Монгол, Тажикстаны харилцаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
2025.07.24. Тажикстан. Душанбе. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны урилгаар 2025 оны 07 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Душанбе” олон улсын нисэх онгоцны буудалд тус улсын Тэргүүн Шадар сайд Холикзода Хоким, тус улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү нар угтаж авлаа. Энэ удаагийн айлчлал Төв Азийн улс орнууд, тэр дундаа Тажикистан Улстай найрсаг харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал түлхэц болно гэж талууд үзэж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, “Найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын хамтарсан мэдэгдэл” гаргана. Айлчлалын хүрээнд хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн тус улсын Мажлиси Намояндагон /Парламентын доод танхим/-ын даргыг хүлээн авч уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд хоёр орны төрийн тэргүүн нарын ивээл дор анхны бизнес форум болон соёл, урлагийн тоглолт болох юм. Хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд манай улсаас анх удаа Ерөнхийлөгч төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Душанбе хотноо хүрэлцэн ирсэн даруйдаа Тажикийн түүх, соёлын бэлгэ тэмдэг болсон Исмоил Сомони-гийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Тажикийн төрт ёсны түүхэнд тод мөрөө үлдээсэн Саманидын анхны эмир Исмоил Сомони-г ард түмэн нь мөнхөд дээдэлдэг бөгөөд 13 метр өндөр хөшөөг нь бүтээж, IX-X зуунд Бухарт баригдсан Саманидын бунхны хуулбар бүхий музей байгуулжээ. Хөшөөний хоёр талд байрлах хүрэл арслангууд нь улсын тогтвортой байдал, энх тайван, үндэсний эв нэгдлийг илэрхийлдэг. Тажикистан Улсад айлчилж байгаа төр, засгийн тэргүүн, хүндэт зочид тус улсын Төрийн ёслолын журмын дагуу хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан ёсоор угтлаа
2025.07.24. Тажикстан. Душанбе. Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Ерөнхийлөгч Эмомали Рахмон Үндэсний ордондоо албан ёсоор угтан авлаа. Үндэсний ордны урд талбайд хоёр улсын Төрийн далбааг мандуулж, Төрийн хүндэт харуулын захирагч Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгал өргөсний дараа хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Энэ үеэр ёслолын буудлага үйлдэж хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар Төрийн хүндэт харуулын цэргүүд болон хоёр талын албан ёсны төлөөлөгчидтэй мэндчилж, дурсгалын зураг авахууллаа. Хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ. Душанбе хотын төвд байх Үндэсний ордонг тус улсын тусгаар тогтнол, Төв Азийн түүх, соёлын илэрхийлэл болсон архитекторын хосгүй шийдэлтэй гэж үздэг юм байна. Хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон. Бүгд Найрамдах Тажикистан Улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласан бөгөөд Ерөнхийлөгчийн засаглалтай. Ерөнхийлөгч Э.Рахмон 1994 оноос төрийн тэргүүний албыг хашиж байна. Тус улс 10 гаруй сая хүн амтай. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 17 орчим тэрбум ам.доллар. Өнгөт металл, усан цахилгаан станц, хөдөө аж ахуй, тээвэр, харилцаа холбоо, уул уурхай, хүнс, хөнгөн болон химийн үйлдвэр эдийн засагт нь голлох үүрэгтэй. Эрдэс баялаг, хөвөн, анхдагч хөнгөн цагаан, эрчим хүч, жимс, хүнсний ногоо, хөвөн даавуун утас, цемент, арьс, шир экспортод гаргаж, хүнс, машин, тоног төхөөрөмж, барилгын материал, химийн бүтээгдэхүүн импортоор авдаг. Тажикистан нь гол мөрөн, нуур, усны нөөц арвинтай. Төв Азийн усны нөөцийн 60 хувь нь эдгээр гол мөрөнд ногддог бөгөөд цэнгэг усныхаа нөөцөөр дэлхийд наймдугаар байрт ордог юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
2025.07.24. Тажикстан. Душанбе. Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийж буй Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөв болон олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцлоо. Ерөнхийлөгч Эмомали Рахмон, хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа төрийн айлчлал хийж байгаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баяр хүргэлээ. Уламжлалт найрсаг харилцааг шинэ түвшинд гаргах, бодит хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэ удаагийн айлчлал чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны 2009 онд Монгол Улсад хийсэн анхны төрийн айлчлал нь хоёр орны харилцааны түүхэн эхлэлийг тавьсныг онцоллоо. Энэ айлчлал хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэж, Монгол Улс нь Төв Азийн орнууд, түүний дотор Бүгд Найрамдах Тажикистан Улстай хөгжүүлж найрсаг харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгдгийг хэллээ. Төрийн тэргүүн нар өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтаа дүгнэн хэлэлцэж, ирэх он жилүүдэд харилцааг шинэ агуулгаар баяжуулан, бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй гэдгээ нотоллоо. Хэлэлцээний хүрээнд талууд хоёр улсын хөгжлийн бодлого болох “Алсын хараа–2050”, “Үндэсний хөгжлийн стратеги 2030”-тай уялдуулан эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, ногоон хөгжил, дижитал шилжилт, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхийн төлөө байгааг илэрхийллээ. Харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд тээвэр, логистикийн саад тотгорыг арилгах, дөт тээврийн коридор бий болгох, бүс нутгийн дэд бүтцийн сүлжээнд хамтран нэгдэх боломжийг шат дараатай судлан хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Мал аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ноос, ноолуур, хөвөн, хөвөн даавуунд суурилсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Цагаан алт” хөтөлбөрийг Тажикистаны хөвөн, нэхмэлийн салбарын хөгжлийн бодлоготой уялдуулан хөгжүүлэх нь харилцан ашигтай түншлэлийг гүнзгийрүүлэх чухал алхам гэдэгт санал нэгдэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх малын гаралтай түүхий эд, тэр дундаа халдваргүй, чанар, стандартад нийцсэн халал мах, махан бүтээгдэхүүнийг Тажикистанд экспортлох, мал эмнэлэг, хорио цээрийн хяналт, стандартын шаардлагад нийцүүлэн экспортын нөхцөлийг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ тэмдэглэлээ. Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсаас ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн авч, Монголд жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, лаазалсан бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах санал дэвшүүлэв. Төрийн тэргүүн нар харилцааг үр дүнтэй хөгжүүлэх механизм бүрдүүлэх нь чухал гэдэгт санал нэгдэж, Засгийн газар хоорондын комиссыг ойрын хугацаанд байгуулж, анхны хуралдааныг хийх нь зүйтэй гэж үзлээ. Энэ нь хоёр улсын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг уялдуулж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог дэмжих, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд бодит хөшүүрэг болно гэдгийг онцоллоо. Айлчлалын хүрээнд зохион байгуулах Монгол–Тажикистаны анхны бизнес форум, Бизнесийн зөвлөл нь хоёр улсын баялаг бүтээгчдийн хэлхээ холбоог өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдлээ. Айлчлалын хүрээнд байгуулах Эрчим хүчний яам хоорондын санамж бичиг нь сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усан цахилгаан станцын чиглэлээр мэдлэг, туршлага солилцож, шинжээчдийн түвшний зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо. Хоёр орны төрийн тэргүүний ивээл дор Душанбе хотноо зохион байгуулах соёл, урлагийн тоглолт нь ард түмний харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэлээ. Цаашид соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, боловсрол, спорт, залуучуудын ойр дотно харилцааг дэмжихээр боллоо. Төрийн тэргүүн нар бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа НҮБ, ШХАБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээ илэрхийллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тажикистан Улс нь “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-ийн гишүүнээр нэгдсэн анхны улсуудын нэг байсныг тэмдэглэв. Мөн 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд Тажикистан Улсыг дээд түвшинд оролцохыг урьснаа нотоллоо. Төрийн тэргүүн нар Монгол Улсын “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” болон Тажикистан Улсын “Хоёр тэрбум суулгац”, “Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн хөтөлбөр – 2030” зэрэг үндэсний санаачилгуудыг уялдуулан хамтран хэрэгжүүлэх нь тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдлээ.

Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
2025.07.24. Тажикстан. Душанбе. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.
- “Найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Хамтарсан мэдэгдэл“-д Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар гарын үсэг зурлаа. Төрийн тэргүүн нар уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзлээ нотолж, харилцааг улс төр, худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, тээвэр, логистик, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг бүх салбарт өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцлоо.
- “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Гадаад хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг“-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Гадаад хэргийн сайд Сироджиддин Мухриддин, Яамд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, зөвлөлдөх уулзалт зохион байгуулах зэргээр мэдээлэл, туршлага солилцож, бусад салбарын яамд, байгууллага хоорондын уялдаа холбоог бэхжүүлнэ.
- “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Эрчим хүч, усны нөөцийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг“-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Эрчим хүч, усны нөөцийн сайд Джума Далера Шофакир, Усны эрчим хүч ашиглах чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, урт болон богино хугацааны сургалтад хамруулах, мэргэжилтэн солилцох, хамтарсан төсөл хэрэгжүүлэх зэргээр хамтарч ажиллах боломж бүрдлээ. Засгийн газар зүгээс эрчим хүчний салбарт усны эх үүсвэрийн төслүүдийг түлхүү хөгжүүлэхээр зорьж байгаа. Цахилгаан эрчим хүчнийхээ 98 хувийг усан цахилгаан станцаар хангаж, эрчим хүчний бие даасан байдлаа хангах зорилттой Тажикистаны туршлагыг судлах нь чухал ач холбогдолтой юм.
- “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбын Энхбаяр, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Хөдөө аж ахуйн сайд Хакимзода Курбон, Хөдөө аж ахуйн салбарын туршлага, нөөц, бололцоог харгалзан харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзлээ илэрхийлж, тодорхой чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцов. Тухайлбал, ургамал үржүүлэх, мал аж ахуй, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг механикжуулах, үрийн үйлдвэрлэлд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, ургамлын өвчин, хортон шавжаас хамгаалах, газрын нөхөн сэргээлт, хөрс усалгааны системийн хамтарсан судалгаа хийх, ургамлын эрүүл ахуйн болон мал эмнэлгийн хяналтыг сайжруулах зэрэг салбарт харилцан туршлага солилцож, хамтарсан үйлдвэр байгуулах боломжийг судлах, боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтэн солилцох орчин бүрдлээ.
- “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын харьяа Аялал жуулчлалын хөгжлийн агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Ундрам, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын харьяа Аялал жуулчлалын хөгжлийн хорооны дарга Джумахонзода Джамшед Джурахон, Аялал жуулчлалын салбарт байгалийн болон соёлын өвийг ирээдүйн баялаг гэж үзэж, тэдгээрийг хамгаалахын зэрэгцээ үр ашигтай, агуулга өндөртэй, таниулан сурталчлах, хөгжүүлэхэд хамтран ажиллах нь чухал гэж үзлээ. Талууд аялал жуулчлалын хөрөнгө оруулалт болон технологид суурилсан ухаалаг аялал жуулчлалын санаачилгыг харилцан дэмжих, салбарын мэргэжилтнүүд, холбогдох бизнесийн байгууллагын харилцааг өргөжүүлэхээр тохиролцлоо.
- “Цахим шилжилтийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Инновац, цахим технологийн агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг“-т Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Энхбаярын Батшугар, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Инноваци, цахим технологийн агентлагийн захирал Мирзо Хуршед Файзуллозода, Дижитал эдийн засгийн салбарын зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр мэдлэг, туршлага солилцож, төрийн цахим үйлчилгээг хөгжүүлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг цахимжуулах чиглэлээр туршлага солилцоно.
- “Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Онцгой комисс хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг“-т Монгол Улсын Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Гомбожавын Ариунбуян, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх онцгой комиссын дарга, хурандаа генерал Раджабали Рахмонали, Байгалийн болон хүний хүчин зүйлээс үүдэлтэй онцгой нөхцөл байдлыг зохицуулах, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр харилцан туршлага солилцохоор болов. Онцгой байдал, гамшгийн үед ард иргэдэд шуурхай зарлан мэдээлэх системийг бэхжүүлэх, орчин үеийн технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр хамтарсан дадлага, сургуулилт зохион байгуулна.
- “Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Үндэсний шинжлэх ухааны академи хоорондын санамж бичиг“-т Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Содномсамбуугийн Дэмбэрэл, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Үндэсний шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Хушвахтзода Кобилджон, Шинжлэх ухааны академийн хамтын ажиллагаа албан ёсоор эхэллээ. Мэдлэг мэдээлэл солилцох, хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөр, хурал семинар зохион байгуулах, эрдэмтэн, судлаачдаа солилцон, шинэ төрлийн хамтарсан судалгааг тогтвортой хөгжүүлнэ. Байгалийн ухаан, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, түүний дотор жимс, жимсгэний аж ахуй, хүнсний технологийн чиглэлээр илүү хамтран ажиллана.
- “Монгол Улсын “И-Монгол” академи болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын “Шифрлэгч төвүүд, төрийн үйлчилгээ, цахим программ хөгжүүлэлт”-ийн компани хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг“-т “И-Монгол” академийн захирал Бавуужавын Мягмарнаран, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Инноваци, цахим технологийн агентлагийн захирал Мирзо Хуршед Файзуллозода, Олон улсын харилцаа, бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд тулгамдсан асуудлуудыг хамтран судлах, харилцан туршлага солилцох, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, семинар зохион байгуулах зэргээр хамтран ажиллана.
