10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
10 сар 10, 2026

Монгол, COP-ын харилцаа

У.Хүрэлсүх: COP17 хурлаар үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна

2026.08.24. Монгол улс. Улаанбаатар хот. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дээд түвшний уулзалт өнөөдрөөс эхэллээ.  

Уулзалтын өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд бөгөөд 17 дугаар бага хурлын дарга Б.Батцэцэг, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад болон хүндэт зочид, сайд нарын түвшний төлөөлөгчид мод тарьж, дурсгалын зураг авхууллаа.

17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа нь манай улс байгаль дэлхийн ирээдүйн төлөө олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран хүлээсэн үүрэг, хариуцлагаа бодитоор хэрэгжүүлж буй түүхэн боломж юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээд түвшний уулзалтыг нээж үг хэлэхдээ, 17 дугаар бага хурлыг дэмжиж, хамтран зохион байгуулж буй НҮБ болон оролцогч бүх талд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Нэг орны бус, дэлхий нийтийн сорилт, бэрхшээл болсон уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хорогдол нь хүн төрөлхтөнд аюулын харанга дэлдэж, эх дэлхийн оршин тогтнохуйд түгшүүрийн дохио хангинуулж байгааг хэллээ.

Иймээс элсний нүүдэл, шороон шуурга, усны хомсдол, хүнсний хямрал, экологийн доройтлын эсрэг хийх тэмцэл нь нэгдмэл, уялдаа холбоотой, урт хугацааны, тогтвортой, харилцан бие биеэ дэмжсэн байх ёстойг онцоллоо.

Хэрвээ одоо л эрс шийдэмгий арга замыг сонгохгүй бол эх дэлхий цаашид  бидэнгүйгээр орших өөрийн замаа сонгох учир бүгд нэгэн зорилгын дор илүү сайхан ирээдүйг хамтдаа бүтээхийг уриаллаа.

СОР17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх бодит алхмыг эхлүүлсэн хурал байх учиртайг онцоллоо.   

Сорилт, бэрхшээлээ хэлэлцээд орхих бус, шийдлээ хамтдаа тодорхойлж, энх тайван, ногоон ирээдүйн төлөө бодит шийдвэр, үр дүн гаргана гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.

Эх байгалийнхаа унаган төрхийг сэргээж, ирээдүй хойч үеэ эрүүл орчинд итгэл төгс, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь хүн төрөлхтний эрхэм үүрэг. Эх байгаль, эрүүл хөрс бол хүн төрөлхтний оршин тогтнохуйн баталгаа, хоол хүнс, усны нөөц, ахуй амьдрал, тогтвортой хөгжлийн үндэс суурь гэдгийг тодотголоо.

Монгол Улс өв соёл, эх дэлхийтэйгээ шүтэлцэн амьдарч ирсэн уламжлалт мэдлэг, туршлагаа хуваалцаж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж байгааг хэллээ.

Сансрын технологи, дрон, зайнаас тандан судлал, хиймэл оюун, их өгөгдөл, цахим технологийн хөгжил нь газрын доройтол, цөлжилт, гангийн эрсдэлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх, газрын нөхөн сэргээлтийн үр дүнг бодит цаг хугацаанд хянах өргөн боломжийг нээсэн.

Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монголчуудын байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах уламжлалт мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухаан, технологи, инновацтай хослуулах нь газрын тогтвортой менежмент, экосистемийн тэнцвэрт байдал, хүн төвтэй хөгжлийн чухал шийдлийг олоход зохих хувь нэмрээ оруулна гэж үздэгээ тэмдэглэлээ.

Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг зөвхөн байгаль орчны асуудал гэж ойлгох бус, хүнсний хангамж, аюулгүй байдал, усны нөөц, хүн төрөлхтний амьжиргаа, тогтвортой хөгжил, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдалтай уялдуулж, цогцоор нь авч үзэх нь чухал байгааг хэллээ.

Улс, үндэстэн бүр ирээдүй хойч үедээ байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах  уламжлалт арга ухаан, мэдлэг, чадвар суулгаж, энэ үйл хэрэгт оролцдог болгон хүмүүжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.

Цөлжилт, газрын доройтлыг зөвхөн бууруулах бус нөхөн сэргээхийн төлөө ажиллах, гангийн асуудлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрт сэрэмжлүүлэх, зохистой хариу арга хэмжээ авах зэрэг эрсдэлийн цогц удирдлагын тогтолцоог төгөлдөршүүлэн хөгжүүлэх нь зүйтэйг тэмдэглэлээ.

Газар ашиглалт, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, хүнсний тогтолцоог салангид бус, нягт уялдаа холбоотой авч үзэж, шинжлэх ухаан, уламжлалт мэдлэг, орон нутгийн туршлагад суурилсан бодлого хэрэгжүүлэх нь чухал байгааг хэллээ.

Манай улс дэлхийд үлдсэн хамгийн том сэрүүн бүсийн хээрийн экосистемүүдийн нэгийг өвлөн хамгаалж ирсэн орон.

Далайд гарцгүй, хуурай болон хагас хуурай бүсэд оршдог учир уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын сөрөг үр дагаврыг өдөр тутмын амьдралдаа мэдэрдэг.

Нийт нутгийн дийлэнх нь газрын доройтол, цөлжилтөд өртөөд байгаа нь  байгаль орчин төдийгүй эдийн засаг, хүнсний хангамж, аюулгүй байдал, иргэдийн амьжиргаа, нүүдлийн өв соёлын тогтвортой байдалд шууд сөргөөр нөлөөлж байгааг Ерөнхийлөгч хэллээ.

Иймээс газрын нөхөн сэргээлт, ойн санг нэмэгдүүлэх, хөрс, ус, бэлчээр хамгаалал, хүнсний хангамж, аюулгүй байдал, хөдөөгийн тогтвортой хөгжлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг зорилгоор “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Цэнхэр алт”, ”Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн өрнүүлж байгааг тодотголоо.

Хөгжиж буй болон хуурай, гандуу бүсийн орнуудад тулгарч буй сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхэд дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтыг чиглүүлж, санхүүжилт, технологи, чадавхыг нэн хэрэгцээтэй улс орон, бүс нутаг, иргэдэд хүргэх шударга тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэй гэсэн байр сууриа нотоллоо.

Иймээс улс орнууд, олон улсын санхүүгийн байгууллагууд, хөгжлийн түншүүд, хувийн хэвшилд хандан, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалтаа газрыг нөхөн сэргээх, гангийн тэсвэржилт, тогтвортой амьжиргаанд илүү түлхүү зарцуулахыг уриаллаа.

Мөн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хянах гээд бүх шатанд малчид, тариаланчид, нутгийн иргэд, эмэгтэйчүүд, залуучууд, хүүхдүүд, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн оролцоог хангах нь шударга, үр дүнтэй, нээлттэй, тогтвортой шийдлийн үндэс гэж үздэгээ хэллээ.

Энэ хүрээнд “Цөлжилттэй тэмцэхэд залуусын оролцоо” үндэсний форум зэргээр дамжуулан олон нийтийн оролцоо, залуучуудын идэвхийг нэмэгдүүлж, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын “Business 4 Land” санаачилгатай уялдуулан газрын тогтвортой менежмент, хөрөнгө оруулалт, инновац зэрэг чиглэлийн хамтын ажиллагаанд хувийн хэвшлийг татан оролцуулахыг зорьж байгааг дурдлаа.

Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг ирэх хоёр жил даргална.

Манай улсын дэвшүүлсэн “Тал хээрийн санаачилга” нь “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга”, “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга” гэсэн гурван чиглэлд тулгуурлаж байна.

Эдгээр нь цөлжилт, газрын доройтлыг бууруулах, бэлчээрийн экосистемийг хамгаалах, ус, газрын нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх, байгальд түшиглэсэн хөгжлийн шийдлүүдийг түгээн дэлгэрүүлэх, тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой юм.

Газрын тогтвортой менежмент нь усны аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээтэй салшгүй холбоотой гэж үздэг.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сан болон “Бүх нийтийг ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах түншлэл”-ийн хэрэгжүүлж буй “Ус ба ариун цэврийн байгууламжийн төлөөх төрийн тэргүүнүүдийн санаачилга”-ыг бүрэн дэмжиж байгааг хэллээ.

Монгол Улс олон талт хамтын ажиллагаа, НҮБ-ын тогтолцоо, олон улсын эрх зүй, харилцан итгэлцэл, харилцан хүндлэл, тэгш оролцоо, нийтлэг хариуцлагад суурилсан дэлхийн хамтын шийдлийг тууштай дэмждэг.

Иймээс 17 дугаар бага хурлыг геополитикийн сөргөлдөөн, харилцан адилгүй байр суурьтай талуудын маргааны талбар бус, Конвенцын зорилго, хэрэгжилтийг ахиулах олон талт хамтын ажиллагааны индэр байлгахыг зорьж байгааг хэллээ.

Энэ хүрээнд бүх талын дуу хоолойг сонсож, ялгаатай байр суурийг хүндэтгэн, зөвшилцөлд суурилсан, нээлттэй, ил тод, хүртээмжтэй хэлэлцээг тууштай дэмжихээ илэрхийллээ.

Монголчуудын олон мянган жилийн туршид өвлөн уламжилж ирсэн нүүдэлчин ахуй нь эх байгальтайгаа зүй зохистой шүтэлцэн амьдарч, онгон дагшнаар нь хадгалан хамгаалах хандлага сэтгэлгээ, арга ухааны цогц юм.

Тиймээс Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2005 онд гаргасан тогтоолд монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, “Монголчуудын соёл иргэншилд уламжлагдан ирсэн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах ёсны ач холбогдол өнөөгийн дэлхий ертөнцөд улам бүр өсөн нэмэгдэж буйг онцолж байна” хэмээн тэмдэглэсэн байдаг.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш энэ жилийн “Дэлхийн цөлжилт, гантай тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан гаргасан илгээлтдээ “Дэлхийн газар нутгийн тал хувийг эзэлж, 2 тэрбум хүний ахуй амьдрал хамаардаг бэлчээрийн 50 хувь нь доройтсон буюу доройтож эхэлсэн” тухай дурдсан.

