Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

12 сар 2022
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 11 сар   1 сар »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Мөнгөний бодлого…

Эдийн засаг нь бараа ба үйлчилгээний үйлдвэрлэл, хуваарилалт болон хэрэглээг судалдаг шинжлэх ухаан юм. Тодруулбал, ховор хязгаарлагдмал нөөц баялгийг нийгэм ба нийгмийн бүлэг, нэгжүүдийн одоогийн ба ирээдүйн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор хэрхэн яаж үр дүнтэй ашиглаx, зарцуулах талаар сонголт хийх шийдлийг судалдаг нийгмийн шинжлэх ухаан юм. Эдийн засаг гэх нэршил нь oikos (гэр) баnomos (дүрэм буюу хууль) буюу гэрийн аж ахуйг удирдах гэсэн грек хэлнээс үүсчээ. Эдийн засгийн макро, микро гэж хоёр хуваадаг. Макро эдийн засаг гэдэг нь үндэсний хэмжээний эдийн засгийн үр дүн, ажил эрхлэлт, амьжиргааны өртөг зэргийг эдийн засгийн нэгдмэл зүйл болгон үзэж, түүнийг эдийн засгийн үүднээс судлахыг хэлдэг байна. Тэгвэл, микро эдийн засаг гэж хэрэглэгч жижиглэн худалдаач, тодорхой үйлдвэрлэгч (пүүс, компани, салбар) зэргийн тус тусын үйл ажиллагаатай холбоотой эдийн засгийн судлалыг хэлнэ. Энэ салбарын статистик судалгааг Дэлхийн банк болон Үндэсний статистикийн хорооноос тогтмол судалдаг. Эдгээр судалгаануудын түүхэн тоо баримтаас сонирхуулж байна. 

-Инфляци 34 хувьд хүрэв-

2009 он. Монгол Улс. Улаанбаатар хот. Өнөөдөр манай улсад инфляцийн түвшин жилийн 34, оны эхнээс 24, харин энэ сарын эхнээс 3.4 хувьтай гараад байгаа билээ. Энэ нь өдөр ирэх тусам мөнгөний ханш унаж байгаагийн тод илрэл. Нэг ёсондоо өнгөрсөн оны 100 мянган төгрөгийн 34 хувь ханшийн эрсдэлд орсон гэсэн үг юм. Уг нь дэлхий нийтийн жишгээс харахад, инфляцийн түвшинг жилийн 7 хувиас хэтрүүлэхгүй бодлого явуулж, энэ хувь хэмжээнд барьж чадвал тухайн улсын мөнгөний ханш тогтвортой байхын нэг баталгаа болдог байна. Тиймээс дэлхийн аль ч орны төвбанк инфляцийг 7 хувиас хэтрүүлэхгүй барих бодлого баримталдаг. Энэ ч утгаараа дэлхий нийтийн жишгийн адил Монголбанкны удирдлагууд инфляцийн түвшинг жилийн 6 хувьд барина гэж мөнгөний бодлогодоо тусгав. Харин инфляцийн түвшин тооцоолж байснаас хэд дахин илүү хувьтай гарч байна. Дэлхий дахинаа санхүүгийн хямрал болж байна. Манай улс үүнээс тойрч гарах уу гэсэн асуулт ч эндээс ургана. Үнэндээ дэлхийн эдийн засаг хямрахаас өмнө манай улсын эдийн засаг түрүүлээд хямарчихан байсан юм шиг. Хямралд өртөөд байгаа Орос, Солонгос, Япон, Хятадад инфляцийн түвшин манайхаас хэд дахин доогуур байна. Тухайлбал, ОХУ-д инфляцийн түвшин жилийн 11 хувь, БНСУ-д 5.6 хувь, БНХАУ-д 4.52 хувь, Хонг-Конгод 3,8 хувь байгаа бол, Японд 1.88 хувь байна. 2002 оноос Японы нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2 хувиар өссөөр ирсэн билээ. Тэгвэл 2008 оны II-р улиралд энэ улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2,4 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Эдийн засгийн өсөлтөө аварч үлдэх зорилгоор тус улсын парламент өнгөрсөн сард 18 тэрбум америк доллар баталж банкууддаа байршуулахаар болсон юм. Тэгвэл дахин 277 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэх болсон тухай Японы Ерөнхий сайд Таро Асо өнгөрсөн сарын 30-ны өдөр мэдэгдсэн юм. Японы инфляци харьцангуй бага хувьтай байгаа учраас тус улс эдийн засгийн өсөлтөө дэмжих зорилгоор ийм бодлого явуулж байх аж. Дэлхий нийт бүхэлдээ хямраад байхад инфляцийн түвшин нь жилийн 0.75 хувьай гарсан орон ч байна. Энэ нь Бруней улс юм. Ер нь манай улс шиг инфляцийн түвшин өндөр үзүүлэлттэй яваа улс цөөн. Дэлхий нийтийн саяхан явуулсан судалгаагаар манай улс инфляцийн түвшин өндөр орнуудын хоёрт жагссан байна. Эхэнд нь Балбын вант улс оржээ. Тиймээс монголчууд АНУ-аас эхлэлтэй дэлхийн санхүүгийн  хямрал манай улсад хөрхэн нөлөөлөх бол. Алт, зэсийн үнэ буурсаар байвал хүүхдийн 100 мянга, гэр бүл бологсдын 500 мянга, эх орны хишиг 1.5 сая төгрөгөө өгөхөө болих байх. АНУ-ын эдийн засгийн хямрал манай улсын эдийн засагт дарамт болно гэж бодохын оронд, дотоодын зах зээлд инфляцийг өдөөгч хүчин зүйлүүдээ онилох шаардлагатай байгаа юм. Дэлхийн эдийн засгийн хямралтай томоохон эдийн засаг бүхий улсууд бүгд хүч хавсран тэмцэж байна. Тиймээс хүссэн хүсээгүй хэзээ нэг өдөр эдийн засгийн хямрал намжиж, манай улсын экспортын гол түүхий эдүүдийн үнэ эргэн сэргэх нь гарцаагүй. Энэ чигээрээ дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, томоохон гүрнүүд элгээрээ мөлхөхгүй нь тодорхой биз. Тиймээс эдийн засагт дарамт үзүүлж буй гадаад нөлөөллөө түр азнаж, дотоод нөлөөлөлд эхлээд анхаарах нь оновчтой мэт. Өнөөгийн инфляцийн өсөлтийн бүгдийг нь гаднаас импортолсон юм биш. Монголчууд инфляцийнхаа тодорхой хувийг дотоодод өөрсдөө үйлдвэрлэж байгаа мэт. Монголбанкны удирдлагууд газрын тос, улаанбуудай зэрэг импортын барааны үнэ өссөнтэй холбоотойгоор инфляци 34 хувьд хүрсэн гэх тайлбар өгч байгаа ч, үүний хэдэн хувийг гадаад хүчин зүйлийн нөлөө, хэдэн хувийг дотоод хүчин зүйлийн нөлөө эзэлж байгаа нь тодорхой бус байгаа юм. Тиймээс үүнийг яаралтай тодорхой болгох нь зүйн хэрэг. Гадаад хүчин зүйлтэй хүссэн хүсээгүй дэлхийн нийтээрээ тэмцэж байхад, дотоод хүчин зүйлтэйгээ өөрсдөө эхлээд тэмцэх нь оновчтой гэсэн санаа юм. Гаднаас импортолсон бараа бүтээгдэхүүний үнийг дотоодын зах зээлд хэд дахин хөөрөгдөж байгаа эзэд нь хувийн хэвшлийнхэн учраас хариуцлагын тогтолцоог наад захын сайжруулах шаардлагатай байгаа юм.

-Инфляци импортолдог уу-

2008.07.11. Монгол Улс. Улаанбаатар хот. Монголбанк мөнгөний бодлогыг зөв зохистой явуулж, монгол төгрөгийн ханшийг тогтвортой барьж байх ёстой ганц байгууллага. Хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляцийн түвшинг жилд 7 хувиас хэтрүүлэхгүй баривал төгрөгийн ханш тогтвортой байх ганц баталгаа болдог. Тиймээс төвбанк хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляцийн түвшинг жилд 7 хувиас хэтрүүлэхгүй барих зорилт тавин ажилласаар ирсэн. 2007.07.31-ний өдрийн байдлаар инфляци жилийн 7.1 хувьтай гарч, төвбанк зорилтоо биелүүлж чадсан юм. Харин 2007 оны есдүгээр сараас эхлэн инфляцийн дарамт нэмэгдэж эхэлсэн юм. Тоо баримтаас харахад, 2007 оны есдүгээр сард 3.3 хувь, аравдугаар сард 1.5 хувь, арваннэгдүгээр сард 0.9 хувь, арванхоёрдугаар сард 0.6 хувиар өсч, 2007 оны эцэст инфляцийн түвшин 14.4 хувьтай болоод байсан юм. Ингэж явсаар 2008 оны долоодугаар сарын байдлаар инфляци жилийн 32 хувь болтлоо өссөн бол, 2008 оны эхнээс 19.2 хувиар өссөн үзүүлэлт гарав. Үүний гол шалтгааныг тухайн үед Монголбанкны дэд ерөнхийлөгч Д.Энхжаргал: Төвбанк шатахууны үнийн хөөрөгдөл эдийн засагт хүчтэй явагдахгүй тохиолдолд, хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляцийг тухайн жил 7 хувиас хэтрүүлэхгүй барих зорилт тавин ажилласан. Гэвч дэлхийн зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний үнэ сүүлийн үед тасралтгүй өслөө. Ер нь гадаад зах зээл дэх үнийн өсөлтийн нөлөөгөөр, дотоодын зах зээлд инфляци өсөх нь бий. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ өссөнтэй холбоотойгоор дотоодын зах зээлд шатахууны үнэ нэмэгдэж, инфляци ингэтлээ өссөн гэж ойлгож болно. Нэг талаас гаднаас инфляци импортолсон, нөгөө талаас дотоодод бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж хөөрөгдсөн явдал газар авсан. Дотоодод шатахууны үйлдвэрлэл хөгжөөгүй, гаднаас газрын тосны бүтээгдэхүүн импортлон авдаг нь инфляцийн өсөлтөд голлон нөлөөлж байна гэсэн тайлбар өгсөн юм. Тиймээс инфляцийн өсөлтийг сааруулах үүднээс төвбанкнаас мөнгөний бодлогыг хатууруулах шат дараатай арга хэмжээ авч ажилласан байна. Тухайлбал:

  • Төвбанкны мөнгөний бодлогын хэрэгсэл, арга барилыг боловсронгуй болгожээ. Энэ хүрээнд 7 хоногтой ТБҮЦ-ны хүүг бодлоогын хүү болгон зарлав. 7 хоногтой ТБҮЦ-ны эргэлтийг бүрэн хангаж байхаар хязгаар тогтоолгүй арилжаалах, харин 7 хоногоос ТБҮЦ-ны хувьд хэмжээнд нь хязгаар тогтоон, банкуудаас ирсэн хүүний саналаар өрсөлдүүлэх зарчмыг баримтлах болов.
  • Мөнгөний бодлогын хүүг шат дараатайгаар өсгөж, 2008 оны гуравдугаар сард 9.75 хувь болгов
  • Заавал байлгах нөөцийн хувийг 2008.01.02-ноос эхлэн 0.5 хувиар өсгөж 5.5 хувь болгов
  • Банк хоорондын захын илүүдэл нөөцийг бууруулав
  • Сангийн болон мөнгөний бодлогын харилцан уялдааг сайжруулах, санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих ажлыг эрчимжүүлжээ. Энэ хүрээнд Засгийн газрын үнэт цаас болон ТБҮЦ-ны хүү, хугацааг уялдуулах, төсвийн санхүүгийн үзүүлэлтүүдийг мөнгөний агрегатуудад үзүүлэх нөлөөллийг урьдчилан тайлагнах зэрэг ажлуудыг зохион байгуулав
  • Мөнгөний зах дахь хөрвөх болон төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг зах зээлийн хэрэгслээр дамжуулан уян хатан, үр ашигтай удирдах нөхцлийг сайжруулах зорилгоор Монголбанкнаас арилжааны банкуудтай төгрөг болон ам.доларын своп хэлцэл хийх хэрэгслийг 2008.05.07-ны өдрөөс эхлэн нэвтрүүлжээ.
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт зар сурталчилгаа, үнийн санал, ажил үйлчилгээг зөвхөн төгрөгөөр гүйцэтгэх талаарх Төв банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дүгээр заалт, Монголбанкны Ерөнхийлөгч болон Сангийн сайдын хамтарсан 25/88 тоот тушаалыг хэрэгжүүлж ажиллажээ.
  • Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, харилцагч хадгаламж эзэмшигчийн төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэх бололцоог баталгаажуулах үүднээс Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдлийн зөвлөмжийг батлав. Энэ журмыг боловсруулахдаа Щвейцарь дахь Базелийн хорооны журам болон олон улсын санхүүгийн байгууллагад мөрдөгдөж буй тэргүүн туршлага зэргийг үндэслэл болгов.
  • Монгол Улсын үндэсний төлбөрийн системийг хөгжүүлэх, төлбөр тооцоо, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлж, бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах зорилгоор банкны системийн төлбөр тооцоо, нягтлан бодох бүртгэл, мэдээллийн ажилтнуудын зөвөлгөөнийг зохион байгуулжээ.
  • Монголбанкны санаачилгаар өсвөр үеийнхэнд банк, санхүүгийн мэдлэг олгох Сонирхолтой эдийн засаг сэдэвт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон байна. Монголбанкнаас инфляцийн эсрэг авч хэрэгжүүлэх бодлогоо ил тод мэдээлж байх зарчим баримталж байгаа бөгөөд мөнгөний бодлоготой холбоотойгоор гарсан шийдвэрийг тухай бүрт нь олон нийтэд мэдээлж байхаар болжээ. Ингэхдээ бусад дотоодын болон гадаадын байгууллагуудын мэдээллээс мэдээлж байхаар болсон байна.
  • Засгийн газраас инфляцийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тойм, Дэлхийн зах зээлийн тойм, Дэлхийн банкнаас зохион байгуулсан өнөөдрийн инфляци: Дэлхий дахинд үүсээд байгаа нөхцөл байдал болон улс орны дотоод шийдэл сэдэвт семинарын мэдээлэл зэргийг нэгтгэн судалж байгаа юм байна.

-Дотоодод үнийн хөөрөгдөл үйлдвэрлэдэг үү-

2008.11.22. Монгол Улс. Улаанбаатар хот. 2007 оны есдүгээр сараас хойш манай улсад бараа, бүтээгдэхүүний үнэ тасралтгүй нэмэгдэж, инфляцийн түвшин 2008 оны есдүгээр сард жилийн 34 хувьтай гарсан. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос явуулсан судалгаагаар 2008 оны аравдугаар сард инфляцийн түвшин жилийн 27.9 хувь болж буурчээ. Нэг ёсондоо, хоёр сарын хугацаанд хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляцийн түвшин 6 орчим хувиар буурсан байна. Өнгөрсөн наймдугаар сард шатахууны үнэ 500 орчим төгрөгөөр огцом нэмэгдэхэд бараа, бүтээгдэхүүний үнэ дагаад өссөн. Энэ үеэс хойш шатахууны үнэ буурсан ч, шатахууны үнийн өсөлтөөр шалтаглаж өсгөсөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ санасан хэмжээнд буурсангүй. Манжин, лууван 500 төгрөгөөр, дотоодын гурил 40-60 төгрөгөөр буурсан байна. Харин бусад бараа, бүтээгдэхүүний үнэ есдүгээр сард яаж нэмэгдсэн тэр ханшаараа байсаар байна. Түүгээр ч зогсохгүй, импортын зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн байх жишээтэй. Тухайлбал, элсэн чихэр өнгөрсөн есдүгээр сарынхаас 30 төгрөгөөр, өндөг 50 төгрөгөөр, сүү 200 орчим төгрөгөөр нэмэгдсэн байна. Гадаад зах зээлд хүнсний бүтээгдэхүүний үнэ өндөр байгаагаас манай улсад импортын бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд байгаа юм биш. Жижиглэнгийн худалдаачид үнээ зохимлоор хөөрөгдөөд байгаад асуудал оршиж буй. Импортын бараа, бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд хэд дахин нугалж худалдаалдаг болохыг ч албаныхан нуусангүй. Энэ тухай тэр үеийн Сангийн яамны Эдийн засгийн нэгдсэн бодлогын газрын дарга Жаргалсайхан: Бензин шатахууны үнэ бууж байгаатай холбогдуулаад хүн амын өргөн хэрэглэний, тэр дундаа хүнсний барааны үнэ буух ёстой. За яахав гурил бага хэмжээгээр буусан байгаа. Дахиад буух бололцоо бий. Яагаад гэхээр дэлхийн зах зээлд нэг тонн улаан буудайн үнэ 190 ам.доллар болтлоо буураад байна. Өмнө нь 430 ам.доллар хүрч байсан шүү дээ. Тэр үед манайхан оросоос хөнгөлөлттэй үнээр буудай авах гээд л засгийн газрын түвшинд хүртэл гэрээ хэлэлцээр хийж байсан. Одоо буудайн үнэ 2 дахин буураад байна. Гэтэл манай улсын гурилын үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ 1000 төгрөгт хүргэчихээд сууж байна. Буудайн үнэ хоёр дахин буурсан гэхээр гурил 450 төгрөг болох бололцоотойг харуулж байгаа юм. Мөн шатахууны үнэ буурчихаад байгаа бөгөөд тээврийн заардал нэмэгдээгүй байгаа. Үүнтэй нэгэн ижилээр бид импортоор авч байгаа хүнсний бүтээгдэхүүн дотоодын зах зээлд хэрхэн бууж байна гэдгийг харьцуулж үзсэн байгаа. 2008 оны тавдугаар сарын байдлаар нэг киллограмм хуурай сүү 1850 төгрөгөөр орж ирээд, дотоодын зах зээлд 3530 төгрөгөөр зарагдаж байсан. Бараг хоёр дахин нугалж зарагдаж байсан гэсэн үг. Цагаан будааны тухайд, 2007 оны тавдугаар сард хилээр 316 төгрөгөөр орж ирж байсан бол, одоо 450 төгрөгөөр орж ирж байна. Харин 2007 оны тавдугаар сард дотоодын зах зээлд нэг киллограмм нь 700 төгрөгөөр борлогдож байсан бол, одоо 850 төгрөг болчихоод байна. Нэг ёсондоо, хилээр орж ирж байгаа үнэ өсөөгүй байтал, дэлхийн зах зээлд цагаан будаа ховордож, үнэ нь нэмэгдэж байна гэсэн дуулианаар дотоодын зах зээлд 2 дахин нэмэгдсэн байж байгаа. Дунджаар 1300 төгрөгөөр борлогдож байна. Энэ нь дор хаяж 400 төгрөгөөр юм уу, 500 төгрөгөөр буурах бололцоо байгаа. ОХУ-ын нэгдүгээр гурил 2007 оны тавдугаар сард 350 төгрөгөөр орж ирж байсан. Харин 2008 оны эхний 9 сарын дунджаар аваад үзвэл 550 төгрөг байна. Гэтэл дотоодын зах зээлд 1000 төгрөгөөр борлогдож байна. Бараг хоёр дахин нугалж борлогдож байх жишээтэй. Импортлогчид үнээ хэт өсгөж байгаа нь эндээс харагддаг. Ургамлын тосны тухайд, 2007 оны тавдугаар сард хилээр 990 төгрөгөөр орж ирж байсан. Энэ үед дотоодын зах зээлд дунджаар 1500 төгрөгөөр борлогдож байсан. Өөрөөр хэлбэл, өмнө нь энэ хоорондын зөрүү 500 төгрөг байсан бол, одоо энэ зөрүү 1800 төгрөг болж, 3,5 дахин өсчихсөн байгаа байхгүй юу. Дотоодын зах зээлд ургамлын тос нэг литр нь 3200 төгрөгөөр борлогдож байна. Хилээр бол, 1400 төгрөгөөр орж ирж байгаа байхгүй юу. Эндээс импортлогч компаниуд хэд дахин ашиг хөөж байгаа нь харагдаж байгаа байхгүй юу. Нэмлээ, нэмлээ гэхэд ингэж хоёр, гурав дахин нэмэх үндэслэл байхгүй. Импортын бараа, бүтээгдэхүүн хилээр орж ирсэн үнэ дээр тээврийн зардал, хадгалалтын зардал, ажилчдын нийгмийн асуудал зэргээ нэмээд, дээр нь ашгаа нэмдэг. Ашиг бол олон улсын жишиг нь 8 хувь байдаг шүү дээ. Манайд бол ашиг 8 хувиас хамаагүй их хувь давсан ашгаар борлуулж байна гэсэн хариулт өгсөн юм. Уг нь дэлхийн дийлэнх улс оронд импортын бараа, бүтээгдэхүүнд 8 орчим хувийн ашиг нэмж борлуулдаг байна. Гэтэл манай улсад импортын бараа, бүтээгдэхүүнийг 8 битгий хэл, хоёр дахин илүү үнээр худалдаалж байна. Үүнийг монголчууд дотоодод өөрсдөө үнийн хөөрөгдөл үйлдвэрлэсээр байгаа гэхээс өөр юу гэх вэ. Монголчууд өөрсдөө дотооддоо үнийн хөөрөгдөл үйлдвэрлэсээр байгаа тул, инфляци буурч 27.9 хувьд хүрсэн гэдэг нь юу л бол. Уг нь Статистикийн хорооноос гаргасан судалгаагаар есдүгээр сараас хойш бараа бүтээгдэхүүний үнэ ердөө 1.6 хувиар буурсан. Тэр ч утгаараа, өнөөдөр инфляци 32 орчим хувьтай байх дүр зураг ажиглагдаж байна. Гэтэл мэргэжлийн байгууллагууд инфляцийг 6орчим хувиар гэнэт буулгачихаад байна. Мэргэжлийн байгууллагуудын хэлж байгаачланинфляцийн түвшин үнэхээр 27.9 хувьд хүрсэн юм байж. Үнийн хөөрөгдөл багасч, инфляцийн түвшин буурсан нь үнэн бол, манай улсын мөнгөн тэмдэгтийн ханш тэр хэмжээгээр эргэн сэргэх учиртай. Гэтэл мөнгөний ханш эргэн сэргэж байгаа нь бодит амьдрал дээр бус, цаасан дээр хэрэгжээд байх шиг. Иргэдийн гар дээрээ авч байгаа цалин өнөөдөр хаанаа ч хүрэхгүй байгаа нь үүний тод жишээ юм. Инфляцийн түвшин өндөр байвал мөнгөний ханш унаж байна гэж ойлгодог. Үүнээс гадна, мөнгөний ханш суларч байгаа эсэхийг төгрөгийн америк доллартай харьцах харьцаанаас мөн харж болно. Товчхондоо, ам.долларын ханш бага байх тусам монгол төгрөгийн ханш чанга байна гэж ойлгож болох талтай. Гэтэл сүүлийн үед ам.долларын ханш өсч, үүнийгээ дагаад монгол төгрөгийн ханш суларч эхэллээ. 2008 оны аравдугаар сард 1144 төгрөгийн ханштай байсан ам.доллар өнгөрсөн долоо хоногт 40 орчим төгрөгөөр огцом чангарсан. Тодруулбал, валют арилжааны Евро Ази, Цэцэг төвүүд нэг ам.долларыг өнгөрсөн долоо хоногт 1181 төгрөгөөр худалдан авч, 1184 төгрөгөөр худалдаалж байсан юм. Тэгвэл энэ долоо хоногт долларын ханш 1160 төгрөгийн дундаж ханштай байлаа. Валют арилжааны төвүүд энэ долоо хоногт нэг долларыг 1161 төгрөгөөр худалдан авч, 1162 төгрөгөөр худалдаалж байсан юм. Харин Монголбанк төгрөгийн ам.доллартай харьцах албан ханшийг энэ долоо хоногт 1159 төгрөгөөр зарлажээ. Дэлхийн зах зээлд гаргаж байгаа манай улсын гол түүхий эд болох зэсийн үнэ буурч байгаа тул, энэ төрлийн бүтээгдэхүүнээс Монгол Улсын төсөвт орж ирэх гадаад валютын нөөц багасна. Тэр ч үүднээс яваандаа ам.долларын ханш чангарна гэж зарим эдийн засагчид ярьж байсан юм. Өнгөрсөн долоо хоногт ам.долларын ханш огцом чангарсныг эдийн засагчид яриад байсан зүйл болдогоороо боллоо гэж тодотгов. Харин үүнийг монголбанкынхан эрс няцаасан юм. Өнгөрсөн долоо хоногт долларын ханш огцом чангарсныг түр зуурын зохиомол хөөрөгдөл. Ам.долларын ханш удахгүй эргээд хэвэндээ орно гэж төвбанкнынхан тайлбарласан юм. Гэтэл өнгөрсөн сард 1444 төгрөгийн ханштай байсан ам.доллар өнөөдөр 1159 төгрөгтэй тэнцэж байна. Сар гаруйн хугацаанд ам.долларын ханш 15 төгрөгөөр чангарч, монгол төгрөгийн ханш төдий хэмжээгээр үнэгүйдэж орхив. Өнгөрсөн долоо хоногт ам.долларын ханш огцом өсөхөд зарим гадаад валютын ханш мөн чангарсан. Тухайлбал, өнгөрсөн баасан гаригт Монголбанкны мэдээгээр нэг евро 1471 төгрөг, щвейцарын франк 974 төгрөг, шведийн крон 146 төгрөг болоод байсан юм. Тэгвэл Монголбанкны өчигдрийн мэдээгээр Евро өнгөрсөн долоо хоногоосоо 21 төгрөгөөр, Щвейцарын франк 18 төгрөгөөр, Шведийн крон 4 төгрөгөөр суларсан үзүүлэлт гарчээ. Тэгвэл эдгээрээс бусад гадаад валютын ханш харьцангуй тогтвортой байсан юм. Өнгөрсөн долоо хоногт оросын рубль 42 төгрөг, хятадын юань 169 төгрөг, японы иен 11 төгрөг байсан бол, энэ долоо хоногт мөн ийм ханштай байсан юм. Харин английн фунт стерлинг өмнөх долоо хоногоосоо ханш нь чангарсан байна. Өнгөрсөн баасан гаригт Английн фунт стерлинг 1714 төгрөгийн ханштай байсан юм. Тэгвэл Монголбанкн өчигдрийн мэдээгээр тус гадаад валют 1726 төгрөг болж, өнгөрсөн долоо хоногоосоо 12 төгрөгөөр ханш нь чангарсан байна. Өнгөрсөн долоо хоногт нэг унци алт дэлхийн зах зээлд 717 ам.долларын ханштай байсан. Тэгвэл энэ сарын 21-ний өдөр Нью-Йоркийн металлын биржэд нэг унци алт 747 ам.доллараар арилжаалагдаж байлаа. Дэлхийн зах зээлд алтны ханш өсвөл, энэ төрлийн металлын үнэ манай дотоодын зах зээлд өсдөг. Уг жишгээр энэ долоо хоногт дэлхийн зах зээлд нэг унци алт 30 ам.доллараар чангарсан бол, манай дотоодын зах зээлд шар металлын үнэ мянга орчим төгрөгөөр өссөн байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногтт Монголбанк нэг унци алт 26 мянган төгрөгөөр худалдан авч байсан юм. Тэгвэл, Монголбанкны өчигдрийн мэдээгээр нэг грамм алт 27 мянган төгрөгийн ханштай байлаа. Өнгөрсөн долоо хоногт төвбанк нэг грамм мөнгийг 357 төгрөгөөр худалдан авч байсан бол, одоо 345 төгрөгөөр худалдан авч байна. Нью-Йоркийн металлын биржэд нэг тонн зэс 3451 ам.долларын ханштай байлаа. Ер нь сүүлийн хоёр сарын турш зэсийн үнэ 3-4 мянган ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа юм. Тйимээс холбогдох байгууллагууд ирэх онд нэг тонн зэсээс 3200 ам.долларын ханштай байхаар тооцоолж, төсвийн төсөлд тусгаад байна. Ингэснээр улсын төсөвт 450 тэрбум төгрөг зэсийн үнийн өсөлтөөс орж ирэхгүйд хүрч, ирэх оны төсөв 293 тэрбум төгрөгийн алдагдалтай гарах урьдчилсан тооцоо гараад байна. Ер нь сүүлийн хоёр сарын хугацаанд ганц зэс гэлтгүй, нефтийн үнэ мөн уруудсаар байна. Өнгөрсөн долоо хоногт нэг баррель түүхий нефть дэлхийн зах зээлд 55 ам.долларын ханштай байсан бол, одоо энэ төрлийн түүхий эдийн үнэ 49 ам.доллар болоод байна.

-Импортлогч орноос экспортлогч улс болох шаардлагатай-

Инфляци, үнийн хөөрөгдөл өнөөдөр монголчуудийн толгойны өвчин болсон хэвээр. Монголын эдийн засаг, хүн ардын аж амьдралыг багагүй дарамтад оруулж буй үнийн хөөрөгдөл гадаад зах зээл дээрх үнийн өсөлтөөс шууд хамааралтай болохыг хүн бүхэн мэднэ. Гэхдээ үнийн хөөрөгдлийг зөвхөн дэлхийн зах зээл дээрх улаан буудай, нефтийн үнийн өсөлттэй холбон тайлбарлах нь буруу биз. Үнийн өсөлт манай улсад хилийн чанадаас импортоор орж ирсэн ч гэлээ, монголчууд инфляцийг дотооддоо үйлдвэрлээд байна уу гэлтэй. Цөөн үгээр бол манай улсын иргэд, аж ахуйн нэгжүүд дайран дээр нь давс нэмж, гаднаас орж ирсэн инфляцийг дахин хөөрөгддөг өвчин дэлгэрчээ. Ингэж хэлж байгаа нь шатахууны үнэ өссөн сургаар бүхий л салбарийнхан үйлчилгээнийхээ үнэ, тарифыг зохиомлоор хөөрөгдөж байна. Дэлхийн зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн ч, дотоодын зах зээлд бодитоор үнээ нэмэх ёстой мэт. Өмнө нь автобус 200 төгрөгөөр үйлчилгээнд явж болоод байсан ч, шатануухы үнийн өсөлтөөр далимдуулаад 400 төгрөг болгосон байх жишээтэй. Шатахууны үнэ дотоодын зах зээлд 10 хувиар өсөхөд, автобус компаниуд үйлчилгээний үнэ тарифаа 2 дахин өсгөсөн нь энэ. Үүгээр жишээ татаж, инфляцийг дотооддоо үйлдвэрлээд байна уу даа гэж хэлэх гээд байгаа хэрэг юм. Ер нь сүүлийн нэг жилийн хугацаанд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ огцом өсч, мөнгөний ханш навч уналаа. Монголбанк мөнгөний бодлогыг зөв зохистой явуулж, төгрөгийн ханшийг тогтвортой барьж байх ёстой ганц байгууллага юм. Тус байгууллага хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляцийн түвшинг жилд 7 хувиас хэтрүүлэхгүй барих зорилт тавин ажилласаар ирсэн. Энэ зорилтдоо 2007.07.31-ний өдрийг хүртэл хүрч ажиллаж чадсан. Тодруулбал, мөн өдрийн байдлаар инфляци жилийн 7.1 хувьтай гарч, төвбанк зорилтдоо хүрч чадсан юм. Харин энэ оны долоодугаар сарын байдлаар инфляцийн түвшин жилийн 32 хувь болтлоо өссөн байна. Ердөө оны эхнээс инфляци 19.2 хувиар өссөн байгаа юм. Ингэхдээ, оны эхний хоёр сарын байдлаар 2 хувь, гуравдугаар сард 3.6 хувь, дөрөвдүгээр сард 3.2 хувь, тавдугаар сард 5.1 хувь, зургаадугаар сард 3.8 хувь, долоодугаар сард 3 хувь, наймдугаар сард 0.3 хувиар тус тус өссөн байна. Нэгэнт инфляцийн түвшин жилийн 32 хувьд хүрчихлээ. Инфляцийн түвшин эрс нэмэгдсэн нь төвбанкнаас мөнгөний буруу бодлого явуулсан гэж хэлж боломгүй юм. Төвбанк шатахууны үнийн хөөрөгдөл эдийн засагт хүчтэй явагдахгүй тохиолдолд хэрэглээний үний индексээр илэрхийлэгдэх инфляцийг жилийн 7 хувиас хэтрүүлэхгүй байх зорилт тавин ажилласан. Тиймээс үүнийг төвбанктай дан ганц холбон тайлбарлах нь илүүц. Харин дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт, дотоодын зах зээл дээрх үнийн хөөрөгдөлтэй холбон тайлбарлах нь илүү оновчтой юм. Дотоодод үйлдвэрлэл хөгжөөгүй, хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ гадаадаас импортлон авдаг нь инфляцийн өсөлтийн бодит онош гэж харагдаж байна. Тиймээс цаашид төгрөгийн ханшийг тогтворжуулахын тулд, гаднаас байнга худалдаж авдагаа зогсоож, дотоодын үйлдвэрлэлийг сэргээх шаардлагатай байгаа юм. Өөрөөр хэлбэл, импортлогч орноос экспортлогч улс болох шаардлагатай байгаа юм. 

