11 сар 16, 2024

Дэлхийн банкнаас төсөл хэрэгжүүлнэ…

2022.12.15. Монгол Улс. Улаанбаатар хот. Сангийн яам. Сангийн сайд Б.Жавхлан Дэлхийн банкны Орон хариуцсан захирал, хатагтай Мара Варвик болон тус банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев тэргүүтэй ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар 2023 оны жилийн төсөв, төсвийн шинэчлэл, хүүхдийн мөнгө,  гадаад валютын нөөц, нүүрсний экспорт болон Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл, Ухаалаг засаг-2 төсөлийн явцын талаар мэдээлэл солилцлоо. Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөлийг хэрэгжүүлснээр махны төрөлжсөн логистикийг хөгжүүлж, авто замын сүлжээний бэлэн байдлыг сайжруулан, логистикийн тогтолцоог бүрдүүлснээр эцсийн хэрэглэгчид шинэ, сайн чанарын  мах, махан бүтээгдэхүүнээр хангаж, мах, махан бүтээгдэхүүний өрсөлдөхийг чадварыг нэмэгдүүлэх, хэрэглэгчид очих махны өртгийг бууруулах ач холбогдолтой. Монгол Улсын макро эдийн засгийн хүрээнд нүүрсний экспортын хэмжээ 2022.11.30-ны байдлаар 27.0 сая тонн байгаа бөгөөд энэ оны төгсгөлд 28.0 сая тоннд хүрэхээр, мөн гадаад валютын нөөц 2022.11.30-ны байдлаар 2,935.1 сая ам.доллар байгаа тухай товч мэдээллийг өглөө. Түүнчлэн Чингис бондын 1,500.0 сая ам.долларын өрийг 2022 оны 12 дугаар сарын эхээр бүрэн төлж барагдуулсантай холбогдуулан гадаад валютын нөөц тодорхой дүнгээр буурсан ч тогтворжиж байгаа тухай мэдэгдэв. Уулзалтын төгсгөлд Сангийн сайд Б.Жавхлан Дэлхийн банкнаас Монгол Улсад шинээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг Шинэ сэргэлтийн бодлого дунд хугацаатай хөтөлбөртэй уялдуулахыг хүсээд хүний хөгжлийг дэмжсэн тэр дундаа хөдөө, орон нутагт амьдарч буй иргэдэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжихэд ямагт бэлэн гэдгээ илэрхийллээ.