Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

9 сар 2008
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 8 сар   10 сар »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Шатахууны үнэ

Манай улс өнгөрсөн онд 639 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн хилийн чанадаас импортлон авчээ. Үүний найм орчим хувийг Хятад, Казакстанаас, харин үлдэх хувийг ОХУ-ын Роснефть компаниас импортлон авсан байна. Хятад, Казакстанаас импортлоход газарзүйн байрлалаасаа шалтгаалаад тээвэрлэлтийн зардал өндөр тусдаг. Нөгөө талаас Роснефть компани бусад орны нефтийн үйлдвэрүүдээс арай хямд үнээр бүтээгдэхүүнээ манай улсад нийлүүлдэг байна. Тиймээс 100 гаруй шатахуун импортлогч компани дотоодын түлшний хэрэгцээний дийлэнхийг Роснефть хэмээх ганцхан эх үүсвэрээс хангаж иржээ. Гэтэл сүүлийн нэг жилийн хугацаанд хойд хөрш газрын тосны бүтээгдэхүүнд ногдуулдаг экспортын татвараа 280 ам.доллараас 496 орчим ам.доллар болтол өсгөсөн байна. Үүнтэй холбоотойгоор Роснефть компани бүтээгдэхүүнийхээ үнийг 40 хувиар нэмэгдүүлжээ.

Тиймээс манай улсын засгийн газар хариу арга хэмжээ авч 282 тоот тогтоол гарган зургадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 15-ныг хүртэл импортолсон түлш ба худалдан борлуулсан авто бензин, дизелийн түлшний онцгой албан татварыг чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг таван хувь болгожээ. Харин долоодугаар сарын 15-наас онцгой болон нэмэгдсэн өртгийн албан татварыг тэглэхээр болсон байна. Мөн импортлогч компаниудын газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үнийн зөрүүгийн алдагдалд 7,9 тэрбум төгрөгийг улсын төсвөөс олгохоор болжээ. Энэ дагуу импортлогчид 2008 оны гуравдугаар сараас долдугаар сар хүртэл үнээ тогтвортой барьсан ч, Сангийн яам 7,9 тэрбум төгрөгийн алдагдлын 3,5 тэрбумыг нь олгож, 4,4 тэрбумыг нь олгоогүй гэнэ. Тиймээс нефть импортлогчид дотоодын зах зээл дэх шатахууны үнийг наймдугаар сард гэнэт 500 орчим төгрөгөөр өсгөжээ.

Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрынхан үүнийг шалгаж үзээд үнийн өсөлт бодитой гэсэн дүгнэлт гаргасан байна. Гэхдээ нефть импортлогчид нэг өдөр үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн нь буруу гэсэн дүгнэлт давхар гаргажээ. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд гадаад, дотоодын зах зээлд нефть болон шатахууны үнэ өссөн ч, цаашид буурах хандлага байна. ОХУ-ын Сангийн сайд А.Л.Кудрин 2008 он дуустал нэг баррель нефтийн дундаж үнэ 112 ам.доллар байх бол, 2009 онд 95 ам.доллар, 2010 онд 90 ам.доллар, 2011 онд 88 ам.доллар байх урьдчилсан таамгийг саяхан танилцууллаа. Үүнтэй холбоотойгоор ОХУ газрын тосны экспортын татвараа тонн тутамд 496 орчим ам.доллар байсныг ирэх сард 372 гаруй ам.доллар болгож бууруулахаар болжээ. Экспортын татварын хувь хэмжээ багассанаар нефть үйлдвэрлэгч болон борлуулагч компаниуд 5,5-5,6 тэрбум ам.доллар хэмнэх боломжтой юм байна.

Энэ нь дотоодын зах зээлд шатахууны үнэ буурахад нөлөөлөх тул Засгийн газар 182-р тогтоолоо эргэн харж импортын авто бензин болон дизелийн түлшний онцгой, гааль, нэмэгдсэн өртгийн албан татваруудыг сэргээх бодлого баримталж эхэлжээ. Эдгээрийг сэргээсэн ч, ирэх сард нефть бүтээгдэхүүний үнэ буурвал дотоодын зах зээлд шатахууны үнэ хямдрах боломжтой. Гэхдээ хойд хөрш аравдугаар сарын газрын тосны бүтээгдэхүүний үнээ хараахан ирүүлээгүй байгаа тул шатахууны үнэ буурах эсэхийг одоогоор хэлэх боломжгүй гэж нефть импортлогчид хэлж байна. Харин дизелийн түлшний тухайд өөр гэнэ. Царцах температур нь нэлээд доогуур өвлийн дизель түлш аравдугаар сард орж ирнэ. Өвлийн дизель түлш зуныхаас үнэтэй орж ирдэг тул одоогоор үнэ нь буурах эсэхийг хэлэх боломжгүйг импортлогчид мөн хэлж байна. Энэ жилийг даваад гарчихвал ирэх жилүүдээс дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурч, шатахууны үнийн дарамтаас бага ч болтугай ангижрах төлөвтэй байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.