11 сар 17, 2024

Жижиг, дунд үйлдвэр хөгжив…

-Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сантай болов-

Манай улсад 1990 оноос өмнө үйлдвэрлэл жинхэнэ утгаараа хөгжсөн байлаа. Оёдлын, гутлын, нэхмэлийн, савхи болон нэхий боловсруулах гээд бүхий л чиглэлийн үйлдвэрүүд манай улсад байгаагүй биш байсан. Харамсалтай нь ардчилсан нийгэмтэй золгох тэр мөчид үйлдвэрлэлийн салбар хувьчлалын шуурганаар уналтад орсон юм. Ингэснээр монголчууд хэрэгцээт барааныхаа дийлэнхийг гаднаас импортлон авдаг болов. Эндээс л манай улсын эдийн засаг хойш ухрах алхам тавигдсан юм. Тодруулбал, монголчууд 30 гаруй жил импортоор авсан барааныхаа оронд, арай хийн цуглуулсан доллараа зөрүүлэн барьсан ирсэн билээ. Алт, зэс, цайр, нүүрс зэрэг байгалийн баялгаа гадаад зах зээлд арилжаалж манай улс бага зэрэг долларын хуримтлалтай болох нь болдог. Дөнгүүр залуучууд нь харь оронд ажиллаж, олсон хэдэн доллараа эх орон руугаа гуйвуулна. Энэ бүхнээс манай улс бага зэрэг долларын хуримтлалтай болдог байв. Гэвч үүнийгээ зөв зохистой ашиглаж чадахгүй импортын бараагаар сольж орхидог нь дэндүү харамсалтай. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд импортын бараанд арай хийн цуглуулсан доллараа зөрүүлэн өгсөөр ирсэн нь үүний нэг тод жишээ юм. Хэрэв дотооддоо үйлдвэрлэж, үүнийгээ өөрсдөө хэрэглэж, үлдсэнийг нь экспортолдог байсан бол, манай улсын валют өөр орны халаас руу энэ мэт урсахгүй байх байсан биз. Дотооддоо үйлдвэрлэдэггүйн гайгаар манай улсын эдийн засаг урагш бус, хойш ухрах эхлэл ийн тавигдсан билээ. Тиймээс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэний дараагаас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх хууль эрхзүйн орчныг бүрдүүлж өгөх нь өгсөн. Гэвч жижиг дунд үйлдвэрлэл төдийлөн хөгжихгүй байлаа. Тиймээс 1992-1993 онд Монгол, Америкийн Засгийн газар хооронд байгуулсан АНУ-аас Монгол улсад хөдөө, аж ахуйн бүтээгдэхүүний тусламж үзүүлэх тухай хэлэлцээрийн дагуу тусламжийн шар тос, цөцгийн тосны борлуулалтын орлогыг жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд зарцуулахаар шийдвэрлэсэн юм. Энэ дагуу 1993 онд хуучны Худалдаа үйлдвэрийн яаманд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санг байгуулж, тусламжийн шар тос болон цөцгийн тосны борлуулалтаас 1,5 тэрбум төгрөгийг арилжааны банкуудаар дамжуулан аймаг, нийслэлийн аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлсэн байна. Гэвч зээл дамжуулан олгосон банкууд татан буугдсанаар уг сангийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон гэх мэдээлэл бий. Үүний дараа 2000 онд Хөдөө аж ахуйн үйлдвэрийн сангаас жижиг дунд үйлдвэрийг дэмжихээр болж, дээрх сангийн үйл ажиллагааг сэргээжээ. Харин 2009 онд жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан өөрөө өөрийгөө санхүүжүүлэх хэлбэрээр зохион байгуулагдсан байна. Гэхдээ жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн эхлэлтийн хөрөнгийг улсын төсвөөс тухайн үед гаргаж өгсөн байна.

Ингэж жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид 5 жилийн хугацаатай, 7 хувийн хүүтэй зээлд хамрагдах бололцоотой болсон юм. Ер нь 2009-2014 оны хооронд жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас 300 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Тухайлбал, 2009 онд 30,8 тэрбум төгрөг, 2010 онд 29,5 тэрбум төгрөг, 2011 онд Засгийн газрын бондын эх үүсвэрээс 150 тэрбум төгрөгийг олгосон юм. Тэгвэл 2012 онд 25,5 тэрбум төгрөг, 2013 онд 72,7 тэрбум төгрөгийн зээлийг жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас үйлдвэрлэгчдэд олгожээ. Харин 2014 онд ийм нөхцөл бүхий зээл жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас олгохгүй байхаар шийдвэрлэсэн байдаг. Шалтгаан нь энэ сангаас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олгоход зориулж нэг ч төгрөг тэр жил төсөвлөөгүйтэй холбоотой юм. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд зориулж 2011 онд гаргасан Засгийн газрын 150 тэрбум төгрөгийн бондын эргэн төлбөрийг 2014 онд хийх ёстой байлаа. Хэдийгээр тийм ч Засгийн газар экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжүүдэд хаягласан нэг их наяд төгрөгийнхөө 100 тэрбум төгрөгийг жижиг, дунд үйлвэрлэл эрхлэгчдэд олгохоор болсон юм. Үүнтэй холбогдуулж 2014 онд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас үйлдвэрлэгчдэд зориулж нэг ч төгрөгийн зээл олгохгүй байхаар тогтсон талаар тэр үеийн Аж үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билгүүн хэлж байсан билээ. Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжүүдэд 1 их наяд төгрөгийн зээл олгох шийдвэрийг шинэчлэлийн Засгийн газар 2014 онд гаргасан байдаг. Үүнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг багтаахаар болж, тэдэнд 5 жилийн хугацаатай 7 хувийн зээл олгохоос гадна, эхний жил үндсэн төлбөрөөс чөлөөлсөн юм. Энэ зээлд хамрагдахаар 888 төсөл шалгарснаас 579 нь хоёр хүртэлх тэрбум төгрөгийн, 309 нь хоёроос дээш тэрбум төгрөгийн зээл хүссэн байдаг. Хоёроос дээш тэрбум төгрөгийн зээл хүссэн аж ахуйн нэгжүүдэд 900 тэрбум төгрөгийн зээл олгохоор тогтож, санхүүжилтийг нь Хөгжлийн банк болон арилжааны банкуудаар дамжуулан олгосон юм.

