12 сар 22, 2024

Эрчим хүчний 98 хувийг дотоодоос хангаж эхлэв…

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 93 сая ам.доллараар ДЦС-IV төрийн өмчит хувьцаат компанийн дөрвөн турбингенераторыг өргөтгөж Төвийн бүсийн эрчим хүчний системд холбосон билээ. Ингэснээр манай улс ОХУ-аас авдаг эрчим хүчний импортыг хоёр дахин бууруулж, хэрэглээнийхээ 98 хувийг дотоодоос хангах боломж бүрдсэн юм. 89 МВт-аар өргөтгөсөн нь 10 аймгийн төвийг эрчим хүчээр, 18 мянган айл өрхийн 150 гаруй орон сууцыг дулаанаар хангах хэмжээний хүчин чадал юм. Өргөтгөлийг ашиглалтад хүлээн авах ёслолд Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэлсэн байдаг. Засгийн газрын тогтоолын дагуу айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулааны төлбөрийг 2021 оны долоодугаар сарын 1 хүртэл төр хариуцахаар болсон. Цахилгаан, дулааны хэрэглээний өсөлтийг найдвартай хангах, өвлийн оргил ачааллыг даван гарахад энэ өргөтгөл чухал хувь нэмэр оруулна гэдгийг тэрээр илэрхийлж байсан юм. Мөн ойрын гурван жилд Тавантолгой, Чойбалсан, Амгалангийн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг шинээр барьж, өргөтгөхөөр зорьж байгааг тухайн үед мэдэгдэж байлаа. Цахилгаан станцын өргөтгөлийг ДЦС-IV болон ОХУ-ын Уралын турбин завод компанийн инженер, техникийн ажилчид хамтран хийсэн бол, туслан гүйцэтгэгчээр Ган цагаан өргөө, Морьтон, ББЗБ, Эрчим сервис, СММ, Монкран консалтинг, Бестпрайс, Ханжинбулаг, Шинэ эхлэл төсөөлөл, Ди Ти Юу компани ажилласан. ДЦС-IV компани Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн цахилгааны 70, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 65 хувийг үйлдвэрлэж байгаа юм.