-Үндэсний статистикийн хорооны ээлжит судалгаа-

2008.10.11. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний статистикийн хороо. Үндэсний статистикийн хороо монгол улсын эдийн засгийн есдүгээр сарын тойм судалгааг танилцууллаа. Судалгаагаар Монгол Улсын эдийн засаг сайнтай, бас муутай гарчээ. Иргэдийн худалдан авах чадавхийг илэрхийлдэг хэрэглээний үнийн индекс буюу инфляци өнгөрсөн сараасаа 0.7 хувиар буурсан бол, өнгөрсөн оны жилийн эцсийнхээс 8.3 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.6 хувиар тус тус өссөн байна. Хэрэв инфляци цаашид буурвал, монголбанк бодлогын хүүгээ бууруулж магадгүй гэсэн таамаглал байна. Төвбанкныхан инфляци буурвал, бодлогын хүүгээ бууруулж болох юм гэж өнгөрсөн сарын сүүлчээр мэдэгдсэн учир ингэж хэлж байгаа юм. Гэхдээ, төвбанк бодлогын хүүгээ бууруулах эсэх нь монголбанкны захирлуудын зөвлөлийн шийдвэрээс хамаарах юм. Төвбанкны захирлуудын зөвлөл энэ сарын сүүлчээр хуралдаж, бодлогын хүүгээ өөрчлөх эсэхийг шийдвэрлэх юм. Дашрамд дурдахад, монголбанк зах зээлээс бэлэн мөнгө хумих зорилгоор бодлогын хүүгээ өнгөрсөн тавдугаар сард нэг хувиар өсгөсөн. Тэд мөнгө татах бодлого явуулж байгаа ч, харамсалтай нь мөнгөний нийлүүлтээ улам ч өсгөсөн байна. Тодруулбал, монголбанкны мөнгөний нийлүүлэлт 3 их наяд 851 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 45 хувиар өссөн байна. Инфляци өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.6 хувиар өссөн үзүүлэлттэй гараад байна. Энэ нь төгрөгийн ханш тэр хэмжээгээр унасныг илтгэж буй хэрэг юм. Төгрөгийн ханш унавал, иргэд аж ахуйн нэгжүүд арилжааны банкуудаас хадгаламжаа татдаг. Нөгөө талаас арилжааны банкууд бодит эдийн засаг руу зээл гаргах сонирхолгүй болдог юм. Иргэд аж, ахуйн нэгжийн банкинд хадгалуулсан мөнгө, мөн арилжааны банкуудын зээлд гаргасан мөнгө ханшийн эрсдэлд ордог учраас тэр юм. Тэгвэл энэ удаад иргэд, аж ахуйн нэгжүүд инфляци өссөнтэй холбоотойгоор хадгаламжаа татсангүй. Мөн арилжааны банкуудын зээлийн хэмжээ буурсангүй. Харин ч аль аль нь өссөн үзүүлэлттэй байна. Ер нь арилжааны банкуудад хичнээн хэмжээний хадгаламж байна вэ. Мөн арилжааны банкууд хэдий хэмжээний мөнгийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээлж вэ… Үндэсний статистикийн хорооны тэргүүн дэд дарга Гэрэлтод: Аймаг нийслэлийн хөдөлмөр, халамж, үйлчилгээний төвд бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.6 хувиар буурсан байна. Үүнээс гадна, шинээр бүртгүүлж байгаа ажилгүйчүүдийн тоо, мөн Аймаг нийслэлийн хөдөлмөр халамж үйлчилгээний төвөөр дамжуулан ажилд орж байгаа иргэдийн тоо буурсан байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо буурснаар манай улсад ажилгүйдлийн түвшин 3 хувьтай болж байгаа ч, энэ нь бодит үзүүлэлт биш. Ер нь ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд 10 хувьтай байна гэв. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.3 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл, энэ оны эхний гурван улиралд эдийн засаг мөн хэмжээгээр өссөн гэсэн үг юм. Хөдөө, аж ахуйгаас бусад салбарт өсөлт гарсан нь монгол улсын эдийн засаг ингэж өсөхөд нөлөөлжээ. Үндэсний статистикийн хорооны тэргүүн дэд дарга Гэрэлтод: Үндэний статистикийн хороо энэ оны эхний гурван улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг тооцож, энэ онд хүлээгдэж буй эдийн засгийн өсөлтийн хандлагыг судалсан байна. Судалгаагаар оны эцэст манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 3.8 их наяд төгрөгт хүрч, эдийн засаг 5.7 хувиар өснө гэсэн тооцоо гарчээ. Эндээс манай улсын эдийн засгийн өсөлт дараагийн улиралд одоогийнхоос ялимгүй буурах дүр зураг ажиглагдаж байна. Нэгэн үе ихээхэн хэмжээний алдагдалтай гарч байсан улсын төсвийн алдагдал буурчээ. Тодруулбал, энэ оны эхний есөн сард улсын нэгдсэн төсөв 19.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Төсвийн алдагдал ингэж буурахад татварын орлого нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн гэж холбогдох албаныхан хэлж байна. Зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 дахин,  аж ахуйн нэгжийн орлогийн албан татвар 2 дахин, нэмэгдсэн өртөгийн албан татвар 65 хувиар өссөн нь татварын орлого өсч, улсын нэгдсэн төсвийн алдагдал буурахад нөлөөлсөн байна. Үүнээс гадна, зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор гадаад валютын нийлүүлэлт нэмэгдсэн байна. Өнгөрсөн сард манай улсын гадаад валютын албан нөөц 1 тэрбум 460 сая долларт хүрсэн байна. Гадаад валютын нөөц нэмэгдсэнтэй холбоотойгоор төгрөгийн ханш евро, долларын эсрэг чангарахад нөлөөлжээ. Энэ оны эхний есөн сарын байдлаар нэг америк доллар 1324 төгрөг, нэг евро 1731 төгрөгийн дундаж ханштай байсан байна. Улсын нэгдсэн төсвийн алдагдал буурч байгаа үед гадаад худалдааны алдагдал гол төлөв буурдаг. Тэгвэл энэ удаад гадаад худалдааны алдагдал буурсангүй, харин ч өссөн дүнтэй байна. Манай улс энэ оны эхний есөн сард 2 тэрбум 25 сая долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүн экспортолсон бол, 2 тэрбум 248 сая төгрөгийн өртөг бүхий бараа таваар гаднаас оруулж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, гадаад худалдаа 222 сая долларт хүрсэн байна. Үүнийг өнгөрсөн онтой нь харьцуулахад гадаад худалдааны алдагдал 17 дахин өссөн үзүүлэлт юм. Гадаад худалдааны алдагдал ингэж өсөхөд юу голлон нөлөөлснийг холбогдох албаны хүнээс тодрууллаа. 

-Үндэсний статистикийн хорооны ээлжит судалгаа-

2009.01.17. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний статистикийн хороо. Аливаа улсын макро эдийн засаг тогтвортой байгаа эсэхийг дараах үзүүлэлтүүдээр дүгнэдэг байна. Энэ тухай Дэлхийн банкны эдийн засагч Алтанцэцэг: Тухайн улс орны макро эдийн засгийн болон, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хэдхэн үзүүлэлтүүдээр дүгнэдэг юм. Инфляци чинь хэдэн хувьтай байна. Өнөөдөр 100 төгрөгийн цалинтай байлаа гэхэд, энэ мөнгөө өмнө зарцуулж байсан бүх зүйлдээ зарцуулж чадаж байна уу. Инфляци 3 хувьтай байна гэдэг 100 төгрөгөөр авдаг байсан юмаа, 134 төгрөгөөр авч байна гэсэн үг. Нэг ёсондоо, бидний мөнгө үнэгүй болоод байна гэсэн үг. Тэгэхээр зэрэг инфляцийн түвшин нь тогтвортой байна уу гэдгээр авч үзнэ. Хоёрдугаарт эдийн засгийн өсөлт чинь тогтвортой байна уу, үгүй юу. Гуравдугаарт танай монгол улс хэдий хэмжээний валютын нөөц хуримтлуулж чадсан юм. Дайн боллоо гэхэд, улс үндэстнийг хамарсан газар хөдлөлт боллоо гэхэд та нарт халааснаасаа гаргах мөнгө байна уу. Үүнийг мэргэжлийн хэллэгээр гадаад валютын нөөц гэж хэлнэ. Дөрөвдүгээрт нь танай улсын баталж гаргаж байгаа төсөв чинь ДНБ-ний хэдэн хувийг эзэлж байгаа юм. Додоотын нийт бүтээгдэхүүн гэж, Монгол Улсын хэмжээнд хүн бүрийн үйлдвэрлэж гаргаж байгаа бүтээгдэхүүний хэмжээ юм. Тэрний хэдэн хувийг хувийн салбар үйлдвэрлэж байгаа юм. Хэдэн хувийг нь улс үйлдвэрлэж байгаа юм. Улс үйлдвэрлэнэ гэдэг маань хэдэн хувийг татвараас бүрдүүлж байгаа юм гэдгийг хэлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хувийн салбар Эрдэнэтийг оролцуулаад ДНБ-ний 80-аад хувийг үйлдвэрлэж байгаа. Үлдсэн хувийг нь улс татвараар олж байгаа. Сүүлийн үед мөнгө нэмэгдэхийн хэрээр бид нар харамсалтай нь зардлаа нэмсэн. Тиймээс зардлын хэмжээ 37, 40 хувьд хүрсэн. Улс орны үйлдвэрлэлд төрийн оролцоо бага байх тусам, тэр салбар эрүүл байдаг. Төр ямар утгаар оролцдог вэ гэхээр үйлдвэрлэлд хэрэгтэй хууль дүрмийг нь баталж өгнө, тэрний хяналтыг нь тавина. Хүмүүст аль болох тааламжтай ажиллах, амьдрах, хөдөлмөрлөх, үйлдвэрлэх орчныг бүрдүүлж өгнө. Иймэрхүү маягаар оролцдог. Гэтэл бид нарын оролцоо улам нэмэгдээд, татвараас олдог орлого маань улам нэмэгдээд, тэрийгээ өөрсдөө үйлдвэрлэчихсэн юм шиг их мөнгө олсон гээд. Тэрийгээ хүмүүст буцааж тараахаар энэ эрүүл механизм мөн үү, биш үү. Макро эдийн засгийн тогтвортой байдлын дараагийн үзүүлэлт бол Улсын төсвийн ДНБ-нд эзлэх хувь хэмжээ ямар байна вэ гэдгээр хэмжинэ. Хамгийн сүүлд нь ажилгүйдлийн хувь хэмжээ ямар байна гэдгээр хэмжинэ. Энэ бол манай улсын хувьд нилээд бууралттай гайгуй сайн явж байгаа гэх хариулт өгөв. Эдийн засгийн өсөлт тогтвортой, төсвийн алдагдал ДНБ-ний бага хувийг эзэлж, их хэмжээний валютын нөөцтэй, инфляци болон ажилгүйдэл бага түвшинд байвал, тухайн улс орны макро эдийн засаг тогтвортой байх ганц баталгаа болдог байна. Эдгээр үзүүлэлтүүдээр авч үзвэл, манай улсын макро эдийн засаг өнөөдөр ямар түвшинд байна вэ. Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн судалгааны газрын дарга Бадамцэцэг: 2008 оны урьдчилсан тооцоогоор 8.9 орчим хувийн эдийн засгийн өсөлт гарлаа. Тавьсан зорилт 10.1 хувь байсан. Хоёр дахь макро эдийн засгийн үзүүлэлт бол инфляци. Үндсэн чиглэлд инфляцийг 6 хувьд барихаар заасан байсан. 2008 оны жилийн эцсийг 2007 оны жилийн эцэстэй харьцуулахад, 22.1 хувь болж бараг 3.7 дахинаар нэмэгдсэн байж байгаа. Жилийн дундаж өсөлтийн түвшинг аваад үзэх юм бол, 28 хувьтай гарч байна. Яагаад ийм өндөр гарч байна гэхээр 2008 оны тавдугаар сард инфляцийн түвшин 38.9 хувьд хүрсэн. Энэ нь жилийн дундаж өсөлтийг 28 хувьтай гарахад голлож нөлөөлсөн. Гурав дахь үзүүлэлт бол валютын албан ёсны нөөц. Энэ үзүүлэлт дээр том зорилт тавьж байсан. Үндсэн чиглэлд юу гэж заасан гэхээр 1.7 тэрбум америк долларын валютын нөөцтэй байлгая. Энэ нөөц маань 38.5 долоо хоногийн импортын хэрэгцээг хангана гэсэн зорилтыг тавьсан. Гэсэн ч, бидний авсан мэдээллээр 2008 оны эцэст 600 орчим сая ам.долларын албан ёсны нөөц байсан. Энэ нь 8.8 долоо хоногийн импортын хэрэгцээг хангах нөөц. Дөрөв дэх үзүүлэлт бол, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувийг 2.5 хувь байхаар заасан. 2008 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээс үзэхэд энэ гүйцэтгэл 5 хувьтай байна. Төсвийн алдагдлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2.5 хувь биш, 5 хувьд хүрсэн байна. Тав дахь үндсэн үзүүлэлт бол, гадаад худалдааны алдагдал байгаа. Гадаад худалдааны тэнцлийг сайжруулж, валютын нөөцийг нэмэгдүүлнэ гэж үндсэн чиглэлд тавьсан байсан. 2008 оны урьдчилсан гүйцэтгэлээр гадаад худалдааны алдагдал 1.1 тэрбум америк долларт хүрчихсэн байж байгаа. Ийм алдагдалд хүрэхэд олон талын шалтгаан байсан. Нэг талаас, манай бүтээгдэхүүний зах зээлийн үнэлгээ буурснаас экспортын орлого буурч байна. Импортоор оруулж ирж байгаа бараа, бүтээгдэхүүний тоо болоод, үнийн дүн нь нэмэгдэж орж ирж байгаа. Үүнтэй холбогдуулаад томоохон хэмжээний алдагдал хүлээж байгаа. Тэгэхээр Макро эдийн засгийн хувьд бол саяын таван гол үзүүлэлтийг аваад үзэхэд, үндсэн чиглэлд тавигдсан зорилт төдийлөн хэрэгжихгүй, тавьсан зорилтдоо хүрсэнгүй, хүрэх боломжгүй байна гэдгийг хэлмээр байна гэв. Инфляци өнөөдрийг хүртэл халуурсаар байгаа нь, Монгол банкны явуулж байгаа Мөнгөний бодлогыг Сангийн бодлогоор дэмжихгүй байгаатай шууд холбоотой гэдгийг эдийн засагчид хэлж байна. Тодруулбал, Монголбанк гүйлгээнд байгаа бэлэн мөнгийг хумих бодлого явуулж байгаа ч, түүнийг нь төрөөс дэмжихгүй, харин ч эсрэгээрээ, мөнгө тараах бодлого явуулж байгаа нь өнөөдөр инфляцийг хөөрөгдсөөр байна гэж холбогдох мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Албан ёсны дүн мэдээгээр өнөөдөр инфляци манай улсад 24 хувьтай байна. Энэ нь бидний халаасанд байгаа мөнгөний 24 хувь нь үнэ цэнэгүй болсон гэсэн үг. Мөнгөний ханш байх ёстой хэмжээнээсээ хэд дахин унасан нь манай улсын макро эдийн засгийг тогтворгүй болгож байгаа хүчин зүйлийн нэг нь юм. Одоогоос зургаан жилийн өмнө манай улсын эдийн засгийн өсөлт 5.4 хувь байсан бол, өнгөрсөн онд эдийн засаг өсөлт 10 хувь болжээ. Дэлхийн эдийн засаг хурдацтай өсч байсантай холбоотойгоор, зэсийн үнэ гадаад зах зээл дээр огцом нэмэгдэж эхэлсэн. Тиймээс, 2006 онд УИХ-аар Зарим, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг батлан гаргасан юм. Энэ хуульд Лондонгийн металлын бирж дээрх нэг тонн зэсийн үнээс 2500 доллар хассаны дараа үлдэх орлогыг Монгол Улсыг хөгжүүлэх санд төвлөрүүлнэ үэж заасан байлаа. Тухайн үед зэсийн үнэ найман мянган америк доллар хол давж байсан учир нэг тонн зэсээс улсын төсөвт 5 орчим мянган долларын цэвэр ашиг орж ирж байсан юм. Үүнээс үүдээд манай улсын халаас өдөр ирэх тусам зузаарч, тэр хэрээрээ эдийн засгийн өсөлт жил бүр нэмэгдэж, 10 хувьд хүрээд байсан хэрэг. Гэвч энэхүү өсөлтийн тал хувь нь бодит өсөлт. Харин тал хувь нь хөөс байсан тухай мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Өнгөрсөн долдугаар сараас эхлэн АНУ-ын санхүү хямарч эхэлсэтэй холбоотойгоор зэсийн эрэлт багасч, үнэ нь огцом уруудсан. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд манай улсын эдийн засаг зэсээс орж ирсэн мөнгөний ачаар огцом өсөөд байсан юм. Харин зэсийн үнэ унамагц эдийн засгийн өсөлт 1.2 хувиар буурч, 8.9 хувьд хүрээд байна. Тиймээс эдийн засагчид нэг жил нь огцом өсч, дараа жил нь огцом буурдаг өсөлт хэнд ч хэрэггүй. Түүний оронд тогтмол өсөлт хэрэгтэйг сануулж байна. Инфляциас бусад, макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд өнөөдөр зэсийн үнийн бууралтаас болж доголдож байна. Тухайлбал, зэсийн үнэ унасанаар өнгөрсөн сарын эцэст улсын төсөв 305 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Үүнээс үүдээд, төсвийн алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувьд хүрээд байгаа юм. Түүгээр ч үл барам, гадаад валютын албан нөөц багасч байна. Одоо 596 сая америк долларын буюу 2,6 сарын импортын хэрэгцээг хангах гадаад валютын албан нөөц манай улсад байна. Энэ нь байх ёстой хэмжээнээсээ хэд дахин доогуур үзүүлэлт юм. Үүнээс гадна, гадаад худалдаа, өнгөрсөн сард нэг тэрбум америк долларын алдагдалтай гарлаа. Ийнхүү, макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд зэсийн үнээс болж доголдож эхлээд байна. Тиймээс эдийн засагчид, дан ганц зэсийн өндөр үнэд найдаж эдийн засгаа өсгөх биш, харин өөр салбарыг хөгжүүлж, түүнээс мөнгө олох хэрэгтэйг зөвлөж байна. Тэгэж чадвал, манай улсын макро эдийн засаг эрүүлжинэ гэж үзэж байгаа юм. Сүүлийн үед долларын ханш яван чангарч байгаатай холбоотойгоор бусад гадаад валютын ханш дагаад чангарч байна. Английн фунт стерлинг өнгөрсөн долоо хоногоосоо 119 төгрөгөөр, хятадын юань 10 төгрөгөөр чангарчээ. Харин оросын рубль хоёр төгрөгөөр суларсан байна. Монголбанкны өчигдрийн мэдээгээр доллар 1359, евро 1790, английн фунт стерлинг 1989, японы иен 15 төгрөг, оросын рубль 42 төгрөг, хятадын юань 198 төгрөг, солонгосын вон 98 мөнгөний ханштай байлаа. Тэгвэл, арилжааны банкууд америк долларыг 1361 төгрөгөөр худалдан авч, 1415 төгрөгөөр худалдаалж байсан юм.

-Үндэсний статистикийн хорооны ээлжит судалгаа-

2009.01.20. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний статистикийн хороо. Инфляци бага түвшинд, эдийн засгийн өсөлт тогтвортой, их хэмжээний валютын нөөцтэй, ажилгүйдэл бага байвал тухайн улс орны макро эдийн засаг тогтвортой байх ганц баталгаа болдог байна. Энэ үзүүлэлтүүдээр авч үзвэл, макро эдийн засгийн тогтвортой байдал алдагджээ. Ингэж хэлж байгаа нь, манай улсад өнөөдөр инфцляцийн түвшин жилийн 24 хувьтай байна. Товчхондоо, бидний халаасанд байгаа мөнгөний 24 хувь нь үнэ цэнэгүй болсон гэсэн үг. Мөнгөний ханш байх ёстой хэмжээнээсээ хэд дахин унасан нь манай улсын макро эдийн засгийг тогтворгүй болгож байгаа хүчин зүйлийн нэг нь. Тэгвэл, эдийн засгийн өсөлт бодит биш байгаа нь макро эдийн засгийг өвчлүүлж байгаа бас нэг хүчин зүйл болж байгаа юм. Энэ тухай Дэлхийн банкны эдийн засагч Алтанцэцэг: Өсөлт өндөр байх ерөөсөө шаардлагагүй. Сүүлийн хэдэн жил 5 хувь хүрлээ, 7 хувь хүрлээ, 8.9 хувь хүрлээ, бүр 10 хувь гараад явчихлаа гээд бахарахаж байсан. Гэтэл энэ нь хэнд ч хэрэггүй зүйл. Тэрний оронд тогтвортой байх юм бол эрүүл өсөлт. Тэгэхээр макро эдийн засаг эрүүл байна уу үгүй юу гэдгийг хэмждэг нэг шалгуур нь эдийн засгийн өсөлт байх нь. Заримдаа хятадаас давсан, дэлхийд байхгүй өндөр өсөлт гарч байсан үе байгаа. Үүнийг аваад үзвэл, яг бодит өсөлт нь хэд юм. Уул уурхайн салбар буюу зэсийн үнээс орж ирж байгаа өсөлт нь хэд юм гэдгийг авч үзэх ёстой. 2006 онд судалгаа хийхэд 11 хувийн өсөлт гарсан. Үүний 5.2 хувь нь жинхэнэ өсөлт. Үлдсэн нь хөөс. Хөөс гэдэг нь дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсч байхад орж ирсэн мөнгөний өсөлт байгаа байхгүй юу. Өнөөдөр зэсийн үнэ унаад, түүнээс орж ирэх мөнгө үгүй болчихоор нөгөө өсөлт байхгүй болно. Тийм учраас, төр засгийн зүгээс, засгийн газрын зүгээс, олон нийтийн зүгээс ямаршуухан шаардлага тавих вэ гэхээр тогтвортой бодлого баримтлаач ээ. Бид нарт 10, 20, 30 хувийн өсөлт ерөөсөө хэрэггүй. Ганц зэсийн үнээс биш, зэсийн үнээс ордог өсөлт, үйлчилгээнээс ордог өсөлт, тээврийн салбараас ордог өсөлт, ядаж 7-8 төрлийн салбараас орж ирдэг доогуур ч гэсэн хамаагүй тогтвортой өсөлт хэрэгтэй. Бидний бахархаад байсан өсөлт чинь ерөөсөө л алтны, зэсийн үнийн өсөлтөөс ороод ирчихсэн. Тэр нь байхгүй болохоор эргээд л бууж байдаг. Тэгэхээр энэ бол бид нарт маш эрсдэлтэй. Тийм учраас Дэлхийн банкны зүгээс эдийн засгаа төрөлжүүлээч ээ. Төрөлжүүлнэ гэдэг маань эдийн засаг маш олон янзын бааз суурьтай болно. Бааз, суурь гэдэг маань ганц, хоёрхон бүтээгдэхүүний үнэ дээр найдаад өсч байсан бол, олон янзын зүйлд найдаж өснө гэсэн үг. Тэр чинээгээрээ бид найдвартай болно гэсэн үг. Аль болох олон салбараас өсөлт хөгжилтийг гаргаач гэсэн зөвлөмж тавьж байгаа гэсэн юм. Одоогоос зургаан жилийн өмнө манай улсын эдийн засгийн өсөлт 5.4 хувь байсан бол, өнгөрсөн онд эдийн засаг өсөлт 10 хувь болж өсчээ. Харамсалтай нь энэ өсөлт эрүүл байгаагүй гэдгийг Дэлхийн банкны эдийн засагч Алтанцэцэг ийнхүү онцолж байна. Дэлхийн эдийн засаг хурдацтай өсч байсантай холбоотойгоор, 2005 оноос эхлэн зэсийн эрэлт огцом нэмэгдэж, үнэ нь найман мянган америк доллараас дээш өгс чэхэлсэн. Тиймээс, 2006 онд УИХ-аар Зарим, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг батлан гаргасан юм. Энэ хуульд Лондонгийн металлын бирж дээрх нэг тонн зэсийн үнээс 2500 доллар хассаны дараа үлдэх орлогыг Монгол Улсыг хөгжүүлэх санд төвлөрүүлнэ гэж заасан байлаа. Тухайн үед зэсийн үнэ найман мянган америк доллар хол давж байсан учир, нэг тонн зэсээс улсын төсөвт 5 орчим мянган ам.долларын цэвэр ашиг орж ирж байсан юм. Үүнээс үүдээд манай улсын халаас өдөр ирэх тусам зузаарч, тэр хэрээрээ эдийн засгийн өсөлт жил бүр нэмэгдэж байсан. Гэтэл, америкийн санхүү өнгөрсөн оны долдугаар сараас хямарч эхэлсэнтэй холбоотойгоор, зэсийн эрэлт багасч үнэ нь огцом уруудаж эхэлсэн. Үүнээс улбаалж, манай улсын төсөвт зэсийн үнийн өсөлтөөс орж ирэх мөнгө эрс багассан юм. Зэсийн үнэ унаж, эдийн засгийг өндөр өсөлттэй харагдуулж байсан хөөс үгүй болмогц макро эдийн засаг өвчлөхөд хүрсэн гэж эдийн засагчид хэлж байна. Макро эдийн засгийн нэг үзүүлэлт болох эдийн засгийн өсөлтөө эрүүл байлгахын тулд ганц зэсийн өндөр үнэд найдах биш, өөр салбараас мөнгө олох хэрэгтэйг Дэлхийн банкныхан зөвлөж байгаа юм. Гэтэл өнөөдөр зарим эдийн засагчид зэсийн үнэд найдсан хэвээр байна. Энэ тухай Сангийн яамны Эдийн засгийн нэгдсэн бодлогын газрын дарга Жаргалсайхан: Эдийн засаг нь тогтчихсон орны хувьд эдийн засаг өсөлт тогтвортой байх нь чухал. Харин манайх шиг хөгжиж байгаа орны хувьд бол, эдийн засгийн хөгжлийг дагаад эдийн засаг зарим үед огцом өсөх үе тохиолдоно. Тухайлбал, Тавантолгой, Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулбал, нэг жилийн дотор эдийн засгийн өсөлт өндөр гарна. Жижиг эдийн засаг учраас 20, 30 хувь гарах тооцоонууд бидэнд байна л даа. Энэ бол гарах ёстой зүйл. Ер нь тогтвортой байх нь нийгэмдээ, иргэддээ үр өгөөжтэй зүйл. Ер нь бол 2007 онд эдийн засгийн өсөлт 10.7 хувьтай гарсан байгаа. 2008 онд 10 орчим хувь. Ирэх онд 10.1 хувь байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, тогтвортой байна гэж үзэж байгаа. Хэдэн жилдээ 10 хувьдаа бариад явбал, эргүүлээд иргэддээ очих үр өгөөж нь өндөр байх юм. Эдийн засгийн өсөлтийг үл хөдлөх үнээр үнэлж гаргадаг юм. Өөрөөр хэлбэл, тоо ширхэгээр хэдийг үйлдвэрлэв гэж гаргадаг. Үнээс хамаарахгүй, инфляциас хамаарахгүй гэсэн үг юм. Зэсийн үнэ уналаа гээд манай Эрдэнэтийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний хэмжээ буурахгүй хэвээрээ л байна. Тийм учраас энэ бол эдийн засгийн өсөлтөд шууд утгаараа нөлөөлөхгүй. Энэ онд эдийн засгийн өсөлт хүчтэй буурахгүй байх. 10 хувьдаа барина гэж бодож байгаа. Магадгүй гаднаас хөрөнгө оруулалт орж ирээд, бүтээн байгуулалтын ажил хийгдвэл, харьцангуй ч өндөр гарах бололцоо бий. Одоо хоёр том ордоо ашиглах хэлэлцээр явагдаж байна. Энэ хэлэлцээр эхний хагас жилдээ батлагдаад үр дүнтэй болох юм бол, сүүлийн 4-р хагасаас үйл ажиллагаагаа явуулах юм бол манай эдийн засагт нөлөөлнө гэлээ. Өөрөөр хэлбэл, Тавантолгой, Оюутолгойн орд ашиглалтад орвол эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ гэж ярив. Зэсийн үнэ дэлхийн зах зээл өндөр байх үед монголчууд үйлдвэрлэл хөгжүүлэх асуудал дээр анхаарал хандуулахаа бараг больж, яридаг сэдэв нь Оюутолгойн орд болж хувирсан. Өнөөдөр энэ сэдвээсээ огт хазайгаагүй сууж байгаа нь хачирхалтай. Уул уурхайн салбар бидний мэдэж, зохицуулж чадах зүйл биш. Уул уурхайн салбар дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлт, бууралтаас шууд хамааралтай. Ямар сайндаа зэсийн үнэ өсөлтөд хэт найдаж байсан монголчууд зэсийн үнэ унаад ирмэгц төсвөө хэдэн тэрбумаар алдагдалтай батлачихаад сууж байхав. Тиймээс эдийн засагчдын хэлж байгаа шигчлэн үйлдвэрлэл байгуулж, ажлын байр нэмэгдүүлбэл, ажилгүйдлийг бууруулбал макро эдийн засаг тогтвортой байх ганц баталгаа болно гэж үзэж байна. Манай улсад инфляци өндөр хувьтай, эдийн засгийн өсөлт бодит биш байгаа нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулж байгаа бол, валютын нөөц, ажилгүйдлийн түвшин мөн л макро эдийн засгийг доголдоход хүргэж байгаа хүчин зүйл юм. Учир нь өнөөдөр манай улсад 596 сая америк доллартай тэнцэх валютын нөөц байна. Энэ нь манай улсын импортын 2.6 сарыг хангахад хүрэлцэхүйц мөнгө юм. Гэтэл дэлхийн ихэнх улс орнууд дор хаяж нэг жилийн импортыг хангахуйц валютын нөөцтэй байдаг байна. Ажилгүйдлийн тухайд, монгол улсын ажилгүйчүүдийн тоо 2007 оноосоо буурсан байна. Энэ тухай Үндэсний статистикийн газрын Хүн ам нийгмийн статистикийн газрын дарга Оюунчимэг: Монгол Улсын хэмжээнд нийтдээ 260 мянган иргэн ажил хөдөлмөр эрхлээгүй гэж гардаг. Эдгээр 260 мянган хүнээс 165 нь ямар нэг шалтгаангүйгээр ажил хөдөлмөр эрхлээгүй гэсэн дүн гардаг юм. Тэгэхээр энэ 165 мянган хүнээс хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо бол 29,8 мянга байгаа юм 2008 оны жилийн эцсийн байдлаар. Тэгэхээр хөдөлмөр халамжийн төвд бүртгэлтэй ажилгүйчүүд гэдэг маань ажил идэвхитэй хайж байгаа. Надад ажил олж өгөөч гэж тухайн аймгийн хөдөлмөр халамжийн төвд очиж бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тоо юм. Энэ тоо бол 2007 оноос буурсан байгаа. Ер нь бол, Монгол Улсын хэмжээнд ажил хөдөлмөр эрхлээгүй 160 гаруй иргэн байгаа гэж ярив.

-Төвбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлэв-

2009.03.24. Монгол Улс. Улаанбаатар хот. 2008 оны наймдугаар сард манай улс 900 сая ам.долларын нөөцтэй байсан бол, одоо 514 сая ам.долларын нөөцтэй болоод байна. Гадаад валютын албан нөөц ингэж багассан нь ам.долларын ханш өсөхөд нөлөөлж байна. Монголбанкны өчигдрийн мэдээгээр нэг ам.доллар 1574 төгрөгийн ханштай байлаа. Уг гадаад валютын ханш өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 орчим хувиар өсөөд байгаа нь энэ юм. Ам.долларын ханш ингэж өссөн бол, төгрөгийн ханш тэр хэмжээгээр унасан гэж ойлгож болно. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш суларсаар байгаа тул иргэд, аж ахуйн нэгжүүд арилжааны банкин дахь төгрөгийн хадгаламжаа валютын хадгаламж болгосоор байна. Үндэсний статистикийн хорооноос явуулсан судалгаагаар төгрөгийн хадгаламж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар буурч, 940 тэрбум төгрөг болжээ. Тэгвэл валютын хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 30 хувиар өсч, 542 тэрбум төгрөгт хүрсэн байна. Ийнхүү ам.долларжих үзэгдэл газар авсан нь үндэсний мөнгөн тэмдэгтийг улам үнэгүйдүүлж байгаа юм. Үүнээс гадна, гүйлгээн дэх бэлэн мөнгө нэмэгдсэн нь ам.долларын ханшийг өсгөж, төгрөгийн ханшийг унагаж байгаа бас нэг шалтгаан юм. Өнөөдөр гүйлгээнд 400 орчим тэрбум төгрөг байна. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 28 хувиар өсөөд байгаа нь энэ юм. Харин ам.доллар хомсдсоор байна. Монголбанк арилжааны банкуудад их хэмжээний нийлүүлэлт хийхгүй, ам.долларын нөөцөө хав дарчихаад байгаа нь ам.долларын хомсдолыг өдөөж, уг гадаад валютын ханш өссөр байна гэж үзэх хүмүүс байна. Гэвч төвбанк интервенци хийж ханш барих бодлого явуулсан ч тэгэх боломж хомс юм. Учир нь өнөөдөр манай улсад ердөө 4,6 сарын импортын хэрэгцээг хангахуйц ам.долларын нөөц байна. Интервенци хийж ам.долларын ханшийг барих боломжгүй байдаг. Байгаа нөөцөө гамнах хэрэгтэй байдаг. Тэгвэл яаж ам.долларын ханшийг буулгах вэ. Төвбанк ам.долларжих үзэгдлийг сааруулбал ханш тогтворжино гэж үзэж байна. Тиймээс төвбанк саяхан 9,75 хувь байсан бодлогын хүүгээ 14 хувь болгож өсгөлөө. Олон улсын валютын сангаас манай улс 224 сая ам.доллар зээлэхээр болсон. Энэ мөнгө ирэх сард манай улсад орж ирэх төлөвтэй байгаа. Үүнээс гадна, хандивлагчдын чуулга уулзалт зохиож манай улс тодорхой хэмжээний зээл тусламж авахаар болсон. Гадаадын банк санхүүгийн байгууллага болон хандивлагч орнуудаас зээлэх энэ хөрөнгийн багагүй хэсэг нь арилжааны банкуудад байршуулахаар болоод байгаа. Өмнө яригдаж байсан арилжааны банкуудад дэмжлэг олгох тухай хуулийн төслийн хүрээнд шаардлага хангасан банкинд мөнгө байршуулахаар болоод байгаа юм. Монголбанкнаас тавьсан шаардлагыг одоогоор Монголшуудан, Зоос банк хангаж 40 тэрбум төгрөгийн дэмжлэг авахаар болоод байгаа юм. Гэх мэтчилэн зарим арилжааны банк гаднаас орж ирсэн зээл тусламжийн ачаар зээлд гаргах мөнгөтэй болсон гэсэн үг юм.

