12 сар 19, 2024

Төрийн өмчит үйлдвэрүүд 403.9 сая ам.доллар төвлөрүүлэв…

-Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет, Дарханы төмөрлөгийн үйлдвэр нийт 403.9 сая ам.долларын орлого төвлөрүүлжээ-

2022.12.07. Монгол Улс. Улаанбаатар хот. Засгийн газар. Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022.10.05-ны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг Засгийн газрын хуралдаанд хоёр долоо хоног тутамд танилцуулж буй. Валютын орлого төвлөрүүлэх, экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, хяналтыг сайжруулах, ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, тээвэрлэлтийн гэрээг ил тод болгох чиглэлээр цогц ажлууд авч хэрэгжүүлэн ажиллаж тодорхой үр дүнд хүрээд байна гэж Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Засгийн газрын тогтоол гарснаас хойших гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээний хүрээнд Эрдэнэс Тавантолгой ТӨХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Монголросцветмет ТӨҮГ, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-иуд нийт 403.9 сая ам.долларын орлогыг төвлөрүүлж, тогтоолоор хүлээсэн төвлөрүүлэх орлогын гүйцэтгэл 48.4 хувь болоод байна. Гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, гаалийн хяналтыг сайжруулах хүрээнд дөрвөн багц систем хөгжүүлэлтийн ажлыг дуусгаж, ашигт малтмалын гэрээ бүртгэх ажлыг гурван аж ахуйн нэгжид туршилтаар нэвтрүүлж эхлээд байна. Систем ашиглалтын бэлэн байдлыг хангуулах хүрээнд нүүрс, олборлогч, борлуулагч, экспортлогч аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалтуудыг зохион байгуулж эхлүүлээд байна. Экспорт тээвэрлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хийгдэж буй арга хэмжээтэй холбоотойгоор Гашуунсухайт боомтоор гарсан тээврийн хэрэгслийн тоо өмнөх сараас 5,134 буюу 34 хувиар нэмэгдсэн байна. Өнгөрсөн сард зогсоод байсан Булган боомтын үйл ажиллагаа 2022.12.05-ны өдрөөс нээгдэж, Бичигт боомтын нүүрсний экспорт өнгөрсөн сараас 183 тээврийн хэрэгсэл, 12.3 мянган тонноор нэмэгдсэн байна. Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2022 оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар 2.9 тэрбум ам.долларт хүрч өмнөх сарын эцэстэй харьцуулахад 149 сая ам.доллароор нэмэгджээ. Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангуулахтай холбоотой төмөр замын ачаа тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, хилийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэхийг холбогдох Засгийн газрын гишүүдэд анхаарч ажиллахыг даалгалаа.

-Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат: Эрдэнэс Тавантолгой” компани 40 хоногт 4.2 сая тонн нүүрс борлуулжээ-

Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэх үеэр Эрдэнэс Тавантолгой ХК-тай холбоотой асуудлаар Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын танилцуулгыг сонслоо. Тэрбээр дараа нь мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нүүрсээр төлбөрийг барагдуулах (off-take) нөхцөлтэй гэрээний нийт ачилтад эзлэх хувийг 19-өөс 13 хувь хүртэл бууруулж, өндөр дүнтэй урьдчилгаа төлсөн худалдан авагчтай хэлцэл хийх замаар валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээний үр дүнд тогтоол гарснаас хойш нийт 369.5 сая ам.долларын үнэлгээтэй 4.2 сая тонн нүүрс борлуулсан. Үүнээс зөвхөн арваннэгдүгээр сард 205.5 сая ам.долларын үнэлгээтэй 2.3 сая тонн нүүрс борлуулж, 1.5 сая тонн нүүрс экспортолсон байна. Нийт борлуулалтаас нүүрсээр төлбөрийг барагдуулах (off-take) нөхцөлтэй гэрээний дагуу 51.1 сая ам.доллар, өндөр дүнтэй урьдчилгаа авсан гэрээний дагуу 185.8 сая ам.долларыг нүүрсээр барагдуулж, 143.8 сая ам.долларыг Монголбанканд тушаагаад байна. Ингэснээр санхүүгийн үзүүлэлтийг сайжруулан, 603 сая ам.долларын өр төлбөрийг 418 сая ам.доллар хүртэл бууруулаад байна. Богинын тээврийн үйл ажиллагааг идэвхжүүлж экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажилласны үр дүнд 2022 оны аравдугаар сарын эхээр 53.5 мянган тонн хүртэл буураад байсан экспортыг 110.9 мянган тоннд хүргэн хоёр дахин, өдрийн ачилтын хэмжээ 19.8 мянган тонн, 202 тээврийн хэрэгсэл хүртэл буураад байсныг өдөрт дунджаар 75.4 мянган тонн, 721 тээврийн хэрэгсэл хүртэл нэмэгдүүлэн 3.8 дахин өсгөж, нэг өдөрт хамгийн ихдээ 1028 тээврийн хэрэгслээр 100.8 тонн нүүрс ачуулсан байна. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ил тод байдлыг хангах, олон нийт хяналт тавих нөхцөл бүрдүүлэх зорилгоор нүүрс борлуулалтын 142 гэрээ, уурхайн ачилтын үзүүлэлт, олборлолтын гэрээнүүдийг нээлттэй болгов. Нүүрсний борлуулалтыг нээлттэй дуудлага худалдааны зарчмаар зохион байгуулах ажлын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагатай хамтран Цахим арилжааны журамын төслийг боловсруулж дууслаа.

-Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ-

Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хятадын талтай ерөнхий хэлэлцээр хийхийг холбогдох сайд нарт даалгалаа. Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Ханги-Мандал боомтын талаар нэмэлт, өөрчлөлт оруулах арга хэмжээ авахыг мөн даалгав. Боомтын сэргэлтийн хүрээнд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод тусгагдсан Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замуудыг барьж байгуулан боомтуудад хүргэснээр тус төмөр замуудаар тээвэрлэлт хийж экспортын хэмжээг нэмэгдүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулахад хөрш орны боомтуудтай холбож хил дамнасан төмөр замаар холбох ажлыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлага үүсээд байна. Тогтоолын төсөл батлагдсанаар Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Хөөт-Бичигт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслүүдийг эрчимжүүлэх, хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх чухал ач холбогдолтой юм.

-Монгол Улс, АНУ хооронд шууд нислэгтэй болно-

Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын  Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайдад олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо. Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулж, дотоодын агаарын тээвэрлэгчид АНУ-руу шууд нислэг гүйцэтгэж эхэлснээр манай улсын иргэд тус улс руу хямд зардлаар зорчих, олон улс руу гарч буй мөнгөн урсгалыг дотооддоо авч үлдэх, үндэсний агаарын тээвэрлэгчдийн олон улсад өрсөлдөх чадвар нэмэгдэж, агаарын харилцаа, нислэгийн сүлжээ өргөжин хөгжих боломж бүрдэх юм. Цар тахлын өмнөх агаарын тээврийн оргил үе болох 2019 онд Монгол Улс, АНУ хооронд 57,813 зорчигч зорчсон нь БНСУ, БНХАУ, Япон Улсын чиглэлийн дараа орох томоохон зорчигч урсгалын үзүүлэлт бөгөөд хоёр улс хооронд шууд нислэг эхлүүлэх зах зээл бий болсныг илтгэж байна. Тийз захиалгын системийн Sabre компанийн мэдээллээр Монгол-Америк хооронд 2019 онд зорчсон нийт зорчигчдын тийзийн худалдан авалт 45 сая ам.доллар байсан бөгөөд тухайн зорчигчдын дийлэнх хувь буюу 41,000 гаруй зорчигч нь 30 сая ам.долларын тийзийн худалдан авалтаар Сөүл, Бээжин хотуудаар дамжин зорчжээ. 

-Товч мэдээ-

2022.10.27-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын Комиссын XVII хуралдааны дүн, мөн ОХУ-ын Москва хотод өнгөрсөн сарын 14,15-нд зохион байгуулсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын XXIV хуралдааны дүнг тус тус сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хяналт тавьж ажиллахыг Эдийн засаг, хөгжлийн сайдад даалгав.

Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд 2019.04.09-нд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд 300 сая ам.доллартой тэнцэх зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг шинэчлэн баталлаа.

Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Чойр-Сайншандын 220 кВ-ын хоёр хэлхээт 220.04 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам, 220/110/35 кВ-ын дэд станц барих төсөлийн Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцээд уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хооронд соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай хөтөлбөрийн төслийг хэлэлцэн дэмжээд, уг хөтөлбөрт гарын үсэг зурах эрхийг тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдад олголоо.


Translate