Мэдээ: Монгол, Беларусийн харилцаа
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
2026.10.27. Беларусь. Минск. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Минск хотноо “Монголын соёлын өдрүүд”-ийг зохион байгуулж, Беларусь Улсын Дуурь, балетын их театрт Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа. Тоглолтыг хоёр улсын төр, засгийн төлөөлөл, нийгэм, соёлын зүтгэлтнүүд, олон нийт үзэж сонирхлоо. Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид үндэсний соёл, урлагийн сор болсон бүтээлүүдийг толилуулж, үзэгч олны сонорыг мялаалаа. Беларусийн сонгодог урлагийн төв болон хөгжиж буй Дуурь, балетын их театр нь 1939 оноос үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд театрын тайзнаа Беларусийн хөгжмийн зохиолчдын бүтээлээс гадна “Хунт нуур”, “Щелкунчик” зэрэг дэлхийн сонгодог дуурь, балетын бүтээлүүдийг тогтмол толилуулдаг байна. Мөн “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээний хүрээнд гэрэл зураг, морин хуурын үзэсгэлэнг Минск хотноо эдгээр өдрүүдэд гаргаж, монголын өв соёл, зан заншлын талаар Беларусийн олон нийтэд мэдээлэл өгч, сурталчлан таниулах арга хэмжээ зохион байгууллаа.

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа
2026.10.26. Беларусь. Минск. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Беларусь-Монголын бизнес форум”-ыг 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Минск хотноо зохион байгуулав. Форумд хоёр улсын төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллага, худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчид оролцож, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийн шууд харилцаа, түншлэлийг бэхжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Бизнес форумын хүрээнд хоёр улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн хамтын ажиллагааны боломж, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, тээвэр, логистик, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн чиглэлээр илтгэл, танилцуулга хийж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Мөн хоёр улсын бизнес эрхлэгчдийн ганцаарчилсан уулзалт зохион байгуулж, худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн чиглэлээр шинэ түншлэл тогтоох, харилцан ашигтай төсөл, санаачилгыг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Беларусь-Монголын бизнес форумын хүрээнд хоёр талын аж ахуйн нэгжүүд төмөр замын тээвэрлэлт, барлигын салбар болон хөдөө, аж ахуйн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, хүнсний бүтээгдэхүүн болон сүү, сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлт зэрэг салбар, чиглэлийн нийт 50 сая ам.долларын үнийн дүн бүхий 17 гэрээ, санамж бичиг байгууллаа. Тус бизнес форум нь хоёр улсын бизнес эрхлэгчдийн шууд харилцааг өргөжүүлэх, шинэ түншлэл бий болгох, худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, тээвэр, логистик болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
- Монгол Улсын “Талын хишиг транс” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Могилёвын вагон үйлдвэрлэлийн үйлдвэр” ХХК хоорондын худалдааны гэрээ,
- Монгол Улсын “Агдилер” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Амкодор” ХК хоорондын дилерийн гэрээ,
- Монгол Улсын “Агдилер” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Гомсельмаш” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
- Монгол Улсын Барилгачдын нэгдсэн холбоо болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Барилгачдын холбоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
- Монгол Улсын “Шинэ цонх” стандарт ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Лидерстрой град” ХХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
- Монгол Улсын “Ханбогд кашимер” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Камволь” ХХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
- Монгол Улсын “Витафит” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Белгоспищепром” ХХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
- Монгол Улсын “Витафит” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Жабинковский сахарный завод” ХК хоорондын гэрээ,
- Монгол Улсын “Витафит” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Минский молочный завод №1” ХК хоорондын худалдааны гэрээ,
- Монгол Улсын “Витафит” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Городейский сахарный комбинат” ХК хоорондын худалдааны гэрээ,
- Монгол Улсын “Витафит” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “ABC company” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
- Монгол Улсын “Витафит” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “ABC company” ХК хоорондын худалдааны гэрээ,
- Монгол Улсын Минск Беларусийн худалдааны төв ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Бабушкина Крынка” НХН хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
- Монгол Улсын “Тулгасайхан” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Санта Бремор” ХХК хоорондын гэрээний хугацааг сунгах нэмэлт хэлэлцээр,
- Монгол Улсын “Jessica Energy” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Энергокомплект” ХХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
- Монгол Улсын ноос ноолуурын холбоо болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Камволь” ХХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
- Монгол Улсын “Нэхээсгүй эдлэл” ХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Камволь” ХХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт тус тус гарын үсэг зурлаа.

Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав
2026.10.26. Беларусь. Минск. Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкогийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-г соёрхон баталсан тухай батламж жуух бичгүүдийг солилцов.
Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны үндсийг тодорхойлсон тус суурь баримт бичигт хоёр улсын Ерөнхийлөгч нар 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гарын үсэг зурсан.
Хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, зам тээвэр, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, соёл, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн энэхүү гэрээ нь ийнхүү хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж байна.