-2009 оныг үйлдвэржилтийн жил болгон зарлав- 

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд банк, санхүү, даатгал, уул уурхайн чиглэлийн компаниуд ордоггүй. Үүнээс бусад чиглэлийн 199 хүртэлх ажилтантай, 1,5 хүртэлх тэрбум төгрөгийн орлоготой иргэн, аж ахуйн нэгжийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч хэмээдэг. Энэ үзүүлэлтээр 2014 оны байдлаар нийт татвар төлөгч 73 мянган иргэн, аж ахуйн нэгжээс 88 хувь нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч гэсэн ангилалд багтаж байлаа. Тэд 2013 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувийг үйлдвэрлэсэн гэх тоо баримтыг холбогдох газраас өгдөг. Өөрөөр хэлбэл, манай улсын нийт үйлдвэрлэлийн 20 хувийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч хэмээх их айл бүтээдэг гэж ойлгож болно. Тиймээс 2009 оныг үйлдвэржилтийн жил болгон зарлаж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр тунхагласан байдаг. Үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд тэдэнт хамгийн их тулгардаг бэрхшээл бол зээл юм. Энэ хүрээнд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж 2009 онд төсвөөс 30,8 тэрбум төгрөг гаргаж байлаа. Тэр үеийн Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Ням-Осор: 2009 онд 4800 гаруй төсөл 85 тэрбум төгрөгийн зээл хүссэн байдаг. 30,8 тэрбум төгрөг хаанаа ч хүрэлцээгүй учраас 1500 гаруй төсөлд зээл олгож, 3000 гаруй төсөлд зээл олгоогүй. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд нийт 30.8 тэрбум төгрөгийн зээл олгохоор төсөвлөснөөс 10,2 тэрбум төгрөгийг аймгийн болон бүс нутгийн чанартай 44 аж ахуйн нэгжид олгосон. Ингэхдээ нэг зээлдэгчид 100 саяас 1 тэрбум төгрөгийн зээл олгосон тухай хэлж байсан юм. Тодруулбал, төсөвлөсөн мөнгө хүрэлцээгүй учраас төслөө ирүүлсэн зээлдэгчдийн 3/1 нь зээлд хамрагдсан байна. Ингэхдээ 10 гаруй тэрбумыг нь томоохон зээлдэгчдэд, 9 тэрбумыг нь нийслэлийн бизнес эрхлэгчдэд, 11 тэрбум төгрөгийг нь орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгожээ. Төрөөс олгосон энэ дэмжлэгийг хөдөө, орон нутгийн бизнес эрхлэгчид 2009 оны есдүгээр сарын нэгнээс өмнө банкуудаар дамжуулж, жилийн 12 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай авах ёстой байлаа. Тухайн үед Улаанбаатар, Сэлэнгэ, Булган аймагт жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан зээл олголт эхэн үедээ маш бага хувьтай байсан билээ. Булган аймагт гэхэд дөнгөж 22 хувтай байсан юм. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн газрын дэд дарга Баярмагнай: Булган аймагт жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх зорилгоор 862 сая төгрөг байршуулсан. Гэтэл зээл олголт ердөө 22 хувьтай явааг онцолж байсан юм. Тэр үеийн Булган аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга: Булган аймаг Хас банктай гэрээ байгуулсан. Энэ банкаар дамжуулан жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан зээл олгож байгаа. Харамсалтай нь Хас банк өндөр шалгуур тавьж зээл олгохгүй байгаа учраас энэ аймагт жижиг дунд үйлдвэрийн зээл олголт бага хувьтай байгааг онцолж байсан удаатай. Энэ аймагт жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгох зээл удаашралтай байсан шалтгааныг Булган аймгийн Хас банкны 31-р тооцооны төвийн захирал Мөнхболд: иргэн, аж ахуйн нэгжүүд өөрсдөө зээлийн материалаа ирүүлэхгүй байгаа. Ирүүлсэн ч шаардлага хангах зээлийн төсөл ирэхгүй байгаа. Олгосон зээлийн эрсдэлийг дааж байгаа учир хатуу шаардлага тавьж байгаа гэсэн тайлбарыг өгч байсан юм.

Арилжааны банкууд төрөөс олгосон дэмжлэгийг буцааж төлүүлэх хариуцлага үүрч байсан тул барьцаа хөрөнгөтэй иргэдэд түлхүү зээл олгожээ. Үүнээс шалтгаалж барьцаа хөрөнгөгүй жижиг дунд бизнес эрхлэгчид зээлд хамрагдаж чадаагүй гэх яриа ийнхүү гарч байсан юм. Харин үүнийг тэр үеийн УИХ-ын гишүүн Цэнгэл: 2009 оны есдүгээр сарын 1-ний дотор жилийн 12 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээл орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэгчдэд очих ёстой байсан. Орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчид зээлээ авч он дуусахад хэдийнэ үр дүнг нь гаргачихсан байх ёстой байсан. Булган аймагт жижиг дунд бизнес хөгжүүлэх зорилгоор мөнгө байршуулсан болохоос, Хас банкинд хадгалуулах гэж байршуулаагүй. Тиймээс 2009 оны есдүгээр сарын 15-ны дотор зээлээ олгохгүй бол, тус аймагт байршуулсан мөнгийг эргүүлж татах хүртэл асуудал ярина хэмээн шүүмжилж байлаа. Харин тэр үеийн УИХ-ын дарга Дэмбэрэл: Иргэд зээлийн материал ирүүлээгүй, ирүүлсэн ч шаардлага хангах материал ирүүлээгүй гэж хэллээ. Ийм шалтгаанаар Булган аймагт зээл олголт бага хувьтай яваа юм байна. Цаашид ийм шалтаг тоочихгүйгээр зээлдэгч нарт сургалт семинар явуулж байх. Зээлийн техник, эдийн засгийн үндэслэлийг хэрхэн боловсруулах зэргийг сайтар зааж өгөх хэрэгтэйг зөвлөж байсан юм. Булган аймгийн Хас банкныхан үүнийг ажил хэрэгтээ тусгаж ажиллахаа тухай үед амлаж байсан юм. Тухайн үед жижиг дунд бизнесийн зээлийг Зоос, Монгол шуудан, Капитрон, Улаанбаатар, Хас зэрэг арилжааны 5 банкаар дамжуулан олгосон байдаг. Ингэхдээ Жижиг дунд үйлдвэрийн газраас 30,8 тэрбум төгрөгийг хүүгүй арилжааны банкуудад байршуулсан юм. Арилжааны банкууд үүнийг 12 хувийн хүүтэй зээлд гаргасан гэдэг. Нэгэнт банкуудад хүүгүй байршуулсан мөнгө, бизнес эрхлэгчдэд 12 хувийн хүүтэй болж очиж байсан тул, энэ хүүг бууруулах хэрэгтэйг бизнес эрхлэгчид хэлж байсан ч, ингэх бололцоогүйг албаныхан учирлаж байсан юм. Нийслэл болон орон нутагт ойролцоо хэмжээний зээл олгосон учраас ижил хэмжээний ажлын байр бий болох учиртай. Гэтэл нийслэлд 885 ажлын байр, орон нутагт 3537 ажлын байр бий болсон гэх судалгаа хожим гарсан байдаг. Тиймээс нийслэлд яагаад бага ажлын байр бий болов гэдэг асуулт дагалдаад гарч ирэх нь тэр. Үүнд тэр үеийн Жижиг дунд үйлдвэрийн газрын Санхүү хөрөнгө оруулалт, эрхзүй хариуцсан мэргэжилтэн Батмагнай: Улаанбаатар хотод нийт хичнээн ажлын байр бий болсон судалгаа бүрэн гараагүй байна гэсэн тайлбарыг өгч байсан билээ.