-Инфляци 34 хувиас буурч, 18 хувьд хүрэв-

2009.03.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Нэг хэсэг 34 хувь хүрч байсан инфяци өдгөө 18 хувьд хүрээд байна. Хэдийгээр тийм ч, инфляци энэ сард огцом нэмэгдэж магадгүй төлөвтэй байна. Учир нь сүүлийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж байна. Тухайлбал, махны үнэ 19 хүртэлх хувиар нэмэгдээд байгаа юм. Одоо хүнсний захуудад нэг киллограмм хонины ястай мах 3000 төгрөгийн ханштай байгаа бол, ясгүй нь 3200 төгрөгийн ханштай байна. Тэгвэл, киллограмм үхрийн ястай мах 3700 төгрөг, ясгүй нь 3900 төгрөгийн ханштай болжээ. Махны үнэ нэмэгдсэнтэй зэрэгцээд урд хөршөөс импортолдог будаа, элсэн чихэрийн үнэ мөн нэмэгджээ. Тодруулбал, нэг киллогармм будаа өнгөрсөн долоо хоногоосоо 18 хувиар, элсэн чихэр 45 хувиар өсөөд байна. Одоо зах зээлд нэг киллогармм будаа 1500-1800 төгрөгөөр, элсэн чихэр 1450 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Урд хөршөөс импортолдог цагаан будаа, элсэн чихэрийн үнэ өссөн шалтгааныг ченжүүд юанийн ханш өссөнтэй холбон тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, хятадад цагаан будааны үнэ тогтвортой байгаа ч, манайд юанийн ханш өссөн нь дээрх түүхий эдийн үнэ дотоодын зах зээлд өсөхөд нөлөөлжээ. Тэгвэл тэр үеийн Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Жавхлан: Цагаан будааны импортын хэмжээ буурч байгаа нь үнэ өсөхөд нөлөөлсөн гэж тайлбарлаж байна. 2008 оны тавдугаар сард манай улсад импортоор 7,6 мянган тонн цагаан будаа орж ирж байжээ. Гэтэл 2009 оны хоёрдугаар сард ердөө 400 тонн будаа импортоор орж иржээ. Цагаан будааны импорт 2008 оны тавдугаар сартай харьцуулахад 20 дахин буураад байна. Энэ нь үнэ өсөх гол шалтгаан болсон гэж албаны хүн хэлж байгаа юм. Манай улсад юанийн ханш өсч байгаа тул, ченжүүд байгаа будаагаа нөөцөлж, үнэ хүргэж зарах бодлого явуулж эхэлсэн байна. Энэ нь будааны импорт багасахад хүргэж, үнэ нь нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Манай дотоодын зах зээлд цагаан будааны үнэ ингэж өссөн бол, дэлхийн зах зээлд нэг свот цагаан будаа 12 ам.долларын ханштай байна. Нэг свот нь 45 киллограмттай тэнцдэг гэвэл, гадаад зах зээлд нэг киллограмм цагаан будаа 430 төгрөгийн ханштай байна. Улаанбаатар хотод махны үнэ өсөөд байгаа бол, хөдөө орон нутагт махны үнэ адилгүй байна. Архангай, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр аймгуудад махны үнэ 50-800 төгрөгөөр өссөн байна. Тэгвэл Баянхонгор, Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий, Орхон аймагт махны үнэ 100-600 төгрөгөөр буураад байгаа юм. Баянхонгор аймагт хонины ястай мах хамгийн хямд буюу 1800 төгрөг байхад, Завхан аймагт 3200 төгрөгийн ханштай байна. Тэгвэл, Дархан-Уул аймагт үхрийн ястай мах хамгийн өндөр буюу 3650 төгрөг байгаа бол, Баянхонгор аймагт 1900 төгрөгийн ханштай байгаа юм. Махны үнэ аймгуудад адилгүй байгаа бол, цагаан будаа, элсэн чихэрийн үнэ адилгүй байна. Тодруулбал, Дорнод аймагт нэг киллограмм цагаан будаа 900 төгрөгийн ханштай байхад, Завхан аймагт 1400 төгрөгийн ханштай байна. Увс аймагт нэг киллограмм элсэн чихэр 1300 төгрөг байхад Булган, Дорнод аймагт 900 төгрөгийн ханштай байгаа юм.

-Үндэсний статистикийн хорооны ээлжит судалгаа-

2009.05.09. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний статистикийн хороо.Үндэсний статистикийн хороо Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнгөрсөн сарын статистик мэдээллийг энэ долоо хоногт гаргалаа. Эдийн засгийн гол үзүүлэлтүүд өнгөрсөн сард яаж гарсан талаар Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн судалгааны газрын дарга Бадамцэцэг: Өмнөх оны мөн үеийн түвшинтэй харьцуулахад макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн хувьд бууралттай гарч байгаа. 2009 он гарсаар эхний дөрвөн сарын гүйцэтгэлээр авч үзвэл өнгөрсөн дөрөвдүгээр сард зарим нааштай үзүүлэлтүүд гарсан гэдгийг онцолж хэлмээр байна. 2009 оны нэгдүгээр улиралд манай улсын ДНБ 617.1 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй буюу 2008 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 4,2 хувийн бууралт гарсан байгаа. Бууралтын үндсэн шалтгаан бол үйлдвэрлэлийн салбар, үүн дотроо боловсруулах, уул уурхайн салбарын бууралттай, түүнчлэн ДНБ-д 10 гаруй хувийг эзэлдэг бүтээгдэхүүний цэвэр татварын хэмжээ буурсан. Үүнтэй холбоотойгоор 4.2 хувийн бууралт гарсан гэж хэлмээр байна. Хоёрдугаарт нь мөнгөний статистикийг аваад үзье. Мөнгөн дээр зээлийн өрийн үлдэгдэлийн хэмжээ өмнөх сараасаа 92 тэрбум төгрөгөөр буурсан байгаа. Мөн хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл, нийт зээлийн өрийн үлдэгдэлд эзэлж байгаа хувь хэмжээнүүд харьцангуй өндөр байгаа. Ер нь 6 хувь, 11 хувьтай явж байгаа. Нөгөө талаар валютын албан ёсны нөөц гуравдугаар сарын эцэст 504 сая ам.доллар болсон. Төсвийн гүйцэтгэлийн хувь бас алдагдалтай байгаа. Нийт тэнцэл 144 тэрбум төгрөгөөр, урсгал тэнцэл 75 сая ам.долларын алдагдалтай явж байна. Тэгэхээр өмнөх оны мөн үеийн түвшинтэй харьцуулах юм бол, төсвийн орлого 30 гаруй хувиар буюу мөнгөн гүйцэтгэлээр нь аваад үзвэл 215 тэрбум төгрөгөөр доогуур явж байгаа. Энэ нь төсвийн нийт тэнцэл алдагдалтай гарахад нөлөөлж байна. Төсвийн орлогын бүрдэлт дутуу байгаа шалтгаан бол, төсвийн орлогыг бүрдүүлж байгаа хувийн жин өндөртэй татварууд өмнөх оны мөн үеийн түвшиндээ хүрэхгүй төвлөрсөн байгаагаас шалтгаалж байгаа. Тухайлбал, 215 тэрбум төгрөгийн бууралтын талаас илүү хувь нь зөвхөн нэг төрлийн татвар, тухайлбал зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын бууралтаас шалтгаалж орж ирсэн байгаа. Дараагийн макро эдийн засгийн голлох үзүүлэлт бол гадаад худалдааны статистик байгаа. Гадаад худалдааны статистикаас аваад үзэхэд барааны эргэлт өмнөх оны мөн үеийн түвшингөөсөө бараг 40 гаруй хувиар буурсан байгаа. Ер нь оны эхнээс ийм хандлага ажиглагдсан. Оны эхний 4 сарын байдлаар ч гэсэн ийм дүн гарч байна. Гадаад худалдааны тэнцэл 93.3 сая ам.долларын алдагдалд хүрсэн гэв. Манай улсын эдийн засаг дэлхийн зах зээл дээрх зэсийн үнээс ихээхэн хамааралтай байдаг. Зэсийн үнэ дэлхийн зах зээлд 2700 ам.доллар болж буурч байх үед манай улсын төсөв хасах гарч эхэлсэн. Харин одоо гадаад зах зээлд нэг тонн зэс 4300 ам.долларын ханштай байна. Зэсийн үнэ амилж эхэлснээр алдагдалд орсон улсын төсөв сэргэх байх гэсэн хүлээлттэй байлаа. Гэтэл улсын төсөв сайжирсангүй. Өнгөрсөн сард улсын төсөв 144 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Улсын төсөв энэ хэмжээний алдагадлтай гарсан нь татварын орлого буурсантай холбоотой гэж холбогдох албаны хүн хэлж байна. Татвар тус бүрээр авч үзвэл, Зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар өнгөрсөн оноосоо 91 хувиар буурсан байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 46 хувиар, нэмэгдсэн өртгийн албан татвар 19 хувиар тус тус буурчээ. Нэг хэсэг зэсийн үнэ дэлхийн зах зээлд огцом унасан, мөн алтны улирал эхлээгүй байсан тул, Зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар өнгөрсөн оноосоо 91 хувиар буурсан байж болох талтай гэж иргэд үзэж байна. Харин аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвар буурсан нь юунаас болов. Тэгвэл экспорт өмнөх оноосоо 42 хувиар, импорт 32 хувиар буурсан нь дээрх татварын хувь хэмжээ буурахад нөлөөлсөн байж болзошгүй гэж албаны хүн хэлж байна. Экспорт, импорт буурсантай холбоотойгоор манай улсын татварын хувь хэмжээ буурч, улмаар улсын төсөв алдагдалтай гарахад нөлөөлж, гадаад худалдаа өнгөрсөн сард 93 сая долларын алдагдалтай гарсан байна. Энэ мэтчилэн манай улсын макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд өвчилсөн хэвээр байгаа юм. Авууштай нь иргэд, аж ахуйн нэгжид олгосон зээлийн өрийн үлдэгдэл 3.4 хувиар буурч, 2 тэрбум 580 сая төгрөг болсон байна.

-Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж: Инфляци болон валютын ханш цаашид буурвал бодлогын хүүгээ дахин бууруулах боломжтой-

2009.05.09. Монгол Улс. Улаанбаатар хот. Төвбанк.Монголбанк энэ долоо хоногт бодлогын хүүгээ 1.25 нэгж хувиар буурууллаа. Одоо төв банкны бодлогын хүү жилийн 12.75 хувь болоод байна. Инфляци жилийн 12.5 хувь болж, ам.доллар 1425 төгрөгийн дундаж ханштай болсон учраас бодлогын хүүгээ бууруулсан. Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж: Инфляци болон валютын ханш цаашид буурвал бодлогын хүүгээ дахин бууруулах боломжтой гэж хэлсэн юм. Төв банкны бодлогын хүү буурсан нь бодит эдийн засагт бага ч болтугай дэмжлэг болно. Учир нь үүнийгээ дагаад арилжааны банкуудын хадгаламж болон зээлийн хүү буурах ёстой. Хэрэв ийм алхам хийвэл бизнес эрхлэгчид болон аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг болж чадна гэж эдийн засагчид үзэж байгаа юм. Тэгвэл эдийн засагчдын энэ таамаг биеллээ олохгүй байх магадлалтай байна. Учир нь арилжааны банкууд бодлогын хүү буурсантай зэрэгцэн хадгаламжийн болон зээлийн хүүгээ бууруулахгүй байх болгоомжлол байгаа юм. Өнөөдөр дэлхийн ихэнх улс орнуудын арилжааны банкуудын төвбанкны бодлогын хүү жилийн 1 хувь байна. Гэтэл манай улс бодлогын хүүгээ бууруулаад 12.75 хувь болголоо. Ийм байхад, арилжааны банкууд дагаад хадгаламж болон зээлийн хүүгээ буулгах бололцоогүй. Тэгээд ч өнгөрсөн гуравдугаар сард төвбанк бодлогын хүүгээ 14 хувь болгож нэмэгдүүлэхэд, арилжааны банкууд хадгаламжийн болон зээлийн хүүгээ нэмэгдүүлээгүй. Тиймээс энэ долоо хоногт монголбанк бодлогын хүүгээ бууруулсан байлаа ч, хадгалмж болон зээлийн хүүгээ буулгахгүй. Хэрэв төвбанк цаашид бодлогын хүүгээ бууруулбал хадгаламж болон зээлийн хүүгээ буулгаж болох байх гэцгээж байна.

  -Төвбанкны үнэт цаас буюу бодлогын хүү-

Бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл буюу инфляцийн өсөлт эрэлт, нийлүүлэлтээс хамаарч байдаг. Эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт буурвал бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж инфляци өснө. Эрэлт буурч нийлүүлэлт ихэсвэл бараа бүтээгдэхүүний үнэ хямдарч инфляци доошилно гэсэн үг юм. Бүр энгийнээр тайлбарлавал хүмүүсийн гар дээр мөнгө байв ч, түүнтэй тэнцэх хэмжээний бараа бүтээгдэхүүн зах зээлд байхгүй бол үнийн хөөрөгдөл газар авч инфляци нэмэгддэг гэсэн үг юм. Үндэсний статистикийн хорооноос явуулсан судалгаагаар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 4.7 их наяд төгрөгт хүрсэн ч, мөнгөний нийлүүлэлт нь үүнээс 1 их наяд төгрөгөөр илүү байгаа юм. Өөрөөр хэлбэл, манай улсын мөнгөний нийлүүлэлт 6 их наяд төгрөг рүү ойртож яваа юм. Үүний 46.8 хувийг төгрөгийн хадгаламж, 24.4 хувийг төгрөгийн харилцах, 10.1 хувийг гадаад валютын хадгаламж, 12.2 хувийг гадаад валютын харилцах, 6.4 хувийг банкнаас гадуурх мөнгө эзэлж байна. Төгрөгийн болон валютын харилцах, мөн банкнаас гадуурх мөнгө хөрвөх чадвар өндөртэй байдаг. Эдгээр нь нийт мөнгөний нийлүүлэлтийн 55 хувийг эзэлж байгаа юм. Хөрвөх чадвар ихтэй мөнгө зах зээл рүү түргэн шуурхай гарч, мөнгөний илүүдлийг нэмэгдүүлэх эрсдэл өндөртэйд тооцогддог. Үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнээс давсан мөнгө зах зээлд эргэлдэж байгаа нь инфляцийг өдөөж болзошгүй гол хүчин зүйлийг нэг. Тиймээс энэ мөнгийг зах зээл рүү гаргаж, инфляцийг хөөрөгдөхгүй байх үүднээс төвбанк арилжааны банкуудын заавал байлгах нөөцийг 2 хувиар өсгөж 11 хувь болголоо. Харин бодлогын хүүгээ 0.25 хувиар өсгөж 11.75 хувьд хүргээд байгаа юм. Заавал байлгах нөөцийн хэмжээг нэмэгдүүлж, бодлогын хүүгээ өсгөх нь арилжааны банкуудын зээлд гаргах мөнгөний хэмжээг бууруулдаг байна. Ингэснээр зах зээлд шууд нийлүүлэгдэж, инфляцийг өдөөж болзошгүй байдлыг түр намжаадаг гэж ойлгож болно. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгийг багасгах нь төгрөгийн хадгаламж нэмэгдэх бололцоог давхар олгодог байна. Тухайлбал, төв банкны үнэт цаасны хүү буюу бодлогын хүү өсмөгц, арилжааны банкуудын хадгалмжийн хүү өсөх юм. Хадгаламжийн хүү өсвөл иргэд, аж ахуйн нэгжүүдийн арилжааны банкинд хадгалуулах мөнгө нэмэгдэх талтай. Төгрөгийн хадгаламж өсвөл гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ багасч, улмаар төгрөгийн ханш чангарна гэж ойлгож болно. Төвбанкнаас явуулж байгаа бодлого төгрөгийн ханшийг тогтворжуулах сайн талтай ч, аж ахуйн нэгжүүдэд хүндээр тусах саар талтай. Тэд зээлээ хумьж эхэлбэл аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулах хөрөнгийн эх үүсвэргүй болж үйлдвэрлэл дагаад саардаг сөрөг талтай юм. Тиймээс инфляцийг бууруулах уу, эсвэл эдийн засгаа өсгөх үү гэдэг хүндхэн сорилттой эдийн засагчид энэ үед тулгардаг. Инфляцийг эхлээд онилох уу… Эсвэл инфляцийг орхиж эдийн засгийн өсөлтөө анхаарах уу гэдэг сорилттой тулгардаг гэсэн үг юм. Гэтэл төвбанк саяхан бодлогын хүүгээ дахиад нэмчихлээ. Бодлогын хүүгээ нэмсэн нь өнгөрсөн удаагийн гашуун түүхтэй адил гэж эдийн засагчид хэлж байгаа юм. Нэг ёсондоо, өнгөрсөн удаад арилжааны банкууд зээлд гаргах мөнгөгүй болсон бол, энэ удаад аж ахуйн нэгжүүд зээлийн хүүгээ төлж дийлэхгүйд хүрнэ гэж эдийн засагчид болгоомжилж байгаа юм. Тухайн үед Монголбанкны Ерөнхийлөгч Пүрэвдорж: Энэ алхам бизнес эрхлэгчдэд хvндээр тусна гэдгийг мэдэж байгаа. Олон муу хувилбараас арай гайгvй муу хувилбарыг сонгосон гэж мэдэгдэж байсан удаатай.

-Цахилгааны үнийн өсөлт инфляци нэмэгдэхэд нөлөөлж болзошгүй- 

2009.05.19. Монгол Улс. Улаанбаатар хот. Эрчим хүчний салбарынхан өнгөрсөн долоодугаар сард цахилгааны үнээ нэмж, үндэсний баяр наадмаар таагүй бэлэг барьсан. Тэгвэл тус салбарынхан дахин таагүй бэлэг барих бололтой. Эрчим хүчний салбарынхан 2009 он гарсаар 20.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Манай улсын төсөв алдагдалтай гарч эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Тиймээс цахилгаан станцуудын алдагдлыг улсын төсвөөс нөхөх боломжгүй. Тиймээс эрчим хүчний салбарынхан алдагдлаа нөхөх гэж эрчим хүчний үнийг 31 хувиар нэмэгдүүлэх гэж байгаа юм. Ингэхдээ сонгуулийн өмнө нь биш, дараа нь нэмэхээр төлөвлөжээ. Сонгуулийн өмнө үнээ нэмбэл, сонгуулийн дүнд ямар нэг байдлаар нөлөөлнө гэж бодож л дээ янз нь.. Тиймээс 2009.07.01-ний өдрөөс эрчим хүчний үнийг нэмэхээр төлөвлөснөө энэ салбарынхан нуусангүй. Өнөөдөр орон сууцны айл өрх болон албан байгууллагын цахилгааны үнэ 68 төгрөг байгаа. Харин гэр хорооллын айл өрхийн нэг килловатт цахилгааны төлбөр 66 төгрөг байна. Энэ үнийг 31 хувиар нэмэгдүүлбэл, иргэд нэг килловатт цахилгаанд 90 төгрөг төлөхөөр байгаа юм. Гэхдээ энэ бол нэмэгдсэн өртөгийн албан татвар шингээгүй үнэ юм. Хэрэв нэмэгдсэн өртөгийн албан татвар шингээвэл иргэд нэг килловатт цахилгаанд 100 орчим төгрөг төлөх юм. Бүх үйлдвэрүүдэд цахилгаан ордог. Тиймээс эрчим хүчний үнэ нэмэгдвэл, үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөнө гэж байгаа юм. Энэ талаар Өгөөж чихэр боов хувьцаат компанийн ерөнхий захирал Түмэнгэрэл: Цахилгаан болон бензин бараа бүтээгдэхүүний суурь үнэ. Хэрэв суурь үнэ өсвөл, дагаад бусад бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Яагаад гэхээр манай үйлдвэр голдуу цахилгаанаар явдаг. Яг одоогоор манай үйлдвэр үнээ нэмнэ гэсэн юм алга. Тухайн үед нь хэдээр нэмэгдэх нь үү, өртөг зардал яаж тооцогдох нь уу, тэрийгээ харж байгаад тухайн үедээ шийднэ. Ер нь бүтээгдэхүүний үнэ нэлээд нэмэгдэх байх. Яагаад гэхээр бүх бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 15 хувийг цахилгааны зардал эзэлдэг. Өгөөж чихэр боов хувьцаат компанийн цахилгааны үнэ нэмэгдвэл, талх тариа, чихэр жигнэмэгийн үнэ нэмэгдэнэ. Яг одоогоор хичнээн хувиар нэмэгдэхийг тооцоогүй байна. Цахилгааны үнэ ирэх долоодугаар сард нэмэгдвэл иргэдийн өдөр тутмын хэрэглээ болох талх, тариа, чихэр, жигнэмэгийн үнэ нэмэгдэхээр байна. Цаашлаад дотоодод үйлдвэрлэдэг барилгын материалын үнэ нэмэгдэх төлөвтэй байна. Уул уурхайн компаниуд их хэмжээний цахилгаан хэрэглэдэг учраас тэр юм. Өнгөрсөн оны наадмаар 53 төгрөг байсан нэг килловатт цахилгаан 68 төгрөг болж нэмэгдэхэд манай улсад инфляци жилийн 34 хувьд хүрч байсан удаатай. Удахгүй эрчим хүчний үнэ дахиад 31 хувиар нэмэгдвэл, одоо 12.5 хувиар хэмжигдэж байгаа инфляци хэд хүрч өсөхийг таашгүй. Төр цахилгааны үнийн өсөлтөөс иргэдээ хамгаалж чаддаггүй юм гэхэд, төгрөгийн ханшийн уналтаас хэрхэн хамгаалах бол. Монголбанкны дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргал: Төвбанкны бодлогын хүү өнөөдөр 12.75 хувь байна. Цахилгааны үнийн өсөлтөөс үүдээд инфляци нэмэгдвэл, төвбанк бодлогын хүүгээ энэ түвшнөөс бууруулахгүй. Харин инфляци буурах төлөвтэй байвал бодлогын хүүгээ бууруулна гэсэн юм. Монголбанкны бодлогын хүү өсвөл гүйлгээнд гаргах бэлэн мөнгөний хэмжээ багасдаг. Харин бодлогын хүү буурвал гүйлгээн дэх бэлэн мөнгө нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, төвбанк цахилгааны үнийн өсөлтөөс үүдээд хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх бараа бүтээгдэхүүний үнэ болох инфляуи нэмэгдвэл, мөнгөний нийүүлэлтээ багасгаж, мөнгөний хатуу бодлого баримтална гэж байгаа юм. Үүнээс гадна, цахилгааны үнийн өсөлтийг далимдуулж, компаниуд үнээ огцом нэмэгдүүлж магадгүй гэж үзэх хүмүүс байна. Тиймээс Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрынхан эрчим хүчний үнийн өсөлтөөс үүдсэн үнийн хөөрөгдөлд эртнээс хяналт тавих хэрэгтэйг хэлэх судлаачид мөн байгаа юм. 

-Дэлхийн банкнаас гаргасан ээлжит судалгаа-

2009.06.06. Монгол Улс. Улаанбаатар хот. Дэлхийн банк. Дэлхийн банкнаас манай улсын эдийн засгийн тойм судалгааг улирал тутам гаргадаг байсан. Харин өнөөгийн хямралын энэ үед сар тутам гаргадаг болжээ. Энэ долоо хоногт Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар манай улсын эдийн засгийн өнгөрсөн сарын тойм судалгааг олон нийтэд мэдээллээ. Ер нь тухайн улс орны эдийн засаг ямар байгааг эдийн засгийн өсөлт, ажилгүйдэл, инфляци, гадаад худалдаа, төсвийн алдагдал, гадаад валютын албан нөөц ямар байгаагаас харж болдог. Нэг хэсэг манай улсын эдийн засгийн голлох үзүүлэлтүүд бүгд өвчлөөд байсан. Харин одоо ямар байгаа талаар дэлхийн банк судалжээ. Манай улсын эдийн засгийн өсөлт саарсаар байгаа юм байна. Ингэж хэлж байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4,2 хувиар буурсан байна. Үүнийг дэлхийн банкныхан үйлдвэрлэл болон барилгын салбарын өсөлт буурсантай холбон тайлбарлаж байна. Үйлдвэрлэл буурч эдийн засгийн өсөлт саарвал, тэр хэрээр ажилгүйдэл нэмэгддэг. Харин авууштай нь манай улсад үйлдвэрлэл буураад байхад ажилгүйдэл 3 хувиар буурсан байх юм. Ажилгүйдэл буурсан ч, харамсалтай нь ажилчдын цалин 60 орчим хувиар буурсан байна. Өнгөрсөн оны эцэст манай улсын гадаад худалдаа 163 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Үүнтэй харьцуулахад гадаад худалдааны алдагдал сүүлийн үед багасссан байна. Импорт буурч байгаа нь гадаад худалдааны алдагдал буурахад нөлөөлсөн байна. Импорт буурсаны зэрэгцээ экспортын хувь хэмжээ буурсан үзүүлэлт мөн гарчээ. Тодруулбал, экспорт өнгөрсөн оны мөн үеэсээ 42 хувиар буурсан байна. Экспорт ингэж буурсан нь зэсийн үнэ буурсантай холбоотой гэж дэлхийн банкныхан хэлж байна. Манайтай нягт хамтран ажилладаг орнуудын эдийн засгийн өсөлт энэ онд буурах төлөвтэй байгаа. Тэр дундаа хятадын эдийн засгийн өсөлт энэ онд 6.5 хувьд хүрч буурах төлөвтэй байгаа юм байна. Хятадад эдийн засгийн өсөлт ингэж буурвал, тэр хэрээр үйлдвэрлэл буурна. Үйлдвэрлэл буурвал түүхий эдүүдийн эрэлт буурах юм. Түүхий эдүүдийн эрэлт буурвал зэс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ мөн буурна гэж дэлхийн банкныхан үзсэн байна. Тиймээс сүүлийн үед өсч байгаа зэсийн үнийн өсөлтөд хэт их найдахгүй байхыг төрийн түшээдэд дэлхийн банкныхан зөвлөж байгаа юм. Үүний сацуу өнгөрсөн сард инфляци буурч 12.6 хувьд хүрсэн байна. Инфляци буурсан нь хүнс болон түлшний үнийн бууралттай холбоотой юм байна. Нөгөөтэйгүүр, дотоодын эдийн засгийн өсөлт огцом удааширч, суурь үнэ унасантай холбоотой гэж дэлхийн банкныхан үзжээ. Ам.долларын ханш болон инфляци буурсан нь иргэдийн төгрөгт итгэх итгэлийг нэмэгдүүлсэн байна. Үүнээс үүдэж иргэд гадаад валютын хадгаламжаа төгрөгийн хадгаламж болгох нь ихэссэн гэж дэлхийн банкныхан хэлсэн юм. Хэдийгээр иргэдийн төгрөгт итгэх итгэл нэмэгдэж, төгрөгийн хадгаламж нэмэгдэж байгаа ч, банкны салбарт хүндрэл бэрхшээл цөөнгүй байгаа юм. Тухайлбал, арилжааны банкуудын чанаргүй зээл нэмэгдсээр байгааг дэлхийн банк онцолсон юм. 

-Үндэсний статистикийн хорооны ээлжит судалгаа-

2009.06.12. Монгол улс. Улаанбаатар хот. Үндэсний статистикийн хороо. Монгол улсын эдийн засаг дордож байна уу, дээрдэж байна уу гэдгийг харуулдаг судалгааг Үндэсний статистикийн хорооныхон сар тутам гаргадаг. 2009 оны тавдугаар сард монгол улсын эдийн засаг ямаршуухан байсныг Үндэсний статистикийн хорооныхон танилцуулав. Тэдний хийсэн судалгаагаар манай улсын эдийн засаг сайнтай, муутай гарчээ. 2009 оны эхний таван сарын байдлаар татварын орлого 71 хувиар буюу 355 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй гарчээ. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өсч, улмаар зэсийн үнийн өсөлтийн албан татвараас орж ирэх мөнгөний хэмжээ нэмэгдсэн. Үүнээс гадна, аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртөгийн албан татварын хэмжээ нэмэгдсэн нь татварын орлого дээрх хувь хэмжээгээр нэмэгдэхэд нөлөөлжээ. Ийнхүү татварын орлого нэмэгдсэн нь улсын нэгдсэн төсвийн урсгал тэнцэл 55 тэрбум төгрөгийн ашигтай гарахад нөлөөлсөн байна. Ер нь улсын төсвийн урсгал тэнцэл ашигтай гарч байгаа үед гадаад худалдаа гол төлөв ашигтай гардаг. Гэхдээ энэ удаа гадаад худалдаа 60 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Хэдийгээр тийм ч, гадаад худалдааны алдагдал өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 40 хувиар буурсан дүнтэй байна. Үүнээс гадна, төгрөгийн ханш бусад гадаад валютуудын эсрэг чангарсан үзүүлэлттэй гарчээ. Ер нь аливаа улсад валютын ханш өсч, буурах нь гадаад худалдааны алдагдал, аж үйлдвэрийн салбарын өсөлт, инфляцийн түвшингөөс ихээхэн хамаардаг. Дээрх үзүүлэлтүүдээс гадаад худалдааны алдагдал буурч, аж үйлдвэрийн салбарт 12 хувийн өсөлт гарсан тул, дотоодын зах зээлд валютуудын ханш буурахад нөлөөлсөн болохыг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Дээр дурдсан үзүүлэлтүүд манай улсын эдийн засагт гарч буй нааштай үзүүлэлтүүд болж байна. Харин хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ өндөр байгаа нь улсын эдийн засгийг хойш татсан таагүй үзүүлэлт болсоор байна. Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудын иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээл 2 их наяд 852 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Үүний 127 тэрбум төгрөг нь хугацаа хэтэрсэн, 414 тэрбум төгрөг нь чанаргүй зээлийн ангилалд багтаж байгаа юм. Хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өнгөрсөн сараасаа 8.3 хувиар буурсан бол, чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн сараасаа 0.3 хувиар буураад байгаа нь энэ юм. Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн судалгааны газрын дарга Бадамцэцэг: Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн сараасаа буурсан ч, санаа зовох түвшинд байсаар байгааг онцлов. Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлээс гадна, инфляци хоёр оронтой тоонд шилжсэн нь манай улсын эдийн засгийг хойш татсан таагүй үзүүлэлт болж байна. Ингэж хэлж байгаа нь, инфляци оны эхнээс 13.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Бензины болон махны үнэ өссөн нь инфляци хоёр оронтой тоонд шилжихэд нөлөөлсөн байна. Ер нь инфляци өссөн үед арилжааны банкууд зээл гаргах сонирхолгүй болдог. Төгрөгийн ханш унавал, арилжааны банкуудын зээлд гаргаж байгаа мөнгөний хүү ханшийн эрсдэлд ордог учраас тэр юм. Арилжааны банкуудын зээлийн хэмжээ буурч байгаа эсэхт Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн судалгааны газрын дарга Бадамцэцэг: Арилжааны банкуудын бодит эдийн засагт гаргах зээлийн хэмжээ өсөхгүй байна гэсэн тайлбарыг өгөв. Энэ нь инфляци өсч байгаатай холбоотой байж болзошгүйг эдийн засагчид хэлж байна. Үүнээс гадна, инфляци өсч, төгрөгийн ханш тэр хэмжээгээр унаж байгаа нь банкин дахь төгрөгийн хадгаламжийн хэмжээ буурахад нөлөөлж болзошгүй юм. Инфляци өссөнтэй холбоотойгоор арилжааны банкуудын төгрөгийн хадгаламж буурч, валютын хадгаламж өсч байгаа эсэхт Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн судалгааны газрын дарга Бадамцэцэг: Инфляци өссөн ч, төгрөгийн хадгаламж буураагүй болохыг статистикийн хорооныхон онцолж байна. Сүүлийн үед үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш бусад гадаад валютуудын эсрэг чангарч байгаа нь төгрөгийн хадгаламж буурах бус, өсөхөд нөлөөлсөн байна. Энэ өдрийн байдлаар арилжааны банкуудад 600 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц гадаад валютын хадгаламж байгаа бол, төгрөгийн хадгаламж 1 их наяд 410 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна гэлээ. 