Талууд 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор есөн баримт бичиг байгуулав.
1. “Монгол Улс болон Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын хамтын ажиллагааг 2027-2029 онд хөгжүүлэх замын зураглал”-д Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд Максим Рыженков нар гарын үсэг зурав.
Энэхүү баримт бичгийн хүрээнд талууд улс төр, худалдаа, эдийн засаг, хүнд болон хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, шинжлэх ухаан, боловсрол, спорт, соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тодорхой ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар тохиролцов. Энэ нь Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх, 2027-2029 онд цогцоор нь бэхжүүлэхэд чиглэж байна.
2. “Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Спортын яам хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Жуковын Алдаржавхлан, Бүгд Найрамдах Беларусь Улсын Спортын сайд Сергей Ковальчук нар гарын үсэг зурав.
Энэхүү хэлэлцээрийн хүрээнд хоёр улс спортын хөгжил, спортын анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийн солилцоог хэрэгжүүлэхээс гадна спортын тэмцээн, олон улсын спортын арга хэмжээнд хоёр улсын тамирчдыг харилцан оролцуулж, үндэсний шигшээ багуудыг хамтран сургуулилт, бэлтгэл хийлгэх зэрэг чиглэлээр хамтарч ажиллана. Баримт бичгийг байгуулснаар хоёр орны спортын салбарын байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжиж, сайн туршлагын солилцоог хэрэгжүүлж, салбарын симпозиум, эрдэм шинжилгээний хурал, сургалтад мэргэжилтнүүдийг харилцан оролцох боломжийг бүрдүүлнэ.
3. “Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөдөө аж ахуй, хүнсний яам хоорондын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг 2027-2029 онд хөгжүүлэх замын зураглал”-д Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат, Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайд Юрий Горлов нар гарын үсэг зурав.
Замын зураглалын хүрээнд талууд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх, экспортын боломжтой бүтээгдэхүүний талаарх мэдээлэл солилцох, тарифын хөнгөлөлтийг үр ашигтай ашиглах, мал эмнэлэг, хорио цээрийн шаардлагыг хангах асуудлыг шийдвэрлэх, хоёр улсын хөдөө аж ахуйн ажлын хэсгийн хуралдаан зохион байгуулах, үзэсгэлэн, яармаг, форумын чиглэлээр хамтран ажиллана.
Энэхүү замын зураглал нь Монгол, Беларусийн хөдөө аж ахуйн салбарын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, технологи, туршлага солилцох, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хоёр улсын аж ахуйн нэгж, байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх гол зорилготой.
4.“Хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Беларусь Улсын концерн “БЕЛЛЕГПРОМ” хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичиг”-т Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат, Бүгд Найрамдах Беларусь Улсын концерн “БЕЛЛЕГПРОМ”-ын захирал Надежда Лазаревич нар гарын үсэг зурав.
Санамж бичгийн хүрээнд хөнгөн үйлдвэрийн салбарын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудын хооронд шууд харилцаа тогтоох, үзэсгэлэн, яармаг, бизнес уулзалт, форум, семинар зохион байгуулах, мэдээлэл солилцох, хөрөнгө оруулалтын төслүүдийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол, Беларусийн хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн түншлэлийг нэмэгдүүлэх боломж бүрдүүлнэ.
5. “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж хөтөлбөрийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Гаалийн хороо хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гунаажавын Байгалмаа, Бүгд Найрамдах Беларусь Улсын Гаалийн хорооны дарга Владимир Орловский нар гарын үсэг зурав.
Энэхүү хэлэлцээрийн дагуу талууд олон улсын бараа нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлыг хангах, хууль ёсны худалдааг хөнгөвчлөх, гааль, бизнесийн түншлэлийг хөгжүүлэх зорилгоор гаалийн харилцаанд оролцогчийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн статусыг харилцан хүлээн зөвшөөрнө. Хоёр улсын гаалийн байгууллага итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлснээр гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулж, бичиг баримтын болон хяналт шалгалтын ачааллыг бууруулан, гадаад худалдааг хөнгөвчлөхөд чухал ач холбогдолтой юм.
6. “Итгэмжлэлийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний итгэмжлэлийн төв болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Итгэмжлэлийн төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гунаажавын Байгалмаа, Бүгд Найрамдах Беларусь Улсын Итгэмжлэлийн төвийн захирал Екатерина Дворак нар гарын үсэг зурав.
Энэхүү санамж бичиг нь Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын үндэсний итгэмжлэлийн тогтолцооны дүйцлийг хангах, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хоёр талын итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагуудаас гаргасан тохирлын үнэлгээний үр дүнгийн найдвартай байдал, хүлээн зөвшөөрөх нөхцөлийг хангахад чиглэж байна. Мөн итгэмжлэл болон тохирлын үнэлгээний чиглэлээр олон улсын стандарт, Дэлхийн итгэмжлэлийн байгууллага (Global ACI)-ын баримт бичгүүдийг хэрэгжүүлэх туршлага, практикийг уялдуулахад ач холбогдолтой юм.
