хүртэл уул, уурхайгаас их хэмжээний мөнгө орж ирэхгүй, эдийн засаг өсөхгүй. Үүнийгээ дагаад ажлын байр нэмэгдэх магадлал тун бага байсан юм. Нэг хэсэг манай улс уул уурхайн бүтээгдэхүүнээс их хэмжээний ашиг олж байсан тул, эдийн засгийн бусад салбараа хөгжүүлэх тал дээр тун хойрго хандсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унамагц манай улсын эдийн засгийн өсөлт тэр хэмжээгээр буурч байлаа. Уул уурхайн салбараас орж ирэх орлого буурсан ч, түүнийг нөхөх эдийн засгийн бусад салбар хөгжөөгүй нь манай улсын эдийн засаг ингэж хямрахад хүрсэн гэж хэлж болно. Гэсэн ч хямралаас гарах төлөвлөгөөндөө үйлдвэрлэл хөгжүүлж, уул уурхайн бусад салбарт ажлын байр олноор нэмэгдүүлэх тухай тусгаагүй байсан нь эргээд эрсдэл дагуулж болзошгүйг эдийн засагчид хэлж байлаа. Эдийн засгийн хямрал эхэндээ санхүүгийн шинжтэйгээр илэрсэн бол, эцэстээ ажилгүйдлийн хямрал болох төлөвтэй байсан учраас энд ажлын байрны тухай онцолсон хэрэг. Олон улсын валютын сангийнхан манай улсын эдийн засгийн өсөлтийг буурна хэмээн таамаглаж хэлсэн нь бий. Эдийн засгийн өсөлт ингэж буурвал тэр хэмжээгээр ажилгүйдэл нэмэгдэх эрсдэлтэй байсан юм.

