12 сар 22, 2024

Хямралын үеийн гэрээ…

Хямралаар далимдуулж хоёр толгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг яаравчилж, найр тавих гэлээ гэж сүүлийн үед багагүй шүүмжлэх болов. Харин эдийн засагчид төсөв хүндэрч байгаа энэ үед оюутолгой болон тавантолгойг ашиглалтад оруулах нь оновчтой гэж үзэж байна.

Оюутолгой,Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрийн ажлын хэсгийн гишүүн, Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын дарга Батжаргал: Манай улсын ойрын ирээдүйн хөгжилд Оюутолгой, Тавантолгойн ордууд маш чухал нөлөөтэй гэдгийг аль аль талдаа ойлгож байгаа. Зарим хүмүүс зэсийн үнэ уначихсан байгаа энэ үед гэрээг хийвэл ашиг муутай гэсэн ийм ойлголттой байна. Тиймээс татварын хууль, санхүүгийн орчин, үнийн төсөөллийг гэрээ хэлэлцээр хийхдээ маш сайн харгалзаж үзэж байгаа. Засгийн газрын авах татвар болон ашиг зэсийн үнэ өсөхөд нэмэгдэнэ. Аль аль талийг нь харгалзан үзэж байгаа учраас зэсийн үнэтэй холбож үзэх нь тийм тохиромжтой биш. Ойрын ирээдүйд зэсийн үнэ өсч магадгүй гэсэн төсөөллийн үндсэн дээр хэлэлцээр явуулж байгаа. Нэгэнт эдийн засгийн хүндрэлтэй байдал үүссэн учраас төлбөрийн тэнцэл дээр ч гэсэн хүндрэлүүд гарч байна. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан, Монгол руу чиглэсэн валютын урсгал татарсан энэ үед хоёр толгойн хэлэлцээрийг яаралтай эхлүүлж, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлж, эдийн засгийн тэнцвэрийг хадгалах. Нөгөө талаараа эдийн засгийн хөгжлийг ойрын хугацаанд хангахын тулд УИХ-аас өгсөн удирдамжийн дагуу хэлэлцээрийг амжилттай хийх зайлшгүй шаардлагатай гэсэн байр суурьтай байна.

Сангийн яамны Эдийн засгийн бодлого зохицуулалтын газрын дарга Жаргалсайхан: Оюутолгой, Тавантолгойн гэрээ хэлэлцээр хийх асуудлаар УИХ-аас чиглэл гарч, Засгийн газрын шийдвэр гарсан байгаа. Энэ дагуу хэлэлцээр өнгөрсөн нэгдүгээр сард нэлээд эрчимтэй явагдсан. Саяхан Эрдэс, баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт ярилцлага өгч, оюутолгойн хэлэлцээр нэлээд амжилтад хүрч, нэлээд дөхөж байна гэсэн байсан. Тиймээс хэлэлцээрийн явцад эдийн засагч хүний хувьд сэтгэл хангалуун байна. Том ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулбал ирэх 30, 40 жилийн монголчуудын амьдралын гол сурвалж болно гэж үзэж байна. Эдийн засаг, санхүүгийн хямралтай холбоотойгоор Монгол Улсын төсөв нэлээд төвөгтэй байгаа ч, удаан хугацаанд үргэлжлэхгүй. Энэ хямрал 2-3 жилийн хугацаанд үргэлжилнэ. Хямрал дуусахад үйлдвэрүүд ашиглалтад орох болов уу гэж бодож байна. Эргээд зэсийн үнэ өсчихсөн үед уурхайнууд баригдаж дуусаад ашиглалтад орвол үр өгөөжөө маш хурдан өгнө. Тиймээс энэ гэрээ хэлэлцээрийг эрчимтэй явуулах хэрэгтэй. Гэрээ хэлэлцээрийг өнөөдрийн түвшинд бодож хийхгүй шүү дээ. Ирээдүйгээ бодож хийнэ. Тиймээс хэлэлцээрийг энэ үед хийгээд авах нь зөв юм байна гэж бодож байгаа. Хэлэлцээр амжилттай болж УИХ-аар батлагдаад явбал хөрөнгө оруулалтын ажил энэ оны сүүлийн хагасаас эхлэх болов уу. Тэгвэл манай улсын эдийн засагт ч бас нэмэртэй.

Эдийн засагч, судлаач Шагдар: Санхүүгийн нөөц бол үл хөдлөх хөрөнгийг эргэлтэд оруулах асуудал. Энэ арга зам бол түрээс. Байгалийн баялаг, алт эрдэнэсийн ордыг түрээс хэлбэрээр юм уу, бусад арга замаар бусдад ашиглуулж, ирээдүйд орж ирэх орлогыг ашиглах нь эдийн засгийн эргэлтийн хувьд зайлшгүй зүй тогтол. Зах зээлийн зайлшгүй байх ёстой асуудал. Хамгийн оновчтой байх харьцааг янз бүрээр хэлээд байна. 34 гэж, 50 гэж ярьж байна. Монголын ард түмэнд хамгийн ашигтай хувилбар бол мэдээж өөрийн байгаа нөөцийг ашиглах хувийг 50, түүнээс дээш байх. Нөөц нэгэнт их хэмжээтэй, үүнийг олон зуун жил ашиглах боломжтой, бага хувиар илүү их ашиг олох орлогын эх үүсвэр олох боломж байгаа бол үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй гэж бодож байна. Эдийн засагч хүний хувьд энэ талаар материал үздэгийн хувьд одоогийн тавигдаж байгаа асуудлыг зүйтэй гэж ойлгож явдаг. Нэг хэсэг ихэнх эдийн засагчид хоёр толгойн ордоо гаднынханд өгөхгүй гэцгээж байсан бол, өнөөдөр ихэнх нь стратегийн ордуудаа эргэлтэд оруулах нь зүйтэй гэсэн хариулт өгч байна. Учир нь манай улсын төсөв хүндэрсэн. Ганц Эрдэнэт үйлдвэр дангаар ажиллаад төсвөө нөхөж дийлэхгүйд хүрсэн. Тиймээс Эрдэнэтээс гадна, Оюутолгой, Тавантолгойгоос мөнгө олъё гэцгээж байгаа юм. Хэдийгээр дэлхийн зах зээлд зэсийн үнэ унасан ч, оюутолгойн орд алтны асар их нөөцтэй учир алдагдалд орохгүй гэж үзэж байна.