9 сар 2026
М Т W Т F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
9 сар 23, 2026

Адгийн парламентийн адгийн томилгоо

Монгол Улсын их хурлын гишүүд гэж адгийн хүмүүсийн адгийн томилгоо үргэлжилсээр. Үүний нэг жишээ саяхан дээлээ нөмрөх дээрээ тулж явсан ГОК-ын Ганзориг гээчийн хүү Тэмүүлэнг хуульзүйн сайдаар шургуулах нь тэр.

Тодруулбал, Улсын Их Хурал 2026.09.22-ны өдрийн хуралдаанд хоёр асуудал хэлэлцэхээр танилцуулжээ. Нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу холбогдох танилцуулгыг хийжээ.

Тэрбээр Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Сайнбуянгийн Амарсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж, Ганзоригийн Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох шийдвэр гаргажээ. Энэ талаар танилцуулах албан бичгийг 2026 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэлээ. Үргэлжлүүлэн Ерөнхий сайд Н.Учрал “Сайнбуянгийн Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж, Ганзоригийн Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т заасны дагуу Улсын Их Хуралд үүгээр танилцуулж байна” хэмээсэн.

Хууль зүй, дотоод хэргийн салбарын хэвийн үйл ажиллагаа, улс орны дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг, төрийн байгууллагад итгэх олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн нөхцөл байдлыг таслан зогсоох шаардлагад үндэслэн энэхүү шийдвэрийг гаргаснаа тэрбээр тодотгов.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Монгол Улсын сайдаар томилогдохоор нэр дэвшигч Ганзоригийн Тэмүүлэн нь олон улсын харилцааны мэргэжилтэй, улсад 20 жил ажилласан, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж буй, салбарын бодлогыг удирдан чиглүүлэх чадавхтай гэдгийг Улсын Их Хуралд танилцууллаа.

“Хууль зүй, дотоод хэргийн салбар бол Монгол Улсын дотоод аюулгүй байдал, хүний эрх, хууль дээдлэх зарчим, төрийн иргэдтэй харилцах итгэлцэл, шударга ёсны баталгаа болсон онцгой салбар. Засгийн газар эдийн засгийн сорилтыг туулж, төсвийн сахилга бат, төрийн хэмнэлт, иргэдийн ахуй амьжиргааг хамгаалах бодлогыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хууль зүйн салбарт бодлогын шинэчлэл хийж, бодитой үр дүн гаргах нь нэн чухал зорилт болоод байна. Улсын Их Хурал 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч буй зарим зөрчил нь тухайн нэг тохиолдлын алдаа бус, системийн шинжтэй доголдол болохыг тэмдэглэж, өмгөөлөгчийн оролцоог хангах, цагдан хорих арга хэмжээг хуульд нийцүүлэн хэрэглэх, хяналт-шинжилгээ, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх зэрэг арга хэмжээг Засгийн газарт үүрэг болгосон.

Иймээс хууль зүйн салбарын шинэ удирдлагын өмнө хууль зүйн салбарт үүссэн асуудлын үнэн зөвийг тогтоолгох, хууль сахиулах байгууллагуудын хариуцлагыг сайжруулахын зэрэгцээ хүний эрхийг хамгаалсан, хараат бус, мэргэжлийн, хариуцлагатай хууль сахиулах тогтолцоог бэхжүүлэх зорилт тавигдаж байна” хэмээн Ерөнхий сайд нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүнээр гурвантаа сонгогдсон Г.Тэмүүлэнгийн төсөв, эдийн засгийн бодлогын асуудлаар олон жил ажилласан туршлага, улс төрийн манлайлал, мэдлэг, ур чадвар нь хууль зүйн салбарын шинэчлэлийг төсвийн сахилга бат, төрийн байгууллагын удирдлага, үр ашигтай зарцуулалттай уялдуулан хэрэгжүүлж чадна хэмээн үзсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнг Засгийн газраас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар болон тухайн ажил үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, мэдлэгийг нь харгалзан итгэл хүлээлгэн танилцуулж байгаагаа тэмдэглэв.