-Үндэсний статистикийн хорооны ээлжит судалгаа-

2009.06.13. Монгол улс. Улаанбаатар хот. Үндэсний статистикийн хороо. Аливаа улс орны эдийн засаг тогтвортой байгаа эсэх нь макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүдээс харагддаг. Өөрөөр хэлбэл, инфляци, ажилгүйдэл, гадаад худалдаа, төсвийн алдагдал, эдийн засгийн өсөлт, валютын нөөц зэргээс харагддаг гэсэн үг юм. Хэрэв, инфляци өндөр түвшинд, гадаад худалдаа алдагдалтай, төсвийн орлого буурсан, валютын нөөц багассан, ажилгүйдэл ихэссэн, эдийн засгийн өсөлт саарсан байвал тухайн улсын эдийн засаг хүнд байгааг илтгэдэг. 2009 оны эхэнд манай улсын макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүд бүхэлдээ өвчлөөд байлаа. Харин одоо байдал ямар байгаа талаар Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн судалгааны газрын дарга Бадамцэцэг: Макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүд болон үйлдвэрлэл үйлчилгээний статистикийг багцлаад аваад үзэх юм бол, зарим талаараа нааштай бууралт нь саарсан ийм хандлага ажиглагдаж байна. Гэхдээ эдийн засаг бүхэлдээ сайжирсан гэж хэлэх нөхцөл мэдээж бүрдээгүй байна гэв. Тухайлбал, макро эдийн засгийн нэг үзүүлэлт болох инфляци буурчээ. 2009 оны эхэнд инфляцийн түвшин жилийн 20 хувьд хүрч байсан бол, одоо 8 хувь болж буураад байгаа юм. Оны эхэнтэй харьцуулахад, инфляцийн түвшин 14 хувиар буурсан гэдэг нь, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш тэр хэмжээгээр сэргэсэн гэсэн үг юм. Бараа бүтээгдэхүүний үнэ буурсан нь төгрөгийн ханш ингэж сэргэхэд нөлөөлжээ. Инфляци буурч, төгрөгийн ханш чангарсан нь ийнхүү нэг давуу тал болж байна. Харин үүнээс бусад эдийн засгийн голлох үзүүлэлтүүд өвчилсөн хэвээр байна. Тухайлбал, улсын төсөв 2009 оны эхний таван сарын байдлаар 192 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Ер нь улсын төсөв өнгөрсөн оны 11 сараас хойш алдагдалтай гарч байгаа. Тухайн үед эдийн засагчид зэсийн үнэ дэлхийн зах зээлд унасанаас үүдээд улсын төсөв хүндэрсэн гэх тайлбарыг өгч байсан юм. Тэгвэл манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ сүүлийн үед гадаад зах зээлд өсч байна. Тодруулбал, дэлхийн зах зээлд нэг тонн зэс 5000 ам.доллар гатлаад байгаа явдал юм. Зэсийн үнэ ингэж өссөн тул, улсын төсөв сайжирна гэж хэн хүнгүй хүлээж суусан нь мэдээж. Гэтэл зэсийн үнэ өссөн ч улсын төсөв алдагдалтай гарсан хэвээр байна. Энэ юутай холбоотой болохыг Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн судалгааны газрын дарга Бадамцэцэг: Ер нь манай улсын төсөв уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай байдаг. Шалтгааныг нь тайлбарлахын тулд төсвийн бүтцийг үзэх ёстой. Төсвийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг орлого маань өөрөө татварын орлого байгаа. Татварын орлого өмнөх оны мөн үеийн түвшингөөс 215 тэрбум төгрөгөөр буурсан байгаа. Тэгэхээр энэ 215 тэрбум төгрөгийн бууралтын 60 хувь нь нэг төрлийн татвар буюу зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвараас шалтгаалж байна гэсэн үг юм. Зэсийн үнэ өсч байгаа энэ үед улсын төсөв алдагдалтай гарсаар байгаа шалтгааныг албаны эх сурвалж ийнхүү татварын орлого буурсантай холбон тайлбарлаж байна. Тухайлбал, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 46 хувиар, нэмэгдсэн өртгийн албан татвар 7 хувиар, зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар 87 хувиар буурчээ. Гэхдээ улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлдэг Зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлого их хэмжээгээр буурсан нь улсын төсөв алдагдалтай гарахад голлон нөлөөлсөн байна. Манай улс зөвхөн алт, зэсэнд Зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар ногдуулдаг. Алт, зэсийн үнийн өсөлтийн албан татвараас өнгөрсөн сард улсын төсөвт ердөө 18 тэрбум төгрөг төвлөрсөн байна. Энэ татвараас орж ирэх орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 87 хувиар буурсан нь манай улсын алт, зэсийн экспорт буурсантай холбоотой гэсэн тайлбарыг албаны хүмүүс өгч байгаа юм. Тухайлбал, алтны экспорт өнгөрсөн оны мөн үеэсээ 1,8 тонноор буурч, 6.2 тонн болсон байна. Харин зэсийн экспорт өнгөрсөн оны мөн үеэсээ 201 тонноор буурч, 720 тонн болсон байна. Манай улсын төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлж буй алт, зэсийн үнэ дэлхийн зах зээлд өндөр байгаа ч, Эрдэнэт үйлдвэрийн зэсийн экспорт, Монголбанкны алтны экспорт буурсан нь улсын төсөвт орж ирэх мөнгөний хэмжээ багасахад нөлөөлжээ. Үүнээс үүдэж улсын төсөв алдагдалтай гарсаар байгаа гэж ойлгож болно. Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн судалгааны газрын дарга Бадамцэцэг: Гадаад худалдааны хувьд гадаад худалдааны нийт эргэлт оны эхнээс бууралттай байгаа. Энэ сарын байдлаар аваад үзвэл, гадаад худалдааны эргэлт 40 орчим хувиар, үүн дотор экспорт, импортын хэмжээ мөн тэр түвшинд бууралттай байгаа. Экспорт өнгөрсөн оны мөн үеэс 403 сая ам.доллараар буурсан. Голлож байгаа шалтгаан нь бол, манай улсын экспортын бүтээгдэхүүний нэгжийн үнийн бууралтаас 80 гаруй хувь нь шалтгаалж байгаа. Импортын хувьд 456 сая ам.доллараар буурсан байгаа. Голлох шалтгаан бол, нэгжийн үнэ болоод, биет хэмжээ аль аль нь буурснаас голлож шалтгаалсан байгаа. Экспортын хувьд гол төлөв үнээс шалтгаалсан бол, импортын хувьд тоо хэмжээ, үнэ аль алинаас нь шалтгаалсан. Ялангуяа гурил, элсэн чихэр, цагаан будаа гээд импортын бүтээгдэхүүний биет хэмжээ, үнийн дүн аль аль нь буурсан. Мөн түүнчлэн автобензин, дизелийн түлшний биет хэмжээ болон үнийн дүн буурч орж ирсэн. Эхний таван сарын байдлаар автобензин, дизелийн түлшний үнэ өмнөх оны мөн үеийн түвшингөөс 40 гаруй хувийн бууралттай байгаа гэдгийг энд хэлмээр байна гэсэн юм. Энэ оны эхний таван сард манай улс 593 сая доллартай тэнцэх хэмжээний бүтээгдэхүүн гаднын зах зээлд гаргасан байна. Харин 694 сая ам.доллартай тэнцэх хэмжээний бараа бүтээгдэхүүн гаднаас импортлон авчээ. Эндээс импортоор оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний үнийн дүн экспортынхоос өндөр байгаа нь харагдаж байна. Тэр ч утгаараа, оны эхний таван сарын байдлаар гадаад худалдаа 101 сая ам.долларын алдагдалтай байгаа юм. Гадаад худалдааны алдагдал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 52 сая ам.доллараар багасаад байгаа нь энэ юм. Гадаад худалдааны алдагдал буурсан шалтгаан нь манай улсын экспорт, импорт буурсантай холбоотой юм байна. Гадаад худалдааны алдагдал өнгөрсөн онтой харьцуулахад багассан нь сайн мэт боловч, экспорт буурсан нь таагүй үзүүлэлт болжээ. Экспортын хувь хэмжээ буурвал, тэр хэмжээгээр манай улсад орж ирэх мөнгөний хэмжээ багасч байна гэж ойлгож болно. Тэр ч утгаараа, манай улсын гадаад худалдаа сайнгүй байгааг эдийн засагчид хэлж байгаа юм. Манай улсын экспорт өнгөрсөн оноосоо 40 хувиар буураад байгаа. Экспорт буурсан гол шалтгаан нь уул уурхайн бүтээгдэхүүний экспорт буурч байгаатай холбоотой. Тухайлбал, зэсийн экспорт өнгөрсөн оноосоо 1.3 хувиар, цайрын баяжмалын экспорт 38 хувиар, алтны экспорт 27 хувиар буураад байна. Экспорт буурсан шалтгааныг эдийн засагчид уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурсантай холбон тайлбарлаж байгаа юм. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулахад 42 хүртэлх хувиар буураад байгаа юм. Манай улсын эдийн засгийн өсөлт уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс шууд хамаарч байдаг. Уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурч байгаа нь манай улсын эдийн засгийн өсөлт саарч байгаагийн нэг илрэл гэдгийг эдийн засагчид онцолж байна. Тэр ч утгаараа, манай улсын эдийн засгийн өсөлт сайнгүй байна гэж хэлж болохоор байгаа юм. Манай улсын импорт өнгөрсөн оны мөн үеэс 40 хувиар буюу 455 сая ам.доллараар буурсан үзүүлэлт гараад байгаа. Энэ нь автобензин, гурил, цахилгаан, эрчим хүчний импорт буурсантай холбоотой юм. Импорт буурч байгаа нь нэг талаас сайн хэрэг гэдгийг эдийн засагчид онцолж байна. Учир нь гадагш урсах долларын хэмжээ тэр хэмжээгээр буурч байгаа хэрэг юм. Импорт буурсанаас үүдээд гадагш урсах ам.долларын хэмжээ багасч байгаа нь манай улсын валютын цэвэр нөөц нэмэгдэж өгөхгүй хэвээр байна. Монголбанк аж ахуйн нэгжүүдээс худалдан авсан алтаа цэвэршүүлж, үүнийгээ дэлхийн зах зээлд худалдаалж, үүгээрээ алтны нөөцөө нэмэгдүүлдэг билээ. Алтны экспорт буурсан тул валютын нөөц нэмэгдэхгүй байгаа гэж албаны хүмүүс хэлж байна. Манай улс өнгөрсөн сард хичнээн хэмжээний валютын нөөцтэй байсан талаар Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн судалгааны газрын дарга Бадамцэцэг: Манай улсын валютын албан нөөц дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар 530 сая ам.доллар байлаа. Өнгөрсөн оны мөн үед 990 гаруй сая ам.долларын нөөц байсан. Харин дөрөвүгээр сарыг гуравдугаар сартай харьцуулахад мэдээж 32 сая ам.доллараар нэмэгдүүлсэн байгаа гэсэн тайлбар өгөв. Дөрөвдүгээр сард валютын нөөц 32 сая ам.доллараар нэмэгдэж, 530 сая ам.доллар болсон байна. Яг одоо манай улсад хичнээн хэмжээний валютын нөөц байгааг хэлэх боломжгүй. Одоо байгаа валютын нөөцийн мэдээлэл ирэх сард гарна гэсэн хариултыг албаны хүн ийнхүү өгсөн юм. Тэгвэл Монголбанкны Валютын газрын дарга Дэлгэрмаа: Одоо манай улсад 687 сая ам.доллартай тэнцэх хэмжээний гадаад валютын нөөц байна гэж мэдэгдэв. Нэг хэсэг валютын нөөц огцом доошилж байснаа бодвол 687 сая ам.доллар гэдэг чамлахаар тоо биш юм. Энэ нь манай улсын импортын 3 сарын хэрэгцээг хангахуйц нөөц юм. Ер нь аливаа улс орон импортынхоо жилийн хэрэгцээг хангахуйц гадаад валютын нөөцтэй байх ёстой байдаг аж. Тэр ч утгаараа, манай улсын гадаад валютын нөөц сайнгүй байна гэж ойлгож болохоор байна. Дэлхийн банкныхан манай улсад ажилгүйдэл өнгөрсөн сард 3 хувиар буурсан гэх судалгааг гаргасан байна. Гэтэл Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Оюунчимэг: Ажилгүйдэл манай улсад буураагүй болохыг хэлэв. 

-Үндэсний статистикийн хорооны ээлжит судалгаа-

2009.08.02. Монгол улс. Улаанбаатар хот. Үндэсний статистикийн хороо.Энэ оны эхний хагас жилд инфляци жилийн 6.2 хувьтай гарсан. Тэгвэл долоодугаар сард инфляци 1.3 хувиар буурч 4.9 хувь болсон байна. Инфляци өнгөрсөн сараасаа 1,3 хувиар буурсан шалтгааныг Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын дарга Давгадорж: Хэрэглээний үнэ өмнөх сарынхаасаа буурлаа. Хэрэглээний үнийн индекс долоодугаар сард өмнөх сартай нь харьцуулахад 1,3 хувиар буурсан. Долоодугаар сард хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 4,2 хувиар, холбооны хэрэгсэл, шуудангийн үнэ тариф, соёлын бараа, амралт үйлчилгээний үнэ 0.1-0.2 хувиар буурсан бол, өмнөх сартай харьцуулахад энэ сарын үнийн индекс 1.3 хувиар буурахад нөлөөлсөн тухай ярив. Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.9 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан ч, өнгөрсөн сартай нь харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарсан байна. Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сараасаа хичнээн хувиар өссөн болох, мөн гүйлгээнд хичнээн тэрбум төгрөг эргэлдэж байгаа талаар Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын дарга Давгадорж: Мөнгөний нийлүүлэлт Монголбанкны мэдээгээр 7 сарын эцэст 2 триллион 495 тэрбум 400 сая төгрөг болж, өмнөх сараасаа 2.98 хувиар өссөн бол, өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар бага байна. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө долдугаар сарын эцэст 350.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэсээ 5.1 хувиар багассан байна гэв. Инфляци нэмэгдвэл гүйлгээнд байгаа бэлэн мөнгийг төвбанкнаас хумих бодлого явуулдаг. Өнгөрсөн онд инфляци жилийн 34 хувьд хүрч байсан тул, төвбанкнаас гүйлгээнд байгаа бэлэн мөнгийг хумих бодлого явуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, төвбанкныхан гүйлгээнд гаргах бэлэн мөнгөндөө хязгааралалт хийж эхэлсэн юм. Үүний үр дүнд монголбанкнаас зах зээлд гаргасан мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3,9 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Харин одоо инфляци буурч 4.9 хувь болсон тул Монголбанк зах зээлд гаргах мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүлсэн байна. Тиймээс л Монголбанкны зах зээлд гаргасан мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сард 2.9 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Хэдийгээр өнгөрсөн сард монголбанкнаас гаргасан мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэн ч, гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.1 хувиар буурсан үзүүлэлттэй явна. Яг одоо дотоодын зах зээлд 350 гаруй тэрбум төгрөг эргэлдэж байна. Арилжааны банкуудын нийт хадгаламжийн хэмжээ нэг триллион гаруй төгрөгөөр хэмжигдэж байгаа бол, зээлийн өрийн үлдэгдэл үүнээс 2 дахин их байгаа юм. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд өнгөрсөн хугацаанд хадгаламжаасаа давсан зээл гаргасан гэсэн үг юм. Нэгэнт хадгаламжаас давсан зээл олгосон тул арилжааны банкууд өнөөдөр зээл гаргаж чадахгүй байгаа нь нууц биш. Хэрэв зээлийн эргэн төлөлт сайн байвал, банкууд зээл гаргах хөрөнгийн эх үүсвэртэй болох юм. Өнгөрсөн хугацаанд иргэд, аж ахуйн нэгжид олгосон зээлийн эргэн төлөлт ямар байгаа бол. Аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл долоодугаар сарын эцэст 2 триллион 580 тэрбум 800 сая төгрөгт хүрч, өмнөх сарынхаасаа 0,9 хувиар, өмнөх сарын мөн үеийнхээсээ 0.5 хувиар буурсан үзүүлэттэй гарчээ. Зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн оны мөн үеэсээ 0,5 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Өөрөөр хэлбэл, зээлийн эргэн төлөлт удаашралтай байгаа юм. Хөрөнгийн бирж дээр арилжаалагдсан үнэт цаасны тоо хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 89 шахам хувиар буурчээ. Энэ тухай Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын дарга Давгадорж: Үнэт цаасны арилжаа долдугаар сард 22 удаа явагдаж, 855.3 сая төгрөгийн гүйлгээ хийж, 2.1 сая төгрөгийн үнэт цаас арилжаалсан. Арилжаалагдсан үнэт цаасны хэмжээ өмнөх сарынхаасаа 5.7 дахин багассан. Өөрөөр хэлбэл, өмнөх сард нь 12.1 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдаж байсан бол, сая 2.1 сая төгрөгийн арилжаа хийж 10 саяар багасч байна гэсэн юм. Үнэт цаасны арилжаа өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 89 шахам хувиар буурснаас шалтгаалж, үүнээс орж ирэх орлого өнгөрсөн оны мөн үеэсээ 88 хувиар буурсан байна. Үнэт цаас худалдан авагчид эрс буурсан тул ийм үзүүлэлт гарсан болохыг үндэсний статистикийн хорооныхон онцолсон. Ер нь хувьцаа худалдан авагчид юунаас болж багасав. Үүнд Монголын хөрөнгийн биржийнхэн банкууд зээл гаргахгүй байгаа тул, иргэд хувьцаа худалдан авах мөнгөгүй болсон. Үүнээс болж үнэт цаас худалдан авагчид багасч байна гэх тайлбар өгөв. Гадаад худалдааны хувьд авч үзвэл, манай улс эхний долоон сард 104 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2 тэрбум 8 сая 8 мянган ам.доллар болжээ. Үүнээс экспорт 922.4 сая ам.доллар. Импорт 1 тэрбум 86 сая 400 ам.доллар болсон байна. Гадаад худалдааны тэнцэл оны эхний долоон сард 164 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өмнөх үеэсээ 2.2 дахин багассан байна. Үндэсний статистикийн хорооны Шинжилгээ судалгааны газрын дарга Дэмбэрэл: Гадаад худалдааны алдагдал багасч байгаа нь сайн талтай ч, цаагуураа эдийн засгийн цар хүрээ хумигдаж байгаа. Ер нь бол дэлхийн эдийн засгийн хямралын гол нөлөөлөл бол манайд үйлдвэрлэл, эрэлт, нийлүүлэлтийн тэр чиглэлээр нөлөөлж эхэлж байгаа. Энэ нь юуны өмнө гадаад худалдаанд эхлээд тусч байна. Гадаад худалдааны хувьд өнгөрсөн жилийн хэмжээнд хүрэхгүй байгаа. Алдагдал нь буурсан юм шиг харагдаж байгаа боловч нийт хэмжээ нь өнгөрсөн жилийн түвшинд хүрэхгүй байна гэдэг цаагуураа эдийн засгийн цар хүрээ хумигдаж байна гэсэн үг юм гэдгийг онцлов. Манай улсын төсвийн алдагдал гадаад худалдаатай нягт холбоотой байдаг билээ. Гадаад худалдаанаас орж ирэх орлого багасч, гадаад худалдаа алдагдалтай гарсан тохиолдолд төсөв хэзээ ч сайн гарч байсан удаагүй. Арга ч үгүй. Манай улсын экспортод гаргаж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд унамагц, эсвэл манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний биет хэмжээ буурвал, улсын төсөвт орж ирэх мөнгөний хэмжээ багасдаг. Тухайлбал, манай улсын экспортод гаргасан зэсийн баяжмалаас орж ирэх орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 56 орчим хувиар, цайрын баяжмалаас орж ирэх орлого 46 орчим хувиар, алтны экспортоос орж ирэх орлого 50 орчим хувиар буурсан байна. Энэ нь төсөв алдагдалтай гарахад нөлөөлж байгаа нэг шалтгаан юм. Ер нь энэ оны эхний долоон сарын байдлаар улсын төсөв 281.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын дарга Давгадорж: Төсөв алдагдалтай гарсан ч, төсвийн алдагдал сүүлийн саруудад саарч байна. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал буурсан дүн гарч байна нийт дүнгээрээ. Улсын төсвийн нийт орлого тусламжийн дүн долоодугаар сард 990.1 тэрбум төгрөг байсан бол, зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 1 триллион 211.7 тэрбум төгрөг болж, нийт тэнцэл 281.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсвийн алдагдлыг сараар нь авч үзвэл тавдугаар сард 48 тэрбум төгрөг, зургаадугаар сард 63 тэрбум төгрөг байсан бол, долоодугаар сард 20.3 тэрбум төгрөг болж алдагдал буурч байгаа дүр зураг ажиглагдаж байна гэв. Улсын төсвийн алдагдал өмнөх саруудтай харьцуулахад буурч байгаа шалтгаан нь зэсийн үнэ өсч байгаатай холбоотой байж эсэхт Үндэсний статистикийн хорооны Шинжилгээ судалгааны газрын дарга Дэмбэрэл: Улсын төсвийн алдагдлын хувьд сүүлийн саруудад орлого бас жаахан нэмэгдэх хандлагатай байна. Ерөнхийдөө бол улсын төсөв алдагдалтай хэвээрээ байгаа. Төсвийн орлогын хувьд зэсийн үнэ нэлээд өсөх хандлагатай байна. Алтны үнэ ч гэсэн хэлбэлзэлтэй өсч байгаа. Энэ нөлөөллүүд бас жаахан ажиглагдаж байгаа. Алт, зэсийн үнэ өсч байгаа нь манай улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд ч нөлөөтэй. Гадаад худалдааны алдагдлыг бууруулахад ч нөлөөтэй. Эдийн засгийн өсөлтөд ч гэсэн нөлөөтэй байна гэсэн хариул өгсөн юм. Алт, зэсийн үнэ өсч байгаа нь төсөвт сайнаар нөлөөлж эхлээд байгааг албаны эх сурвалж хэлж байна. Дэлхийн зах зээлд алтны үнэ өсч байгаа ч, Монголбанк тавдугаар сараас хойш нэг ч киллограмм алт гадаад зах зээл рүү экспортлоогүй гэсэн мэдээлэл байна. Үүнд Үндэсний статистикийн хорооны Эдийн засгийн статистикийн хэлтсийн дарга Баасанжав: Долоодугаар сарын экспортын мэдээг, аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний биет хэмжээтэй тулгаад үзэхэд, аль аль талдаа буурсан байгаа. Зөвхөн молибдений хүдэр, баяжмалын хувьд үйлдвэрлэл нэмэгдсэн. Экспортод гаргасан биет хэмжээ нь бас нэмэгдсэн. Гэхдээ үнийн дүн бол маш их буурсан. Алтны тухайд үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн жил 7.3 тонн байсан бол, одоо 4,8 тонн болж 2 дахин буурсан байгаа. Экспортын хэмжээ ч гэсэн энэ хэмжээнд буурсан. 5 сараас хойш манайх алт экспортлоогүй. 6,7 сард нэг ч тонн алт экспортлоогүй байгаа. Цайрых ч мөн адил буурсан байгаа гэсэн мэдээлэл өгсөн юм. Өнгөрсөн тавдугаар сараас хойш алтны экспортоос манай улсын төсөвт нэг ч төгрөг орж ирээгүй гэж ойлгож болох нь. Тэр ч утгаараа, манай улсын экспортод гаргадаг уул уурхайн бүтээгдэхүүний биет хэмжээ буурсан нь улсын төсөв алдагдалтай гарахад нөлөөлж байгаа гэж ойлгож болно. Улсын төсөв алдагдалтай гарч байгаа бас нэг шалтгаан бол татварын хувь хэмжээ буурсан явдал юм. Татварын орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 орчим хувиар буураад байна. Зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 82 орчим хувиар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 43 орчим хувиар, нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээ 9 гаруй хувиар буурсан нь татварын орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 хувиар буурахад голлон нөлөөлжээ. Зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар буурсан нь зэсийн үнэ нэг хэсэг хямд байсантай холбоотой. Мөн манай улс алт гадагш экспортлохгүй байсантай холбон тайлбарлаж болно. Харин аж ахуйн нэгжийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар юунаас болж буурч байна вэ. Үүнд Үндэсний татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтийн дарга Баяраа: Аж ахуйн нэгжийн албан татварын хувьд барилга, тээвэр, зам, үйлдвэр, үйлчилгээний салбаруудын ажил үйлчилгээ зогсонги байдалд орсон. Үүнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжийн орлогын албан татвар буурч байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татвар бол ерөөсөө нийт хэрэглээтэй холбоотой. Өнгөрсөн онтой харьцуулахад хэрэглээ буурсан гэсэн үг юм. Хүмүүсийн бодит орлого буурсан учраас худалдан авалт багасч байна. Тэгээд үйлдвэрлэлүүд хэрэгцээгээ хэмнэх гэсэн, зардлаа хэмнэх гэсэн ийм зарчмыг баримталж байгаа учраас үүнээс үүдэлтэй буурч байгаа гэсэн хариулт өгөв. 

-Үндэсний статистикийн хорооны ээлжит судалгаа-

2009.08.05. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний статистикийн хороо. Макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүд нэмэх тэмдэгтэй гарч байвал тухайн улс орны эдийн засаг өвчлөөгүй байна гэж үздэг. Тодруулбал, инфляци бага түвшинд, эдийн засгийн өсөлт тогтвортой, гадаад худалдаа ашигтай, төсөв алдагдалгүй, гадаад валютын нөөц импортын жилийн хэрэгцээг хангахуйц, ажилгүйдэл бага түвшинд байвал тухайн улс орны эдийн засаг тогтвортой байна гэж дэлхий нийтээр үздэг юм. Үүгээр авч үзвэл, манай улсын макро эдийн засаг сайнгүй байна. Ер нь манай макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүд өнгөрсөн оны есдүгээр сараас өвчилж эхэлсэн. Энэ нь өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Гэхдээ зарим нэг үзүүлэлтүүд сайжирч байгаа. Тухайлбал, өнгөрсөн оны өдийд 32 хувьд хүрч байсан инфляци өдгөө жилийн 6.3 хувь болж буураад байна. Инфляци өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25,7 хувиар буурсан нь үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш тэр хэмжээгээр сэргэсэн гэж ойлгож болно. Ер нь аливаа улс орны төвбанк инфляцийг жилийн 7 хувиас хэтрүүлэхгүй барина гэсэн зорилт тавин ажиллдаг. Тэр ч утгаараа, инфляци одоогоор жилийн 6,3 хувь байгаа нь хэвийн хэмжээ гэдгийг эдийн засагчид онцолж байгаа юм. Ийнхүү макро эдийн засгийн нэг үзүүлэлт болох инфляци буурч байгаа нь сайн хэрэг ч, бусад үзүүлэлтүүд өвчилсөн байгаа нь манай улсын эдийн засаг урагш бус, хойш ухарсаар байгаагийн нэг илрэл юм. Өнгөрсөн өвөл 500 сая америк долларын нөөцтэй гэгдэж байсан, Монгол улс энэ оны эхний зургаан сарын байдлаар 648 сая ам.долларын цэвэр нөөцтэй болжээ. Гадаад валютын албан нөөц өнгөрсөн өвөлтэй харьцуулахад нэмэгдсэн ч, 648 сая америк доллар гэдэг тийм ч хангалттай нөөц биш юм. Үүгээр манай улс ердөө 3 сарын импортын хэрэгцээгээ хангаж чадна. Гэтэл манай улс дор хаяж импортынхоо жилийн хэрэгцээг хангахуйц гадаад валютын нөөцтэй байх учиртай. Тэр ч утгаараа, гадаад валютын албан нөөц сайнгүй байна гэж хэлж ойлгож болно. Гадаад валютаас гадна, гадаад худалдаа, улсын төсөв алдагдалтай гарсан хэвээр байна. Энэ оны зургаан сарын байдлаар гадаад худалдаа болон улсын төсөв хичнээн хэмжээний алдагдал хүлээгээд байгааг Үндэсний статистикийн хорооны дэд дарга Гэрэлт-Од: Гадаад худалдааны нийт эргэлтийн хэмжээ 1 тэрбум 655 сая америк долларт хүрсэн байгаа. Үүнээс 762.9 сая америк доллар нь экспорт. 792.8 сая америк доллар нь импорттой тэнцэж байгаа. Гадаад худалдааны алдагдал 129.9 сая америк доллартай тэнцэх хэмжээнд хүрсэн байгаа. Гадаад худалдааны нийт эргэлтийн хэмжээ, экспорт импортын хэмжээ аль аль нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 орчим хувиар буурсан байгаа. Өөрөөр хэлбэл, манай улсын гадаад худалдааны хэмжээ бол, өнгөрсөн оны мөн үеийн 60 орчим хувьтай дүйцэхүйц хэмжээнд хүртлээ хумигдсан гэсэн ийм тоон мэдээлэл гадаад худалдааны статистикаас нэгтгэгдэж гарлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцэл буюу алдагдлын хэмжээ 261.3 тэрбум төгрөгт хүрсэн байгаа. Энэ тоон хэмжээ бол өнгөрсөн оны мөн үеийнхээс 256.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Улсын төсвийн тоон хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад, орлогын хэмжээ 20 шахам хувиар буурч байгаа ч, зургадугаар сарын тухайд бол, улсын нэгдсэн төсвийн орлогын хэмжээ өнгөрсөн сараасаа өссөн байна. Энэ оны эхний зургаан сарын байдлаар гадаад худалдаа 129.9 сая америк доллартай тэнцэхүйц хэмжээний алдагдал хүлээсэн байна. Гадаад худалдаа ингэж алдагдалтай гарах болсон шалтгаан нь дэлхийн зах зээлд гаргадаг манай түүхий эдүүдийн экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 шахам хувиар буурсантай холбоотой юм байна. Зэсийн экспорт л гэхэд, өнгөрсөн оны үетэй харьцуулахад 00.2 хувиар буураад байгаа бол, цайрын баяжмалын экспорт 26.4 хувиар, алтны экспорт 45.1 хувиар буураад байна. Экспорт ингэж буурсан шалтгааныг эдийн засагчид уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурсантай холбон тайлбарлаж байгаа юм. Ер нь дотоодын уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад, 30 шахам хувиар буурсан байна. Манай улсын эдийн засгийн өсөлт уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс шууд хамаардаг. Уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурч байгаа нь, манай улсын эдийн засгийн өсөлт саарч байгаагийн тод илрэл юм. Оны эхэнд 8.9 хувь байсан эдийн засгийн өсөлт, одоо 3 хувь болж саараад байна. Ийнхүү уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурч, экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээ багассан нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлөөд зогсохгүй, улсын төсөвт хүндээр тусч байна. Тодруулбал, гадаад зах зээлд гаргасан түүхий эдүүдээс орж ирэх орлого буурахаас гадна, уул уурхайн бүтээгдэхүүний орлогоос орж ирэх татварын хувь хэмжээ буурахад нөлөөлж байгаа юм. Ер нь манай улсын татварын орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 хувиар буураад байна. Үүний дийлэнхийг буюу 84 хувийг Зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар эзэлж байгаа юм. Яг энэ төрлийн татварын хувь хэмжээ өмнөх онуудтай харьцуулахад эрс буурчээ. Үндэсний татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн дарга Баяраа: Татварын орлогын бууралтын 60 шахам хувийг аж, ахуйн нэгжийн орлогын албан татвар, 8 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар эзэлж байна. Ер нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, алтны үнийн өсөлтийн албан татварын бууралтаас болж татварын орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 хувиар буураад байна. Татварын орлого ингэж буурсан үед, зарлага хэт өндөр байгаа нь улсын төсөв хүндрэхэд мөн нөлөөлж байна. Тодруулбал, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төсвийн зарлагын өсөлт орлогынхоос 24,8 хувиар нэмэгдсэн тооцоог Үндэсний статистикийн хорооныхон хийгээд байна гэсэн тайлбар өгсөн юм. Төрийн түшээд хэмнэж байж хямралаас гарна гэж ярьдаг. Гэтэл зарлага нь орлогоос давсаар байгааг чухам юу гэж ойлгох вэ. Үүнийг тэгээд хэмнэлт гэж ойлгох уу. Өнөөдөр дэлхийн зах зээлд алт, зэсийн үнэ өндөр байгаа ч, улсын төсөв улайссан хэвээр байна. Тиймээс улсын төсөвт орж ирж байгаа орлогоо зөв зохистой зарцуулах хэрэгтэй байгаа юм.

-Хуучин нийгмийн үед төгрөг ямар ханштай байсан бэ-

2009.10.07. Монгол Улс. Улаанбаатар хот. Хуучин нийгмийн үед үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш чанга байлаа. Иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон талх 1.40 төгрөг, масло 12 төгрөг, элсэн чихэр 4 төгрөг, молоко 2 төгрөг, хонины нэгдүгээр мах 7.50 төгрөг, ургамлын тос 9 төгрөг, будаа 2.20 төгрөг, төмс 80 мөнгө, манжин 60 мөнгө, байцаа 1 төгрөг, лууван 80 мөнгө, сонгино 3 төгрөг 50 мөнгөний ханштай байлаа. Тэгвэл, өнөөдөр бид энэ үнээр дээрх бүтээгдэхүүнийг авах бил үү. Мэдээж үгүй. Хуучин нийгмийн үед 9 төгрөгийн ханштай байсан ургамлын тос өнөөдөр 2700 орчим төгрөгийн дундаж ханштай байна. 20 жилийн хугацаанд зөвхөн ургамлын тосны үнэ гэхэд 300 дахин нэмэгджээ. Эндээс үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш хуучин нийгмийн үетэй харьцуулахад ямар хэмжээгээр унасан болохыг харж болно. Ерөнхий сайдаар ажиллаж байсан Д.Бямбасүрэнгийн Засгийн газрын үед 20-р тогтоол гарсныг хэн хүнгүй санаж буй нь лавтай. Энэ үеэс монголчууд шинэ мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийж эхэлсэн түүхтэй. Шинэ мөнгөн дэвсгэртийн ханш хуучин мөнгөн дэвсгэртийн ханшаас 50 орчим хувиар сул байлаа. Шинэ дэвсгэрт хэрэглэж эхэлсэн учраас төгрөгийн ханшийг хуучин нийгмийн үетэй харьцуулах хэрэггүй гэж бодох хүмүүс цөөнгүй. Тэгвэл үнэндээ тийм биш болохыг зарим эдийн засагчид хэлж байна. Төгрөгийн ханш унасаар байвал иргэдийн гартаа барьсан мөнгө цаас болж, авсан цалин нь хаанаа ч хүрэхгүй, амьжиргаа нь өдрөөс өдөрт дордсоор байх юм. Тиймээс хуучин, шинэ нийгэм гэж ялгалгүй, төгрөгийн ханшийг өмнө байсан шиг чанга байлгах бодлогыг холбогдох байгууллагууд явуулах хэрэгтэйг зарим эдийн засагчид хэлж байгаа юм.

-Мөнгөний бодлогыг сангийн бодлогоор дэмжихгүй байна-

2009.10.07. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний статистикийн хорооноос явуулсан судалгаагаар инфляци жилийн 4.6 хувьтай гарсан байна. Харин төвбанк энэ онд инфляцийг 8 хувьд барих зорилт дэвшүүлсэн. Гэхдээ энэ хэмжээнээс хэтэрч болзошгүй байгаа юм. Учир нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдвал, Айвенхоу майнз монголиа инк компани Манай Улсын Засгийн газарт 250 сая ам.долларыг жилийн гурван хувийн хүүтэй олгохоо амласан. Оюутолгойн гэрээ саяхан байгуулагдаж амласан ёсоор дээрх мөнгөний эхний ээлжийн 100 сая ам.доллар манай улсад орж ирээд байна. Дараагийн ээлжийн мөнгө орж ирвэл эх орны хишгийн урьдчилгаа болох 50 мянган төгрөгийг иргэн бүрт тараана гэж байгаа юм. Энэ мөнгийг ойролцоогоор 2,5 сая иргэнд тараавал 125 тэрбум төгрөг иргэдийн гар дээр нэгэн зэрэг бэлэн очих нь. Харин иргэн бүрт 50000 төгрөг тараавал инфляци хөөрөгдөнө гэдгийг эдийн засагчид хэлж байна. Энэ мөнгийг бэлнээр тарааснаар инфляци хөөрөгдвөл төгрөгийн ханшийг хэрхэн эрсдэлээс хамгаалж болох вэ. Энэ талаар Хас банкны гүйцэтгэх захирал Төр-Од: Инфляци өсвөл сайн тал ч бий, бас муу тал ч бийг хэлж байна. Ер нь бэлэн мөнгө тараахаасаа илүүтэй, тэр мөнгөө монгол залуусын боловсрол, иргэдийн эрүүл мэндэд зарцуулах хэрэгтэйг зөвлөв. Ер нь 50000 төгрөг өгч буян үйлдэх нь инфляцийг хөөрөгдөж, эргээд төгрөгийн ханшаа барихын тулд, төвбанк зах зээлд эргэлдэж байгаа бэлэн мөнгийг хумих, цаашлаад бодлогын хүүгээ өсгөж болзошгүй. Энэ нь арилжааны банкуудын зээлийн хүү нэмэгдэж, тэр хэрээр эдийн засгийн өсөлт саарахад нөлөөлж болзошгүй байгаа юм. 2008 онд манай улсад инфляци жилийн 34 хувь хүрч халуурч байсан удаатай. Энэ нь төвбанкнаас явуулж байгаа мөнгөний бодлогыг сангийн бодлогоор дэмжиж өгөөгүйтэй холбоотой гэсэн тайлбарыг тухайн үед дэлхийн томоохон банк, санхүүгийн мэргэжилтнүүд өгч байлаа. Тодруулбал, төвбанкнаас төгрөгийн ханшийг барих бодлого явуулаад байдаг. Гэтэл төвбанкнаас явуулсан мөнгөний бодлогыг төрөөс дэмжихгүй, хүүхдийн мөнгө болон шинээр гэрлэгсдэд хавтгайруулан олгосон нь зах зээлд мөнгөний илүүдэл бий болгож, инфляци 34 хувьд хүрэхэд нөлөөлсөн гэж дэлхийн томоохон банк санхүүгийн байгууллагынхан дүгнэж байсан юм. Тэгвэл энэ удаад ч гэсэн өмнө болж байсан гашуун түүх давтагдахгүй гэсэн баталгаа үгүй. Төвбанкнаас инфляцийг 8 хувьд барих төлөвлөгөө гаргасан ч, тэдний явуулж байгаа мөнгөний бодлогыг төрөөс дэмжихгүй байна. Иргэн бүрт 50000 төгрөг өгнө гэж байгаа нь хүссэн хүсээгүй инфляцийг нэмэгдүүлнэ гэдгийг эдийн засагчид хэлж байна. Сангийн сайд С.Баярцогт: 50000 төгрөг тараавал инфляци өсөх нь тодорхой гэсэн атлаа, мөнгө тараана гэж яриад сууж байна. Тиймээс төрөөс сонгуулиар өгсөн амлалтаа биелүүлэх гэж, иргэдээс санал авах гэж хөөцөлдөхийн оронд, төгрөгийн ханшийг тогтвортой барих төвбанкны бодлогод хувь нэмрээ оруулах хэрэгтэй байгаа юм. 