-Манай улс санхүүгийн хямралаас гарахад юуг анхаарах ёстой байсан бэ-

Манай улсын эдийн засаг дэлхийн зах зээл дээрх зэсийн үнээс ихээхэн хамааралтай. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ унасан нь манай улсад орж ирэх валютын хэмжээ багасахад хүргэж, улмаар улсын төсөв, гадаад худалдаа зэрэг эдийн засгийн гол үзүүлэлтүүд өвчилсөн талтай. Дээр нь хямралын үед арилжааны банкууд зээлээ хязгаарласан хэвээр байлаа. Банкууд зээл олгохгүй байсантай холбоотойгоор жижиг, дунд бизнес эрхлэгчид хүнд байдалд орсон гэхэд болно. Тиймээс манай улс эдийн засгаа зогсоочихгүй байх ганц найдвар нь банкууд зээлээ олгож эхлэх явдал байсан гэдэгтэй олон ч хүн санал нэгдэх нь тэр. Гэтэл банкуудад зээлд гаргах мөнгө бараг байсангүй. Тиймээс Монгол улсыг хөгжүүлэх санд байршиж байсан 300 орчим тэрбум төгрөгийг арилжааны банкуудад байршуулахаар болсон юм. Гэтэл дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралаас эрсдэл багатай гарахын тулд үүнээс илүү хөрөнгө, мөнгө шаардагдаж байсныг нуух юун. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унасанаас болж манай улсад орж ирэх мөнгөний хэмжээ эрс багасаад байсан учраас шаардлагатай мөнгө олох амаргүй байв. Тиймээс ямар замаар, хаанаас мөнгө олох вэ гэдэг хамгийн тулгамдсан асуудал болж байлаа. Тухайн үед засгийн газрын бонд гаргаж, дэлхийн хөрөнгийн биржүүдэд арилжаалж, мөнгө босгож болох юм гэж үзэх хүмүүс байсан нь нууц биш. Гэвч энэ нь тийм ч оновчтой алхам байсангүй. Энэ тухай Дэлхийн банкны эдийн засагч Алтанцэцэг: Засгийн газрын бондыг олон улсын зах зээлд зарна гэж яриад байна. Тэр бол бүтэхгүй. Учир нь Засгийн газрын бондыг тэр болгон хүн авдаггүй. Авахдаа ямар тохиолдолд авдаг вэ гэхээр эдийн засгийн өсөлт маш өндөр, макро эдийн засгийн үзүүлэлтүүд маш эерэг. Нэг ёсондоо, төсвийн илүүдэлтэй, алдагдал байхгүй, инфляци маш доогуур, мөнгө ихтэй ийм үед авдаг. Манайх шиг төсөв нь 6-7 хувийн алдагдалтай болчихсон, инфляци 20-30 гарсан ийм үед хэн ч авахгүй. Эрсдэл өндөртэй ийм бондыг хэн ч авахгүй. Тиймээс засгийн газрын бондоор хөөцөлдөх ажлыг түр хойшлуулах хэрэгтэй. Бүр боль гэж хэлж байгаа юм биш. Ойрын хэдэн сардаа түр хүлээгээч ээ. Өөр үр дүнтэй аргуудыг хэрэглээч ээ. Тухайлбал, Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас мөнгө авч болох шүү дээ гэсэн тайлбар өгч байсан юм. Дэлхийн банк болон Валютын сан бодлогын зээлээс гадна, дэд бүтцийн хөрөнгө оруулатын зээл өгдөг байгаа юм. Бодлогын зээл нь тухайн улс орны төсөв алдагдалтай гарч байгаа үед дутагдаж байгаа хөрөнгийг зээл хэлбэрээр өгөхийг хэлдэг. Энэ зээл 40 жилийн хугацаатай, жилийн 0,75 хувийн хүүтэй байдаг. Харин дэд бүтцийн хөрөнгө оруулалтын зээл авахын тулд богино хугацаанд үр ашгаа өгөх, олон улсын банкуудын сонирхлыг татахуйц, сайн төслүүд боловсруулсан байх шаардлагатай байдаг. Тухайн үед манай улсын усан хангамж нэлээд бэрхшээлтэй тулгамдсан асуудлын тоонд багтаж байлаа. Эндээс жишээ татан усан хангамжийн сайн төслүүд боловсруулвал Олон улсын валютын сангаас зээл авах боломжтойг Дэлхийн банкныхан хэлж байсан юм. Энэ нь засгийн газрын бонд гаргаж дэлхийн зах зээлд арилжаалснаас илүү үр дүнтэй гэж тэд үзэж байсан юм. Тэгвэл бодлого боловсруулагчид монгол улсын санхүү, эдийн засгийг хямралаас гаргахын тулд төсвийн орлогыг нэмэгдүүлэх гурван гарц бий гэж үзэж байсан юм. Нэгдүгээрт онцгой албан татварыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт татварын суурийг нэмэгдүүлэх. Гуравдугаарт гэрээ хэлэлцээр нь хийгдээд бэлэн болсон 1 тэрбум америк долларын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байсан юм. Улсын төсвийн тухайд үр ашиггүй зардлаа хэмнэхээс эдийн засгаа эрүүлжүүлэх ёстой болов. Харин иргэдийн хувьд мөнгөө хэмнэх нь сөрөг үр дагавар авчирах аюултай байлаа. Иргэдийн худалдан авалт буурвал, аж ахуйн нэгжүүд орлогогүй болж, улмаар эдийн засаг зогсонги байдалд орох сөрөг үр дагавар гарах байсан учраас тэр юм. Тиймээс эдийн засагчид иргэд мөнгөө зарцуулдагаараа зарцуулах нь зүйн хэрэг. Харин банкууд зээл тавьж чадахуйц хөрөнгийн эх үүсвэртэй болох нь хямралаас гарах эцсийн найдвар гэж үзэж байсан юм. Нэг ёсондоо, эдийн засгийн хямралаас гарахад иргэд хэмнэх нь ач холбогдолгүй байлаа. Харин худалдан авалтийг дэмжихийн тулд бодит зах зээлээ дэмжиж банкууд зээлд гаргах хөрөнгийн эх үүсвэртэй болох шаардлагатай тулгарсан юм. Харин төсвийн тухайд дээр дурдсанчлан зардлаа танах ёстой болов. Яагаад гэдэгт Дэлхийн банкны Хятад, Монголыг хариуцсан захирал Девид Доллар: Монгол өнгөрсөн хугацаанд их хэмжээний мөнгө хуримтлуулж чадаагүй. Хямрал эхлээд удаагүй байхад монголын төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувьд хүрээд байна. Тиймээс Монгол улс зардлаа танах шаардлагатай. Уг нь монгол улсад мөнгө хангалттай байсан бол хямралын энэ үед зарлагаа хумих бус, тэлэх бодлого явуулсан бол хямралд бага өртөх байлаа. Гэвч тэлэх боломжгүй болоод байна. Хятад улс өнгөрсөн хугацаанд их хэмжээний хөрөнгө хуримтлуулж чадсан. Энэ хөрөнгөөрөө гурван жилийн төсвийн алдагдлаа тус улс нөхөх бололцоотой. Тиймээс тус улс хямралын үед зардлаа нэмэх бодлого явуулсан. Зардлаа нэмэх тусам мөнгөний эргэлт нэмэгдэж, тэр хэмжээгээр эдийн засаг эрүүлжих учиртай юм хэмээн хариулж байсныг тодотгох нь зүйтэй болов уу. Дэлхийн банкны монгол дахь суурин төлөөлөгчийн газар 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед манай улсын эдийн засгийн тойм судалгааг сар тутам гаргадаг байсан. Харин 2010 оны сүүлчээр монголын эдийн засаг тогтворжиж байна гэж үзэж Дэлхийн банкнаас манай улсын эдийн засгийн тойм судалгааг улирлаар гаргадаг болсон юм. Дэлхийн банкнаас гуравдугаар улирлын судалгааг 2010-09-07-ны хавьцаа гаргахад манай улсын эдийн засагт саар зүйл байсан ч, сайн нь давамгайлж байжээ. 2009 оны зуднаар 9,8 сая тоо толгой мал хорогдсоноос болж хөдөө аж ахуйн салбарт бууралт гарсан байна. Гэхдээ аж үйлдвэрийн бусад салбарт, тэр дундаа уул уурхайн салбарт өсөлт гарсан нь монголын эдийн засаг сэргэж буйг харуулж буй томоохон дохио болж байсан юм. Хятадад зэс, нүүрсний эрэлт их байсантай холбоотойгоор манай улсын уул уурхайн орлого нэмэгдэж эдийн засаг өсөхөд нөлөөлсөн байна. Уул уурхайн орлого нэмэгдсэнтэй холбоотойгоор төсвийн тэнцэл ч мөн сайжирсан байгаа юм. 2009 оны наймдугаар сард төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 10,6 хувьтай тэнцэж байсан. Энэ үетэй харьцуулахад төсвийн алдагдал 0,4 хувиар буурсан байна. Хэрэв гадаадын улс орнуудаас авсан зээлийг хасч тооцвол төсөв дотоодын нийт бүтээгдэхүүний 0,8 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай гарсан байна. Энэ нь сүүлийн хоёр жил байгаагүй өндөр үзүүлэлт болсныг дэлхийн банкныхан тухайн үед онцолж байлаа. Төсвийн тэнцэл сайжрах дүр зураг ажиглагдаж байсан ч, харамсалтай нь төсвийн зардал нэмэгдэх хандлагатай байсан нь монгол улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүйг дэлхийн банкныхан хажуугаар нь анхааруулж байсан юм. Тодруулбал, 2010-09-01-нээс төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 30 хувиар өсгөсөн. 2011 оноос иргэн бүрт сар тутам 21 мянган төгрөгийн эх орны хишиг олгохоор болсон нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, инцляци хөөрөгдөж болзошгүй гэж дэлхийн банк үзэж байсан нь саяхан. Үүнээс гадна, чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 17 хувийг эзэлж байсан нь санаа зовоосон, бас анхаарал хандуулах чухал асуудал болоод байсныг дэлхийн банк онцолж байсан юм. Хөрөнгө оруулалт нэмэгдэж байсантай холбоотойгоор үндэсний валютын ханш чангарах нь эдийн засагт ийм сөрөг үр дагавар авч ирдэг байна. Тиймээс дэлхийн банкныхан зүүн азийн орнуудын засгийн газарт хандаж, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш чангарахаас болгоомжилж хариу арга хэмжээ авахыг зөвлөж байсан юм. Ер нь манай улсын хувийн хэвшил рүү чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдэж, төгрөгийн ханш чангарна гэсэн энэ болгоомжлолоос хэрхэн ангижрах вэ. Энэ асуултад тэр үеийн Монголбанкны ерөнхийлөгч Пүрэвдорж: Төгрөгийн ханш чангарах магадлалтай байгаа учир валютын нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай байна гэсэн хариулт өгч байв. Харин тэр үеийн Дэлхийн банкны Монгол дахь суурийн төлөөлөгчийн газрын эдийн засагч Алтанцэцэг: Судалгаагаар монгол улсын эдийн засаг сайжирч байгаа нь харагдсан. Гэхдээ бидэнд анхаарах хэд хэдэн зүйл байгаа. Бэлэн мөнгө тараах халамжийн бодлого хавтгайрч, цалин тэтгэвэр нэмж байгаатай холбоотойгоор инфляци буурахгүй байх хандлагатай байгаа талаар хэлж байсан юм. 

-Өмнөд бүсийн дэд бүтцийг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх боломжтой талаар илэрхийлэв- 