Сайдын алба нь олон нийтийн итгэлийг даах, хэлсэн үг, хийсэн ажилдаа эзэн байх хамгийн дээд хариуцлага гэдгийг Ерөнхий сайд тодотгоод “Иймд Ерөнхий сайд миний бие Засгийн газрын бүх гишүүнд хандан төрийн үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж, Үндсэн хуульт эрх зүйт төрийг бататгах үүргээ бүрэн ухамсарлан, хүний эрхийг дээдлэн сахиж, танхимын зарчмаар нэгдмэл байр суурьтай хамтран ажиллахыг хатуу шаардаж ажиллах болно” гэлээ.

Шинээр томилогдох сайд салбарынхаа байгууллагуудын үйл ажиллагаанд бодит өөрчлөлт хийж, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль сахиулах байгууллагын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох, байгууллагын дотоод хяналт, хариуцлагыг сайжруулахад онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгааг танилцуулгын төгсгөлд Ерөнхий сайд онцолсон.

Үүний дараа Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, П.Сайнзориг, М.Нарантуяа-Нара, Х.Баасанжаргал, Б.Хэрлэн, О.Алтангэрэл, Ж.Золжаргал, Б.Пүрэвдорж, О.Амгаланбаатар, Ө.Шижир, Г.Очирбат, М.Ганхүлэг, Р.Сэддорж, С.Одонтуяа, Ж.Баярмаа, Б.Жаргалан, О.Номинчимэг, Г.Ганбаатар, О.Цогтгэрэл, А.Ундраа, С.Амарсайхан, Р.Эрдэнэбүрэн, Х.Тэмүүжин, Г.Хосбаяр нар асуулт асууж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэв.

Бусдыг гүтгэх, нэр хүнд, алдар хүндийг гутаан доромжлохтой холбоотой асуудлыг анхааралдаа авч, иргэдийн эрхийг хамгаалахыг гишүүд хүсэхэд Г.Тэмүүлэн гишүүн “Үндсэн хуульд Монгол Улсын иргэний нэр төр, алдар хүндийг хуулиар тогтоон хамгаалахаар заасан байдаг бөгөөд Эрүүгийн хууль дахь холбогдох зохицуулалтыг оновчтой томьёолох талаар ажиллаж байна. Улс орнууд гүтгэх, худал мэдээлэл тараах үйлдэлд хүлээлгэх хариуцлагыг хуульчлан зохицуулсан байдгийг энэ ташрамд дуулгая. Бидний хувьд эрх зүйн орчноо эргэн нягталж, дахин авч үзэх нь шаардлагатай гэж үзэж байгаа” хэмээн хариулсан. Гишүүд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбоотой үйл ажиллагаа, нөхцөл байдлын талаар тодруулж асуухад “Энэ төрлийн гэмт хэрэг өнгөрсөн жилтэй харьцуулахад 25, зөрчил 20 хувиар нэмэгдсэн байна. Сүүлийн 8 жилийн хугацаанд 2100 гэмт хэрэг, 2000 гаруй зөрчлийг илрүүлсэн байна. Хамгийн харамсалтай нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаа хүмүүсийн 90 хувь нь залуус байна. Тодруулбал, 55 хувь нь 35 хүртэлх насны залуучууд, үлдсэн нь 13-25 насныхан байна. Аюулын харанга дэлдсэн үзүүлэлт. Өнгөрсөн хугацаанд энэ төрлийн бодис хэтрүүлэн хэрэглэснээс болж 76 хүн амиа алдсан байна. Монгол Улсын аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, хүүхэд залуучуудын асуудалтай шууд хамааралтай болоод байгаа асуудал. Нэн тэргүүнд Улсын Их Хурлаас энэ чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгож баталсан хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангахад хатуу анхаарч ажиллана” хэмээсэн.