Мөн эрүүл хөрс, усны нөөц, биологийн олон янз байдал, хүнсний тогтолцоо, соёлын өвд анхаарч, бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээхийг уриалсан юм.

Дэлхийн нийт газар нутгийн 40 гаруй хувь нь доройтож байгаа нь 3 тэрбум гаруй хүний амьдрал, амьжиргаа, хүнсний хангамж, усны нөөцөд сөргөөр нөлөөлж, дэлхийн эдийн засаг 2050 он гэхэд 23 их наяд ам. долларын алдагдал хүлээх эрсдэлтэйг олон улсын байгууллагууд анхааруулдаг.

Ялангуяа хуурай болон хагас хуурай бүс нутгийн улс орнууд, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ард иргэд, малчид, тариаланчид, эмэгтэйчүүд, залуучууд, хүүхдүүд цөлжилт, газрын доройтлын сөрөг нөлөөнд илүү их өртөж байна.

Монголчуудын олон мянган жилийн туршид өвлөн уламжилж ирсэн нүүдэлчин ахуй нь эх байгальтайгаа зүй зохистой шүтэлцэн амьдарч, онгон дагшнаар нь хадгалан хамгаалах хандлага сэтгэлгээ, арга ухааны цогц юм.

Тиймээс Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2005 онд гаргасан тогтоолд монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, “Монголчуудын соёл иргэншилд уламжлагдан ирсэн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах ёсны ач холбогдол өнөөгийн дэлхий ертөнцөд улам бүр өсөн нэмэгдэж буйг онцолж байна” хэмээн тэмдэглэсэн байдаг.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш энэ жилийн “Дэлхийн цөлжилт, гантай тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан гаргасан илгээлтдээ “Дэлхийн газар нутгийн тал хувийг эзэлж, 2 тэрбум хүний ахуй амьдрал хамаардаг бэлчээрийн 50 хувь нь доройтсон буюу доройтож эхэлсэн” тухай дурдсан.

Мөн эрүүл хөрс, усны нөөц, биологийн олон янз байдал, хүнсний тогтолцоо, соёлын өвд анхаарч, бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээхийг уриалсан юм.

Дэлхийн нийт газар нутгийн 40 гаруй хувь нь доройтож байгаа нь 3 тэрбум гаруй хүний амьдрал, амьжиргаа, хүнсний хангамж, усны нөөцөд сөргөөр нөлөөлж, дэлхийн эдийн засаг 2050 он гэхэд 23 их наяд ам. долларын алдагдал хүлээх эрсдэлтэйг олон улсын байгууллагууд анхааруулдаг.

Ялангуяа хуурай болон хагас хуурай бүс нутгийн улс орнууд, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ард иргэд, малчид, тариаланчид, эмэгтэйчүүд, залуучууд, хүүхдүүд цөлжилт, газрын доройтлын сөрөг нөлөөнд илүү их өртөж байна.

2026.08.24. Монгол улс. Улаанбаатар хот. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дээд түвшний уулзалт өнөөдөр эхэллээ. Бага хуралд 170 гаруй орны төлөөлөл, 70 орчим сайд, дэд сайдаас гадна хотуудын дарга нар, олон улсын 18 байгууллага оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дээд түвшний уулзалтыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Эрхэм хүндэт төлөөлөгчдийн тэргүүн нар аа,

Эрхэм хүндэт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн орлогч Амина Мохаммед,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Ясмин Фуад,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Их Эзэн Чингис хааны өлгий нутаг, өнө эртний түүхт, эртний нүүдэлчдийн төрт ёсны ариун гал голомт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгчид Та бүхэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа нь Монгол Улсын хувьд нэр төрийн хэрэг төдийгүй эх дэлхийнхээ ирээдүйн төлөө олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран хүлээсэн үүрэг, хариуцлагаа бодитоор хэрэгжүүлж буй түүхэн боломж хэмээн үзэж байна.

Бага хурлын “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” хэмээх уриа нь хүн төрөлхтөн бидний энэ ертөнцөд ирээд буцах хүмүүн заяандаа өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн эх байгалиа унаган төрхөөр нь сэргээж, эх дэлхийгээ хайрлан хамгаалдаг хойч үеийг төлөвшүүлэн ирээдүйдээ итгэх итгэл, найдварыг бадраах гүн гүнзгий утга агуулгатай юм.

Монголчууд бид эрт дээр үеэс “Сав, шим ертөнцийн зохилдлого нь хүмүүний дотоод ертөнцийн ариусал, ухамсарт үйлдлээс хамаарна” хэмээн үзэж, эх байгальтайгаа зохицон амьдрах, онгон дагшнаар нь хадгалан хамгаалах хандлага, сэтгэлгээг өсөх наснаас нь үр хүүхдүүддээ төлөвшүүлэн сургаж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн.

Иймээс хүн төрөлхтөн бидний ирээдүй болсон үр хүүхдүүддээ улс үндэстэн бүр байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах өөр өөрсдийн уламжлалт арга ухаан, мэдлэг, чадварыг бага балчраас нь сэтгэл зүрх, оюун санаанд нь суулган, эх байгалиа хайрлан хамгаалах үйл хэрэгт бие сэтгэлээрээ оролцдог дэлхийн иргэн болгон хүмүүжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна.

Эх байгалийнхаа унаган төрхийг сэргээж, ирээдүй хойч үеэ эрүүл орчинд итгэл төгс, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь хүн төрөлхтний эрхэм үүрэг байх учиртай.

Эх байгаль, эрүүл хөрс бол хүн төрөлхтний оршин тогтнохуйн баталгаа, хоол хүнс, усны нөөц, ахуй амьдрал, тогтвортой хөгжлийн үндэс суурь юм.

Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл байх болно.

Иймээс цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг зөвхөн байгаль орчны асуудал хэмээн ойлгох бус, харин хүнсний хангамж, аюулгүй байдал, усны нөөц, хүн төрөлхтний амьжиргаа, тогтвортой хөгжил, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдалтай уялдуулж цогцоор нь авч үзэх шаардлагатай юм.

Нэгдсэн хүчээр эх байгалиа сэргээж, нэгэн зорилгоор итгэл найдвараа бадрааж, нэгдмэл хариуцлагаар илүү сайхан ирээдүйг бүтээцгээе.

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

Эрхэм хүндэт зочид оо,

Манай дэлхийн нийт газар нутгийн 40 гаруй хувь нь доройтож байгаа нь дэлхийн 3 тэрбум гаруй хүний ахуй амьдрал, амьжиргаа, хүнсний хангамж, усны нөөцөд сөргөөр нөлөөлөн, дэлхийн эдийн засаг 2050 он гэхэд 23 их наяд ам. долларын алдагдал хүлээх эрсдэл үүсээд байгааг олон улсын байгууллагууд анхааруулж байна.

Ялангуяа хуурай болон хагас хуурай бүс нутгийн улс орнууд, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ард иргэд, малчид, тариаланчид, эмэгтэйчүүд, залуучууд, хүүхдүүд цөлжилт, газрын доройтлын сөрөг нөлөөнд нэн тэргүүнд өртөж байна.

Далайд гарцгүй, хуурай болон хагас хуурай бүсэд оршдог Монгол Улс ч уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын сөрөг үр дагаврыг өдөр тутмын амьдралдаа мэдэрсээр байна.

Манай улсын 1.56 сая хавтгай дөрвөлжин километр өргөн уудам нутаг дэвсгэрийн дийлэнх хэсэг газрын доройтол, цөлжилтийн нөлөөнд өртөөд байгаа нь зөвхөн байгаль орчин төдийгүй эдийн засаг, хүнсний хангамж, аюулгүй байдал, иргэдийн амьжиргаа, нүүдлийн өв соёлын тогтвортой байдалд шууд сөргөөр нөлөөлж байна.

Монгол Улс нь дэлхийд үлдсэн хамгийн том сэрүүн бүсийн хээрийн экосистемүүдийн нэгийг өвлөн хамгаалж ирсэн орон юм.

Монголчууд бидний олон мянган жилийн туршид өвлөн уламжилж ирсэн нүүдэлчин ахуй нь эх байгальтайгаа зүй зохистой шүтэлцэн амьдарч, онгон дагшнаар нь хадгалан хамгаалах хандлага сэтгэлгээ, арга ухааны цогц билээ.

Тиймээс Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2005 онд гаргасан тогтоолд монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлсэн төдийгүй “Монголчуудын соёл иргэншилд уламжлагдан ирсэн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах ёсны ач холбогдол өнөөгийн дэлхий ертөнцөд улам бүр өсөн нэмэгдэж буйг онцолж байна” хэмээн цохон тэмдэглэсэн.

Бид өв соёл, эх дэлхийтэйгээ шүтэлцэн амьдарч ирсэн уламжлалт мэдлэг, туршлагаа хуваалцаж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Сансрын технологи, дрон, зайнаас тандан судлал, хиймэл оюун, их өгөгдөл, цахим технологийн хөгжил нь газрын доройтол, цөлжилт, гангийн эрсдэлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх, газрын нөхөн сэргээлтийн үр дүнг бодит цаг хугацаанд хянах өргөн боломжийг нээлээ.

Тиймээс монголчуудын байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах уламжлалт мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухаан, технологи, инновацтай хослуулах нь газрын тогтвортой менежмент, экосистемийн тэнцвэрт байдал, хүн төвтэй хөгжлийн чухал шийдлийг олоход зохих хувь нэмрээ оруулна хэмээн үзэж байна.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Монгол Улс цөлжилт, газрын доройтол, гангийн сөрөг нөлөөг бодитоор мэдэрч буй орны хувьд эх байгалиа хамгаалах дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтад өөрийн хувь нэмрээ оруулсаар ирлээ.