2009-07-08. Дэлхийн банк манай улсын өмнөд бүсийн дэд бүтцийг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх боломжтой гэдгээ 2009 оны долоодугаар сарын 7-ны өдөр мэдэгдсэн юм. Дэлхийн банкныхан монгол улсын өмнөд бүсэд уул уурхайн томоохон орд газрууд байдаг. Тодруулбал, Тавантолгой, Ухаа худаг, Баруун наран, Цагаан толгой, Нарийн сухайт, Овоот толгой, Сүмбэр, Шивээ-овоо, Оюутолгой, Цагаан суваргын ордууд тус бүс нутагт оршдог. Эдийн засгийн үр ашиг бүхий уул уурхайн ордуудын хөгжлийг дэмжих үүднээс өмнөд бүсийн дэд бүтцийг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх боломжтой гэсэн тайлбар өгч байсан юм. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засагт үр өгөөжөө өгөх салбаруудыг дэмжихэд бэлэн байгаагаа хэлж байлаа. Гэхдээ Монголын Засгийн газар өмнөд бүсийн дэд бүтцэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг Дэлхийн банкнаас хүссэн тохиолдолд туслалцаа үзүүлэх боломжтой гэж мэдэгдэж байсан юм. Товчхондоо, манай талаас хүсэлт гаргавал дэлхийн банк тусална гэдгээ илэрхийлж байлаа. Гэхдээ хэдий хэмжээний хөрөнгө мөнгөөр туслах боломжтойгоо тэд хэлээгүй юм. Дэлхийн банк өмнөд бүсийн дэд бүтцийг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийлээд зогсохгүй, тус бүс нутгийн дэд бүтцийн стратеги төлөвлөгөөг гаргасан тухайгаа мэдэгдэж байлаа. Тавантолгой, Нарийн сухайт, Оюутолгой, Цагаан суваргын уурхайнууд жилд 5 тэрбум америк долларын нүүрс, зэсийн борлуулалт хийх боломжтой. Гэхдээ дэд бүтцийг шийдвэрлээгүй цагт энэ хэмжээний бүтээгдэхүүн борлуулах боломжгүй. Тиймээс стратегийн ач холбогдол бүхий ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд эхлээд дэд бүтцээ шийдвэрлэх хэрэгтэйг дэлхийн банкныхан зөвлөж байсан юм. Тиймээс дэд бүтцийг шийдвэрлэхэд хэдий хэмжээний хөрөнгө мөнгө шаарадагдаж байгааг тэд нарийвчлан гаргажээ. Тухайлбал, төмөр зам, цахилгаан, эрчим хүч, усны эх үүсвэр зэргийг бий болгоход 5 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа гэх судалгааг гаргаж байсан юм. Үүний 1 тэрбум 150 сая ам.доллараар төмөр зам барина. Энэ хөрөнгөөр тавантолгойн ордоос хэд хэдэн чиглэлийн төмөр зам тавьж болох хувилбар гаргасан байгаа юм. Тавантолгойн ордоос Гашуун сухайтын ордоор дамжуулж хятадын Баотау боомт хүртэл төмөр зам тавихад хүрэлцэнэ. Мөн Тавантолгойн ордоос Замын-Үүдийн боомтыг дамжуулж, Датун, Кинхуандоа боомт руу төмөр зам тавих. Үүний сацуу Тавантолгойгоос Цагаан суваргын ордыг дамжуулан Сайншанд, Чойбалсан хотоор дайрсан төмөр замыг оросын Владивосток хүртэл тавих. Түүнчлэн Тавантолгой-Айраг-Чойбалсан-Владивосток руу төмөр зам тавих. Мөн Тавантолгой-Айраг-Улаанбаатар-Улаанүүд-Владивосток руу төмөр зам тавих. Үүнээс гадна, Тавантолгой, Улаанбаатар, Улаанүүд, Владивостокийн чиглэлд төмөр зам тавих зургаан хувилбар гаргасан байгаа юм. Тавантолгой жилд 20 сая тонн нүүрс хятадын Хуанхуа боомт руу гаргана. Үүнээс орж ирэх орлого нь 6,2 тэрбум америк доллар байна. Харин оросын Владивосток руу нүүрс гаргавал жилд 1,5 тэрбум америк долларын орлого олно гэж тооцоолсон байгаа юм. Тиймээс дээрх хоёр боомт руу зургаан чиглэлээр төмөр зам тавих боломжтой гэсэн судалгааг дэлхийн банкнаас гаргасан байгаа юм. Эрчим хүчний тухайд, оюутолгой дахь уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай цахилгаан, эрчим хүчийг хангах хамгийн хямд зам нь хятадаас эрчим хүч авах шаардлагатай гэж дэлхийн банк үзсэн байдаг. Нөгөөтэйгүүр өмнөд бүсэд дор хаяж нэг цахилгаан станц нэмж байгуулах шаардлагатай гэж үзсэн байгаа юм. Учир нь дулааны хоёрдугаар цахилгаан станцын хугацаа 2005 онд дууссан. Дарханы дулааны цахилгаан станцын ашиглалтын хугацаа 2013 онд дуусна. Тэр үед оюутолгой зэрэг өмнөд бүсийн уул уурхайн ордуудыг ашиглалтад оруулахад эрчим хүч дутагдана. Засгийн газраас тавдугаар цахилгаан станц, Шивээ овоог түшиглэн цахилгаан станц барихаар төлөвлөж байсан ч, энэ нь өмнөд бүсийн уул уурхайн ордуудыг эрчим хүчээр хангаж чадахгүй. Тиймээс өмнөд бүсэд нэмж нэг цахилгаан станц барих шаардлагатай. Үүнд, 2 тэрбум 711 сая америк доллар шаардлагатай байгааг дэлхийн банкныхан онцолж байсан юм. Өмнөд бүсийн уул уурхайн ордуудыг ашиглалтад оруулахад ус хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа. Зарим нэг байгууллагууд өмнөд бүсийн уул уурхайн ордуудад шаардлагатай усыг Хэрлэн голоос татья гэсэн санал гаргасан байдаг. Тэгвэл дэлхийн банкныхан Хэрлэн голоос өмнөд бүс руу хоолоогоор ус татахад зардал өндөр гарна. Тухайлбал, 500 сая ам.доллар шаардагдаж байгаа. Харин газрын гүний ус ашиглаж эхлэхэд нийт 260 сая ам.доллар шаардагдаж байгаа. Уул уурхайн компаниудад өдөрт 350 мянган метр куб ус шаардлагатай болно. Харин тус бүс нутгийн газрын гүний ус хоногт 500 мянган метр куб байх бололцоотой юм. Тиймээс газрын гүний ус ашиглах нь зүйтэй гэсэн саналыг дэлхийн банкнаас гаргаж байсан юм. Дэлхийн банкнаас гаргасан Өмнөд бүсийн дэд бүтцийг хөгжүүлэх судалгааны талаар тэр үеийн Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Аршад Сайед:Монгол улсын өмнөд хэсэгт уул уурхайн хөгжлийг дэмжих зорилгоор дэд бүтцийг хөгжүүлэхэд нилээд хэдэн жил шаардлагатай. Тус бүс нутгийн нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх цаг хугацааг тодорхойлж, олон түмний санаа бодлыг сонсон, хэлэлцэх хэрэгтэйг Засгийн газарт зөвлөж байна. Төмөр зам, хот суурин, цахилгаан станц, зам усны нөөц байхгүй бол эдгээр томоохон уурхайнуудын ашиглалт хэрэгжих боломжгүй хэмээн тухайн үед ярьж байсан юм. Нэг ёсондоо дэлхий нийтээрээ санхүүгийн хямралд өртөж, дагаад монголын эдийн засаг хямарч байхад үүнээс гарах гарцыг эрэхийлж байх явцад ганц Эрдэнэ үйлдвэрээс хамааралтай байх бус. Өөр бусад стартегийн ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулахад дэд бүтцээ шийдвэрлэх нь чухал хэмээж дээрх судалгааг хийж байсан байгаа юм.

