11 сар 15, 2024

Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулав…

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай буюу төсвийн тодотголын төслүүдийг эцэслэн баталлаа.

Эрүүл мэндийн салбарт улсын төсвөөс 241.2 тэрбум төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангаас 493.9 тэрбум төгрөг, нийт 735.1 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийн эх үүсвэрийг төсвийн тодотголд тусгалаа. Үүнд:

1. Халдварын тархалт нэмэгдсэнтэй уялдан гарч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор  шаардлагатай ECMO, CRRT, амьсгалын аппарат, хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, нийслэлд нэмэлтээр ковидын 2,000 ор дэлгэхэд шаардагдах зардалд нийт 110.0 тэрбум төгрөг;

2. Резидент эмч нар, эрүүл мэндийн чиглэлээр төгсөх дамжаанд суралцаж байгаа оюутан, сайн дурын ажилчдыг цар тахлын эсрэг тусламж, үйлчилгээг хүргэхэд эмнэлгүүдэд нэмэлт хүч болгон  ажиллуулахад шаардагдах цалингийн зардал 3.7 тэрбум төгрөг;

3. Цар тахлын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг дэмжих зорилгоор улаан бүсэд ажиллаж байгаа 13 мянган эмч, ажилчдад 2 сая төгрөг, эрүүл мэндийн салбарын бусад 19.5 мянган ажилчдад 1 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгоход зориулж нийт 45.6 тэрбум төгрөг;

4. Ковид-19 шинэ хэлбэрийн халдвар дэгдэх, өвчлөлийн нөхцөл байдал хүндрэх эрсдэлээс сэргийлэх, эрт илрүүлэхэд нэн шаардлагатай молекул биологийн шинжилгээний урвалж, оношлуур, вирусын эсрэг эмийн нөөцийг бүрдүүлэхэд шаардлагатай зардал 61.9 тэрбум төгрөг;

5. Манай улсад тархсан Ковид-19 вирусийн төрөл, хэлбэр болон вирусийн эсрэг хийсэн вакцины үр нөлөө,  дархлааны хамгаалах идэвхийг судлах судалгаанд зориулж 2.4 тэрбум төгрөг;

6. Хүн амд халдварт вирус болон түүнээс урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд эмчлэх талаар зохих мэдлэг, мэдээлэл олгох, заавар зөвлөмжийг хүргүүлэхэд зориулж 6.6 тэрбум төгрөг;

7. Эрүүл мэндийн салбарын мэдээллийн нэгдсэн цахим тогтолцоог бүрдүүлэх, өвчтөний мэдээлэл, өвчний түүх, дүрс оношилгооны мэдээллийг архивлан хадгалах, мэдээлэл солилцох, телемедицин, зайн анагаах ухааныг цогцоор нь хөгжүүлэхэд шаардлагатай программ хөгжүүлэлт, коронавируст халдвар (КОВИД-19)-ыг илрүүлэх болон дархлаажуулалтын цахим системд нэмэлт өөрчлөлтийг хийхэд нийт 3.0 тэрбум төгрөг;

8. Вакцины хяналтын лабораторийн болон эрүүл мэндийн салбарын зайлшгүй шаардлагатай бусад ТЭЗҮ боловсруулахад шаардагдах зардал 8.0 тэрбум төгрөгийг тус тус тусгасан байна.

Иргэдийн орлогыг хамгаалах, амьжиргааг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг 2021 оныг дуустал үргэлжлүүлэхээр тооцож төсвийн тодотголоор холбогдох зардлыг шийдвэрлэсэн байна.

1. Ковид-19 цар тахлын тархалт өндөр  хэвээр байгаа нь эм, хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг нэн шаардлагатай бараа, үйлчилгээний   худалдан авалтад нөлөөлж,  өрх, иргэдийн орлогод эрсдэл үүсэхээр байгааг харгалзан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр 2021 оны долоодугаар сарын 1 хүртэл олгох байсан хугацааг сунгаж 2021 оныг дуустал үргэлжлүүлэн олгохоор шийдвэрлэжээ. Энэхүү арга хэмжээнд нийт 576 тэрбум төгрөг нэмж тусгасан байна.

2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, халамжийн тэтгэвэр авдаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн болон өнчин хүүхдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэмжээгээр нь 2021 оныг дуустал хугацаанд  үргэлжлүүлэн олгоно. Энэхүү арга хэмжээнд нийт 42.9 тэрбум төгрөг төсвөөс нэмж тусгасан байна.