Монгол, Арменийн харилцаа
Арменийн ерөнхийлөгчийн мэндчилгээ
2026.07.14. Монгол улс. Улаанбаатар хот. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурян баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ. “Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон танай ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Харилцан хүндлэл, итгэлцэлд суурилсан найрсаг харилцаагаа бид өндөр үнэлж, хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгдөг билээ. Харилцаа, хамтын ажиллагааны нөөц боломжийг хоёр талын хамтын хүчин чармайлтаар бүрэн ашиглана гэдэгт итгэлтэй байна. Танд эрүүл энх, ажлын амжилт, Монголын ард түмэнд энх тайван, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе” гэжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
2026.04.23. Казакстан. Астана. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзав. Төрийн тэргүүн нар уламжлалт найрсаг харилцаа улс төрийн салбарт идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэж, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо. Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ялангуяа “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр”-ийн хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай эцсийн бүтээгдэхүүнийг Армени Улсын зах зээлд нийлүүлэх боломжийн талаар ярилцлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий дахинд болон бүс нутагт тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах зорилгоор 2021 оноос хойш хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар танилцуулж, Армени Улстай хамтран ажиллах боломжтойг илэрхийллээ. Уулзалтаар НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх Монгол, Арменийн хамтын ажиллагааны талаар ярилцаж, олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцов гэжээ.

