Монгол, Оросын харилцаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026.09.02. Киргиз. Бишкек. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтай уулзав. Төрийн тэргүүн нар “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахын зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайн хөршийн найрсаг харилцааг бүх салбарт идэвхтэй хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг тэмдэглэж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт тогтмолжиж, хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд 30 гаруй багц арга хэмжээ бүхий хамтарсан төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа нь түншлэлийг бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг төрийн тэргүүн нар онцлов. Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд байгуулсан “Чөлөөт худалдааны түр хэлэлцээр” хэрэгжиж эхэлсэн нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх бодит боломж бүрдүүлсэн гэдэгт санал нэгдлээ. Эрчим хүч, зам тээвэр, аж үйлдвэр, эрдэс баялаг, хөдөө аж ахуй зэрэг салбар нь тэргүүлэх чиглэл гэдгийг талууд тэмдэглэлээ. “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн эрдэмтэн судлаачдын хамтарсан Ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлж, төслийг урагшлуулах, “ДЦС-3”-ыг өргөтгөж, шинэчлэх талаар санал солилцлоо. “УБТЗ” ХНН-ийн техник, технологийг шинэчилж, ирэх таван жилд ачаа тээврийн хүчин чадлыг одоо байгаа 30 сая тонноос 50 сая тоннд хүргэнэ. Монгол, Орос, Хятадыг холбосон төмөр замын баруун, зүүн коридор байгуулах боломжийг судлахаар боллоо. Баруун коридор буюу босоо тэнхлэгийн төмөр зам баруун аймгуудын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, гурван улсын худалдааны урсгалыг өргөжүүлэх бол зүүн коридор нь ОХУ болон Хятадын зүүн хойд хэсгийн боомтуудад хүрэх дөт замуудыг нээж, уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргах, бүс нутгийн эдийн засгийн тойрог сүлжээ үүсгэх ач холбогдолтой юм. “Росатом”-тай хамтарч бага болон дунд оврын Атомын цахилгаан станц барих талаар ярилцлаа. ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Манай улсад шаардлагатай газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлж, түлш, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч байгаа ОХУ-ын Засгийн газарт Ерөнхийлөгч талархал илэрхийлэв. Олон улсын болон дотоодынх нь зах зээлд нийлүүлэлт доголдолтой хэдий ч ОХУ-ын тал шатахуун нийлүүлэхэд анхаарахаа илэрхийллээ. Энэ сарын 14-15-ны өдөр Улаанбаатар хотноо болох хоёр улсын бүс нутгийн чуулганд ОХУ-аас 400 гаруй төлөөлөгч оролцож, хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэнэ. Дээд, өндөр түвшний уулзалт, айлчлалын үеэр харилцан тохиролцсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход Засгийн газар хоорондын комисс, холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
2026.07.12. Монгол улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэндчилгээ ирүүлжээ. Мэндчилгээнд, “Хүндэт ноён Ерөнхийлөгч өө. Монголын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан халуун дотно мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу. Орос, Монгол Улс найрсаг, сайн хөршийн харилцаатай. Бүх салбарын үр өгөөжтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх нь манай ард түмнүүдийн ашиг сонирхолд бүрэн нийцэж байгаа бөгөөд бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлыг хангахад тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна. Танд эрүүл энх, ололт амжилт, Монголын ард иргэдэд аз жаргал, хөгжил цэцэглэлт хүсэн ерөөе” гэжээ.

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
2026.07.30. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь удаагаа хамтран шалгах хээрийн ажлын хэсгийн ажилтай танилцлаа. Энэ үеэр Монгол Улсын хамгийн хойд захын цэг болох Монгол шарын даваанд байрлах улсын хилийн 350 дугаар тэмдгийг шинэчлэн суурилуулав. Монгол-Оросын 3,543 км хилийг 1987-2001 оны хооронд анх удаа хамтран шалгаж, УИХ-аар 2002 онд соёрхон баталгаажуулсан юм. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2021 онд ОХУ-д төрийн айлчлал хийх үеэрээ Ерөнхийлөгч В.В.Путинтай Монгол-Оросын хилийг хоёр дахь удаагаа хамтран шалгаж, НҮБ-д бүртгүүлэхээр тохиролцсон. Энэхүү шийдвэрийн дагуу талуудын Засгийн газар Монгол-Оросын улсын хилийг хамтран шалгах комиссыг 2021 онд байгуулан, хилийн төхөөрөмжийн ажлын хүрээнд хилийн тэмдгийг шинэчлэх, хилийн шугам дайран гарсан гол, нуурын гольдрол, эргийн өөрчлөлтийг шалгах, шинээр үүссэн болон алга болсон арлын харьяаллыг тогтоох, ой огтолсон зурвасыг сэргээх, хилийн шугамын явалтыг тодотгох зэрэг ажлыг хамтран гүйцэтгэж байна. Тухайлбал, комиссын анхдугаар хуралдаанаар улсын хилийн 1620 тэмдгийг шинэчлэн босгохоор тохиролцсон. Өнөөдрийн байдлаар хилийн төхөөрөмжийн ажлын явц 85 хувьтай байна. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ үеэр Монгол-Оросын хилийг шинэчлэн баталгаажуулах ажил нь олон улсын эрх зүйн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, маргаангүй улсын хилтэй болох түүхэн чухал бодлого, арга хэмжээ гэдгийг онцоллоо. Хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэл, харилцан итгэлцэл, найрсаг хөршийн харилцааг улам бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ. Байгаль, цаг уурын хүндрэлтэй нөхцөлд хилийн төхөөрөмжийн ажлыг гүйцэтгэж буй комиссын бүрэлдэхүүн, холбогдох мэргэжилтнүүд, хилчин дайчдад талархал илэрхийлж, амжилт хүсэв.