Энэ хүрээнд газрын нөхөн сэргээлт, ойн санг нэмэгдүүлэх, хөрс, ус, бэлчээрийн хамгаалал, хүнсний хангамж, аюулгүй байдал, хөдөөгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Цэнхэр алт”, ”Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний бодлого, санаачилгуудыг амжилттай хэрэгжүүлж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн мод тарьж, ургуулах ажил бус,  цөлжилт, газрын доройтлыг сааруулах, газрын нөхөн сэргээлтийг өргөжүүлэх, ойн санг нэмэгдүүлэх, хөрсний үржил шим, усны нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, хүнсний хангамжийг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх үндэсний хэмжээний цогц санаачилга юм.

Мөн Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 2026  оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон тэмдэглэж байна.

Энэ хүрээнд бэлчээрийн экосистемийн үнэ цэн, малчдын амьжиргаа, хүнсний тогтолцоо, биологийн олон янз байдал, нүүдэлчдийн соёлын өвийн асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах боломж бүрдлээ.

Нүүдлийн мал аж ахуйн өнө эртний түүхэн уламжлалтай манай улс “Даян дэлхийн малчдын чуулга уулзалт”-ыг санаачлан хэдхэн хоногийн өмнө эх орондоо  зохион байгууллаа.

Чуулга уулзалтад 57 улсын 400 орчим малчин оролцож, санал бодлоо хуваалцаж, асуудал, шийдлээ хэлэлцэн, “Улаанбаатарын тунхаглал” баримт бичгийг баталж, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд хүргүүлээд байгааг хэлэхэд таатай байна.

Монгол Улс тунхаглал, шийдвэр, санаачилгуудыг бодит ажил болгохын төлөө бүхий л оролцогч тал, түнштэй хамтран ажиллах болно.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш энэ жилийн “Дэлхийн цөлжилт, гантай тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан гаргасан илгээлтдээ “Дэлхийн газар нутгийн тал хувийг эзэлж, 2 тэрбум хүний ахуй амьдрал хамаардаг бэлчээрийн 50 хувь нь доройтсон буюу доройтож эхэлсэн” тухай дурдсан.

Мөн эрүүл хөрс, усны нөөц, биологийн олон янз байдал, хүнсний тогтолцоо, соёлын өвд анхаарч, бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээхийг уриалсныг Та бид мэдэж байгаа.

Тэгвэл Талуудын 17 дугаар бага хурлыг даргалагч улсын хувьд Монгол Улсын санаачилсан “Тал хээрийн санаачилга” нь “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга”, “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга” гэсэн харилцан уялдаа холбоо бүхий гурван тэргүүлэх чиглэлд тулгуурлаж байна.

Эдгээр нь цөлжилт, газрын доройтлыг бууруулах, бэлчээрийн экосистемийг хамгаалах, ус, газрын нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх, байгальд түшиглэсэн хөгжлийн шийдлүүдийг түгээн дэлгэрүүлэх, улмаар тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой юм.

Түүнчлэн газрын тогтвортой менежмент нь усны аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээтэй салшгүй холбоотой гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сан болон “Бүх нийтийг ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах түншлэл”-ээс хэрэгжүүлж буй “Ус ба ариун цэврийн байгууламжийн төлөөх төрийн тэргүүнүүдийн санаачилга”-ыг Монгол Улс өндрөөр үнэлж, бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлье.

Монгол Улс энэ чухал санаачилгын хүрээнд яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг урагшлуулахад идэвхтэй оролцох болно.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Улаанбаатар хотноо болж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал нь 2026 онд зохион байгуулагдах Риогийн гурван конвенцын Талуудын бага хурлын эхнийх гэдгээрээ онцлог юм.

Иймээс газар, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг тус тусад нь бус, харилцан уялдаатай нэг цогц бодлого, нэг цогц үйл ажиллагаа, нэг цогц хөрөнгө оруулалт хэмээн авч үзэх нь чухал байна.

Монгол Улс олон талт хамтын ажиллагаа, НҮБ-ын тогтолцоо, олон улсын эрх зүй, харилцан итгэлцэл, харилцан хүндлэл, тэгш оролцоо, нийтлэг хариуцлагад суурилсан дэлхийн хамтын шийдлийг тууштай дэмждэг.

Тиймээс энэ бага хурлыг геополитикийн сөргөлдөөн, харилцан адилгүй байр суурьтай талуудын маргааны талбар бус, харин Конвенцын зорилго, хэрэгжилтийг ахиулах олон талт хамтын ажиллагааны чухал индэр байлгахыг зорьж байна.

Даргалагч улсын хувьд бид бүх талын дуу хоолойг сонсож, ялгаатай байр суурийг хүндэтгэн, зөвшилцөлд суурилсан, нээлттэй, ил тод, хүртээмжтэй хэлэлцээг тууштай дэмжих болно.

Цөлжилт, газрын доройтлыг зөвхөн бууруулах бус нөхөн сэргээхийн төлөө ажиллах, гангийн асуудлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрт сэрэмжлүүлэх, зохистой хариу арга хэмжээ авах зэрэг эрсдэлийн цогц удирдлагын тогтолцоог төгөлдөршүүлэн хөгжүүлэх нь нэн чухал.

Мөн газар ашиглалт, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, хүнсний тогтолцоог салангид бус, нягт уялдаа холбоонд авч үзэж, шинжлэх ухаан, уламжлалт мэдлэг, орон нутгийн туршлагад суурилсан бодлого хэрэгжүүлэхийн ач холбогдлыг цохон тэмдэглэж байна.

Хөгжиж буй болон хуурай, гандуу бүсийн орнуудын өмнө тулгарч буй сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтыг чиглүүлж, санхүүжилт, технологи, чадавхыг нэн хэрэгцээтэй улс орон, бүс нутаг, иргэдэд хүргэх шударга тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй.

Буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалтыг газрыг нөхөн сэргээх, гангийн тэсвэржилт, тогтвортой амьжиргаанд илүү өргөн чиглүүлэхийг олон улсын санхүүгийн байгууллагууд, хөгжлийн түншүүд, хувийн хэвшилд уриалж байна.

Түүнчлэн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хянах бүхий л шатанд малчид, тариаланчид, орон нутгийн иргэд, эмэгтэйчүүд, залуучууд, хүүхдүүд, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн оролцоог хангах нь шударга, үр дүнтэй, нээлттэй, тогтвортой шийдлийн үндэс суурь юм.

Энэ хүрээнд Монгол Улс  “Цөлжилттэй тэмцэхэд залуусын оролцоо” үндэсний форум зэрэг олон арга хэмжээгээр дамжуулан олон нийтийн оролцоо, залуучуудын идэвхийг нэмэгдүүлж, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын “Business 4 Land” санаачилгатай уялдуулан газрын тогтвортой менежмент, хөрөнгө оруулалт, инновац зэрэг чиглэлийн хамтын ажиллагаанд хувийн хэвшлийг татан оролцуулахыг зорьж байна.

Цөлжилт, газрын доройтол, ган хуурайшилд хана хэрэм, хил хязгаар үйлчилдэггүйг Та бид мэднэ.

Элсний нүүдэл, шороон шуурга, усны хомсдол, хүнсний хямрал, экологийн доройтол нь нэг улс орны бус, бүс нутаг, дэлхий нийтийн нийтлэг сорилт,  бэрхшээл юм.

Энэхүү сорилт, бэрхшээлийн эсрэг бидний авах хариу арга хэмжээ ч мөн адил нэгдмэл, уялдаа холбоотой, урт хугацааны, тогтвортой, харилцан бие биеэ дэмжсэн байх ёстой.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хорогдол нь хүн төрөлхтний амьдралд аюулын харанга дэлдэж, эх дэлхийн оршин тогтнохуйд түгшүүрийн дохио хангинуулж байна.

Хэрвээ бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий арга замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно.

Тиймээс энэ удаагийн бага хурал нь мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх бодит алхмыг эхлүүлсэн түүхэн чухал бага хурал байх учиртай.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлаар сорилт, бэрхшээлийг зөвхөн хэлэлцээд орхих бус, тэдгээрийн шийдлийг хамтдаа тодорхойлж, энх тайван, ногоон ирээдүйн төлөө бодит шийдвэр, үр дүн гаргана гэдэгт итгэл төгс байна.

Энэхүү бага хурлыг манай эх оронд амжилттай зохион байгуулахад бүх талын туслалцаа, дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан НҮБ болон оролцогч талууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, эх дэлхий маань энх амгалан, шим мандал маань ширгэшгүй арвин байж, ирээдүй хойч үедээ өвлөгдөн үлдэх болтугай.

Та бүхнийг өнө эртний түүхт, эртний нүүдэлчдийн төрт ёсны ариун гал голомт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай морилохыг урьж байна.

Хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье” гэлээ.

