Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

8 сар 2015
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 7-р сар   9 сар »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Царцаагдсан барилгуудын санхүүжилт дахин гацлаа

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 7 дугаар тогтоол өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдөр гарсан. Уг тогтоолд 2008-2014 онуудын хөрөнгө оруулалтад тусган бүрэн хэрэгжүүлж дууссан ч, гэрээний үлдэгдэл санхүүжилт бүхий төсөл, арга хэмжээг векселиэр санхүүжүүлэхийг Засгийн газарт даалгасан юм. Мөн 2014 оны төсвийн тухай хуульд заасан, бодит гүйцэтгэл нь энэ оны нэгдүгээр сарын нэгний өдрийн байдлаар 80-аас дээш хувьтай төсөл, арга хэмжээг векселиэр санхүүжүүлэхийг Засгийн газарт давхар даалгасан. Өөрөөр хэлбэл, төрөөс захиалга өгч аж ахуйн нэгжүүдээр ажил хийлгэчихээд, төлбөрийг нь компаниудад хожим нь вексель гаргах замаар барагдуулахаар шийдвэрлэсэн хэрэг. Сангийн яам дээрх тогтоолын дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдаас векселиэр санхүүжих төсөл, арга хэмжээний саналыг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд оруулжээ. Улмаар өнгөрсөн сарын 7-нд Засгийн газрын 282-р тогтоол гарч, УИХ-ын 7-р тогтоолыг хэрэгжүүлэх боломжтой болсон байна.

УИХ болон Засгийн газрын дээрх тогтоолуудын дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн 286 аж ахуйн нэгжийн 176 гаруй тэрбум төгрөгийн өртөг бүхий 235 төслийг хянаж, санхүүжилт олгогдохоор байгаа. Үүнийг дотор нь задалж үзвэл, 2014 оны Төсвийн тухай хуульд заасан, бодит гүйцэтгэл нь 2015 оны нэгдүгээр сарын нэгний байдлаар 80-аас дээш хувьтай, 44 гаруй тэрбум төгрөгийн 100 төсөл. Улсын төсвийн 2012-2014 оны хөрөнгө оруулалтад тусч бүрэн хэрэгжүүлсэн ч, гэрээний үлдэгдэл  99 гаруй тэрбум төгрөгийн  39 төсөл. УИХ-ын 2015 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан векселиэр санхүүжүүлэх нийт 33 тэрбум төгрөгийн санхүүжилтийн дүн бүхий 96 төсөл байгаа юм. Эдгээрийн үнийн дүн 176 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа бөгөөд арилжааны банкуудад өнгөрсөн пүрэв гаригаас вексель бичиж эхэлсэн. Гэвч энэ ажил эхлээд дөрөв дэх хоног дээр гацаанд орлоо. УИХ-ын Төсвийн байнгын хорооны 17-р тогтоол энэ сарын 4-нд гарч, векселиэр санхүүжүүлэх төслүүдийг хянах ажлын хэсэг байгуулахаар болсонтой холбоотойгоор царцаагдсан барилгуудын санхүүжилт дахин гацаанд орсон юм.

УИХ-ын 7-р тогтоол, Засгийн газрын 282-р тогтоолын дагуу Сангийн яам өнгөрсөн сарын 29-нд арилжааны найман банктай Төлбөр баталгаажуулах тухай гэрээ байгуулж, өнгөрсөн сарын 30-наас арилжааны банкуудад вексель бичиж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, Сангийн яам Векселийн тухай хуулийн дагуу арилжааны банкуудтай гэрээ байгуулж, төвбанкнаас үнэт цаас худалдан авч, вексель бичиж эхэлсэн гэсэн үг. Үүнийгээ аж ахуйн нэгжүүдэд олгож, холбогдох банкуудаар дамжуулан векселийг мөнгөжүүлэхээр болсон байна. Нэг талаас зээлийн үлдэгдэл, нөгөө талаас векселийг мөнгөжүүлэх чадавхи зэрэг шалгуур үзүүлэлтэд үндэслэн найман арилжааны банкаар дамжуулан векселийг мөнгөжүүлэхээр тохиролцсон. Ингээд өнгөрсөн пүрэв гаригаас хойш нийт 286 аж ахуйн нэгжээс 81-д нь вексель бичиж, холбогдох гүйцэтгэгч компаниудад хүлээлгэн өгч, арилжааны банкуудад албан бичгээр мэдэгдэл хүргүүлжээ.

