12 сар 22, 2024

Тэмээний ноосноос ноолуур гарган авч болно…

-МЭӨ 1200-1700 оноос эхлэн төв Азид хос бөхт тэмээн гөрөөс амьдарч байжээ-

МЭӨ 1200-1700 оноос эхлэн төв Азид хос бөхт тэмээн гөрөөс амьдарч байжээ. Өнөөдөр энэ амьтны үр төл болох хоёр бөхтэй тэмээ дэлхийн цөөнгүй оронд бий. Гэхдээ манай улс хамгийн их буюу 285 мянган тоо толгой тэмээтэй гэх судалгаа байдаг. Үүний 70 хувь нь говийн бүсэд тоологджээ. Монголчууд эм тэмээг ингэ, эр тэмээг буур гэж нэрлэдэг. Харин дөнгөж гарсан төлийг ботго гэж нэрлэнэ. Ботго томрох тусам түүнийг өөрөөр дууддаг. Хоёр настай тэмээг тором, гурван настайг тайлаг, дөрвөн настайг ат гэж нэрлэдэг юм. Тэмээг дөрвөн нас хүрмэгц нас биед хүрлээ гэж үздэг. Монгол тэмээ ойролцоогоор 30 жил насалдаг. Ингэн тэмээ амьдралынхаа туршид ойролцоогоор 7-8 ботго гаргадаг. Үр төлөө 400 хоног тээж ботголдог онцлогтой. Тэмээний бас нэг онцлог бол хоёр бөхтэй тэмээ 60 хүртэл хоног усгүй байж чаддаг. Тэмээний хоёр бөхөнд их хэмжээний өөх тос хуримтлагдсан байдаг учраас олон хоногийн усны хэрэгцээгээ өөрөөсөө хангаж чаддаг байна. Тэмээ нь хоёр сар усгүй байж чаддаг учир монголчууд эрт дээр үеэс энэ амьтныг жин тээх зориулалтаар ашиглаж иржээ. Нэг тэмээ дунджаар 200-240 килограмм ачаа даадаг. Энэ ачааны 15 хувийг хом шатны жин эзэлдэг байна. Энэ нь ачаа ачихад тэмээний бөхийг холгож гэмтэхээс хамгаалдаг хэрэгсэл юм.

-Тэмээний ноосыг үйлдвэрлэлд ихээр хэрэглэж байна-

Тэмээг жин тээхэд эрт дээр үеэс ашиглаж ирснээс гадна говийн бүсийн айл өрхүүд мах, сүүний чиглэлээр ахуйн хэрэглээндээ мөн ашигладаг. Ботголсон ингэний саалийн үе нь дунджаар 528 хоног үргэлжилдэг. Энэ хугацаанд ингэ 1000 орчим литр сүү өгдөг байх жишээтэй. Үүгээр ч зогсохгүй тэмээний ноосыг өнөөдөр үйлдвэрлэлд ихээр хэрэглэж байна. Өнөөдөр манай улсад тэмээний ноосоор цөөнгүй компани бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад, дотоодын зах зээлд нийлүүлж байна. Малчид тэмээний ноосыг хавар самнаж үндэсний үйлдвэрлэгчдэд худалддаг. Ердийн тэмээнээс жилд 8 орчим килограмм ноос гардаг. Тэгвэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Булга, Ханхонгорын тэмээний ноосны гарц бусад аймгийн тэмээнүүдээс илүү сайн байдаг аж. Эдгээр сумдын малчид жилдээ буурнаас 16 килограмм, ингэнээс 12 килограмм ноос авдаг байх юм. Энэ нь ердийн тэмээнийхээс хоёр дахин их үзүүлэлт. Тэмээний нарийн ноосонд ноолуур ихээр агуулагддаг байна. Тиймээс нарийн ноос, ноолуурын чиглэлийн тэмээг үржүүлэх ажлыг салбарын яамнаас дэмжиж, төсөл хэрэгжүүлж байсан удаатай. Одоогоос 10 гаруй жилийн өмнө 50 мянган тэмээнээс нарийн ноосны чиглэлийн 2 буур, 20 ингэ шилж лабораторийн шинжилгээ хийсэн байдаг. Шинжилгээгээр ноолуурын агууламж жирийн тэмээг бодвол 14,7 хувиар илүү гарсан юм. Энэ нь монгол ямааны ноолууртай адил үзүүлэлт гэж ойлгож болох юм.

-Эсгий болон ноосоор хийсэн гар урлал дотоодын зах зээлд эрэлттэй байдаг-

Ноосоор эсгий урлал хийх нь элбэг. Эсгий урлагт суралцахад тийм ч хэцүү биш аж. Сурах эрмэлзэл байгаад хичээвэл 15 хоногт сурч болдог гэнэ. Ноосон эдлэлийн гар урлалыг дэмжих төв төрийн бус байгууллагын дэд захирал Цэнд-Аюуш: Гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг, дунд бизнес эрхлэгчид эхэндээ зөвхөн гадаадын жуулчдад зориулж бүтээгдэхүүн хийдэг байлаа. Харин сүүлийн үед гадаадын жуулчдаас илүүтэй, монгол иргэд гар урлал худалдан авах нь ихэссэн. Тиймээс монгол иргэдэд зориулж бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь ихэсч байгаа тухай хэдэн жилийн өмнө хэлж байсан юм. Эндээс эсгий болон ноосоор хийсэн гар урлал дотоодын зах зээлд эрэлттэй болох нь харагддаг. Ноосон эдлэлийн гар урлалыг дэмжих төв төрийн бус байгууллага эсгийгээр хэрхэн гар урлал хийхийг үнэ төлбөргүй зааж, сургалтанд хамрагдсан иргэдийн хийсэн бүтээгдэхүүнийг худалдан авч, эсвэл худалдан борлуулж өгдөг тухай хэдэн жилийн өмнө ярьж байсан билээ. 