Б.Пүрэвдагва: Усны төслүүд хэрэгжүүлнэ

2026.08.27. Монгол улс. Улаанбаатар хот. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын “Усны нөөцийн хомсдолоос сэргийлэх нь” сэдэвт салбар хуралдаан боллоо. Хуралдааныг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үг хэллээ. Тэрбээр “Усны хомсдол бий болсны дараа хэрхэн арга хэмжээ авах вэ гэдгээс илүүтэй, хомсдолоос яаж сэргийлэх вэ гэдэг асуулт бидний бодлогын төвд байх ёстой. Өнөөдөр дэлхийн олон хотод энэ сорилт тулгарч байна. Хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэрлэл, эдийн засгийн төвлөрөл усны хэрэгцээг улам нэмэгдүүлж байгаа боловч нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлт, ган, хуурайшилт, газрын доройтол, хур тунадасны гормын өөрчлөлт, хөрсний ус шингээх болон хадгалах чадавхын бууралт усны байгалийн эргэлт, нөхөн сэргээлтийг хязгаарлаж байна. Өөрөөр хэлбэл, усны эрэлт өсөж байхад байгалийн нөхөн сэргэлт, хүртээмж буурч байгаа юм. Ус бол хотын эдийн засаг, хүн амын эрүүл мэнд, амьдралын чанар, хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдал, байгаль орчин, улмаар хотын хөгжлийн тогтвортой байдалтай шууд холбоотой суурь нөөц билээ. Улаанбаатар хотын ус хангамжийн үндсэн эх үүсвэр нь Туул голын сав газрын доорх усны нөөцөд түшиглэдэг бөгөөд хүн ам, барилгажилт, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын өсөлтийг дагаад усны хэрэглээ нэмэгдсээр байна. Дэлхийн банкны 2026 оны үнэлгээнд Улаанбаатар хотын гүний усны нөөцөд үзүүлж буй дарамт нэмэгдэж, ашиглагдах хэмжээ нь уст давхаргын нөхөн сэлбэгдэх хурднаас хэтрээд байгааг онцолсон байна. Ийм нөхцөлд шинэ эх үүсвэр хаана байгаад ач холбогдол өгөхөөс илүү байгаа усаа хэрхэн хамгаалах, хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх зэрэгт анхаарлаа хандуулах нь зүй. Тиймээс хур тунадас, үерийн усыг зөв менежментээр удирдаж, боломжит нөөц болгон ашиглах шаардлагатай. Бид энэ чиглэлийн бодит алхмуудыг эхлүүлж, Төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдээд гарсан усыг дахин цэвэршүүлэх “Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр”-ийг ашиглалтад оруулсан. Үүний үр дүнд эрчим хүчний салбарт жилд 18 сая хүртэлх шоо метр гүний усыг хэмнэх боломж бүрдсэн юм. Улаанбаатар хотын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, усны эргэлтийн системийг сайжруулах зорилго, зорилтуудын биелэлтийг хангах хүрээнд голууд дээр тохируулгатай усан сан барьж, гадаргын усны эх үүсвэрээс унд ахуйн ус хангамжийг хангах, болзошгүй үерийн эрсдэлээс сэргийлэх зэрэг төсөл хөтөлбөрийг нэн яаралтай хэрэгжүүлэх нөхцөл шаардлага жилээс жилд нэмэгдэж байна. Тулгамдсан энэхүү асуудлыг аливаа хот дангаараа шийдэх боломжгүй. Тиймээс хот, бүс орон нутгийн захиргаа, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлүүдийн хамтын ажиллагаа чухал гэжээ.

COP17 хурлаар ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талаар хэлэлцэв

2026.08.26. Монгол улс. Улаанбаатар хот. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий зуслангийн 26 аманд ажиллалаа. Өнөөдрийн байдлаар иргэдийн чөлөөтэй нэвтрэх, амарч зугаалах ойн сан бүхий газарт нийт 11,706 нэгж талбарт газар олгосон байна. Гэвч газар ашиглалтын явцад зуслангийн бүсийн орц, гарц хаагдаж, иргэд зорчих боломжгүй болсон. Гал түймэр, үерийн эрсдэлийн үед аврах машин нэвтрэх гарц байхгүй. Зөвшөөрөлгүй барилгууд иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд эрсдэл учруулж болохоор байгаа юм. Тиймээс ногоон бүсийн орц, гарцыг хаасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, эзэмшиж буй газраа бодитоор ашиглахгүй байгаа зэрэг зөрчилтэй 407 нэгж талбарын газар эзэмших эрхийг цуцлахаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва мэдэгджээ. Тэрбээр “Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн бүсийн 26 аманд газар ашиглалтын нөхцөл байдлыг шалгаж байна. Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй COP17 хурлаар ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ариг гамтай ашиглах талаар хэлэлцэгдэж байна. Энэ үед бид хотынхоо ногоон байгууламж, ойн санг хайрлах хэрэгтэй. Улаанбаатар хотьн нэг иргэнд 5.9 ам метр ногоон байгууламж ногддог нь олон улсын дунджаас бага үзүүлэлт. Иймд хотын ойн сан, зуслангийн бүсэд зориулалтын бусаар олгосон газруудын зөрчлийг арилгана. Ойн сан бүхий газарт 11 мянга гаруй нэгж талбарт газар олгосон байна. Үүнээс иргэдийн зорчих орц, гарцыг хаасан, зөвшөөрөлгүй барилга, хашаа барьсан, мод сүйтгэж барилга барьсан зэрэг зөрчилтэй 407 нэгж талбарын зөвшөөрлийг цуцалж байна. Улаанбаатар хотын ногоон бүс цөөн хүний эзэмшил бус, нийт иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, амьдралын чанарыг хамгаалдаг хотын амин чухал нөөц. Энэ нөөцөө хамгаалах ёстой. Иргэд ногоон бүсэд чөлөөтэй нэвтэрч, алхаж, аялж, зугаалах боломжтой байх ёстой. Энэ бол хэн нэгний хууль ёсны өмч, эзэмших эрхэд халдаж байгаа асуудал бус зөвшөөрөлгүй тэлсэн хашааг буулгаж, нийтийн зам, орц, гарцыг нээж, ойн сан болон усны эх үүсвэрийг хамгаалах, хууль бус газар ашиглалтыг цэгцлэх ажил гэдгийг ойлгоорой. Чөлөөлсөн газрыг дахин хашаалж, зориулалтын бусаар ашиглуулахгүй. Харин тус байршлуудад явган зам, ногоон зурвас, галын хамгаалалтын зурвас бий болгож, байгаль орчны даацад нийцсэн, иргэдэд нээлттэй, аюулгүй, хүртээмжтэй амралт, аяллын орчин бүрдүүлэх боломжийг судална. Үүнийг оршин суугчид болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран төлөвлөж, хэрэгжүүлнэ гэжээ.

Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзав

2026.08.28. Монгол улс. Улаанбаатар хот. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Их Британийн Экспортын санхүүжилтийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа.  Уулзалтад Их Британийн Экспортын Санхүүжилтийн Байгууллагын Эх үүсвэрийн бодлого хариуцсан захирал Вомик Нур Шах, тус байгууллагын Бизнесийн эх үүсвэрийн бодлогын бүсийн захирал Крис Аллум нар оролцлоо. Монгол Улсын дэд бүтцийн хөгжилд хувь нэмэр оруулах боломжит төслүүдэд, тэр дундаа нийтийн тээврийн салбар болон Улаанбаатар метро төсөлд Их Британийн бараа, үйлчилгээг нийлүүлэх замаар хамтран ажиллахаар 2025 онд санамж бичиг байгуулсан. Улаанбаатар метро төсөлд зээлийн баталгаа гаргах асуудлын хүрээнд өнөөдрийн уулзалт зохион байгуулагдлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар хоттой идэвхтэй хамтын өрнүүлж ирсэнд Их Британийн Экспортын санхүүжилтийн байгууллагад талархал илэрхийлэв. Тэрбээр “Улаанбаатар хотын мега төслүүдийн хамгийн том нь метро төсөл юм. Тус төслийн ажил төлөвлөсөн хугацааныхаа дагуу үргэлжилж байна. Метро төсөл нь нийслэлийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтойгоос гадна оршин суугчдын амьдралын хэв маяг, хотын соёлд том нөлөөтэй. Улаанбаатар хотын хүн ам 2035 он гэхэд хоёр саяд хүрэх төлөвтэй байна. Энэ тоо метро төслийг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгцээ байгааг харуулж буй” гэлээ. Өнөөдрийн уулзалтаар баталгааны шимтгэлийн жишиг тооцоололд уян хатан хандах боломжийн талаар Их Британийн Экспортын санхүүжилтийн байгууллагын байр суурийг тодруулж, тус шимтгэлийн өртөг болон төлбөрийн бүтцийн талаар санал солилцлоо. Мөн тус улсаас авах шаардлагатай бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний хувийг бууруулах боломжтой эсэх асуудлаар хэлэлцэв. Улаанбаатар метро төслийн бэлтгэл ажлын хүрээнд техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсвийн тооцоог шинэчилж, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, хүний нөөцийн бэлтгэл, иргэдийн оролцоог хангах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна гэжээ.

Хүртээмжтэй орон сууц, хот байгуулалтын чиглэлээр хамтарна

2026.08.25. Монгол улс. Улаанбаатар хот. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва НҮБ-ын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Анаклаудиа Россбахтай COP17 хурлын үеэр уулзлаа. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөр нь хотын тогтвортой хөгжил, гэр хорооллын нөхцөлийг сайжруулах, иргэдийн оролцоонд тулгуурласан хот төлөвлөлт, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон жилийн түүхтэй. Тус байгууллага Монгол Улсад 2006 оноос үйл ажиллагаагаа эрчимжүүлж, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох байгууллагуудтай хамтран ажилласаар ирсэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Цаашид Улаанбаатар хот НҮБ-ын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөртэй хамтран гэр хорооллын шинэчлэл, хүртээмжтэй орон сууц, хотын суурь үйлчилгээ, үерийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын тэсвэржилт, усны менежмент, ногоон болон хүн төвтэй хот байгуулалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжтой. Мөн НҮБ-ын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөрийн олон улсын туршлага, техникийн мэдлэгийг ашиглан Улаанбаатар хотын мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, орчин үеийн хот төлөвлөлтийн арга хэрэгслийг нэвтрүүлэх, олон улсын хөгжлийн байгууллага болон санхүүгийн эх үүсвэртэй холбох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал юм” гэлээ. Тэрбээр Улаанбаатар хот болон НҮБ-Хабитатын хамтын ажиллагааны дараагийн үе шат нь зөвхөн тодорхой нэг төсөл хэрэгжүүлэхээс илүүтэйгээр хотын ирээдүйн хөгжлийн нийтлэг зорилгыг тодорхойлсон, урт хугацааны, үр дүнд чиглэсэн стратегийн түншлэл байх нь зүйтэй гэдгийг онцоллоо. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөр гэр хорооллын иргэдийн оролцоотойгоор амьдрах орчныг сайжруулах төслүүдийг Улаанбаатар хотод хэрэгжүүлж, олон нийтийн үйлчилгээний байгууламж, жижиг хэмжээний дэд бүтцийг бий болгох, иргэдийн бүлэг, олон нийтийн байгууллагын оролцоог нэмэгдүүлсэн. Мөн техникийн дэмжлэгээр Улаанбаатар хотын гэ хорооллыг бүхэлд нь хамарсан шинэчлэлийнстратеги, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулж, иргэдийн оролцоонд тулгуурласан хөгжлийн арга барилыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн юм гэжээ.

Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв

2026.08.25. Монгол улс. Улаанбаатар хот. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Европын хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгч Гелсомина Виглиоттитой уулзлаа. Уулзалтаар хамтран ажиллаж буй төсөл хөтөлбөрүүд болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Европын хөрөнгө оруулалтын банк нь эрчим хүч болон бусад хөрөнгө оруулалтын салбарт асар их туршлагатай. Тийм учир Улаанбаатар хотын ногоон эрчим хүчний салбар болоод бүс нутгийн хүрээнд байгуулахыг хүсэж буй мод тарих сүлжээ төсөл, гэр хорооллыг нүүрснээс цэвэр, хүртээмжтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй халаалтын шийдэлд шилжүүлэх үйл явцад хамтран ажиллах хүсэлтэй байна. Энэ нь эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, хотын тогтвортой хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх боломж юм. COP17-ийн хүрээнд баталсан “Улаанбаатарын тунхаглал” болон дэвшүүлсэн “Улаанбаатарын санаачилга” нь хуурай, гандуу, эрс тэс уур амьсгалтай хотуудын газрын доройтол, усны аюулгүй байдал, хот хөдөөгийн экосистемийн уялдаа, хотуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой. Улаанбаатар хот энэ санаачилгыг зөвхөн дотоодын төсөл биш, бүс нутгийн болон дэлхийн түвшний хотуудын хамтын ажиллагааны платформ болгон хөгжүүлэхийг зорьж буй. Үүнд Европын Холбоо болон ЕХОБ-ны дэмжлэг чухал юм. Европын хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгч Гелсомина Виглиотти дээрх саналуудыг анхааралдаа авч, цаашид үргэлжлүүлэн судална гэдгээ илэрхийлэв. Тэрбээр “Европын хөрөнгө оруулалтын банкны Монгол Улс дахь үйл ажиллагааг хариуцан ажилладаг албан тушаалтанд таны саналуудыг уламжлах болно. Ингээд техникийн түвшний мэргэжилтнүүдтэй хамтран таны саналыг дэмжин ажиллаж, цаашид хамтран ажиллах боломжуудын талаар ярилцахаар уулзана гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Б.Пүрэвдагва: 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна

2026.08.24. Монгол улс. Улаанбаатар хот. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Улаанбаатар хот цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүддээ санхүүжилт босгож буй. Бага хурлын хүрээнд зохион байгуулагдсан “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ын үеэр нийслэлд 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татлаа. Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хотын дарга нарын чуулга уулзалтын үеэр бид олон санамж бичигт гарын үсэг зурж, хотууд болон олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Тухайлбал, Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.долларын хөрөнгө оруулалтын сувгийг нээсэн. Мөн Дэлхийн банк групптэй гурван салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт татахаар яриа хэлэлцээр хийлээ. Мөн BYD компанитай хамтран ажиллаж, нийтийн тээврийн салбарт шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх суурийг тавилаа. Түүнчлэн UNDP болон бусад олон улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэв. Өнөөдрийн байдлаар COP17 бага хурлын үеэр нийслэл 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татаад байна. Өнөөдөр UN-Habitat буюу НҮБ-ын Суурьшлын хөтөлбөрийн төлөөлөл, Европын сэргээн босголт хөгжлийн банкны удирдлагуудтай уулзана. 2026 онд олон улсын зах зээлд ногоон эдийн засгийн салбарт нэг их наяд ам.доллар эргэлдэж байна. Тиймээс Улаанбаатар хот энэ салбарт маш өндөр амбицтай байгаагаа олон улсын түвшинд илэрхийллээ. Улаанбаатарын тунхаглалд ч ногоон эдийн засагтай холбоотой асуудал, газрын доройтол, усны хомсдол, цөлжилтийн эсрэг өөр хотуудтай хамтран хэрэгжүүлэх ажлуудаа нарийвчилж тодорхойлсон. Мөн дараагийн COP болоход ямар үр дүнд хүрэхээ ч тодорхойллоо. Дэлхийн хотуудын ойжуулалтын нэгдсэн сүлжээг байгууллаа. Жишээлбэл, шар шороон шуурга зөвхөн манай хотын асуудал биш болсон. Бээжин, Сөүл, Токиогийн асуудал болсон учир аль хэсэгт хэдэн мод тарих вэ гэдэг эхний тооцооллуудаа хийж энэ сүлжээнд бусад хотыг урьж, хөрөнгө оруулалт босгож цөлжилтийн эсрэг бодитой арга хэмжээ авна” гэжээ.

Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа

2026.08.24. Монгол улс. Улаанбаатар хот. Цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх үндэсний сүлжээ болох “Ногоон өртөө”-г Улаанбаатар хотын хэмжээнд үе шаттай ашиглалтад оруулж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөө үйл ажиллагаа явуулж эхэллээ. Улаанбаатар хот 2026 онд 80, 2027 онд 210 цэнэглэгч станц буюу ногоон өртөө байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Иргэд ногоон өртөөнд 5-30 минутад цахилгаан машинаа бүрэн цэнэглэнэ. Мөн цахилгаан автобус цэнэглэх боломжтой. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр “Ногоон өртөө”-г танилцуулах үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва оролцож, үг хэллээ.  Тэрбээр “Улаанбаатар хотын агаарын бохирдлын 32.8 хувийг автомашинаас ялгарах бохирдол эзэлж байна. Тиймээс нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийг цэвэр эх үүсвэрт шилжүүлэх, цахилгаан тээврийн хэрэгслийг дэмжих, цэнэглэх дэд бүтцийг хүртээмжтэй болгох ажлыг үе шаттайгаар хийж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 13 цэгт цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа. Төр, хувийн хэвшил хамтран энэхүү ажлыг хоёр сарын дотор шуурхай зохион байгууллаа. Улаанбаатар хот 2026 онд 80, 2027 онд 210 цэнэглэгч станц ногоо өртөө байгуулахаар зорьж ажиллаж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэх зорилт тавьсан. Ингэснээр ойролцоогоор 166 мянган тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулна гэж тооцоолж байна. Энэ нь 33 мянган янданг буулгасантай тэнцэх юм. Дахин таатай мэдээ дуулгахад энэ онд нийслэл нийтийн тээврийн салбартаа 60 ногоон буюу цахилгаан автобусыг оруулж ирнэ. COP17 бага хурлын үеэр Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, ногоон шилжилтэд нэгдэх боломжтой нь харагдаж байна. Монгол Улсын засгийн газраас ногоон шилжилт, сэргээгдэх эрчим хүчийг бодлогоор дэмжиж, эрх зүйн уян хатан зохицуулалтуудыг хийж өгч байна. Өнөөдөр 32-ын тойргийн авто зогсоолд “Ногоон өртөө”-ний нэг байршлыг нэмж нээсэн бол цаашид “Ногоон өртөө” нь Улаанбаатар хот төдийгүй 21 аймгийн хэмжээнд үргэлжилнэ. Монгол Улсад цахилгаан тээвэр нь ногоон эдийн засаг, эрчим хүчний шилжилт, дотоодын бизнесийн шинэ салбар болон хөгжих бүрэн боломжтой байна гэжээ.

ICLEI-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2026.08.23. Монгол улс. Улаанбаатар хот. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Тогтвортой хөгжлийн төлөөх орон нутгийн засаг захиргаа /ICLEI/-ны Зүүн Азийн Нарийн бичгийн дарга нарын газрын Бүсийн захирал бөгөөд БНХАУ дахь төлөөлөгч Шу Жу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд дэлхийн улс орон, хотуудын өмнө нийтлэг тулгамдаж буй газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлаар санал солилцож, эдгээр сорилтыг бууруулах, даван туулахад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар ярилцав. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотыг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, ногоон, тогтвортой хот болгон хөгжүүлэх нь нийслэлийн тэргүүлэх зорилтуудын нэг. Тиймээс ICLEI-ийн сүлжээгээр дамжуулан Зүүн Азийн хотуудтай ногоон хөгжил, уур амьсгалын тэсвэржилт, хотын усны менежмент, байгальд түшиглэсэн шийдэл, нүүрстөрөгч багатай хөгжлийн чиглэлээр харилцан туршлага солилцож, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхолтой байна гэжээ. Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулсан Хотын дарга нарын чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулахад ICLEI-ийн зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажилласанд талархал илэрхийллээ. Харин /ICLEI/-ны Зүүн Азийн Нарийн бичгийн дарга нарын газрын Бүсийн захирал бөгөөд БНХАУ дахь төлөөлөгч Шу Жу цаашид урт хугацаанд хамтран ажиллаж, олон төсөл, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх боломжтойг илэрхийлсэн гэжээ.

