12 сар 20, 2024

Засгийн гишүүд бүтээн байгуулалтын ажилтай танилцав…

-Гашуун сухайт боомтоор 75 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ-

Засгийн газрын гишүүд Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж, төмөр замын бүтээн байгуулалтын ажил болон Цагаан хад суурьшлын бүс, Гашуун сухайт боомтын үйл ажиллагаатай танилцлаа. 2021-04-30-ны байдлаар 67 мянга гаруй тээврийн хэрэгсэл /54,500, зэсийн баяжмал 9,002, бараа материал 4,200 гаруй/-г улсын хилээр нэвтэрсэн байна. Тэгвэл 2021.05.07-ны энэ өдөр Гашуунсухайт боомтын гарах хөдөлгөөний чиглэлд нүүрс тээврийн 50 автомашин, зэсийн баяжмал тээврийн 16 автомашин, бараа материал тээврийн 9 автомашин, орох хөдөлгөөний чиглэлд нүүрс тээврийн 50 автомашин, зэсийн баяжмал тээврийн 16 автомашин, бараа материал тээврийн 9 автомашин тус тус нэвтэрсэн. БНХАУ руу 7 автобусаар 209 жолооч гарч PCR шинжилгээнд 207 жолооч хамрагджээ. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний bar code уншаагүй гэсэн шалтгаанаар 2 жолооч шинжилгээнд хамрагдалгүй буцсан байна. Бараа материалын 1 машиныг БНХАУ-ын орох чиглэлийн хил хяналтын байгууллагууд тарсан гэсэн шалтгаанаар буцаажээ. Цаашид боомтын өргөтгөл шинэчлэлтийг эрчимжүүлэх, Цагаан хад суурьшлын бүсийг эрчим хүчинд холбох, Монгол, Хятадын хилийн боомтын Ногоон бүс гарц түр журмыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг дийлэнх хүмүүс хүссэн бол, эдгээрийг судалж шийдвэрлэнэ гэдгээ Засгийн газрын тэргүүн хэлсэн байна.

-Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсүүдэд 9.9 сая тонн нүүрсний үлдэгдэлтэй байна –

2021-05-07-ны байдлаар нүүрс тээврийн жолооч, хил гаалийн ажилтан, суурьшлын бүс болон багийн 40 гаруй мянган хүн нэгдүгээр тун, 12 мянга гаруй хүн хоёрдугаар тундаа хамрагджээ. Үүнээс нүүрс тээврийн 8,236 жолооч эхний, 5,393 нь хоёр дахь, нийт 13 мянга гаруй жолооч дархлаажуулалтад хамрагдаад байгаа юм. Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсүүдэд 28 аж ахуйн нэгжийн 9.9 сая тонн нүүрсний үлдэгдэлтэй байна. Цар тахлын байдалтай холбогдуулан улсын хилээр нэвтэрсэн уул уурхайн бүтээгдэхүүний экспорт 2019 оны мөн үетэй харьцуулахад 47 хувиар буурчээ. Тиймээс экспортыг нэмэгдүүлэхийн тулд энэ салбарт ажилладаг аж ахуйн нэгжүүдийн ажилчдыг дархлаажуулалтад идэвхитэй хамруулж байгааг салбарын сайд нь танилцуулсан байна. Засгийн газар экспортыг тасалдуулахгүй байх үүднээс шаардлагатай бүх арга хэмжээг авч байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо. Тухайлбал PCR аппарат нийлүүлж, уртын болон богинын тээврийн хэрэгслийг холилдуулахгүй байх үүднээс хязгаарлалтын зурвас үүсгэсэн. Дотоодын цэргийн алба хаагчдыг ажиллуулж байгааг дурдав. Цаашид Өмнөговь, Дорноговь аймагт хэрэгцээтэй байгаа вакциныг богино хугацаанд нийлүүлэх чиглэлийг Эрүүл мэндийн сайдад өгчээ. Харин уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад үүрэг болгосон байна. Ингэснээр дээрх хоёр аймаг Ногоон бүс болж, энэ хэрээр экспорт хэвийн болох боломжтой гэж Засгийн газрын тэргүүн үзэж байгаа аж.

-Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ирэх оны 7 сард ашиглалтад орно-

Засгийн газрын гишүүд Өмнөговь аймагт ажиллахдаа Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцав. Засгийн газар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 258.4 километр төмөр замыг ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулахыг зорьж байна. Төмөр зам баригдсанаар жилд 30 сая тонн нүүрс болон бусад ачаа, ашигт малтмал тээвэрлэж экспортлох боломж бүрдэх юм. Одоогоор газар шорооны ажил 81, дээд бүтцийн барилга угсралт 67 хувь буюу гол замын угсрах ажил 233 километр хийхээс 201 километрийг хийгээд байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нэг өртөө, зургаан зөрлөгтэй байх юм. Төмөр зам Тавантолгойн уурхайгаас коксжих нүүрс экспортлох, уул уурхай болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлэх, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулна. Төмөр замын суурь бүтцийг дотоодын 46 аж ахуйн нэгж, Зэвсэгт хүчний барилгын анги, нэгтгэл хийж байгаа юм. Стратегийн ач холбогдол бүхий дээрх хоёр замыг товлосон хугацаанд нь ашиглалтад оруулахаар Засгийн газар шаардлагатай бүх арга хэмжээ авч байна. Улс төржилт, талцал зэргээс болж 12 жил төмөр замын ажил гацсан. Энэ хэрээр манай улс их хэмжээний орлого, боломжоо алдсан. Цаашид ийм байдал давтагдах ёсгүй. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд шаардлагатай санхүүжилтийг үе шаттай шийдвэрлэнэ гэж Засгийн газрын тэргүүн мэдэгджээ. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын санхүүжилтийг Эрдэнэс Тавантолгой ХК гаргаж байгаа юм. Төмөр зам ашиглалтад орсноор:

-Дотоодын нүүрс тээврийн зардал дөрөв дахин буурч жилд 30-50 сая тонн нүүрс экспортолно,

– Бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс, агаарын бохирдол эрс багасна,

– Авто тээврийн осол, зөрчил буурна,

– Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой,

– Байнгын 2,000 орчим ажлын байр бий болно,

– Жилд 20-28 сая ам.долларын татвар төлнө гэсэн тооцоо гарчээ.  