Үргэлжлүүлэн гишүүд нийгмийн талцал хуваагдлыг өөгшүүлэхгүй байхад анхаарах, төрийн байгууллагууд мэдээллээ ил тод гаргаж, нээлттэй байдлаа хангаж ажиллах, төрийн болон улс төрийн үйл ажиллагааг ялгаж, ангид байлгах, Хууль зүй, дотоод хэргийн сайдын харьяа байгууллагууд нь Үндсэн хуулийг баримталж, хууль дээдлэх зарчмын хүрээнд хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангах, төрийн тусгай алба хаагчдын сахилга батыг эрхэмлэж, хууль дээдлэх зарчмыг мөрдүүлэх, олон улсын жишгийн дагуу мөрдөх алба байгуулах талаар байр сууриа илэрхийлж, үг хэлэхийн зэрэгцээ Ерөнхий сайдын томилгоог дэмжиж буйгаа тодотгож байв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Гишүүд үг хэлж дууссанаар Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хуралд танилцуулсанд тооцох бөгөөд Улсын Их Хурлаас аливаа шийдвэр гаргахгүй” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Засгийн газрын гишүүнийг чөлөөлж, томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг Улсын Их Хурал ийн сонсов гэжээ.

Энэ мэт өөрсдийнхөө хачин сайхнаар өргөмжилж байж албан тушаалтай болов. Гэхдээ тэрийгээ тэгээд нь eрөнхийлөгчдөө мэдэгдсэн юм байх. У.Хүрэлсүхээ би чиний оронд байсан бол энэ мэт ар араасаа орж ирэх даварчихсан томилгоонуудыг чинь нэгийг чинь ч зөвшөөрхгүй байх байлаа. Адаглаад эцэг нь торны цаана сууж явсан хүний хүүг шүү. Түүний оронд сольсон, солигдсонтой, томилсон, томилуулсантай нь бүгдийг нь намаас, засгаас, төрөөс явуулах байлаа Н.Учралынх нь хамтаар. Томилдог гишүүдийг нь, томилуулдаг сайд нартай нь хамт явуулах байлаа. Н.Учрал яаж ч мянга зүтгүүлээд эцэг нь хээр алаг бол, хүү нь ялгаагүй хээр алаг байж таарна. Торны цаана суух ёстой хүмүүс, хуульзүйн салбар атгаад сууж явах ч гэхдээ…

Тэр тийшээ зүтгэж буйн учир юу юм бол. Эцгийнхээ ГОК-ийг идэлцэж явсан хэргийг хав дарах гэж яваа юу. Эсвэл нийлж идэх гэж тийшээ зүтгэж яваа юу. Тэр хоёрын нэг байхаас зайлахгүй биз. Үүнийгээ гүйцэлдүүлэх гэж нэгэн үe хамтарч, хавсарч явсан нөхөдтэйгөө нийлж баахан шоудсан бололтой юм янз нь. Энүүгээр eрөнхий сайд Н.Учрал нь пялдагдаж ирээд жүжиг тавиад буцсаны цаад шалтгаан энэ байсан болов уу гэж таамаглахад хүрэв.

Нэг адгаа нөгөө адгаар солиод, нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэр нь өөрчлөгдөхгүй гэдгийн жишээ болох биз. Өнөөдөр улс орон яагаад ийм байдалд хүрэв. Энэ мэт томилгоог адгийн хүмүүсээр дүүрсэн адгийн парламeнт өдөр бүр хийдэг учраас л тэр. Төрийн өндөрлөгөөсөө энгийн иргэд хүртлээ шударга ёсыг умартаж, буруу зөвийг ялгаж чадахаа байчихсан учраас л тэр. Олон мянган мэргэжлийн хүмүүсийг мэдрэлгүй хүмүүсээр сольсон учраас тэр биз. Ийм томилгоо хийсэндээ эргээд амаа барих өдөр ирэх нь дамжиггүй юм. Монголчууд амаа барьж байсан учраас аавыг нь аваачиж торны цаана хийж явсан цаг саяхан юм. Энийг би ч хэлээд байгаа юм биш. Тэдний булай хэвлэлийн хуудаснаа хэдэнтээ цацагдаж явсан нь саяхных билээ.

Хариулт үлдээнэ үү

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.