Талууд итгэмжлэлийн үйл ажиллагаа, үнэлгээнд харилцан оролцох, итгэмжлэлийн чиглэлээрх шилдэг туршлагыг хуваалцах, мэдээлэл, туршлага, үнэлгээний мэргэжилтэн, техникийн шинжээчдийг харилцан солилцох, хамтарсан үнэлгээ хийх, семинар, сургалт, чадавх бэхжүүлэх арга хэмжээ зохион байгуулах зэрэг үндсэн чиглэлээр хамтран ажиллана.
7. “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэгийн болон соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Баянхонгор аймаг болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Гомель муж хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Баянхонгор аймгийн Засаг дарга Эрдэнээгийн Энхбат, Бүгд Найрамдах Беларусь Улсын Гомель мужийн Гүйцэтгэх хорооны дарга Иван Крупко нар гарын үсэг зурав.
Санамж бичгийн хүрээнд талууд аж үйлдвэр, хөдөө аж ахуй, тээвэр логистик, боловсрол, соёл урлаг, аялал жуулчлал, байгаль орчны салбарт хамтран ажиллаж, бизнес эрхлэгчдийн шууд харилцаа, хамтарсан үйлдвэр, үзэсгэлэн яармаг, хөрөнгө оруулалтын төслийн мэдээлэл солилцохыг дэмжинэ.
8. “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёл, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хэнтий аймаг болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Могилёв муж хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Хэнтий аймгийн Засаг дарга Дамдинжавын Аюурбунь, Бүгд Найрамдах Беларусь Улсын Могилёв мужийн Гүйцэтгэх хорооны дарга Анатолий Исаченко нар нар гарын үсэг зурав.
Монгол Улсын Хэнтий аймаг, Бүгд Найрамдах Беларусь Улсын Могилёв муж хоорондын найрсаг харилцааг бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёл, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгууллаа. Хэлэлцээрийн хүрээнд хоёр тал харилцан туршлага солилцох, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, боловсрол, соёл, аялал жуулчлал, спортын салбарт хамтарсан төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Энэхүү хэлэлцээр нь орон нутаг хоорондын шууд харилцааг өргөжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээхэд чиглэж байна.
Энэхүү баримт бичгийн хүрээнд хоёр улсын түүх, нийгэм, соёлыг харилцан сурталчлан таниулж, телевизийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ. Талууд баримтат болон уран сайхны кино, телевизийн нэвтрүүлэг, контент солилцох, хоёр улсын телевиз хамтарсан уран бүтээл бэлтгэх, харилцаа холбооны салбарт мэргэжлийн хүний нөөцийг чадавхжуулах, радио, телевизийн наадам, үзэсгэлэн, соёлын арга хэмжээнд оролцох техникийн болон хэвлэл мэдээллийн салбарт зохион байгуулж буй үйл ажиллагааг идэвхтэй дэмжих чиглэлээр хамтарч ажиллана.

Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ
2026.10.26. Беларусь. Минск. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко нар Тусгаар тогтнолын ордонд хийсэн албан ёсны хэлэлцээнийхээ дүнгээр хэвлэлд мэдээлэл хийлээ. Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд анх удаа Беларусь Улсад хийж буй төрийн айлчлал нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, бодит хамтын ажиллагаагаар бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болж байгааг талууд тэмдэглэлээ. Мөн талууд “Монгол Улс болон Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын хамтын ажиллагааг 2027-2029 онд хөгжүүлэх замын зураглал” болон байгууллага хоорондын баримт бичиг байгуулсан нь хоёр улсын цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодотгож байгааг онцоллоо. Хоёр улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчдөд хандаж хэлсэн үгийг хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Энд хүрэлцэн ирсэн хэвлэлийн төлөөлөгчид өө,
Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч эрхэм хүндэт Александр Григорьевич Лукашенко Таны урилгаар үзэсгэлэнт сайхан Беларусь Улсад төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байна.
Биднийг элэгсэг дотноор хүлээн авч, өндөр хүндэтгэл үзүүлж буй эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд болон Беларусийн төр засаг, найрсаг ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал үр дүнтэй, амжилттай хэрэгжиж, манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, шинэ шатанд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Ийнхүү хоёр улсын төрийн тэргүүн нар хоёр жил хүрэхгүй хугацаанд харилцан төрийн айлчлал хэрэгжүүлж байгаа нь Монгол, Беларусийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөөх Та бидний хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл гэж үзэж байна.
Монгол Улсын төрийн тэргүүний энэхүү төрийн айлчлал нь манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 34 жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй анхны төрийн айлчлал бөгөөд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн онцгой ач холбогдолтой түүхэн айлчлал болж байгааг онцлон тэмдэглэж байна.
Миний бие өнөөдөр эрхэм Ерөнхийлөгчтэй хамт хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүхийн нэгэн шинэ хуудсыг нээж байгаадаа баяртай байна.
