ОУВС-гийн суурин төлөөлөгчтэй уулзлаа

2021.02.23. Монгол Улс. Улаанбаатар хот. Сангийн сайд Б.Жавхлан Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгч ноён Юн Сок Хёныг хүлээн авч уулзлаа. Сангийн сайд эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн байдал, төрөөс баримталж буй бодлогын талаар мэдээлэл хийж, саяхан батлагдсан “Эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийг сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-ний талаар санал солилцлоо. ОУВС-гийн суурин төлөөлөгч ноён Ён хорио цээрийн дэглэм тогтоосны дараах ажлын эхний өдөр сайдыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, Сангийн сайдаар томилогдсонд баяр хүргэв. Цаашлаад ноён Ён Засгийн газраас зарласан Цогц төлөвлөгөөг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Талууд Монгол Улс ОУВС-д гишүүнээр элссэний 30 жилийн ойг 2021 онд тохиож буйг онцлон тэмдэглэж, хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн ололт амжилтыг хадгалж, Засгийн газрын бодлогыг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.