12 сар 6, 2024

Найдлага олон улсын тэмцээн…

Ү.Ядамсүрэн 1958 он, Өвгөн хуурч. Монголын уран зургийн галерейн хосгүй үнэт бүтээлийн нэг.

-Найдлага олон улсын тэмцээн ба хөгжим бүжгийн боловсрол-

Хөгжим бүжгийн коллеж байгуулагдаад өдгөө 80 гаруй жил болж байна. Тус коллеж байгуулагдсан цагаасаа хойш суралцагчиддаа хөгжим бүжгийн боловсрол олгож ирсэн. Тус сургуульд жилд 600 гаруй оюутан, сурагч суралцаж дэлхийн төдийгүй, үндэсний хөгжмийн боловсрол эзэмшдэг юм. Тус сургуулийн оюутнууд 1997 оноос олон улсын хөгжмийн уралдаан, тэмцээнд оролцож эхэлсэн байдаг. ОХУ-д зохиогдсон Найдлага-2008 олон улсын хөгжмийн тэмцээнийг энд дурдаж болох юм. Энэ бол хөгжим бүжгийн сургуулийн оюутан, сурагчдын тасралтгүй оролцдог уралдаан тэмцээний нэг учраас ийн дурдаж буй хэрэг юм. ОХУ-д зохиогддог Найдлага олон улсын өсвөрийн хөгжимчдийн тэмцээнд тус коллежийн сурагчид 2006 онд анх оролцож байжээ. Харин 2008 онд хоёр дахь удаагаа оролцсон байна. Найдлага-2008 тэмцээн төгөлдөр хуур, үлээвэр хөгжим, утсан хөгжим, үндэсний хөгжим зэрэг бүхий л хөгжмийн төрлөөр насны таван ангилалд болж өнгөрсөн юм. Хөгжим бүжгийн коллежийн 75 сурагч хөгжмийн бүх төрлөөр, насны 5 ангилалд оролцож байсан юм. Ингэхдээ төгөлдөр хуурын бүх ангилалд нийт 11 хүүхэд оролцсон байна. Ингэхдээ,

  • 1-р ангилалд 6 хүүхэд оролцож, 2 нь II байр
  • 2-р ангилалд 1 хүүхэд оролцож байр эзлээгүй
  • 3-р ангилалд 2 хүүхэд оролцож, 1 нь тусгай байр
  • 4-р ангилалд 1 хүүхэд оролцож, тусгай байр
  • 5-р ангилалд бакалаврын ангийн оюутан оролцож, тусгай байр

тус тус эзэлж байсан юм. Найдлага-2008 олон улсын хөгжмийн тэмцээний 3-р ангилалд оролцож, тусгай байр эзэлсэн Дөлгөөн: Хөгжим бүжгийн коллежийн 9а ангид сурдаг. ОХУ-д зохиогдсон Найдлага-2008 олон улсын өсвөрийн төгөлдөр хуурын тэмцээнд оролцоод ирлээ. Энэ тэмцээнд манай коллежийн мэргэжлийн төгөлдөр хуурын танхимаас 11 хүүхэд, утсан хөгжмөөс мөн сурагчид оролцсон. Нийт 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ОХУ-д зохиогдсон тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Амжилтаас дурдвал төгөлдөр хуурын гуравдугаар ангилалд би тусгай байр эзэлсэн. Надаас гадна 2 хүүхэд тусгай байр эзэлсэн. Утсан хөгжмөөс Энхмаа I байрт, Дариймаа III байрт орсон. Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдтэй өрсөлдөхүйц чадалтай нь энэ тэмцээнээс харагдаж байсан. Тэмцээнд ОХУ-ын Новосибирск, Красноярск, Иркутскийн төгөлдөр хуурчид хамгийн хүчтэй өрсөлдөгчид байсан хэмээн тухайн үед хуучилж байсан юм. ОХУ-д зохиогдсон Найдлага – 2008 олон улсын хөгжмийн тэмцээнд монголын хөгжимчид дээрх амжилтыг ийнхүү гаргаж байсан билээ. 