Айлчлалын хүрээнд “Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын хамтын ажиллагааг 2027-2029 онд хөгжүүлэх замын зураглал”-д гарын үсэг зурж, ирэх он жилүүдийн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойллоо.
Мөн хамгийн чухал зүйл бол “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-г байгуулж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааны эрх зүйн бат бөх үндэс суурийг тавьж чадлаа.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, зам тээвэр, боловсрол, шинжлэх ухаан, оюуны өмч зэрэг салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй баримт бичиг байгуулсан билээ.
Тэгвэл энэхүү төрийн айлчлалын дүнгээр хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, гааль, боловсрол, эрүүл мэнд, спорт, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо зэрэг салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй баримт бичгийг нэмж байгууллаа.
Мөн худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжиж, “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр”-ийн боломжуудыг бүрэн дүүрэн ашиглах, хоёр улсын худалдааны эргэлтийг гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцлоо.
Айлчлалын үеэр зохион байгуулж буй “Монгол-Беларусийн бизнес форум” нь хоёр улсын бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагаа, хэлхээ холбоог улам бүр бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд зохих хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Бизнес эрхлэгчид болон худалдаа, аж үйлдвэрийн байгууллага хоорондын идэвхтэй хамтын ажиллагааг бид тууштай дэмжих болно.
Беларусь Улс нь манай улсын хувьд Европын зах зээл рүү гарах тээвэр, логистикийн чухал гарц болж байдаг бол Беларусь Улс нь манай улсыг Азийн зах зээл рүү гарах үүд хаалга хэмээн үздэг.
Үүнтэй холбогдуулан Брест-Улаанбаатар чиглэлийн “Монгол вектор” чингэлэг тээврийн төмөр замын маршрут нь тээвэр, логистикийн салбарт чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд энэхүү боломжоо ашиглан манай хоёр улс идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байна.
Мөн газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн талаар ярилцаж, энэ чиглэлээр манай хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.
Манай улс ”Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Беларусь Улсаас хөдөө аж ахуйн зориулалттай трактор, комбайн, машин механизм нийлүүлэхийг зорьж байгаа бөгөөд энэ хүрээнд цаашид Монгол Улсад трактор угсрах үйлдвэр байгуулах асуудлаар ярилцлаа.
“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын ноос, ноолуурыг Беларусийн маалингатай хослуулж, шинэ төрлийн утас болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг эрэлхийлэхээр боллоо.
Монгол, Беларусийн боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа харилцан нотоллоо.
Энэ хүрээнд монголчуудын түүх, соёлын хосгүй үнэт өв болох “Монголын нууц товчоо”-г беларусь хэлнээ орчуулж, олон нийтийн хүртээл болгосныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Айлчлалын үеэр “Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо зохион байгуулж, мөнх хөх тэнгэр, тал нутгийн аялгуугаар Беларусийн анд нөхдийнхөө сонорыг мялаан, сайхан дурсамжийг хамтдаа бүтээж байгаад баяртай байна.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд болон Беларусийн Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд хоёр улсын нийслэлд соёлын өдрүүд зохион байгуулж, үндэсний өв соёлоо харилцан сурталчлах, соёл урлаг, аялал жуулчлалын салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэх, түүх, соёлын өвд хамаарах эх сурвалж, баримт дурсгалыг судлан тогтоох, хамтарсан судалгаа хийх чиглэлээр хамтран ажиллах саналтай байна.
Мөн хоёр улс НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, бие биеэ дэмжиж ирсэн бөгөөд цаашид уламжлалт байр сууриа хадгалж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бэхжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотолж байна.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Та бидний яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө биеллээ олж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл төгс байна.
Монгол, Беларусийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг онцлон тэмдэглэж, өндрөөр үнэлж байна.
Манай хоёр ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, Монгол, Беларусийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд болон Беларусийн ард түмэнд чин сэтгэлийн талархал дахин илэрхийлье.
Анхаарал хандуулсанд баярлалаа.

Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөл болон Төлөөлөгчдийн танхимын дарга нар бараалхлаа
2026.10.26. Беларусь. Минск. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд тус улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөлийн дарга Наталья Ивановна Кочанова болон Төлөөлөгчдийн танхимын дарга Игорь Петрович Сергеенко нар бараалхлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нөхөрлөл, харилцан итгэлцэлд суурилсан Монгол, Беларусийн найрсаг харилцааг өргөжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцолж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ. Бүгд найрамдах зөвлөлийн дарга Н.И.Кочанова, Төлөөлөгчдийн танхимын дарга И.П.Сергеенко нар хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа нотоллоо. Беларусь Улсын Үндэсний Хурал (Парламент) нь Бүгд найрамдах зөвлөл (дээд), Төлөөлөгчдийн танхим (доод) гэсэн хоёр танхимтай бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь таван жил байдаг. Бүгд найрамдах зөвлөл нь 64 гишүүнтэй ба тэдгээрийн 8 гишүүнийг Ерөнхийлөгч томилж, 6 муж болон Минск хотын Орон нутгийн зөвлөлийн хуралдаанаар тус бүр 8 гишүүнийг сонгодог. Харин Төлөөлөгчдийн танхим нь 110 гишүүнтэй бөгөөд гишүүдийг мажоратор системээр сонгодог.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ
2026.10.26. Беларусь. Минск. Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Ерөнхийлөгч А.Г.Лукашенкотой ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй анхны төрийн айлчлал нь хоёр улсын харилцаанд шинэ хуудсыг нээж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодотгосон онцгой ач холбогдолтой болж буйг төрийн тэргүүн нар онцоллоо. Цаашид хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн олон салбарт үр дүнтэй өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотоллоо. Тухайлбал, хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан нийтлэг зорилтуудын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлж, эдийн засгийн агуулгаар баяжуулах, “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр”-ийн хүрээнд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, гааль, магадлан итгэмжлэл, боловсрол, эрүүл мэнд, спорт, мэдээлэл, харилцаа холбоо, аюулгүй байдал зэрэг салбарт идэвхтэй хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Төрийн тэргүүн нар НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар мөн санал солилцлоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко албан ёсоор угтаж авлаа
2026.10.26. Беларусь. Минск. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Минск хотын Тусгаар тогтнолын ордондоо албан ёсоор угтаж авлаа. Угтах ёслолын үеэр хоёр улсын Төрийн дуулал эгшиглэж, Хүндэт харуулын захирагч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд айлтгал өргөлөө. Төрийн тэргүүн нар угтах ёслолд оролцсон хоёр улсын албан ёсны төлөөлөгчидтэй мэндчиллээ. Бүгд Найрамдах Беларусь Улс есөн сая гаруй хүн амтай, Ерөнхийлөгчийн засаглалтай улс юм. Монгол Улс Бүгд Найрамдах Беларусь Улстай 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Уламжлалт, найрсаг харилцаатай. Монгол Улс Элчин сайдын яамаа 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Минск хотноо нээсэн. Монгол Улсаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Байгалмаа 07 дугаар сарын 28-ны өдөр Ерөнхийлөгч А.Г.Лукашенкод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан. Бүгд Найрамдах Беларусь Улс Элчин сайдын яамаа 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо нээсэн. Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Орда 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан. Бүгд Найрамдах Беларусь Улсаас төрийн тэргүүний түвшинд 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд анх удаа Монгол Улсад төрийн айлчлал хийж, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”, “Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд 2024-2026 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны замын зураглал” зэрэг 12 баримт бичигт гарын үсэг зурсан. Тусгаар тогтнолын ордон нь Беларусь Улсын төрийн албан ёсны хүндэтгэлийн ордон бөгөөд төр, засгийн өндөр түвшний ёслол, айлчлал, хурал уулзалт, дипломат үйл ажиллагааг зохион байгуулдаг гол байгууламж юм. Ордон нь тус улсын үндэстний соёлын үнэт өвд тооцогддог бөгөөд тогтсон цагт жуулчдад нээлттэй байдаг.

Бүгд Найрамдах Беларусь Улсын спортын сайд Ковальчук Сергей Михайловичтой уулзлаа
2026.10.25. Беларусь. Минск. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Беларусь Улсад хийж буй айлчлалын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсын Спортын сайд Ковальчук Сергей Михайловичтай Минск хотноо уулзлаа. Талууд уулзалтаар биеийн тамир, спортын салбарын хамтын ажиллагаагаа өвлийн спорт, спортын анагаах ухаан, үндэсний шигшээ баг, тамирчдын хамтарсан бэлтгэл сургуулилт, бүх нийтийн биеийн тамирын боловсрол олгох чиглэлээр үргэлжлүүлэхээр тохиров. Түүнчлэн сайд Ж.Алдаржавхлан хоёр орны спортын байгууллага хооронд шууд холбоо тогтоон хамтран ажиллахад бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
2026.10.25. Беларусь. Минск. Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нисэх онгоцны буудлаас Минск хотын Ялалтын талбайд хүрэлцэн ирж, амь үрэгдсэн дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Мөнхийн гал нь Аугаа эх орны дайнд амь үрэгдсэн дайчдын дурсгалд зориулсан Ялалтын хөшөөний дэргэдэх дурсгалын бэлгэдэл юм. Минск хотыг чөлөөлсний 17 жилийн ойгоор 1961 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Ялалтын хөшөөний суурийн дэргэд Мөнхийн галыг байрлуулж, ЗХУ-ын баатар, хурандаа генерал Алексей Бурдейный асаасан. Ялалтын хөшөө нь Беларусийн ард түмний дайны үеийн баатарлаг тэмцэл, Минск хотыг чөлөөлсөн үйл явдлыг дурсан хүндэтгэх зорилгоор бүтээгдсэн. Хөшөөний оройд Ялалтын одонгийн дүрсийг байрлуулж, суурийн хэсэгт дайны түүх, баатруудын гавьяаг харуулсан уран баримлын дүрслэлүүдийг харуулсан. Ялалтын талбай болон Мөнхийн гал нь Минск хотын аялал жуулчлалын чухал цэг юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