-Тавантолгойн баяжуулах үйлдвэр 2023 онд ашиглалтад орно-

Засгийн газрын гишүүд тавантолгойд нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргаснаа орон нутагт ажиллах үеэрээ мөн танилцуулжээ. Нүүрс баяжуулах үйлдвэрийг Эрдэнэс Тавантолгой компани өөрийн хөрөнгөөр барьж байгуулахаар болсон. Энэ үйлдвэрийг графикийн дагуу яаралтай барих, ажлыг нь эхлүүлэх үүрэг даалгаврыг Ерөнхий сайдын зүгээс Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягт өгчээ. Нүүрс баяжуулах үйлдвэрийн санхүүжилтийн асуудал шийдэгдсэн тул барилгын ажлыг гуравдугаар улиралд эхлүүлж, эхний блок нь 2023 оны 10 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Тус нүүрс баяжуулах үйлдвэр нь тус бүр 10 сая тонн хүчин чадал бүхий 3 блокоос бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, жилд 30 сая тонн нүүрс баяжуулж, нэмүү өртөг шингээн экспортод гаргах юм. Ингэснээр Монгол Улсын уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт руу шилжиж байна гэдгийг Засгийн газрын тэргүүн онцолжээ. Дашрамд дурдахад, Засгийн газар 2021 оны 04 дүгээр сарын 28 -ны өдрийн хуралдаанаараа Таван толгойн ордыг ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол баталсан юм. Тогтоолд Таван толгойн үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтад багтаж буй төслүүд, нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг тус тус техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу энэ оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлж, гүйцэтгэлийг эрчимжүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болгоод байсан юм. Таван толгой нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл энэ сард хэлэлцэн баталсан бөгөөд энэ оны долоодугаар сард багтаан төслийн урьдчилсан зураг төслийг хийж дуусгахаар төлөвлөжээ. Төслийн нийт өртөг болох 911 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтаа 7 жилийн дотор нөхөх өндөр үр өгөөжтэй гэж үзэж байгаа юм. Үйлдвэрт Тавантолгойн ордын коксжих, сул коксжих нүүрсийг баяжуулж, хатуу коксжих нүүрсний баяжмал, хагас зөөлөн коксжих нүүрсний баяжмал, мидлингийг гаргаж, дэлхийн зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Баяжуулсан сайн чанарын нэг тн нүүрсийг 136, хагас кокжсон бол 107, угаасан эрчим хүчний нүүрсийг 11 ам.доллараар зарна гэсэн тооцоо хийсэн байна.

-Тавантолгойг түшиглэсэн Дулааны цахилгаан станц баригдана-

Нүүрс баяжуулах үйлдвэрээс гадна Тавантолгойн ордыг түшиглэсэн Дулааны цахилгаан станцыг энэ онд барьж эхлэхээр ажиллаж байна. Станцын нийт хүчин чадал 450 МТВ бөгөөд Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга  зэрэг томоохон ордуудыг эрчим хүчээр хангах, төвийн эрчим хүчний системд боломжит хэмжээгээр эрчим хүч нийлүүлэх үндсэн үүрэгтэй юм. Шаардлагатай нийт санхүүжилтийн 30 хувийг Эрдэнэс Тавантолгой компанид хувьцаа эзэмших замаар, үлдэх хувийг зээл, тусламжаас гаргахаар төлөвлөж байгаа тухай Эрчим хүчний болон Сангийн сайд хэллээ. Дулааны цахилгаан станц байгуулахад учрах нэг хүндрэл нь усан хангамж. Үүнийг нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай хамт шийдвэрлэхийг чиглэл болгосон байна. Цахилгаанаа өөрсдөө үйлдвэрлэж, нүүрсээ нэмүү өртөг шингээн баяжуулснаар иргэн бүрийн хувьцаа эзэмшдэг Эрдэнэс Тавантолгой компанийн ашиг орлого нэмэгдэнэ. Тус компанийн А6-20 бизнес төлөвлөгөөнд тусгаснаар жилийн орлого нь ойролцоогоор 4 дахин өсч 7 их наяд  төгрөг, жилийн цэвэр ашиг нь 1 тэрбум ам.долларт хүрэх юм. Тухайлбал, Эрдэнэс Тавантолгой компани 2021-2025 онд олборлолтын хүчин чадал 209 сая метр куб хөрс, 50 сая тонн нүүрс байх юм. Үүний 60 хүртэл хувийг  өөрийн техник, тоног төхөөрөмжөөр хийхээр төлөвлөсөн байна. Нийт 186 сая тонн нүүрс олборлож, 172 сая тонныг борлуулснаар 10,742.4 сая ам.долларын орлоготой, 3,664.4 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллана. Ингэснээр улсын төсөвт 2,482.1 сая ам.долларын орлого төвлөрүүлэх юм. 

Translate