-2010 оныг бизнесийн орчны шинэтгэлийн жил болгон зарлав-

Монгол улсын эдийн засагт хувь нэмрээ оруулж яваа бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор Засгийн газар 2010 оныг бизнесийн орчны шинэтгэлийн жил болгон зарласан байдаг. Бизнесийн орчны шинэтлгэлийн жилийн ажлыг зохион байгуулах, хяналт тавих албаны гишүүн, тэр үеийн Сангийн сайд С.Баярцогт: Бизнесийн орчны шинэтлгэлийн жилийн хүрээнд бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаа явуулах таатай боломж олгож, тусгай зөвшөөрлийн шат дамжлагыг цөөлөх, зээлийн хугацааг уртасгаж, хүүг бууруулах, төрийн үйлчилгээг ил тод болгож, хүнд сурталыг арилгах чиглэлээр тодорхой ажлууд хийхээр төлөвлөсөн талаар хэлж байв. Өөрөөр хэлбэл, бизнес явуулахад саад болж байсан олон арван хууль тогтоомжийг цөөлөх, банк санхүүгийн таатай орчин бий болгох, бизнес дэх төрийн оролцоог багасгахын тулд бизнесийн орчны шинэтгэлийн жил зарласан юм. Тэгвэл тухайн үед бизнесийн орчинг таатай болгохын тулд юу хийх шаардлагатай талаар Атур компанийн гүйцэтгэх захирал Дэлгэрбаяр: Татварын таатай орчин хэрэгтэй байгаагаас гадна, банкны зээлийн хүүг бууруулах хэрэгтэйг хэлж байсан юм. Харин даатгалын салбарт ямар хүндрэл тулгардаг талаар тэр үеийн Практикал даатгал компанийн гүйцэтгэх захирал Даваажав: Татварын орчин таагүй байгаагаас үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсдэг. Банкны зээлийн хүү өндөр байгаа нь бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгааг мөн хэлж байсан юм. Ер нь бизнесийн салбар бүрт өөр өөрсдийн хүндрэл бэрхшээл байдаг. Тэр бүхнийг цогцоор судалж байж, энэ салбарт шинэтгэл хийх хэрэгтэйг бизнес эрхлэгчид ийнхүү уламжилж байлаа. Ийнхүү 2010 оныг бизнесийн орчны шинэтгэлийн жил болгон зарлаж, 2010 онд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд өмнөхийн адил 30,8 тэрбум төгрөгийн зээл олгохоор төсөвлөсөн юм. Гэхдээ энэ мөнгийг бүгдийг нь зээлд гаргах уу гэвэл үгүй. Энэ мөнгөний 5 тэрбумыг нь санхүүгийн түрээсийн үйлчилгээнд зарцуулна. Харин 1.5 тэрбумыг нь зээлийн баталгааны санд оруулахаар төлөвлөж байсан юм. Энэ талаар тэр үеийн Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Бадарч: 2010 онд олгохоор төсөвлөсөн 30,8 тэрбум төгрөгийн 6,5 тэрбум төгрөгийг зээлийн баталгааны сан болон санхүүгийн түрээсийн үйлчилгээнд зарцуулна гэсэн тайлбар өгч байлаа. Харин тэр үеийн Жижиг дунд үйлдвэрийн газрын Санхүү, хөрөнгө оруулалт, эрхзүй хариуцсан мэргэжилтэн Батмагнай: Барьцаа хөрөнгөгүй зээлдэгчид баталгаа гаргуулан авч 1,5 тэрбум төгрөгийн зээл авах бололцоотой гэж тодотгон хэлсэн байдаг.

