Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

7 сар 2023
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 6 сар   8 сар »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Эрийн гурван наадам

1921 онд ардын хувьсгал ялснаар монголчууд үндэсний тусгаар тогтнолоо сэргээсэн түүхтэй. Ардын хувьсгалын ойн баяраа монголчууд жил бүрийн долдугаар сарын 11-13-ны өдрүүдэд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ баярын хамгийн сонирхолтой хэсэг нь эрийн гурван наадам юм. Наадмын үеэр хүчит бөхчүүд эр бяраа үзүүлж, хурдан морины уяачид шандаст хүлгээ сорьж, эрхий мэргэн харваачид ончоо шалгаж наадамчин олноо баярлуулдаг уламжлалтай. Монгол бөхийн барилдаан бусад орны бөхийн барилдаанаас эрс ялгаатай. Барилдаж буй бөхчүүдийн жинг харгалздаггүй, цаг тогтоодоггүй, барилдааны талбайг хязгаарладаггүй, дэвжээн дээр олон бөх нэгэн зэрэг барилдаж болдгоороо онцлогтой. Мөн монгол бөх өвөрмөц өмсгөлтэй. Өмсгөл нь зодог, шуудаг, гутлаас бүрддэг. Зодог шуудаг нь барилдахад барьц болохоос гадна, бөхийн бие бялдрыг илтгэхүйц задгай байдаг. Харин гутал нь унаж гэмтэхээс сэргийлсэн суурь сайтай, мэх хийхэд тохиромжтой байдаг юм. Улсын баяр наадмын барилдаанд гол төлөв 512, заримдаа 1024 бөх барилддаг. Даваа болгоноос унасан бөх хасагдаж явсаар хамгийн сүүлд үлдсэн хоёр бөхийн хэн давсан нь улсын наадамд түрүүлдэг.

512 бөх барилдсан тохиолдолд 9 даваатай бөгөөд тав давсан бөхөд улсын начин, зургаа давсан бөхөд улсын харцага, долоо давсан бөхөд улсын заан, найм давсан бөхөд улсын гарьд, ес давсан бөхөд улсын арслан цол олгодог. Арслан цолтон түрүүлбэл аварга цол хүртэнэ. Аварга улсын наадамд удаа дараа түрүүлбэл далай, даян, дархан аварга цолоор зэргээ нэмдэг юм. Наадмын салшгүй сонирхолтой хэсэг бол хурдан морины уралдаан. Монголчууд хүүхдүүдээ дөрөв таван настайгаас нь морь унуулж сургадаг. Тиймээс ч үндэсний их баяр наадмаар 7-12 насны хүүхдүүд хурдан морь унаж, гадаадын жуулчдыг гайхшируулдаг билээ. Уралдааны замд морьдыг ядраахгүй гэж уяачид хүүхдүүдээр морь унуулдаг заншилтай юм. Хурдан морины уралдаанд монголчууд азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн зургаан насны морьдыг уралдуулдаг. Их насны морьд 28 километрт, азарга болон соёолон насны морьд 25 километрт ихэвчлэн уралддаг. Эхний тавд орж ирснийг айргийн тав гэж нэрийддэг. Улсын баяр наадамд хурдан морь нь дөрвөн удаа түрүүлсэн уяачид алдарт уяач, зургаан удаа түрүүлбэл манлай уяач, арван удаа түрүүлсэн тохиолдолд тод манлай уяач цол олгодог байна.

Дааганы уралдаанд хамгийн сүүлд орж ирвэл баян ходоод гэж өхөөрддөг. Энэ жилийн баян ходоод, ирэх жилийн түрүү магнай болоорой гэж цоллон унасан хүүхдийг нь шагнаж урамшуулдаг заншилтай. Сурын харваа нь эртний Хүннүгийн үеэс уламжлагдаж ирсэн гэлцэх нь бий. Чингис хаан дайн байлдааны дараа их цэргээ амрааж эрийн гурван наадам хийдэг байсан тухай ч түүхэнд гарах нь элбэг. Дайн байлдааны дараа цэргүүд нум сумынхаа зэвийг сольж, агт морьдынхоо чөдөр цулбуурыг бөөрөнхийлөн зангидаж бай болгон харвадаг байж. Сурын харваа нь хэдэн зууныг дамжин уламжлагдаж ирсэн тул монголчуудын соёлын өвд зүй ёсоор тооцогддог. Баяр наадмын үндэсний сурын харвааг хана, хасаа, цуваа харваагаар явуулдаг. Хана харваа нь 360 бөөрөнхий сүлжсэн сурыг дөрвөн метрийн өргөн, 40 см өндөр өрж эрэгтэйчүүд 75 метрээс 40 сум, эмэгтэйчүүд 60 метрээс 20 сум тавьж харвахыг хэлдэг байна. Харин хасаа харваа нь дээрх дөрвөн метр хананы төв хэсэгт 30 сум тавьж зөвхөн эрчүүд харвахыг хэлдэг байна. Цуваа харваа нь бөөрөнхийлж бөмбөлөг мэт сүлжсэн сурыг цувуулж өрөөд харвахыг хэлдэг.

Эдгээр харваанд хамгийн өндөр оноо авсан харваачид түрүүлж цолоо ахиулдаг юм. Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд нэг түрүүлсэн харваачид мэргэн, мэргэн цолтон түрүүлбэл хошой мэргэн, хошой мэргэн түрүүлбэл гоц мэргэн, гоц мэргэн түрүүлбэл гарамгай мэргэн, гарамгай мэргэн түрүүлбэл даяар дуурсах мэргэн, даяар дуурсах мэргэн түрүүлбэл дархан мэргэн цол олгодог байна. Эдгээр үндэсний спортоос гадна, 2004 оноос эхлэн наадмын үндсэн төрөлд шагайн харваа багтах болсон. Шагайн харваа нь хэдэн зуун жилийн түүхтэй бөгөөд монголчуудын үндэсний наадгайн нэг төрөл билээ. Шагайн харваа нь хөлийн шагайн тус газар шагай тавьж харвах, өвдгөн дээрээ ясан годил тавьж харвах, хашлага сумаар хасан харвах зэрэг төрлүүдтэй. Өвдгөн дээрээ ясан годил тавьж харвах нь монголчуудын дунд түгээмэл. Энэ төрлийн шагайн харваа Үндэсний их баяр наадмын нэг төрөлд багтаад багагүй хугацаа өнгөрсөн байна. Үүнээс гадна, эрийн гурван наадмын салшгүй нэг хэсэг нь төрийн ордноос есөн хөлт их цагаан сүлдийг төв цэнгэлдэх хүрээлэнд залах уламжлал юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.