Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

10 сар 2021
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 9 сар   11 сар »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Иргэдэд газар өмчлүүлэв…

-Монгол улсын иргэд газар өмчлөх эрхтэй болов-

1992 онд баталсан Монгол Улсын үндсэн хуульд Газар ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. Тус улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч юм. Бэлчээр, нийтийн эдэлбэр, улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно гэж заасан байдаг. Тэгэхээр иргэд маань хуулиараа бол, 1992 оноос эхлэн газар өмчлөн авах эрхтэй болсон гэсэн үг. Гэсэн хэдий ч, 2002 он хүртэл манай улсын ямар ч иргэн газраа өмчилж авах боломжгүй байсан юм. Учир нь газар өмчлөх эрхийг хэн, хэзээ, хэрхэн эдлэх ёстойг хуульд тодорхой заагаагүй байлаа. Энэ харилцааг зохицуулах хууль зайлшгүй хэрэгтэй байсан юм. Энэ ч утгаараа 2002.06.28-нд УИХ-аас Газрын тухай хууль болон монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг батлан гаргасан байдаг. Энэ хууль 2003.05.01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бол, 2008.05.01-нд дуусгавар болох ёстой байлаа. Өөрөөр хэлбэл, таван жилийн хугацаанд мөрдөгдөх хууль гаргасан юм. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зөвхөн гэр бүлийн гишүүдэд өрхийн хэрэгцээнд зориулж нийслэлд 0.07 га газар, аймгийн төвд 0.35 га газар, сумын төвд 0.5 га.газар нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлнэ гэж заасан байлаа. Ингэснээр манай улсын 600 мянга гаруй өрх 168 мянган га.газрыг өмчлөн авах судалгаа тэр үед гарч байсан юм. Тус хуулийг анх батлахдаа монголын нийт өрхөд газрыг нь өмчлүүлж амжина гэж тооцоолж байсан юм. Гэтэл 2008.05.01-нд өрхийн хэрэгцээнд зориулсан газар өмчлөн авах хуулийн хугацаа дуусгавар болоход иргэд газраа бүрэн өмчилж аваагүй байсан юм. Тухайн үед 480 мянган өрх газраа өмчилж авсан гэх судалгаа гарч байсан билээ. Ингэхдээ, Улаанбаатар хотод газар өмчлөл харьцангуй өндөр хувьтай гарч байсан юм. Өрхүүд хэрэгцээний газраа өмчилж авч дуусаагүй учраас хуулийн хугацааг 2013 оны тавдугаар сарын 1-нийг хүртэл сунгах саналыг Засгийн газар УИХ-д оруулсан байдаг. Мөн УИХ-ын хэсэг гишүүд өрх бүрт 0,07 га.газрыг өмчлүүлэхээр заасныг иргэн бүрт болгон өмчлүүлэх саналыг УИХ-д оруулж байсан юм. Ингээд хуулийн шинэчилсэн найруулгыг парламентаар хэлэлцэж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дахин таван жилээр сунгасан юм. Өөрөөр хэлбэл, 2013 оны тавдугаар сарын 1-нийг хүртэл газар өмчлүүлэхээр хугацааг нь сунгасан юм. Өмнө нь өрх бүр 0,07 га.газар өмчлөн авах эрхтэй байсан бол, хожим нь монгол улсын иргэн бүр 0.07 га.газар өмчлөн авах эрхтэй болсон билээ. Тухайн үед манай улс 2,6 сая гаруй хүн амтай гэсэн судалгаа гарч байв. Иргэн бүр газар өмчлэх эрхтэй болсноор шинээр мэндэлсэн нялх үрс өөрийн гэсэн өмчийн газартай болох бололцоо нь бүрдэнэ гэж үзэх хүмүүс байв. Цаашлаад иргэн бүр 0.07 га.газраа өмчилбөл манай улсын газар нутгийн тодорхой хувь нь эзэнтэй болно гэж тооцоолж байсан билээ.