2026.10.25. Беларусь. Минск. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр Минск хотод хүрэлцэн очлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Минск хотын нисэх онгоцны буудалд хүрэлцэн очиход тус улсын Аж үйлдвэрийн сайд Андрей Кузнецов, Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Сергей Лукашевич, БНБУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михаил Орда, монголын талаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Байгалмаа болон албаны бусад хүмүүс угтан авлаа. Энэхүү айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй анхны айлчлал юм. Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл хийнэ. Талууд хоёр улсын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, гааль, магадлан итгэмжлэл, боловсрол, эрүүл мэнд, спорт, харилцаа холбооны салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Монгол, Беларусийн хооронд 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд Беларусь Улсын төрийн тэргүүний анхны айлчлалыг 2024 онд Монгол Улсад хэрэгжүүлсэн.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ
2026.10.24. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкогийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй анхны айлчлал юм. Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэлд мэдээлэл хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд Найрамдах Зөвлөлийн дарга, Төлөөлөгчдийн танхимын дарга болон Ерөнхий сайд нар тус тус бараалхана. Айлчлалын үеэр хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, спорт, магадлан итгэмжлэл, гааль, харилцаа холбоо зэрэг салбарт хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх баримт бичгүүдэд талууд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Айлчлалын хүрээнд Минск хотноо “Монгол-Беларусийн бизнес форум”, “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж, Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” үндэсний урлагийн тоглолтыг толилуулна. Монгол Улс, Беларусь Улстай 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

Беларусийн ерөнхийлөгчийн мэндчилгээ
2026.07.14. Монгол улс. Улаанбаатар хот. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Лукашенко баяр наадмын мэндчилгээ ирүүллээ. “Танд Үндэсний баяр наадмын мэндчилгээг чин сэтгэлээсээ дэвшүүлж байна. Танай улсын түүхээс улбаатай энэ наадам нь Монгол орны давтагдашгүй байдал, соёлын өвөрмөц онцлог болон ард түмний шавхагдашгүй их эрч хүчийг тодоор харуулдаг. Наадмын бахархал нь түүхийн сурах бичгийн хуудсанд бус, харин монгол бөхийн сэтгэл зүрх, харваачдын нум сум, тал нутгаар давхих бяцхан хүлэгч бүрийн дотор оршдог. Эрхэмсэг Ерөнхийлөгч Танд болон Монголын ард түмэнд сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе. Монголын мөнх хөх тэнгэр үргэлж цэлмэг байх болтугай” гэжээ.

Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
2026.06.05. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Орда Михаил Сергеевич Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж байгааг тэмдэглэж, цаашид харилцан сонирхсон салбаруудад бодит хамтын ажиллагаа өрнүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, түүний дотор “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр”-ийн хүрээнд хамтрах боломжийн талаар санал солилцлоо. Элчин сайд Орда Михаил Сергеевич харилцаа, хамтын ажиллагааг нийтлэг ашиг сонирхол бүхий салбаруудад өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко 2024 онд манай улсад төрийн айлчлал хийсэн. Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ” байгуулсан юм. Үүнээс гадна талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар, байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан. Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй юм гэжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2026.01.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Д.Н.Гореликийг эх орондоо бүр мөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко 2024 онд төрийн тэргүүний түвшинд Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийсэн нь онцгой үр дүнтэй болсныг Ерөнхийлөгч онцоллоо. Д.Н.Горелик Элчин сайдаар ажиллах хугацаанд нь бүх талаар дэмжиж, хамтран ажиллаж байсан Монголын төр, засаг, ард түмэнд талархал илэрхийллээ. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийнэ гэлээ. Ерөнхийлөгч найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Элчин сайд Д.Н.Гореликийг “Найрамдал” медалиар шагналаа. Д.Н.Горелик 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байсан. Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон юм гэжээ.

Беларусийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ
2025.07.15. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко мэндчилгээ ирүүллээ. МЭНДЧИЛГЭЭНД: “Үндэсний баяр наадмыг тохиолдуулан Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Энэхүү уламжлалт баяр нь Монголын соёлын мөн чанарыг илэрхийлж, түүхийн өв соёлоо дээдэлж буй үндэстний хүч чадал, тэсвэр хатуужлыг илтгэн харуулдаг билээ. Манай улс Монгол Улстай өргөн хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг улам хөгжүүлж, ард түмэн хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхийг зорьж байгааг баталж байна. Мөнх хөх тэнгэрийн орон, танай үзэсгэлэнт улсад зочилсноо халуун дотноор эргэн санаж, Таныг тааламжтай цагтаа Беларусь Улсад айлчлах урилгаа дахин нотолж байна. Эрхэмсэг ноён Танд болон Монголын ард түмэнд энх тайван, сайн сайхныг хүсэн ерөөе” гэжээ.

БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко айлчлалаа өндөрлүүлэхээсээ өмнө дурсгалын мод тарилаа
2024.06.04. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтыг даван туулах хүч чармайлтад хувь нэмрээ оруулахыг бэлгэдэж “Монгол соёлын парк” цогцолборт дурсгалын мод тарилаа. Ерөнхийлөгч А.Г.Лукашенко мөн “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар”-т зочлох үеэрээ нүүдэлчин ахуй, зан заншлын талаар танилцан, морьт харваа, ардын урлагийн тоглолтын дээжээс толилуулсан бэсрэг наадам үзэж сонирхлоо. Ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлалынхаа үеэр “Чингис хаан” Үндэсний музейд зочилж, нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрнээс эхтэй улс, хаад болон төрийн түүхтэй танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар мэдээлэл хийлээ
2024.06.03. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний дүнгийн талаар мэдээлэл өглөө. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш беларусийн талаас төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны айлчлалын үеэр уламжлалт, найрсаг харилцааг бататгаж, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурсанд баяртай байгаагаа Ерөнхийлөгч нар илэрхийлэв. Талууд эдийн засаг, худалдаа, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө гэдгээ нотоллоо. Төрийн айлчлалын үеэр харилцаа, хамтын ажиллагааны ололт, амжилтыг бататган, эдийн засгийн агуулгаар баяжуулахад чиглэсэн, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Айлчлалын үеэр байгуулсан гэрээ, хамтын ажиллагааны замын зураглал, хэлэлцээр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, хууль, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, аялал жуулчлал, онцгой байдал, оюуны өмч зэрэг салбарт хамтрах тухай баримт бичгүүд, бизнес форум нь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдгийг төрийн тэргүүн нар тэмдэглэв. Төрийн айлчлалын үеэр хийсэн яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон асуудлын мөрөөр хоёр орны Засгийн газар, холбогдох байгууллагууд идэвх, санаачилгатай ажиллаж, бодит үр дүн гаргана гэдэгт итгэл төгс байгаагаа талууд илэрхийллээ. Монгол Улс нь Бүгд Найрамдах Беларусь Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг 1991 онд хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн улсын нэг байсныг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх онцлов. Мөн Беларусийн мэргэжилтнүүд үйлдвэр, завод, орон сууц, сургууль, цэцэрлэг, соёлын барилга, байгууламж болон Эрдэнэт, Дархан, Налайх, Багануур, Шарын гол зэрэг хот, суурин газрын бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж байсныг тэмдэглэв. Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсын хэрэгжүүлж буй гадаад бодлого, түүнийг хэрэгжүүлж буй прагматик хандлага бидэнд ойр, ойлгомжтой байдаг гээд, хоёр орны харилцаанд ямар нэг хүндрэл, үл ойлголцол байхгүй гэдгийг онцлов. Цаашид өргөн хүрээнд, урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг БНБУ-д төрийн айлчлал хийхийг урилаа.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтарна: “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн угсралт, үйлдвэрлэл, засвар, үйлчилгээний хамтарсан төв, үнээний хамтарсан ферм байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, шилмэл үүлдрийн үхрийн генийн нөөцийг сайжруулах, махны экспортыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Беларусийн эрдэмтэд археологи, малтлага, хээрийн судалгаанд оролцоно: Талууд боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Хоёр улсын Шинжлэх ухааны академи хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа бөгөөд беларусийн эрдэмтэд археологийн малтлага, хээрийн судалгааны ажилд оролцох боллоо. Олон монгол иргэн Беларусь Улсад суралцаж, боловсрол, мэргэжил эзэмшсэн. Одоо тус улсын тэтгэлгээр манай 28 оюутан Беларусийн техник мэргэжлийн дунд сургууль, их дээд сургуульд суралцаж байна. Цаашид Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллана: Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхийн нийтийн өмнө тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд олон улсын хамтын нийгэмлэг, улс орон бүрийн хүчин чармайлт, хувь нэмэр чухал гэдэгтэй санал нэгдэж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Беларусь Улстай хамтран ажиллахаар тохиролцлоо.

Монгол, Беларусийн хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
2024.06.03. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Төрийн айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурав. Тус гэрээ нь уламжлалт найрсаг харилцааны үндсийг тодорхойлох чухал баримт бичиг бөгөөд хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, улс төр, эдийн засаг, нийгэм, соёл болон бусад салбар дахь харилцаа өргөжин хөгжих юм. Талууд мөн доорх баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
Үүнд:
- МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛС ХООРОНД 2024-2026 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗАМЫН ЗУРАГЛАЛ
Харилцаа, хамтын ажиллагааг тухайлбал, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, барилга, уул уурхай, спорт, аялал жуулчлал, соёл, мэдээлэл зэрэг салбарт хөгжүүлнэ.