Улаанбаатар, Газиантеп хотын хамтын ажиллагааны тухай ярилцав

2026.08.23. Монгол улс. Улаанбаатар хот. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Бүгд Найрамдах Турк Улсын Газиантеп хотын Захирагчийн орлогч Халил Угур тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хоёр хотын хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын боломжийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Улаанбаатар, Газиантеп хотын ах дүүгийн харилцааны түүхэн замналын талаар онцлон тэмдэглэв. Тодруулбал, 2010 оны есдүгээр сарын 25-нд нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа, Газиантеп хотын дарга Асим Гүзелбэй нар Ах дүү хотын протокол, эрмэлзлийн гэрээнд гарын үсэг зурснаар хоёр хотын хамтын ажиллагааны эхлэл тавигджээ. Улаанбаатар, Газиантеп хотын хамтын ажиллагаа нь зөвхөн ах дүү хотын харилцааны хүрээнд хязгаарлагдахгүй, бодит төсөл, хөтөлбөр болон салбар хоорондын хамтын ажиллагаагаар өргөжих боломжтойг онцоллоо. Цаашид хот байгуулалт, дэд бүтэц, эрчим хүчний салбарын туршлага, технологи солилцох, соёл, боловсрол, спортын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, залуучууд, сурагчдын солилцооны хөтөлбөрийг тогтмолжуулах, хотын хөгжлийн сайн туршлага, инновац, орон нутгийн засаглалын чиглэлээр харилцан туршлага судлах боломжтойг талууд илэрхийлэв. “Улаанбаатар, Газиантеп хотын ах дүүгийн харилцаа нь Монгол, Турк хоёр орны ард иргэдийн найрамдал, харилцан ойлголцлын гүүр болж, цаашид энэхүү харилцааг бодит ажил хэрэг, төсөл хөтөлбөрөөр баяжуулж, хотуудын хөгжлийн сайн туршлагыг харилцан нэвтрүүлэх нь чухал” гэдгийг онцоллоо. Талууд Улаанбаатар, Газиантеп хотын ах дүүгийн харилцааг шинэ агуулгаар баяжуулж, иргэдэд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал нэгдэв.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллана

2026.08.22. Монгол Улс. Улаанбаатар хот. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг Улаанбаатарт зохион байгууллаа. Чуулга уулзалтад 33 улс, 24 хот, 51 олон улсын байгууллага, Монгол улсын дотоодын 23 байгууллагын төлөөлөл оролцсон. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг даргын Тамгын газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь ядуурлыг арилгах, тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтыг бууруулах, улс орнуудад хөгжлийн үр дүнгээ тогтвортой хадгалахад шаардлагатай чадамжийг бий болгох чиглэлүүдэд дэлхийн 170 орчим улс орон, нутаг дэвсгэрт ажилладаг.  Санамж бичиг байгуулснаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Улаанбаатар хотын гэр хорооллын сэргээгдэх эрчим хүчний үйл ажиллагааг өргөжүүлэхэд санхүүжилт татах боломжийг судалж, боломжит санхүүжүүлэгч түншүүдтэй хамтрахад дэмжлэг үзүүлнэ. Мөн олон нийтийн оролцоотой ногоон хөгжлийн загварыг хөгжүүлж, хамтын санхүүжилтээр ногоон цэцэрлэгт хүрээлэн байгуулах, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх юм гэжээ.

Альварез энд Марсал ХХК-тай хамтран ажиллана

2026.08.22. Монгол улс. Улаанбаатар хот. COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулсан. Уулзалтын үеэр олон улсын “Альварез энд Марсал” ХХК-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар тус компанитай хөрөнгө оруулалтын аливаа төслийн бэлэн байдлыг сайжруулах, зөвлөх үйлчилгээ авах, олон улсын санхүүгийн байгууллага, стратегийн хөрөнгө оруулагчидтай харилцаа тогтоох чиглэлд хамтарна гэжээ.

“China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна

2026.08.22. Монгол Улс. Улаанбаатар хот. Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчин болон хот байгуулалтын төслүүдийн хүрээнд стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүжилт, технологи, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ болон хэрэгжилтийн боломжийг хамтран судлах, цаашдын хамтын ажиллагааны суурийг бүрдүүлэх зорилгоор БНХАУ-ын “China Central Strategic Advisory Group”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тус санамж бичгийн хүрээнд дараах төслүүдэд хамтарна.

  • Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдалгүй, хэсэгчилсэн дэд бүтцийн шийдэл бүхий амины орон сууцны төсөл зэрэг төслүүдэд судалгаа, ТЭЗҮ, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломж, технологийн шийдэл, төсөл хэрэгжүүлэх бүтэц, хүний нөөцийн солилцоо болон технологи дамжуулах чиглэлээр хамтарна.
  • ДЦС5-аас гарах нүүрсний шаталтын хаягдлыг байгальд ээлтэй технологиор дахин боловсруулж, барилгын материал үйлдвэрлэх төсөл,
  • Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам болон авто замын дэд бүтцийг хөгжүүлэх төсөл,
  • Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэ төрөл, дэд бүтцийг хөгжүүлэх төсөл
  • Улаанбаатар хотын ногоон дэд бүтэц, хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх болон эрчим хүч хуримтлуулах системийг хөгжүүлэх төсөл,
  • Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдалгүй, хэсэгчилсэн дэд бүтцийн шийдэл бүхий амины орон сууцны төсөл зэрэг төслүүдэд судалгаа, ТЭЗҮ, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломж, технологийн шийдэл, төсөл хэрэгжүүлэх бүтэц, хүний нөөцийн солилцоо болон технологи дамжуулах чиглэлээр хамтарна гэжээ.


250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцжээ

2026.08.22. Монгол Улс. Улаанбаатар хот. COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг анх удаа зохион байгуулсан. Уулзалтын үеэр Улаанбаатар хот болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Ингэснээр 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын ажиллагаа эхэлж байна. Энэ нь Улаанбаатар хотыг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, иргэдэд ээлтэй,  ногоон хот болгон хөгжүүлэхэд чухал алхам юм. Тус байгууллага нь 2016 оноос хойш Улаанбаатар хоттой нягт хамтран ажиллаж, нүүрстөрөгчийн бага ялгаралтай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, эдийн засгийн тогтвортой хөгжлийн шилжилтийг дэмжсээр ирсэн. Энэхүү хамтын ажиллагаа нь уур амьсгалын бодлого, цэвэр эрчим хүч, тогтвортой хот байгуулалтын чиглэлд бодит үр дүнг бий болгосон билээ. Тухайлбал, Mitigation Action Facility (MAF)-аас 32.5 сая ам.долларын буцалтгүй санхүүжилт татан төвлөрүүлж, Улаанбаатар хотын угсармал орон сууцны барилгуудын дулаан шинэчлэлийн төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү харилцан ойлголцлын санамж бичиг нь хоёр талын хамтын ажиллагааг илүү өргөжүүлж, хотын уур амьсгалын өөрчлөлт болон тогтвортой хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх эрх зүйн болон хамтын ажиллагааны шинэ суурийг бүрдүүлэх юм. Түүнчлэн шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг дайчлах, техникийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, Улаанбаатар хотын уур амьсгалын өөрчлөлтийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чухал түлхэц болно гэжээ.

BYD Company Limited-тэй санамж бичиг байгууллаа

2026.08.22. Монгол Улс. Улаанбаатар хот. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Улаанбаатар хотын агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулж, цахилгаан эрчим хүчний дутагдлыг нөхөх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “BYD Company Limited” компанийн Дэд ерөнхийлөгч Жау Тонгтой харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Уг санамж бичгээр дараах дөрвөн технологийг Улаанбаатар хотод нэвтрүүлнэ. Үүнд,

  • Батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх юм.
  • Улаанбаатар хотод цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлнэ.
  • Цахилгаан автомашиныг түргэн цэнэглэх “Ногоон өртөө”-г олноор байгуулна.
  • Цахилгаан эрчим хүчийг нөөцлөх батарей хураагуур /ВЕSS/,

“BYD Company Limited” компани нь цахилгаан автомашин, батарей, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компани бөгөөд нийт 17 сая гаруй цахилгаан автомашин борлуулжээ. Тус компани нь цахилгаан автомашиныг 9 минутад бүрэн цэнэглэх станцыг 2026 онд БНХАУ-д 20 мянган ширхэг барих ажлыг энэ оны зургаадугаар сард эхлүүлж, одоогоор 7 мянган ширхгийг бариад байгаа ажээ. Мөн 2025 онд 60GWh цахилгаан эрчим хүч хуримтлуулах систем /ВЕSS/-ийг барьж байгуулсан нь дэлхийд тэргүүлэх амжилт болжээ. “BYD Company Limited” компани нь өөрийн үйлдвэрлсэн “Вlade Battery” технологид суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг БНХАУ-ын 10 хот, Бразил Улсын Сан Паулу хотод амжилттай нэвтрүүлсэн туршлагатай. “Sky shuttle” тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхэд өртөг бага бөгөөд хурдан барих боломжтой байдаг.

Б.Пүрэвдагва: Дэлхийн хотуудын хамтын ажиллагаа Улаанбаатарт эхлүүлсэн шинэ түншлэлээр үргэлжилнэ

2026.08.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотод зохион байгууллаа. Тус уулзалтын үеэр дараах дөрвөн сэдвээр салбар хуралдаан боллоо.

  • Хотын экосистемийг сэргээх нь: Газрын доройтол, тоосжилт болон шороон шуургатай тэмцэх нь,
  • Дусал бүрийг хамгаалах нь: Усны хомсдол, ган гачиг болон газрын доорх усны дарамттай тулгарч буй хотууд,
  • Амьдрахад таатай хотыг цогцлоох нь: Хотын өсөлт, шилжилт хөдөлгөөн болон газар ашиглалтыг чиглүүлэх нь,
  • Амлалтаас түншлэл рүү: Тэсвэртэй өсөлтийн төлөөх ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалт болон бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг сэдэвт салбар хуралдаан зохион байгууллаа.

