12 сар 19, 2024

Дотоодын нийт бүтээгдэхүүн ба зэрэгцүүлэх үнэ…

-Дотоодын нийт бүтээгдэхүүн 2009 онд-

2009.08.19. Энэ үед манай улсын гадаад зах зээлд гаргадаг гол түүхий эдийн экспорт буураад байлаа. Уул, уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурсан учраас ийм байдалд хүрсэн болохыг албаны эх сурвалжууд хэлж байсан юм. 2008 оны өдийд аж, ахуйн нэгжүүд 7,3 тонн алт монголбанкинд тушаасан бол, 2009 онд ердөө 4,8 тонн алт төвбанкинд тушаасан байгаа юм. Гэх мэтчилэн алтны үйлдвэрлэл хоёр дахин буурсан бол, цайр, хайлуур жонш, гянтболдын баяжмалын үйлдвэрлэл 53 хүртэл хувиар буурсан байлаа. Уул, уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэл буурсантай зэрэгцэн, боловсруулах салбарын үйлдвэрлэл мөн буурсан байлаа. Тухайлбал, катодын зэс, тамхи, шохой, металл бэлдэц, түүхий ноолуур, спирт, хивс, бетон зуурмаг, металл цувимал, цул бетон, төмөр бетон эдлэл, молибдений исэл зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеэсээ 88 хүртэлх хувиар буураад байсан юм. Уул, уурхайн болон боловсруулах салбарын үйлдвэрлэл буурсан нь аж, үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл буурахад нөлөөлсөн байдаг. Энэ тухай тэр үеийн Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын дарга Давгадорж: Аж, үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл буурсан үзүүлэлттэй гарч байна. 2009 оны долдугаар сард 858 тэрбум 800 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад, 9.1 хувиар буурсан дүн гарч байна. Уул уурхайн олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2,3 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбар 24,7 хувиар буурсан нь голлон нөлөөллөө. Гэхдээ, аж үйлдвэрийн салбарын бууралтын хурд харьцангуй нэмэгдсэн дүнтэй байна. Өөрөөр хэлбэл, 2009 оны зургадугаар сард 8,3 хувиар буурсан бол, долоодугаар сард 9,1 хувийн бууралттай гарлаа гэсэн тайлбар өгч байсан юм. Уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2008 оны мөн үеэсээ 2,3 хувиар, боловсруулах салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 25 хувиар буурсан нь аж, үйлдвэрийн салбарт 9 гаруй хувийн бууралт авч иржээ. 2009 оны нэгдүгээр улирлыг хоёрдугаар улиралтай харьцуулахад боловсруулах салбарт ихээхэн бууралт гарсан нь аж үйлдвэрийн салбарын бууралтад голлон нөлөөлсөн байгаа юм. Тухайлбал, 2009 оны эхний зургадугаар сард аж үйлдвэрийн салбар 8,3 хувийн бууралттай байсан бол, долдугаар сарын байдлаар 9.1 хувийн бууралттай гарчээ. Аж, үйлдвэрийн салбар бууралттай гарсан учраас Дотоодын нийт бүтээгдэхүүний хувь хэмжээ ч мөн буурсан байгаа юм. 2009 оны эхний хагас жилд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 1 трилилион 608 тэрбум 900 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэсээ 1,3 хувиар буурсан байдаг. Аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 6,5 хувиар, бүтээгдэхүүний цэвэр татвар 7,5 хувиар буурсан нь дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн оны мөн үеэсээ 1,3 хувиар буурахад нөлөөлсөн байгаа юм. Хэдийгээр дотоодын нийт бүтээгдэхүүний хувь хэмжээ өмнөх оноосоо буурсан ч, өмнөх саруудтай харьцуулахад бууралтын хурд саарч байлаа. Хөдөө, аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 3,2 хувиар, үйлчилгээний салбарынх 2 хувиар өссөн учраас дотоодын нийт бүтээгдэхүүний бууралтын хурд саарахад нөлөөлсөн байгаа юм. Ер нь хөдөө, аж ахуйн салбар өсөлттэй гарсаар байвал 2009 онд эдийн засгийн өсөлт тэгтлээ саарахгүй төлөвтэй байсан нь эндээс харагддаг. Ийнхүү манай улсын аж үйлдвэрийн салбарын бууралт нэмэгдэж байсан бол, дотоодын нийт бүтээгдэхүүний бууралтын хурд саарч байлаа. Зарим салбарт хүндрэл бэрхшээл байсан ч, дотоодын нийт бүтээгдэхүүний бууралтын хурд саарч байсан нь олзуурхууштай зүйлийн нэг байлаа. 2009 оны эхэнд хүчтэй мэдрэгдэж байсан эдийн засгийн хямрал бага багаар намжиж байгаагийн нэг илрэл гэж хэлж болно. Гэхдээ эдийн засаг бүхэлдээ эрүүлжсэн гэж хэлж боломгүй байв.

