12 сар 21, 2024

Эрдэнэт үйлдвэрийг баатар цолоор шагналаа…

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт үйлдвэрийг Монгол Улсын Баатар цолоор шагналаа

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Эрдэнэт  үйлдвэрийг Монгол Улсын Баатар цолоор шагналаа.

Монгол Улсын Баатар цол хүртээх тухай зарлигт:

Монгол Улсын хөгжил цэцэглэлт, эдийн засаг, уул уурхайн салбарын өсөлт хөгжил, салбарын боловсон хүчний бэхжилт, улсын төсвийн төвлөрөлт, Ковид-19 цар тахлын хүндрэлтэй нөхцөлд айл өрх, аж ахуйн нэгжүүдэд учирч буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад үзүүлж байгаа дэмжлэг, хүчин чармайлт, 20 дугаар зууны түүхэн бүтээн байгуулалт – Эрдэнэт үйлдвэрийн улс орныхоо хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Баатар цолоор шагнаж, Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжил дэвшил, улсын эдийн засагт оруулах үр ашгийг дээшлүүлэхийн төлөө цаг наргүй ажиллаж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн хамт олон, нийт уурхайчдын гавьяа зүтгэлийг цохон тэмдэглэн алдаршуулж байна гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэж хэлсэн үгэндээ:

Эрхэм хүндэт Эрдэнэтчүүд ээ!

Баялаг бүтээгч үе үеийн геологчид, уурхайчид аа!

Та бүхэндээ Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ойн мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсний дараах орон нутгийн анхны томилолтоо Орхон аймаг, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрээсээ эхэлж байгаадаа туйлын бэлгэшээж байна.

Манай улсын хувьд хорьдугаар зууны хамгийн том бүтээн байгуулалт бол яах аргагүй Эрдэнэт үйлдвэр бөгөөд тус үйлдвэрийн бүтээн байгуулалтыг даган иж бүрэн дэд бүтэц бүхий Эрдэнэт хот цогцлон бий болсон түүхтэй.

Монгол оронд 1921 оны 7 дугаар сард Ардын хувьсгал ялж, мөн оны 11 дүгээр сард Монгол, Оросын хоорондох найрамдлын барилдлагааг байгуулах тухай гэрээ бичиг байгуулсан бөгөөд энэ жил манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой тохиож байна.

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг 1973-1978 онд барьж байгуулсан явдал нь Монгол, Оросын ард түмний ах дүүгийн ган бат найрамдлын бэлэг тэмдэг болон сүндэрлэн боссон юм.

Энэ эрхэм хүндэт индэрээс Эрдэнэт үйлдвэрийг барьж босголцож, хүч хөдөлмөр, оюун ухаанаа зориулан хүчин зүтгэж байсан үе үеийн орос мэргэжилтнүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Байгалийн баялаг, тэр тусмаа газрын хэвлийн нөөц баялаг ард түмний мэдэлд байх учиртай. Энэ ажлын хүрээнд сүүлийн хэдэн жил хууль бусаар хулгайд алдагдсан улсын үйлдвэрийн газрууд, ашигт малтмалын ордууд, газрын хэвлийн нөөц баялгаа төр улсынхаа мэдэлд эргүүлэн авахын төлөө эрс шийдэмгий тэмцсээр ирлээ.

Үүний үр дүнд Эрдэнэт үйлдвэр, Монросцветмет, Бор-Өндөр, Багануур, Асгат, Салхит, Тос Тосон бумба, Гутайн даваа, Хармагтай, Ноён Уул зэрэг орд газар, үйлдвэр, уурхайнууд ард түмний мэдэлд ирсэн.

Тухайлбал, ашиг хонжоо хайсан зарим сонирхлын бүлэглэлүүд Эрдэнэт үйлдвэрийн нөөц багассан, ашигтай ажиллах боломжгүй болсон мэтээр олон нийтэд зарлаж, төрийн өмчийг үнэгүйдүүлэх, хууль бусаар эзэн суух гэсэн бусармаг үйлдлийг таслан зогсоож, 2019 онд Монгол Улсын Засгийн газар Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоож, 100 хувь төрийн өмчийн статустай болгосон.

Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийг Монголын төр мэдэлдээ авч, улс төрөөс ангид байх зарчмыг баримтлан, мэргэжлийн инженер-техникийн ажилтнууд, нарийн мэргэжлийн ажилчид, уурхайчид та бүхэнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах боломж олгосон нь үр дүнгээ өгч байгаад туйлын таатай байна.

Монгол Улсын Засгийн газар сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анх удаа Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн асуудлыг тусгайлан авч үзэж, Засгийн газрын 2019 оны 224 дүгээр тогтоолоор Эрдэнэт үйлдвэрийг хөгжүүлэх 15 жилийн үндсэн чиглэлийг баталсан.

