11 сар 17, 2024

Анод банк татан буугдав…

Банкууд хүндрэх нь гэсэн яриа газар авч үүний тоонд Анод банк багтаж байсан нь нууц биш. Тиймээс тухайн үед тус банкийг зорьж зарим зүйлийг тодруулж амжсан юм. Анод банкны Нөөцийн удирдлагын газрын дарга н.Чинбат: 2008 оны аравдугаар сарын 31-ний байдлаар Анод банкны актив 326 тэрбум төгрөгт хүрсэн. Активийнхаа хэмжээгээр банкууд дотор 4-рт орж байна. Манай банк хамгийн том хувьцаат банк тул хамгийн их буюу 40 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байна. Манай нийт олгосон зээлийн хэмжээ 178 тэрбум төгрөг, хадгаламж болон харилцах нийлээд 215 тэрбум төгрөгийн эх үүсвэртэйгээр ажиллаж байна. Хадгаламжийн хүүгээ өсгөж, зээл олголт дээр хязгаарлалт хийж байгаа дээр тайлбар хийе л дээ. Манай улсыг мөнгөний нийлүүлэлтийн инфляци хөмрөөд байгаа. Үүнтэй холбоотойгоор 2008 оны эхнээс төвбанк бодлогын хүүгээ өсгөж, банкуудын заавал байлгах нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан. Манайх өөрийн банкин дахь 165 тэрбум төгрөгийн иргэдийн хадгаламжийг үнэгүйдүүлэхгүй инфляцид идүүлэхгүйн тулд хадгаламжийн хүүгээ тодорхой хувиар нэмсэн. Тодорхой хэмжээний хязгаарлалт шалгууртайгаар эрсдэл багатай салбаруудыг сонгож зээл олгож байна. Зээл зогссоноор банкууд хүндэрч байна гэсэн ийм яриа гарах болсон. Манайх өөртэйгөө холбогдсон мэдээллийг ор үндэсгүй гэж няцааж байна гэсэн тайлбарыг олон жилийн өмнө өгч байлаа. Тэгвэл 2008 оны арванхоёрдугаар сарын 16-ны хавьцаа Монголбанкнаас Анод банкинд Бүрэн эрхт төлөөлөгч томилж ажиллуулах болсон юм. Бүрэн эрхт төлөөлөгч банкны өмч хөрөнгийг хяналтандаа авч, 2008 оны арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн иргэдийн хадгаламжийг буцаан олгож эхэлсэн байдаг. Анод банкинд гурав хоног ажилласан бүрэн эрхт төлөөлөгч удахгүй үйл ажиллагааныхаа тайланг олон нийтэд мэдээллэх байв. Тухайн үед төвбанкныхан Анод-оос бусад арилжааны банкуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Гэхдээ арилжааны банкуудад тавих хяналтыг улам чангатгана гэж мэдэгдэж байлаа. Гэвч удалгүй байдал дордож, Анод банкийг 2010 оны долоодугаар сарын 23-ны өдрийн Монголбанкны ерөнхийлөгчийн 446 тогтоолоор албадан татан буулгасан юм. Энэ банк Зоосын нэгэн адил байгаа хөрөнгөөсөө давсан зээл зах зээлд гаргасан. Цаашлаад нэг зээлдэгчид хэдэн тэрбумаар хэмжигдэх томоохон зээл олгосон. Үүний эргэн төлөлт удаашралтай гэсэн шалтгаанаар татан буугдаж тус банкинд эрх хүлээн авагч томилогдсон юм.