- “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Аюулгүй байдал судлалын хүрээлэн болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратегийн судалгааны төв хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн дарга Ганхуягийн Ганболд, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратегийн судалгааны төвийн захирал Усмонзода Хайридин Усмон, Олон улсын харилцаа, дэлхий дахины болон бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлын хүрээнд судалгааны ажлын үр дүнг хуваалцах, эрдэм шинжилгээний бага хурал, семинар, дугуй ширээний уулзалт, академик хэлэлцүүлэг хийх, бүс нутгийн болон олон улсын шинж чанартай арга хэмжээг хамтран зохион байгуулах зэрэг боломж бүрдлээ.
- “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Үндэсний музей хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг“-т Монгол Улсын Чингис Хаан Үндэсний музейн захирал Сампилдондовын Чулуун, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Үндэсний музейн захирал Иброхимзода Зафаршо Сафо нар тус тус гарын үсэг зурлаа. Түүх-соёлын өвийг хадгалах, судлах, сурталчлах, шинжлэх ухаан, соёлын харилцааг гүнзгийрүүлэх, бэхжүүлэх зэргээр хамтарна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
2025.07.24. Тажикстан. Душанбе. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө. Төрийн тэргүүн нарын хэлсэн үгнээс хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хэвлэлийн төлөөлөгчид өө,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Ази, Европыг холбосон Торгоны замын зангилаа үзэсгэлэнт сайхан эх орондоо халуун дотноор хүлээн авч байгаа Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Эмомали Рахмон Танд болон Тажикистан Улсын төр, засаг, найрсаг ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны 2009 онд Монгол Улсад хийсэн төрийн анхны айлчлал хоёр орны найрсаг харилцааны түүхэнд шинэ эхлэлийг тавьж, харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
Мөнх цаст Памирын нурууны түүх, соёлыг өвлөн ирсэн Тажикистаны ард түмэн болон уудам тал нутгийн Монголын ард түмэн эрт дээр үеэс худалдаа, соёлын харилцааг хөгжүүлж ирсэн арвин баялаг түүхтэй билээ.
Хоёр орны энэ түүхэн хэлхээ холбоог бид өнөөг хүртэл эрхэмлэн дээдэлж, бие биедээ ахан дүүсийн элгэмсэг сэтгэлээр хандаж ирсэн нь манай хоёр орны найрамдал, нөхөрлөлийн үнэт өв болон үргэлжилж байна.
Сүрлэг уулс, цэнгэг уст гол мөрөн, байгалийн онцгой тогтоц, соёлын баялаг өвийг шингээсэн Тажикистан Улсад Монгол Улсын Ерөнхийлөгч анх удаа төрийн айлчлал хийж, эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны удирдлага дор өдрөөс өдөрт өргөжин хөгжиж буй Тажикистан Улсын хөгжил цэцэглэлт, ард түмний найрсаг, зочломтгой зан чанар, түүх, соёлтой танилцаж байгаадаа баяртай байна.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Тантай хийсэн албан ёсны яриа хэлэлцээ халуун дотно, ажил хэрэгч уур амьсгалд амжилттай болж өнгөрлөө.
Бид өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтаа дүгнэн хэлэлцэж, ирэх он жилүүдэд харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан, бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар үр бүтээлтэй санал солилцож, хамтын ажиллагааны хэтийн төлөв, замын зураглал, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойллоо.
Яриа хэлэлцээний дүнгээр хоёр улсын төрийн тэргүүн “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улс, Тажикистан Улсын хамтарсан мэдэгдэл” гаргалаа.
Мөн харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, цахим хөгжил, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхээр тохиролцож, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн байгууллага хоорондын 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.
Бид Монгол Улсын “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон Тажикистан Улсын “Үндэсний хөгжлийн стратеги 2030” хоорондын уялдаа холбоог хангах, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлэх, хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар ярилцлаа.
Мөн манай хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагаа нэн чухал гэдэгтэй санал нэгдэж, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн уялдааг нэмэгдүүлэх боломжийг судлан хоёр орныг холбосон дөт авто замын чиглэлийг нээж, шууд нислэгтэй болох, тээврийн шинэ коридор байгуулах зэргийг хэлэлцлээ.
Түүнчлэн Тажикистан Улсыг “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай” хэлэлцээрт нэгдэн ороход Монгол Улс бүх талаар дэмжиж ажиллахад бэлэн буйг тэмдэглэхэд таатай байна.
Хоёр улсын хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эхлүүлж, Тажикистан Улсад үржлийн мал нийлүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний солилцоог нэмэгдүүлэх, Монгол Улсаас халал мах нийлүүлэх боломжийг судлахаар тохиролцлоо.
Энэхүү хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх хүрээнд хоёр улсын мал эмнэлэг, мал аж ахуйн байгууллагууд хоорондын харилцааг идэвхжүүлж, холбогдох дүрэм журам, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.
Монгол Улсын “Цагаан алт” хөтөлбөрийг Тажикистаны хөвөн, нэхмэлийн салбарын хөгжлийн бодлоготой уялдуулан ноос, ноолуур, хөвөн зэрэг байгалийн гаралтай түүхий эдэд суурилсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцлээ.
Энэхүү айлчлалын хүрээнд Монгол, Тажикистаны анхны Бизнес форумыг Душанбе хотноо амжилттай зохион байгуулж, Бизнесийн зөвлөл байгуулахаар тохирсон нь хувийн хэвшил, баялаг бүтээгч нарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, экспортыг төрөлжүүлэх замаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх өргөн боломжийг бүрдүүлж буй чухал үйл явдал боллоо.
Энэ удаагийн айлчлалаар Эрчим хүчний яам хооронд байгуулсан Санамж бичиг нь Тажикистан Улсын усан цахилгаан станцын арвин туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх, улмаар ногоон шилжилтийг дэмжих, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд чиглэсэн урт хугацааны түншлэлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.
Бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний салбарт тэргүүлэгч орны байр сууриа бататгаж буй Тажикистан Улсын бодлого, туршлагыг манай улс өндөр үнэлэн, тус салбар дахь цаашдын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байна.
Хоёр улсын аялал жуулчлал, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг онцолж, аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний брэндийг уялдуулан хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, мөн боловсрол, соёл, спортын салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, ирээдүй хойч үеийн харилцааг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахын чухлыг санал нэгтэй тэмдэглэлээ.
Айлчлалын хүрээнд цахим хөгжил, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан нь хамтын ажиллагааны шинэ чиглэлийг нээж, ирээдүйн хөгжлийн замыг тодорхойлох чухал алхам боллоо гэж үзэж байна.
“Чингис хаан” үндэсний музей болон Тажикистан Улсын Үндэсний музей соёлын өвийг судлан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх хамтын ажиллагааны үндсийг тавьсанд сэтгэл хангалуун байна.
Айлчлалын хүрээнд “Монгол-Тажикистаны соёлын хамтарсан тоглолт”-ыг хоёр улсын төрийн тэргүүний ивээл дор амжилттай зохион байгуулж, Үндэсний урлагийн их театр анх удаа Душанбе хотноо уран бүтээлээ толилуулж, тал нутгийн аялгуугаар анд нөхдийнхөө сонорыг мялаан, сэтгэл хөдлөм сайхан дурсамжийг хамтдаа бүтээж байгаад сэтгэл өндөр байна.
Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд харилцан бие биеэ дэмжин, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотоллоо.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Та бид уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, ногоон хөгжлийг дэмжихэд онцгой анхаарал хандуулдгийн хувьд Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Тажикистан Улсын “Хоёр тэрбум суулгац” хөтөлбөрийг уялдуулан нөхөн сэргээлт, ойжуулалтын хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр үр дүнтэй, бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлсэн нь дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтод бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Тажикистан Улс нь Монгол Улсын санаачилсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-ийн гишүүнээр нэгдсэн анхны улс орнуудын нэг бөгөөд энэхүү чухал санаачилгыг тууштай дэмжиж ирсэнд гүн талархал илэрхийлье.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Бидний яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө биеллээ олж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэл дүүрэн байна.
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны оруулж буй хувь нэмэр, гавьяа зүтгэлийг Монгол Улс талархан хүлээж авч, өндрөөр үнэлж байгааг хэлэхийг хүсэж байна.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таныг ирэх онд Монгол Улсад төрийн айлчлал хийхийг урьж байгаагаа дахин нотолж байна.
Тажикистаны ард түмэн Та бүхэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
Манай хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, харилцаа, хамтын ажиллагаа улам бүр цэцэглэн хөгжих болтугай.
Анхаарал хандуулсанд баярлалаа.
БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭМОМАЛИ РАХМОН:
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Хатагтай ноёд оо,
Юуны өмнө Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, ноён Ухнаагийн Хүрэлсүх болон найрсаг Монголын өндөр, дээд хэмжээний төлөөлөгчдийг Тажикистанд тавтай морилохыг хүсэж байна.
Манай хоёр улс пипломат харилцаа тогтоосноос хойш харилцаагаа хөгжүүлэх арга замыг байнга эрэлхийлж ирсэн билээ.
Бид төрийн энэ айлчлалыг цаашдын хамтын ажиллагааны бодит үргэлжлэл гэдгийг тэмдэглэж байна. Тажикистан, Монголын яриа хэлэлцээ нь найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах үндэс суурь болж байна.
Хоёр улсын харилцаа холбоо, яриа хэлэлцээ бүх шатанд ажил хэрэг болж байна. Бид энэ харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж, бодит үр дүн гаргах болно.
Бид өнөөдөр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, хэтийн төлөвөө тодорхойлж, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.
Харилцаа, хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, эрх зүйн орчныг улам бэхжүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
Ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээний үеэр харилцааг өндөр түвшинд бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой гэдгийг онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ айлчлал харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулахад жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломжууд нээгдлээ. Худалдаа, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалах, ярилцсан зүйлсийг бодит ажил хэрэг болгох нь зүйтэй гэж үзэж байна.
Худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэг, бусад салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь хамгийн зөв гэж үзэж байна. Засгийн газар хоорондын комисс, Парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал байна.
Яриа хэлэлцээний үеэр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг чухалчилж ярилцлаа. Засгийн газар хоорондын комиссын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдлээ.
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, үр дүнд хүрэх нь чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ.
Мөн бид нөөц боломжоо ашиглан, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцлоо. Бид хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах боломж байгааг харилцан нотоллоо. Төсөл, хөтөлбөр боловсруулж, ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр боллоо.
Манай улс байгалийн нөөц баялгийг ашиглах суурь судалгааны ажил хийх санал дэвшүүлж, энэ чиглэлээр хамтрахаар тохирлоо.
Боловсруулах үйлдвэр, хүнс, хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт хамтран ажиллах боломж байна. Бизнесийн таатай орчин бүрдүүлэх зорилгоор аливаа шинэ санал, санаачилгыг дэмжихээр боллоо.
Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын анхны бизнес форум зохиож байгаад баяртай байна. Ийм арга хэмжээг тогтмол зохиох нь бизнес эрхлэгчдийг харилцаа холбоо тогтооход чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.
Өнөөдрийн яриа хэлэлцээний үеэр аялал жуулчлал, соёл, хүмүүнлэгийн салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхээ нотоллоо.
Соёлыг өвийг хамгаалах ажлыг эрчимжүүлэх, боловсрол, шинжлэх ухаан, залуучууд, спортын чиглэлээр санал солилцож, холбогдох баримт бичигт гарын үсэг зурлаа.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны манай улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монголын соёлын өдрүүдийг нийслэл хотод маань зохион байгуулж байгаад талархаж байна.
Бид мөн олон улс, бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлын талаар ярилцлаа. Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр хамтын хүчин чармайлт гарган, хувь нэмрээ оруулахаар тохиролцлоо.
Бид олон улс, бүс нутгийн түвшинд бие биеэ харилцан дэмжиж ирсэн. НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд, олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ харилцан нотоллоо.
Энэ удаагийн айлчлал хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж, бодит үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байна.
Харилцан итгэлцсэн харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх болно.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Та намайг Монгол Улсад төрийн айлчлал хийхийг урьсанд талархал илэрхийлье. Би Монгол Улсад айлчлах болно.
Би 2009 онд хоёр өдрийн айлчлал хийж байсан. Өргөн уудам газар нутагтай Монгол орон миний айлчлах сонирхлыг их төрүүлж байна.
Бид Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх онцгой хүсэл эрмэлзэлтэй байна.
Хоёр улсын Засгийн газар хоорондын комисс нь хамтын ажиллагааны Замын зураглалыг гаргах ёстой гэж үзэж байна. Таны гаргасан бүх саналыг бид дэмжиж байна.
Манай нарлаг сайхан оронд тавтай морилно уу. Манай ард түмэн та бүхнийг айлчлахаар хүрэлцэн ирсэнд туйлын их баяртай байгааг уламжилъя.
Бурхны ивээлээр харилцаа, хамтын ажиллагаа маань бодит үр дүн авчраасай гэж хүсэж байна.
Та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.
Анхаарал хандуулсанд баярлалаа.

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
2026.07.17. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон 2026 оны 07 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Энэ айлчлал нь Тажикистан Улсын төрийн тэргүүний 2009 онд хийсэн төрийн айлчлалаас хойш 17 жилийн дараа болох гэж байна. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 онд тус улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр, соёл зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Айлчлалын үеэр “Монгол-Тажикистаны бизнесийн дугуй ширээний уулзалт” болон соёлын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улс 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 онд Тажикистан Улсад төрийн айлчлал хийн, Ерөнхийлөгч Эмомали Рахмоны хамт “Найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын хамтарсан мэдэгдэл” гаргасан. Хоёр улс уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзлээ нотолж, улс төр, худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, тээвэр, логистик, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг бүх салбарын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцсон юм. Энэ хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх 11 баримт бичигт гарын үсэг зурсан. Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүний ивээл дор Душанбе хотноо анх удаа бизнес форум зохион, морин хуур болон гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, Үндэсний урлагийн их театрын хамт олон уран бүтээлээ толилуулсан юм гэжээ.

