12 сар 6, 2024

Адам Смитийн онол…

Улс орны баялаг яаж бүтдэг вэ. Зарим орон баян чинээлэг хүчирхэг байхад, зарим нь яагаад ядуу буурай байдаг вэ гэсэн асуулт эрт дээр үеэс хүн төрөлхтний анхаарлын төвд байсаар ирсэн. Дээрх асуултад хариулт олохоор зарим хүмүүс эдийн засгийн харилцааг судалж, өөр өөрсдийн онолыг дэвшүүлж байсан юм. Эдийн засагт хамгийн анхны онолыг 17-р зууны үед меркантилистууд гаргаж ирсэн гэдэг. Меркантилистуудын гол төлөөлөгчид болох Стаффорд, Скаруффи, Серра, Монкретьен: Улс орны баялаг гүйлгээний хүрээнд бий болдог гэж тайлбарлаж байжээ. Тиймээс тэд их худалдаж, бага худалдан авахыг зөвлөж байсан юм. Ингэхдээ аль нэг орноос хямдхан авч, нөгөө оронд үнэ хүргэж зарахыг зөвлөж байжээ. Үүнээс гадна, импортын татварыг өсгөж, экспортын татварыг бууруулвал, гадаад худалдаа ашигтай, улс орон хүчирхэг болж, баялагаа нэмэгдүүлнэ гэж меркантилистууд сургаж байжээ. Меркантилистууд гадаад худалдааны бодлого, дотоодын зах зээлээ хамгаалах онолыг гаргасан нь эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан ч, тэдний сургаалийг физиократууд алдаатай гэж шүүмжилж байжээ. Меркантилистууд улс орны баялаг гүйлгээний хүрээнд буюу гадаад худалдаа ашигтай байхад бий болдог гэж үзэж байсан бол, 18 зууны үед физиократуудын төлөөлөгч Францын эдийн засагч Кенн: Баялаг хөдөө аж ахуйн салбарт бий болдог. Газрын шим, тариачдын хөдөлмөрийн үр дүнд баялаг бий болдог гэж үзжээ. Меркантилистууд болон физиократууд эдийн засгийн суурь ухааныг нээхэд ихээхэн ач тустай онолуудыг гаргасан ч, баялагийг чухам хэн бүтээгдэг вэ гэдгийг аль аль нь нээж чадаагүй гэдэг. Тиймээс тэднээс хойш үеийн эдийн засагчид баялгийн тухай янз бүрийн онол дэвшүүлж иржээ. Шотландын эдийн засагч, филисофич Адам Смит: Өөрийнхөө хамгийн сайн хийж чадах үйлчилгээг явуулж, эсвэл хүмүүст хэрэгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж ашиг олно. Олсон ашгаараа өөрт хэрэгтэй байгаа бүтээгдэхүүнийг сольж авна. Хүн бүр ийм замаар бүтэгдэхүүн үйлдвэрлэж ашиг олвол энэ нь нийгмийн баялагийг бүтээнэ гэж үзэж байжээ. Өөрөөр хэлбэл, зах зээлийн эдийн засагт эрэлт нийлүүлэлтийн хуулиар бараа таваарын үнэ зохицуулагдана гэдгийг анх нээсэн хүн Адам Смит юм.

Translate