-Испанийн Сансэбстиан болон Вескагийн олон улсын хөгжмийн тэмцээн-

Найдлага-2008 тэмцээний өмнөхөн Хөгжим бүжгийн коллежийн сурагчид Испанид зохиогдсон олон улсын хөгжмийн наадамд оролцож байсан юм. Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын багш Занаа: Испанийн Сансэбстиан хотод олон улсын тэмцээнд оролцоод ирсэн. Манай хөгжим бүжгийн коллежоос баг насны ангилалд нийт 5 сурагч оролцсон. Тэдний 4 нь нэгдүгээр байрт орсон байгаа. Харин хоёрдугаар ангийн, хамгийн бяцхан сурагч маань II-р байрт орсон. Хөгжим, бүжгийн коллежийн хүүхдүүд 1997 оноос эхлэн олон улсын чанартай тэмцээн, уралдаанд оролцож эхэлсэн. 2008 онд Испанийн Сансебстиан хотноо зохиогдсон олон улсын тэмцээнд анх удаа оролцлоо. Өмнө нь Испанийн Веска хотод гурван жил дарааллан хөгжмийн олон улсын тэмцээнд оролцсон. Биднийг Веска хотын тэмцээнд оролцож байхад Сансебстиан хотын хөгжмийн конкурс зохиогддог байсан. Бид Вескагийн тэмцээнд яваад сурчихсан болохоор Сансэбстиан хотын тэмцээнд ороод байдаггүй байлаа. Веска хотын олон улсын хөгжмийн тэмцээн 2008 оноос зохиогдохоо больсон тул Сансебстиан хотын конкурсад энэ жил оролцсон юм. Сансебстиан хотноо зохиогдсон тэмцээнд манай коллежийн хүүхдүүд нэлээд өндөр үнэлгээ авсан. Гала концертод монголоос Ундрал орсон. Нэгдүгээрт тэмцээний шүүгчид монгол хүүхдүүдийг тайзан дээр өөрсдийгөө их сайхан, зөв авч явж байна гэж дүгнэсэн. Хоёрдугаарт бэлтгэл сайн хангагдсан байна гэж үнэлсэн. Гуравдугаарт хөгжмийн сэтгэлгээ их өндөр түвшинд хөгжсөн байна гэсэн гурван үнэлгээг бид нарт зориулж хэлсэн хэмээн хэдэн жилийн өмнө хуучилж байсан юм. Ийнхүү хэдэн жилийн өмнө эх орноосоо мордож, олон улсын тэмцээнд оролцсон манай өсвөрийн хөгжимчид Испаниас нэлээд өндөр үнэлгээтэй ирсэн юм. Энэ нь тэдний хувьд өмнөө тавьсан зорилгодоо хүрч чадсан амжилтынх нь нэг хэсэг байсан юм. Цаашлаад цаашдынх нь уран бүтээлийн үүд хаалга нээгдсэн билээ. Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурчид Испанийн Сансебстиан хотод зохиогдсон тэмцээнд оролцох үеэр Португалид зохиогдох олон улсын төгөлдөр хуурын конкурсанд оро лцох урилгатай ирсэн юм. Мөн ОХУ-д зохиогдсон Найдлага – 2008 тэмцээнд амжилттай оролцсоны дараа Краснодар хотод зохиогдох олон улсын хөгжмийн конкурсад оролцох урилгатай ирж байсан юм. Гэхдээ хөгжим бүжгийн коллежийнхон аль алинд нь оролцох боломжгүй гэдгээ учирлаж байсан юм. Нэгдүгээрт хугацаа давчуу тул бэлтгэл хангагдаагүй. Хоёрдугаарт хөгжмийн зохиолч, төрийн шагналт Чулууны нэрэмжит олон улсын төгөлдөр хуур, утсан хөгжмийн тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байсан юм. Тиймээс Португали, Краснодарийн олон улсын хөгжмийн конкурсийг тэр жил өнжсөн. Гэхдээ дараа дараагийн тэмцээн уралдаанд оролцоно гэдгээ илэрхийлж байсан юм.

Translate