Mонгол, Люксембургийн хaрилцaa
Люксембургийн Их Гүнт Улсын Хөгжлийн Хамтын Ажиллагаа, Хүмүүнлэгийн тусламжийн сайд бөгөөд Эдийн засгийн Сайд Ноён Франз Фаётaй уулзaв
2022.07.26. Монгол Улс. Сангийн яам. Люксембургийн Их Гүнт Улсын Хөгжлийн Хамтын Ажиллагаа, Хүмүүнлэгийн тусламжийн сайд бөгөөд Эдийн засгийн Сайд Ноён Франз Фаё тэргүүтэй төлөөлөгчид 7-р сарын 26-нөөс 31-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Франз Фаё тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Сангийн сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Наранцогт, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат нар хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын харилцаа, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд ярилцлаа. Монгол Улс Люксембургийн Их Гүнт Улстай 1976 онд дипломат харилцаа тогтоон Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжсэн. Тухайлбал:
- Банк санхүүгийн салбарын ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх төсөл
- Зүрх судасны эрүүл мэндийн салбарын төсөл
- Жирэмсэн эх болон нярайн эрүүл мэндийн салбарын төсөл
- Батлан хамгаалах яам болон Онцгой байдлын газарт зориулсан төсөл
гэх мэт хөгжлийн тусламжийн бодлогоо тууштай хэрэгжүүлж ирсэн. Люксембургийн Засгийн газрын дэмжлэгээр манай улсын банк, санхүүгийн салбарын 1500 орчим мэргэжилтэн сургалтад хамрагдаж, 5 мэргэжилтэн магистрын зэрэг хамгаалсан. Монгол Улсын Зүрх судасны үндэсний төв байгуулах төслийг Люксембургийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар амжилттай хэрэгжүүлж байна. Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Зүрх судасны үндэсний төвийн хүчин чадлыг сайжруулах, эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн Зүрх судасны үндэсний төв ба тусламж үйлчилгээг сайжруулах тусламжийн төсөлийг ирэх 2027 он хүртэл үргэлжлүүлэхээр боллоо. Төслийг үргэлжлүүлэх санамж бичигт Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Люксембургийн Их Гүнт улсын Хөгжлийн Хамтын Ажиллагаа, Хүмүүнлэгийн тусламжийн сайд бөгөөд Эдийн засгийн Сайд Ноён Франз Фаё нар гарын үсэг зурлаа. Энэхүү төсөл өнгөрсөн 20 жилийн хугацаанд хэрэгжиж Монгол Улсын хүн амын дундах зүрх судасны өвчлөл, түүнээс шалтгаалсан нас баралтыг бууруулж, эрүүл мэндийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Цаашид Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны төвийн хүчин чадлыг сайжруулах эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр 2027 он хүртэл хамтын ажиллагааны төсөл үргэлжлэх юм. Төслийн хүрээнд зүрх судасны оношилгоо эмчилгээний дэвшилтэд технологийг Манай улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд анхлан нэвтрүүлж, нутагшуулах замаар гадаадад эмчлэгдэх зайлшгүй шаардлагатай өвчний жагсаалтаас зүрх судасны чиглэлийн хүнд хэлбэрийн хоёр өвчнийг хасуулж, ахисан шатны оношилгоо, эмчилгээг иргэд эх орондоо чанартай хийлгэх боломж бүрдсэн.
Бельги, Люксембургийн парламентын төлөөлөгчидтэй уулзав
2022.06.21. Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр тэргүүтэй төлөөлөгчид Бельгийн Хаант Улсын Парламентад 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зочилж, Парламентын Сенатын танхимын дарга хатагтай Стефани Д’хос-т бараалхав. Байнгын хорооны дарга Б.Баттөмөр Монгол Улс, Бельги Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдөг болохыг тэмдэглэж, Европын Холбоо нь Монгол Улсын чухал түнш, гуравдагч хөрш гэдгийг онцлов. Түүнчлэн Бельгийн талаас манай эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлээд төсөл, хөтөлбөрийн цар хүрээг нэмэгдүүлэх сонирхолтой буйгаа уламжлав. Бельгийн Хаант Улсын Парламентын Сенатын танхимын дарга Стефани Д’хос ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан улс төр, эрүүл мэнд, байгаль орчны салбарт идэвхтэй хөгжиж ирснийг дурдаж, цаашид хөдөө аж ахуй, байгаль орчин, ногоон хөгжил, ардчилал, хүний эрх, боловсролын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг тэмдэглэв. Монголын парламентчид Бельгийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын Гадаад хамтын ажиллагааны байнгын хорооны дарга хатагтай Эйлс Ван Хөөфтэй уулзалт хийж, хоёр орны хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа идэвхжүүлэх болон бусад асуудлаар санал солилцов. Түүнчлэн Бельгийн Хаант Улсын Лиэж-Валлониагийн Хааны театрын үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улсын ДБЭТ, Бельгийн Лиэж-Валлониагийн Хааны театр хоорондын байгуулах хамтын ажиллагааны санамж бичгийн төслийг гардуулах ёслолын арга хэмжээнд оролцов. Төлөөлөгчид 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Люксембургийн Парламентын Гадаад харилцаа, Европын хэргийн Байнгын хорооны гишүүн Фред Кейп, Гиллес Баум нартай уулзаж, хоёр орны парламентын үйл ажиллагаа, түүнд тулгамдаж буй сорилтууд болон бусад цаг үеийн асуудлаар санал солилцжээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Люксембург улсад айлчлав
2022.06.20. Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны дарга Б.Баттөмөр тэргүүтэй төлөөлөгчид 2022 оны зургаадугаар сарын 17-нд Люксембургийн Их Гүнт Улсад айлчлав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Европын Парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга Ж.Сүхбаатар нар ажиллав. Люксембургийн Их Гүнт Улсын Парламентын дарга ноён Фернанд Этген тэргүүтэй төлөөлөгчид манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр уулзалтын үеэр манай улсад элбэг тохиолддог зүрх судасны өвчлөлийг анагаах чадавхийг бэхжүүлэхэд Люксембургийн Засгийн газар үнэтэй хувь нэмэр оруулж буйг тэмдэглэж, Люксембург Улсаас хөгжлийн тусламж үзүүлж эхэлсний 20 жилийн ойг энэ 2022 оны долоодугаар сард хоёр тал хамтран тэмдэглэх гэж буйд баяртай буйгаа илэрхийлэв. Мөн Люксембург Улстай тогтвортой эдийн засгийг хөгжүүлэхэд, ялангуяа банк, санхүү, эрчимжсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлж, дэлгэрэнгүй санал солилцов. Ноён Этген Монгол Улс ардчиллал, хүний эрх, хуулийн засаглал зэрэг дэлхий нийтийн нийтлэг үнэт зүйлсийг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулж буйг онцлон ардчилсан Үндсэн хуулиа баталсаны 30 жилийн ойн баяр мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр орны хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч, олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд Монгол Улсыг дэмжин ажиллахаа илэрхийлэв.