Байгаль орчны салбарт гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх санамж бичиг байгууллаа

2025.05.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог байгаль хамгааллын салбарт нэвтрүүлэхэд хамтран ажиллах санамж бичигт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Сангийн сайд Б.Жавхлан, Монголын Байгалийн өв сангийн Удирдах зөвлөлийн дарга М.Болдоо нар гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд талууд ирэх 4 жилийн хугацаанд байгаль орчны салбарт үр дүнд суурилсан төсөвлөлт, тайлагналын механизмыг нэвтрүүлэх, биологийн олон янз байдлын төсвийн санхүүжилтийн арга хэрэгслүүдийг боловсронгуй болгох, хууль эрх зүйн орчныг шинэчлэх зэрэгт хамтран ажиллана. Ингэснээр байгаль хамгааллын салбарын санхүүжилт олон талын эх үүсвэртэй, ил тод, хариуцлагатай, үр дүнтэй болно. Монгол Улсын Засгийн газар, Дэ Нэйче Консерванси болон Монголын байгалийн өв сангийн хооронд 2024 оны 4-р сард байгуулсан “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн хүрээнд гурван тал ийнхүү санамж бичиг байгууллаа.