Монгол, Хятадын харилцаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
2026.08.31. Киргиз. Бишкек. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохын өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа. Төрийн тэргүүн нар 2025 онд БНХАУ-д болсон ШХАБ-ын дээд түвшний уулзалт болон Дэлхийн II дайн, Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн үеэр уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож байснаа дурслаа. Талууд “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, улс төрийн харилцан ойлголцол, итгэлцэл улам бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Худалдаа, эдийн засаг, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулахаар дээд түвшинд харилцан тохиролцсон зүйлс бодит үр дүнд хүрч байгааг сайшаалаа. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэлээ. Худалдааны эргэлтийг ирэх 5 жилд 30 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцлоо. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжил, төлөвлөлттэй уялдуулж, аж үйлдвэр, дэд бүтэц, ногоон хөгжил, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүчний салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Хил дамнасан төмөр замын боомт байгуулах нь худалдаа, эдийн засагт чухал ач холбогдолтойг төрийн тэргүүн нар онцоллоо. Энэ хүрээнд Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтыг 2027 онд дуусгах, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын хил дамнасан төмөр замыг шат дараатай ашиглалтад оруулах талаар санал солилцлоо. Олон улсын зах зээлд түлш, шатахууны нийлүүлэлт тогтворгүй болсон энэ үед газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах хүсэлтийг хүлээн авч, нийлүүлж байгаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ. Олон улсын геополитик, геостратегийн нөлөөгөөр дэлхийн зах зээлд түлш, шатахууны нийлүүлэлт тогтворгүй байгаа ч Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэллээ.Талууд Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагаа, түүний дотор “Төмөр замын төв коридор”-ыг шинэчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явц зэргийн талаар ярилцлаа.

БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2026.07.21. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань-ийг бүрмөсөн нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Шэнь Миньжуань Элчин сайдаар ажиллах хугацаандаа Монгол, Хятадын “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг бүх салбарт хөгжүүлэхийн төлөө идэвх зүтгэлтэй ажилласныг Ерөнхийлөгч өндөр үнэлж буйгаа тэмдэглэв. Ерөнхийлөгч мөн хоёр улсын найрсаг харилцаа, “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийг хөгжүүлж, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн Элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа. Элчин сайд Шэнь Миньжуань 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байсан юм.

БНХАУ-ын даргын мэндчилгээ
2026.07.14. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ. “Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон танай ард түмэнд чин сэтгэлээсээ баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. Хятад, Монгол хоёр улс уул усаар холбогддог найрсаг хөршүүд билээ. Манай улс Монгол Улсыг хөрш орнуудын бодлогын хүрээнд чухалчлан үздэг бөгөөд Хятадын талтай гадаад харилцаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдгийг сайшааж байна. Тантай хамтран “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг тасралтгүй хөгжүүлж, хоёр улсын ард түмэнд улам их үр өгөөж авчрахад бэлэн байна. Танай улсад хөгжил цэцэглэлт, ард түмэнд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе” гэжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
2026.06.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн түвшинд амжилттай хөгжиж буйд баяртай байгаагаа илэрхийллээ. Өнгөрсөн онд БНХАУ-д болсон ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэр тус улсын дарга Ши Жиньпинтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны олон асуудлаар санал солилцон, нэгдсэн ойлголцолд хүрснээ тэмдэглэв. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпинд мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг Ван И сайдаас хүслээ. Гадаад хэргийн сайд Ван И, хоёр орны төрийн тэргүүний удирдлага дор харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буйг онцолж, цаашид ч хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн албан захидлыг гардууллаа. Уг мэндчилгээнд “Урт хугацааны, тогтвортой хөгжлийг цогцлоох нь хоёр орны ард түмний язгуур эрх ашигт нийцэх нь дамжиггүй. Харилцан итгэл1цлээ бэхжүүлэн, “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байна гэж тэмдэглэжээ. Уулзалтын үеэр худалдааны эргэлт, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, нэр төрлийг олшруулахад чиглэсэн бүтээн байгуулалт, төмөр замын холболт, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, дамжин өнгөрөх тээвэр, газрын тос, ногоон эрчим хүч, хиймэл оюун ухаан, цахим худалдаа зэрэг салбарт харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцлоо. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 2022 онд манай улсад айлчлахдаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж байсан юм.