Тажикстаны соёлын өдөр болов
2026.07.20. Монгол улс. Улаанбаатар хот. Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны төрийн айлчлалын хүрээнд “Тажикистаны соёлын өдөр” 2026 оны 07 дугаар сарын 20-нд Соёлын төв өргөөнд нээлтээ хийлээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гэргий Л.Болорцэцэг хүрэлцэн ирж, Тажикистаны Соёлын сайд Матлубахон Сатториён болон бусад төлөөлөгчдийн хамт уран зургийн үзэсгэлэнг сонирхов. Тус үзэсгэлэнд Тажикистаны уран бүтээлчдийн дүрслэх болон гоёл чимэглэлийн урлагийн 32 шилдэг бүтээлийг дэлгэжээ. Тоглолтод Тажикистаны Улсын симфони найрал хөгжим, эстрад, үндэсний хөгжмийн болон “Зебо”, “Джахоноро” бүжгийн чуулга оролцож, 19 үзүүлбэрийг толилууллаа. Тажикистаны уран бүтээлчид үндэсний урлагаасаа гадна Монголын сор бүтээлүүдийг тайзнаа амилуулсан нь үзэгчдийн талархлыг ихэд хүлээв. Монголын ард түмний сэтгэлд хоногшсон, монгол хүний хийморь, цог золбоог илтгэсэн Б.Шаравын “Сэрсэн тал” аялгууг удирдаач А.Ализодагийн удирдлагаар эгшиглүүлж, эх хүний ариун хайр, энэрэл нигүүлслийг магтан дуулсан “Эх үрсийн элбэрэл” дууг дуучин С.Сангинов, эх орноо хайрлан дээдлэх үзэл, үндэсний бахархлыг шингээсэн “Эх орон” дууг О.Ахадов нар тус тус дуулсан юм. Эдгээр бүтээлийг Тажикистаны уран бүтээлчид үзэгчдэд зориулан сэтгэл шингээн толилуулсан нь олны сэтгэлийг хөглөж, хоёр орны ард түмний нөхөрлөл, харилцан хүндэтгэл ямар ойр дотно болохыг харуулсан сайхан бэлгэдэл боллоо гэж салбарын яам нь мэдээлэв.

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
2026.07.20. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон 2026 оны 07 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Тажикистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал, Бүгд Найрамдах Тажикистан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хайрулло Ибодзода нар угтаж авлаа. Энэ төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Тажикистан Улсын төрийн тэргүүний 2009 онд манай улсад хийсэн төрийн айлчлалаас хойш 17 жилийн дараа болж байна. Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Айлчлалын үеэр худалдаа, эдийн засаг, боловсрол, спорт, геологи, ашигт малтмал, байгаль орчин, аж үйлдвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 онд Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, цахим хөгжил, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхээр тохиролцож, 11 баримт бичигт гарын үсэг зурсан юм. Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улс 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоожээ. Мөн өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар Их тэнгэр цогцолборт ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарилаа. Төрийн тэргүүн нар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Тажикистаны “Үндэсний ногоон хөгжлийн хөтөлбөр-2040” хөтөлбөрийг уялдуулан хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
2026.07.21. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа, Ерөнхийлөгч Эмомали Рахмон Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв. Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн зочидтой мэндчилж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Эмомали Рахмон Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох юм. Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Ерөнхийлөгч Эмомали Рахмон “Чингис хаан” үндэсний музейд зочилж, Монголын түүх, соёл, зан заншилтай танилцахаар төлөвлөж байна. Бүгд Найрамдах Тажикистан Улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласан бөгөөд Ерөнхийлөгч Э.Рахмон 1994 оноос төрийн тэргүүний албыг хашиж байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд энхийн хэлэлцээр, төрийн институц, эдийн засаг, Үндсэн хууль, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбар зэрэгт үе шаттай шинэчлэл хийж, 2020 оноос дижитал шилжилт, байгаль орчны тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй бодлого явуулж байгаа юм. Тажикистан нь 10 гаруй сая хүн амтай. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 17 орчим тэрбум ам.доллар. Эдийн засагт нь өнгөт металл, усан цахилгаан станц, хөдөө аж ахуй, тээвэр, харилцаа холбоо, уул уурхай, хүнс, хөнгөн болон химийн үйлдвэр голлох үүрэгтэй. Эрдэс баялаг, хөвөн, анхдагч хөнгөн цагаан, эрчим хүч, жимс, хүнсний ногоо, хөвөн даавуун утас, цемент, арьс, шир экспортод гаргаж, хүнс, машин, тоног төхөөрөмж, барилгын материал, химийн бүтээгдэхүүн импортоор авдаг. Тажикистан нь гол мөрөн, нуур, усны нөөц арвинтай. Төв Азийн усны нөөцийн 60 хувь нь эдгээр гол мөрөнд ноогддог бөгөөд цэнгэг усныхаа нөөцөөр дэлхийд наймдугаарт ордог юм гэжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
2026.07.21. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтыг дүгнэн, хэтийн төлөв, бүс нутаг болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хоёр улсын төрийн тэргүүн нэг жилийн хугацаанд харилцан төрийн айлчлал хийж буй нь харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөөх хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл гэдгийг тэмдэглэлээ.
Ерөнхийлөгч Э.Рахмоны 2009 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг онцоллоо.
Ерөнхийлөгч Э.Рахмон халуун дотноор хүлээн авч буй Монголын төр, засаг, ард түмэнд талархал илэрхийлж, энэ удаагийн айлчлал хоёр улсын улс төрийн итгэлцлийг бэхжүүлж, бодит хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв.
Мөн дипломат харилцаа тогтоосноос хойш хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж ирснийг өндөр үнэлж, цаашид харилцааг шинэ агуулгаар баяжуулан, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх эрмэлзэлтэй буйгаа илэрхийллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улс нь Төв Азийн орнуудтай, тэр дундаа Бүгд Найрамдах Тажикистан Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглэлээ.
Энэ удаагийн айлчлалаар худалдаа, эдийн засаг, боловсрол, залуучуд, спорт, геологи, ашигт малтмал, байгаль орчин, аж үйлдвэр зэрэг салбар, чиглэлээр Засгийн газар болон байгууллага хоорондын 11 баримт бичигт гарын үсэг зурж буйг сайшаан тэмдэглэлээ.
Хэлэлцээний үеэр Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг Тажикистан Улсын “2030 он хүртэлх Үндэсний хөгжлийн стратеги”-тай уялдуулан, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч, зам, тээвэр, логистик, байгаль орчин, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой гэдэгт санал нэгдэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улс сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усны эрчим хүчний салбарт Төв Азийн бүс нутагт тэргүүлэх байр суурь эзэлдгийг онцолж, энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, туршлага солилцох зэргээр хамтран ажиллах боломжтойг тэмдэглэлээ.