Тэр үед Монголбанкнаас томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч н.Насанжаргал: Анод банкны хадгаламж эзэмшигчдийн мөнгийг гаргаж өгч байгаа. Харилцагчдын мөнгийг олгож эхлээгүй ч удахгүй олгоно гэсэн тайлбар өгч байв. Тухайн үед Анод банк харилцах дансны мөнгийг олгохгүй байсан бол, доллараас бусад валютын хадгаламжийг мөн гаргахгүй байсан тал бий. Энэ нь доллараас бусад гадаад валютын нөөц тус банкинд бага байсантай холбоотой. Харин иргэдийн хадгаламжийг олгож байлаа. Ингэснээр тус банкинд үлдсэн 140 тэрбум төгрөгийн хадгаламжаас 30 орчим хувийг нь иргэд татсан үзүүлэлт удалгүй гарсан юм. Санхүүгийн хүндрэлд орсон арилжааны банкуудад Эрсдэлийн сангийн 300 орчим тэрбум төгрөгийг байршуулахаар болсон ч, энэ хөрөнгөөс хувь хүртэх банкуудын тоонд Анод багтаагүй байдаг. Тиймээс 2008 онд батлагдсан банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хуулийн хүрээнд татан буугдсан банкуудын харилцагч болон хадгаламж эзэмшигчдийг хохироохгүйн тулд Засгийн газар бонд гаргахаар төлөвлөж ч амжаагүй. Гэхдээ Сангийн яамны хүсэлтээр төвбанк 100 гаруй тэрбум төгрөгийн зээлийг татан буугдсан Анод банкинд өгч, үүгээр тус банкны харилцах болон хадгаламжийн үлдэгдлийг олгосон юм. Анод банкны чанаргүй зээлийг барагдуулах замаар төвбанк гаргасан мөнгөө эргүүлэн авахаар ийм зохицуулалтыг тухайн үед хийсэн билээ. Анод банк анх 260 тэрбум төгрөгийн зээл болон авлагатай байсан. Анод банкны эрх хүлээн авагч шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй хамтран үүний 70 тэрбумыг нь барагдуулсан гэх мэдээлэл бий. Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 2010 оны наймдугаар сарын 24-ны байдлаар 70 тэрбум төгрөгийг барагдуулсан тухай бататган хэлж байлаа.

Анод банкны зээлийн өрийн үлдэгдлээс барагдуулсан дээрх 70 тэрбум төгрөгийг тус банкны зарим харилцах болон хадгаламж эзэмшигчдэд олгож хохиролгүй болгожээ. Дээр нь төв банкнаас 100 гаруй тэрбум төгрөг гаргаж Анод банкны үлдэх харилцагч болон хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгосон байдаг. Ингэснээр Анод банкны дийлэнх харилцагчид мөнгөө авч хохиролгүй болсон болохыг тус банкны эрх хүлээн авагч н.Энхбат хэлдэг юм. Харин Монголбанкнаас гаргасан 100 тэрбум төгрөгийг улсад эргүүлж авах ажил үлдсэн байдаг. Анод банкны зээлийн өрийн үлдэгдлийг барагдуулж Монголбанкнаас гаргасан мөнгийг буцааж төвбанкинд байршуулах ёстой юм. Ямар ч байсан Анод банкинд 140 тэрбум төгрөгийн чанаргүй зээл болон авлага үлдээд байснаас 40 хувийг Анод банкны гурван гол хувь нийлүүлэгчээс, үлдэх 60 хувийг нь 700 орчим зээлдэгчээс гаргуулах шүүхийн шийдвэр гарсан байдаг. Үүнийг барагдуулахад ихээхэн хүндрэлтэй байгааг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн учирлаж байлаа. Анод банкны 140 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдлийг төлөөгүй хүмүүсийн нэрсийг Анод банкны Эрх хүлээн авах зөвлөлийн гишүүн н.Зоригтбаатараас тодруулсан ч тухайн үед хэлэхээс зайлсхийж байсан удаатай. Уг нь Банкны тухай хуульд зааснаар зөвхөн хадгаламж эзэмшигчдийн нэрс нууцын зэрэгт багтдаг. Харин банкнаас зээл авсан хүмүүсийн нэрс ил тод байх ёстой юм. Гэтэл Анод банкны томоохон зээлдэгчдийн нэрс ил болсон ч, жижиг зээлдэгчдийн нэрс тодорхойгүй байсан тал бий. Банк, санхүүтэй холбоотой хууль эрх зүйн орчин боловсронгуй биш байгаагаас Зоос, Анод гэсэн хоёр ч арилжааны банк дампуурсан гэх дүгнэлтэд тухайн үед хүрсэн байдаг. Тэр үеийн Монголбанкны дэд ерөнхийлөгч Энхжаргал: Үүнийг засахын тулд Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон тухай хэлж байсан юм.