Уг үндсэн чиглэлийн хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн насжилтыг нэмэгдүүлж, цаашид 70-аад жил ажиллах боломжийг бүрдүүлсэн Эрдэнэт үйлдвэрийн хамт олондоо, геологчид, уурхайчид Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Эрдэнэт үйлдвэр маань сүүлийн 10 жилд л гэхэд төсвийн орлогын 7.5 хувийг дангаараа бүрдүүлж ирсэн бөгөөд цар тахалтай байсан өнгөрсөн 2020 онд гэхэд л нэг их наяд төгрөгийн татвар, шимтгэл, ногдол ашгийн орлогыг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлээд байгаа нь түүхэндээ хамгийн өндөр орлого төвлөрүүлсэн, баялаг бүтээсэн жил байлаа.

Мөн Эрдэнэт үйлдвэр нь 7,000 орчим хүнийг ажлын байраар хангаж, нийт экспортын 10 орчим хувийг дангаараа бүрдүүлж байгаа нь манай улсын эдийн засагт асар их жин дарж, ямар их хувь нэмэр оруулж буйг тод илтгэдэг.

Цар тахлын хүндрэлтэй нөхцөлд айл өрх, аж ахуй нэгжүүдэд учирч буй эдийн засгийн хүндрэлийг зөөллөхөд тэдгээрийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур, цэвэр, бохир ус болон хог хаягдлын үйлчилгээний төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 2021 оныг дуустал Эрдэнэт үйлдвэр маань бүрэн хариуцан төлж байгааг бахархалтайгаар тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Байгалийн баялагтаа жинхэнэ ёсоор эзэн байх зарчмыг цар тахлын энэхүү хүнд хэцүү цагт бодит ажил болгон харуулж, айл өрх, аж ахуйн нэгжүүдээ бодитоор дэмжиж буй Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид хамт олон та бүхэндээ Монголын нийт ард түмэн, Монгол төрийн нэрийн өмнөөс гүн талархлаа илэрхийлье.

Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болсноос хойш 2 жил хүрэхгүй хугацаанд өр зээлээсээ бүрэн салж, өртөг зардлаа бууруулж, хэмнэлтийн горимоор сайн ажилласны үр дүнд Монгол Улсын Засгийн газар дээрх түүхэн шийдвэр гаргах, түүнийгээ хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлснийг энд онцлон тэмдэглэж байна.

Эрхэм хүндэт уурхайчид аа,

20 дугаар зууны түүхэн бүтээн байгуулалт болсон Эрдэнэт үйлдвэр маань Ардын хувьсгалын түүхт 100 жилийн 40 гаруй жилд нь улс орныхоо нийгэм, эдийн засгийн ачааны хүндийг үүрэлцэж, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, амжилтаа бататган ахиулж байгаа Уурхайчин хамт олон та бүхнийхээ хөдөлмөр зүтгэлийг Монгол Улсын төр засаг өндрөөр үнэлж, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт үйлдвэрийг МОНГОЛ УЛСЫН БААТАРцолоор шагнан, Төрийн тэргүүн өөрийн биеэр гардуулж байгаадаа туйлын их баяртай байна.

Эрдэнэтийн овоог нээлцсэн эрдэмтэн геологчид, үйлдвэрийн анхдагчдаас эхлүүлээд Эрдэнэт үйлдвэртэй ажил хөдөлмөр, амьдралаа холбосон үе үеийн инженер-техникийн ажилтан, албан хаагчид, өнөө үеийн ачааны хүндийг үүрэн ажиллаж байгаа та бүхнийг бүгдийг тань УЛСЫН БААТАРцолоор шагнаж байгаатай утга нэг юм.

МОНГОЛ УЛСЫН БААТАРүйлдвэрийн удирдлага, хамт олон, уурхайчид та бүхэндээ Монгол Улсын төр засаг, ард түмнийхээ нэрийн өмнөөс дахин чин сэтгэлийн гүн талархал илэрхийлж, баяр хүргэж, эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсье.

Зуун жилийн түүхэнд анх удаа Эрдэнэт үйлдвэр маань МОНГОЛ УЛСЫН БААТАР ҮЙЛДВЭР боллоо.

Монголын ард түмний тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн түүх болсон нэгэн зууныг хөдөлмөр бүтээл, амжилт үйлсээрээ манлайлсан УЛСЫН БААТАР үйлдвэр маань цаашдаа нөр их бүтээн байгуулалт, ажил үйлсийг өрнүүлж, шинэ зууны хөгжил дэвшлийн түүчээ байна гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие гүнээ итгэж байна.

Мөнх тэнгэрийн хүчин дор

Монгол Улс мандан бадрах болтугай!

Монголын уурхайчдын яруу алдар бадартугай! гэлээ.