Ногоон шилжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрчим хүчний интеграцчлалийг бэхжүүлэх чиглэлээр урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцлоо.
Зам, тээврийн салбарт тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, тээвэр, логистикийн дөт маршрут бий болгох боломж бүрдүүлэх чиглэлээр холбогдох яамд хамтран ажиллахаар боллоо.
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд “Транзит Монгол” болон Тажикистаны “Транзит улс” стратегийг Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөртэй уялдуулж, эдийн засаг, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх эрмэлзлээ харилцан илэрхийллээ.
Хөдөө аж ахуй, мал аж ахуй, тэр дундаа мал эмнэлгийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, салбарын эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тохирлоо.
Монголын ноос, ноолуурыг Тажикистаны хөвөн, нэхмэлийн үйлдвэрлэлтэй уялдуулан нэмүү өртөг шингэсэн хамтарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэдэгт санал нэгдэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, энэ оны 09 дүгээр сард Монгол Улсад зохион байгуулах “КАРЕК” хөтөлбөрийн Сайд нарын уулзалт нь бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, олон салбарыг хамарсан томоохон санаачилгуудын хэрэгжилтийг хангах суурь бүрдүүлэхэд ач холбогдолтойг онцолж, уг уулзалтад тажикистаны талыг өндөр түвшинд оролцохыг урилаа.
Айлчлалын хүрээнд Монгол, Тажикистаны Бизнес дугуй ширээний уулзалт зохион байгуулсан нь бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.
Монгол, Тажикистаны Бизнесийн зөвлөл байгуулж, Монголын мах, ноос, ноолуур, арьс шир, Тажикистаны жимс, жимсгэнэ, нэхмэл эдлэлийг харилцан зах зээлдээ нийлүүлж эхлэхээр тохиролцлоо.
Төрийн тэргүүн нар Тажикистаны “Feel the friendship” брэндийг “Go Mongolia” брэндтэй уялдуулан аялал жуулчлалын салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, иргэдийн солилцоог дэмжих, биеийн тамир, соёл, урлаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө буйгаа нотоллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хоёр улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд оюутан залуусыг харилцан сургах, нэн ялангуяа мал аж ахуй, усны эрчим хүч, усжуулалтын чиглэлээр нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллах санал дэвшүүлэв.
Талууд НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, ялангуяа далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг бүс нутаг болон олон улсын тавцанд хамгаалах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.
Тажикистан нь “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-ийн гишүүнээр нэгдсэн анхны улсуудын нэг болсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайшаалаа.
Мөн Монгол Улсад ирэх сард зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д тажикистаны талыг оролцохыг дахин урилаа.
Төрийн тэргүүн нар “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” болон Тажикистаны “Үндэсний ногоон хөгжлийн хөтөлбөр-2040”, “2030 он хүртэлх Хүнсний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр” зэрэг үндэсний санаачилгуудыг уялдуулах нь тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдлээ.

Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа
2026.06.27. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны төрийн айлчлал үргэлжилж байна.
Айлчлын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.
“Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Гадаад хэргийн сайд Сироджиддин Мухриддин,
Хоёр улсын дипломат болон албан паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчино. Энэ нь хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, албан ёсны айлчлал, төлөөлөгчдийн солилцоог идэвхжүүлэх, улс төр, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой.
- “Олон улсын автотээврийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Тээврийн сайд Азим Иброхим,
Худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах, автотээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжих, гуравдагч орнууд руу тээвэрлэлт хийх, олон улсын зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэх боломж бүрдэнэ.
- “Ургамал хамгаалал ба хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын хороо хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат, Хүнсний аюулгүй байдлын хорооны дарга Мухаммадсаид Файзуллозода,
Ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн тогтолцоог бэхжүүлэх, хорио цээрт хөнөөлт организмын тархалтаас урьдчилан сэргийлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааны аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилготой. Ургамал, ургамлын гаралтай болон бусад зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний импорт, экспорт, дамжин өнгөрөх үйл ажиллагаатай холбоотой ургамлын хорио цээрийн шаардлагыг уялдуулна.
- “Хөдөө аж ахуй, хүнсний хангамжийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын 2026-2028 оны Замын зураглал”-д Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат, Хөдөө аж ахуйн сайд Курбон Хакимзода,
Ажлын хэсэг байгуулж, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний харилцан нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, экспортлогч аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл солилцох зэрэг арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ.
- “Бэлчээрийн газрын нөхөн сэргээлт, мөсөн голын хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлт болон цөлжилтийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Байгаль орчныг хамгаалах хороо хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Цэндийн Сандаг-Очир, Байгаль орчныг хамгаалах хорооны дарга Баходур Шерализода,
Мөсөн гол болон криосферийн судалгаа, хамгаалал, бэлчээр, бэлчээрийн доройтлыг бууруулах, цөлжилт, газрын доройтлын эсрэг хамтын ажиллагаа, биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ойжуулалт, нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, ногоон санхүүжилт болон нүүрстөрөгчийн зах зээлийн хөгжлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлнэ.
- “Залуучууд, спортын салбарт хамран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Залуучууд, спортын хороо хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Жуковын Алдаржавхлан, Гадаад хэргийн сайд Сироджиддин Мухриддин,
Залуучуудын солилцоо, оролцоо, идэвх, сайн дурын хөтөлбөр хэрэгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх, спортын салбарын хүний нөөц бэлтгэх, тамирчдын хамтран бэлтгэл, сургалт зохион байгуулах, спортын салбарын хөрөнгө оруулалт, спортын соёл, мэдээлэл технологи, хууль, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллана.
- “Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт аюулгүй байдлыг хангах төрийн хяналт шалгалтын алба хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Буриадын Дашпүрэв, Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт аюулгүй байдлыг хангах төрийн хяналт шалгалтын албаны дарга Исмоил Вализода,
Ил болон далд уурхайн аюулгүй ажиллагааг хангах, уул уурхайн аюулгүй ажиллагааны хууль, тогтоомжийн зөрчил, доголдлыг арилгах, шаардлага, стандартуудыг сайжруулах, хяналт шалгалтад дижитал технологи нэвтрүүлэхэд хамтран ажиллана.
- “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Төмөр-Очирын Ням-Очир, Боловсрол, шинжлэх ухааны сайд Рахим Саидзода,
Оюутан, багш, судлаач солилцох, хамтарсан сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний арга хэмжээ зохион байгуулах, хамтарсан болон хос дипломын хөтөлбөр хөгжүүлэх, богино хугацааны сургалт, тэтгэлэг, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллана.
- “Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Бага, дунд мэргэжлийн боловсролын хороо хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Төмөр-Очирын Ням-Очир, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Бага, дунд мэргэжлийн боловсролын хорооны дарга Фарход Рахими,
Багш, суралцагч, дадлагажуулагчийн солилцоог дэмжих, хамтарсан сургалтын хөтөлбөр, судалгаа, төсөл хэрэгжүүлэх, сургалтын арга зүй, шинэ техник, технологийн туршлага солилцох, бага хурал, семинар хийх зэргээр хамтарна.