-Бүртгэлтэй ажилгүй иргэд нэмэгдэв-

Боловсруулах салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурч байснаас ажлын байр багасч байсан нь харагдаж байв. Өөрөөр хэлбэл, үйлдвэрүүд бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь багасахын хэрээр ажлын байр хумигдаж байсан юм. Үүнээс болж, аж ахуйн нэгжүүд ажилтнуудаа цомхотгох тохиолдол цөөнгүй гарч байсныг албаныхан хэлдэг. Үндэсний статистикийн хорооноос явуулсан судалгаагаар аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо 41 мянгад хүрсэн байлаа. Энэ нь өмнөх оноосоо 30 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Манай улсын хүн амын тэн хагас нь ажилгүй байхад, ажилгүйчүүдий тоо яахаараа 41 мянга байдаг билээ гэж гайхах хүн цөөнгүй. Үүнд товчоор хариулахад, манай улсад хичнээн хүн ажилгүй байгааг мэргэжлийн байгууллагууд яг нарийн бүртгэж чаддаггүй. Ажилгүйдэл нэмэгдэж, буурч байгаа эсэхийг аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хичнээн хүн бүртүүлж байгаагаар баримжаалж судалдаг юм. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгүүлж байгаа иргэдийн тоо өсвөл, ажилгүйдэл нэмэгдэж байна. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгүүлж байгаа иргэдийн тоо буурвал, ажилгүйдэл багасч байна гэж мэргэжлийн байгууллагууд үздэг. Тухайн үед хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүтгүүлж байгаа иргэдийн тоо 41 мянгад хүрсэн учраас өмнөх оноосоо 30 хувиар нэмэгдсэн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдэгдэж байсан юм. Тухайн үед Сэлэнгэ, Баянхонгор, Хөвсгөл, Дундговь, Хэнтий, Өмнөговь, Увс, Дорноговь, Булган, Төв аймаг болон Улаанбаатар хотод бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 63 хүртэлх хувиар нэмэгдээд байсан билээ. Энэ шалтгааныг тэр үеийн Үндэсний статистикийн хорооны Хүн, ам нийгмийн статистикийн газрын дарга Оюунчимэг: Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн дүн гарсан байгаа. Орон тооны цомхотголоос, эсвэл мэргэжлийн ажил олдоогүйгээс гэх мэтчилэн бүх үзүүлэлтүүдээр шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн. Энд хэд хэдэн шалтгаануудыг нэрлэж болно. Хүмүүс ажил идэвхитэй хайж бүртгүүлэх эрмэлзэл нь нэмэгдсэн. Нөгөөтэйгүүр, үйлдвэр, аж ахуйн газрууд эдийн засгийн хямралаас шалтгаалж, ажлынхаа орон тоог багасгасан. Үүнтэй уялдуулаад олон иргэд ажилгүй болж, тэдгээр нь хөдөлмөрийн биржэд бүртгүүлж байгаа нь тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа гэж тайлбарлаж байсан юм. Тухайн үед аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 41 мянга орчим хүн бүртгүүлсэн болохыг дээр дурсан. Тэдний 6,4 хувь нь цомхотголд орсон хүмүүс болохыг Үндэсний статистикийн хорооныхон онцолж байв. Тэр үеийн Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын дарга Давгадорж: Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 6.4 хувь нь цомхотголд орсон учраас ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо энэ хэмжээгээр нэмэгдсэн болохыг мөн онцолж байсан юм. 