-Үндэсний статистикийн хорооны ээлжит судалгаа-

2009.12.12. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний статистикийн хороо. Үндэсний статистикийн хороо өнгөрсөн сарын эдийн засгийн тойм судалгааг танилцууллаа. Судалгаагаар инфляци өнгөрсөн сард 1.6 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Ингэснээр инфляци жилийн 3.5 хувь болж байгаа юм. Ус ундаанаас бусад бүлгийн үнэ өссөн нь инфляци нэмэгдэхэд нөлөөлсөн болохыг албаны хүмүүс онцолж байна. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ ихэсвэл инфляци нэмэгдэхэд нөлөөлдөг. Манай дотоодын зах зээл дэх бэлэн мөнгөний хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар өсч, 363 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь инфляци өсөхөд нөлөөлсөн байж болзошгүйг эдийн засагчид сануулж байгаа юм. Ер нь манай улсын эдийн засгийн голлох үзүүлэлтүүд сайнгүй хэвээр байна. Улсын төсөв 361 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Төсвийн алдагдал үргэлжилсээр байгаагийн гол шалтгаан нь татварын орлого буурсантай холбоотой гэнэ. Энэ тухай Үндэсний статстикийн хорооны Макро эдийн загийн судалгааны газрын дарга Бадамцэцэг: Төсөв алдагдалтай гарч байгаа цагт гадаад худалдаа алдагдалтай гардаг. Өнгөрсөн сард манай гадаад худалдаа 233 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Энэ нь мөн л экспорт буурсантай холбоотой. Ер нь манай улсын экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 637 сая төгрөгөөр буюу 27 хувиар буураад байна. Зэсийн баяжмалын үнийн дүн 45 хувиар, цайрын баяжмалын үнийн дүн 30 хувиар, боловсруулаагүй алтны үнийн дүн 34 хувиар унасан нь экспортын хувь хэмжээ буурахад нөлөөлсөн тухай ярьсан юм. Экспорт буурсантай зэрэгцэн импортын хэмжээ мөн буурчээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад импорт 35 хувиар буюу 1 тэрбум ам.доллараар буурсан байна. Манай улс хэрэгцээт барааныхаа дийлэнхийг импортоор авдаг. Тиймээс импорт их хэмжээгээр буурвал, манай улсад түүхий эдийн хомсдол бий болж үнэ нь өсөх аюултай. Одоогоор хараахан тийм нөхцөл бүрдээгүй учраас айх зүйлгүйг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Ер нь импорт буурч байгаа нь нэг талаас валютын нөөц арвижих боломжийг бүрдүүлж өгдөг байна. Хэрэв импорт буураагүй бол, манай улс тэрбум ам.доллараа гадаад зах зээл рүү урсгах байжээ. Азаар импорт буурч энэ мөнгө эх орондоо үлдсэн байна. Тиймээс манай валютын нөөц тэрбум гаран ам.доллараар хэмжигдэж байгаа аж. Энэ нь манай улсын 28 долоо хоногийн импортын хэрэгцээг хангахуйц нөөц юм. Манай улсын банк, санхүүгийн систем хүнрээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Чанарүй зээл нэмэгдсээр байгаа нь банкны салбарыг хүндрүүлж байгаа юм. Өнгөрсөн сарын статистик мэдээллээс харахад чанагүй зээл буурах биш, өссөн дүнтэй гарчээ. Чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн сараасаа 12 хувиар өссөн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад, 5 дахин өсч 456 тэрбум төгрөгт хүрчээ. Ер нь банкны системийн хэмжээнд 2,6 их наяд төгрөг байгаагийн 17 хувь нь чанаргүй зээл, 6 хувь нь хугацаа хэтэрсэн зээл байна. Ийнхүү банк санхүүгийн системд сөрөг тал ажиглагдаж байгаа бол, эерэг зүйл мөн ажиглагдаж байгаа аж. Нэг хэсэг иргэд, аж ахуйн нэгжийн төгрөгийн хадгаламж буурч байсан бол, одоо сэргэх шатандаа явна. Иргэд, аж ахуйн нэгжийн төгрөгийн хадгаламж өнгөрсөн оны өдийд 1,2 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан бол, одоо 1,7 их наяд төгрөг болсон байна. Үүний 580 сая төгрөг нь валютын хадгаламж юм. Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо манай улсын эдийн засгийн хөгжлийн ойрын төлөв байдал, дунд болон урт хугацааны хандлага сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг энэ долоо хоногт зохион байгууллаа. Энд илтгэл тавьсан эдийн засагчдын дийлэнх нь монголын эдийн засгийг өөд татахын тулд эхлээд импортоор авдаг бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдврлэж өөрсдөө хэрэглэх хэрэгтэй. Цаашид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортод гаргах бодлого баримтах хэрэгтэй гэж зөвлөж байсан юм. Тэгвэл зарим эдийн засагчид улстөрийн тогтвортой байдал эдийн засгийн хөгжилд нэн чухал болохыг онцолсон юм. 2009.12.26-ны өдрийн байдлаар Монголбанк бодлогын хүүгээ 10 хувь болгоод багагүй хугацаа өнгөрч байна. Монголбанк бодлогын хүүгээ бууруулсан тул арилжааны банкууд зээлийн болон хадгаламжийн хүүгээ дагууд буулгах байх гэсэн хүлээлт зах зээлд байсан. Гэтэл зээлийн хүүгээ бууруулсан банк байсангүй. Арилжааны банкуудын жилийн хугацаатай бизнесийн зээл 22-30 хувийн хүүтэй, цалингийн зээл 26-30 хувийн хүүтэй, орон сууцны зээл 20-25 хувийн хүүтэй байна. 

-Үндэсний статистикийн хорооны ээлжит судалгаа-

2010.04.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний статистикийн хороо. Үндэсний статистикийн хороо сар тутам монголын эдийн засгийн голлох үзүүлэлтүүд ямаршуухан байгааг тоймлон хүргэдэг. Ээлжит статистик мэдээллийг өчигдөр танилцуулсан юм. Нэгэн үе бүхэлдээ уналтад ороод байсан эдийн засагт бага зэргийн сэргэлт ажиглагдаж байгааг Үндэсний статистикийн хороо онцоллоо. Манай улс энэ оны эхний дөрвөн сард гадаад зах зээл рүү 499 сая ам.долларын өртөг бүхий түүхий эд экспортолсон бол, гаднаас 577 сая ам.долларын үнийн дүн бүхий бараа таваар импортолсон байна. Ийнхүү импортолсон бараа бүтээгдэхүүний үнийн дүн экспортынхоос давж байгаа учир гадаад худалдаа 78,2 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Үүнээс гадна, улсын төсөв 109 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Макро эдийн засгийн голлох хоёр үзүүлэлт алдагдалтай байхад яахаараа эдийн засагт сэргэлт ажиглагдаж байна гэж гайхах хүн цөөнгүй. Үүнд Үндэсний статистикийн хорооны Эдийн засгийн судалгааны хэлтсийн дарга Баасанжав: Гадаад худалдаа болон төсвийн алдагдлын хувь хэмжээ буурч байгаа нь эдийн засагт сэргэлт авч ирж байгаа нэг дохио. Гадаад худалдааны алдагдал буурч байгаа нь манай улсын экспорт нэмэгдсэн. Мөн дэлхийн зах зээлд гаргаж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, үүнээс орж ирэх валютын хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотой. Харин төсвийн алдагдлын хувь хэмжээ буурч байгаа нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвараас орж ирэх орлого нэмэгдсэнтэй холбоотой гэсэн тайлбар өгсөн юм. Өнгөрсөн жил тохиосон эдийн засгийн хямралаас шалтгаалж, манай улсын аж ахуйн нэгжүүдээс төвлөрүүлдэг төсвийн орлого буурсан. Тэгвэл сүүлийн үед аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нэмэгдэж байгаа нь эдийн засгийн хямрал илааршиж, хувийн хэвшлийнхэн санхүүгийн хүнд хэцүү үеийг ардаа орхисонтой холбоотой гэнэ. Харин үнийн өсөлтийн албан татварын хувь хэмжээ нэмэгдсэн нь манай улсын дэлхийн зах зээлд нийлүүлдэг гол түүхий эд болох зэсийн үнэ өсч, үүнээс орж ирэх татварын орлого нэмэгдэж байгаатай холбоотой болохыг холбогдох албаныхан онцолсон. Байдал энэ хэвээрээ үргэлжилбэл, төсөв болон гадаад худалдааны алдагдал удахгүй эерэг тэмдэгтэй гарна гэдгийг Үндэсний статистикийн хороо онцлов. Ер нь уул уурхайн болон олборлох салбарт өсөлт гарч байгаа нь дан ганц гадаад худалдаа, улсын төсөвт гэлтгүй эдийн засгийн өсөлтөд мөн сайнаар нөлөөлж байгаа юм байна. Эдийн засагт дээрх сэргэлт гарч байгаагаас гадна, иргэдийн банкинд итгэх итгэл нэмэгдэж байгаа нь бас нэг давуу тал юм. Нэг хэсэг банкууд хүндрэх нь гэх яриа гарч, энэ сургаар иргэд банкин дахь хадгаламжаа татаж байлаа. Нөгөө нэг хэсэг нь америк долларын ханш өссөнтэй холбоотойгоор банкин дахь төгрөгийн хадгаламжаа татаж, валютын хадгаламж болгож байсан юм. Тэгвэл өнөөдөр нөхцөл байдал дээрдэж, иргэдийн банкинд итгэх итгэл нэмэгдэж, төгрөгийн хадгаламж 42 хувиар нэмэгджээ. Ийхүү эдийн засгийн зарим салбарт сэргэлт ажиглагдаж байгаа ч, бусад салбарт уналт үргэлжилсээр байна. Энэ талаар Үндэсний статистикийн хорооны дэд дарга Эрдэнэсүрэн: Монголбанк энэ онд инфляцийн түвшинг 8 хувьд барина гэж мөнгөний бодлогодоо тусгасан. Хэдийгээр тийм ч инфляци жилийн 8,5 хувьтай байна. Инфляци ингэж өсөхөд хүнсний бүлгийн үнэ өссөн нь голлон нөлөөлсөн. Тэр дундаа махны үнэ огцом өссөн нь инфляци хөөрөгдөхөд ихээхэн нөлөө үзүүлсэн. Энэ нь махны нийлүүлэлт буурч байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, 6,3 сая тоо толгой мал хорогдож, зах зээлд мах ховордож, үнэ нь өсөхөд нөлөөлсөн болохыг холбогдох албаныхан онцолсон. Макро эдийн засаг эрүүл байгаа эсэхийг хэмждэг бас нэг зүйл бол ажилгүйдэл. Өнгөрсөн онд монгол улсын ажилгүйдлийн түвшин 6 орчим хувь байсан бол, одоо 11 хувьтай байна.

-Салаа замын алийг нь сонгох вэ-

2010.05.18. Монгол Улс. Улаанбаатар хот. Манай улсад инфляци оны эхнээс 9.7 хувиар өссөн болохыг Үндэсний статистикийн хорооныхон саяхан дуулгасан. Инфляци ингэж өссөн нь төгрөгийн ханш оны эхэнтэй харьцуулахад тэр хэмжээгээр унасан болохыг илтгэж буй юм. Өөрөөр хэлбэл, оны эхэнд таны халаасанд байсан мөнгөний 9.7 хувь нь үнэ цэнээ алдсан. Ирээдүйд таны авах цалингийн 9.7 хувь нь бас л үнэ цэнээ алдсан гэсэн үг юм. Цаашлаад арилжааны банкуудын зээлд гаргасан мөнгөний 9.7 хувь нь ханшийн эрсдэлд орсон гэж ойлгож болно. Төгрөгийн ханшийн уналтыг зогсоохын тулд төвбанк бодлогын хүүгээ саяхан 1 хувиар өсгөлөө. Өөрөөр хэлбэл, өмнө нь 10 хувь байсан бодлогын хүүгээ 11 хувь болгосон юм. Энэ нь инфляцийг бууруулж, төгрөгийн ханшийг тогтворжуулж чадах болов уу. Үүнд эдийн засагчид олон янзын тайлбар өгч байгаа юм. Зарим эдийн засагчид бодлогын хүүгийн өсөлт төгрөгийн ханшийг тогтворжуулж чадна. Чадах учраас төвбанк бодлогын хүүгээ 1 хувиар нэмэгдүүлсэн гэж үзэж байгаа. Тэгвэл зарим эдийн засагчид өнөөдөр арилжааны банкуудын зээлийн дундаж хүү жилийн 30 орчим хувь байна. Инфляцийн өсөлтөөс шалтгаалж үүний 9.7 хувь нь ханшийн эрсдэлд орсон ч цаана үлдэх ашиг нь чамлахаар биш. Ямар ч байсан 20 гаруй хувийн ашиг арилжааны банкуудын зээлд гаргасан мөнгөнөөс орж ирнэ. Ийм байхад төвбанкны 11 хувийн хүүтэй үнэт цаасыг худалдаж авах нь арилжааны банкуудад одоогоор ашиггүй гэж хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, одоогоор арилжааны банкуудын зээл хумигдахгүй. Нэгэнт зээл багасахгүй тул, зах зээл дэх илүүдэл мөнгөний хэмжээ мөн буурахгүй. Энэ нь инфляци буурахгүй байх нөхцөлийг бий болгоно гэж үзэх хүн олон байгаа юм. Инфляци оны эцэст 9.7 хувь буюу одоо байгаа түвшнөөс хэд дахин өсч болзошгүйг албаны хүмүүс анхааруулж байна. Монголбанкны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Лхагважав: Халамж хавтгайрч, цалин, тэтгэвэр нэмэгдэх гэж байгаатай холбоотойгоор 2010 оны эцэст инфляци 20-30 хувьд хүрэх төлөвтэй байгааг хэлж байна. Хэрэв инфляци ингэж өсвөл төгрөгийн ханш энэ хэмжээгээр унах юм. Энэ үед төвбанк зүгээр суухгүй нь ойлгомжтой. Инфляци өсвөл төвбанк бодлогын хүүгээ өсгөж, заавал байлгах нөөцийн хэмжээг нэмэгдүүлнэ гэдгээ нуугаагүй. Одоогоор арилжааны банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээ 5 хувь байна. Энэ нөөцийг нэмэгдүүлбэл арилжааны банкууд зээлд гаргах мөнгөө багасгаж, заавал байлгах ёстой нөөцөө нэмэгдүүлнэ. Ингэснээр арилжааны банкуудын зээл хумигдаж, улмаар бодит эдийн засаг руу урсах мөнгөний хэмжээ багасна. Нөгөө талаас инфляци өсвөл арилжааны банкууд зээл гаргах сонирхолгүй болдог. Хэрэв инфляци 30 хувьд хүрвэл, арилжааны банкууд 30 хувийн хүүтэй мөнгө зээлд гаргах ямар ч ашиггүй юм. Оронд нь төвбанкны үнэт цаас худалдаж авах нь ашигтайд тооцогдоно. Арилжааны банкууд төвбанкны үнэт цаас худалдаж аваад эхэлбэл, тэдний зээлд гаргах мөнгөний хэмжээ мөн багасах юм. Энэ маягаар мөнгөний нийлүүлэлтийг хумиж, төгрөгийн ханшийг тогтворжуулна гэж холбогдох албаныхан хэлж байна. Тэгвэл Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны Стратеги төлөвлөлтийн газрын дарга Батхүрэл: Энэ нь инфляцийг хязаарлах таатай санаа ч, нөгөө талаас бодит эдийн засагт бууралт авч ирэх муу арга гэдгийг хэлж байна. Инфляци өссөн үед нэг бол эдийн засгийн өсөлтөө авч үлдэх, эсвэл төгрөгийн ханшаа авч үлдэх гэсэн хоёрхон зам байдаг аж. Эдийн засгийн өсөлтийг авч үлдэх замаар инфляцийг бууруулж байсан удаагүй. Тиймээс нэг бол төгрөгийн ханшийг тогтворжуулж үндэсний валютаа аврах, эсвэл эдийн засгийн өсөлтөө авч үлдэх гэсэн салаа замтай яах аргагүй нүүр тулгарах нь. Энэ үед үүний аль замыг сонгох нь чухал вэ. Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны Стратеги төлөвлөлтийн газрын дэд дарга Жаргалсайхан: Эдийн засгийн өсөлтөө хадгалах хэрэгтэй гэсэн товч хариулт өгсөн. Харин Монголбанкны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Лхагважав: Монголбанкны мөнгөний бодлого явуулж төгрөг болон валютын ханшийг тогтвортой байлгах. Тиймээс тэд үндэсний валютаа аврах ажилд эхлээд ханцуй шамлана гэсэн хариулт өгсөн юм.  

-Инфляци ба төгрөгийн ханш-

2010.05.18. Монгол Улс. Улаанбаатар хот. Инфляц гэх үг зурагт үзэж, радио сонсч, сонин унших бүрт хаа саагүй таарна. Нэг бол инфляц өслөө, эсвэл буурлаа гэж хэлж, ярьж, бичих нь элбэг. Инфляци гэж чухам юу вэ. Үүнд товчоор хариулахад инфляц гэж үнийн түвшинг илэрхийлдэг эдийн засгийн хэмжих хэрэгсэл юм. Энгийнээр инфляцийг мөнгөний ханш буурах үйл явц гэж ойлгож болно. Зах зээлд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдвэл инфляц өсдөг. Харин бараа бүтээгдэхүүнийн үнэ буурвал инфляц буурдаг юм. Үнийн өсөлт, бууралтыг албан ёсоор судалж инфляцийн дүн мэдээллийг олон нийтэд танилцуулдаг газар бол төвбанк. Үндэсний статистикийн хороог энд мөн нэрлэж болно. Үндэсний статистикийн хороо 7 хоног бүр үнийн судалгаа явуулдаг. Дөрвөн долоо хоногийн үнийн судалгаагаа сард нэг удаа нэгтгэж, сар, улирал, жилээр инфляцийн тоон үзүүлэлтийг гаргадаг юм. Ингэхдээ тус байгууллага хүнсний бүлэг, тээврийн бүлэг зэрэг бүлэг тус бүрийг нэг бүрчлэн судалж инфляцийн түвшинг зарладаг. Тэдний хамгийн сүүлд явуулсан судалгаагаар инфляци 2010 оны мөн үетэй харьцуулахад 9.7 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Инфляц оны эхнээс 9.7 хувиар өссөн гэдэг нь төгрөгийн ханш оны эхэнтэй харьцуулахад тэр хэмжээгээр унасан гэсэн үг юм. Тэр хэмжээгээр иргэдийн худалдан авах чадвар буурч байгааг илтгэнэ. Бүр энгийнээр тайлбарлавал оны эхэнд таны халаасанд байсан 100 төгрөгийн 9.7 хувь нь үнэ цэнээ алдсан. Ирээдүйд таны авах цалингийн 9.7 хувь нь бас үнэ цэнээ алдсан гэсэн үг юм. Ийнхүү төгрөгийн ханшийн уналтаар дамжин амжиргаанд нөлөөлдөг байх нь. Ер нь инфляцийн өсөлтөд олон хүчин зүйл нөлөөлдөг. Төвбанкнаас зах зээлд гаргадаг мөнгөний нийлүүлэлт ихэсвэл, хүн амын орлого нэмэгдвэл, бараа бүтээгдэхүүний үнэ өсвөл инфляци хөөрөгддөг. Эдгээрийн аль нь инфляцийн өсөлтөд нөлөөлсөн болохыг Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн судалгааны газрын дарга Б.Бадамцэцэг: Энэ онд улсын хэмжээнд их хэмжээний мал хорогдсон. Үүнээс болж махны нийлүүлэлт багасч, зах зээлийн хуулиараа уг түүхий эдийн үнэ өссөн. Инфляц 9.7 хувьд хүрсэн шалтгааныг үүнтэй холбон тайлбарлаж болох юм гэв. Манай улсад инфляци оны эхнээс 9.7 хувьд хүрсэн шалтгааныг нөгөө талаас төвбанкны мөнгөний нийлүүлэлт ихэссэнтэй холбоотой байж болзошгүй юм.

-Инфляци ба хадгаламж

2010.05.18. Монгол Улс. Улаанбаатар хот. Төгрөгийн ханш унавал иргэдийн худалдан авах чадвар муудахаас гадна, арилжааны банкуудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна. Энэ тухай Японы Төвбанкны Мөнгөний бодогын хамтын ажиллагааны төвийн дарга Масару Тамака: Инфляц 9.7 хувьд хүрнэ гэдэг нь арилжааны банкуудын зээлд гаргасан мөнгөний 9.7 хувь нь ханшийн эрсдэлд орсон гэж ойлгож болох талтайг хэлж байсан удаатай.  Тэр ч утгаараа, инфляцийн өсөлт, төгрөгийн ханшийн уналт зөвхөн иргэдийн амжиргаанд нөлөөлдөг гэвэл дэндүү өрөөсгөл ойлголт аж. Төгрөгийн ханшийн уналт мөнгө зээлдүүлэгчдэд, тэр дундаа арилжааны банкуудад хүндээр тусдаг байна. Тухайлбал, банк бус санхүүгийн байгууллага, арилжааны банк зэрэг мөнгө зээлдүүлэгчдэд хүндээр тусдаг байна. Үүнийг тайлбарлахын тулд, арилжааны банкуудын хадгаламжийн тухай эхлээд ярих шаардлага тулгарна. Арилжааны банкууд өөрийн хөрөнгөөс гадна, иргэд, аж ахуйн нэгжүүдээс хадгаламж татаж, үүгээрээ үйл ажиллагаа явуулдаг. Тэд бага хүүтэй хадгаламж иргэд, аж ахуйн нэгжүүдэс татаж, үүнийгээ өндөр хүүтэй зээлд гаргаж, дундаас нь ашиг олдог юм. Арилжааны банкуудын үйл ажиллагааны нэг эх үүсвэр болох хадгаламж инфляцийн эрчимтэй өсөлтийн үед эрс буурдаг байна. Үнэ цэнээ алдаж буй төгрөгийг хэдхэн хувийн хүүтэйгээр хадгалуулж байхын оронд банкнаас мөнгөө татаж, түүгээрээ үл хөдлөх хөрөнгө худалдаж авах нь хамаагүй эрсдэлгүй гэж хадгаламж эзэмшигчид үздэг байна. Бараа бүтээгдэхүүн өсч, инфляци нэмэгдэж байгаа үед үл хөдлөх хөрөнгийн үнэ унаж байсан удаагүй. Тиймээс л инфляци өсч, төгрөгийн ханш унахаар иргэд, аж ахуйн нэгжүүд хадгаламжаа татаж, үүнийгээ үл хөдлөх хөрөнгө болгох нь элбэг аж. Нэг ёсны, төгрөгийн ханшийн эрсдэлээс өөрсдийгөө аврахын тулд дийлэнх хадгаламж эзэмшигчид ийм зам сонгодог хэрэг. Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн судалгааны газрын дарга Б.Бадамцэцэг: Одоогоор хүмүүс арилжааны банкуудаас мөнгөө татаж эхлээгүй байгаа учраас санаа зовох зүйлгүй тухай хэлэв. Харин Монголбанкны Олон нийттэй харилцах хэлтсийн захирал Лхагважав: Оны эцэст инфляци одоо байгаа түвшингөөс хэд дахин өсч, доод тал нь 20 хувь, дээд тал нь 30 хувьд хүрэх магадлалтай байгаа. Учир нь ирэх аравдугаар сард төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар нэмэх шийдвэрийг Засгийн газраас гаргаад байгаа. Үүний хажуугаар энэ онд багтаан иргэн бүрт 150 мянган төгрөгийн эх орны хишиг олгоно гэж байгаа. Эдгээр нь хүн амын орлогын түвшин нэмэгдэхэд нөлөөлж, инфляци өсөх нөхцөлийг бий болгоно гэж хариулав. Энэ нь цаашид иргэд, аж ахуйн нэгжүүд банкин дахь хадгаламжаа татаж болзошгүй нөхцөл байдлыг бий болгож байгаа юм. Тодруулбал, инфляц тооцож байгаа хэмжээнд хүрвэл, таны гартаа барьж байгаа мөнгөний нэлээд хувь нь үнэ цэнээ алдана гэсэн үг юм. Тэр үед иргэд, аж ахуйн нэгжүүд зүгээр суухгүй биз. Тэд арилжааны банкуудаас мөнгөө татахгүй гэх баталгаа үгүй. Ер нь өнөөдрийн байдлаар арилжааны банкуудын хадгаламжийн дийлэнх хувийг томоохон аж ахуйн нэгжүүдийн мөнгө эзэлж байна. Өөрөөр хэлбэл, хэдхэн компани мөнгөө татахад арилжааны банкууд хүндэрч мэдэх нөхцөл байдал үүснэ гэсэн үг. Хадгаламжийн хэмжээ огцом буурвал арилжааны банкууд эргэлтийн хөрөнгөгүй болох учраас тэр юм. Манай улсын арилжааны банкууд өөрийн үндсэн хөрөнгөөс гадуур иргэд, аж ахуйн нэгжүүдээс хүүтэй хадгаламж татаж, тэр мөнгөө өндөр хүүтэйгээр зээлд гаргадаг. Ингэж тэд үйл ажиллагаагаа явуулж, дундаас нь ашгаа олдог. Хэрэв хадгаламжийн хэмжээ огцом буурвал, тэд зээлд гаргах мөнгөгүй болно. Ийм байдалд хүрэхгүйн тулд арилжааны банкууд хадгаламжийнхаа хүүг нэмдэг нь зах зээлийн бичигдээгүй хууль билээ.

-Инфляци хэнд ашигтай, хэнд ашиггүй вэ-

2010.05.18. Монгол Улс. Улаанбаатар хот. Инфляц өсөх нь цаашлаад арилжааны банкуудад хүндрэл авчирч, бодит эдийн засагт муугаар нөлөөлж болзошгүй юм. Арилжааны банкууд хадгаламжийн хүүгээ өсгөвөл банкинд мөнгөө хадгалуулсан иргэд, аж ахуйн нэгжүүд ханшийн эрсдэлээс хамгаалагдах талтай. Гэхдээ нөгөө талаас, хадгаламжийн хүү өсвөл бодит эдийн засагт сөрөг нөлөө гарах нь дамжиггүй. Арилжааны банкууд хадгаламжийн хүүгээ өсгөж байгаатай зэрэгцүүлэн зээлийн хүүгээ өсгөдөг учраас тэр юм. Тэд өндөр хүү амлан иргэд, аж ахуйн нэгжүүдээс хадгаламж татдаг. Тэр хүүгийн зөрүүгээс гарах алдагдлыг зээлийн хүүгээ өсгөх замаар нөхөж ирсэн. Арилжааны банкуудын зээлийн хүү өсдөгийн нэг шалтгаан энэ. Харин нөгөөх шалтгаан нь инфляц юм. Холбогдох байгууллага судалгаа хийж инфляц оны эцэст доод тал нь 20 хувь, дээд тал нь 30 хувьд хүрэх магадлалтайг албаны хүн дээр дурдсан. Инфляц өсч байна гэдэг төгрөгийн ханш унаж байгааг илтгэж байгаа юм. Инфляц хичнээн хувиар өснө, тэр хэмжээгээр төгрөгийн ханш унаж байдаг тул, арилжааны банкуудын зээлд гаргасан мөнгөний хүү ханшийн эрсдэлд ордог юм. Арилжааны банкуудын зээлийн дундаж хүү жилийн 25 хувь байхад, инфляц 30 хувьд хүрвэл, дундаас нь 5 хувийн ханшийн алдагдал хүлээн гэсэн үг. Тиймээс инфляц өссөн үед арилжааны банкууд зээл гаргах нь эрсдэлтэй байдаг байна. Эндээс инфляц өсөх нь хэнд ашигтай, хэнд ашиггүй вэ гэх асуулт гарах нь мэдээж. Үүнд дүгнэлт хийх гэж оролдсон цаангүй эрдэмтэн, судлаач бий байх. Тэдний дэвшүүлсэн онол биш ч, миний бодож олсноор инфляцийн өсөлт гартаа бэлэн мөнгө барьсан, арилжааны банкинд мөнгөө хадгалуулсан, иргэн болон аж ахуйн нэгжид зээл олгосон арилжааны банкуудад хүндээр тусах нь дээрх жишээнээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл, инфляцийн өсөлт бэлэн мөнгө гартаа барьсан болон банкинд хадгалуулсан хүмүүст хүндээр тусдаг байх нь. Тэгвэл хэнд ашигтай вэ. Инфляц өсч, төгрөгийн ханш унавал иргэд арилжааны банкин дахь хадгаламжаа татдаг болохыг дээр дурдсан. Үнэ цэнээ алдаж буй төгрөг арилжааны банкинд хадгалуулахын оронд үүнийгээ банкнаас татаж, үл хөдлөх хөрөнгө болгох нь элбэг аж. Төгрөгийн ханш унаж байгаа үед үл хөдлөх хөрөнгө хэзээ ч үнэ цэнээ алддаггүй учраас гэдгийг дээр цухас дурдсан. Тиймээс инфляци өсөх нь үл хөдлөх хөрөнгөтэй хүмүүст ашигтай байж мэдэх юм. 

-2010 онд инфляци 20 хувьд хүрч болзошгүй байв-

2010.07.10. Монгол Улсын эдийн засаг 2010 оны эхний хагас жилд ямаршуухан байсныг Үндэсний статистикийн хорооноос энэ үед танилцуулсан юм. Тэдний хийсэн судалгаагаар манай улсын эдийн засаг сайнтай, муутай гарсан байлаа. Тухайлбал, макро эдийн засгийн чухал үзүүлэлт болох инфляци 2010 оны эхэнтэй харьцуулахад, 11,4 хувиар өссөн үзүүлэлт гарсан юм. Гэхдээ өмнөх сартай нь харьцуулахад инфляци 1,5 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Гүйлгээн дэх бэлэн мөнгөний хэмжээ буурвал инфляци буурдаг. Статистик мэдээллээс харахад гүйлгээн дэх бэлэн мөнгөний хэмжээ мөн оны тавдугаар сартай харьцуулахад 3,3 хувиар буурч, 447 тэрбум төгрөг болсон байлаа. Зах зээл дэх бэлэн мөнгөний хэмжээ бага зэрэг буурсан нь инфляци өмнөх сараасаа ялимгүй буурахад нөлөөлжээ. Нөгөө талаас, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ ялимгүй буурсан нь инфляци буурахад хөшүүрэг болсон байна. Үүнээс гадна, валютын ханшийн бууралт инфляцийн өсөлтийг сааруулсан гэж хэлж болохоор байв. 2009 оны хагас жилд америк доллар 1428 төгрөгийн дундаж ханштай байсан бол, 2010 оны эхний хагас жилд 1380 төгрөгийн дундаж ханштай гарсан байна. Өөрөөр хэлбэл, өмнөх жилтэй нь харьцуулахад ам.долларын ханш 3,3 хувиар суларчээ. Ийнхүү 2010 оны эхэнтэй харьцуулахад инфляци өссөн, харин өмнөх сартай нь харьцуулахад инфляци буурсан үзүүлэлтэй гарсан юм. Гэхдээ 2010 оны эцэст инфляци жилийн 20 хувьд хүрч болзошгүй гэсэн таамаг байсан юм. Инфляци ингэж өсвөл, төгрөгийн ханш тэр хэмжээгээр унах аюултай байлаа. Тиймээс инфляцийн эсрэг ямар бодлого явуулж байгааг тухайн үед хэн хүнгүй сонирхож байсан нь мэдээж. Үүнд тэр үеийн Монголбанкны Мөнгөний бодлогын газрын дарга Болдбаатар: Засгийн газар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого явуулах нь хамгийн чухал. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдвэл, нийлүүлэлтээс шалтгаалсан инфляци үүсэхгүй. Монголбанкны зүгээс инфляцийг зохистой түвшинд барих бодлого явуулж байгааг хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс шалтгаалж, төгрөгийн ханш унах эсэх нь шууд хамаарахаар байсан юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эс тооцвол, валютын нөөц талаасаа төгрөгийн ханш унах эрсдэлгүй байсныг эдийн засагчид тухайн үед хэлж байсан билээ. 

-Төвбанкны үнэт цаасны хүү-

2010.07.24. Монгол Улс. Улаанбаатар хот. Энэ долоо хоногт Монголбанкинд төвбанкны үнэт цаасны арилжаа ганц удаа явагдлаа. Энэ удаа монголбанк 310 тэрбум төгрөгний үнэт цаасыг 10.99 хувийн хүүтэй арилжсан байна. Төвбанкны үнэт цаасны хүүг өөрөөр бодлогын хүү гэж нэрлэдэг. Төвбанкны бодлогын хүү жилийн 11 хувь байхад, яахаараа 10.99 хувийн хүүтэйгээр төвбанкны үнэт цаасыг арилждаг билээ гэж олон хүн гайхаж магад. Тэгвэл Монголбанкны захирлуудын зөвлөл 2010 оны 04-р сард хуралдаж төвбанкны үнэт цаасны хүүг өрсөлдүүлэх шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудаас ирүүлсэн хүүгийн саналыг харгалзаж, бодлогын хүүг 2 хувиар нэмж, хасч болох шийдвэр гаргасан байна. Үүнийг үндэслэж энэ долоо хоногт төвбанкны үнэт цаасыг бодлогын хүүнээс арай доогуур буюу 10.99 хувийн хүүтэй арилжсан байна.

