12 сар 19, 2024

Оюутолгойн хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсэг хуралдав

Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг төрийн ордонд өчигдөр хуралдлаа. Ажлын хэсэг ирэх сарын дундуур хэлэлцээтэй холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөж байгаа юм. Дашрамд дурдахад, УИХ-ын даргын 2021 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 14 дүгээр захирамжаар Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг байгуулсан билээ. Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан ахалж байгаа юм. Монгол Улсын Засгийн газар болон Айвенхоу майнз Монголиа Инк ХХК, Айвенхоу майнз Лтд, Рио Тинто Интернэшнл Холдингс Лтд компани хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш арван жилийн дараа анх удаа Улсын Их Хурал шийдвэр гаргаж, Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталсан. 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр баталсан энэхүү тогтоолоор Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд долоон арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгоод жил гаруй хугацаа өнгөрч байгаа юм.

Засгийн газарт үүрэг болгосон Монгол Улсын нийтлэг эрх ашиг, эдийн засаг, хөгжлийн асуудалтай холбоотой, өргөн цар хүрээтэй, нэн чухал энэхүү асуудлын хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах зорилгоор УИХ санаачилга гарган олонх, цөөнхийн төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулсан нь энэ юм. УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы ахалсан Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих тус ажлын хэсэг өнөөдөр энэ сарын 10-нд анхны хурлаа хийсэн. 2009 онд байгуулсан Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, түүнийг дагасан Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээ, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө нь Монгол Улсад хохиролтой, монголын ард түмний нийтлэг эрх ашгийг хангаагүй гэдэг дээр санал нэгдэн УИХ энэхүү ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэсэн гэдгийг УИХ-ын дэд дарга, ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан тус хурлын эхэнд тэмдэглэсэн юм. Шуурхай ажиллах үүднээс ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан гэдгийг танилцуулаад, Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын заалт бүрийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий дэд ажлын хэсгүүдийг байгуулсан тухайгаа мэдэгдсэн юм. Тухайлбал:

-Дээрх тогтоолын нэгдүгээр заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах буюу Оюутолгойн хөрөнгө оруулагчдын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ-ын 2008 оны 40, 2009 оны 57 дугаар тогтоолд нийцүүлэх үүрэг бүхий дэд ажлын хэсэг

-УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хоёрдугаар заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах буюу Дубайн гэрээг хуульд нийцүүлж өөрчлөх үүрэг бүхий дэд ажлын хэсэг

-Гуравдугаар заалтын хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах буюу Оюу толгой төслөөс ашиг хүртэх зарчмыг шинээр тогтоох эсэх асуудлыг хариуцах үүрэг бүхий дэд ажлын хэсэг

-Оюу толгой ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөгдөж байгаа олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн техник, эдийн засгийн үндэслэлийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах дөрөв дэх заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий дэд ажлын хэсэг

-Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэн хийлгэж, Засгийн газрын 2011 оны зургадугаар сарын 08-ны өдрийн 175 тоот Газрыг улсын хэрэгцээнд авах тухай тогтоолыг өөрчилж, говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоол гаргуулах хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах дэд ажлын хэсэг 

-Тогтоолын зургадугаар заалт буюу УИХ-ын даргын 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар байгуулагдсан Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах заалтын хэрэгжилтэд хяналт тавих дэд ажлын хэсэг

-Оюу толгой гэрээтэй болон тус ордын ашиглалттай холбоотой олон улсын болон дотоодын шүүхийн байгууллага, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа, шийдвэрийн талаар ажлын хэсгийг мэдээллээр хангах дэд ажлын хэсгийг тус тус байгуулсан байна. 

УИХ-ын Тамгын газар болон холбогдох албан тушаалтнууд дэд ажлын хэсгүүдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх бөгөөд дэд ажлын хэсгүүд тус бүрийн чиглэлээр санал, дүгнэлт гарган Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэгт танилцуулах юм. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан: Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хувь заяатай холбоотой чухал асуудлаар УИХ-ын 20 гишүүний бүрэлдэхүүнтэй томоохон ажлын хэсэг анх удаа байгуулагдлаа. УИХ дахь олонх, цөөнх, бие даагчдын төлөөлөл орсон ажлын хэсэг Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах гол зорилгоор ажиллана. Оюу толгойн гэрээ байгуулагдсанаас хойш арван жил болж байхад анх удаа УИХ тодорхой шийдвэр гаргасан нь Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоол юм. Тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газарт даалгасан. Тогтоолын дагуу гэрээг өөрчлөх, хэлэлцээрт орох ажлыг Засгийн газар хийнэ. Жил гурван сарын дотор Засгийн газар тогтоолыг хэрэгжүүлэхээр хэрхэн ажилласан бэ гэдэгт Ажлын хэсэг хяналт тавина. Өөрөөр хэлбэл баталсан тогтоолдоо УИХ хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулахаар ажиллана. Шаардлагатай бол УИХ-аас тодорхой эрх зүйн орчныг бүрдүүлж өгнө гэсэн юм.

Translate