Хотын дарга нарын чуулга уулзалтаар хотуудын нийтлэг байр суурь, хамтын зорилтыг илэрхийлэх “Улаанбаатарын тунхаглал”, тэдгээрийг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулах “Улаанбаатарын санаачилга”-ыг дэвшүүлсэн юм. Мөн “Олон түвшний засаглал болон түншлэлээр дамжуулан орон нутгийн хэмжээнд газрын доройтлыг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх манлайллыг сайжруулах нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэг боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва чуулга уулзалтыг хааж хэлсэн үгэндээ “Хотын дарга нарын чуулга уулзалт ийнхүү өндөрлөж байгаа ч энд өрнөсөн яриа, хуваалцсан санаа, эхлүүлсэн хамтын ажиллагаа шинэ түншлэлээр үргэлжилнэ” гэдгийг онцоллоо. Тэрбээр үргэлжлүүлэн “Энд цугласан хотууд байгаль, газарзүй, уур амьсгал, эдийн засгийн хувьд харилцан адилгүй ч гэлээ хоорондоо ойлголцоход урт хугацаа зарцуулах шаардлага гарсангүй. Усны нөөцийн сорилттой тулгарч буй хот, элсэн шуурганы нөлөөг мэдэрч буй хот, хүн амын хурдацтай өсөлттэй зэрэгцэн хөгжлөө төлөвлөж буй хот гэх мэт ялгаа бий хэдий ч бидний өмнө тулгарч буй асуудлууд олон талаараа нийтлэг байна. Хот бүр өөрийн онцлогтой ч амьдрахад таатай ирээдүйг бүтээх гэсэн зорилгын төлөө нэг хэлээр ярилцаж, ойлголцож чадсандаа туйлын баяртай байна. Өнөөдрийн хэлэлцүүлгийн явцад хэд хэдэн нийтлэг чиглэл тодорч, хотын хөгжил, газар, ус, байгаль орчны асуудлыг тус тусад нь биш, харилцан уялдаатай авч үзэх ёстой гэсэн ойлголтод хүрлээ. Усны асуудлын хүрээнд зөвхөн хангамжийг нэмэгдүүлэхээс гадна хэрэглээг зохистой удирдах, алдагдлыг бууруулах, усыг дахин ашиглах, хурын усны менежментийг сайжруулах зэрэг олон талт шийдлийг хамтад нь авч үзэх шаардлагатай. Мөн хотын тэлэлтийг барилга байгууламж, шинэ суурьшлын бүсээр хязгаарлалгүй, харин хүний хөгжил, нийтийн тээвэр, үйлчилгээний хүртээмж, байгаль орчны даацтай уялдуулан төлөвлөх асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай юм. Эдгээр асуудлыг бодит ажил болгоход санхүүжилт чухал байр суурь эзлэх бөгөөд орон нутгийн ногоон төслүүдийг хэрэгжих боломжтой түвшинд нь боловсруулж, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжуудтай холбох нь хамгийн чухал алхмуудын нэг юм. Эдгээр нь зөвхөн хэлэлцүүлгээр хөндөгдөөд өнгөрөх асуудал биш. Харин цаашид хотуудын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, дэвшүүлсэн санал, санаачилгыг бодит төсөлтэй холбож, туршлагаа тогтмол солилцох асуудал юм. Улаанбаатар хотын хувьд энэхүү хамтын ажиллагааг тогтмол үргэлжлүүлэн хотуудын оролцоо, түншлэлийг бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно гэжээ.

Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт олон хотын тулгамдсан асуудал болсон

2026.08.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Хотын дарга нарын чуулга уулзалт” анх удаа болж байна. Энэ удаагийн чуулга уулзалтад 33 улс, 24 хот, 51 олон улсын байгууллага, Монгол Улсын дотоодын 23 байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм. “Хотын дарга нарын чуулга уулзалт”-аар хэлэлцэж буй асуудлуудын талаар өнөөдөр дараах мэдээллийг өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва:

-Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хэмжээнд хотын дарга нарын форумыг Улаанбаатар хотод ийнхүү зохион байгуулж байна. Хотууд асуудлуудаа хэлэлцэхээс гадна хэрэгжилт, бодит байдалд ямар үр дүн гаргах нь хамгийн чухал. Энэ удаагийн хотын дарга нарын форум өргөн хүрээг хамарч байгаа онцлогтой. Өмнөд Америк, Европ, Зүүн Өмнөд Ази, Төв Ази гээд бүх талын төлөөлөл оролцож байна. Цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлууд нь зөвхөн нэг хотын бус хот болгонд тулгамдаж байгаа асуудал учир нэгдэж, оролцож, хамтран ажиллана. Асуудлыг хамтдаа шийднэ. Хотын дарга нарын форумын үеэр шинэ сүлжээ бий болгох, хот хоорондын түншлэлийг хэрэгжүүлэх, төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, бүс нутгийн болон дэлхий нийтийн түвшинд асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна. Энэхүү форум нэг, хоёр өдрийн хэлэлцүүлэг болоод өндөрлөхгүй, үргэлжилнэ. Дараагийн чуулга уулзалтыг Анкара хотод зохион байгуулах талаар яригдаж байна. Хотын дарга нарын форумаар Улаанбаатар хот агаарын бохирдол, авто замын түгжрэл, дэд бүтцийг дэмжих төслүүдэд санамж бичгүүд байгуулна.

Урсула Зауттер: COP17 хурлын үеэр нутгийн засаг захиргааны дуу хоолойг олон улсын түвшинд хүргэх нь чухал

-1999 онд Боннд хот болон цөлжилтийн асуудлаар дэлхийн хотын дарга нарын форум болж, хот, орон нутгийн захиргааны түвшинд цөлжилттэй тэмцэх, тогтвортой хөгжлийг дэмжих асуудлыг хэлэлцсэн. Хотууд өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, хамтын ажиллагаа, мэдээлэл, туршлагаа солилцсон. Орон нутгийн засаг захиргааны дуу хоолойг олон улсын түвшинд хүргэж, хотуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цөлжилтийн асуудлыг онолоос илүү бодит туршлага, хэрэгжүүлсэн шийдэлд тулгуурлан хамтран шийдвэрлэж, үзэл баримтлал, саналаа боловсруулах нь маш чухал байдаг.

Андре Виола: Ус, хөрсийг хамгаалах хариу арга хэмжээ авах хэрэгтэй

Дэлхийн бүх хотод уур амьсгалын өөрчлөлтийн асуудал тулгамдаж байна. Бонн хотод гэхэд гурван сарын турш 40 хэм хүрч халж байлаа. Мөн энэ нөхцөл байдал бүс нутгийн хэмжээнд ч үргэлжилсэн. Бид уур амьсгалын өөрчлөлтийн хямралын эхэн үе болон шийдлийн ч эхэн үедээ зогсож байна. Бүс нутгийн түвшинд дараах шийдлийг гаргах ёстой. Нэгдүгээрт, усны менежментийг хэрэгжүүлнэ. Дараа нь хөрсний сэргээлт, байгалийг хамгаалах ёстой. Энэ мэт олон шийдэл байна. Хамгийн чухал нь олон улсын оролцогчид, иргэний нийгмийн байгууллагууд, хөдөө аж ахуйн байгууллагууд, хувийн хэвшил гээд бүх тал асуудал бүрд оролцоотой байж, дуу хоолойгоо сонсгох боломж энд бүрдэж байна. Үүнээс гарсан хариу арга хэмжээ нэгдмэл, олон улсын түвшинд байх ёстой. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг орон нутгийн засаг захиргаа зөвхөн зөвлөгөө аваад зогсохгүй өөрсдийгөө ижил түвшний оролцогчдоо хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй. Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, усны хэрэглээнд анхаарах нь чухал байна.

Фиона МакКлуней: Гарсан шийдлүүд хэрэгжих нь чухал

Талуудын бага хуралд бүс нутгийн болон орон нутгийн засаг захиргааны төлөөлөл заавал оролцож, дуу хоолойгоо хүргэх ёстой. Мэдээж гарсан шийдлүүд хүнд сурталгүй хэрэгжих нь чухал. Өнгөрсөн зун гэхэд Европт уур амьсгалын өөрчлөлт мэдэгдэхүйц илэрсэн. Цаг уурын өөрчлөлт хүний эрүүл мэндэд ч ихээр нөлөөлж байна. Хотоос гадна хөдөө орон нутагт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө хэр байгаа нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтоож байж шийдвэрлэх гарцаа олно гэжээ.

Улаанбаатар хот Дэлхийн банк групптэй техникийн болон зөвлөх үйлчилгээг өргөжүүлнэ

2026.08.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Улаанбаатар хот Дэлхийн банк группийн хамтын ажиллагааны хүрээнд хотын хөгжлийн төслүүдэд шаардлагатай техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээг авах, олон улсын сайн туршлага, мэдлэгийг нэвтрүүлэх чиглэлээр харилцаагаа өргөжүүлнэ. Тухайлбал, 

  • Хотын тэсвэрлэх чадвар ба үерийн эрсдэлийн менежмент;
  • Тогтвортой бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй тээврийн тогтолцоо;
  • Төслийн бэлтгэл ажил, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • Институцын чадавхыг бэхжүүлэх, мэдлэг, туршлага хуваалцах
  • Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн зорилтуудад хувь нэмэр оруулж болох бусад чиглэлүүд үүнд багтаж байна.

Мөн төслийн хөгжүүлэлт болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, талуудын уялдаа зохицуулалтыг сайжруулах, өндөр түвшний яриа хэлэлцээг өргөжүүлэхэд хамтарна. Ингэснээр Улаанбаатар хотын хөгжлийн бодлого, томоохон төслүүдийг олон улсын шилдэг туршлагатай уялдуулах боломж бүрдэх юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Дэлхийн Банк группийн харилцан итгэлцэл, үр дүнд тулгуурласан олон жилийн түншлэлийг хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг дэмжих хүрээнд үргэлжлүүлэн бэхжүүлнэ. Тухайлбал, иргэдийн аюулгүй байдал, дэд бүтцийн тэсвэрлэх чадварыг хангахад нэн чухал ач холбогдолтой “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох технологийг нэвтрүүлэх төсөл” -ийн хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа, түүнчлэн “Улаанбаатар Трамвай төсөл” -ийн бэлтгэл ажлын хүрээнд өрнөж буй хамтын ажиллагаа нь Улаанбаатар хотод уур амьсгалын өөрчлөлт болон болзошгүй эрсдэлд тэсвэртэй, тогтвортой хотын хөгжлийг урагшлуулахад чиглэж буй юм гэжээ.