-Дэлхийн банк ба оюутолгой, тавантолгой ордууд-

Дэлхийн банкнаас өнгөрсөн хугацаанд манай улсда 40 орчим сая америк долларын өртөг бүхий Сайжруулсан зуухны төсөл, Эрчим хүчний төслийг хэрэгжүүлсэн байдаг. Тэгвэл залгуулаад тус байгууллагаас манай улсад 90 орчим сая ам.долларын өртөг бүхий төслүүдийг хэрэгжүүлсэн юм. Тухайлбал, Улаанбаатар хотын цэвэр агаарын төсөл, Ус ба хаягдал усны төсөл, Мэдээлэл харилцаа холбооны дэд бүтцийн төсөл, Сэргээгдэх эрчим хүч ба хөдөөгийн эрчим хүчний төсөл зэргийг дурдаж болох юм. Цаашид тус байгууллагаас уул уурхайн салбарт төсөл хэрэгжүүлэхээр хэдэн жилийн өмнө төлөвлөж байлаа. Энэ талаар Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Дэд бүтцийн үйл ажиллагааны ажилтан Түмэнцогт: Цаашид Өмнөговь аймагт байгаа томоохон Тавантолгой, Оюутолгойн, бүс нутгийн дэд бүтцийн асуудлыг шийдэх асуудалд анхаарлаа хандуулна. Эрчим хүч, төмөр зам, усан хангамж, хот байгуулатын чиглэлээр бусад донор орнуудтай хамтраад энэ төлөвлөлтийг хийхэд нь тусална. Гаднаас хөрөнгө оруулалт хийх болон бусад чиглэлээр туслах ийм төслүүдийг хэрэгжүүлнэ. Нэгдүгээрт,уул уурхайн дэд бүтцийн асуудлыг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлнэ. Хоёрдугаарт, хотын хөгжлийн, Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлнэ. Гуравдугаарт, хөдөөгийн хөгжил болон байгаль орчны чиглэлээр ажиллана гэж байгаа. Хөдөөгийн хөгжилд бол та бүхэн мэдэж байгаа. Монгол Улсын 21 аймагт хэрэгиж байгаа Тогтвортой амьжиргаа гээд төсөл байгаа. Тогтвортой амжиргаа төслийн хүрэнд бол бэлчээрийн эрсдэлийг бууруулах, бичил зээл, орон нутгийн санаачлага гэсэн төслүүд явж байгаа. Мөн малын индексжүүлсэн даатгалын талаар Дэлхийн банкны төсөл байгаа. Энэ мэт байгаль орчин, дэд бүтцийн, сэргээгдэх эрчим хүчний одоо явж байгаа төслүүдээ үргэлжлүүлээд ажиллахаар төлөвлөж байгаа юм. Тэрбээр, Тавантолгой болон Оюутолгойн ордуудын ойролцоо дэд бүтцийг хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэж ийнхүү хэлж байсан нь хэдхэн жилийн өмнө билээ. Ингэхдээ, Оюутолгой, Тавантолгойн хөрөнгө оруулалтын асуудал УИХ-аар хэлэлцэгдсний дараагаар Засгийн газарт болон бусад донор орнуудтай ярилцаж байж хичнээн хэмжээний өртөх бүхий төсөл хэрэгжүүлэхээ шийдвэрлэнэ хэмээн хэлж байсан юм. Эрчим хүч, төмөр зам, усан хангамж, хот байгуулатын чиглэлээр энэ мэт төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ч, хэдэн төгрөгийн өртөг бүхий төсөл хэрэгжүүлэх нь ийнхүү тодорхойгүй байсан билээ.

-Дэлхийн банкнаас монголын эдийн засагт хийсэн ээлжит судалгаанууд-

2009 оны наймдугаар сард манай улсын эдийн засаг ямаршуухан байсныг Дэлхийн банкны эдийн засагч Алтанцэцэг: Эдийн засгийн байдал ямар байна вэ гэхээр төсвийн алдагдлыг 12 сарын гулсмал хэлбэрээр тооцож үзэх юм бол, 2008 оны дотоодын нийт бүтээгдэхүүний 9,8 хувьтай тэнцэх хэмжээнд бас л өндөр хэвээрээ байна. Дараа нь урсгал дансны алдагдлыг ижил аргачлалаар тооцоход дотоодын нийт бүтээгдэхүүний 15,2 хувьтай тэнцэхээр өндөр байна. Энэ хоёр тоо ерөнхийдөө монгол улсын эдийн засаг хэврэг байгааг харуулж байгаа юм. Энэ хоёр үзүүлэлт Засгийн газар тал дээр байгаа. Нөгөөтэйгүүр, хувийн салбар дээр холбож хэлэхэд, санхүү болон банкны салбарт чанаргүй зээлийн хэмжээ өссөн. Хувийн салбарынханд чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл маш хүндээр тусч байгаа. Энэ нь юуны үр дагавар вэ гэхээр бодит эдийн засаг удааширч, муудаж эхэлж байгаагийн шинж юм. Тиймээс импорт буурч байна. Түүнийгээ дагаад бодит эдийн засгийн үйл ажиллагаа суларч байна. Бодит салбарыг базаад авч үзэхэд, барилга, уул уурхай, бөөний болон жижиглэнгийн худалдаа гэсэн гурван салбарт олгосон зээлийн эргэн төлөлт буюу чанар тааруухан байна. Манай улсын төсвийн алдагдал 12 сарын нийлбэрээр дотоодын нийт бүтээгдэхүүний 9,8 хувьд хүрсэн байна. Энэ бол өндөр үзүүлэлт юм. Ганц авууштай нь гадаад худалдааны алдагдал буурсан болохыг дэлхийн банкныхан хэлж байлаа. Үүнээс гадна, банкуудын төгрөгийн хадгаламж нэмэгдсэн байна. Энэ нь сайн хэрэг ч, харамсалтай нь банкуудын чанаргүй зээлийн багц нэмэгдсэн хэвээр байсныг хэлж байсан юм. Зээлийн эргэн төлөлт удаашралтай байснаас банкууд зээл гаргахаа зогсоож, үүний оронд төв банкны үнэт цаас худалдаж авахыг илүүд үзэж байжээ. Энэ нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө гэж дэлхийн банкныхан үзэж байсан юм. Ганц эдийн засгийн өсөлт гэлтгүй импорт буурч, төсвийн орлого үргэлжлэн буурах төлөвтэй байсныг тус банкныхан мөн хэлж байлаа. Тэгвэл нийт 2009 оны дүнгээрээ монгол улсын эдийн засаг ямаршуухан гарсан бол. Уг судалгааг 2010 оны хоёрдугаар сарын 2-ны хавьцаа тус банкнаас танилцуулж байсан юм. Тэдний хийсэн судалгаагаар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн дүнтэй гарсан байгаа юм. 2009 оны эхнээс тасралтгүй бууралттай явсан дотоодын нийт бүтээгдэхүүн оны эцэст өсчээ. Ингэснээр 2009 оны нэгдсэн дүнгээрээ дотоодын нийт бүтээгдэхүүн 1,2 хувийн өсөлттэй гарсан байгаа юм. Тээвэр, харилцаа холбооны салбарт өсөлт гарсан нь дотоодын нийт бүтээгдэхүүн оны эцэст өсөхөд нөлөөлсөн байгаа юм. Ийнхүү дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн дүнтэй гарсан бол, гадаад худалдааны алдагдал буурсан таатай мэдээлэл угтлаа. 2008 оны эцэст манай улсын гадаад худалдаа 1 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан бол, 2009 оны эцэст 230 сая ам.долларын алдагдалтай гарсан байгаа юм. Үүнээс гадна, төсвийн алдагдал тооцоолж байснаас доогуур гарсан байна. УИХ 2008 оны төсвийг алдагдалтай баталсан. Ингэхдээ төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 5,8 хувьтай байхаар тооцоолж байсан бол, бодит алдагдал үүнээс доогуур буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5,4 хувьтай тэнцсэн байна. Харин таагүй нь банкны зээлийн хүү өссөн байлаа. 2008 оны арваннэгдүгээр сард арилжааны банкуудын зээлийн хүүгийн түвшин 1 хувь байсан бол, оны эцэст 19 хувь болж өсчээ. Ийнхүү сар гаруйн хугацаанд арилжааны банкуудын зээлийн хүү 2 хувиар өссөн тул, зээл хүсэгчдийн тоо буурсан байна. Хэрэв, арилжааны банкуудын бодит зах зээл рүү гаргах зээл буурвал, тэр хэрээр эдийн засаг удаашрах аюултай байжээ. Тиймээс дэлхийн банкныхан зээл олголтыг сэргээхэд шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах хэрэгтэйг бодлого боловсруулагчдад тухайн үед сануулж байсан билээ. Ер нь цаашид эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс яавал гарч болохыг тэр үеийн Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Аршад Сайед:Манай улсын дэлхийн зах зээлд гаргадаг гол түүхий эд болох зэсийн үнэ сүлийн үед гадаад зах зээлд өсөх хандлагатай байгаа. Тиймээс цаашид зэсийн борлуулалтаас орж ирэх орлогоо хуримтлалын санд төвлөрүүлж, үүнийгээ бага зарцуулах хэрэгтэй. Ингэж чадвал монголын эдийн засаг сайжирна гэж хэлж байсан юм.