- “Геологийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний геологийн алба болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Геологийн ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Үндэсний геологийн албаны дарга Намсрайн Мөнхбилэг, Геологийн ерөнхий газрын дарга Илхомджон Оймухаммадзода,
Хамтын ажиллагааг шинээр тогтоох, хөгжүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хэрэгжүүлэх, Үндэсний геологийн албаны мэргэжилтэн, судлаачдын чадавхыг бэхжүүлэх, туршлага судлах, солилцох, геологийн зураг зохиох, эрлийн ажил гүйцэтгэхэд орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх чухал ач холбогдолтой.
- “Монгол Улсын Хөрөнгө оруулалт, худалдааны газар болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Экспортын агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Хөрөнгө оруулалт, худалдааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Батсайханы Батбаяр, Экспортын агентлагийн дарга Бахриддин Сироджиддинзода нар гарын үсэг зурлаа.
Экспортыг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, худалдаа эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг холбож, хамтын ажиллагааг хөгжүүлэх, форум, семинар бусад арга хэмжээ зохион байгуулах, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлан таниулах чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
2026.07.21. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө. Төрийн тэргүүн нарын хэлсэн үгийг хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Энд хүрэлцэн ирсэн хэвлэлийн төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эрхэм хүндэт Эмомали Рахмон Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад төрийн айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн жил Ази, Европыг холбосон Торгоны замын зангилаа үзэсгэлэнт сайхан танай оронд эрхэм Ерөнхийлөгч Таны урилгаар анхны төрийн айлчлал хийснээ эргэн дурсахад таатай байна.
Хоёр улсын төрийн тэргүүн нэг жилийн хугацаанд харилцан төрийн айлчлал хийж буй нь найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөөх Та бидний хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл юм.
Таны энэ удаагийн айлчлал нь манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 34 жилийн хугацаанд эрхэм Ерөнхийлөгч Таны манай улсад хийж буй хоёр дахь төрийн айлчлал бөгөөд харилцаа, хамтын ажиллагааны нэгэн шинэ хуудсыг нээсэн, онцгой ач холбогдолтой түүхэн айлчлал гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 онд Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр бид өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтаа дүгнэн хэлэлцэж, ирээдүйн хамтын ажиллагааны талаар санал солилцож, хамтын ажиллагааны хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн 11 баримт бичигт гарын үсэг зурсан билээ.
Тэгвэл Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны манай улсад хийж буй энэ удаагийн төрийн айлчлалаар худалдаа, эдийн засаг, боловсрол, залуучууд, спорт, аялал жуулчлал, геологи, ашигт малтмал, байгаль орчин, аж үйлдвэр зэрэг салбар, чиглэлээр хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.
Түүнчлэн “Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл” гаргалаа.
Бид харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир, Тажикистан Улсаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, хөвөн даавуун бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр тохиролцлоо.
Монголын өндөр чанартай ноос, ноолуурыг Тажикистаны хөвөн, нэхмэлийн үйлдвэрлэлтэй уялдуулан нэмүү өртөг шингэсэн хамтарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хамтын ажиллагааны шинэ боломж бий болгохоор санал нэгдлээ.
Айлчлалын хүрээнд Монгол, Тажикистаны бизнес форум зохион байгуулсан нь бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагаа, хэлхээ холбоог улам бүр бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Хоёр улсын зах зээлд бараа бүтээгдэхүүн харилцан нийлүүлэхэд хувь нэмэр оруулах Монгол, Тажикистаны Бизнесийн зөвлөл байгуулах саналыг сайшаан дэмжиж байна.
Мөн зам тээврийн салбарт тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, тээвэр, логистикийн дөт маршрут бий болгох боломжийг бүрдүүлэхэд хоёр талын тээврийн асуудал хариуцсан яамд нягт хамтран ажиллахаар тогтлоо.
Энэ оны 09 дүгээр сард Улаанбаатар хотноо болох Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн Сайд нарын уулзалтад Тажикистаны талыг өндөр түвшинд оролцохыг урилаа.
Соёлын солилцоог өргөжүүлэх өргөн боломж байгааг эрхэм Ерөнхийлөгч Таны энэ удаагийн төрийн айлчлалын хүрээнд Улаанбаатар хотноо зохион байгуулсан Тажикистаны соёл, урлагийн хүндэтгэлийн тоглолт, гэрэл зургийн үзэсгэлэн тод харууллаа.
“Чингис хаан” үндэсний музей, Тажикистаны Үндэсний музей хооронд түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт дурсгалыг судлан тогтоох, соёлын биет бус өвийн судалгаа хийх, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохирлоо.
Усан цахилгаан станцын арвин туршлагатай Тажикистан Улсын туршлагаас суралцаж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Монгол, Тажикистаны төрийн тэргүүн нарын санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Үндэсний ногоон хөгжлийн хөтөлбөр-2040” хөтөлбөрийг уялдуулан хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтад бодит хувь нэмрийг оруулна гэдэгт итгэлтэй байна.
Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд бие биеэ харилцан дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотоллоо.
Манай улсаас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүрээнд санаачилдаг тогтоолуудыг Тажикистан Улс тогтмол дэмжиж хамтран зохиогчоор нэгддэг бөгөөд Монгол Улсын санаачилгаар үүсгэн байгуулсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-ийн анхны гишүүн орнуудын нэг Тажикистан Улс нь энэхүү чухал санаачилгыг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлье.
Энэ оны 08 дугаар сард Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хуралд Тажикистан Улсыг өндөр түвшинд оролцохыг урьж байна.
Энэ бага хурлын үеэр манай улс “Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн асуудлаарх Олон улсын эвсэл” байгуулах санаачилга гаргахаар төлөвлөж байгааг Тажикистан Улс дэмжин, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг онцлон тэмдэглэж, өндрөөр үнэлж байна.
Энэ айлчлалаар бидний хэлэлцэж, тохиролцсон ажлууд Монгол, Тажикистаны хөгжил цэцэглэлт, ард түмнүүд хоорондын найрамдал, нөхөрлөл, сайн сайхны төлөө биеллээ олж, харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна.
Манай хоёр ард түмний ахан дүүсийн найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.
Өнө эртний түүхт, эртний нүүдэлчдийн төрт ёсны ариун гал голомт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай морилохыг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.
БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭМОМАЛИ РАХМОН:
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Эрхэм хүндэт хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,
Бид бүхнийг сайхан эх орондоо халуун дотноор, элгэмсэг сэтгэлээр хүлээн авч байгаа эрхэм хүндэт Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Танд, Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид найрсаг Монгол Улстай найрамдалт харилцаагаа улам бүр бэхжүүлэх болон харилцан сонирхсон бүх асуудлаар хамтран ажиллахад онцгой ач холбогдол өгч байна.
