12 сар 6, 2024

Мөрөөдлөө биелүүлэх мөсөн өргөөтэй болов

2021.09.30. Монгол Улс. Улаанбаатар хот. Мөрөөдөл биелэх-Мөсөн өргөө төслийн бүтээн байгуулалтын ажил дуусаж, Монголын анхны өвлийн спортын битүү дээвэртэй ордны нээлт боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээлтийн ёслолд оролцож, Олон улсын олимпын хорооны стандартад нийцсэн мөсөн гулгуурын талбай бүхий Мөсөн өргөөний бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Шадар сайдаар болон Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тус төслийн явцтай танилцаж байсан талаараа дурдаж, энэ түүхэн өдрийн гэрч нь болж байгаадаа туйлын баяртай байгаагаа илэрхийллээ. Төслийг санаачилсан, санхүүжүүлсэн, хамтран хэрэгжүүлсэн үндэсний компаниуд нийгмийн хариуцлага гэж юу байдгийг үлгэрлэн харуулсан болохыг онцолж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар нийгмийн сайн сайхны төлөө хийж байгаа хувийн хэвшлийнхний ажлыг дэмжин ажиллахаа хэлэв. Мөн дөрвөн улиралд дураар гулгах энэ ордны мөсөн дэвжээнээс Монголын анхны өвлийн олимпын медальтнууд, аваргууд төрөн гарна гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ. Үүний дараа уран гулгалт, хоккейн үзүүлэн тоглолт болсноор нээлтийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм. Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц: Мөсөн ордонтой болсноор мэргэжлийн хоккей, уран гулгалт зэрэг өвлийн спортын төрлүүдийг Монгол Улсад хөгжүүлэх бааз суурьтай болж, тив, дэлхий, бүсийн хэмжээний спортын тэмцээн, уралдааныг эх орондоо хүлээн авах, соёл урлагийн болон хурал, зөвлөгөөн зэрэг бусад үйл ажиллагааг зохион байгуулах боломж нээгдэж байна. Улмаар Монгол Улсын үндэсний шигшээ багуудын өрсөлдөх чадвар сайжрах, амжилтаа ахиулах, ялангуяа өвлийн спортыг амжилттай хөгжүүлэх ач холбогдолтой гэж нээлтийн үеэр хэлсэн юм. Тус ордны шав тавих ёслол 2019.04.14-ний өдөр болсон бөгөөд үндэсний аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтээр 2,600-3,600 хүний багтаамж бүхий битүү дээвэртэй спортын ордон ийнхүү баригдаж ашиглалтад орлоо. Монгол Улсад анх удаа цоо шинэ инженеринг, техник технологийг нутагшуулсан, спортын төдийгүй соёл, барилгын салбарын онцлох бүтээн байгуулалтад үндэсний 95, гадаадын 6 компани, нийт 1600 барилгачин, инженер техникийн ажилтнууд оролцжээ.

Translate