11 сар 17, 2024

Тэтгэврийн зээлийг тэглэж, нэг сая төгрөг олгов…

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сард Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан билээ. Уг хуулиудад 6 сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг бүр мөсөн тэглэхээр тусгасан байдаг. Энэ дагуу 6 сая хүртэл төгрөгийн зээлтэй байсан 228.5 мянган иргэний 695 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн юм. Харин зээлгүй байсан ахмадуудад 1 сая төгрөгийн ваучер олгож, 2021 оны тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлэх, 1 саяас доош төгрөгийн зээлтэй байсан хүмүүст зөрүүг олгохоор шийдвэрлэсэн юм. УИХ-ын дарга Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн зэрэг албаны хүмүүстэй уулзаж, зээлгүй буюу 1 саяас доош төгрөгийн зээлтэй байсан ахмадуудад ваучер олгох, түүнийг мөнгөжүүлэх ажлын явцтай хэдэн хоногийн өмнө танилцаж, үүрэг өгсөн байдаг. Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төлөх хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, дээрх арга хэмжээнд шаардагдах 216 тэрбум төгрөгийг хуримтлуулж, бэлэн болгосон гэдгээ Эрдэнэс Монгол, Эрдэнэс силвер ресурс компанийнхан мэдэгдэв. Энэ үйл ажиллагааны төлбөр тооцооны асуудалд ямар нэгэн саад бэрхшээл байхгүйг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тухайн үед илэрхийлсэн бол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: 2019.12.31-ний өдрийг дуусталх хугацаанд тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган ахмад байгаа. Мөн 1 саяас доош төгрөгийн зээлтэй байсан 43.9 мянган иргэн бий. Нийтдээ энэ арга хэмжээнд 238 мянган ахмад хамрагдана. Үүнд 216 тэрбум төгрөг шаардлагатай. Манай яам ахмадуудад ваучер олгох, улмаар мөнгийг дансанд шилжүүлэх бэлтгэлийг хангасан тухай мэдэгдэж байсан юм. Тэгвэл хамгийн сүүлд авсан мэдээллээр ахмадуудад олгох 216 тэрбум төгрөгийг олгож дуусчээ. Өмнөхийг оролцуулж тооцвол, ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх арга хэмжээнд нийт 466.5 мянган ахмад хамрагдаж, 911 тэрбум төгрөг зарцуулсан байна.