-Санхүүгийн хямрал компаниудын хувьцааны ханш унахад хүргэв- 

2008-11-25. Монголын хөрөнгийн бирж. Дэлхийн дахинаа нүүрлэсэн санхүүгийн хямралаас шалтгаалж гадаадын томоохон биржүүдийн индекс хэдэн сарын турш уналтын байдалтай байв. Тухайлбал, Dow jones 5.56 хувиар, Nasdaq 5.07 хувиар, S&P500 6.71 хувиар, FTSE 3.26 хувиар, DAX 3.08 хувиар, Nikkei 6.89 хувиар буурсан байлаа. Дэлхийн хөрөнгийн биржүүдийн индекс унасан нь томоохон хувьцаат компаниудын хувьцааны ханш унасантай холбон тайлбарлаж байсан юм. Дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор дотоодын хөрөнгийн зах зээлд хүртэл хувьцааны ханш унах явдал ажиглагдаж байсан юм. Энэ талаар тэр үеийн Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Содхүү:Хөрөнгийн зах зээл дээр ухаандаа хувьцааны ханш унаж байна гэж ярьж байна. Ер нь бол аль ч улсад хямралтай ч байсан, хямралгүй ч байсан хувьцааны ханш унаж, босож байдаг. Гэхдээ арилжааны банкуудын зээл зогссонтой холбоотойгоор, гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын үйл ажиллагаагаа зогсоосонтой холбоотойгоор, мөн ажиглалтын байдалд байгаатай холбоотойгоор зарим хувьцааны ханш унаж байна. Энэ уналтыг бид судалгаандаа авч үзвэл нийт хувьцааны уналтын 35 хувь нь дэлхийн нөлөөтэй байж болох хандлагатай. Тухайлбал, өнөөдөр 7 компанийн хувьцаа унаж, 7 компанийн хувьцаа унаж, 5 компанийн хувьцаа өссөн ийм үзүүлэлт гарч байна. Тэгэхээр үүнд сандраад, унаад, нөлөөлөөд байна гэж эмээх хэрэггүй. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалт буурч, банк санхүүгийн байгууллага дээр хүндрэл учирснаас шалтгаалаад хувьцаа худалдаж авах эрэлт багасч байгаа нь үнэн. Тиймээс бид энэ асуудал дээр анхааралтай хандаж байгаа гэсэн хариулт өгч байсан юм. Америкийн банкууд баталгаагүй зээл ихээр олгосонтой холбоотойгоор тус улсад санхүүгийн хямрал нүүрлэсэн. Тэгвэл манай эдийн засагт үүнтэй адил зүйл анзаарагдсан гэхэд хилсдэхгүй. Тухайн үед арилжааны банкуудын төгрөгийн хугацаатай хадгаламж 1 гаруй триллион төгрөгөөр хэмжигдэж байсан бол, гадаад валютын хадгаламж 396 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан юм. Гэтэл арилжааны банкуудын зээлийн өрийн үлдэгдэл 2 триллион төгрөгт хүрсэн байлаа. Үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 8,5 тэрбум төгрөг байсан бол, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 83.3 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан юм. Нэг ёсондоо банкуудын зээл хадгаламжаасаа давсан үзүүлэлттэй байсан юм. Тиймээс арилжааны банкууд зээлээ хязгаарласан нь, зах зээлд бэлэн мөнгөний хомсдол бий болж, хувьцааны эрэлт буурч ханш нь унасан гэж ойлгож болох талтай юм. Хувьцааны ханш унаж байныг Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаа давхар харуулж байлаа. Тухайн үед Монголын хөрөнгийн биржэд үнэт цаасны 23 удаагийн арилжаагаар 4,7 сая ширхэг хувьцаа 1 тэрбум төгрөгөөр арилжсан байгаа юм. Нийт арилжсан үнийн цаасны тоо өмнөх сараасаа 2 дахин, гүйлгээний хэмжээ 64 хувиар буурсан байгаа юм. Харин өмнөх оноосоо арилжигдсан үнэт цаасны тоо 1,8 дахин, гүйлгээний хэмжээ 95 хувиар багассан байгаа юм. ТОП-20 индекс 7660.7 болж өмнөх сараасаа 732.9 нэгжээр буурсан байв. Хувьцаат компаниудын нийт зах зээлийн үнэлгэ 576.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сараасаа 15,9 хувиар буурсан байдаг юм. Хувьцаат компаниудын үнэт цаасны ханш унах болсон нь хувьцаа худалдан авагчдад хүндээр тусч байлаа. Тиймээс хувьцааны ханш нэрлэсэн үнийхээ 75 хувиас доош орвол, тухайн хувьцааг арилжаалахгүй байх тогтоолыг Санхүүгийн зохицуулах хорооноос тэр үед гаргаж байсан юм. Ингэснээр хувьцаагаа арилжаалдаг компани, хувьцаа худалдан авдаг компаниудын эрх ашгийг хамгаалж чадна гэж Санхүүгийн зохицуулах хорооныхон үзэж байсан юм. 