Харин үлдэх мөнгийг нь зээлд гаргахаар төлөвлөсөн юм. Ингэхдээ 9 тэрбум төгрөгийг бүс нутгийн үйлдвэрлэл дэмжихэд, 5 тэрбумыг нь хотын бизнес эрхлэгчдэд, 10,5 тэрбумыг орон нутгийн бизнес эрхлэгчдэд зээлэхээр төлөвлөсөн юм. Өөрөөр хэлбэл, нэг аймагт 500 сая төгрөг зарцуулагдах тооцоо тухайн үед гарч байсан билээ. Үүгээр тооцвол, орон нутгийн үйлдвэрлэгчдэд 50 хүртэлх сая төгрөгийн зээл, нийслэлийн үйлдвэрлэгчдэд 100 хүртэлх сая төгрөгийн зээл олдохоор байв. Өөрөөр хэлбэл, нэг аймагт 10, нийслэлийн хэмжээнд 50 бизнес эрхлэгч уг зээлд хамрагдах бололцоотой судалгаа гарч байсан юм. Тиймээс цөөхөн аж ахуйн нэгжид олдох энэ зээлийг авахыг тулд үйлдвэрлэгчид яаравчлах ёстой болсон юм. Нөгөө талаас хугацаа давчуу байлаа. Тэр үеийн Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Золжаргал: Аймаг, нийслэлийн засаг даргын дэргэд төсөл сонгон шалгаруулах дэд комисс байгуулсан. Нийслэл, хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчид энэ коммист зээл хүссэн төслөө 2010 оны гуравдугаар сарын 15-ны дотор өгөх ёстой. Комисс төсөлтэй танилцаж шаардлага хангасан болон хангаагүй төсөлд 10 хоногийн дотор хариу өгнө. Шаардлага хангасан төслийг цааш арилжааны банкууд руу явуулна. Тухайн банк зээлийн эрсдлийг судалж үзээд зээл олгох эсэхийг 14 хоногийн дотор шийдвэрлэнэ гэсэн тайлбарыг өгч байсан билээ. 2010 оны тухайд Хас, Хадгаламж, Хаан, Төрийн гэсэн 4 арилжааны банкаар дамжуулан уг зээлийг олгохоор тогтсон байдаг. Жилийн 12 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай уг зээлийг 2010 оны дөрөвдүгээр сарын 15-наас олгож эхэлсэн бол, 2010 оны тавдугаар сарын 30-ны өдөр дуусгавар болохыг албаныхан тухай үед онцолж байлаа. Ингэхдээ эхний жил үндсэн зээл төлөхгүй, дараагийн жилээс үндсэн зээлээ төлж эхлэх нөхцөл тавьсан байдаг. Тэр үеийн Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Ням-Осор: Тухайн бизнесээ нэгээс доошгүй жил эрхэлсэн. Татварын болон банкны өргүй байх, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах холбогдох зөвшөөрлийг авсан байх, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах мэргэжлийн боловсон хүчинтэй байх, бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлээ судалсан  байх зэрэг шалгуур хангасан аж ахуйн нэгжүүдэд зээл олгосон болохыг хэлдэг билээ.

-Зээлийн батлан даалтын сантай болов-

Жил ирэх тусам жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгох зээлийн хэмжээ нэмэгдэж байсан ч, дийлэнх нь энэ зээлд хамрагдаж чаддаггүй байлаа. 2009 онд Жижиг, дунд үйлдвэрийн газарт 4800 гаруй төсөл ирснээс гуравны нэг нь зээлд хамрагдсан байх жишээтэй. Үүнийг холбогдох албаныхан төсөл ирүүлсэн бизнес эрхлэгчдийн дийлэнх нь барьцаа хөрөнгөгүй байсан учир зээлд хамрагдаж чадаагүй гэж тайлбарлаж байсан юм. Тиймээс энэ бэрхшээлийг арилгах үүднээс жижиг, дунд бизнес эрхлэгчдэд 2009 онд олгохоор төлөвлөсөн 30.8 тэрбум төгрөгийн 1,5 тэрбумыг нь зээлийн баталгаанд зориулахаар шийдвэрлэсэн байдаг. Ингэхдээ, нийслэл болон орон нутагт хуваарилсан мөнгөний 10 хувьтай тэнцэх мөнгөнд баталгаа гаргахаар яригдаж байсан ч, хойшилсон юм. Зээлийн баталгааны сангийн тухай хууль байхгүйгээс болоод хойшлогдсон гэдэг. Тиймээс Сангийн яам, Хууль зүй дотоод хэргийн яамтай хамтран зээлийн баталгааны сангийн тухай хуулийг боловсруулж эхэлсэн юм. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэг, Монголын банкуудын холбоо хамтран зээлийн баталгааны сангийн тухай хуультай уралдан, зээлийн баталгааны сан дэлхийн улс орнуудад ямар байдгийг судалж туршлага судалсан байдаг. Өөрөөр хэлбэл, тэд зээлийн баталгааны сан байгуулахад юу шаардлагатай, юуг анхаарах хэрэгтэй, олон улсад ямар байдгийг судалсан юм. Тэр үеийн Жижиг, дунд үйлдвэрийн газрын орлогч дарга Ухнаагийн Отгонбаяр: Хөдөө, аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдэд гол төлөв зээлийн баталгаа гаргаж өгөх хэрэгтэйг Румыний Зээлийн батлан даалтын байгууллагын гишүүн Вивиане Василе зөвлөж байсан. Тус улсад төрийн болон хувийн хэвшлийн зээлийн баталгааны сан байдаг. БНСУ-ын зээлийн баталгааны сан мөн төрийн болон хувийн хэвшлийн оролцоотой болохыг Солонгосын Батлан даалтын байгууллагын мэргэжилтэн Элли Чон мэдэгдсэн талаар хуучилж байсан юм. Дэлхийн улс орнуудын зээлийн баталгааны сан төрийн оролцоотой байдаг. Тиймээс монголчууд мөн төрийн оролцоотой зээлийн баталгааны сан байгуулах нь зөв гэж үзэж байсан юм. Төрийн оролцоотой гэдэг нь улсын төсвөөс багагүй мөнгө гаргаж, зээл авч буй иргэдэд тэрхүү сангаас баталгаа гаргана гэсэн үг юм. Хэрэв зээл авсан иргэд зээлээ эргүүлэн төлөхгүй бол, эрсдэлийг нь хэн хариуцах вэ гэсэн асуулт тухайн үед гарч байлаа. Үүнд тэр үеийн Жижиг, дунд үйлдвэрийн газрын орлогч дарга Ухнаагийн Отгонбаяр: Баталгааны сан өөрсдөө эрсдэлээ хүлээх ёстой гэсэн хариулт өгч байсныг энэ дашрамд дурдахад илүүдэхгүй биз ээ. Гэхдээ Зээлийн баталгааны санг төр болон хувийн хэвшлийн оролцоотой байгууллаа гэхэд эрсдэлээ хуваалцах хэрэгтэй гэж үзэх хүмүүс байх нь байсан. Удалгүй хуультай болж Зээлийн батлан даалтын сан 2011 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэдэг. Зээлийн батлан даалтын сан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 2014 оны дөрөвдүгээр сарын 2-ны байдлаар 6,3 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан судалгаа бий. Тэр үеийн Зээлийн батлан даалтын сангийн зөвлөх Балгансүрэн: Цаашид 100 хүртэлх тэрбум төгрөгийн баталгаа гаргах бололцоотой гэх тайлбарыг өгч байсан юм. 

