12 сар 19, 2024

Ата карней

Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор 1961 онд Ата карней үүсч, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үндсэн дээр Ата конвенци хүртэл бий болсон. Үүнээс хойш 1990-ээд онд конвенци сайжирч Ата карнейн бичигтэй бараа бүтээгдэхүүнийг гаалийн бүрдүүлэлтгүйгээр түр хугацаагаар нэвтрүүлэх болжээ. Манай улс үүнийг нэвтрүүлэхээр 1998 оноос хойш хэлцэл хийж, Засгийн газрын 2003 оны тогтоолоор Монголын үндэсний худалдаа аж, үйлдвэрийн танхимыг Ата карнэй олгохоор болсон байна. Гишүүн улсуудын худалдаа аж үйлдвэрийн танхимууд энэ ажлыг хариуцаж явуулдаг шиг манай улс мөн тийм тогтолцоотой болсон гэсэн үг юм. Ингээд 2004 оноос ажлын гурван хоногт багтаан жилийн хугацаанд хүчинтэй Ата карней олгож эхэлжээ. Заагдсан хугацаанд олон улсын үзэсгэлэн яармаг, спортын уралдаан тэмцээнд оролцохоор бараа, бүтээгдэхүүн, техник, хэрэгсэл, тоног төхөөрөмж түр хугацаагаар хил нэвтрүүлэх бол гаалийн бүрдүүлэлт хийхгүйгээр хэдэн ч удаа оруулж гаргаж болдог байна. Энгийнээр тайлбарлахад энэ нь таны бараа, бүтээгдэхүүний паспорт юм. Төлбөрийн тухайд тухайн бараа, бүтээгдэхүүнийхээ үнийн дүнгээс хамаардаг байна. 5000 хүртэлх долларын үнэ өртөг бүхий бараа, бүтээгдэхүүн хилээр түр нэвтрүүлэхэд Ата карнейн төлбөрт 40 ам.доллар төлөх ёстой.

Харин 5-100 мянган ам.долларын үнэ бүхий бараа, бүтээгдэхүүн, техник, тоног төхөөрөмжийг хилээр түр хугацаагаар нэвтрүүлэх бол 250 ам.доллар тушааж Ата карней авдаг тухай Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимыхан хэдэн жилийн өмнө хуучилж байсан удаатай. Үүний сацуу Ата карнейн бичиг авахдаа, тухайн бараа, бүтээгдэхүүнийхээ үнийн дүнгийн 10 орчим хувийг барьцаа хөрөнгө болгож Худалдаа аж, үйлдвэрийн танхимийн дансанд байршуулдах ёстой гэлцдэг. Ата карнейгаар бараа, бүтээгдэхүүн хил нэвтрүүлчихээд түүнийгээ эргүүлэн авчираагүй тохиолдолд барьцаанд байршуулсан мөнгө тус байгууллагын орлого болох жишээтэй. Түүгээр ч зогсохгүй ямарваа нэг улсын гаалиар бараа, бүтээгдэхүүн нэвтрүүлээд түүнийгээ дутаасан, эсвэл худалдан борлуулсан тохиолдолд буцаж ирэхэд нь тус улс гаалийн татвараа нөхөн авдаг байна. Тэгэхээр Ата карнейн бичгээр бараа бүтээгдэхүүн бүр мөсөн экспортолж, түүнийгээ тухайн улсдаа борлуулж татвараас зайлсхийх боломжгүй гэсэн үг юм. Ата карнейтэй бол ямар ч бараа бүтээгдэхүүнийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Дорноговь аймгийн Замын үүд, Хөвсгөл аймгийн Ханх, Баян-Өлгий аймгийн Цагаан-нуур, Дорнод аймгийн Эрээн цав, Ховд аймгийн Булган, Увс аймгийн Боршоо, Чингис хаан нисэх онгоцны буудлын гаалийн салбараар чөлөөтэй нэвтрүүлдэг гэж Монголын Үндэсний худалдаа аж, үйлдвэрийн танхимыхан мэдэгдэж байсан удаатай. Үүн шиг Герман, Америк, Япон, Солонгос, Европын холбооны улсуудад Ата карней өдөр тутмын хэрэглээ шиг хөгжсөн гэж ойлгож болох юм.

Translate