- БОЛОВСРОЛЫН БАРИМТ БИЧИГ, ЭРДМИЙН ЗЭРГИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР
Талууд бакалавр, магистр, доктор болон бусад төрлийн боловсролын баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрч, энэ салбар дахь харилцааг хөгжүүлэн, боловсролын чанарыг ахиулах талаар хамтран ажиллана.
- ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ, СОЛИЛЦОХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ТЭЭВРИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ
Беларусь Улсад байнга оршин суугаа монгол иргэд, Монгол Улсад байнга оршин суугаа беларусийн иргэд жолоодох эрхийн үнэмлэхээ тухайн суугаа улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солиулах боломжтой болно.
- ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ОНЦГОЙ БАЙДЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ
Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдал, түймэртэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллаж, салбар хоорондын мэдээлэл, туршлага солилцож, мэргэжилтэн бэлтгэнэ.
- ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ,
- ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ
Мэдээлэл, туршлага солилцох, арга хэмжээ зохион байгуулах, мэргэжилтэн сургах, мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Оюуны өмч эзэмшигч, зохиогчид бүтээлээ гадаад зах зээлд гаргах, эдийн засгийн эргэлтэд оруулахад хоёр улсын мэргэжлийн байгууллага ажлаа уялдуулна.
- ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ҮАБЗ-ИЙН АЖЛЫН АЛБА, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ҮАБЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗАР ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ,
- ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ҮНДЭСНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР
Шинжлэх ухааны академи хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох эрх зүйн үндэс бүрдлээ. Эрчим хүч, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, анагаах ухаан, эм зүй, хими болон нано зэрэг өргөн хүрээтэй салбарт хамтран ажиллах боломж нээгдэж байна.
- ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ҮНДЭСНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХООРОНДЫН ГЭРЭЭ
Хамтарсан судалгаа, инновацын төсөл хэрэгжүүлэх замаар шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг дэмжих, судлаач, мэргэжилтэн бэлтгэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, эрдэм шинжилгээний бага хурал, семинар, уулзалт зохион байгуулна.
- БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ЗАМЫН ЗУРАГЛАЛ
Замын зураглал нь эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, ахисан түвшний сургалт зохион байгуулах зэргээр хоёр улсын их, дээд сургууль хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хүмүүнлэг, соёл, урлагийн харилцаа, залуу үе хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх ач холбогдолтой.
- ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ЗАМЫН ЗУРАГЛАЛ
Хөдөө аж ахуйн салбарт өмнө байгуулсан баримт бичгийн хэрэгжилтийг хангаж, мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалангийн чиглэлээр ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх ажлын талаар тусгажээ.
- БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН БАЙГАЛИЙН БАЯЛАГ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ
Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах чиглэлээр салбар хариуцсан яам хоорондын урт хугацааны хамтын ажиллагааны үндсийг тодорхойлох баримт бичиг юм. Түүнчлэн байгалийн нөөцийн менежмент, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр туршлага солилцох, харилцан төлөөлөгч илгээх, эрдэм шинжилгээний семинар, хурал зэрэг арга хэмжээ хамтран зохион байгуулна.
- АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ
Аялал жуулчлалын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, туршлага, мэдээлэл солилцох, аялал жуулчлалын маркетинг болон сурталчилгаа хийх, хувийн хэвшлийн байгууллага хоорондын харилцааг хөгжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ
2024.06.03. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Бүгд Найрамдах Беларусь Улсын төрийн айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ. Айлчлалын үеэр байгуулах “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ” нь хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бататгах, найрсаг харилцааг хөгжүүлэх суурь баримт бичиг мөн болохыг тэмдэглэв. Хэлэлцээний үеэр Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан зорилтууд болон “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах талаар ярилцлаа. Худалдаа, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, онцгой байдал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо. Талууд төрийн айлчлалын үеэр хийсэн хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард иргэдийн сайн сайхны төлөө биеллээ олж, харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког албан ёсоор угтан авлаа
2024.06.03. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв. Хоёр орны Ерөнхийлөгч угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улсын болон Бүгд Найрамдах Беларусь Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй мэндчиллээ. Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав. Хоёр улс 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд беларусийн талаас Монгол Улсад анх удаа Төрийн тэргүүний түвшинд айлчилж байна.

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
2024.06.01. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн манай улсад хийж буй энэ айлчлал Монгол Улс, БНБУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны айлчлал юм. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, Засгийн газар, байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт хоёр тал гарын үсэг зурна. Мөн Монгол-Беларусийн бизнес форум зохион байгуулахаар төлөвлөж байна.

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г. Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2024.05.30. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийнэ. Айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Бүгд Найрамдах Беларусь Улсын төрийн тэргүүний түвшинд манай улсад хийж буй анхны айлчлал юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжүүлэх талаар ярилцана. Төрийн айлчлалын үеэр талууд “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ” болон Засгийн газар, байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын хооронд 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон юм.