-Сум хөгжүүлэх сан байгуулав-

Хамтарсан засгийн газар 2011 оны дөрвдүгээр сарын 27-ны өдөр 134-р тогтоол гаргаж Сум хөгжүүлэх сан байгуулж байлаа. Суманд үйлдвэрлэл хөгжүүлж, ажлын байр шинээр бий болгох зорилгоор энэ санг байгуулсан юм. Сум хөгжүүлэх санд анх улсын төсвөөс 24 тэрбум төгрөг байршуулж, 1 суманд хүн амын тооноос хамаарч 50-265 сая төгрөгийн зээлийг, 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгохоор тогтсон байдаг. Энэ зээлийг тухайн суманд бүртгэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүд авах боломжтой байлаа. Гэхдээ ямар нэгэн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх ёстой гэсэн шаардлагыг тэдэнд тавьж байсан юм. Энэ болзлыг хангасан, зээлийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаандаа төлөх чадвартай иргэн, аж ахуйн нэгжүүд зээлийн төслөө сумын засаг даргаар ахлуулсан орон тооны бус ажлын хэсэгт хүргүүлж байлаа. Шаардлага хангасан төсөл ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгжтэй сумын засаг дарга гэрээ байгуулж, сумдуудад нээсэн төрийн сангийн тусгай дансаар дамжуулан зээл олгохоор тогтсон байдаг. Тэр үеийн Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Ням-Осор: 2011 оны эхний хагас жилийн байдлаар 329 сумаас 240 сумын үйлдвэрлэл эрхлэгчид сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй, урт хугацаатай зээлд хамрагдсан болохыг хэлж байлаа. Сумын засаг даргаар ахлуулсан орон тооны бус ажлын хэсгийнхэн сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавьж ажилласан байдаг. Тиймээс барьцаа хөрөнгөгүй иргэн, аж ахуйн нэгжүүдэд зээл олгох хүндрэлтэй байсан талаар зарим аймгийн засаг удирдлагууд хэлдэг. Харин тэр үеийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Баттулга: Сум хөгжүүлэх сангаар дамжуулан олгосон 3 хувийн хүүтэй зээлд ямар нэгэн барьцаа хөрөнгө шаардаагүй гэсэн тайлбар өгч байлаа. Жижиг дунд үйлдвэрийн газар мөн ийм тайлбар өгч байсан юм. Гэвч зээлийн эргэн төлөлтийг аймгийн засаг дарга нар өөрсдөө хариуцах учир зарим нь барьцаа хөрөнгөгүй иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээл олгохгүй байсан гэх шүүмжлэл гарч байсан нь нууц биш. Энэ нь зарим аймагт сум хөгжүүлэх сангийн зээл олголт удаашрах нэг шалтгаан болсон юм. 2011 оны долоодугаар сарын 26-ны өдрийн байдлаар сум хөгжүүлэх сангийн зээл олголтын явц аймагт бүрт харилцан адилгүй байлаа. Зарим аймгуудад 30 хувьтай байхад, зарим аймагт 90 хувьтай байсан юм. Ингэснээр улсын хэмжээнд сум хөгжүүлэх сангийн зээл олголт 71 хувьтай гарсан юм. Энэ зээлд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж 2000 гаруй ажлын байр хадгалж, 5000 гаруй ажлын байр шинээр бий болгосон гэх мэдээллийг Жижиг, дунд үйлдвэрийн газраас өгдөг. Сум хөгжүүлэх сангаас эхний гурван жил 72 тэрбум төгрөгийн зээл олгосон бол, 2014 онд 12 тэрбум төгрөгийн зээл олгохоор төсөвлөж байсан юм.

-Засгийн газрын 372 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумыг нь жижиг дунд үйлдвэрлэлд зарцуулав-

Монгол Улсын Засгийн газар 2011 онд 372 тэрбум төгрөгийн бонд гаргаж Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалахаар болсон юм. Тэр үеийн Сангийн яамны санхүү, эдийн засгийн бодлогын газрын дарга Батбаяр: Үүний 72 тэрбум төгрөгийг нь Засгийн газрын 2009 оны 368 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журмын дагуу Орон сууц санхүүжилтийн корпорациар дамжуулан 4000 айлын орон сууц хөтөлбөрийн санхүүжилтэд зарцуулахаар төлөвлөсөн. Харин 150 тэрбум төгрөгийг жижиг дунд бизнес эрхлэгчдэд, үлдэх 150 тэрбум төгрөгийг ноос ноолуурын үйлдвэрүүдэд 5-10 жилийн хугацаатай, 7 хувийн хүүтэй зээлэхээр тогтсон тухай хэлж байсан юм. Энэ ажлын хүрээнд эхний ээлжийн 36 тэрбум төгрөгийн Засгийн газрын бондыг 2011 оны зургаадугаар сарын 8-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалсан байдаг. Ингэхдээ, тус бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй 360 мянган ширхэг үнэт цаасыг арилжаалсан юм. Үүний 12 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 1 жилийн хугацаатай 7,3 хувийн хүүтэй. 12 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 1,5 жилийн хугацаатай 7,75 хувийн хүүтэй. Үлдэх 12 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 2 жилийн хугацаатай 8 хувийн хүүтэй арилжаалсан байдаг. Ингэхдээ 1-1,5 жилийн хугацаатай үнэт цаасны хүүгийн төлбөрийг хугацааны эцэст. Харин хоёр жилийн хугацаатай үнэт цаасны хүүгийн төлбөрийг эхний жилийн эцэст болон хугацааны эцэст тус тус олгох нөхцөлтэй байжээ. Засгийн газар ийнхүү 2011 оны зургаадугаар сард 36 тэрбум төгрөгийн бонд арилжаалсан бол, үлдэх 36 тэрбум төгрөгийн бондыг 2011 оны долоодугаар сард Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалсан байдаг. Ингэхдээ өмнөхийн адил 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй 360 мянган ширхэг үнэт цаасыг арилжаалсан юм. Үүнээс 160 мянган ширхэг үнэт цаасыг 2 жилийн хугацаатай 7,5 хувийн хүүтэй. 100 мянган ширхэг үнэт цаасыг 3 жилийн хугацаатай 7,8 хувийн хүүтэй. 50 мянган ширхэг үнэт цаасыг 5 жилийн хугацаатай 8,5 хувийн хүүтэй. Үлдэх 50 мянган ширхэг үнэт цаасыг 7 жилийн хугацаатай 9 хувийн хүүтэй арилжаалсан байдаг. Засгийн газрын дээрх үнэт цаасны хүүг жил бүрийн эцэст төлөх нөхцөлтэй байснаас гадна, хүүгийн орлого татвараас чөлөөлөгдөж байжээ. Ийнхүү 2011 онд Засгийн газраас нийт 372 тэрбум төгрөгийн бонд гаргаж, Монголын хөрөнгийн биржээр дамжуулан үе шаттайгаар арилжаалсан байдаг. Тэр үеийн Монголын Хөрөнгийн биржийн Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Одбаяр: Засгийн газрын бондыг 2011-09-24-ний байдлаар бүгдийг нь арилжаалж амжаагүй байна гэсэн тайлбар өгч байлаа. Тодруулбал, 2011 оны есдүгээр сарын байдлаар Монголын хөрөнгийн бирж дээр 180 тэрбум төгрөгийн Засгийн газрын бонд арилжаалжээ. Үлдэх бондыг 2011 оны аравдугаар сард багтаан арилжаалж дуусгах боломжтойг холбогдох албаныхан хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл, энэ үед Засгийн газрын 372 тэрбум төгрөгийн бонд арилжаалагдаж дуусна гэсэн хүлээлттэй байсан юм.

