Хувцас биш, мөнгө угааж байжээ…
Хууль бусаар олсон орлогоо нуун дарагдуулж эх үүсвэрийг нь халхлах явдал эрт дээр үеэс гарсаар иржээ. Харин мөнгө угаах нэр томьёо 1920–иод онд гарч ирсэн байна. Тухайн үед мафийн толгойлогч гэгдэх Ал Капоне хууль бусаар олсон орлогоо өөрийн эзэмшлийн хувцас угаалгын газар руу оруулдаг байжээ. Энэ нь эхэндээ угаалгын газрын ашиг мэт харагддаг байсан ч, эцэстээ бохир мөнгө угаалгын газраар дамжин цэвэршиж байгааг хууль хяналтынхан тогтоожээ. Энэ үед америкийн сонинд мафийн толгойлогч угаалгын газартаа хувцас биш, мөнгө угааж байжээ гэсэн нийтлэл гарсан аж. Тэр үеэс л хууль бусаар олсон орлогыг аливаа нэг байгууллагаар дамжуулж цэвэршүүлэхийг мөнгө угаах гэж нэрлэдэг болсон гэдэг. Ер нь мөнгийг аль ч байгууллагаар дамжуулан цэвэршүүлж болдог аж. Ингэхдээ дурын байгууллагад оруулж, үүнийгээ зарлага байдлаар эргүүлэн гаргаж, бохир мөнгийг цэвэршүүлэх нь дэлхий нийтэд элбэг тохиолддог байна. Үүнээс гадна, барилгын компаниудад хөрөнгө оруулалт хийж орон сууц баригдсаны дараа бүтээгдэхүүнийг нь худалдах замаар мөнгөний эх үүсвэрийг далдлах явдал нийтлэг тохиолдож байжээ. Мөн хууль бус наймаа эрхлэгчид олсон орлогоо арилжааны банкуудад байршуулж хэсэг хугацааны дараа эргүүлэн авах замаар бохир мөнгийг цэвэршүүлэх нь дэлхийн улс оронд нийтлэг тохиолддог байна. Тиймээс эдгээр салбарт мөнгө угаахын эсрэг тавигдах хууль хяналт дэлхий дахинаа өндөр байдаг юм. Манай улсын тухайд Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын Ази номхон далайн мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагад 2004 онд гишүүнээр элсэн орсон байдаг.
Тиймээс олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас гаргасан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандартыг мөрдөж ажиллах ёстой болсон юм. Нэгэнт гишүүн нь болсон учир 40+9 зөвлөмжийг дагаж мөрдөх ёстой болсон гэсэн үг. Энэ зөвлөмжид НҮБ-ын холбогдох конвенцын дагуу улс орнуудаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх ажиллагааг юуны өмнө гэмт хэрэгт тооцох шаардлагыг тавьдаг. Мөн мөнгө угаах гэмт хэргийг мөрдөх, шалгах, хууль бус гүйлгээ орлогыг түдгэлзүүлэх, хураан авах эрх зүйн орчныг бүрдүүлэх, энэ ажлаар мэргэшсэн төв байгууллагатай болох, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг банк, санхүүгийн байгууллагаар авахуулах, сэжиг бүхий гүйлгээний талаарх мэдээллийг эрх бүхий байгууллагад өгөх зэрэг зүйл заалтууд багтдаг юм. Тиймээс манай улсын арилжааны банкууд харилцагчдынхаа мэдээллийг таваас доошгүй жил хадгалж, сэжигтэй гэж үзсэн гүйлгээний талаарх мэдээллийг хуулийн байгууллагад өгөх. Арилжааны банкууд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх. Урьдчилсан сэргийлэх ажилд хайнга хандаж, зөрчил гаргасан арилжааны банкуудад хариуцлага тооцох. Үүнд Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс хяналт тавихаас гадна, хууль хяналтын байгууллагууд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлсэн этгээдүүдийг илрүүлж шийтгэх ёстой гэсэн Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас гаргасан стандартыг дагаж мөрдөх ёстой болсон юм.
Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын 40+9 зөвлөмжийн хэрэгжилтэд тус байгууллага өөрөө хяналт тавьдаг. Одоогоос хэдэн жилийн өмнө манай улсад олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагынхан өөрсдийн биеэр ирээгүй ч, 40+9 зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилго бүхий хөндлөнгийн шалгалт явуулсан болохыг тэр үеийн Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны захирал н.Төмөрбат хэлж байсан нь саяхан. Энэ шалгалтад унавал Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагынхан нарийвчилсан шалгалт хийх багаа манай улс руу илгээх байжээ. Тэдний хийсэн шалгалтад тэнцээгүй улс орнууд хар жагсаалтад бичигддэг байх юм. Хууль бус мөнгө гаднаас орж ирвэл, зорилгодоо хүрсний дараа орж ирсэн шигээ гэнэт гараад явчихдаг байна. Их хэмжээний мөнгө гэнэт орж ирээд, гэнэт гарах нь санхүүгийн системийн тогтвортой байдлыг алдагдуулаад зогсохгүй хямралд хүргэдэг талтай. Энэ нь цаашлаад банк санхүүгийн байгууллагуудын нэр хүнд олон улсын тавцанд унаад зогсохгүй, санхүүгийн байгууллагаар дамжин хийгдэх гадаад гүйлгээ саатахад хүрдэг байна. Цаашлаад олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын хар дансанд бичигдэх сөрөг талтай байдаг аж. Шалгалтад тэнцээгүй улс орнуудыг ийм бүрхэг ирээдүй хүлээж байдаг учир манай улсын банк санхүүгийн болон хууль хяналтын байгууллагууд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлаа сүүлийн жилүүдэд улам эрчимжүүлж байгаа юм.
Үүний нэг жишээ бол, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн ээлжит хурал 2021 оны есдүгээр сарын 7-ны өдөр болсон явдал. Хуралдаанд зөвлөлийн гишүүн 16 байгууллагын 31 төлөөлөл оролцжээ. Тус хуралд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван: Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний хөтөлбөрийн талаар, мөн Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар: Монгол Улсын 2020 оны Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх Үндэсний эрсдэлийн үнэлгээний явц үр дүнгийн талаар танилцуулсан байдаг. Мөн хурлаар виртуал хөрөнгийн салбарын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлэх, ФАТФ-ын Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэгт тайлагнах, Монгол Улсын 2021 оны явцын тайлан, цаашид шийдвэрлэх асуудлуудыг хэлэлцжээ. Энэ хүрээнд Үндэсний зөвлөлийн гишүүн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулах, Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх 40 зөвлөмжийн техник хэрэгжилтийн дутагдлыг сайжруулах ажлын төлөвлөгөөг батлахаар шийдвэрлэсэн байгаа юм. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 144 дүгээр захирамжаар байгуулжээ.