Сангийн сайд Б.Жавхлан НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг өчигдөр хүлээн авч уулзлаа

2021.02.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Суурин зохицуулагч Сангийн сайдаар томилогдсонд талархал илэрхийлж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачлан хэрэгжүүлж буй НҮБ-ын шинэчлэл, дараагийн 5 жил Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээг боловсруулах суурь үнэлгээг хийж байгаа талаараа танилцуулсан. Сангийн сайдаас НҮБ, түүний системийн байгууллагуудад Ковид-19 цар тахалтай тэмцэх, вакцинжуулалттай холбоотой манай улсад маш их дэмжлэг үзүүлж, шуурхай хамтран ажилласанд хувиасаа болон Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн. Түүнчлэн НҮБ-ын дэмжлэгтэй хэрэгжүүлж байгаа Монгол Улсад үр дүнд чиглэсэн, дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэх, ТХЗ-ын хэрэгжүүлэх “Үндэсний санхүүжилтийн нэгдсэн хүрээ боловсруулах” хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, ТХЗ-дод хүрэх чиглэлээр Засгийн газрын бусад яамдаа манлайлан ажиллах болно гэдгээ мэдэгдэв. Сангийн сайд Засгийн газрын авч хэрэгжүүлж буй бодлого, УИХ-аас 2020 оны 5 дугаар сард баталсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, шинэхэн Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний талаар танилцуулж, санал солилцов. НҮБ-аас Засгийн газрын зарласан цогц төлөвлөгөөг дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн энэ оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элссэн 60 жилийн ой тохиож байна. Засгийн газраас энэхүү ойг НҮБ-тай хамтран тэмдэглэх бэлтгэл ажил эхлээд байгааг онцлон тэмдэглэсэн.