5 сар 2026
М Т W Т F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
10 сар 21, 2026

Монгол, Америкийн харилцаа

Марко Рубиогийн мэндчилгээ

2026.07.10. Монгол улс. Улаанбаатар хот. Америкийн Нэгдсэн Улсын нэрийн өмнөөс Монголын ард түмэнд 2026 оны Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье. Монгол наадам нь Монголын баялаг түүх, цэцэглэн хөгжиж буй соёлыг бахархан дээдэлдэг баяр юм. Гуравдагч хөршүүд, ардчилсан орнуудын хувиар АНУ болон Монгол Улс нь харилцан хүндлэл, нийтлэг үнэт зүйлс дээр суурилсан бат бөх түншлэлийг бий болгожээ. 2027 онд манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиох тул бид Стратегийн гуравдагч хөршийн түншлэлээ улам бэхжүүлэхийн төлөө тууштай ажиллаж байна. Монголын ард түмэн Үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр, баяр хөөр дүүрэн тэмдэглэх болтугай гэжээ.

АНУ-ын eрөнхийлөгч Доналд Ж.Трампын мэндчилгээ

2026.07.12. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ.

 Мэндчилгээнд:

“Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Би Америкийн ард түмний хамт Танд болон Монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж байна. 40 жилтэй золгож буй АНУ, Монгол Улсын түншлэл манай хоёр улсад урт хугацаандаа үр өгөөжөө өгсөөр байгаа билээ. Энэ оны эхэнд Мянганы сорилтын корпорацын Усны компакт товлосон хугацаандаа баталсан төсвийн дагуу амжилттай хэрэгжлээ. Энэ хамтарсан санаачилгад Таны зүгээс үзүүлсэн бодит дэмжлэгт талархал илэрхийлж байна. Уг төсөл нь миний анхны бүрэн эрхийн үед шаваа тавьж байсан бол одоо Улаанбаатар хотын иргэдийг найдвартай усаар хангах дэд бүтэц болжээ. Энэ ололт амжилт нь манай хоёр улс хамтарч ажиллавал юунд ч хүрч чадахын илэрхийлэл боллоо. АНУ, Монгол Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэл үргэлжлэн гүнзгийрсээр байгаад баяртай байна. Бид Хаити Улсад явагдаж буй “Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин” энхийг дэмжих ажиллагаанд үзүүлж буй Монгол Улсын манлайлал, “Энхийн зөвлөл”-д Танай улсын үндэслэгч гишүүний хувиар гүйцэтгэж буй үүрэг зэрэг олон улсын энх тайван, аюулгүй байдлын төлөө оруулж буй хувь нэмэрт талархаж байна. Ирэх жилүүдэд Монгол Улс дахь АНУ-ын хөрөнгө оруулалтын боломжуудыг тэлж, манай хоёр улсын цаашдын энх тайван, аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааг дэмжихэд тустай эрчим хүчний хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхдээ баяртай байх болно. Монголын ард түмэн амар тайван, сайхан наадаарай” гэжээ.

Монгол Улсад анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орлоо

2026.05.15. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Мянганы сорилтын II Компакт гэрээний хүрээнд Сонгинохайрхан уулын бэлд барьсан дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн нээлтэд оролцлоо. АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 112 орчим сая ам.долларын хөрөнгөөр үйлдвэрийг барьж ашиглалтад орууллаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Дан Пийтри нар усны хавхлагыг нээж, үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Мянганы сорилтын корпорацын Удирдах зөвлөлийн дарга Майкл Помпеотой Мянганы сорилтын II Компакт гэрээг батлан, улмаар үйлдвэрийн шавыг тавьж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлж байснаа дурслаа. Тэрбээр, Монгол Улс, АНУ-ын Стратегийн түншлэлийг бататгасан, харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болох энэ үйлдвэр нийслэлчүүд, байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг усаар найдвартай хангаж, хот баруун тийш өргөжин тэлэх, дагуул хот, шинэ суурьшлын бүс байгуулахад чухал ач холбогдолтойг хэллээ. Мөн АНУ-ын Засгийн газар, Элчин сайдын яам, Мянганы сорилтын корпорац, Америкийн ард түмэн, бүтээн байгуулалтад оролцсон төр, засгийн болон дотоод, гадаадын бүх байгууллага, хүмүүст талархал илэрхийлж, амжилт хүслээ. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр Биокомбинат, Шувуун фабрик орчимд гаргасан гүний 30 худгаас хоногт 140 мянга, жилд 50 хүртэл сая шоо метр ус татан авч гүн цэвэршүүлэн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ. Энэ үйлдвэр нийслэлийн ус хангамжийн хамгийн том эх үүсвэр бөгөөд хотын цэвэр усны нэг жилийн хэрэглээтэй дүйх хэмжээний усыг цэвэршүүлэх юм. АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Дан Пийтри: Юуны өмнө Компакт гэрээг баталж, бүтээн байгуулалтыг эхнээс нь тууштай дэмжсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газар, нийслэл хот, холбогдох бүх байгууллага, аж ахуйн нэгж, Монголын ард түмэнд талархал илэрхийлье. Нийслэлчүүд найдвартай ус хангамжтай болж үйлдвэрлэл хөгжих, Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар сайжрах нэг баталгаа бий боллоо. Манай хоёр улс хөгжлийн хамтын ажиллагаанаас бодит үр дүн рүү, бүтээн байгуулалтаас ашиглалт руу, хамтран бүтээн байгуулагчаас эдийн засгийн өсөлтийн түнш болох шинэ шат руу шилжиж байна. Компакт хөтөлбөр нь бидний хамтын түншлэл, эдийн засгийн боломж, өсөлтийн төлөөх нийтлэг зорилгын бэлгэ тэмдэг болон үлдэхийг хүсэн ерөөе”. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “МАПА Иншаат ве Тижарет”, “Баран групп лимитед” зэрэг компани ажиллаж, АНУ-ын “Тетра Тех” компани хяналт тавьжээ. Үйлдвэрийн барилга, байгууламжийн инженерийн нарийвчилсан зураг төслийг АНУ-ын “АЭКОМ”, үндэсний “Престиж инженеринг” компани боловсруулсан байна. Мянганы сорилтын II Компакт гэрээний дагуу АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111 сая, нийт 462 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах үйлдвэр барихаар шийдвэрлэсэн. Өнгөрсөн гуравдугаар сард Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан юм. Энэ үйлдвэр шинэ Төв цэвэрлэх байгууламжаас Туул голд нийлүүлэх цэвэрлэсэн уснаас өдөрт 50 мянган шоо метрийг авч, дахин боловсруулан Дулааны III, IV цахилгаан станцад нийлүүлдэг. Ингэснээр жилд 18 сая гаруй шоо метр буюу хотын орон сууцанд амьдарч байгаа 100 гаруй мянган өрхийн жилийн хэрэглээний 50 хувьтай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэж байна. Энэ нь жилдээ дөрвөн Буйр нууртай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэж, саарал гэгдэх усыг олон салбарт ашиглах боломжтой болсон гэсэн үг юм гэжээ.

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.
Translate