-Инфляц ба валютын нөөц-

2010.07.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Төгрөгийн ханш ямар байх нь гадаад валютын нөөц, инфляц зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал: Таван долоон хоногийн импортын хэрэгцээг хангахуйц валютын нөөц байгааг хэлж байна. Өөрөөр хэлбэл, гадаад валютын нөөц 1 тэрбум гаруй ам.доллараар хэмжигдэж байгаа юм. Нэгэн үе 500 сая ам.долларын нөөцтэй байсныг бодвол, 1 тэрбум ам.доллар гэдэг боломжийн нөөц. Ийм нөөцтэй байхад хэсэгтээ ам.долларын ханш хэт өсөхгүй гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Гэхдээ энэ бол зөвхөн дотоод хүчин зүйл юм. Дотоодын зах зээлд ам.долларын ханш тогтвортой байсан ч, гадаад зах зээлд бусад валютуудын ханш өсвөл нөхцөл байдал өөрөр эргэж мэднэ. Монголбанк дотоодын зах зээл дээрх долларын ханшийг гадаад зах зээл дэх бусад валютуудын ханшид хувааж евро, иен, вон, юань гэх мэт валютуудын ханшийг зарладаг учраас тэр юм. Долларын ханш дотоодын зах зээлд тогтвортой байсан ч, гадаад зах зээлд бусад валютуудын ханш өсвөл энэ нь манай улсын үндэсний валют болох төгрөгийн ханшид сөргөөр нөлөөлнө гэсэн үг юм. Монголчуудын өргөн хэрэглэдэг валютуудын ханш сүүлийн үед харьцангуй тогтвортой байгаа ч, харамсалтай нь хятадын юанийн ханш өсөх боллоо. Хятадын төвбанк юанийн ханшийг уян хатан, чөлөөтэй барина гэж өнгөрсөн сард мэдэгдсэнтэй холбоотойгоор уг валютын ханш дэлхийн зах зээлд 0.8 хувиар өсөөд байгаа юм. Цаашид ч гэсэн юанийн ханш өснө гэсэн хүлээлт эдийн засагчдийн дунд байна. Манай улс хэрэгцээт барааныхаа 26 орчим хувийг урд хөршөөс импортолдог. Хэрэв юанийн цаашид тасралтгүй өсвөл манай улсад өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн урд хөршөөс импортоор орж ирнэ. Энэ нь инфляц хөөрөгдөж, төгрөгийн ханш унахад нөлөөлж магадгүй гэж эдийн засагчид дүгнэж байгаа ч, Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал: Төвбанк юанийн ханш тэгтлээ өсөхгүй гэж таамаглаж байна. Гадаад зах зээлд юанийн ханш богино хугацаанд өссөн ч, үүнээс эмээж сандрах шаардлагагүй болохыг хэлж байгаа юм. Учир нь манай улсын хятад руу экспортолдог бараа бүтээгдэхүүн импортоор авч байгаагаас бараг гурав дахин их байдаг байна. Үүнтэй холбоотойгоор монгол руу орж ирэх юанийн урсгал ч, гадагшлах урсгалаас хэд дахин их байдаг байна. Үүний нэг тод жишээ бол, 2010 оны эхний хагас жилд манай улс руу 566 сая ам.доллартай тэнцэх хэмжээний юань орж ирсэнээс 266 сая ам.доллартай тэнцэх юань нь гадагшилсан байна. Өөрөөр хэлбэл, 296 сая ам.доллартай тэнцэх хэмжээний юанийн илүүдэл байгаа гэсэн үг юм. Юанийн хангалттай нөөц байгаа учир уг валютын ханш гадаад зах зээлд богино хугацаанд өссөн ч, энэ нь дотоодын зах зээлд хүчтэй мэдрэгдэхгүй болохыг хэлж байгаа юм. Үүгээр авч үзвэл, гадаад валютын болон юанийн хангалттай нөөц байгаа учир дотоодын зах зээлд валютуудын ханш огцом савлахгүй. Төгрөгийн ханш тэр хэрээр тогтвортой байна гэж ойлгож болохоор байна. Гэхдээ үүнд хэт их найдах нь эрсдэлтэй. Манай улс байгаа валютаа импортын бараанд зарцуулдаг. Гадагш урсаж байгаа валютыг орох урсгалаар нөхөж байж гадаад валютын нөөцийг зохих түвшинд барих нь мэдээж. Үүнийг тэнцвэржүүлэхийн тулд, гаднаас их валют оруулж ирэх шаардлагатай. Тэр цагт тайван сууж болно. Ер нь манай улс гол төлөв алт, зэс экспортын орлогоор гадаад валютын нөөцөө нэмэгдүүлдэг. Сүүлийн үед алт тушаалт буурч байгаатай холбоотойгоор энэ төрлийн металлын орлогоос валютын нөөцийг нэмэгдүүлнэ гэж хэт найдах хэрэггүйг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм. Тиймээс гол найдлага дэлхийн зах зээлд зэсийн үнэ өндөр байх явдал. Бас гадаадын шууд хөрөнгө оруулалт татах явдал юм. Дээрх хоёр эх үүсвэрээс валют татан төвлөрүүлэх боломж байгаа эсэхт Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг: Манай улсын экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний үнэ сүүлийн үед өсч байгаа. Мөн гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа тул долларын ханш буурна гэж хүлээж байна гэж тайлбарлав. Харин төвбанк гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа гэдэгтэй санал нэгдэхгүй байгаа юм. Учир нь 2010 оны эхний хагас жилд манай улсад 339 сая ам.доллартай тэнцэх хэмжээний гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн ч, харамсалтай нь үүний дийлэнх нь тоног төхөөрөмж хэлбэрээр орж ирсэн байна. Тиймээс төвбанк гадаадын шууд хөрөнгө оруулалт валют болон төгрөгийн ханшид үзүүлэх нөлөө богино хугацаанд сул. Харин зэсийн оюутолгой, нүүрсний тавантолгойн ордын бүтээгдэхүүний экспорт эхлэхээр дунд болон урт хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт валют болон төгрөгийн ханшид үзүүлэх нөлөө хүчтэй байна гэж дүгнэж байгаа юм. Ийнхүү гадаадын шууд хөрөнгө оруулалтаас гадна, төгрөгийн ханшид нөлөөлөх бас нэг хүчин зүйл бол инфляц. 2010 оны 6-р сард инфляц 1,5 хувиар буурсан ч, оны эцэст жилийн инфляц 20 хувьд хүрэх таамаг байна. Инфляц ингэж өсвөл төгрөгийн ханш тэр хэмжээгээр унах аюултай. Тиймээс инфляцийн эсрэг ямар бодлого явуулж байгаа талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын дарга Болдбаатар: Засгийн газар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого явуулах нь хамгийн чухал. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдвэл, нийлүүлэлтээс шалтгаалсан инфляц үүсэхгүй гэсэн тайлбар өгөв. Тэгэхээр Засгийн газрын авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс шалтгаалж, төгрөгийн ханш хэрхэх нь хамаарахаар байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эс тооцвол, валютын нөөц талаасаа одоогоор төгрөгийн ханш унах эрсдэлгүй байна гэж дүгнэж болохоор байгаа юм.

-Инфляци ба эдийн засгийн өсөлт- 

2010.07.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Нэг хэсэг төвбанкны бодлогын хүү тогтвортой буюу жилийн 10 орчим хувь байсан. Гэтэл Монголбанкны захирлуудын зөвлөл өнгөрсөн тавдугаар сард хуралдаж бодлогын хүүгээ нэг хувиар өсгөж, 11 хувьд хүргэх шийдвэр гаргасан юм. Ийм шийдэлд хүрсэн шалтгааныг Монголбанкны мөнгөний бодлого судалгааны газрын дарга Болдбаатар: Эрчим хүчний үнэ нэмэгдэх нь тодорхой болсон. Мөн иргэн бүрт 70 мянган төгрөгийн эх орны хишиг тараасан. Энэ үед нийлүүлэлт буурсантай холбоотойгоор махны үнэ огцом өссөн. Эдгээр нь инфляци 13 хувьд хүрэхэд нөлөөлсөн гэв. Тиймээс төвбанк гүйлгээнд байгаа бэлэн мөнгийг хумиж, инфляцийг бууруулах зорилгоор бодлогын хүүгээ тухайн үед нэг хувиар өсгөжээ. Гэхдээ өнгөрсөн сард инфляц 1.5 хувиар буурсан байх жишээтэй. Ийнхүү инфляцийн өсөлтийн хурд саарсан тул, төвбанк бодлогын хүүгээ дагаад бууруулах ёстой гэж арилжааны банкууд үзэж байгаа юм. Гэвч төвбанк бодлогын хүүгээ бууруулах боломжгүй гэдгээ мэдэгдэж байна. Инфляци буурч байгаа энэ үед төвбанк бодлогын хүүгээ бууруулахгүй байгаа шалтгаан нь юу вэ. Үүнд Монголбанкны мөнгөний бодлого судалгааны газрын дарга Болдбаатар: Инфляц одоо жилийн 11.4 хувь байна. Оны эцэс гэхэд инфляци жилийн 20 хувьд хүрч магадгүй. Тиймээс бодлогын хүүгээ жилийн 11 хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргасан. Ер нь инфляц хэзээ буурна, тэр цагт бодлогын хүүгээ бууруулна гэдгээ нуусангүй. Гэхдээ инфляци бууртал бодлогын хүү өндөр хэвээр байсаар байвал энэ нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Инфляц өссөн үед арилжааны банкууд зээл гаргах нь эрсдэлтэй байдаг учир, тэд эргэлтийн хөрөнгөөрөө төвбанкны өндөр хүүтэй үнэт цаас худалдаж авахын илүүд үздэг байна. Төвбанк бодлогын хүүгээ өсгөөд л байвал, арилжааны банкууд зээл гаргахаа болиод л байна гэсэн үг. Аж ахуйн нэгжүүд арилжааны банкуудаас зээл авч чадахгүйд хүрвэл, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ буурч, тэр хэрээр эдийн засгийн өсөлт буурах юм. Тиймээс төвбанк бодлогын хүүгээ 11 хувьд барьж байгаа нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэх хүмүүс цөөнгүй бий. Төвбанк бодлогын хүүгээ хэвээр үлдээх шийдвэр гаргахдаа үүнийг бодолцсон эсэхт Монголбанкны Мөнгөний бодлогын газрын дарга Болдбаатар: Төвбанк үнэт цаасныхаа хүүг 11 хувь болгосон ч, одоогоор эдийн засгийн өсөлт хэвийн. Арилжааны банкууд хангалттай зээл гаргаж байгаа. Тэгээд ч инфляцийг бага түвшинд барьж байж, тэр цагт эдийн засаг тогтвортой өснө. Тиймээс бид инфляцийг бууруулах бодлого баримталж байгаа гэсэн хариулт өгсөн юм. Хэдийгээр тийм ч инфляцийг бууруулах нэрийдлээр төвбанк бодлогын хүүгээ 11 хувьд барьсаар байвал, аажмаар эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө гэж үзэх хүмүүс бий. Тиймээс гадаадын мэргэжилтнээс инфляци, эдийн засгийн өсөлт хоёрын алийг нь нэн тэргүүнд тавих нь чухал болохыг лавлав. Үүнд Японы Төвбанкны Мөнгөний бодогын хамтын ажиллагааны төвийн дарга Масару Тамака: Үл хөдлөх хөрөнгийн үнэ өсч байгаа үед, эдийн засгийн өсөлтөнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөн үед, монголбанк бодлогын хүүгээ өсгөөд байх шаардлагаггүй. Харин хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа үед эдийн засгийн өсөлтөд анхаарлаа хандуулахаас илүүтэй, инфляцийг онилох нь чухал. Японы төвбанк ийм аргаар ажилладаг хэмээн хуучилсан юм.

-Инфляци ба төсөв-

2010.09.22. Монгол Улс. Улаанбаатар хот. Холбогдох байгууллагаас явуулсан хамгийн сүүлийн үеийн судалгаагаар инфляц өмнөх сараасаа 0.7 хувиар өсч, улсын хэмжээнд жилийн 9 хувь хүрээд байгаа. Инфляц цаашид олон хүчин зүйлээс шалтгаалж нэмэгдэх хүлээлт байгаа юм. Тухайлбал, төрийн албан хаагчдын цалинг ирэх сард 30 хувиар нэмэгдүүлж байгаагаас гадна, иргэн бүрт сар бүр 10 мянган төгрөгийн эх орны хишиг тарааж эхэлнэ. Эдгээр нь инфляцийн хүлээлтийг нэмэгдүүлж байгааг юм. Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын дарга Болдбаатар: Эдгээрээс гадна, төсвийн зарлага жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь инфляцийг хүлээлтийг нэмэгдүүлж байна гэв. Манай улс төсвөө тэгш хуваарилвал инфляцийн хүлээлт бага зэрэг буурах дүр зураг албаны хүний ярианаас ажиглагдаж байна. Ирэх оны төсвийг УИХ-аар удахгүй хэлэлцэнэ. Энэ үед төсөвт тэгш хувиарлалт хийх болов уу. Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны Хөгжлийн бодлого стратеги төлөвлөлтийн газрын дарга Батхүрэл: Монголбанк, Сангийн яам, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооныхон хамтран ажиллаж байгаа. Төсөвт тэгш хуваарилалт хийж болох байх гэсэн хариулт өгөв. Тэгвэл Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Н.Энхбаяр: Төсөвт тэгш хувиарлалт хийх боломжгүйг хэлж байна. Манай улсын төсөв улирлын чанартай учир төсөвт тэгш хуваарилалт хийх боломжгүй байдаг байна. Өчигдөр иргэний танхимд Эдийн засгийн өсөлт, бодит секторын бодлогын дэд зөвлөл хуралдсан. Энэ үеэр манай улсын эдийн засгийн өсөлтийн цаашдын чиг хандлагын тухай Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны Хөгжлийн бодлого стратеги төлөвлөлтийн газрын дарга Батхүрэл: Оюутолгой, тавантолгой ордууд 2013 онд ашиглалт орно. Энэ үед манай улсын эдийн засгийн өсөлт 20 хувьд хүрнэ гэж хэлэв. Харин Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Н.Энхбаяр: Уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өсөлт, эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хэдий ч, бид бусад салбараа орхигдуулж болохгүй гэдгийг Иргэний танхимд болсон Эдийн засгийн өсөлт, бодит секторын бодлогын дэд зөвлөлийн хуралдааны үеэр онцолсон юм. 

-Инфляци ба дефляци-

Дефляцийг сагсан дахь бараа, бүтээгдэхүүний үнэ хэрхэн буурч байгаагаар хэмждэг. Харин инфляцийг сагсан дахь бараа бүтээгдэхүүний үнэ хэрхэн өсч байгаагаар хэмждэг. Өөрөөр хэлбэл, дефляци нь инфляцийн эсрэг ойлголт юм. Манай улсад сүүлийн жилүүдэд үнийн өсөлт эрчимтэй явагдсан учраас дефляци үүсч байгаагүй гэж үздэг. Тогтмол өндөр инфляцитай явж ирсэн тул төвбанкнаас үнийн өсөлтийг жилийн 8 хувиас хэтрүүлэхгүй байх мөнгөний бодлого явуулж ирсэн. Инфляцийн түвшин ойролцоогоор ийм хувьтай байдаг учраас манай улс дефляцид өртөх аюулгүй гэж дийлэнх эдийн засагчид үздэг ч, огт нөлөөлөхгүй гэж ойлгож болохгүй юм. Ер нь аливаа санхүүгийн хямралын үед инфляциас гадна, дефляцид анхаарал хандуулахад илүүдэхгүйг эдийн засагчид зөвлөдөг. Үнэхээр ч анхаарахын байхын аргагүй. Дэлхий дахинаа тохиож байсан томоохон санхүүгийн хямралын тодорхой хэсэг нь дефляцитай холбогдон гарч байсан учраас тэр. Тухайлбал, АНУ-ын 1930-аад оны санхүүгийн хямралыг энд дурдаж болно. Японы эдийн засгийн зогсонги байдал 10 гаруй жил үргэлжилж 1990 оны сүүлээр мөн дефляцид өртөж байлаа. 2008 оны санхүүгийн хямралаар томоохон зах зээлүүд худалдан авах чадваргүй болж эдийн засаг нь удааширч, үйлдвэрлэгч орнуудын экспортын бүтээгдэхүүний эрэлт буурч, нийлүүлэлтийн илүүдэлд орж бараа, бүтээгдэхүүний үнэ унаж дефляцид өртөж байв. Бараа, бүтээгдэхүүний үнэ буурах нь худалдан авагчид ашигтай ч, үйлдвэрлэгчид ашиггүй. Экспортод гаргадаг бараа бүтээгдэхүүний үнэ унавал тухайн улсад орох мөнгөний хэмжээ багасч, төсвийн орлого бүрдэхэд нь хүндээр тусч, гадаад худалдаа нь алдагдалтай гардаг учраас тэр юм. Тэр хэрээр зардлаа танах, хумих бодлого явуулдаг нь нийгэмд ажилгүйдэл, ядуурал газар авахад нөлөөлдөг учраас дефляци нь эдийн засаг, санхүүгийн томоохон хямралд хүргэж болзошгүйг эрдэмтэд анхааруулдаг юм.

-Төвбанк мөнгөний бодлогодоо өөрчлөлт оруулсангүй-

2010.09.25. Монгол Улс. Улаанбаатар хот. Инфляци огцом өсч байсантай холбоотойгоор монголбанк үнэт цаасныхаа хүүг 2010 оны 5-р сард өсгөж 11 хувьд хүргэсэн. Тэгвэл сүүлийн үед инфляци буурч байна. 2010 оны 7-р сарын байдлаар инфляци өмнөх сараасаа 3.9 хувиар буурч жилийн 8.8 хувь болжээ. Ийнхүү инфляци буурч байгаа учраас төвбанк бодлогын хүүгээ бууруулах байх гэсэн хүлээлт эдийн засагчдын дунд байлаа. Тэгвэл төвбанкныхан мөнгөний бодлогодоо ямар нэгэн өөрчлөлт оруулсангүй. Монголбанкны Мөнгөний бодлого судалгааны хэлтсийн захирал Саранцэцэг: ОХУ буудайн болон гурилын экспортоо зогсоосон. Үүнтэй холбоотойгоор импортын гурилын үнэ өссөн. Импортын гурилын үнэ өсмөгц дотоодын үйлдвэрүүд бүтээгдэхүүнийхээ үнийг дагаад өсгөсөн. Энэ нь инфляци өсч болзошгүй гэсэн хүлээлтийг бий болгоод байсан. Үүнээс гадна, 2010 оны 10-р сард төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар өсгөх төлөвтэй байгаа. Мөн хүний хөгжил сангаас иргэн бүрт 10 мянган төгрөг олгож эхэлсэн. Эдгээрээс шалтгаалж инфляци хэт өсч болзошгүй гэж үзэж байгаа. Инфляци цаашид хэд болж өсөхийг одоогоор судалж байна. Судалгааны дүн ирэх сарын дундуур гарна гэсэн хариулт өгөв. Тэр болтол, монгол улсын төвбанк мөнгөний бодлогодоо ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй гэдгээ мэдэгдэж байна. Өөрөөр хэлбэл, 2010 оны 9-р сар дуустал төвбанкны үнэт цаасны хүү буюу бодлогын хүү 11 хувь хэвээр байх нь.

-Төвбанк бодлогын хүүгээ өсгөхөөр арилжааны банкууд зээлийн хүүгээ нэмдэг-

Бодлогын хүү өссөн үед арилжааны банкууд дийлэнх мөнгөөрөө төвбанкны үнэт цаас худалдаж авдаг. Үлдсэн мөнгөө өндөр хүүтэйгээр зээлдүүлэхийг хүсдэг байна. Нийлүүлэлт ховордохоор үнэ өсдөгийн нэгэн адил, зээл ховордохоор арилжааны банкууд сайн дураараа зах зээлийн хуулийг мөрдөж зээлийн хүүгээ өсгөх нь элбэг аж. Бодлогын хүүгээс гадна, инфляцийн өсөлт арилжааны банкуудын зээлийн хүү нэмэгдэхэд мөн нөлөөлдөг байна. Инфляци өссөн тохиолдолд хадгаламж эзэмшигчид зүгээр суухгүй нь ойлгомжтой. Үнэ, цэнээ алдаж буй төгрөгийг бага хүүтэй хадгалуулахын оронд банкнаас мөнгөө татаж, түүгээрээ үл хөдлөх хөрөнгө худалдаж авахыг илүүд үзэх нь бас бий. Бараа бүтээгдэхүүн өсч, инфляци нэмэгдэх үед үл хөдлөх хөрөнгө үнэ цэнээ алддаггүй учраас тэр юм. Тиймээс инфляци огцом өсвөл, иргэд, аж ахуйн нэгжүүд хадгаламжаа татаж, үл хөдлөх хөрөнгө болгох нь ихэсдэг байна. Арилжааны банкуудын үйл ажиллагаа явуулдаг хөрөнгийн нэгээхэн эх үүсвэр нь хадгаламж байдаг. Тэд өөрийн хөрөнгөөс гадна, иргэд, аж ахуйн нэгжүүдээс хадгаламж татаж, үүнийгээ өндөр хүүтэй зээлд гаргаж дундаас нь ашиг олдог. Хэрэв арилжааны банкуудын хадгаламжийн хэмжээ огцом буурвал, тэд эргэлтийн хөрөнгөгүй болж хүндрэлд ордог байна. Үүнийг хэн ч хүсэхгүй. Тиймээс арилжааны банкууд хадгаламжаа алдахгүйн тулд, хүүгээ өсгөх нь элбэг. Өндөр хүүтэй хадгаламж татаад, бага хүүтэй зээл гаргавал тэдэнд ямар ашиг үлдэх билээ. Тиймээс хадгаламжийнхаа хүүгээ өсгөсөнтэй зэрэгцүүлэн зээлийн хүүгээ өсгөдөг байна. Цаашид инфляци өссөөр байвал арилжааны банкуудын хадгаламж болон зээлийн хүү дагаад өсч магадгүй юм.

-Эрчим хүч, дулааны үнэ нэмэгдэж инфляци өсч болзошгүй-

Өмнө нь нэг килловат цахилгаан 68 төгрөг байсан бол, удахгүй нэг килловат цахилгаан 79 төгрөг 80 мөнгө болж нэмэгдэх юм. Өөрөөр хэлбэл, энэ сарын 15-наас эрчим хүчний суурь үнэ 11 төгрөг 80 мөнгөөр нэмэгдэх гэж байна. Суурь үнээс бусад тарифт ямар өөрчлөлт оров. Эрчим хүчний зохицуулах газрын Үнэ, тарифын газрын дарга Ганчимэг: Цахилгаан тээвэр компанийн эрчим хүчний үнийг нэмэгдүүлээгүй учраас энэ онд тролейбусны үнэ нэмэгдэхгүй байх төлөвтэй байна. Эрчим хүчний үнэ нэмэгдсэнтэй зэрэгцэн дулааны үнэ энэ сарын 15-наас мөн нэмэгдэх тухай хэлсэн юм. Ашигт малтмалын салбараас орж ирэх орлогыг хүний хөгжлийн санд төвлөрүүлэхээр болоод байгаа. Энэ санд төвлөрсөн мөнгөнөөс эх орны хишиг тараах юм. Ингэхдээ эхний ээлжинд иргэн бүрт 120 мянган төгрөг өгөхөөр болсон. Хэрэв энэ мөнгийг нэгэн зэрэг тараавал инфляци хөөрөгдөхөд нөлөөлнө. Мөн дулаан, эрчим хүчний үнэ нэмэгдэж байгаатай холбоотойгоор иргэдийн өдөр тутмын хэрэглээ болох талхны үнэ өсөх төлөвтэй байна. Худалдаа үйлчилгээний бүхий л салбарт үнийн хөөрөгдөл үүсч болзошгүй байгаа юм. Энэ нь инфляци халуурахад нөлөөлөх бас нэг хүчин зүйл гэж эдийн засагчид үзэж байна. Монголбанк энэ онд инфляцийг 8 хувьд барина гэж мөнгөний бодлогодоо тусгасан. Энэ амлалтдаа хүрэх гарц бол, бодлогын хүүгээ нэмэгдүүлэх явдал аж. Ер нь инфляци хоёрдугаар сарын дунд үеэс нэмэгдэх төлөвтэй байгаа. Хэрэв инфляци нэмэгдсээр байвал, гуравдугаар сарын дунд үеэс төвбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлэх байх гэсэн хүлээлт эдийн засагчдын дунд байна. Америк долларын албан ханш өнгөрсөн оны гуравдугаар сарын 19-ний өдөр түүхэнд байгаагүй рекорд тогтоож, 1590 төгрөт хүрсэн. 

-Жижиг дунд бизнесийн зээлийг үргэлжлүүлэн олгоно-

Өнгөрсөн онд жижиг, дунд бизнес эрхлэгчэд жилийн 12 хүүтэй гурван жилийн хугацаатай 30.8 тэрбум төгрөгийг арилжааны банкуудаар дамжуулан зээлсэн. Тэгвэл 2010 онд мөн энэ хэмжээний мөнгийг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгоно. 30,8 тэрбум төгрөгийн 9 тэрбумыг нь лизингийн тоног төхөөрөмж худалдаж авахад зарцуулах бол, 3 тэрбум нь хөрөнгө оруулалтад, 15,8 тэрбум нь хөнгөлөлттэй зээлд, 1,5 тэрбум нь даатгалын үйлчилгээнд, 1,5 тэрбум нь зээлийн баталгааны санд хуваарилагдах юм байна. Энэ оны төсвийн орлогыг 2 их наяд 426 тэрбум, зарлагыг 2 их наяд 785 гаруй тэрбум төгрөг байхаар Засгийн газар тооцож, төсвийн төсөл боловсруулсан байна. Өөрөөр хэлбэл, зарлага өндөр байгаагаас ирэх оны төсөв 358 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай гарахаар байгаа юм. Энэ алдагдлыг монгол улсыг хөгжүүлэн санд орж ирэх мөнгө, гаднаас орж ирэх зээл тусламжаар нөхөхийн зэрэгцээ, засгийн газрын бонд гаргаж нөхнө гэж төсвийн төсөл боловсруулагчид тооцоолсон байна. Хандивлагч орнууд манай улсад энэ жил 65 сая ам.долларын зээл олгох юм. Энэ мөнгөөр төсвийн цоорхойг нөхсөн ч, цаана нь багагүй мөнгө дутаж байгаа. Үүнийг Засгийн газрын урт хугацаатай бонд гаргах замаар олно гэж тооцоолж байгаа юм.

-Улаанбаатар төмөр замын ачаа болон зорчигч тээврийн үнийг нэмэгдүүлнэ-

Улаанбаатар төмөр замын алдагдал нэлээд хэдэн тэрбумаар хэмжигдэж байгаа. Энэ алдагдлыг бууруулахын тулд төмөр замын ачаа тээвэрлэлт болон зорчигч тээврийн үнийг нэмэгдүүлнэ гэж Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Отгондэмбэрэл хэлж байна. Ойрын хоёр жилийн дотор үе шаттайгаар төмөр замын ачаа тээвэрлэлт болон зорчигч тээврийн үнийг нэмэгдүүлнэ гэж тооцоолж байна. Ингэхдээ, энэ оноос үнээ нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

-2011 оны мөнгөний бодлого- 

2010.10.02-ны хавьцаа Монголбанк 2011 оны мөнгөний бодлогын баримт бичгийн төслийг УИХ-д өргөн барив. Монголбанк инфляцийг нэг оронтой тоонд барьж, мөнгөний зөөлөн бодлого явуулж, эдийн засгийн өсөлтийг дэмжиж ажиллана гэдгээ 2011 оны мөнгөний бодлогод тусгасан байлаа. Тэр үеийн Монголбанкны Ерөнхийлөгч Пүрэвдорж: Төрийн албан хаагчдын цалин 30 хувиар нэмэгдлээ. Тэтгэврийн хэмжээ мөн энэ хэмжээгээр нэмэгдсэн. Цалин болон тэтгэврийн өсөлт эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх таатай боломжийг бий болгосон. Гэхдээ худалдаа наймаа эрхлэгчид үүнийг бууруугаар ашиглаж үнэ хөөрөгдвөл, төвбанк бодлогын хүүгээ өсгөөд зогсохгүй, арилжааны банкуудын зээлийг хязгаарлахыг мөнгөний бодлогодоо тусгасан болохыг хэлж байсан юм. Тэгвэл сангийн яамныхан 2011 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр 2011 оны төсвийн орлогыг 3 их наяд 50 тэрбум төгрөг, төсвийн зарлагыг 3 их наяд 250 тэрбум төгрөг байхаар оруулж ирэв. 2010.11.30-ны өдрийн хавьцаа төсөв энэ түвшинд байвал инфляцийг 2011 онд найман хувьд барих боломжтой гэж монголбанкныхан мэдэгдэж байлаа. Гэвч сангийн яамныхан төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр 2011 оны төсвийн зарлагыг огцом нэмэгдүүлсэн байдаг. тэр үеийн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, өнөөгийн Сангийн сайд Б.Жавхлан: Энэ нь инфляцийг нэг оронтой тоонд барих боломжгүй болгосон гэж хэлж байсан юм. Төсвийн зарлагыг анхныхаас нь 700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж баталбал, 2011 онд инфляци 12-20 хувьд хүрнэ гэж төвбанкнынхан тооцоолж байлаа. Гэтэл парламентаар 2011 оны төсвийн зарлагыг анхныхаас нь 800 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 4 их наяд 81 тэрбум төгрөг байхаар баталсан юм. Төсвийн зарлага ийнхүү нэмэгдсэн учир инфляци 2011 онд 20 хувиас дээш давж магадгүйг эдийн засагчид хэлж байсан юм. Инфляци ингэж өсч, төгрөгийн ханш тэр хэмжээгээр унавал юу болох бол. 2009 оны эцэст инфляци 34 хувьд хүрсэн удаатай. Инфляци ингэж өссөнтэй холбоотойгоор төгрөгийн ханш тэр хэмжээгээр унасан байдаг. Өөрөөр хэлбэл, өмнө нь 100 мянган төгрөгөөр худалдан авч байсан бараа бүтээгдэхүүнийг 134 мянган төгрөгөөр авч байсан гэсэн үг юм. 2009 оны сүүлээр арилжааны банкуудын хадгаламжийн хүү жилийн 15 хувь байсныг хэн хүнгүй санаж буй. Энэ үед төгрөгийн ханш 34 хувиар унасан учир иргэд, аж ахуйн нэгжүүд арилжааны банкуудад мөнгөө хадгалуулаад ч ашиг тун тааруу байлаа. Тиймээс тэд арилжааны банкуудаас хадгаламжаа татаж байсан юм. Үүний нэг тод жишээ бол, 2008 оны эцэст арилжааны банкуудын хадгаламж буурч 1 тэрбум төгрөг болсон явдал. Арилжааны банкууд иргэдээс бага хүүтэй хадгаламж татаж, үүнийгээ өндөр хүүтэй зээлд гаргаж дундаас нь ашиг олдог байгууллага юм. Гэтэл иргэд, аж ахуйн нэгжүүд банкуудаас хадгаламжаа татаж эхэлсэн учир арилжааны банкууд хөрөнгийн эх үүсвэргүй болж, улмаар зээлээ хязгаарлаж байсан билээ. Тиймээс тэд зээл олгохын тулд хадгаламжийн хүүгээ нэмэгдүүлж 18 хувьд хүргэсэн тал бий. Гэвч тухайн үед төгрөгийн ханш 34 хувиар унаад байсан учраас дээрх арга хэмжээ төдийлөн үр дүн муутай байлаа. Тодруулбал, арилжааны банкуудын хадгаламж буурсан хэвээр байсан юм. 2009 оны эцэст инфляци жилийн 34 хувьд хүрч өсөхөд эдийн засагт ийм сөрөг үр дагавар гарч байсан. Тэгвэл төсвийн зарлагын өсөлттэй холбоотойгоор инфляци 20 хувьд хүрч болзошгүй байсныг монголбанк төдийгүй, дэлхийн банкныхан анхааруулж байсан юм. Инфляци энэ түвшинд хүрвэл, иргэдийн худалдан авах чадвар буурахын сацуу, арилжааны банкууд зээл гаргах сонирхолгүй болж, улмаар бодит эдийн засагт бууралт гарч болзошгүй юм. Тухайн үед арилжааны банкууд сарын 2 орчим, жилийн 24 хувийн хүүтэй зээл олгож байлаа. Хэрэв инфляци 20 хувиар өсч, төгрөгийн ханш тэр хэмжээгээр унавал, арилжааны банкуудын зээлд гаргасан мөнгө ханшийн эрсдэлд орох нь дамжиггүй. Төгрөгийн ханш 20 хувиар унасан үед, 24 хувийн хүүтэй зээл гаргахад, олох ашиг нь ердөө 4 хувь байх учраас тэр юм. Ийнхүү инфляци өссөн үед арилжааны банкууд зээл гаргах нь эрсдэлтэй байдаг учраас тэд нэг бол бодит эдийн засаг руу гаргах мөнгөө зогсооно. Нэг бол зээлийн хүүгээ өсгөх магадлалтай гэж гэж үзэж байв. Ер нь арилжааны банкууд энэ хоёроос алийг нь сонгох байсан бол. Энэ асуултад тэр үеийн Голомт банкны эрсдэлийн удирдлагын бодлогын газрын менежер Нямдаваа: Инфляци огцом өссөн ч, арилжааны банкууд зээлээ гаргасаар байна. Төгрөгийн ханш унасан үед зээл гаргах нь эрсдэлтэй учир зээлийн хүүгээ өсгөж магадгүй гэж хэлж байсан билээ. Хэрэв арилжааны банкууд зээлийн хүүгээ өсгөвөл инфляци бүр ч хөөрөгдөнө. Аж ахуйн нэгжүүд арилжааны банкуудаас авсан зээлийн хүүгээ үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний үнэ дээр нэмж таарна. Үүнээс болж аж ахуйн нэгжүүдийн дотооддоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний үнэ өсвөл, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээс татгалзаж, импортын барааг худалдаж авах нь ихсэх юм. Өөрөөр хэлбэл, инфляциас хамааралтайгаар зээлийн хүү өсвөл, үндэсний үйлдвэрлэл унах аюултай юм. Төсвийн зарлагын огцом тэлэлттэй холбоотойгоор үүсэх инфляцийн өсөлт араасаа ийнхүү олон арван сөрөг үр дагавар авч ирж болзошгүй байгаа юм. Хэрэв ийм нөхцөл байдал үүсвэл нэгдүгээрт бодлогын хүүгээ бууруулахгүй байх. Хоёрдугаарт арилжааны банкуудын заавал байлгах нөөцийг нэмэгдүүлэх бодлого барьж ажиллана гэсэн тайлбар өгч байсан юм. Нэг талаас, төвбанк бодлогын хүүгээ өсгөвөл арилжааны банкууд зээлээ хумиж, монголбанкны үнэт цаасыг худалдаж авах нь ихэсдэг. Инфляци өндөр үед арилжааны банкууд зээл гаргаж эрсдэлд орж байснаас төвбанкны өндөр хүүтэй үнэт цаас худалдаж авах нь эрсдэлгүй байдаг учраас тэр юм. Нөгөө талаас, арилжааны банкуудыг аливаа эрсдэлд орж болзошгүй гэж нийт дүрмийн сангийнх нь тодорхой хувийг төвбанкинд байршуулдаг. Хэрэв төвбанк арилжааны банкуудын заавал байлгах нөөцийг нэмэгдүүлбэл, тэдний зээлд гаргах мөнгөний хэмжээ хумигдах юм. Инфляцийн эсрэг төвбанк дээрх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлбэл, аж ахуйн нэгжүүдэд өндөр хүүтэй зээл бараг олдохгүйд хүрнэ. Энэ нь эдийн засгийн бодит өсөлтөд сөргөөр нөлөөлөх байв. Тиймээс зарим эдийн засагчдын зүгээс монголбанк инфляцийг ониолхын оронд, эдийн засгийн өсөлтөд анхаарах хэрэгтэйг хэлж байсан юм. Үүнд төвбанкныхан инфляци өндөр үед эдийн засгийн өсөлтөд анхаарал хандуулах боломжгүй. Эдийн засгийн өсөлтөд анхаарлаа хандуулж, инфляцийг орхигдуулсан ч, энэ нь үр дүнгээ өгдөггүй. Бага инфляцитай үед эдийн засаг өсдөг. Тиймээс эхлээд инфляцийг бууруулж, дараа нь эдийн засгийн өсөлтөд анхаарал хандуулна гэсэн тайлбар өгч байсан юм.