-Нийслэлийн 7 дүүрэгт газар өмчлүүлэх ажил эхлүүлэв- 

2014-04-10. Улаанбаатар. Иргэдэд газар өмчлүүлэх ажлыг идэвхижүүлэх зорилгоор нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурал 2013 оны тавдугаар сарын 30-нд 2014-2016 оны хооронд нийслэлийн 7 дүүрэгт нийт 15 мянган га талбайг гэр бүлийн хэрэгцээнд зориулж өмчлүүлэх тогтоол гаргаж байлаа. Тодруулбал, Баянзүрх, Хан-уул, Сонгино-хайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргийн 52 байршилд 160 мянган иргэнд газар өмчлүүлэхээр болсон юм. Нийслэлчүүдэд газар өмчлүүлэх ажлыг 2014 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэх байсан ч, 52 байршлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хараахан дуусаагүй байсантай холбоотойгоор түр хойшлуулж байсан тал бий. Тэр үеийн Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн ахлах мэргэжилтэн Жишир: Дээрх 52 байршилд иргэдийн газар өмчлөх тухай хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч сонгон шалгаруулалтыг хүний оролцоогүй судалгааны зарчмаар шийдвэрлэх программ хангамжийг Нийслэлийн мэдээлэл технологийн газартай хамтран нэвтрүүлэхэд бэлэн болсон талаар хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл, газар өмчлөхийг хүссэн иргэдийн өргөдлийг 2014 оны тавдугаар сарын 1-нээс цахим хэлбэрээр авахаар төлөвлөж байсан юм. Өмнө нь ямар нэгэн байдлаар газар өмчилж байгаагүй иргэн Нийслэлийн өмчийн харилцааны газрын цахим хуудсанд хандан 2014 оны тавдугаар сарын 1-нээс хүсэлтээ илгээх бололцоо нээгдсэн юм. Ингэснээр өмнө нь иргэд газар өмчлөх хүсэлт гаргахдаа иргэний үнэмлэхийн хуулбар, хорооны засаг даргын тодорхойлолт зэргийг давхар хавсаргадаг байсан бол тэгэх шаардлагагүй болсон гэдэг. Дээр дурдсан цахим хаягт зочилж газар өмчлөх хүсэлтээ цахимаар бүртгүүлж эхэлсэн юм. Холбогдох байгууллага хүсэлт гаргасан иргэн өмнө нь газар өмчилж байсан эсэхийг нягталж, 7 дүүргийн 52 байршилд газар өмчлүүлэх эсэхийг шийдвэрлэх байв. Тэр үеийн Нийслэлийн өмчийн харилцааны газрын ахлах мэргэжилтэн Батчимэг: Газар өмчлөх эрх авсан иргэд холбогдох бичиг баримтаа бүрдүүлж өгөх ийм шатлалаар явна гэдгийг тодотгож байлаа. Авлига, хээл, хахуулиас ангид, ил тод байлгах үүднээс газар өмчлөх хүсэлтийг цахим хэлбэрээр явуулахаар болсон нь энэ юм. Ийнхүү 2014 оны тавдугаар сарын 1-нээс иргэдээс газар өмчлөх хүсэлт авч, нийслэлийн 7 дүүргийн 52 байршлыг өрхийн хэрэгцээнд өмчлүүлэхээр болсон юм. Үүнд дараах байршил багтаж байлаа. Баянзүрх дүүргийн 9, 20, 23, 24 дүгээр хороонд, Хан-Уул дүүргийн 10, 12, 13, 14 хороонд, Сонгино-Хайрхан дүүргийн 21, 22, 23-р хороонд газар өмчлүүлэхээр төлөвлөж байсан бол, Налайх дүүргийн 5-р хороонд, Багануур дүүргийн 2, 4-р хороонд, Багахангай дүүргийн 2-р хороонд, Сүхбаатар дүүрэгт Сэлх, Тоосгоны үйлдвэрт газар өмчлүүлэхээр төлөвлөж байсан юм.

Үргэлжлэл бий…

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.