12 сар 6, 2024

Эрдэнэт -Овоотын чиглэлд 547 км төмөр зам концессоор барина

“Аспайр майнинг” компани нь Австрали улсад хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2006 онд анх байгуулагдсан. Улмаар 2007 онд Австралийн хөрөнгийн биржэд хувьцаагаа гаргаж, санхүүжилт босгосон байдаг. Анх Австрали улсад төвлөрч үйл ажиллагаа явуулж байсан тус компани, 2010-2011 онд үйл ажиллагаагаа манай улсад төвлөрүүлсэн байна. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд гол төлөв өмнийн говийг зорьж, ашигт малтмал хайж буй. Тэгвэл тус компани манай улсын хоймор нутгаар хайгуул, судалгааны ажил хийж байгаа юм. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт олборлолтын нэг, хайгуулын гурван тусгай зөвшөөрлийг хамарсан 430 хавтгай дөрвөлжин талбайд нүүрсний хайгуул хийж байгаа. Эдгээрийг бүхэлд нь “Овоот” төсөл хэмээн нэрийддэг бөгөөд нийт талбайн 20 хувьд хайгуул хийгээд байгаа юм.

Одоогоор тус ордод JORC стандартаар 225 сая тонн нүүрс тогтоогоод байгаа ч, цаашид нөөц нь нэмэгдэх боломжтой гэлцдэг. Энэ ордоос жилд 5-12 сая тонн нүүрс олборлож хойд болон урд хөршид нийлүүлэхийн зэрэгцээ, баруун европ, хойд азийн орнуудад төмөр замаар хүргэхээр төлөвлөж байгаа юм. Гэхдээ энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад, төмөр зам юу юунаас илүү чухал. Тиймээс “Аспайр майнинг” компани  “Эрдэнэтээс-Овоот” хүртэл төмөр зам барьж, эзэмших, ашиглах зориулалт бүхий “Нортерн Рэйлвейс” салбар компаниа манай улсад байгуулсан байх юм. Уг салбар компани төмөр замын техник эдийн засгийн үндэслэлийг өнгөрсөн хугацаанд хэд хэдэн компаниар хийлгэжээ. Тухайлбал, уг төмөр замын урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг “Оптимал Прожектс” компаниар 2012 оны хоёрдугаар сард анх хийлгэсэн байгаа юм.

Тэгвэл “Калибр рейл” компани энэ  шугамаас баруун зүгт 50 киллометр газарт төмөр зам барьж болох хувилбарыг санал болгожээ. Энэ дагуу төмөр замын баруун хэсгийн урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг “СМИК Интернэшнэл Лимитед” компаниар 2013 оны гуравдугаар сард хянуулжээ. Тус компани төмөр замын нийт урт нь 547 киллометр байх бол, хөрөнгө оруулалтад 1.3 тэрбум америк доллар шаардлагатай гэсэн ТЭЗҮ боловсруулсан гэгддэг. “Нортерн Рэйлвэйс” болон “СМИК Интернэшнэл Лимитед” компаниуд хамтран  “Эрдэнэт-Овоот”-ын чиглэлийн төмөр замын шугамыг дахин оновчтой болгох юм. Инженерчлэлийн шийдэл эцэслэн гарсны дараа бүтээн байгуулалтын ажлыг ойролцоогоо гурван жилийн дотор гүйцэтгэх боломжтой гэж “Нортерн Рэйлвэйс” болон түүний толгой компани “Аспайр майнинг” үзэж байгаа.

Өөрөөр хэлбэл, төмөр замын шугамын бүтээн байгуулалтыг 2017 онд дуусгах боломжтой гэж үзэж байгаа юм. Гэхдээ концессийн гэрээ хэзээ хийгдэхээс энэ нь ихээхэн хамаарна гэж “Аспайр майнинг” компанийн зүгээс мэдэгдэж байлаа. Тэгвэл засгийн газар өнгөрсөн гуравдугаар сарын 24-нд хуралдаж, “Эрдэнэт -Овоот”-ын чиглэлд барих төмөр замын төслийн шууд гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, зохих журмын дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд  Д.Эрдэнэбат, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нарт мөн даалгаад байсан юм.  Тэгвэл өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Концессын барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Эрдэнэт хотоос Овоотын уурхай чиглэлийн төмөр зам төсөл”-ийн гэрээг “Нортерн Рэйлвэйс” ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олголоо.

Гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгасан байна. Мөн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрөл, бусад шаардлагатай тусгай зөвшөөрөл, нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгож батлахыг холбогдох сайд нарт даалгажээ. Шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг Улаанбаатар төмөр замтай холбох ажлыг зохион байгуулж, концесс эзэмшигч болон “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг хооронд төмөр замын шугамын холболтын гэрээ байгуулах ажилд хяналт тавьж, дэмжлэг үзүүлэхийг Зам тээврийн сайдад даалгажээ.

Мөн шаардлагатай мэргэжилтэй ажиллах хүчийг үе шаттайгаар бэлтгэн, мэргэшүүлж, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж ажиллахыг Хөдөлмөрийн сайдад үүрэг болголоо. УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д баруун чиглэлийн төмөр замыг ирээдүйд ашиглах ордууд болон байгалийн тогтцыг нь бүс нутгийн хөгжлийн бодлого, хүн амын суурьшилтай уялдуулан авч үзэж нэн даруй төлөвлөх, 2014 оны 53 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжлүүлэх үндсэн чиглэл”-д “Могойн гол-Эрдэнэт 500 км” төмөр замын ажлыг төсвийн бус эх үүсвэр, концессоор хэрэгжүүлэх, 2015 оны 41 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-т Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын барилгын ажлыг 2015 оны хоёрдугаар хагаст эхлүүлэхээр тусгасан байдаг.

Энэ дагуу  “Эрдэнэтээс Овоотын уурхай чиглэлийн төмөр зам төсөл”-ийн концессын гэрээний төслийг Засгийн газрын энэ оны 111 дүгээр тогтоолын дагуу боловсруулжээ. Концессын гэрээний төсөлд төслийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь урьдчилсан ТЭЗҮ-ээр 1.3 тэрбум ам.доллар байхаар гарсан. Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор бий болгосон энэ хөрөнгөөр 5 жилийн дотор 547 км төмөр замын ажлыг барьж байгуулах ёстой юм. Концессын гэрээг 30 жилийн хугацаатай байгуулах юм. Энэ хугацаанд концесс эзэмшигч нь концессын зүйлийг 100 хувь эзэмшиж ашиглана. Харин гэрээний хугацаа дуусгавар болод үед төмөр замын суурь бүтцийг төрийн өмчлөлд шилжүүлэх юм байна. Концессын гэрээ байгуулж, дээр дурдсан хугацаанд төмөр замаа баривал, Овоотын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болох юм.

Translate