-Төвбанк үнэт цаасны хүүгээ өсгөж, заавал байлгах нөөцийн хэмжээг нэмэгдүүлэв-

2011.01.01. Монгол Улс. Улаанбаатар хот. Дотоодын зах зээлд бэлэн мөнгөний хэмжээ нэмэгдвэл инфляци огцом дээшилдэг. Ирэх оны төсвийн алдагдал 700 тэрбум төгрөг буюу зарлага нь орлогоосоо хэт өндөр байгаа нь энэ онд мөнгөний нийлүүлэлт их байхыг илтгэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор энэ онд инфляци огцом өсөх төлөвтэй байгааг ч Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан: Одоогоос хоёр жилийн өмнө цалин, тэтгэвэр нэмэх үед мөнгөний нийлүүлэлт огцом нэмэгдэж байсан. Энэ үед дэлхийн зах зээлд улаанбуудай болон нефтийн үнэ өсч, манайхан ч үүнийг нь далимдуулж дотоотын зах зээлд шатахуун, гурилын үнийг нэлээд хөөрөгдсөн. Үүний үр дүнд 2008 оны есдүгээр сард инфляци 34 хувьд хүрч, монголын төдийгүй дэлхийн түүхэнд байгаагүй түвшинд хүрсэн. Инфляци ингэж өсч, төгрөгийн ханш тэр хэмжээгээр унахад, иргэдийн амжиргаа дордоод зогсохгүй аж ахуйн нэгжүүдэд зээл олдохоо больж байсан цаг саяхан. Ер нь инфляци өсч, төгрөгийн ханш тэр хэмжээгээр унавал, арилжааны банкууд зээл гаргах сонирхолгүй болдог. Арилжааны банкуудын зээлд гаргасан мөнгөний хүү эрсдэлд ордог учраас тэр юм гэсэн хариулт өгөв. Инфляци өссөн үед зээл олгох ашиггүй учир арилжааны банкууд 2008 оны эцэст зээлээ хязгаарлаж, оронд нь төвбанкны өндөр хүүтэй үнэт цаас худалдаж авахыг илүүд үзэж байлаа. Тиймээс төвбанк үнэт цаасны хүүгээ өсгөж, заавал байлгах нөөцийн хэмжээг нэмэгдүүлж байсан юм. Ингэх нь дотоодын зах зээл дэх бэлэн мөнгийг хумих, улмаар инфляцийг бууруулахад дөхөмтэй байдаг аж. Арилжааны банкууд эргэлтийн хөрөнгийнхөө тодорхой хувийг заавал байлгах нөөцөд байршуулж, үлдэх мөнгөө төвбанкны үнэт цаасанд байршуулж байсан учир, аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийн хэмжээ 2008 оны эцсээр үлэмж хэмжээгээр буурсан юм. Үүний үр дүнд аж ахуйн нэгжүүд эргэлтийн хөрөнгөгүй болж, бодит эдийн засагт бууралт гарсан гашуун түүх бий. Энэ онд инфляци 20 хүртэл хувиар өсөх төлөвтэй байна. Хэрэв инфляци энэ хэмжээнд хүрвэл, 2008 оных шиг зүйл давтагдаж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн худалдан авах чадвар буурч, арилжааны банкууд зээлээ хязгаарлаж, аж ахуйн нэгжүүд эргэлтийн хөрөнгөгүй болж, бодит эдийн засагт бууралт гарч болзошгүй байгаа юм. Алдагдал ихтэй төсвөөс болж энэ онд инфляци өсч, арилжааны банкууд зээлээ багасгаж магадгүй байна. Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Ням-Осор: Харин жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хаягласан зээлийн хэмжээ өсөх таатай мэдээлэл байна гэв.

-Инфляц ба мөнгөний нийлүүлэлт-

2011.09.24. Монгол Улс. Улаанбаатар хот. 2011 онд мөнгөний нийлүүлэлт хамгийн их анхаарал татаж байсан асуудлын нэг байлаа. Мөнгөний нийлүүлэлтийн хурдыг үйлдвэрлэлийн хурд гүйцэхгүй байсан учир анхаарал татахгүй байхын аргагүй. ДНБ-ий үйлдвэрлэл 2011 онд 2010 оны мөн үеийнхээсээ ердөө 14 хувиар өссөн байхад, мөнгөний нийлүүлэлт 67 хувиар өсчихсөн явсан юм. 2011.09.24-нд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 4 их наяд 762 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан бол, мөнгөний нийлүүлэлт 6 их наяд төгрөг рүү дөхөж явсан юм. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үнийн дүнгээс мөнгөний нийлүүлэлт нь 1,3 их наяд төгрөгөөр хэтэрчихсэн байлаа. Тухайн улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээс мөнгөний нийлүүлэлт нь хэтэрвэл эрэлт нэмэгдэж, мөнгө илүүдэж, инфляци хөөрөгдөх нь эдийн засгийн энгийн ойлголт юм. Үүгээр авч үзвэл, тэр үед манай улсад инфляци огцом нэмэгдэж 20-30 хувьд хүрч болзошгүй нөхцөл байдал ажиглагдах болов. Тиймээс үүнээс сэргийлэхийн тулд холбогдох байгууллагууд байдаг аргаа хэрэглэж суусан нь мэдээж. Арилжааны банкуудад байршиж байгаа хөрвөх чадвар өндөртэй мөнгө зээл хэлбэрээр зах зээл рүү гэнэт цутгахаас сэргийлж Засгийн газар болон Төвбанк байдаг аргаа хэрэглэж байсан гэсэн үг юм. Тухайлбал, төвбанк үнэт цаасныхаа хүүг өсгөж, арилжааны банкуудын нийт хадгаламжийн дүнгээс төвбанкинд заавал байршуулах ёстой хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж байв. Харин Засгийн газар 372 тэрбум төгрөгийн бондоо Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалснаар арилжааны банкуудын зээлд гаргах мөнгөний тодорхой хувь нь Засгийн газрын бондод байршиж, улмаар энэ хэмжээний илүүдэл мөнгийг зах зээл рүү гэнэт цутгахаас сэргийлж, инфляцийг бага ч болтугай хязгаарлахаар тооцоолж байв. Монгол Улсын хөгжлийн банкны тухайд, эхний ээлжийн 800 тэрбум төгрөгийн бондоо дотоодын зах зээлд гаргаж, үүнийгээ арилжааны банкуудад худалдсан бол, мөнгөний нийлүүлэлтийг хумихад бага ч болтугай нэмэр болж, тэр хэрээр инфляцид санаа зовох зүйлгүй болох байлаа. Гэтэл Монгол Улсын Хөгжлийн банк бондоо дотоодын зах зээлд бус, гадаад зах зээлд гаргахаар бэлтгэл ажилдаа оржээ. Үүнд судлаачид Монгол Улсын Хөгжлийн банк бондын хүүгээ бага болтугай нэмэгдүүлж, бүтээгдэхүүнийхээ талыг арилжааны банкуудад худалдах замаар илүүдэл мөнгийг хумихад туслалцаж болох байсан хэмээн үзэж байлаа. 

-Инфляци 2012 онд-

2012.10.13. Үндэсний статистикийн хорооноос явуулсан судалгаагаар инфляци 2012 оны есдүгээр сард өмнөх сараасаа 1 хувиар өссөн үзүүлэлт гарч байсан юм. Үүний гол шалтгааныг тэр үеийн Үндэсний статистикийн хорооны ерөнхий менежер Ганбат: 2012 оны есдүгээр сард согтууруулах ундаа болон тамхины үнэ 40 орчим хувиар өссөн байна. Үүнээс гадна, хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ 20 гаруй хувиар өсчээ. Энэ нь инфляци өмнөх сараасаа 1 хувиар өсөхөд голлон нөлөөлсөн хэмээн тайлбарлаж байсан юм. Үүнийг оролцуулбал, инфляци 2012 оны эхнээс 12,2 хувийн, өмнөх оны мөн үеэсээ 14,8 хувийн өсөлттэй гарч байсан юм. 

-Инфляци ба дотоодын нийт бүтээгдэхүүн-

Бараа бүтээгдэхүүний үнэ өсч, буурах нь эрэлт, нийлүүлэлтээс шалтгаалж байдаг зүйл. Эрэлт өсч, нийлүүлэлт буурвал, бараа бүтээгдэхүүний үнэ өсч, инфляци нэмэгддэг. Эрэлт буурч, нийлүүлэлт ихэсвэл, бараа бүтээгдэхүүний үнэ хямдарч, инфляци доошилдог байна. Инфляцийг бүр энгийнээр тайлбарлавал, хүмүүсийн гар дээр мөнгө байв ч, түүнтэй тэнцэх хэмжээний бараа, бүтээгдэхүүн зах зээлд байхгүй бол, үнийн хөөрөгдөл газар авч, инфляци нэмэгддэг гэсэн үг юм. Манай улсын эдийн засагт сүүлийн жилүүдэд яг ийм зүйл ажиглагдах болсон. Тухайлбал, хэдэн жилийн өмнө Үндэсний статистикийн хорооноос явуулсан судалгаагаар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 4 их наяд 762 тэрбум төгрөгт хүрсэн ч, мөнгөний нийлүүлэлт нь үүнээс 1 их наяд төгрөгөөр байжээ. Үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнээс давсан мөнгөний нийлүүлэлт хийгдэж байна гэсэн үг юм. Зах зээлд эргэлдэж байгаа мөнгөтэй, үйлдвэрлэлийн хэмжээ тэнцэж байвал, инфляцид санаагаа чилээх нь харьцангуй бага байх нь мэдээж юм. Гэвч манай улсын үйлдвэрлэлийн хурд, мөнгөний нийлүүлэлтийн хурдаас удаа явж ирсэн. Тухайлбал, Үндэсний статистикийн хорооноос хэдэн жилийн өмнө явуулсан судалгаагаар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өмнөх оноосоо 29 хувиар өссөн байхад, мөнгөний нийлүүлэлт 67 хувийн өсөлттэй гарч байсныг нуух юун. Үйлдвэрлэлийн өсөлт, мөнгөний нийлүүлэлтийн хурдыг гүйцэхгүй байгаа үед бараа бүтээгдэхүүний үнэ өсч, инфляци нэмэгдэх нь мэдээж юм. Инфляцийг өсгөж болзошгүй мөнгөний нийлүүлэлт юунаас болж огцом нэмэгдэж байсныг хүн бүр сонирхдог. Тухайн үед манай улсын мөнгөний нийлүүлэлт 6 их наяд төгрөг рүү дөхсөн байлаа. Үүний 46,8 хувийг төгрөгийн хадгаламж, 24,4 хувийг төгрөгийн харилцах, 10,1 хувийг гадаад валютын хадгаламж, 12,2 хувийг гадаад валютын харилцах, 6,4 хувийг банкнаас гадуурх мөнгө эзэлж байсан юм. Төгрөгийн болон валютын харилцах, мөн банкнаас гадуурх мөнгө хөрвөх чадвар өндөртэйд тооцогддог. Эдгээр нь нийт мөнгөний нийлүүлэлтийн 55 хувийг тухайн үед эзэлж байсан юм. Хөрвөх чадвар өндөртэй мөнгө зах зээл рүү гэнэт цутгавал инфляцийг өдөөдөг байгаа юм. Тиймээс үүнээс сэргийлэхийн тулд төвбанк заавал байлгах нөөцийг 2 хувиар өсгөж 11 хувьд хүргэв. Харин бодлогын хүүгээ 0,25 хувиар өсгөж, 11,75 хувьд хүргэж байсан нь хэдэн жилийн өмнөх үйл явдал билээ. Инфляцийг өдөөж болзошгүй байсан мөнгөний нийлүүлэлтийг хязгаарлах зорилгоор тухайн үед ийм арга хэмжээ авч байсан гэдэг. Энэ талаар тэр үеийн Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Түвшинтөгс: Заавал байлгах нөөцийн хэмжээг нэмэгдүүлж, бодлогын хүүгээ өсгөх нь арилжааны банкуудын зээлд гаргах мөнгөний хэмжээг бууруулдаг болохыг хэлж байсан юм.

-Инфляци ба эдийн засгийн өсөлт- 

Дээрх бодлогын арга хэрэгсэл инфляцийг хязгаарладаг ч, эдийн засгийн өсөлтийг сааруулдаг. Арилжааны банкууд зээлээ хумиж эхэлбэл, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулах хөрөнгийн эх үүсвэргүй болж, үйлдвэрлэл буурдаг байна. Тиймээс инфляци өссөн үед үнийн өсөлтийг хязгаарлах уу, эсвэл бодит эдийн засгаа өсгөх үү гэсэн хоёрдмол байдалтай тулгарах нь элбэг. Тиймээс инфляци өссөн үед энэ хоёрын алийг нь эхлээд чухалчлах ёстой вэ гэх асуулт гардаг. Үүнд Японы төвбанкны Мөнгөний бодлогын хамтын ажиллагааны төвийн дарга Масару Тамака: Инфляци хэт өсч, үнийн өсөлт эрчимтэй газар авбал эхлээд инфляцийг онилох нь зүйтэй болохыг хэдэн жилийн өмнө манай улсад үеэр үеэрээ хэлж байсан юм. Тэгэж байж арилжааны банкуудын зээлийн хүү буурдаг байна. Тэгэж байж эдийн засаг бодитоор өсөх үндэс тавигддаг байна. 

-Инфляци ба төгрөгийн ханш- 

2012.07.18. Үнийн өсөлт, бууралтыг албан ёсоор судалж, инфляцийн дүн мэдээг олон нийтэд танилцуулдаг газар бол Үндэсний статистикийн хороо юм. Үндэсний статистикийн хороо долоо хоног тутам хүнсний томоохон захуудаар худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг судалдаг. Долоо хоног бүрийн судалгааг нэгтгэж, сар тутмын инфляцийн өсөлт, бууралтын судалгааг гаргаж ирсэн юм. Энд нэг жишээ дурдахад, 2012 оны долоодугаар сарын 18-ны байдлаар инфляци өмнөх сараасаа 0,5 хувь, оны эхнээс 9,7 хувь, өнгөрсөн оны мөн үеэсээ 14,7 хувиар өссөн байлаа. Өөрөөр хэлбэл, инфляцийн жилийн өсөлт хоёр оронтой тоонд шилжсэн гэсэн үг юм. Инфляци улсын хэмжээнд жилийн 14 гаруй хувьтай байна гэдэг нь төгрөгийн худалдан авах чадвар өнгөрсөн оны мөн үеэсээ 14 гаруй хувиар буурсаныг илтгэж буй хэрэг юм. Үүнийг бүр энгийнээр тайлбарлавал, өнгөрсөн онд 100 төгрөгөөр худалдан авдаг байсан бараа, бүтээгдэхүүнийг 114 төгрөгөөр худалдан авдаг болсон гэсэн үг  юм. Ийнхүү инфляцийн өсөлт төгрөгийн худалдан авах чадварыг бууруулж, улмаар иргэдийн амжиргаанд сөргөөр нөлөөлдөг байна. Тэр үеийн Монголбанкны Мөнгөний бодлогын судалгааны газрын дарга Болдбаатар: Инфляцийн огцом өсөлт бага, дунд орлоготой иргэдэд хамгийн хүндээр тусдаг болохыг хэлж байлаа. Инфляци огцом өссөн үед, иргэдийн худалдан авах чадвар буурдаг байна. Иргэдийн худалдан авах чадвар буурвал, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний борлуулалт тэр хэрээр саардаг байна. Үүгээр дамжиж дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурч, бодит эдийн засагт бууралт гардаг болохыг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Өөрөөр хэлбэл, инфляци өндөр үед эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх ямар ч боломжгүй болох нь эндээс харагддаг. Тиймээс Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш, доктор, профессор Оюун: Инфляци нэг оронтой тоонд байвал эдийн засагт дэмжлэг үзүүлдэг ч, хоёр оронтой тоонд шилжвэл эм гэхээсээ илүүтэй эдийн засагт хор болдог тухай хэлдэг юм.

-Инфляци ба зээлийн хүү-

Инфляци өндөр үед зээлийн хүүг бууруулах ямар ч бололцоогүй болохыг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Учир нь инфляци хэт өссөн үед иргэд, аж ахуйн нэгжүүд худалдан авах чадвараа алдаж буй төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулахыг хүсдэггүй байна. Тэд аль болох хадгаламжаас мөнгөө татаж, түүгээрээ үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, эсвэл өөр эрсдэлгүй бизнест хөрөнгө оруулахыг илүүд үздэг байна. Тиймээс инфляци огцом өссөн үед, иргэд аж ахуйн нэгжүүд банкнаас хадгаламжаа татах нь ихэсдэг байна. Энэ үед арилжааны банкуудын зээлд гаргах санхүүгийн эх үүсвэр дагаад хумигддаг гэж ойлгож болно. Тиймээс инфляци огцом өссөн үед арилжааны банкууд хадгаламж гадагшлах урсгалыг зогсоохын тулд, аргагүйн эрхэнд хадгаламжийн хүүгээ өсгөдөг тал ажиглагддаг аж. Хадгаламжинд өндөр хүү төлж, зээлээ бага хүүтэй гаргавал, арилжааны банкуудад мэдээж алдагдалтай. Тиймээс арилжааны банкууд хадгаламжийн хүүгээ өсгөвөл, зээлийн хүүгээ дагаад өсгөх шаардлагатай тулгардаг юм. Зээлийн хүү өсвөл яах вэ. Аж, ахуйн нэгжүүд зээлийн хүү буурахыг хүлээх нь ойлгомжтой юм. Энэ нь үйлдвэрлэл буурахад нөлөөлж болзошгүй байдлыг бий болгодог. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд өндөр хүүтэй зээл авч үйл ажиллагаагаа өрнүүлнэ. Гэвч өндөр хүүтэй зээл авсан учир үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн нь өндөр өртөгөөр гарч таарна. Энэ нь эргээд инфляцийг өсгөх хөшүүрэх болох нь дамжиггүй юм.

-Инфляци ба бондын хүү-

Энэ мэт инфляци нэг оронтой тооноос хэтэрвэл бага, дунд орлоготой иргэдэд хүндээр тусаад зогсохгүй, улс орны эдийн засагт хүндрэл авч ирдэг байна. Монголбанкны Валют эдийн засгийн судалгааны хэлтсийн захирал Болд: Инфляци өсвөл цаашлаад гадаадын хөрөнгө оруулалтыг бууруулдаг болохыг хэлж байсан удаатай. Үүнээс гадна, инфляцийн өсөлт бондын орлогыг хүртэл бууруулдаг сул талтай аж. Энд нэг жишээ дурдахад, Засгийн газар 2011 онд 372 тэрбум төгрөгийн бонд гаргаж байсан билээ. Үүнийг 1-5 жилийн хугацаатай, 8-12 хувийн хүүтэй гаргаж байжээ. Тодруулбал, нэг жилийн хугацаатай бондоо 8 хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай бондоо 9 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай бондоо 10 хувийн хүүтэй, 4 жилийн хугацаатай бондоо 11 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай бондоо 12 хувийн хүүтэй гаргаж байжээ. Засгийн газрын ийм хугацаатай, ийм хүүтэй бондыг хөрөнгө оруулагчид ашиг олох зорилгоор худалдаж авсан байж таарна. Гэвч, инфляци 14 хувьд хүрч, төгрөгийн худалдан авах чадвар тэр хэмжээгээр буурсан үед, Засгийн газрын бондын хүүгээс бодит орлого орж ирэхгүй байх дүр зураг ажиглагддаг юм. Тухайлбал, хөрөнгө оруулагч засгийн газрын таван жилийн хугацаатай 12 хувийн хүүтэй бонд худалдаж авсан ч, инфляци 14 хувьд хүрсэн үед ашиг олох бус, харин ч 2 хувийн хүүгийн алдагдал хүлээх дүр зураг ажиглагддаг билээ. Гэхдээ инфляци цаашид буурвал, бондын орлогоос хүүгийн ашгаа аваад явах боломж нээгдэх нь ойлгомжтой. Ийнхүү инфляци өсч, төгрөгийн худалдан авах чадвар буурах нь энэ мэт эдийн засаг, санхүү, өрхөд хүндээр тусдаг учир төвбанк инфляцийг нам дор түвшинд байлгаж, төгрөгийн ханшийг тогтвортой байлгахад анхаарлаа хандуулж ажилладаг юм.

-Бодлогын хүүг буурууллаа-

2020.09.14. Монгол Улс. Улаанбаатар хот. Төвбанк.Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 8 хувьд хүргэхээр боллоо. Мөн урт хугацаат репо санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх шийдвэр гаргалаа. Эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, гадаад дотоод орчны тодорхой бус байдал, эрсдэлийг харгалзан үзэж ийм шийдвэр гаргажээ. Энэ нь банкны салбараас эдийн засгийн бодит секторт олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, зээлийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм. Тухайн шийдвэр, арга хэмжээ нь инфляцын зорилтыг хангаж, эдийн засгийн уналтыг сааруулан, улмаар сэргэлтийг дэмжинэ гэж үзэж байна. Жилийн инфляци өнгөрсөн сард улсын хэмжээнд 2.1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 1.7 хувьд хүрч буурчээ. Ирэх саруудад инфляци бага зэрэг нэмэгдэх ч, өнөөгийн бага түвшинд хадгалагдаж, ирэх жилүүдэд зорилтот түвшнээс давхааргүй байгаа. Харин эдийн засаг “КОВИД-19” цар тахлын нөлөөгөөр оны эхний хагаст 9.7 хувиар агшсан байна. Гэхдээ мөнгөний болон сангийн бодлогын арга хэмжээнүүд, гадаад орчны сэргэлттэй холбоотойгоор энэ оны сүүлийн хагаст эдийн засгийн уналт саармагжиж, ирэх онд сэргэх төлөвт шилжих төлөвтэй байгаа юм. “КОВИД-19” цар тахлын нөлөөгөөр глобал эдийн засгийн идэвхжил оны эхний хагаст огцом унасан ч, хоёрдугаар хагасаас сайжрах төлөв ажиглагдаж байгаа юм. Энэ нь хөрөнгийн захын үнэ, эрдэс бүтээгдэхүүний үнэ, худалдааны идэвхжил зэргээс харагдаж байна. Гэвч гадаад, дотоод эдийн засгийн цаашдын төлөв нь вирусийн тархалтыг хяналтад оруулахаас хамаарч байгаа тул тодорхой бус байдал өндөр хэвээр байна. “КОВИД-19” цар тахлын нөлөөг бууруулах зорилгоор шат дараатай авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээнүүд нь дотоод эдийн засгийн уналтыг сааруулах, банкны салбарын тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлж байгаа. Цаашид банк, өрх, аж ахуйн нэгжийн төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжихийн зэрэгцээ банкны системийн зээлийн тасалдал үүсэхээс сэргийлсэн арга хэмжээнүүдийг авч ажиллана гэж төвбанкнаас мэдээллээ.

-Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалав-

2021.09.16. Монгол Улс. Улаанбаатар хот. Төвбанк. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны төлөв байдлыг харгалзан:

  1. Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах;
  2. Урт хугацаат репо санхүүжилтийн хэмжээг 2021 оны 4 дүгээр улиралд 100 хүртэлх тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх  шийдвэр гаргалаа.

Жилийн инфляц 2021 оны наймдугаар сард улсын хэмжээнд 8.9 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 9.1 хувьд хүрч өслөө. Инфляц эдийн засгийн сэргэлтийн нөлөөгөөр нэмэгдэж байгаа боловч дийлэнх хэсгийг нь суурь үеийн нөлөө, нэг удаагийн шинжтэй нийлүүлэлтийн хүчин зүйлс тайлбарлаж байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляц өсөх хэдий ч 2022 оны сүүлийн хагаст Төв банкны зорилтын орчимд тогтворжих хүлээлт хэвээр байна. Гэвч дэлхийн эдийн засгийн сэргэлт, олон улсын нийлүүлэлтийн сүлжээ, логистикийн сааталтай холбоотойгоор гадаад инфляц болон дэлхийн зах зээл дээрх хүнс, шатахууны үнэ хүлээлтээс давж өсөх, дотоод зах зээл дээр нийлүүлэлтийн шалтгаанаар  инфляцын төлөв нэмэгдэх эрсдэлтэй байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт нэмэгдэж, ихэнх экспортын бүтээгдэхүүний үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа боловч үүнээс бий болж буй эерэг нөлөө хүлээлтээс бага байлаа. Засгийн газар болон Төв банкнаас хэрэгжүүлж буй эдийн засгийг сэргээх бодлогын арга хэмжээ эдийн засгийн идэвхжилд эерэг нөлөөтэй байгаа хэдий ч нүүрсний экспорт, үйлдвэрлэл улмаар тээврийн салбар, импортын саатал, өмнөх хөл хорионы нөлөөгөөр барилга, боловсруулах, үйлчилгээний салбарын идэвхжил хүлээлтээс бага байсан нь эдийн засгийн өсөлт өмнөх улирлаас саарахад голлон нөлөөлөв. Дэлхий дахинд вирусийн шинэ хувилбарын тархалт үргэлжилж, вакцинжуулалтын үр нөлөөг бууруулж, болгоомжлолыг нэмэгдүүлж байгаа нь цар тахлаас үүдэлтэй тодорхой бус байдлыг эдийн засгийн гадаад, дотоод орчинд үүсгэж байна. Эдийн засагт цар тахлын учруулж буй хүндрэлийн үед Төв банкны зүгээс хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлого, санхүүгийн хөнгөлөлтийн арга хэмжээнүүд нь эдийн засгийн сэргэлт, санхүүгийн салбарын тогтвортой байдалд дэмжлэг болж байна. Мөнгөний бодлогын одоогийн төлөв нь инфляцыг тогтворжуулах, эдийн засгийг сэргээх зорилттой нийцтэй байгаа бөгөөд цаашид эдийн засгийн сэргэлт тогтворжиж, инфляц түр зуурын бус шинжтэйгээр зорилтоос давах эрсдэл үүсвэл шаардлагатай бодлогын тохируулга хийх болно гэж төвбанкнаас мэдээлэв. 

-Ирэх оны мөнгөний бодлогыг өргөн барилаа-

2020.09.25. Монгол Улс. Улаанбаатар хот. Энэ өдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн УИХ-д өргөн барилаа. Жил бүрийн аравдугаар сарын 1-нээс өмнө ирэх оны мөнгөний бодлогын өргөн баридаг уламжлалтай. Энэ дагуу хуулийн хугацаанд багтааж дараа жилийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг өргөн барисан нь энэ юм. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд инфляцыг 2021-2023 онд +1-2 нэгж хувийн интервалд 6 хувь орчимд тогтворжуулах зорилтыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүний зэрэгцээ макро зохистой бодлогыг цар тахлаас шалтгаалан эдийн засгийн төлөв, санхүүгийн орчинд бий болсон сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх, банкны системийн эрсдэлээс сэргийлэх, санхүүгийн зуучлалыг тасалдуулахгүй байх үүднээс мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх юм байна. Өмнөх жилүүдэд мөчлөг сөрсөн бодлогоор хэрэглээний зээлийн хэт хурдтай өсөлтийг сааруулж, банкны балансын долларжилтыг бууруулах арга хэмжээ авсан нь эдийн засгийн хүндрэлийн үед үүсэж болзошгүй байсан эрсдэлийг хязгаарласан. Санхүүгийн тогтвортой байдлын хүрээнд, коронавируст цар тахлын эдийн засгийн хүндрэлийн үед мөчлөг сөрсөн арга хэрэгслийг ашиглан банкны салбарын эрсдэл даах чадварыг хадгалах, хяналт шалгалтын болон зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, хууль эрх зүйн орчны шинэтгэлийг үргэлжлүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх юм байна. Цар тахлын үргэлжлэх хугацаа тодорхойгүй байгаа ч 2021 онд Монголбанкны хяналт шалгалтын бодлого хүндрэлийг хохирол багатай даван туулж, санхүүгийн зуучлалын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийн хувилбаруудыг боловсруулж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, түр хугацааны мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээнүүдээс аажмаар гарах төлөвлөгөөг боловсруулахад чиглэх юм байна. Үүний зэрэгцээ, банкны зохистой харьцаа, активын ангилал, төлбөрийн чадварын үзүүлэлт болон хяналт шалгалтын хүрээнд тавигддаг шаардлагуудыг Базелийн цуврал стандарттай нийцүүлэн шат дараатай нэвтрүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх суурь шилжилтийг тасралтгүй үргэлжлүүлэх юм байна. Мөн бие даасан 10 гаруй хуулийг багтаасан Банкны салбарын хууль, эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна. Ингэснээр хууль тогтоомжийн давхардал, хийдэл зөрчлийг арилган уялдаа холбоог сайжруулснаар санхүүгийн зах зээл илүү үр ашиггай ажиллах, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, зах зээлд технологийн дэвшил нэвтэрч шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болох орчныг бүрдүүлэх, санхүүгийн зуучлалыг өргөжүүлэх ач холбогдолтой хэмээн тооцжээ. Төв банк санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх, үндэсний төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг хангах, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дэмжихийн зэрэгцээ УИХ-аас баталсан Зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлэх, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог үргэлжлүүлэн сайжруулах, Банк, санхүүгийн үйлчилгээний цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг ажлыг төрийн бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр ирэх оны мөнгөний бодлогын төсөлд тусгасан байна. Цаашид коронавируст цар тахлын нөлөөгөөр эдийн засагт бий болсон сөрөг нөлөөллийг бууруулах, үүсэж болзошгүй эрсдэлүүдээс сэргийлж, макро эдийн засаг, ажил эрхлэлтийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэх шаардлагатай тул Монголбанкны ирэх жилүүдийн бодлого, үйл ажиллагаа энэхүү зорилтыг хангахад чиглүүлнэ гэдгийг төслийг өргөн барих үеэрээ Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулсан юм. Монгол Улсын эдийн засагт 2017-2019 онд сэргэлт бий болж тогтворжсон ч, коронавируст цар тахал, түүнээс сэргийлэх арга хэмжээний нөлөөгөөр эдийн засагт оролцогчдын хүлээлт өөрчлөгдөж, бизнесийн үйл ажиллагаа хязгаарлагдаж, иргэдийн амьжиргаанд сөрөг үр дагавар нь мэдрэгдсэн. Энэ үед Монголбанк эдийн засгийн уналтаас иргэд, аж ахуйн нэгж, банкны системийг хамгаалах, үүссэн нөхцөл байдлыг зөөлрүүлэхээр мөнгөний бодлого, макро зохистой бодлого, микро зохистой бодлогын багц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн УИХ-ын даргад мөн танилцууллаа. Цаашид Төв банк хуулиар ногдсон үндсэн зорилтуудаа биелүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэрэгслээ ашиглаж, цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн сорилтыг хохирол багатай даван туулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахыг зорин холбогдох эрх бүхий байгууллагууд болон олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллахаар төлөвлөсөн байна. 

