12 сар 4, 2024

Банк-100 түүхэн товчоон, Монголбанк-100: Баримтат эмхэтгэл

2024.07.04. Монгол Улс. Улаанбаатар хот. Монголбанк, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Ойрхи үеийн түүхийн салбарын түүхч эрдэмтэдтэй хамтран Банк-100 түүхэн товчоон хэмээх хамтын бүтээл, Монголбанк-100: Баримтын эмхэтгэлийг туурвилаа. Монголбанкны түүхт 100 жилийн ойд зориулан гаргасан дээрх хамтын бүтээл, баримт бичгийн эмхэтгэл нь дараах онцлог шинж чанартай байна. Үүнд:

  • Банк-100: Баримтын эмхэтгэлд 1990-ээд оноос өмнө хаалттай байсан архивын олон баримт харьцангуй нээлттэй болж, өнгөрсөн хугацаанд судалгааны эргэлтэд орж байгаагүй олон зуун эх сурвалж, баримт бичгийг эмхэтгэснээрээ Монгол Улсын банкны салбарын түүхийн судлалд шинэлэг болов.
  • Банк-100 түүхэн товчоон хамтын бүтээлд зохиогчид Монголбанкны 100 жилийн тухайн түүхийн тодорхой нөхцөлд хүмүүсийн оюун билгийн түвшинд нь асуудлыг испоризм буюу түүхэн арга зүйн үүднээс шинжлэн түүх, эдийн засаг судлалын шинэ арга зүйгээр бичгийг чармайв.
  • 1990 оноос өмнөх түүх судлалд, ялангуяа Монголын эдийн засаг-нийгмийн түүх судлалд зонхилж байсан түүхийн олон асуудлыг мушгин гуйвуулах, үгүйсгэх, Монгол-Зөвлөлтийн эдийн засаг, мөнгөний харилцааны асуудлыг гоёж чимэх, түүхэн хүмүүсийн үүргийг орхигдуулах, бэрхшээлтэй, зөрчилтэй талыг бүрхэгдүүлэх зэрэг асуудлыг аль болох даван туулахыг хичээжээ.

Дээрх бүтээлүүдээр зохиогчид өнгөрсөн зуун жилийн хугацаанд Монголын улс төр, нийгэм-эдийн засгийн түүхэнд Монголбанкны эзлэх байр суурь, гүйцэтгэсэн үүргийг эерэг, сөрөг аль нэг тал руу нь хэт туйлшруулахгүйгээр, тэнцвэртэй, эргэцүүлэн тунгааж, түүхэн үйл явдалд бодит үнэлгээ өгөх боломжийг уншигчдад олгохыг зорив гэжээ.