Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

7 сар 2023
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 6 сар   8 сар »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
5 сар 21, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Есөн цагаан, нэг хар сүлд

Догшин хар сүлдийг Чингисийн эцэг Есүхэй баатар цэргийн сүр хүчийг бэлгэдэн анх хэрэглэж байсан гэдэг. Чингис хаан эцгийнхээ хэрэглэж байсан хар сүлдийг тахиснаар нэг ч дайнд ялагдалгүй явсаар 1206 онд Их монгол улсаа байгуулсан гэх нь ч бий. Энэ үед тэрээр есөн цагаан сүлдээ анх удаа тахисан юм. Энэ тухай Монголын нууц товчоонд Эсгий туургатан энх тунх болж, барс жил Онон мөрний эхэнд хуралдаж, есөн цагаан тугаа мандуулаад Тэмүүжинг Чингис хаан цолд өргөмжлөв хэмээн бичиж үлдээсэн нь бий. Хар, цагаан сүлд тахина гэдэг нь тэнгэрийн 99 бурхныг, газрын 77 бурхантай хослуулан тахихыг хэлдэг байна. Ингэж тэнгэр, газартаа ард түмэн, эх орныхоо хувь заяаг даатгаж иржээ. Хуучны сурвалж бичгүүд дээр цагаан цасан дээр хар сүлд. Хар тал дээрх цагаан сүлд гэж бичиж үлдээсэн байдаг. Эндээс хаврын тахилгад цагаан сүлд, өвлийн тахилгад хар сүлдийг тахидаг байсан хэмээн эрдэмтэд тайлдаг юм. Есүхэй баатар Тэмүүжинг төрөхөд хар сүлдийг анх тахиж, улмаар цэрэг дайны үед хар сүлдээ байнга хэрэглэдэг байсан гэдэг. Хар сүлдийг Чингисийн төрсөн өдөр, цагаан сүлдийг Чингисийн нас барсан өдөр тахисаар ирсэн гэж түүхчид мөн үздэг юм. Чингисээс хойш монголчууд болон алтан ургийн хаадууд найман зууны турш хар, цагаан сүлдээ тасралтгүй тахисаар ирсэн юм. Чингисийн тахиж байсан хар сүлдийг мянган хээр азарганы хялгасаар хийсэн ба орой дээрээ ганц хурц илдтэй байсан гэж түүхэн эх сурвалжуудад өгүүлсэн байдаг. Энэ нь дайсныг ялъя гэвэл нэгэн үзүүрт сэтгэл бодлоороо тэмц гэсэн санааг илэрхийлдэг аж. Харин цагаан сүлдийг мянган цагаан азарганы сүүлээр хийжээ. Энэ нь мянган азарганы хүчээр төрөө барьж байх бэлгэдлийн чанартай юм. Монгол Улсын Ерөнхийлөгч 1992 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр төрийн их шүтээнүүдийг дахин шинээр бүтээх зарлиг гаргажээ. Хар сүлдийг шинээр бүтээхдээ 13-р зуунд тахигдаж байсан Чингисийн хар сүлдтэй ижил төстэй хийсэн аж. Хар сүлдийг шинээр бүтээхэд Монгол Улсын Эрдэнэсийн сангаас 180 грамм шижир алт, 300 грамм цалин цагаан мөнгийг гаргаж, Эрдэнэтээс зэс авч иржээ. Хар сүлдийг байрлуулахдаа гол сүлдийг чулуун мэлхий дээр суурилуулдаг. Монголчууд бэлгэдлийг ихэд дээдэлдэг. Энэ утгаараа эртний Монголын нийслэл Хархорум хотоос суурийн чулууг нь авч ирж хийжээ. Харин иш буюу шилбэний хусыг Хэнтийгээс авч ирж уран дархчуудын ур ухааныг шингээн бүтээжээ. Шинээр бүтээсэн хар сүлдээ цэргийн сүр хүчний бэлгэдэл болгож Батлан хамгаалах яаманд байрлуулсан байна. Цагаан сүлдийг ялгаагүй өмнө байсантай нь ижил төстэй бүтээсэн гэнэ. Есөн хөлт цагаан сүлд эрт дээр үеэс төр амгалан байхын бэлгэдэл болж байлаа. Энэ ч утгаараа шинээр бүтээсэн есөн хөлт цагаан тугийг төр төвшин байхын бэлгэдэл болгож Төрийн ордонд байрлуулсан байна. Эдгээр сүлдийг дахин бүтээсэн ч гэлээ бэлгэдлийн чанар нь өмнөхтэйгөө адил. Цагаан сүлдийг хавар, хар сүлдийг өвөл уламжлал болгон тахидаг байна. Харин цагаан сүлдийг Үндэсний их баяр наадмаар төв цэнгэлдэхэд цэнгүүлдэг юм.


Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.