-Мянганы сорилтын сангаас жижиг дунд үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэв-

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих үүднээс зарим нэг байгууллага зээлийн баталгаа олгож ирсэн. Тухайлбал, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим Нидерландын вант улсын Бээжин дэх элчин сайдын яамны санхүүжилтээр зээлийн сан байгуулан Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж ирсэн юм. Тус сангийн тухай Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын мэргэжилтэн Нэргүй: Жижиг дунд үйлдвэрлэлийн хамгийн том бэрхшээл бол ерөөсөө банк, санхүүгийн байгууллагаас санхүүгийн үйлчилгээ авах бэрхшээл байдаг юм. Тэр нь юу вэ гэхээр зээлийн барьцаа хөрөнгө байдаггүй, хүрдэггүй. Энэ тохиолдолд жижиг дунд үйлдвэрт зориулсан манай зээлийн баталгааны сангийн гол зорилго бол энэ асуудлыг шийдэх явдал юм. Энэ үндсэн дээр жижиг, дунд бизнес эрхлэгчдийн дэмжих, ялангуяа байгаль орчинд ээлтэй, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэг, эрчим хүчний хэрэглээг бий болгох чиглэлийн ийм бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой сан. Өнгөрсөн хугацаанд 20 гаруй компанид 200 гаруй сая төгрөгийн зээлийн баталгаа гаргаад байна. Тус сан байгаль орчинг хамгаалах, нөхөн сэргээх, бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлт, цэвэр үйлдвэрлэлийн чиглэлийн бизнест зээлийн баталгаа гаргаж өгч иржээ. Өнгөрсөн хугацаанд 355 сая төгрөгийн зээл, 200 сая төгрөгийн зээлийн баталгааг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд гаргаж өгсөн байгаа юм. Хэдэн жилийн өмнө цаашид жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор хичнээн аж ахуйн нэгжид, хэдий хэмжээний төгрөгийн зээлийн баталгаа гаргаж өгөх вэ гэсэн асуултанд Худалдаа аж, үйлдвэрийн танхимын мэргэжилтэн Нэргүй: Одоогоор төлөвлөсөн зүйл алга. Энэ сан Нидерландын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр байгуулагдсан. Энэ хөрөнгө хязгаарлагдмал. Бид эх үүсвэрээ бүгдийг нь зээл, зээлийн баталгаанд гаргачихаад байж байгаа. Цаашид яах вэ гэхээр гадаад, дотоодын төсөл хөтөлбөрүүдийн туслалцаа, дэмжлэгтэйгээр зээлийн сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх. Нэмэгдэх тохиолдолд зээлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжтой. Одоогоор олгосон зээлүүдээ хянаад, төлбөр тооцоог нь цаг хугацаанд нь хийлгэхэд гол үйл ажиллагааг чиглүүлж байна. Олгосон зээлийн эргэн төлөлт сайн байгаа. Ер нь монголчууд зээл аваад үүнийгээ эргүүлж төлж сурч байна. Зээлийн эргэн төлөлт 80-90 хувьтай байна гэсэн хариулт өгч байсан юм. Тухайн үед зээлийн баталгаа гаргадаг бас нэг байгууллага бол Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг байлаа. Энэ сан хөдөө, орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээл авахад нь туслах зорилгоор зээлийн баталгаа гаргаж иржээ. Тухайлбал, Дархан, Эрдэнэт, Завхан аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд доод тал нь 30 хүртэлх сая төгрөгийн зээлийн баталгаа гаргаж өгдөг байжээ. Өнгөрсөн хугацаанд тус байгууллага нийт 800 орчим сая төгрөгийн зээлийн баталгаа гаргасан байгаа юм. Үүнээс гадна, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим Германы худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран хамтран хөдөө орон нутгийн жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор хэдэн жилийн өмнө нэг жилийн хугацаатай зээл мөн олгосон байдаг юм. Ингэхдээ, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд ирүүлсэн төслүүдэд зээл олгожээ. Тухайн үед Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд 17 аймгаас 300 орчим сая төгрөгөөр санхүүжигдэх төсөл ирээд байлаа. Эдгээр төслүүдээс шалгаруулж хамгийн үр өгөөжтэй төслүүдэд зээл олгосон гэдэг. Ингэхдээ, нэг аймагт 10 сая төгрөгийн санхүүжилт олгохоор тэр үед төлөвлөж байсан юм.

