12 сар 19, 2024

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх К.Раттрейтэй уулзав

2021-11-02. Шотланд. Глазгоу хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч К.Раттрейтэй уулзлаа. Түүнд шинэ албанд томилогдсонд нь баяр хүргэхийн зэрэгцээ хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Тухайлбал,  уулзалтаар талууд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах асуудлаар олон улсын хурал Улаанбаатарт зохион байгуулах боломжийн талаар санал солилцсон байна.  

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол Улс тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Венийн үйл ажиллагааны хөтөлбөр, түүний хэрэгжилтийг эрчимжүүлэхийг чухалчилж, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа, санаачлагын талаар танилцууллаа. Түүнчлэн Улаанбаатарт төвтэй далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох, судалгааны төвийн үйл ажиллагааг бүрэн эхлүүлэхэд Дээд төлөөлөгчийн газраас дэмжлэг үзүүлж ажилласныг Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын үеэр тэмдэглэв. 

Дээд төлөөлөгч К.Раттрей: Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалахад Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг  өндрөөр үнэлж, дээд төлөөлөгчийн газраас тээвэр, логистик, худалдааг хөнгөвчлөх зэрэг чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа идэрхийлэв. Мөн тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн Тэрбум мод санаачлагыг дэлхийн дулаарал, цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт чухал хувь нэмэр болно гэдгийг онцолжээ.

Translate