-Хөрөнгийн зах зээлд итгэх итгэл сулрав-

2009-09-23. Банкинд мөнгө ховордсоноос шалтгаалж үнэт цаасны арилжаа буурсан болохыг албаны хүн дээрх өгүүлсэн. Тэгвэл судлаач Буянхишиг банкуудад мөнгө байхгүйгээс үнэт цаасны арилжаа буурсан юм биш. Үнэт цаасны арилжаа буурсан нь иргэдийн хөрөнгийн зах зээлд итгэх итгэл суларсантай холбоотой гэсэн тайлбар өгч байсан юм. Манай хөрөнгийн зах зээлд 2007-2008 оны хооронд ихээхэн өсөлт гарсан байна. Тухайн үед Анод, Ремикон зэрэг компаниуд шинээр хувьцаа гаргасан нь хөрөнгийн зах зээлд өсөлт гарахад нөлөөлжээ. Дээрх компаниуд анхдагч зах зээлд нэгж хувьцаагаа 100 төгрөгийн нэрлэсэн үнээр гаргасан тул, иргэд хямд үнээр хувьцаа худалдан авч, цааш нь үнэ хүргэж зарах үүднээс шинээр мэндэлсэн хувьцааг ихээр худалдан авчээ. Гэтэл Анод, Ремикон зэрэг компаниуд дампуурах эсэх асуудал яригдаж эхэлсэн тул, иргэд хөрөнгийн зах зээлд шинээр мэндэлсэн хувьцааг худалдаж авах нь багассан байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээлд итгэх итгэл нь суларч, мөнгөө банкинд хадгалуулж хүүг нь авах ашигтай гэж бодох болсон байна. Ийнхүү иргэд банкинд мөнгөө хадгалуулж, хувьцаанд хөрөнгө оруулалт хийхгүй байгаагаас хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нэг талаас буурахад нөлөөлж, энэ салбар хөгжихгүй байх шалтгаан болж байгааг судлаачид хэлж байсан юм. Судлаач Буянхишиг: Манай улсад хөрөнгийн зах зээл хөгжихгүй байгаа бас нэг шалтгаан нь механизм буруу байсантай холбоотой болохыг хэлж байлаа. Хөрөнгийн зах зээлд хувьцааг нээлттэй захиалгын аргаар арилжаалдаг нь үнэт цаасыг хөрвөх чадваргүй болгодог байна. Тодруулбал, хувьцааг захиалагч тал аль болох хямд худалдаж авахын тулд бага үнэ хэлдэг байна. Харин хувьцааг худалдах гэж байгаа тал ашиг олохын тулд өндөр үнэ хэлдэг байгаа юм. Ийнхүү хоёр талын үнийн санал нь барагтаа зохицдоггүй тул, хувьцаа худалдан авах болон худалдах эзэн олддогүй байна. Энэ нь үнэт цаасыг хөрвөх чадваргүй болгодог гол хүчин зүйл байж иржээ. Үүнээс гадна, төлбөр тооцоон дээр маш олон шат дамжлага байсан нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд ихээхэн саад тотгор болдог байжээ. Хөрөнгийн зах эээлийн хөгжлийн тушааг хэрхэн арилгах вэ. Энэ асуултад Мосдак дилерүүдийн арилжааны төвийн гүйцэтгэх захирал Эрдэнэбат: Дэлхийн дахинаа хувьцаа эзэмшигчид нь үнэт цаасаа өөрсдөө онлайнаар арилжаалдаг. Гэтэл манайд энэ механизм байдаггүй. Манай улсад хувьцаа эзэмшигчид үнэт цаасаа заавал брокерийн пүүсээр дамжуулан арилждаг. Үүнээс болоод манай хувьцаа эзэмшигчид өөрийн үнэт цаасандаа хяналт тавих боломж гардаггүй байсан. Энэ нь манай хөрөнгийн зах зээлийн нэг алдаа дутагдал байсныг хэлж байсан юм. Үүнээс гадна, манай хөрөнгийн зах зээлийн бас нэг алдаа дутагдал бол, үнэт цаасны арижаанаас орж ирсэн орлого тухайн хувьцаа эзэмшигчийн банкин  дахь дансанд орох бус,  үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төвд байршдаг явдал байжээ. Гадаад зах зээлд хувьцаа эзэмшигчид үнэт цаасны арижаанаас орж ирсэн орлогоо банкин дахь харилцах дансаараа дамжуулан авдаг байв. Хөрөнгийн зах зээлд эргэлдэж байгаа мөнгө банкаар дамжиж, хувьцаа эзэмшигчдэд очдог тул, нэгдүгээрт ил тод, хоёрдугаарт шуурхай, гуравдугаарт хөрөнгийн зах зээлээс банкуудаар дамжих мөнгөний урсгал нэмэгддэг байна. Тэр хэрээр эдийн засаг хурдсаж, өсөлт гардаг болохыг судлаачид хэлж байлаа. Тиймээс манай хөрөнгийн зах зээл гаднын энэ туршлагаас суралцах хэрэгтэйг тэд зөвлөж байсан юм.

-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх алхам-

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бас нэг алхам бол арилжааны банкууд ипотекийн үнэт цаасыг хөрөнгийн зах зээлд гаргах явдал гэдгийг судлаачид хэдэн жилийн өмнө хэлж байлаа. Өнгөрсөн хугацаанд манай арилжааны банкууд урт хугацаатай орон сууцны зээлийг ихээр гаргасан. Нэгэнт урт хугацаатай олгосон зээл тул төлж дуусахад хугацаа шаарддаг. Гаргасан зээл нь хэсэгтээ орж ирэхгүй тул, энэ нь банкуудыг хүндрэлд оруулах алхам болж байжээ. Өөрөөр хэлбэл, дахин зээл гаргах санхүүгийн эх үүсвэргүй боллог гэсэн үг. Энэ хүндрэлээс гарч, хөрөнгийн зах зээлээ давхар хөгжүүлье гэвэл ипотекийн үнэт цаасыг арилжаанд оруулах хэрэгтэйг судлаачид зөвлөж байсан юм. Банкууд орон сууцны зээл гаргахдаа барьцаа авч үлддэг. Тэр барьцааг хөрөнгийн зах зээлд гаргавал монголчууд биш юмаа гэхэд, гаднынхан энэ үнэт цаасыг худалдаж авах сонирхолтой байна. Цаанаа баталгаа хөрөнгөтэй үнэт цаас учраас тэр юм байна. Хөрөнгийн зах зээл бол санхүүгийн гурван том секторын нэг. Манай улсад банкны салбар хөрөнгийн болон даатгалын салбараа бодвол илүү түлхүү хөгжсөн. Харин бусад салбар орхигдоод байсан нь нууц биш. Эдийн засгийн хөгжилд үйлчилгээ үзүүлдэг хөрөнгийн зах зээл банк, даатгал зэрэг санхүүгийн секторууд хамтдаа хөгжсөн цагт тухайн улс орны эдийн засаг сайжирдаг болохыг судлаачид хэлдэг. Монголчууд банкуудын зээлийн хүү өндөр байна гэж гомдолдог. Энэ нь санхүүгийн сектор зэрэг хөгжиж чадаагүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, банктай өрсөлдөж байгаа хөрөнгийн болон даатгалын салбар нь хүч султайхан тул, зах зээлд арилжааны банкууд дангаар ноёлж, зээлийн хүүгээ бууруулдаггүй гэж ойлгож болох талтай. Хэрэв манай улсад адаглаад хөрөнгийн зах зээл сайтар хөгжсөн бол арилжааны банкуудын зээлийн хүү буурах сайн талтай юм. Аж, ахуйн нэгжүүд өнөөдөр хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгож чадахгүй байгаа тул, банкуудаас өндөр хүүтэй зээл авсаар ирсан. Авахаас ч өөр аргагүй. Банкуудаас зээл хүсэгчдийн тоо буурдаггүй тул, арилжааны банкуудын зээлийн хүү буурахгүй байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл, монголын аж ахуйн нэгжүүд хөрөнгийн зах зээлд чөлөөтэй өрсөлдөж, түүнээс хөрөнгө босгож чаддаг байсан бол, арилжааны банкуудаас зээл авах шаардлагагүй болно. Энэ үед банкуудаас зээл хүсэгчдийн тоо буурах тул, зээлийн хүү дагаад буурах учиртай юм.