Б.Пүрэвдагва: Хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна

2026.08.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Хотын дарга нарын чуулга уулзалт” Улаанбаатарт эхэллээ. Тус арга хэмжээг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үг хэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Газар нутагтайгаа зохицон амьдрах нүүдлийн өв соёл өнөө ч хадгалагдан байгаа Монгол оронд дэлхийн улс орнуудын адил газрын доройтол, ган гачиг, цөлжилтийн асуудал сорилт, бэрхшээлийг дагуулж байна. Цөлжилт, усны нөөцийн хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройтол, түүнээс үүдэх шар шороон шуурга зэрэг нь зөвхөн нэг улсын хилээр хязгаарлагдахгүй.  Энэ удаагийн бага хурлаар дэвшүүлсэн зорилго хэрэгжсэнээр бэлчээр болон газрын доройтол буурч, иргэдийн амьдралд бодит үнэ цэн мэдрэгдэх учиртай. Энэ үйл явцад хотуудын түншлэл, хөрөнгө оруулалтын оновчтой шийдлүүд чухал юм. Харин бид та бүхний сайн туршлагаас суралцаж, шинэ санаа, түншлэлийн загварыг харилцан ашигтайгаар нэвтрүүлэхийг зорьж байна. Хотын дарга нарын чуулга уулзалтаар хотуудын нийтлэг байр суурь, хамтын зорилтыг илэрхийлэх “Улаанбаатарын тунхаглал”, тэдгээрийг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулах “Улаанбаатарын санаачилга”-ыг дэвшүүлэхээр төлөвлөж байна. Хотуудын түншлэл, хөрөнгө оруулалтын боломж нь олон улсын хамтын ажиллагааны чухал алхам болно. Энэ өдрүүдийн хэлэлцүүлэгт өрнөх шинэ санаа, бодит шийдэл нь урт хугацааны хамтын ажиллагааны эхлэл болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

2026.08.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Хотын дарга нарын чуулга уулзалт” Улаанбаатарт эхэллээ. Энэ удаагийн чуулга уулзалтад 33 улс, 24 хот, 51 олон улсын байгууллага, Монгол улсын дотоодын 23 байгууллагын төлөөлөл оролцож байна. Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь хот, суурин газарт амьдарч байгаа бөгөөд 2050 он гэхэд энэ үзүүлэлт 68 хувьд хүрэх төлөв бий. Хүн ам, эдийн засаг, дэд бүтцийн төвлөрөл нь хотуудыг хүний хөгжил болон байгаль орчны тогтвортой байдлын огтлолцлын гол цэг болгож буй. “Хотын дарга нарын чуулга уулзалт” нь өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг, шинжлэх ухаан, технологийн солилцоо, хотуудын туршлага хуваалцах хэлбэрийг хослуулсан олон талт бүтэцтэйгээр зохион байгуулагдана. Чуулга уулзалтаар дэлхийн хотуудын удирдлага, олон улсын байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллага, хөгжлийн түншүүд, санхүүгийн институц, хувийн хэвшлийн төлөөллүүдийг нэгтгэсэн нээлттэй, интерактив хэлэлцүүлгүүд өрнөнө. Энэхүү чуулга уулзалт нь хотуудын түвшинд хэрэгжиж буй бодлого, сайн туршлага, технологи, инновац, байгальд суурилсан шийдлүүдийг олон улсын түвшинд нэгтгэн түгээх, нутгийн захиргааны байгууллагуудын дуу хоолой, оролцоог UNCCD-ийн үйл явцтай илүү нягт холбох, цаашид хотуудын хамтын ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх институцын болон санхүүгийн суурийг бий болгох ач холбогдолтой юм гэжээ.

“Уур амьсгалын санхүүжилтийн эмэгтэй манлайлагчид” хэлэлцүүлэг зохион байгууллаа

2026.08.19. Монгол Улс. Улаанбаатар хот. COP17-ийн хүрээнд “Women Corporate Directors Mongolia”, “ORDA” болон “Solenne” байгууллагууд хамтран “Уур амьсгалын санхүүжилтийн эмэгтэй манлайлагчид” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Монгол Улсын уур амьсгалын санхүүжилтийн экосистемийг бэхжүүлэх, бодлогын зорилтыг дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай уялдуулах, санхүүжилт татах боломж болон тулгамдаж буй саад бэрхшээлийг тодорхойлохын зэрэгцээ тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалтын салбар дахь эмэгтэй манлайлагчдын оролцоо, хувь нэмрийг онцлох зорилготой энэхүү арга хэмжээнд УИХ-ын эмэгтэй гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва тэргүүтэй нийслэлийн удирдлагууд оролцлоо. Мөн хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл, хувийн хэвшлийнхэн оролцсон юм. Тус уулзалтаар Монгол Улсад уур амьсгалын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд шаардлагатай бодлого, институцын орчин, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын шаардлага хангасан төслүүдийг хөгжүүлэх боломж, олон улсын болон хувийн хөрөнгийг татахад тулгардаг хүндрэлүүдийн талаар санал солилцлоо. Мөн цаашид хамтран ажиллах, шинээр түншлэх, хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжид үндэслэн уур амьсгалын санхүүжилтийн хамтарсан баримт бичиг боловсруулах талаар хэлэлцэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэл боломждоо тулгуурлан хувийн хэвшилтэй нээлттэй хамран ажиллаж, агаарын бохирдол, эрчим хүчний хүртээмжгүй байдал, орон сууцжуулалтын асуудлыг шийдэх боломжтой хэмээлээ. Түүнчлэн хэлэлцүүлэгт оролцогчдыг нийслэлийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр оролцохыг урилаа гэжээ.

Б.Пүрэвдагва: Ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно

2026.08.18. Монгол Улс. Улаанбаатар хот. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) наймдугаар сарын 28-ныг хүртэл Улаанбаатар хотод үргэлжилж байна. Дэлхийн 167 орны төлөөлөл оролцож буй тус хурлын Ногоон бүсийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үг хэллээ. Талуудын 17 дугаар бага хурлын Ногоон бүс нь олон нийтэд нээлттэй, оролцоонд суурилсан талбар бөгөөд иргэд, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучууд, эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэг дор холбож, байгаль орчны шийдэл, инновац, сайн туршлага, хамтын ажиллагааг олон нийтэд хүргэж байна. Ногоон бүсэд урлаг, соёлын тоглолтыг тогтмол зохион байгуулж, дөрвөн тайзанд хэлэлцүүлэг, төслийн танилцуулга, семинар, хөгжмийн болон бүжгийн тоглолт болох юм. Арга хэмжээг нээх үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг дэлхийн нүүдэлчдийн соёл иргэншлийн төв Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүлээн авч байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм. Газар нутаг, байгаль, дэлхийтэйгээ зохицон амьдрах нүүдлийн өв соёлоо өнөөг хүртэл хадгалан ирсэн Монгол орны хувьд газрын доройтол, ган, цөлжилтийн асуудал бидний амьдрал, хөгжилд бодитоор тулгарч буй томоохон сорилт болоод байна. Өнөөдөр дэлхийн хотууд байгаль, газар зүй, уур амьсгалын өөр өөр нөхцөлд хөгжиж байгаа хэдий ч тэдэнд тулгарч буй асуудлууд нь улам бүр ижил болж байна. Байгаль, хот хоёр тусдаа оршихгүй гэдгийг бид өдөр тутмын амьдралаасаа мөн мэдэрч байгаа билээ. Цөлжилт, усны нөөцийн хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройтол зэрэг түүнээс үүдсэн шар шороон шуурга нь нэг улсын хилээр хязгаарлагдахгүй, бүс нутаг, цаашлаад дэлхий нийтийг хамарсан асуудал болжээ. Эдгээр асуудлыг нэг улс, нэг хот шийдэх боломжгүй учир хотуудын түншлэл, улс орнуудын хамтын ажиллагаа, олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоо бидэнд хэрэгтэй болж байна. Талуудын 17 дугаар бага хурал нь бидний хувьд улс орнуудын сайн туршлагаас суралцахын зэрэгцээ бүс нутгийн тулгарч буй сорилт, шийдлийг дэлхий нийттэй хуваалцах, хамтын гарцыг тодорхойлох томоохон боломж юм. Түүнчлэн Улаанбаатар хот нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 70 орчим хувийг бүрдүүлдэг эдийн засаг, санхүүгийн төв. Өнөөдөр Улаанбаатар хотод хот байгуулалт, орон сууц, инженерийн дэд бүтцийн томоохон төслүүд болон авто зам, нийтийн тээврийн шинэчлэл, эрчим хүчний шинэ эх үүсвэр, үйлдвэрлэл технологийн паркуудыг хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний бүтээн байгуулалт өрнөж байна. Тиймээс Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Улаанбаатар хот хотуудын түншлэл, ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтын тогтолцоог хамтын ажиллагааны гүүр болгон манлайлан оролцоно. Ногоон бүс нь тухайн хүлээн авч буй орны өөрийн онцлог соёл, уламжлалыг ирж буй зочид болон дэлхий нийтэд сурталчлах өргөн боломж болдог. Тэгэхээр Ногоон бүс гэдгийг та бүхэн маань “Монгол бүс” гэж ойлгож болно. Мөн Ногоон бүс нь Улаанбаатар хотын иргэдэд нээлттэй. Та бүхэн энд хүрэлцэн ирж, өөрийн өв соёл, уламжлал төдийгүй Монгол Улсад тулгамдаад буй бэлчээрийн доройтол, усны хомсдол зэрэг асуудлыг хэлэлцэх салбар хуралдаануудад оролцох боломжтой. Монголчуудын хамгийн сайхан зан бол зочломтгой, найрсаг зан байдаг. Дэлхийн 167 орноос ирсэн 20 мянга орчим зочин, төлөөлөгчийг эелдгээр угтан авч, өөрсдийн болон бүс, дэлхийн асуудлуудад бодит шийдэл олно гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ. Ногоон бүсэд дараах хэсгүүд байрлаж байна.


Хариулт үлдээнэ үү

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.