-Мөнгөний бодлогыг хэлэлцэх эсэхийг дэмжлээ-

2020.10.01. Монгол Улс. Улаанбаатар хот. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн төсөл санаачлагчийн илтгэлдээ, ковид-19 цар тахал олон улсад хурдтай дэлгэрснээр дэлхийн эдийн засагт хүчтэй сөрөг нөлөө үзүүлж, гадаад болон дотоод эдийн засгийн орчны байдал, цаашдын төлөвийг эрс өөрчилсний зэрэгцээ буцаж сэргэх хугацаа тодорхойгүй байна. Хөгжсөн болон хөгжиж буй улс орнуудад нийгмийн эрүүл мэндийг хамгаалахаар хэрэгжүүлсэн гадаад болон дотоод карантин, хөл хорионы арга хэмжээ нь бизнесийн үйл ажиллагааг хумих, зах зээл дээр савлагаа үүсгэн эдийн засагт хүчтэй агшилт, уналтыг бий болгоод байгааг дурдав. Коронавирусын цар тахал хүмүүсийн хөдөлмөрлөх, хэрэглэх, хадгалах зан, төлөв болоод хөрөнгө оруулалтын шийдвэр, бизнесийн арга барил, нийлүүлэлтийн сүлжээнд олон өөрчлөлтийг түр зуур, зарим тохиолдолд бүрмөсөн бий болгосноор эдийн засагт бүтцийн шинжтэй шилжилтийг бий болгож байгаа гэлээ. Дотоодын эдийн засагт 2017-2019 онд сэргэлт бий болж, тогтворжсон хэдий ч цар тахлаас үүдэлтэй сөрөг нөлөө уул уурхай, тээвэр, худалдаа, үйлчилгээ болон боловсруулах салбарт бизнесийн үйл ажиллагааг хязгаарлаж, өрхийн ажил эрхлэлт, цалин орлогод сөрөг үр дагавар үүссэн болохыг танилцуулгад дурдав. Экспортын орлого хумигдаж, төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдсэн нь валютын нөөц дээр дарамт учруулсан бол татварын орлого хумигдаж, төсвийн зарлага нэмэгдсэнээр төсвийн алдагдал тэлсэн. Экспортын орлогын бууралт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын бууралт, гадаад өрийн эргэн төлөлт, төсвийн хөрөнгө оруулалтын зардалтай холбоотой төлбөрийн тэнцлийн алдагдал 600 орчим сая ам.долларт хүрч, гадаад валютын нөөцийн хүрэлцээтэй байдалд дарамт учруулж байгааг төслийн танилцуулгад дурдлаа. Төсвийн орлогын тасалдал, зарлагын өсөлт нь төсвийн алдагдлыг ДНБ-ий 12.5 орчим хувиар нэмэгдүүлж, дотоод, гадаад зээлээр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл санхүүжүүлэх шаардлагыг бий болгожээ. Түүнчлэн, зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсэж байгаа нь банк, санхүүгийн байгууллагын зээлийн нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж байгаа аж. Санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, зээлдэгчдийн санхүүгийн хүндрэлийг зөөлрүүлэхэд чиглэсэн бодлогын багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч макро орчны эрсдэл, банкуудын эрсдэл даах чадвар хэвээр хадгалагдаж байгаагаас шалтгаалаад зээлийн нийлүүлэлт саарах хандлага бий болсныг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулгадаа дурдсан. Төв банк инфляцыг 2021-2023 онд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхээ үндсэн чиглэлийн төсөлд тусгажээ. Монголбанк зах зээлийн зарчимд тулгуурлан үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлснээр инфляц сүүлийн гурван жилд зорилтот 8 хувийн түвшинд тогтвортой хадгалагдав. 2006-2016 онд жилийн дунджаар 10 хувь буюу харьцангуй өндөр түвшинд, өндөр хэлбэлзэлтэй байсан инфляцыг ийнхүү тогтворжуулснаар Төв банк инфляцын зорилтыг бууруулах боломж бүрдсэн байна. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ Монголбанк ирээдүйд чиглэсэн, зах зээлийн зарчимд суурилсан, эрэлтийн гаралтай инфляцыг зохистой түвшинд хадгалах стратегийг баримтлах аж. Харин цаг агаарын нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзэл, гадаад болон дотоод тээвэр, ложистик зэргээс шалтгаалсан 1 удаагийн шинжтэй, нийлүүлэлтийн гаралтай инфляцын нөлөө түр зуурын шинжтэй байх тохиолдолд мөнгөний бодлогоор удирдах нь эдийн засагт өндөр зардалтай, ажил эрхлэлтийг сааруулах үр дагаврыг бий болгосон бодлогын оновчгүй сонголт тул түүнд хариу үйлдэл үзүүлэхгүй гэлээ. Макро зохистой бодлогыг Ковид-19 цар тахлаас шалтгаалан эдийн засгийн төлөв, санхүүгийн орчинд бий болсон сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх, банкны системийн эрсдэлээс сэргийлэх, санхүүгийн зуучлалыг тасалдуулахгүй байлгах зорилгоор мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх юм байна. Өмнөх жилүүдэд мөчлөг сөрсөн бодлогоор хэрэглээний зээлийн хэт хурдтай өсөлтийг сааруулж, банкны балансын долларжилтыг бууруулах арга хэмжээ авсан нь эдийн засгийн хүндрэлийн үед үүсэж болзошгүй байсан эрсдэлийг хязгаарлжээ. Макро зохистой бодлогыг хэрэгжүүлэхдээ мөнгөний бодлоготой оновчтой хослуулах, бодлогын шинжилгээний арга зүйг хөгжүүлэхэд олон улсын сайн туршлагаас Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн системд нийцүүлэн нэвтрүүлэх зорилтыг мөн төсөлд тусгасан байна. Түүнчлэн Монголбанк олон нийттэй харилцах харилцааг хөгжүүлэн Төв банкны ил тод байдал, хариуцлагатай байдлыг хангах, зах зээл дээрх мэдээллийн тэгш бус байдлыг бууруулах, бодлогын үр нөлөөг дээшлүүлэхийг зорьж ажиллана гэлээ. Ковид-19-ийн эдийн засгийн хүндрэлийн үед мөчлөг сөрсөн арга хэрэгслийг ашиглан банкны салбарын эрсдэл даах чадварыг хадгалах, хяналт шалгалтын болон зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, хууль, эрх зүйн орчны шинэтгэлийг үргэлжлүүлэх ажлуудыг төлөвлөжээ. Цар тахал цаашид хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхой бус байгаа хэдий ч 2021 онд Монголбанкны хяналт шалгалтын бодлогo хүндрэлийг хохирол багатай даван туулж, санхүүгийн зуучлалын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийн хувилбаруудыг боловсруулж хэрэгжүүлэх, түр хугацааны мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээнүүдээс аажмаар гарах төлөвлөгөөг боловсруулахад чиглэх болно хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулсан. Үүний зэрэгцээ, банкны зохистой харьцаа, активын ангилал, төлбөрийн чадварын үзүүлэлт болон хяналт шалгалтын хүрээнд тавигддаг шаардлагуудыг Базелийн цуврал стандарттай нийцүүлэн шат дараатай нэвтрүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх суурь шилжилтийг тасралтгүй үргэлжлүүлэх аж. Мөн бие даасан 10 гаруй хуулийг багтаасан “Банкны салбарын хууль, эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хууль тогтоомжийн давхардал, хийдэл зөрчлийг арилган уялдаа холбоог сайжруулснаар санхүүгийн зах зээл илүү үр ашигтай ажиллах, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, зах зээлд технологийн дэвшил нэвтэрч шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болох орчныг бүрдүүлэх, санхүүгийн зуучлалыг өргөжүүлэх зорилтыг төсөлд тусгасан байна. Үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчныг боловсронгуй болгож шинэ технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг дэмжих, Төв банкны бүртгэлийн болон дотоод удирдлагын системд мэдээллийн технологийн шилдэг туршлагыг нэвтрүүлэн шинэ түвшинд хүргэх, иргэд болон ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн суурь мэдлэгийг олгох чиглэлийн ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Ирэх онд Монголбанк төрийн бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх олон ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна. Үүнд Нэгдүгээрт: Зээлийн хүүг бууруулахад эдийн засгийн бодлогын оновчтой хослол, эрх зүйн шинэчлэл, санхүүгийн байгууллагын үр ашиг, шуурхай цахим шилжилт Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл зэрэг олон зорилт, арга хэмжээ нэгэн зэрэг хамтдаа хэрэгжих шаардлагатай юм байна. Монгол Улсын Их Хурлаас баталсан “Зээлийн хүү бууруулах стратеги”-ийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн оролцогч бүх талын хамтын ажиллагаа, ажлын уялдаа, холбоо нь нэн чухал үүрэгтэй гэв. Хоёрдугаарт: Санхүүгийн харилцагчийг зайнаас таньж мэдэх тухай эрх зүйн орчинг тодорхой болгохгүйгээр технологид суурилсан санхүүгийн цахим үйлчилгээг хэрэглэгчдэд хялбар хүргэх боломж ихээхэн хязгаарлагдмал учраас харилцагч санхүүгийн байгууллагад заавал биеэр очиж, бүртгүүлж, гэрээ байгуулахыг шаардаж буй одоогийн эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх болон харилцан мэдээлэл солилцох дэд бүтцийг хөгжүүлэхэд төрийн холбогдох байгууллага хоорондын нягт хамтын ажиллагаа нэн чухал гэж тооцжээ. Гуравдугаарт: Чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлэх явц удаан хугацаанд үргэлжилдгээс барьцаа хөрөнгийн үнэ цэнэ алдагдахын зэрэгцээ түүнтэй холбоотой гарч буй зардал банкны зээлийн хүүг нэмэгдүүлэх нөлөөг үзүүлдэг тул зээлийн хүүг бууруулах, санхүүгийн зуучлалд дэмжлэг үзүүлэхэд чанаргүй зээлийг шийдвэрлэх процессыг хурдасгахад чиглэсэн холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгоход нягт хамтын ажиллагаа чухлаар тавигдаж байгааг төсөл санаачлагч илтгэлдээ тэмдэглэсэн. Макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл 2020 онд ковид-19 цар тахал болон гадаад орчны бусад таагүй нөлөөгөөр экспорт, хөрөнгө оруулалт саарч, эдийн засаг агших, инфляцын дарамт харьцангуй бага байх төлөвтэй байгаа аж. Харин сэргэх хугацааны хувьд олон улсад тодорхойгүй байгаа тул түүнээс улбаалан дотоод эдийн засгийн сэргэлтэд гадаад орчноос үзүүлэх дэмжлэг тодорхойгүй байгаа юм байна. Гэсэн хэдий ч төсвийн алдагдал болон төлбөрийн тэнцлийн алдагдал нэгэн зэрэг нэмэгдэн эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж, ирэх онуудад томоохон гадаад өрийн эргэн төлөлт хүлээгдэж буй нь эмзэг байдлыг улам нэмэгдүүлж байгааг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцуулгадаа дурсдан. Цаашид ковид-19 цар тахлын нөлөөгөөр эдийн засагт гарч буй сөрөг нөлөөллийг бууруулахын зэрэгцээ үүсэж болзошгүй эрсдэлүүдээс сэргийлж, макро эдийн засаг, ажил эрхлэлтийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэх шаардлагатай гэв. Монголбанкны ирэх жилүүдийн бодлого, үйл ажиллагаа энэхүү зорилтыг хангахад чиглэнэ хэмээн Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд Монголбанкны ерөнхийлөгч болон холбогдох албан тушаалтнуудаас тодруулга тайлбар авлаа. Улсын Их Хурлын гишүүний ипотекийн зээлийн хүүг бууруулах арга хэмжээний талаарх асуултад Монголбанк, Засгийн газрын холбогдох байгууллагуудтай хамтраад 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хүүг бууруулж, 6 хувь болгох судалгаа хийсэн хэмээн хариулт өгсөн. Судалгааны үр дүнд ипотекийн зээлийн хүүг дээрх хэмжээнд бууруулах боломжтой хэмээн дүгнэсэн байна. Өнөөдрийн байдлаар 5 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн 89.000 зээлдэгчид олгосон байдаг, хүү буурсан тохиолдолд шинээр энэ төрлийн зээл авах хүмүүс л хамрагдана гэлээ. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанкийг төсвийн шинжтэй үйл ажиллагаа буюу ипотекийн зээл олгох үйл явцад оролцохгүй байхаар зохицуулалтыг хөндөж байсан ч Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд энэ оныг дуустал үргэлжлүүлэн оролцох болсон байна. Энэ хугацааг сунгах тохиолдолд Улсын Их Хурлаас холбогдох шийдвэрийг гаргах шаардлагатай гэв. Монголбанк нийт ипотекийн зээлийн  санхүүжилтийн хагас буюу 2.8 их наяд төгрөгийн эх үүсвэрийг гаргасан. Үүний эргэн төлөлтөөр жилд 300 орчим тэрбум төгрөгийн эргэн төлөлт хуримтлагддагийг нь буцаан санхүүжилт болгож гаргадаг учраас санхүүжилтийн эх үүсвэртэй холбоотой нөхцөл өөрчлөгдөхгүй гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан инфляцыг +/-2 нэгж хувийн интервалд 4-5 хувийн орчимд тогтворжуулахаар нөөцөө дайчилсан зорилт дэвшүүлэх боломж бий эсэхийг тодруулж, хариулт авсан. Дэлхийн банк манай эдийн засгийн өсөлтийг ирэх онд 5 хувь байна хэмээн тооцсон бол Монголбанкны төсөөлөл 6-8 орчим хувь, харин Сангийн яам 7 хувь гэж тооцсон байна. Эдийн засаг огцом сэргэх тул инфляц өсөх магадлалтай хэмээн тооцож, дээрх түвшинд тогтворжуулах төсөлд тусгасан болохыг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч тайлбарлав. Оны эхнээс хойш төгрөгийн ханш 4.4 хувиар суларсан, Монголбанк долоо хоног бүр хоёр удаа интервенц хийсэн байна. Энэ хугацаанд нийт 2.3 тэрбум ам.долларыг зарж, 1.6 тэрбум ам.долларыг худалдан авсан бөгөөд зөрүү 700 сая ам.долларын интервенц хийсэн гэдэг мэдээллийг өгсөн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр иргэдийн төгрөгт итгэх итгэл суларч, долларжилт үүсээд байгаа талаар хэлж, асуулт асуув. Банкуудын санхүүгийн тэнцлийн пассив талын долларжилт 33 хувь, актив талынх нь долларжилт 11 хувь байгааг Монголбанк танилцууллаа. Иргэд, аж ахуйн нэгжийн харилцах болон хадгаламжийн 33 хувь нь ам.доллар байгаа бол иргэн, аж ахуйн нэгжийн авч буй зээлийн 11 хувь нь ам.доллар байгаа юм. Энэ оны 8 дугаар сарын мэдээгээр пассив талын долларжилт 32 хувь болж буурч байгаа, Монголбанкны зүгээс төгрөгийн ханшийг хамгаалах чиглэлээр тодорхой бодлогын шийдлүүдийг авч хэрэгжүүлж байгаа гэлээ. Тухайлбал, ам.долларын харилцах, хадгаламжийг хадгаламжийн даатгалд хамруулахгүй, хүү олгохгүй, гадаад худалдаа эрхэлдэггүй хувь иргэн ам.долларын данстай байхыг зөвшөөрөхгүй байхаар, түүнчлэн банкуудын заавал байлгах ам.долларын нөөцийг 15 хувь болгон нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг  тусгасан байгаа гэв. Улсын Их Хурлын тогтоолын дээрх төсөлтэй холбогдуулан асуулт асууж хариулт авч дууссаны дараа санал хураалт явуулахад Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэхийг дэмжжээ.

-Мөнгөний бодлогыг нээлттэй хэлэлцүүлэв-

2020.10.12. Монгол Улс. Улаанбаатар хот. Монголбанк өнгөрсөн сарын 25-ны өдөр УИХ-д өргөн барьсан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслөө олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ. Төрөөс Мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл нь ирэх онд Төв банкнаас дангаараа болон бусад төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх бодлогын зорилтыг тодорхойлдог үндсэн баримт бичиг юм.  Монголбанк Төв банкны нээлттэй ил тод байдлыг хангах, хариуцлагатай байдлыг хэрэгжүүлэх үүднээс уг хэлэлцүүлгийг мэргэжлийн хүрээлэл төдийгүй олон нийтэд танилцуулах зорилгоор 2017 оноос хойш 4 дэх жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд уг хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус, олон байгууллагын төлөөллүүдийг түлхүү оролцуулан мөнгөний бодлогын ирэх жилд дэвшүүлсэн зорилтуудын талаар илүү нарийвчилсан мэдээллийг өглөө. Мөн оролцогчдын санал  бодлыг тусгах үүднээс  хэлэлцүүлгийнхээ агуулгыг өргөжүүлж, үндсэн хоёр чиглэлд зохион байгуулсан нь өмнөх жилүүдийнхээс онцлог болжээ. Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б. Баярдаваа танилцуулж, эдийн засгийн төлөв байдал, ирэх сорилтуудыг даван туулахад төв банкнаас хэрэгжүүлэх бодлогын зорилтуудын талаар мэдээлэл өглөө. Хэлэлцүүлгийн удаах илтгэл Дэлхийн банкны эдийн засагч Б. Даваадалайн Уул уурхай ба Урт хугацааны тогтвортой өсөлт байв. Энэхүү илтгэлийг Дэлхийн банкнаас манай улсад хийсэн эдийн засгийн хөгжлийн загварын тойм судалгааны хүрээнд танилцуулсан юм. Арга хэмжээний хоёрдугаар хэсэг Эдийн засгийн төлөв ба Мөнгөний бодлого, Банк, санхүүгийн салбарын шинэчлэл ба зохицуулалтын орчин сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Үүнд санхүүгийн нарийн мэргэжлийн судлаачид, Монголбанкны бодлогын газрын захирлууд оролцлоо. Тэд дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэж оны эхний хагаст 9.7 хувиар буураад байгаа дотоодын эдийн засгийг тогтворжуулах, цаашид баримтлах бодлогын гол чиглэлүүд зэрэг сэдвээр дэлгэрэнгүй ярилцав. Тухайлбал Зээлийн хүү бууруулах стратегийн хэрэгжилтийг хангах, банк санхүүгийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэхэд холбогдох эрх зүйн зохистой орчныг бүрдүүлэх ажлуудыг төр, хувийн хэвшил хамтран үр дүнтэйгээр хийх шаардлага тулгарч буйг хөндлөө гэж төв банкнаас мэдээллэв.

-Мөнгөний бодлогын мэдэгдэл-

2022.01.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Монголбанк. Мөнгөний бодлогын хороо Бодлогын хүү болон төгрөгийн ЗБН-ийн хувийг нэмэгдүүлэх, урт хугацаат репо арилжааны санхүүжилтийн нөхцөлийг өөрчлөх тухай 2022/01 дугаар шийдвэр гаргажээ. Тодруулбал, энэ өдөр Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд: 

1. Бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 6.5 хувьд хүргэх;

2. Төгрөгийн татан төвлөрүүлсэн хөрөнгөнд тооцох заавал байлгах нөөцийн хувийг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 8 хувьд хүргэх;

3. Уул уурхайн бус экспорт, боловсруулах аж үйлдвэрийн салбарт олгох урт хугацаат репо арилжааны санхүүжилтийн нөхцөлийг өөрчлөх зэрэг багц шийдвэрийг гаргалаа.

КОВИД-19 вирусын Омикрон хувилбарын тархалт эрчимжиж, дэлхийн эдийн засгийн төлөв өмнөх төсөөллөөс муудаж, тээвэр, логистикийн саатал, нийлүүлэлтийн гинжин хэлхээний доголдлоос үүдэн зардлын инфляц олон улс оронд огцом нэмэгдэж байна. Манай улсын хувьд мөн адил гадаад худалдааны тээврийн саатал үргэлжилснээр импортын барааны үнэ нэмэгдлээ. Мах, хүнсний ногоо, шатахуун, импортын барааны үнэ нэмэгдсэн нь бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг хүлээлтээс ихээр өсгөлөө. Жилийн инфляц 2021 оны 12 дугаар сард улсын хэмжээнд 13.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 14.8 хувьтай гарав. Эрэлтийн шалтгаантай инфляц эдийн засгийн идэвхжилийг даган алгуур нэмэгдэх хандлага хэвээр байгаа бол нийлүүлэлтийн шалтгаантай инфляцын цаашдын төлөв хилийн хязгаарлалт, тээвэр, логистикийн саатлыг хэр богино хугацаанд  шийдвэрлэхээс голлон хамаарахаар байна. Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулахаар шат дараатайгаар авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлого, санхүүгийн зохицуулалтын арга хэмжээнүүд нь эдийн засгийн сэргэлтийг дэмжиж, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалахад эерэгээр нөлөөлж байна. Өнгөрсөн оны сүүлийн 2 сард уул уурхай болон тээврийн салбарын үзүүлэлтүүд хүлээлтээс буурч, харин бизнесийн хязгаарлалтууд суларч дотоод эрэлт нэмэгдсэнээр боловсруулах, худалдаа, үйлчилгээний салбарын үзүүлэлтүүд хүлээлтээс өндөр гарлаа. Хилийн хязгаарлалтаас үүдэлтэй нийлүүлэлтийн доголдол үргэлжилж байгаагаас инфляцын хүлээлт нэмэгдэх, улмаар инфляцын хоёр дахь үеийн нөлөө эрчимжих эрсдэлтэй байгаа тул мөнгөний бодлогын төлөвийг чангарууллаа. Түүнчлэн, гадаад зах зээлийн суурь хүү өсөх төлөвтэй байгаа нь бодлогын хүүг өсгөх нөхцөлийг бий болгож байна. Монголбанк эдийн засгийн сэргэлтийн явц, инфляцын өрнөлтэй уялдуулж бодлогын дараагийн алхмуудыг тухай бүр авч хэрэгжүүлэх болно. Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна гэжээ. 

-Төвбанк бодлогын хүүгээ өсгөв-

2022.06.22. Улаанбаатар. Монгол улс. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 6 дугаар сарын 20, 22-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж, 10 хувьд хүргэх шийдвэрийг гаргалаа. Жилийн инфляц 2022 оны 5 дугаар сард улсын хэмжээнд 15.1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 16.2 хувьтай гарав. Шатахуун, хүнс болон импортын барааны үнийн өсөлт инфляцын дийлэнх хэсгийг бүрдүүлж байна. Тодруулбал, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өссөнөөс дотоодын шатахууны үнэ нэмэгдсэн бол тээвэр, логистикийн саатал, нийлүүлэлтийн доголдол үргэлжилж, үйлдвэрлэлийн орц болон тээврийн зардал нэмэгдсэн нь хүнсний үнэ сүүлийн 2 сард хурдтай өсөхөд нөлөөллөө. Гадаад инфляц, ханшийн нөлөөгөөр импортын бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн нь бусад дотоодын бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөж байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөө ирэх улирлуудад хадгалагдахаар байгаа тул инфляц Төв банкны зорилтот интервалын орчимд тогтворжих хугацаа хойшиллоо. Хилийн хязгаарлалттай холбоотойгоор нүүрс, газрын тосны экспорт саарч, уул уурхайн салбарын өсөлт хүлээлтэд хүрээгүй ч худалдаа, үйлчилгээ, бүтээгдэхүүний цэвэр татвар зэрэг уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл сайжирч, эдийн засгийн өсөлтийг дэмжлээ. Сүүлийн 5 улирал дараалан агшаад байсан өрхийн хэрэглээ энэ оны 1 дүгээр улиралд сэргэж, дотоод эрэлт нэмэгдэв. Гадаад эрэлтийн төлөв, хилийн хязгаарлалтын асуудлаас шалтгаалан уул уурхайн салбарын өсөлт энэ онд удаашрахаар байгаа бол цар тахлын хязгаарлалтууд суларч, дотоод эрэлт сайжирснаар уул уурхайн бус салбарын сэргэлт үргэлжлэхээр байна. Гадаад хүчин зүйлс, геополитикийн сөрөг нөлөө үргэлжилж байгаагаас инфляцын хүлээлт нэмэгдэх, хилийн хязгаарлалтаас шалтгаалан нүүрсний экспорт буурч, гадаад зах зээл дээрх үнийн өсөлттэй холбоотойгоор импорт нэмэгдэж, улмаар төлбөрийн тэнцлийн алдагдал өсөж байна. Иймд Мөнгөний бодлогын хороо инфляцын хүлээлтийг дунд хугацаанд тогтворжуулах, эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг зохистой түвшинд хангах, гадаад суурь хүү өсөж буй орчинд төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах зорилгоор бодлогын хүүг өсгөх шийдвэрийг гаргав. Цаашид эдийн засгийн сэргэлт, инфляцын өрнөл, нийлүүлэлтийн шинжтэй доголдол, олон улсын харилцааны нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч мөнгөний бодлогын дараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна гэжээ. 

-Мөнгөний бодлогоор хэлэлцүүлэг зохиов-

2021.09.06. Монгол Улс. Улаанбаатар хот. Монголбанк 2021 оны 9-р сарын 6-ны өдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаар эхний хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын холбогдох байнгын хороод, Санхүүгийн Зохицуулах Хороо, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, Аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яам, Үндэсний Хөгжлийн Газар, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн сан, Монголын банкны холбоо, ТоС Холбоо зэрэг төр, олон улсын болон дотоодын банк санхүүгийн салбарын нийт 20 орчим байгууллагын төлөөлөл оролцлоо. Уг арга хэмжээнд Эдийн засгийн хүртээмжтэй өсөлт, Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой ногоон санхүүжилт сэдвээр Монголбанк, Үндэсний хөгжлийн газар, ХХААХҮЯ, Дэлхийн банк, ОУСК, ТоС холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс судалгааны ажлуудаа танилцуулж хэлэлцүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид цаашид хамтын ажиллагааг хэрхэн өрнүүлэх, асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож, үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тогтов. Дэлхий нийтэд тулгамдаад буй орлогын тэгш бус байдал, амьдралын чанар, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал нь дунд, урт хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаа тул цаг алдалгүй арга хэмжээ авч эхлэх, ингэхдээ урт хугацаанд манай орны онцлогт нийцсэн бодлого, стратегийг боловсруулж, хэрэгжүүлэх нь чухал гэж дүгнэлээ. Түүнчлэн, уур амьсгалын өөрчлөлт болон амьдралын орчин-чанарыг сайжруулж, бодитой үр дүнд хүрэхэд төрийн байгууллагуудын урт хугацааг харсан тогтвортой, тууштай нэгдсэн бодлого, хувийн секторын санаачлага, технологийн дэвшил, олон улсын хамтын ажиллагаа чухал болох нь судалгаанаас харагдаж байна. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлж, батлуулах юм. Дашрамд дурдахад, ирэх оны мөнгөний бодлогыг жил бүрийн аравдугаар сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлдэг билээ. 

-Ирэх оны мөнгөний бодлогыг өргөн барив-

2022.09.27. Монгол Улс. Улаанбаатар хот.Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барилаа. Ирэх жилд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь цар тахлын сөрөг нөлөө бүрэн илааршаагүй, дэлхий нийтэд геополитикийн хямрал нүүрлэж, тодорхой бус байдал туйлын өндөр, амаргүй цаг үед боловсруулагдлаа. Иймд эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, түүнтэй уялдуулсан бодлогыг төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх зорилтуудыг дэвшүүллээ. Дэлхий нийтэд тодорхой бус байдал өндөр үед төсөв, мөнгөний бодлого нь харилцан уялдаатайгаар эдийн засгийг тогтвортой байдлыг хангаж, бизнесийн орчны тогтвортой байдал, иргэдийн амьжиргааг хамгаалахад чиглэнэ.

  • Эдийн засгийн өсөлт: Аж ахуйн нэгж, хэрэглэгчид цар тахлын нөхцөл байдалд дасан зохицон бизнесийн үйл ажиллагаа тогтворжих хандлагатай болж, эдийн засгийн ихэнх салбарт өсөлт ажиглагдаж байна. Ирэх онд эрдэс бүтээгдэхүүний экспорт хэвийн түвшинд хүрч, уул уурхайн салбарын өсөлт нэмэгдэж, уул уурхайн бус салбар тогтворжино. Ийнхүү экспорт сайжирч, 2023 онд эдийн засаг 4-5 хувиар өсөх хэдий ч гадаад орчны нөхцөл байдал төсөөллийн тодорхой бус байдлын гол эх сурвалж байгааг энд онцлох нь зүйтэй.
  • Инфляц: Эдийн засгийн идэвхжил, өрхийн хэрэглээ тогтворжих хэдий ч нийлүүлэлтийн хүчин зүйлсийн нөлөө алгуур буурч инфляцыг бууруулах чиглэлд хөтлөхөөр байна. Ийнхүү ирэх оны эцэст инфляц нэг оронтой тоонд хүрж, инфляцын зорилтын дээд интервалд дөхөх хүлээлттэй бөгөөд цаашид инфляцыг 6%-ийн голчтой +/-2 хувийн интервалтай түвшинд тогтворжуулах дунд хугацааг харсан мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
  • Зээлийн өсөлт: Өнгөрсөн оноос эрчимжиж эхэлсэн банкны системийн зээлийн өсөлт сүүлийн саруудад саарч эхэллээ. Цар тахлын нөхцөл байдал, геополитикийн эрсдэл, системийн ач холбогдол бүхий банкуудын IPO-той холбоотойгоор зээлийн нийлүүлэлт, нөхцөл, шалгуур хэрхэн өөрчлөгдөх болон төлбөрийн тэнцлийн төлөвөөс банкны системийн эх үүсвэр, зээлийн өсөлт болон мөнгөний нийлүүлэлт шууд хамаарч байна.
  • Төлбөрийн тэнцэл: Сүүлийн улирлуудад түүхий эдийн үнэ өндөр түвшинд байсан боловч экспортын бодит орлого төдийлөн сэргээж чадаагүйгээс урсгал тэнцлийн алдагдал огцом тэлээд байна. Цаашид экспортын биет хэмжээний өсөлт, ялангуяа нүүрсний экспорт эрчимжиж буйтай холбоотойгоор засагдах хүлээлттэй. Нөгөө талаас ханшийн өөрчлөлт, гадаад үнийн өсөлт импортын өсөлтийн хурдыг хязгаарлахаар байна. Гэвч төсөв, мөнгө, санхүүгийн бодлогын тохиргоог зайлшгүй хийх шаардлагатай бөгөөд энэ дотоод, гадаад тэнцвэрийг богино хугацаанд хангах бололцоог бүрдүүлнэ.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлд төрийн эрх бүхий бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр дараах асуудлуудыг бодлогын зорилт болгон тусгалаа.

-Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2023 онд баримтлах үндсэн чиглэлд гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэхэд онцгойлон анхаарав. Дунд, урт хугацаанд эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад аж үйлдвэрийн салбарын боловсруулалтыг гүнзгийрүүлж, импортыг орлох салбарыг хамгаалж, экспортыг дэмжин эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтыг төсөв, мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалтын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай. Түүнчлэн,  логистикийн хүндрэлийг шийдвэрлэн хилийн гацааг арилгаснаар л экспортын орлогыг нэмэгдүүлж, худалдааны эргэлтийг сайжруулж, тээврийн зардлыг бууруулан үнэ, ханшийн дарамтыг шийдвэрлэх боломжтой юм. Мөн гадаад орчны сөрөг нөлөөг зөөлрүүлж, эдийн засгийг дэмжих зайлшгүй хийх арга хэмжээ нь гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, гадаад санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх явдал болж байна. Дунд хугацаанд тогтвортой хөгжлийн нэн чухал хүчин зүйл болоод буй уул уурхайн бус экспортыг дэмжих чиглэлээр гадаад худалдааны санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхийн зэрэгцээ тогтвортой ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн дэмжихээр зорьж байна. Эдгээр асуудлуудад дэлхий нийтээр анхаарал хандуулж байгааг онцлох нь зүйтэй. Түүнчлэн, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад иргэд, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, түүнд шаардлагатай арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх чиглэлийн ажлуудыг зорилт болгож байна.

-Макро эдийн засгийн бодлогын хувьд инфляцыг тогтворжуулах, банкны системийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, тогтвортой байдлыг хангах, төлбөрийн системийн найдвартай байдлыг хангах, хөгжлийг дэмжихэд чиглэсэн Монголбанкны мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлого үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлэхээр төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгалаа.

Олон улсын харилцааны төвөгтэй байдал сунжирч, цар тахлын сөрөг үр дагавар үргэлжилж байгаа энэ үед эдийн засгийн гадаад төлбөрийн чадварыг дээшлүүлэх, үнэ ханшийн тогтвортой байдлыг хангахад төсөв, мөнгөний бодлогын харилцан уялдаатай бодлого юу юунаас чухал юм.

-Төвбанк бодлогын хүүгээ 1 нэгж хувиар өсгөлөө-

2022.12.16. Монгол Улс. Улаанбаатар хот. Төвбанк. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022.12.15-16-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд олонхын саналаар бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж 13 хувьд хүргэх шийдвэр гаргалаа. Жилийн инфляц 2022 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 14.5 хувьтай гарав. Инфляц сүүлийн саруудад өмнөх төсөөлөлтэй нийцтэйгээр буурч байна. Гэхдээ ирэх улирлуудад гадаад инфляц, хүнс болон шатахууны үнийн өсөлтийн нөлөө өмнөх төсөөллөөс нэмэгдэх, төсвийн зардал, цалин хүлээлтээс өндөр өсөхөөр байна. Эдийн засгийн идэвхжил 2022 оны 3 дугаар улиралд хүлээлтээс харьцангуй өндөр байж КОВИД-19 цар тахлын өмнөх түвшинг давлаа. Сүүлийн саруудад уул уурхай, тээврийн салбар сэргэж, төмөр замын бүтээн байгуулалтын нөлөөгөөр барилгын салбар өсөлттэй болов. Худалдаа, үйлчилгээ, бүтээгдэхүүний цэвэр татвар болон хөдөө аж ахуйн салбар зэрэг уул уурхайн бус салбар 2022 оны 3 дугаар улиралд үргэлжлэн идэвхжилээ. Хөдөлмөрийн зах зээл цар тахлын өмнөх түвшинд хүрч, өрхийн хэрэглээ сүүлийн 4 улирал дараалан тогтвортой өсөж, өсөлтөд эерэг нөлөө үзүүллээ. Цаашид эдийн засгийн төлөв БНХАУ-ын тэг-ковид бодлого, хилийн боомтуудын нөхцөл байдал, төлбөрийн тэнцлийн алдагдал, экспортын бодит орлого зэргээс голлон хамаарахаар байна гэж Мөнгөний бодлогын хорооноос Бодлогын хүүг нэмэгдүүлэх тухай албан ёсоор мэдээллээ.

            Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, экспортын гол түүхий эдийн үнэ буурч, гадаад орчны төлөв муудлаа. Ирэх онд гадаад орчны төлөв үргэлжлэн муудахтай зэрэгцэн төсвийн зардал огцом тэлж байгаа нь импортын эрэлтийг урамшуулж дотоод, гадаад тэнцвэрт сөргөөр нөлөөлөхөөр байна. Үүний зэрэгцээ цалингийн өсөлтийг даган хэрэглээний зээлийн өсөлт эрчимжихээр байгаа нь өрхийн өр болон хэрэглээний импортыг нэмэгдүүлэх нөлөөг үзүүлэхээр байна.

Иймд Мөнгөний бодлогын хороо дунд хугацаанд инфляцын хүлээлтийг тогтворжуулах, төгрөгийн өгөөжийг өсгөх зорилгоор бодлогын хүүг нэмэгдүүллээ. Энэ арга хэмжээ нь инфляцыг зорилтот түвшин рүү бууруулах, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангах бодлоготой нийцтэй юм.

Мөнгөний бодлогын цаашдын төлөв нь гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарна. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо инфляц зорилтот түвшинд тогтворжих хүртэл шаардлагатай бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ.

Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО

Тайлбар: Мөнгөний бодлоготой холбоотой нийтлэл нэгтгэгдэж буй тул, мөнгөний бодлогын гүйцэтгэлээс хамаарч тоо баримтад өөрчлөлт орж болзошгүй…

Үргэлжлэл бий…

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.