Гэвч УИХ-ын Төсвийн байнгын хороо аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн гомдлыг үндэслэн, 2008-2014 онуудын хөрөнгө оруулалтад тусган бүрэн хэрэгжүүлж, гэрээний үлдэгдлийг векселиэр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг хянах ажлын хэсэг байгуулсантай холбоотойгоор царцаагдсан барилгуудын санхүүжилт гацаанд орлоо. Ажлын хэсэг векселиэр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг шалгасан талаарх санал, дүгнэлтээ УИХ-ын Төсвийн байнгын хороонд тайлагнах ёстой ч, хэзээ гэдэг нь тодорхойгүй байна.  Тиймээс ч, УИХ-ын Төсвийн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн санал, дүгнэлт гарах хүртэл Вексель бичих ажлыг тодорхойгүй хугацаагаар Сангийн яамнаас зогсоолоо. Өнгөрсөн пүрэв гаригаас хойш 81 компанид вексель бичсэн ч, тэдэнд нэг ч төгрөгийн санхүүжилт олгоогүй болохыг Сангийн сайд мэдэгдэж байгаа юм.

Төрөөс захиалга өгч, аж ахуйн нэгжүүдээр ажил хийлгэсэн ч, төлбөрөө эргэн барагдуулаагүйтэй холбоотойгоор зарим компаниуд банкнаас авсан зээлээ төлж чадахгүйд хүрсэн тал бий. Зээл нь хугацаа хэтэрсэн, чанаргүй болсонтой холбоотойгоор арилжааны банкуудад ч хүндээр тусч байгаа юм. Уг асуудлыг векселиэр шийдвэрлэж, Засгийн газар, гүйцэтгэгч компани, арилжааны банк хооронд үүссэн өр, авлагын асуудлыг нэг мөсөн шийдвэрлэхээр болсон юм. Энэ онд векселиэр баталгаажуулан санхүүжүүлсэн дүнг хүүгийн төлбөрийн хамт, дараа оны улсын төсөвт тусгах замаар арилжааны банкуудад эргэн төлөх ёстой байлаа. Ингэснээр бодит эдийн засаг, банкны салбарыг дэмжиж, манай улсын санхүүгийн тогтвортой байдал, зээлжиж зэрэглэл зэрэг үзүүлэлтүүдэд эерэг нөлөө үзүүлэх байлаа. Гэвч энэ ажил гацаанд орж, вексель авсан аж ахуйн нэгжүүд яах учраа олохгүй байгаагаа учирлаж эхэллээ.

Сангийн сайдын 2012 оны 290-р тушаалаар баталсан Санхүүжилтийн эрх нээхэд баримтлах журмын дагуу вексель бичиж байжээ. Өөрөөр хэлбэл, нийт 15 шалгуур үзүүлэлтийг хангасан байдлыг хянаж, Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийн эрх нээдэг зарчимтай ижил байдлаар хянан баталгаажуулж эхлээд байсан ч, энэ ажил ийнхүү тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. Төрөөс захиалга өгч аж ахуйн нэгжүүдээр ажил хийлгэдэг ч, хөлсийг нь эргүүлж өгдөггүй  компаниудыг хүндрүүлдэгийн бодит жишээ энэ болж байна. Векселиэр санхүүжүүлэх 286 аж ахуйн нэгжийн 176 гаруй тэрбум төгрөгийн өртөг бүхий 235 төслийг ажлын хэсэг хэр удаан нягтална, төдий чинээ аж ахуйн нэгжүүд чирэгдэх нь. Харин ажлаа хурдан амжуулбал, аж ахуйн нэгжүүд санхүүжилттэйгээ тэр цагт залгах нь. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг ажлаа хэрхэн хийхээс, компаниудын хувь заяа цаашид хэрхэх нь тодорхой болох юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.