-Монголын эдийн засгийн чуулган-

2010-02-10. Төрийн ордон. 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын үеэр манай улс Монголын эдийн засгийн бодлогын чуулга уулзалтыг зохиосон билээ. Энэ үеэс хойш Монголын эдийн засгийн чуулганыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг болсон юм. Ээлжит чуулган 2010 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Төрийн ордонд болж өндөрлөсөн юм. Чуулга уулзалтаар Монгол Улсын төсвийн шинэтгэл, Уул уурхайн салбарын хөгжил, Байгаль орчин, ногоон эдийн засаг, Улсын бүртгэлийн шинэчлэл, Өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, Хөрөнгийн зах зээлийн шинэчлэл зэрэг асуудлын чухалчилж ярилцсан юм. Эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хүрэхийн тулд хамтын хүч хэрэгтэй гэж үзжээ. Тиймээс бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, эрдэмтэн судлаач, төрийн бус байгууллага, бизнес эрхлэгч, дэлхийд нэр хүнд бүхий эдийн засагчид нэгэн дээвэр дор хуран цуглаж, дээрх асуудлаар нээлттэй хэлэлцсэн юм. Монгол Улсын төсвийн шинэтгэл сэдвээр ихэнх төлөөлөгчид манай улсын дэлхийн зах зээлд экспортолдог гол нэрийн түүхий эдүүдийн үнэ ханш унахаар төсөв улайрч байна. Үүнээс ангижрах боломж хэр байна. Үүнээс гадна, сонгуулийн үеэр улстөрийн мөнгө тараах амлалт өгсөн. Үүнийг харамсалтай нь төсөв дийлэхгүйд хүрч байна гэсэн шүүмжлэл хэлж байлаа. Үүнд бодлого боловсруулагчид төсвийн тогтворжуулалт шаардлагатай байгаа. Нөгөө талаас цөөхөн хэдэн түүхий эдийн үнээс хамаардаг эдийн засгийг халах шаардлагатай байгаа. Ингэхийн тулд, ногоон эдийн засаг болон уул уурхайн салбарыг хөгжүүлэх хэрэгтэйг онцолж байсан юм. Бусад орон уул уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулж байхад бид түүхийгээр нь экспортолж байна. Мал аж ахуйн бүтээгдэхүүнээ мөн түүхийгээр нь экспортолж байхад дэлхийн дийлэнх улс орнууд эцсийн бүтээгдэхүүн болгож байна. Бусад орон үйлдвэрлэж байхад бид хэрэглэж байна. Дэлхийн улс орнууд экспортолж байхад, монголчууд импортолж байна. Монгол Улсын хөгжилд энэ л тушаа болж байгааг онцолж байсан билээ. Харин хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийг хөрөнгийн биржийн хувьчлалаас эхлэх оновчтой гэж энэ үеэр яригдаж байлаа. Энэ талаар Үйлдвэр худалдааны сайд асан Доёд: Торонто, Хонгконг зэрэг дэлхийн томоохон хөрөнгийн биржүүдэд хувьцаа арилжаалж байгаа компаниудын санхүүгийн тайлан баланс ил тод байдаг байна. Тиймээс хүмүүс ашигтай ажиллаж байгаа компанийн хувьцааг худалдаж авах нь их байдаг. Гэтэл манайд ийм тогтолцоо байдаггүй. Компаниуд хөрөнгийн зах зээлд хувьцаагаа арилжаалдаг хэрнээ, санхүүгийн тайлан баланс нь нуугдмал. Тухайн компани ашигтай ажиллаж байгаа, ашиггүй ажиллаж байгаа эсэхийг зөвхөн төлөөлөн удирдах зөвлөл нь мэддэг. Ийнхүү хувьцаат компаниудын тайлан баланс хаалттай байдаг тул, манайхан хувьцаа худалдаж авах сонирхолгүй байдаг байна. Нэг ёсондоо, иргэдийн үнэт цаасанд итгэх итгэл тааруу. Энэ нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд тушаа болж буйг онцолсон юм. Тэр үеийн Прайм даатгал компанийн гүйцэтгэх захирал Ганзориг: Үүнийг таслан зогсоохын тулд санхүүгийн тайлангаа олон нийтэд зарладаггүй компаниудын үнэт цаасыг хөрөнгийн зах зээлд арилжаалахгүй байх хэрэгтэйг хэлж байлаа. Дээрх шалтгаанаас гадна, хөрөнгийн зах зээлийн хөгжилд тушаа болж буй бас нэг зүйл нь банкуудын хадгаламжийн хүү өндөр байгаа явдал гэнэ. Банкуудын хадгаламжийн хүү өндөр тул, хүмүүс хөрөнгийн зах зээлээс хувьцаа худалдан авдаггүй. Гартаа байгаа мөнгөө арилжааны банкинд хадгалуулж, хүүг нь авч байх хамаагүй дээр гэж үзэж ирсэн байгаа юм. Харин тэр үеийн Төрийн өмчийн хорооны дарга Сугар: Хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийг хөрөнгийн биржийн хувьчлалаас эхлэх хэрэгтэй гэж хэлж байсан билээ.