-Зэрэгцүүлэх үнэ гэж юу вэ-

2010.09.29. Энэ үед манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 1.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэсээ 15 хувиар өссөн үзүүлэлт гарч байлаа. Холбогдох албаныхан тухайн үед 2005 оны зэрэгцүүлэх үнийг ашиглаж, дотоодын нийт бүтээгдэхүүний дээрх өсөлтийг тооцож гаргасан хэмээн ярьж байсан юм. Эндээс 2005 оны зэрэгцүүлэх үнэ гэж чухам юу вэ гэсэн асуулт гардаг. Энэ асуултад Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн судалгааны газрын дарга Бадамцэцэг: 2005 оны зэрэгцүүлэх үнэ гэж тухайн үед бараа, бүтээгдэхүүн ямар дундаж ханштай байсныг хэлдэг талаар өгүүлсэн байдаг. 2005 онд нэг тонн зэс дэлхийн зах зээлд янз бүрийн ханштай байсан ч, дундаж үнэ нь 3000 ам.доллар байсан бол энэ үнийг зэрэгцүүлэх үнэ гэж нэрлэдэг байжээ. Зэс гэлтгүй бүхий л бараа, таваарын дундаж үнийг ингэж тооцож гарган, зэрэгцүүлэх үнэ болгон ашиглаж иржээ. Энэ аргачлалаар гаргаж ирсэн зэрэгцүүлэх үнийг аж ахуйн нэгж, төрийн өмчит үйлдвэрийн газрын үйлдвэрлэсэн барааны тоогоор үржүүлж, нийт үйлдвэрлэлийн хэмжээг гаргадаг байжээ. Жил бүр энэ аргачлалаар үйлдвэрлэлийн хэмжээг тогтоож, өмнөх оноосоо, эсвэл таван жилийн өмнөхтэй харьцуулахад өсч, буурсан эсэхийг тогтоож ирсэн байна. Энэ аргачлалаар эдийн засаг өмнөхөөсөө өсч, буурсан эсэхийг мэдэх бололцоотой ч, суурь үнийг таван жилд нэг удаа өөрчлөх шаардлагатай байдаг байна. Өөрөөр хэлбэл, 2005 оны зэрэгцүүлэх үнийг 2010 онд өөрчлөх шаардлагатай тулгарсан байгаа юм. Тэр үеийн Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн судалгааны газрын дарга Бадамцэцэг: 2015 он хүртэл 2010 оны суурь буюу зэрэгцүүлэх үнэ ашиглахаар судалгааны ажлыг эхлүүлсэн талаар хэлж байлаа. Тэгвэл одоо 2021 он дуусах шатандаа явна. Тэр ч утгаараа зэрэгцүүлэх үнэ шинэчлэн тогтоож, аж ахуйн нэгж, төрийн өмчит үйлдвэрийн газрын үйлдвэрлэсэн барааны тоогоор үржүүлж, нийт үйлдвэрлэлийн хэмжээг гаргах ёстой болж таарч байгаа юм. 

