12 сар 19, 2024

Арилжааны банкуудын дүрмийн сан 100 тэрбум төгрөг болно…

Арилжааны банкны дүрмийн сан гэж тухайн бизнесийг эрхлэхэд зайлшгүй байх ёстой хөрөнгийг хэлдэг. Манай улс дөнгөж зах зээлийн эдийн засагт шилжиж байх тэр үед 50 сая төгрөгтэй хүн арилжааны банк байгуулж болдог байлаа. Өөрөөр хэлбэл, арилжааны банкны дүрмийн сангийн доод хэмжээ тухайн үед 50 сая төгрөг байсан юм. Үүнээс хэдэн жилийн дараа буюу 1996 онд банкны тухай хуульд өөрчлөлт оруулж, арилжааны банкуудын дүрмийн сангийн доод хэмжээг 400 сая төгрөг болгож өөрчилсөн юм. Арилжааны банкуудын дүрмийн сангийн доод хэмжээг өмнө нь ийнхүү хуулиар тогтоож байсан бол, 1999 онд банкны тухай хуульд өөрчлөлт оруулж, арилжааны банкуудын дүрмийн санг шинэчлэн тогтоох эрхийг төвбанкны ерөнхийлөгчийн мэдэлд шилжүүлсэн байна. Энэ цагаас эхлэн төвбанкны үе үеийн ерөнхийлөгчид бүрэн эрхийнхээ хүрээнд арилжааны банкуудын дүрмийн сангийн доод хэмжээнд өөрчлөлт оруулж иржээ. Тухайлбал, 2000 онд арилжааны банкны дүрмийн сангийн доод хэмжээг 1 тэрбум төгрөг болгосон бол, 2002 онд 2 тэрбум төгрөг, 2004 онд 4 тэрбум төгрөг, 2006 онд 8 тэрбум төгрөг болгож өөрчилжээ. Удалгүй арилжааны банкуудын дүрмийн сангийн хэмжээг дахиад өсгөх шийдвэр гарсан юм. Тодруулбал, 2013 оны тавдугаар сарын 1-нээс банкуудын дүрмийн сангийн хэмжээг хоёр дахин өсгөж, 16 тэрбум төгрөгт хүргэх шийдвэрийг төвбанкны удирдлагууд 2011 онд гаргасан юм. Монголбанкны Ерөнхийлөгч Лхагвасүрэн: Хадгаламж эзэмшигчдийн мөнгийг зээлд гаргаж ашиг олдог арилжааны банкуудын хувь нийлүүлэгчдийг үүрэг хариуцлагатай байлгаж, тэдний хөрөнгийг банк руу нэмж татан төвлөрүүлэх. Нөгөө талаас гадаадын томоохон банкуудад зах зээлээ алдахгүйн тулд дүрмийн санг нэмэгдүүлэх замаар банкуудыг томруулах бодлого төвбанк барьж байгаа тул дүрмийн санг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан болохыг тухайн үед хэлж байлаа. Төвбанкнаас тавьсан шаардлагыг тухайн үед 7 арилжааны банк хангаж байсан гэдэг. Шаардлага хангасан арилжааны банкууд Монголбанкнаас гаргасан шийдвэрт донслох зүйлгүй байсан нь мэдээж. Харин үлдэх банкууд 2013 он гэхэд дүрмийн сангаа нэмэгдүүлж чадахгүй бол үйл ажиллагаа явуулах эрхгүй болно гэдгийг төвбанкныхан хэлж байсан юм. Энэ нь жижиг банкуудад хүндээр тусч байсан нь ойлгомжтой. Тиймээс жижиг банкуудын байр суурийг харгалзаж үзэж дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан эсэхэд Монголбанкны Ерөнхийлөгч Лхагвасүрэн: Жижиг банкууд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татаж дүрмийн сангаа нэмэгдүүлж болохоос гадна, өөр хоорондоо нэгдэж нийлэх байдлаар Монголбанкнаас тавьж буй шаардлагыг хангах боломжтой гэсэн тайлбарыг тэр үед өгч байсан юм. Арилжааны банкууд халуун ам бүлээрээ үлдэх үү. Эсвэл долоо нь үлдэж, долоо нь энэ зах зээлээс явах уу гэдэг томоохон сорилттой ийнхүү тулсан он жилүүд өнгөрсөн билээ. 

-Банкуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн тогтоов-

Банкны хяналт шалгалтын дунд хугацааны стратегийг хэргжүүлэх хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны аравдугаар сарын 30-ны өдрийн А-276 тоот тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс 100 тэрбум төгрөг болгож тогтоох шийдвэр гарсан байдаг. Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн өсгөсөн нь ирэх дөрвөн жилийн хугацаанд манай улсын эдийн засгийн байдал сэргэж, өснө гэсэн тооцоолол судалгаанд үндэслэсэн болохыг төвбанкныхан хэлдэг юм. Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлснээр банкуудын санхүүгийн зуучлалын үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, эрсдэл даах чадварыг сайжруулах нөхцөл бүрдэнэ. Мөн жижиг банкуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, санхүүгийн салбарт зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа банкуудын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, хүүгийн түвшинг бууруулах боломж бүрдэнэ гэж төвбанк үзэж байгаа юм. Банкны хувь нийлүүлсэн хөрөнгө нь банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, тэдгээрийн хөрөнгийг хамгаалах, банк алдагдал хүлээх тохиолдолд алдагдлын тодорхой хэсгийг нөхөх гол үүрэгтэй. Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн зохистой хэмжээ нь улс орны банк, санхүүгийн тогтолцооны найдвартай, хэвийн байдлыг хангахад гол нөлөө үзүүлдэг бөгөөд банкны үйл ажиллагааны алдагдлыг шингээж чадахуйц хэмжээний хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байснаар банкны актив чанаргүй болох үед банкийг төлбөрийн чадваргүй болохоос тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлж чаддаг. Монголбанкны тухай хуулийн 19.1, 28.1.2, Банкны тухай хуулийн 35.2 дахь хэсэгт зааснаар Монголбанк өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг эдийн засгийн байдал, мөнгөний ханшны өөрчлөлт, банкны төлбөрийн чадвар, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан тогтоосон нь энэ юм. Энэ шийдвэр нь 2017 оны наймдугаар сараас эхлэн арилжааны банкуудад хийгдэж байгаа активын чанарын үнэлгээ, түүний үр дүнтэй холбоогүй болохыг төвбанкныхан хэлдэг. Активын чанарын үнэлгээний гол зорилго нь банкны санхүүгийн тайлан тэнцэлд бүртгэгдсэн байгаа зээл, түүнтэй адилтган тооцох актив хөрөнгийн ангиллыг бодитой үнэлсэн эсэх, зээлийн эрсдэлийн санг зохистой байдлаар байгуулсан эсэх, зээлийн үйл ажиллагаатай холбоотой эрсдэл учирсан тохиолдолд алдагдлыг шингээх хангалттай хэмжээний нөөц бололцоо байгаа эсэхийг үнэлдэг байна. 

Б.Жавхлан: Дүрмийн сан гэдэг бол машинаар зүйрлэвэл даац нь юм

2018 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр VIP76 цахим сайтын сэтгүүлчийн асуултад УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан: Манай эдийн засаг маш хурдтай өсч байгаа. Үүний тусгал нь банкны системд байдаг. Дүрмийн сан гэдэг бол машинаар зүйрлэвэл даац нь юм. Банкны үйл ажиллагаа нь тэлээд байдаг. Ард иргэд итгээд мөнгөн хөрөнгөө хадгалуулдаг. Түүнийг даах чадвараа л нэмэгдүүлэх ёстой. Одоо банкуудын дүрмийн сан 50 тэрбум төгрөг байгаа. Үүнийг 100 тэрбум болгож өсгөх шаардлагыг Төв банкнаас гаргасан. 2021 он гэхэд банкууд дүрмийн сангаа 100 тэрбум болгох ёстой. Шинээр банк байгуулахаар болбол босго дүрмийн сан нь 100 тэрбум байна. Хэрвээ арилжааны банкууд заасан хугацаанд дүрмийн сангаа 100 тэрбум болгож чадахгүй бол байхгүй болно гэсэн үг. Даацаа нэмж чадаагүй учраас тийм чадваргүй банк байх ёсгүй гээд хаана. Дүрмийн сангийн түүхийг харах юм бол анх 400 сая төгрөг байсан юм. Дараа нь 4, 8, 16, 50  тэрбум төгрөг гээд нэмэгдүүлж ирсэн. Ингэх болгонд банкуудын тоо цөөрч ирсэн юм. Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжсэн үеэс өнөөг хүртэлх хугацаанд 10 гаруй банкны үйл ажиллагаа зогссон байдаг. Дампуурсан тохиолдол бүрийг эргээд судлахад төв банк хяналт шалгалтаа буруу хийсэн, түүнээс нь болоод эздэд нь хохирол учирсан гэж шүүхээр тогтоогдсон зүйл байхгүй. Харин банк дампуурснаас болоод хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулахад татвар төлөгчдийн мөнгө рүү халдсан гашуун түүх бий. Цаашид энэ алдааг дахин давтахгүйн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой. Үүний төлөө хуулийн өөрчлөлтийг хийж байна хэмээн хариулсан байна. Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудын дүрмийн сан 100 тэрбум төгрөг болох шийдвэр 2017 оны аравдугаар сарын 30-ны өдөр гарчээ. Харин уг шийдвэр 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Шийдвэр эрт гарсан тул арилжааны банкуудад бэлтгэлээ базаах хангалттай хугацаа байсан гэсэн үг. Хэрхэн бэлтгэлээ хангасан нь оны эцэст тодорхой болох юм.

Translate