Албан ёсны яриа хэлэлцээ үр дүнтэй боллоо. Хоёр улсын харилцааны үндсийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурсныг сайшаан тэмдэглэж байна. Хэлэлцээний үеэр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, шинэ чиглэл, механизмыг тодорхойлоход онцгой анхаарлаа.
Боловсруулах үйлдвэр, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл, эрчим хүч, барилга, хөдөө аж ахуй, мал аж ахуй болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хэлэлцлээ.
Худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах шаардлагатай гэдэгт санал нэгдлээ.
Энэ чиглэлээр хийж байгаа чухал алхмын нэг нь хоёр улсын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн хамтарсан бизнес форум юм. Энэ форум болон Засгийн газар хоорондын комиссын хуралдаан нь худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Манай улс энэ чиглэлээр шаардлагатай бүх арга хэмжээг авч, хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийллээ.
Соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх чухал үндэс суурь гэдэгт санал нэгдлээ. Шинжлэх ухаан, боловсрол, соёл, хүмүүнлэг, залуучуудын бодлого, аялал жуулчлал, биеийн тамир, спорт болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхлоо харилцан нотоллоо. Монгол Улсад “Тажикистаны соёлын өдөр”-ийг зохион байгуулсныг сайшаан тэмдэглэлээ.
Соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байна.
Хэлэлцээний үеэр олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал бодлоо солилцож, тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, бодит гарц эрэлхийлэх зорилгоор түншлэлээ бэхжүүлэхэд анхаарлаа.
Энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр онцгойлон ярилцлаа. Энхийг эрхэмлэдэг манай улс дэлхийн улс орнуудын бат бөх, тогтвортой байдал, зөвшилцөл, харилцан ойлголцлыг тууштай дэмжиж ирсэн. Саяхан манай улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2027-2036 оныг “Ирээдүй хойч үеийн төлөө энх тайвныг бэхжүүлэх 10 жил болгон зарлах тухай” тогтоолыг баталсан билээ. Энэ санаачилгыг манай бусад түнш орон, түүний дотор Монгол Улс дэмжсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох асуудал нь хэлэлцээний анхаарлын төвд байлаа.
Ирэх сард Улаанбаатар хотноо болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хурлыг манай улс дэмжиж байна. Энэ хурлыг байгаль орчныг хамгаалах салбар дахь даян дэлхийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ хэмээн үзэж, Монгол Улсын хүчин чармайлтыг өндөр үнэлж байна.
Олон улсын тавцанд, тэр дундаа манай улсын зүгээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэвшүүлдэг санаачилгуудыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улстай тууштай хамтран ажиллахад бэлэн байна.
Өнөөдрийн албан ёсны хэлэлцээ харилцан ойлголцол, итгэлцэл, хүндэтгэлтэй болж өнгөрсөнд сэтгэл хангалуун байна. Яриа хэлэлцээ бидний найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэл төгс байна.
Монголын найрсаг ард түмэнд энх тайван, тогтвортой байдал, сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе. Миний анд нөхөр, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Таны улсынхаа хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг өндөр үнэлж байгаагаа илэрхийлье.
Үзэсгэлэнт сайхан Монгол Улсын хөгжилтэй дахин танилцаж, сайхан сэтгэгдэл төрснөө онцлон тэмдэглэе. 17 жилийн өмнө ирж байсантай харьцуулахад Монгол Улс, Улаанбаатар хот хөгжин цэцэглэж байгаа нь илт байна. Миний анд нөхөр, Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Та улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин чармайлт гаргаж байгааг дахин хэлье. Танай сайхан улсад сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Баярлалаа.

Монгол, Тажикистаны бизнес форум боллоо
2026.07.21. Монгол улс. Улаанбаатар хот. Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны төрийн айлчлалын хүрээнд Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд “Монгол-Тажикистаны бизнес форум”-ыг дугуй ширээний уулзалт хэлбэрээр зохион байгууллаа. Форумыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Тажикистаны Хөрөнгө оруулалт, төрийн өмчийн удирдлагын улсын хорооны дарга Султон Рахимзода нар нээж үг хэллээ. Уулзалтын үеэр Монгол, Тажикистаны эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар харилцан танилцаж, бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар санал солилцов. Энэ үеэр МҮХАҮТ болон Тажикистаны “Тажинвест” байгууллага хоорондын хамтын ажиллагааны Замын зураглалд гарын үсэг зурлаа. Мөн “Прайм Номадик Мийт” ХХК, “Нью Тех Мандала” ХХК, “ПАК Мийт” ХХК Тажикистаны “Лесинвест” ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг байгуулж, хоёр улсын хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд шинэ алхам хийлээ. Мөн аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, B2B уулзалт хийлээ. Дугуй ширээний уулзалтад хоёр талаас 60 орчим бизнесийн төлөөлөл оролцлоо. Манай улс Тажикистанд тодорхой хэмжээгээр ноос, ноолуур, арьс шир, савхин эдлэл, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлж, жимс, жимсгэнэ, нарийн ногоо, хөвөн, хөвөн даавуу зэргийг авдаг юм.

Тажикстаны Ерөнхийлөгч Чингис хаан музeйд зочлов
2026.07.21. Монгол Улс. Улаанбаатар хот. 2026.07.21. Монгол улс. Улаанбаатар хот. Манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Чингис хаан Үндэсний музейд зочилжээ. Энэ үeэр Чингис хаан Үндэсний музейн захирал манай музей байгуулагдаад удаагүй ч та манайд зочилж байгаа 14 дэх төрийн тэргүүн гэдгийг онцлоод, монголын түүх,соёлын талаар танилцуулахын зэрэгцээ, хоёр улсын эрдэмтдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Тажикстаны нутагт хөгжиж байсан Согдийн соёл түүний улбаа Монголд уламжилсан тухай асуудлаар санал солилцов. Ерөнхийлөгч Эмомали Рахмон тус музейн Хүндэтгэлийн өргөөн дэх Их шүтээнийг үзэж сонирхон музейн хүндэтгэлийн дэвтэрт сэтгэгдлээ бичиж хоёр улсын харилцаанд түүхэн жимээ үлдээлээ гэжээ.

Тажикстаны Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөв
2026.07.22. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны төрийн айлчлал өндөрлөлөө. Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө. Төрийн тэргүүн нар уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтыг дүгнэн, хэтийн төлөв, бүс нутаг болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо. Айлчлалын хүрээнд талууд худалдаа, эдийн засаг, боловсрол, залуучуд, спорт, геологи, ашигт малтмал, байгаль орчин, аж үйлдвэр зэрэг салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон байгууллага хоорондын 11 баримт бичигт гарын үсэг зурлаа. Мөн айлчлалын үеэр Монгол-Тажикистаны бизнес дугуй ширээний уулзалт болон “Тажикистаны соёлын өдөр” боллоо. Хүндэт зочныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Тажикистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал, Бүгд Найрамдах Тажикистан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хайрулло Ибодзода нар үдэж мордууллаа гэжээ.