-Бизнес эрхлэгчдэд зориулсан инкубатор үйлчилгээ-

1990-ээд оны сүүлээр дэлхий дахинаа инкубатор гэсэн цоо шинэ ойлголт гарч иржээ. Инкубатор нь бизнест хөл тавьж байгаа иргэдэд зөвлөгөө өгдөг байгууллага юм. Тэгвэл манай улсад 2008 оны арванхоёрдугаар сарын 3-ний үед бизнес инкубаторын үйлчилгээ үйлчилгээ үзүүлдэг олон байгууллага үүдээ нээсэн байлаа. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам Хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих сан иргэдийг бизнест амжилт гаргаж, хөлөө олоход нь дэмжих зорилгоор олон арга хэмжээ авч хэрэгжүүлсний нэг нь Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбоо байсан юм. Тус холбоо нь ашгийн бус байгууллага үйл ажиллагаа явуулах байжээ. Энэ талаар Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Энхтуяа:Инкубатор гэдэг бизнесийг боожуулж байгаа нэг арга. Дэлхий нийтэд их эртнээс эхэлсэн туршлагууд байдаг юм байна. 2006 оны дөрөвдүгээр сараас эхлэн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих үүднээс инкубаторуудыг хөгжүүлэх зорилго тавьсан л даа. Тэгээд улсын хэмжээнд 13 орчим инкубатор жил гаруй хамтарч ажиллаад холбоо байгуулсан. Бид жил гаруй хамтарч ажиллаад холбоо байгуулсан юм.
Нэг инкубатор жилдээ 15 шинэ аж, ахуйн нэгжийг төрүүлж, боожуулах зорилго тавьж ажилладаг. Шинэ аж, ахуйн нэгжүүдийг хөл дээр нь босгож, гаргаж ирж байгаа гэсэн юм. Холбоо байгуулагдсан ач холбогдол бол олон улсын хэмжээнд инкубаторууд байдаг юм байна.
Дэлхийн инкубаторуудын холбоод байдаг юм байна. Дэлхийн туршлагаас авч, түүнийг бэхжүүлж, ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой байгаа. Үнэхээр нэг талаас урамтай байна. Үнэхээр юм хийе гэсэн хүн цаашаа явчихдаг юм байна. Жаахан түлхээд өгвөл хөл дээрээ босч байна. Гэтэл юм заагаад, хийгээд, ингээд явж байхад огт хөдөлдөггүй хүмүүс бас байна. Энэ хүмүүсийг л үнэхээр ядуу гэж хэлж байна л даа. Хамгийн эхний сургалт бизнес санааг нь гаргаж ирж байгаа юм. Хүн болгонд гурван санаа байх ёстой гээд, тэрэн дээрээс нэгийг нь сонгож, дараа нь бизнесээ эхлүүлдэг сургалт явж байгаа. Сургалтын дараагаар нөхөрлөл, хоршоо, компани, бүлгүүд үүсгэн байгуулагддаг. Бид нар бүлгүүд хүртэл үүсгэн байгуулдаг. Бүлэг албан бус секторуудыг дэмждэг. Дараа нь бизнес төлөвлөгөөг аваад, банк руу зээлд явуулдаг. Тэгээд зээл авсаных нь дараа бүтэн жил үр дүнтэй болгох үүднээс хамтарч, дагнаж, зэрэгцэж ажилладаг. Бусад сургалтууд бүгд төлбөргүй байдаг ч, өдрийн хоолных нь төлбөрийг бол авдаг. Бизнес санаа сургалт 4-5 хоног явагддаг гэсэн тайлбарыг 2008 оны сүүлчээр өгч байсан юм. Иргэдийн бизнесийг дэмжих, хөлөө олоход туслах үүднээс инкубаторууд нэгдэж, холбоо байгуулан үйл ажиллагаагаа явуулж эхлээд хоёр сарын нүүрийг үзэж байхад нь дээрх тайлбарыг авч байсан юм. Харин одоо иргэдэд үнэ төлбөргүй бизнесийн сургалт зохион байгуулж, инкубаторын үйлчилгээ үзүүлдэг байгууллага байдаг эсэхийг тааж хэлэхэд бэрх ю юм.

-Жишиг болон хөвөгч хүү-

Жижиг, дунд үйлдвэрийн газар арилжааны банкуудтай хамтарч бизнес эрхлэгчдэд гурван жилийн хугацаатай зээл олгож ирсэн. Гурван жил гэдэг манайдаа л урт хугацаанд тооцогдоно. Бусад бизнесийн зээлүүд үүнээс хамаагүй бага хугацаатай байдаг учраас тэр юм. Гэтэл гурван жилийн хугацаатай зээлийг үйлдвэрлэгчид чамласаар ирсэн. Гурван жил гэдэг урт хугацаа мэт боловч, үнэн хэрэгтээ үйлдвэрлэгчид авсан зээлээрээ үйл ажиллагаа явуулаад удаагүй үндсэн зээлээ хүүтэй нь төлөх хугацаа болдог байна. Тиймээс тэд гурваас дээш жилийн хугацаатай, бага хүүтэй зээл авахыг илүүд үздэг юм. Тэдний хүсч буй зээлийг олговол дотоодын нийт бүтээгдэхүүн өсч, тэр хэмжээгээр улсын хөгжил дээшлэх ч, урт хугацаатай, бага хүүтэй зээл олгодог банк манайд хараахан алга. Тиймээс Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг: Жишиг болон хөвөгч хүү нэвтрүүлэх хэрэгтэйг хэдэн жилийн өмнө зөвлөж байлаа.Дэлхийн улс орнууд банк хоорондын захууд дээрээ өдөр тутам тогтоогдож байдаг хүүгийн дунджийг зургаан сард нэг удаа гаргадаг байна. Үүнийгээ жишиг хүү гэж нэрлэдэг байна. Банк хоорондын захаас жишиг хүү гарсны дараа арилжааны банкууд хөвөгч хүүгийнхээ түвшинг өөрсдөө тогтоодог байна. Ингэхдээ, жишиг хүүтэй уялдуулж зургаан сард нэг удаа хөвөгч хүүгийнхөө түвшинг тогтоодог байна. Зах зээл ямар байхаас хамаарч жишиг хүүгийн түвшин өсч, буурдаг. Түүнтэй холбоотойгоор хөвөгч хүү мөн өсч, буурдаг байна. Ер нь хөвөгч хүү гэдэг нь банкуудын хадгаламжийн болон зээлийн хүгийн түвшинг илэрхийлдэг нэг хэрэгсэл юм байна. Нэг ёсны хөвөгч хүүгийн түвшин буурвал, хадгаламж болон зээлийн хүү дагаад буурна гэсэн үг юм. Жишиг болон хөвөгч хүүний нэг давуу тал энэ юм. Нөгөө талаас хадгаламж болон зээлийн хугацааг уртасгаж болдогоороо давуу талтай юм.

-Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд илгээлт хүргүүллээ- 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цар тахал ба эдийн засаг сэдвээр зохион байгуулагдаж буй Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форумын оролцогчдод илгээлт хүргүүллээ. Тэрбээр:

Эрхэм зочид төлөөлөгчид, баялаг бүтээгчид, жижиг дунд үйлдвэрлэгчид ээ!

Улс эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хүнд хэцүү цаг үед төр засгийнхаа бодлого шийдвэрийг дэмжиж, ачааны хүндийг үүрч ирсэн баялаг бүтээгч, бизнес эрхлэгч, тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид Та бүхэнд энэ өглөөний мэнд хүргэе.

Өнөөдрийн Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум дэлхий дахинаа цар тахал үргэлжилсэн амаргүй цаг үед болж байна.

Энэхүү хүнд цаг үед бүхий л боломжоо дайчлан бизнесийн үйл ажиллагаагаа эрхэлж, ажлын байраа хадгалж буй баялаг бүтээгчид, түүн дотроо жижиг дунд үйлдвэрлэгчид Та бүхэнд Монголын нийт ард түмнийхээ нэрийн өмнөөс Төрийн тэргүүний хувьд талархал илэрхийлье.

КОВИД-19 цар тахал дэлхий нийтэд тархсанаас хойш 2 жил орчим болж байна. Энэ аюулт цар тахал нь та бидэнд үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, экспортоо нэмэгдүүлэх, байгаль орчноо хамгаалах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг эрс сайжруулах шаардлагыг тод санууллаа.

Цар тахлаас үүдэлтэйгээр манай улсын эдийн засаг өнгөрсөн онд 4.5 хувиар агшсан ч энэ оны эхний 9 сарын байдлаар 3.6 хувиар өсөж тодорхой сэргэлт үзүүллээ.

Эдийн засгийн энэхүү тодорхой сэргэлтэд баялаг бүтээгчид, жижиг дунд үйлдвэрлэгчид Та бүхний хүчин чармайлт багагүй нөлөө үзүүлснийг энд цохон тэмдэглэж байна.

Төр, засгийн зүгээс 2020 оны эхнээс эдийн засгийг дэмжихэд шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг зөөллөхөд тодорхой хувь нэмэр үзүүлсэн.

Тухайлбал, Монголын төр, засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь манай улсын эдийн засгийн чадавхтай харьцуулсан байдлаараа дэлхийн зарим хөгжилтэй орнуудаас ч өндөр байгааг олон улсын байгууллагууд онцолж байна.

Зөвхөн Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөний хүрээнд өнөөдрийг хүртэл 4 их наяд төгрөгөөр эдийн засгаа дэмжиж, 290 орчим мянган ажлын байрыг хадгалсан нь богино хугацааны чамлахааргүй үр дүн юм.

Гэхдээ эдийн засгийн сэргэлт нь эмзэг хэвээр байгааг бид анхаарах ёстой. Цаашид бид засаж залруулах, ялангуяа жижиг дунд үйлдвэрлэгчдээ дорвитой дэмжих бодит шаардлага байсаар байна.

Тухайлбал, иргэдийнхээ бодит орлогыг өсгөх, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулах, хил гаалийн хүндрэлийг яаралтай шийдвэрлэх, экспортыг сэргээх, хөгжлийн төслүүдээ эрчимжүүлэх, түүн дотроо жижиг дунд үйлдвэрлэгчдээ түлхүү хамруулах, дотоодын худалдан авалтыг хөхиүлэн дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг эрс нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Мөн бизнесийн орчныг эрс сайжруулах, түүн дотроо тусгай зөвшөөрлийн тоог бууруулах, давхардсан хяналт шалгалт, хүнд суртлыг арилгах, цахим шилжилтэд онцгой анхаарах шаардлагатай.

Түүнчлэн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид рүү чиглэсэн санхүүгийн тогтолцоогоо эрс сайжруулж, хямд, хүртээмжтэй санхүүгийн эх үүсвэрийг зах зээлийн зарчимд нийцтэй байдлаар хөгжүүлэх асуудал чухал байна.

Баялаг бүтээгчид Та бүхэн төр, засгаас хэрэгжүүлж буй томоохон бодлогын шинэчлэлүүд, тухайлбал Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалт, Импортоос экспортод шилжих болон Цахим шилжилт зэрэг суурь зорилтуудыг бодит ажил хэрэг болгоход идэвхтэй хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна.

Түүнчлэн баялаг бүтээгчид Та бүхэн дунд хугацаанд ажлын байраа нэмэгдүүлэх, бүтээмжээ сайжруулах, шинэ техник, технологи, инноваци нэвтрүүлэх, гадаад, дотоод зах зээлд чиглэсэн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, гадаад худалдааны болон эдийн засгийн бусад хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг идэвхтэй ашиглах, нэн шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой анхаарахыг уриалж байна.

Өнгөрсөн 9 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтаар дээрх зарим асуудлуудыг тунгаан хэлэлцэж, санал, зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Улсын Их Хурал, Засгийн газарт чиглэл болгон хүргүүлсэн.

Өнөөдрийн энэ форумаас гарах санал, зөвлөмжийг Монголын төр онцгой анхаарч үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжинэ гэдгийг Төрийн тэргүүний хувьд онцлон тэмдэглэж байна.

Цар тахлыг хохирол багатай даван туулж, эдийн засгаа эрчимжүүлэхэд хүн амаа бүрэн дархлаажуулж, төр, хувийн хэвшил, баялаг бүтээгчдийн нягт, үр дүнтэй, нэгдмэл хамтын ажиллагаа, харилцан ойлголцол хамгийн чухал юм.

Хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болсон баялаг бүтээгч Та бүхний нөр их хүч хөдөлмөр, эх орноо гэсэн итгэл сэтгэл дээр улс орны маань ирээдүй, цаашдын хувь заяа, эдийн засгийн аюулгүй байдал оршин байгаа гэдгийг цохон тэмдэглэж байна. Өнөөдрийн форумын үйл ажиллагаанд амжилт хүсье гэжээ.