12 сар 27, 2024

Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцэл…

2009 оны дэлхийн нийтийг хамарсан хямралын үед валютын нөөцийг нэмэгдүүлэх үүднээс хөрш орнуудтай мөнгөн тэмдэгтийн солилцоо хийх арга хэмжээ авч эхэлсэн билээ. Тухайн үед тэр үеийн Монголбанкны дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргал Монголбанк валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор гадаадын төв банкуудтай мөнгөн тэмдэгтийн солилцоо буюу своп гүйлгээ хийхээр болоод байна. Хятадын ардын банктай 700 саяас 1.4 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний 5-10 тэрбум юанийг гурван жилийн хугацаанд монгол төгрөгөөр солих ажлыг эхлүүлэхээр болсон. Үүний сацуу манай арилжааны банкууд хятадын дөрвөн банкинд юанийн харилцах данстай юм байна. Өнөөдөр манай арилжааны банкуудад 750 сая ам.доллартай тэнцэх хэмжээний юанийн нөөц байгаа гэсэн. Энэхүү юанийг хятад руу шилжүүлж доллар болгох ажлыг эхлүүлээд байна гэж мэдэгдэж байсан юм. Энэ хүрээнд Монголбанк 2011 оны тавдугаар сарын 6-нд БНХАУ-ын Ардын банктай төгрөг, юань солилцох гурван жилийн хугацаатай своп хэлцэл албан ёсоор байгуулсан юм. Анхны гэрээгээр Хятадын төвбанкнаас 5 тэрбум юань авч, оронд нь түүнтэй тэнцэх 1 их наяд төгрөг нийлүүлэхээр тохиролцсон байдаг. 2012 оны гуравдугаар сарын 20-нд энэ гэрээнд өөрчлөлт оруулж, хугацааг хэвээр үлдээсэн ч, солилцох үндэсний валютын хэмжээг нэмэгдүүлсэн юм.

Тодруулбал, Хятадын ардын банкнаас авах юанийн хэмжээг 10 тэрбумд хүргэж, төв банкнаас нийлүүлэх төгрөгийг 2 их наяд төгрөгт хүргэсэн билээ. Ийм нөхцөл бүхий своп хэлцлийн хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор 2014 тавдугаар сарын 14-нд Монголбанк болон  Хятадын ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийг сунгасан байдаг. Тэгвэл БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад хэдэн жилийн өмнө айлчлах үеэр тэр үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Хятадын ардын банкны ерөнхийлөгч Жоу Шиао Чуан нар Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хэмжээг 10 тэрбум юаниас 15 тэрбум юаньд хүргэж, шинээр гэрээнд гарын үсэг зурсан юм. Ингэснээр 2011 оны тавдугаар сарын 6-нд үзэглэж, 2014 тавдугаар сарын 14-нд сунгасан өмнөх гэрээ хүчингүй болсон юм. Шинэ гэрээ үзэглэсэн өдрөөсөө буюу 2014 оны наймдугаар сарын 21-нээс хэрэгжиж эхэлсэн байдаг. Гурван жилийн хугацаатай энэ гэрээний талаар тэр үеийн Монголбанкны Ерөнхийлөгч Н. Золжаргал: Шаардлагатай үед юанийг төгрөгөөр сольж авах бололцоог нээж өглөө. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдвэл заавал зарцуулах шаардлагагүй. Хүндрэлтэй үед үүнийг хэрэглэнэ гэсэн тайлбар өгсөн юм. Тэгвэл хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Монголбанк, Хятадын Ардын Банкны хооронд байгуулсан 15 тэрбум юань буюу 6 их наяд төгрөгийн үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр шинэчлэн байгуулж, своп хэлцлийг дахин 3 жилийн хугацаатайгаар сунгасан байна.

Дэлхийн банк хоорондын санхүүгийн цахилгаан холбооны (SWIFT) нийгэмлэгээс гаргасан судалгаагаар БНХАУ-ын үндэсний мөнгөн тэмдэгт юань нь дэлхийн идэвхтэй арилжаалагддаг валютуудын долоодугаарт эрэмбэлэгдсэн байдаг. Худалдааны санхүүжилтийн хувьд долларын дараа ашиглагддаг гол валютад тооцогджээ. БНХАУ манай улстай хиллэдэг учраас худалдааны гол түнш орон. Тэр ч утгаараа, тус улсын үндэсний мөнгөн тэмдэгтийг манай улс гадаад худалдаандаа түлхүү ашигладаг байна. Тухайлбал, манай улсын Хятад руу экспортолдог бараа бүтээгдэхүүн импортоор авч байгаагаас гурав дахин их байдаг судалгаа бий. Тэр хэрээр Монгол руу орж ирэх юанийн урсгал гадагшлах урсгалаас хэд дахин их байдаг байна. Энд нэг жишээ дурдахад, 2010 оны эхний хагас жилд манай улс руу 566 сая ам.доллартай тэнцэх хэмжээний юань орж ирсний 266 сая нь гадагшаа гарч, дотоодын зах зээлд 300 сая ам.доллартай тэнцэх хэмжээний юанийн илүүдэл гарч байжээ. Тиймээс манай улсын хувьд юань нь долларын дараа орох хоёр дахь гол валютад тооцогддог байна. Тэр ч утгаараа Хятадын Ардын банктай төгрөг юань солилцох своп хэлцэл хийж, олон удаа хугацааг нь сунгахаас гадна, үнийн дүнг нь өсгөж, зарим тохиолдолд гэрээг шинэчилж иржээ. Үүнээс гадна, төвбанк дотоодын арилжааны банкуудтай своп болон форвард хэлцэл 2011 оноос хийж эхэлсэн байдаг юм.