-Хувьцаат компаниудын тоо цөөрөхөд хүрэв-

Монголын хөрөнгийн биржэд 2008 оны сүүлчээр 378 компанийн үнэт цаас бүртгэлтэй байсан бол, 2009 оны сүүлчээр 396 болж өмнөхөөсөө ялимгүй өссөн байлаа. Эдгээр хувьцаат компани улирал тутам санхүүгийн тайлан балансаа гаргаж ирсэн үү гэвэл үгүй. Тэгвэл өөрчлөлт шинэчлэлтийг дагаад Монголын хөрөнгийн биржээр хувьцаагаа арилжаалдаг компаниуд улирал тутам тайлан балансаа гаргаж, хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгаа цаг хугацаандаа тараах шаардлага тавигдаж эхлэв. Энэ нь иргэдийн хөрөнгийн зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлсэн ч, Лондонгийн хөрөнгийн биржийнхэн өөрсдийн шаардлагыг Монголын хувьцаат компаниудад тавьж эхэлснээр үүнийг зарим аж ахуйн нэгжүүд хангаж чадахгүйд хүрсэн билээ. Энэ нь Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг компаниудын тоо цаашид буурахад нөлөөлж магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж байлаа. Эндээс Лондонгийн хөрөнгийн биржийнхэн Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулахын тулд шаардлага тавьж, стандартаа тулгаж эхэлснээр санхүүгийн тайлан балансаа улирал тутам зарладаггүй, ногдол ашгаа тараадаггүй, тэгсэн хэрнээ хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг компаниуд хөрөнгийн зах зээлээс хүссэн хүсээгүй арчигдах уу гэсэн асуулт урган гарч байсан юм. 2010 оны есдүгээр сард зохиогдсон Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хоёрдугаар бага хурлын үеэр гадаадын мэргэжилтнүүд Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг компаниудын багахан хувь нь дэлхийн стандартад нийцнэ гэж мэдэгдэж байсан билээ. Үнэхээр ч тийм аж. Тэр үед Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг байсан компаниудын 120 нь дэлхийн стандартад нийцэж байлаа. Үлдэх хэсэг нь стандартад нийцэх үйл ажиллагаа явуулахгүй байжээ. Хөрөнгийн зах зээлийн стандартад нийцэхгүй компаниудыг судалж, хөрөнгийн биржийн бүртгэлээс хасах арга хэмжээг авч эхэлсэн. Энэ ажлыг Лондонгийн хөрөнгийн биржтэй, биржгүй эхлүүлсэн болохыг тэр үеийн Монголын хөрөнгийн биржийн захирал Содхүү хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл, нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг Монголын хөрөнгийн биржийн менежментийг сайжруулснаар манай улсын хөрөнгийн зах зээлд өндөр шаардлага тавигдаж, үүнийг хангах компани олдох уу, үүнийг тэсч гарах хувьцаа үлдэх үү гэдэг хүндхэн асуудалтай тулгарсан юм. Тодруулбал, хөрөнгийн зах зээлд оролцож хувьцаагаа арилжаалдаг компаниудад өндөр шаардлага тавигдаж, тэд тайлан балансаа улирал тутам гаргаж, ногдол ашгаа цаг хугацаандаа тараахаас өөр аргагүйд хүрсэн юм. Үүнийг биелүүлэхгүй аваас тэд хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалах боломжгүй болж, энэ зах зээлээс хасагдах нөхцөл байдал үүссэн билээ. 2011 оны дөрөвдүгээр сарын 16-нд Монголын хөрөнгийн биржийн мэргэжилтэн Мөнгөнсүх: Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хувьцаат компаниуд санхүүгийн зохицуулах хорооноос тавьсан шаардлагыг барагтаа хангадаггүй. Тиймээс тэдний үйл ажиллагааг сайжруулж, хууль дүрмийг чанд мөрддөг болгож, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг бага ч болтугай хамгаалах зорилгоор хувьцаат компаниудын үнэт цаасны арилжааг А болон Б гэсэн хоёр самбарт ангилан явуулдаг болсон талаар хэлж байсан юм.

-Иргэдээ өмчтэй болгох гэсэн биш үйдвэрлэлийн салбараа уналтад оруулж, ажилгүйдэл хавтгайрав-

2009-09-08. Улаанбаатар. Сүүлийн 30 жил манай улсад ажилгүйдэл газар авч, ядуурал хавтгайрсан зэргээс манай эдийн засаг сайнгүй байсныг тольдож болно. Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хүндрэл манай эдийн засаг хямрахад нөлөөлсөн гэж 10 гаруй жилийн өмнө судлаачид ярьж байлаа. Тэгвэл зарим эдийн засагчид дэлхийн эдийн засаг хямрахаас өмнө манай эдийн засаг хүндэрчихсэн байсан тухай хэлдэг. Дэлхийн нийтийг хамарсан эдийн засгийн хямрал олон жилийн өмнө хүндэрчихсэн байсан монголын эдийн засгийг сульдуулж орхисон нь үнэн. Монголчууд 1990 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжсэн. Нэг ёсондоо, манай улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоог өлгийдөж аваад даруй гучин жилийг ардаа орхилоо. Энэ хугацаанд ололттой зүйл цөөнгүй байсан ч, алдаа дутагдал дутахааргүй их байсныг өнгөрсөн хугацаа харуулна. Ардчилалтай учран золгосноор монгол хүн хувьдаа өмчтэй байж болох эрхзүйн үндэс бүрдэж, улсын үйлдвэрүүдийг иргэдэд хувьчилсан. Иргэдээ өмчтэй болгосон нь сайн хэрэг ч, үйлдвэрлэлийн салбараа уналтад оруулсан нь харамсалтай хэрэг юм. Иргэдээ өмчтэй болгох нэрийлээр улсын үйлдвэрүүдээ хувьчилтал энэ нь эцэстээ монголчуудыг ажилгүйдэл рүү түлхсэн аюулын том харанга байсан юм. Өнөөдөр хэн хэнийг яаж ажилгүйдэл рүү түлхсэн тухай ярих гэсэн юм биш. Үүнийг шүүн тунгаалаа ч хэтэрхий оройтсон сэдэв. Үүний оронд алдаа дутагдлаа эргэн харж нийгэмд нүүрлэсэн ажилгүйдлийг бууруулах боломж бололцоог эрэлхийлэх хэрэгтэй байна. Үндэсний статистикийн хорооноос ажилгүйдлийн судалгааг байнга хийдэг. 2009 оны есдүгээр сарын 8-ны өдөр хавьцаа манай улсын ажилгүйдэл 3,8 хувьтай гарч байсан юм. Тэгвэл тэр үеийн Дэлхийн банкны эдийн засагч Алтанцэцэг: албан бус судалгаагаар ажилгүйдэл 20 хувьд хүрсэн болохыг хэлж байлаа. Үндэсний статистикийн хорооныхон улсын хэмжээнд хичнээн хүн ажилгүй байгааг нарийвчлан гаргаж чаддаггүй гэх шүүмлэлд тухайн үед өртөж байсан юм. Тэд зөвхөн аймаг, нийслэлийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний төвд бүртгүүлсэн иргэдийн судалгааг гаргаж, ажигүйдэл төчнөөн хувьтай байна гэцгээдэг аж. Хэдэн жилийн өмнө манай улсын хүн амын 3,8 хувь нь хөдөлмөр халамжийн үйлчилгээний төвд бүртгүүлсэн байж л дээ. Эндээс л манай улсад ажигүйдэл бага түвшинд байгаа мэт дүр зураг ажиглагдсан хэрэг. Үндэсний статистикийн хорооны буруу гэж юу байхав. Тэдний судалгаа буруу байсан гэж хэлэх бас эрхгүй. Ажил идэвхитэй хайгаад бүртгүүлсэн иргэд нь ийм хойно яаая гэхэв. Судалгааны дүн тэгэж гарах нь ойлгомжтой хэрэг юм. Гэтэл бодит байдал дээр ажилгүйдэл, ядуурал хавтгайрсан нь гудамжинд гарахад илт. Албан бус судалгаагаар хүн амын 20 хувь нь ажилгүй гэх тоо баримт хэдэн жилийн өмнө гарч байлаа. Үүнээс ч их байж мэдэхийг үгүйсгэх аргагүй. Өнөөдрийн тулгамдсан асуудлын нэг бол яах аргагүй ажилгүйдэл, ядуурал юм. Үүнийг хэрхэн анагааж болох бол гэдэг асуулт үе үеийн төрийн түшээдийн толгойны өвчин байсаар ирсэн. Мэдээж үүний гол хариулт нь уналтад орсон үйлдвэрлэлийн салбарыг сэргээх явдал. Ингэхдээ монополь үйлдвэрүүд бий болгох бус, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх хэрэгтэй гэлцдэг. Үүнээс гадна, экспорт хийх чадамжтай үйлдвэрүүдээ дэмжиж, дэлхийн улс орнуудад бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хэлэлцээрийг Засгийн газрын түвшинд хийх хэрэгтэй аж. Ингэсэн цагт үйлдвэрлэл сэргэж, үүнийгээ дагаад ажилгүйдэл буурч, ядуурал арилна гэж үзэх хүмүүс бий.