Мэдээ: Монгол, Финландын харилцаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
2026.10.23. Финланд. Хельсинк. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа. Талууд Монгол, Финландын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал гэдэгт санал нэгдлээ. Цаашид парламентын бүлэг хоорондын идэвхтэй хамтын ажиллагааг улам өргөжүүлэн гүнзгийрүүлэх, хоёр талын харилцан сонирхсон салбарууд дахь хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх талаар санал солилцлоо. Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Финландын парламентын бүлгийн даргаар Б.Бат-Эрдэнэ, Финландын парламент дахь Финланд-Монголын парламентын бүлгийн даргаар Виллэ Скиннари ажилладаг. Бүгд Найрамдах Финланд Улсын парламентыг “Эдускунта” хэмээн нэрлэдэг бөгөөд нэг танхимтай, 200 гишүүнтэй, гишүүдийг 4 жилийн хугацаатай сонгодог.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Александер Стубб нар албан ёсны хэлэлцээ хийлээ
2026.10.23. Финланд. Хельсинк. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Александер Стубб нар ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийлээ. Монгол, Финландын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд нийгэм, эдийн засгийн олон салбарт идэвхтэй өрнөж байгаад төрийн тэргүүн нар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Талууд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, соёл, батлан хамгаалах, байгаль орчин, эрчим хүч зэрэг салбарт бодит үр дүн, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхийн төлөө байгаагаа нотоллоо. Түүнчлэн Монгол Улсад өрнөж буй “Тэрбум мод”, “Цагаан алт” болон “Хүнсний хангамж, аюулгүй байдал” зэрэг үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Төрийн тэргүүн нар НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар санал солилцлоо. Албан ёсны хэлэлцээний үеэр харилцан тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход төрийн тэргүүн нар дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа
2026.10.23. Финланд. Хельсинк. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стуббын урилгаар 2026 оны 10 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб өнөөдөр албан ёсоор угтаж авлаа. Ерөнхийлөгч Александер Стубб угтан мэндчилсний дараа хоёр улсын төрийн дуулал эгшиглэв. Төрийн тэргүүн нарт хоёр талын төлөөлөгчдийг танилцуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн ордны “Хүндэт зочны дэвтэр”-т дурсгалын үг бичиж, дурсгалын зураг татуулав. Монгол Улс, Бүгд Найрамдах Финланд Улс 1963 оны 07 дугаар сарын 15-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай. Монгол Улсаас Бүгд Найрамдах Финланд Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Мөнх-Өлзий 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан. Бүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Микко Киннунен 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд 11 жилийн дараа Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй айлчлал юм. Бүгд Найрамдах Финланд Улсын 13 дахь Ерөнхийлөгч Александер Стубб 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажилдаа орсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ
2026.10.19. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стуббын урилгаар 2026 оны 10 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд 16 жилийн дараа Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй айлчлал юм. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, эрчим хүч, соёл, боловсрол, геологи зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцана. Хоёр тал Засгийн газар болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны 10 орчим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Төрийн айлчлалын үеэр Хельсинки хотноо Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолтыг толилуулж, Монгол-Финландын бизнес форумыг зохион байгуулна. Хоёр улс 1963 оны 07 дугаар сарын 15-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Финланд Улс манай улстай дипломат харилцаа тогтоосон Нордикийн анхны улс юм.

Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб-тай уулзав
2025.09.03. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб-тай уулзав. Уулзалтын үеэр төрийн тэргүүн нар Монгол, Финландын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалахын чухлыг онцлов. Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус улсад айлчлахыг урилаа. Түүнчлэн хоёр улсын худалдаа, эдийн засаг, боловсрол, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, “Илгээлт–2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд монгол оюутнуудыг Финландын их, дээд сургуулиудад суралцуулах боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Түүнчлэн хоёр улсын НҮБ болон олон улсын байгууллагын хүрээн дэх уламжлалт хамтын ажиллагааг бэхжүүлэхээ талууд нотоллоо.

Финландын элчин сайд итгэмжлэх жуухаа өргөн барив
2023.03.27. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Финланд Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лина-Кайса Миккола нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд нар хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа дурдаж, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлэв. Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.