-Ноосны урамшууллын цахим системтэй болов-

2020 онд хонины ноос бэлтгэх хэмжээг 25 мянган тонн, тэмээний ноос бэлтгэх хэмжээг 1,1 мянган тонн байхаар төлөвлөсний дагуу нийт 89 үйлдвэрт хонь, тэмээний ноос бэлтгэлийн баримт олгожээ. 2020 оны түүхий эд бэлтгэлийн ажилд оролцохоор баримт олгогдсон 89 үйлдвэрээс 83 үйлдвэр нь 23,7 мянган тонн хонь, тэмээний ноос бэлтгэн авч үйлдвэрлэлээ явуулж байгаа юм. Давхардсан тоогоор 82 үйлдвэр 22,7 мянган тонн хонины, 17 үйлдвэр 0.9 мянган тонн тэмээний ноос бэлтгэсэн байна. Үндэсний үйлдвэрлэгчид 22,7 мянган тонн хонины ноос бэлтгэн авсан нь 2020 онд Монгол Улсаас бэлтгэгдэх боломжтой хонины ноосны нөөцийн 58,7 хувийг, 0,9 мянган тонн тэмээний ноос бэлтгэн авсан нь 2020 онд Монгол Улсаас бэлтгэгдэх боломжтой тэмээний ноосны нөөцийн 47,4 хувийг тус тус эзэлж байна. Хонь, тэмээний ноосны урамшууллыг бүртгэх цахим системд 2020 онд үндэсний үйлдвэрт 19,6 мянган тонн ноос тушаасан 90,064 малчин, малтай өрх 31,2 тэрбум төгрөгийн урамшуулалд хамрагдахаар бүртгэгдсэн байна. Малчдыг QR коджуулан бүртгэлжүүлэх ажил хийгдэж эхэлсэн тул ноосны урамшууллын систем 2021 оноос эхлэн малчдын цахим бүртгэлд үндэслэгдэхээр болсон. Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2011 оны 30-р тогтоол, Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай журмын тухай Засгийн Газрын 2019 оны 343-р тогтоолыг мөрдлөг болгон 2020 оны хонь, тэмээний ноос бэлтгэлийн ажлыг зохион байгуулсан талаар салбарын яамнаас нь мэдэгдэж байгаа юм.

-Биржээр арилжсан ноос, ноолуур экспортолно-

Мөн мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар Мал эмнэлгийн гэрчилгээний загвар, хэрэглэх зааврыг шинэчлэн баталсан. Энэхүү өөрчлөлтийн хүрээнд Олон улсын мал эмнэлгийн цахим гэрчилгээ авахад Хөдөө аж ахуйн биржээр арилжсан бараа, түүхий эдийн тодорхойлолтыг шаарддаг болж байна. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд болох ямааны ноолуур, хонь, тэмээний болон завод ноосыг экспортод гаргахдаа заавал биржийн арилжаанд оролцсон тодорхойлолтыг үндэслэн цахим гэрчилгээг олгох юм. Мал эмнэлгийн гэрчилгээний загвар, хэрэглэх зааврыг 2021 оны дөрөвдүгээр сарын 1-нээс нийтээр дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд энэхүү журам нь Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах чухал ач холбогдолтой юм. Хөдөө аж ахуйн биржээр арилжаалах бараа, түүхий эдийн нэр төрөл тус бүрээр биржийн итгэмжлэл хүсэгчид тавих шалгуур үзүүлэлтийг гаргасан байдаг. Тус шалгуур үзүүлэлтийг хангасан, арилжаанд орох бараа, түүхий эдийг хүлээн авч анхан шатны тордолт, чанарын хамгаалалт хийж хадгалах, боловсруулах үйлчилгээ үзүүлдэг этгээдэд бирж итгэмжлэл олгож гэрээ байгуулан хамтран ажилладаг. Энэ онд үр тарианы 23, түүхий эдийн 100 агуулах итгэмжлэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд Хөдөө аж ахуйн биржийн шалгуур үзүүлэлтийг хангасан 14 агуулахад итгэмжлэл олгожээ. Мөн 67 агуулахыг итгэмжлэх үйл явц бичиг баримтын бүрдүүлбэрийн шатанд явагдаж байгаа юм. 2021 оны сүүл гэхэд төлөвлөгөөний дагуу биржийн итгэмжлэлийг бүрэн олгох зорилт тавин ажиллаж байна гэж салбарын яамнаас нь мэдэгдэж байгаа юм.