-Дотоодын нийт бүтээгдэхүүн 2011 онд-

2011.08.13. Аливаа орны эдийн засгийг тухайн орны макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүдээс тольдож болно. 2009 оны дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралын үед манай улсын макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүд бүхэлдээ өвчлөөд байлаа. Тэгвэл 2011.08.13-ны хавьцаа Үндэсний статистикийн хорооноос явуулсан судалгаагаар манай улсын эдийн засаг сайнтай, бас муутай гарч байсан юм. Дэлхийн улс орнуудын эдийн засаг сайжрахын хэрээр Монгол улсаас худалдаж авах бараа, бүтээгдэхүүний тоо хэмжээ өссөн байна. Үүний нэг бодит жишээ бол, манай улсын экспорт өнгөрсөн оны мөн үеэсээ 52 хувиар өсч, 2 их наяд 341 тэрбум төгрөгт хүрсэн явдал. Экспорт нэмэгдвэл үүнийгээ дагаад үйлдвэрлэл сэргэдэг. Тэр ч утгаараа, гадаад зах зээл дэх эрэлт хэрэгцээнээс хамаарч, манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох алт, зэс, нүүрсний экспорт нэмэгджээ. Тухайлбал, манай улсын зэсийн баяжмал, газрын тос, нүүрс, төмрийн хүдрийн үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеэсээ 78 хүртэлх хувиар өссөн байна. Тэр үеийн Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн судалгааны газрын дарга Бадамцэцэг: Энэ нь манай улсын аж үйлдвэрийн салбар 6,8 хувиар өсч, 1 их наяд 83 тэрбум төгрөгт хүрэхэд нөлөөлсөн болохыг хэлж байсан юм. Аж үйлдвэрийн салбарт өсөлт гарвал үйлчилгээний салбарт мөн дагаад өсөлт гардаг. Энэ хоёр салбарт өсөлт гарвал татварын орлого нэмэгддэг уламжлалтай. Энэ жишгээр татварын орлого өнгөрсөн оны мөн үеэсээ 53 хувиар нэмэгдсэн байна. Ийнхүү аж үйлдвэрийн салбарын өсөлттэй уялдаж, үйлчилгээний салбарт өсөлт гарч, татварын орлого нэмэгдсэн нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн оны мөн үеэсээ 14 хувиар өсч, 2 их наяд 152 тэрбум төгрөгт хүрэхэд нөлөөлжээ. Экспорт нэмэгдэж, тэр хэрээр үйлдвэрлэл өсч, татварын орлого өссөн нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд нөлөөлөөд зогсохгүй, улсын төсөв ашигтай гарахад нөлөөлж байсан юм. Улсын нэгдсэн төсөв 2011 оны эхний долоон сард 2 их наяд 305 тэрбум төгрөгийн орлого орж ирсэн бол, зарлага нь үүнээс бага буюу 2 их наяд 180 тэрбум төгрөг байжээ. Төсвийн орлого зарлагаасаа 20 пунктээр их байсан нь улсын нэгдсэн төсөв 2011 оны эхний долоон сард 125 тэрбум төгрөгийн ашигтай гарахад нөлөөлсөн байдаг. Эдийн засагт энэ мэт эерэг үзүүлэлт гарч байсан ч, харамсалтай нь манай улсын гадаад худалдааны алдагдал өндөр үзүүлэлттэй гарч байсан юм. Гадаад худалдааны алдагдал өнгөрсөн оны мөн үеэсээ 8,4 дахин өсч, 1,1 тэрбум ам.долларт хүрээд байсан билээ. Манай улсын экспорт 52 хувиар нэмэгдсэн ч, импорт 2 дахин нэмэгдээд байсан нь гадаад худалдаа ийм хэмжээний алдагдал хүлээхэд нөлөөлсөн байна. Гадаад худалдаа алдагдалтай гарахад нөлөөлсөн импортын өсөлт юутай холбоотой болохыг тэр үеийн Үндэсний статистикийн хорооны дэд дарга Гэрэлт-од: Оюутолгой, тавантолгойн ордын томоохон бүтээн байгуулалт өрнөж байгаатай холбоотойгоор гаднаас оруулж ирэх техник тоног төхөөрөмжийн импорт нэмэгдсэн байна. Нөгөө талаас гаднаас оруулж ирж байгаа бараа, таваарын үнэ өссөн нь импортын хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өсч, гадаад худалдаа алдагдалтай гарахад нөлөөлж байсныг хэлж байсан юм. Энэ нь ганц гадаад худалдаа гэлтгүй инфляци өсч, төгрөгийн ханш унахад нөлөөлж болзошгүйг мэргэжлийн хүмүүс анхааруулж байсан билээ. Тухайлбал, ганднаас импортолж байсан нефть бүтээгдэхүүний үнэ өсч байсан нь инфляци өсч, төгрөгийн ханш унахад нөлөөлж болзошгүй байсан юм. Импортын бараанд их хэмжээний валют зарцуулж, түүнээс бага хэмжээний валют гаднаас орж ирж байсан нь долларын ханшийг өсгөж, төгрөгийн ханшийг унагах эрсдэл авч ирж болзошгүйг мэргэжлийн хүмүүс хэлж байсан юм. Үүнээс гадна, мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 67 хувиар өсч, 6 их наяд төгрөг рүү ойртож байсан нь инфляцийг өсгөж, төгрөгийн ханш унахад нөлөөлж болзошгүй байсан юм. Тодруулбал, тухайн үед үйлдвэрлэсэн барааны үнийн нийлбэрээс давсан их хэмжээний мөнгийг зах зээлд нийлүүлсэн нь инфляцийг өдөөж, төгрөгийн ханшийг унагаж болзошгүй хүчин зүйлийн нэг байлаа. 2011.08.13-ны байдлаар улсын хэмжээнд инфляци жилийн 10,1 хувь байсан бол, америк долларын албан ханш 1234 төгрөг байсан юм. 

-Манай улсын эдийн засаг 2012 оны гуравдугаар улиралд 10 хувиар өслөө-

2012.10.13. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2012 оны эхний улиралд өнгөрсөн оны мөн үеэсээ 23 хувиар өсч, 9,9 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүнийг 2005 оны зэрэгцүүлэх үнээр тооцвол, дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэсээ 10 хувиар өсч, 3,8 их наяд төгрөгт хүрсэн байгаа юм. Үүгээр тооцвол, манай улсын эдийн засаг 2012 оны гуравдугаар улиралд 10 гаруй хувийн өсөлттэй гарсан байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оноосоо өссөн дүнтэй гарсан атал, яагаад эдийн засгийн өсөлт өнгөрсөн оных шигээ 17 хувьд хүрэхгүй байна вэ гэдэг анхаарал татсан асуудлын нэг байсан юм.

Үргэлжлэл бий…

Translate