12 сар 19, 2024

Төмөр замын ачаа тээвэрлэлт өсч, зорчигч тээвэрлэлт буурчээ

Улаанбаатар төмөр зам 2М62М, ТЭМ-2 маркийн 8 илчит тэрэг, 500 галт тэрэгтэйгээр үйлчилгээнд гарч ирсэн. Монголын руу орж ирэх ачаа Эрээнд саатаж барилгын материалаас өгсүүлээд бараа түүхий эдийн үнэ нэмэгдэх болсон учраас төмөр замынхаа тээх, нэвтрүүлэх чадварыг сайжруулах үүднээс нэмж илчит тэрэг авах шаардлага тулгарлаа. Тиймээс 3 ширхэг зүтгүүр, 150 ширхэг вагон худалдан авах Засгийн газрын тогтоол гарч, 2008 оны төсвийн тухай хуулиар Сангийн сайдын багцад 15 тэрбум төгрөг суулгаж өгсөн удаатай. Энэ дагуу Сангийн яам, Зам тээвэр аялал жуулчлалын яам, Улаанбаатар төмөр замын ажилтнуудаас бүрдсэн үнэлгээний хороо байгуулагдаж, 2008 оны гуравдугаар сарын 26-нд тендер зарлаж, мөн оны есдүгээр сарын 9-ний өдөр эцсийн байдлаар дүгнэсэн билээ. Хоёр багц тендерийн нэг нь Америк стандартын, нөгөө нь Орос стандартын илчит тэрэг авахад оршиж байсан юм.

Манай улсын төмөр замд АНУ-ын Пенсельван мужийн Женерал Электрик заводод үйлдвэрлэсэн Даш , ОХУ-д үйлдвэрлэсэн 2М62М, ТЭ-2, ТЭМ-2 маркийн илчит тэрэг тохирдог байна. Тиймээс тендерт саналаа ирүүлсэн хоёр компани хоёулаа тэнцлээ гэж үнэлгээний хороо үзэж, тухайн үед сангийн сайд ч гэрээ байгуулах зөвшөөрөл олгожээ. Ингээд америк стандартын илчит тэрэг нийлүүлэх тендерт Америкийн Женерал электрик компани шалгарч 2009 оны гуравдугаар сарын дундуур нэг ширхэг зүтгүүр нийлүүлэх ёстой болов. Харин орос стандартын илчит тэрэг нийлүүлэх тендерт Монголын Эс Тэ Эс компани шалгарч 2008 онд багтаан хоёр зүтгүүр нийлүүлэх ёстой болсон юм. Уг нь Засгийн газрын тогтоолд 3 ширхэг зүтгүүр, 150 ширхэг вагон худалдан авах тухай тусгаж өгсөн байдаг. Гэвч сангийн сайдын багцад суусан хөрөнгөөр 3 зүтгүүр авах тендер ийнхүү зарлаж, сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан билээ.

Улаанбаатар төмөр зам Орос-Монголын хувь нийлүүлсэн байгууллага гэдгийг хэн хүнгүй мэднэ. Засгийн газар өөрийн хөрөнгөөр илчит тэрэг худалдан авч, үүнийгээ хувь нийлүүлсэн байгууллагад өгөх бололцоогүй гэж үзжээ. Тиймээс 100 хувийн төрийн өмчит Монголын төмөр зам компани байгуулж, илчит тэргээ төрийн мэдэлд байлгаж, цаашид Улаанбаатар төмөр замд түрээсээр ашиглуулах замаар үйл ажиллагаа явуулахыг зорьсон юм. Энэ мэт төмөр замын тээх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхээр олон жилийн өмнөөс олон ч ажил хийсэн билээ. Тэгвэл эдгээр ажлын явцтай танилцахаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт ажиллалаа. Тэрээр Зорчигчийн вагон ашиглалтын депо, Хөдөлгөөний хяналтын төвөөр орсны дараа нийгэмлэгийн удирдлага, албан хаагчидтай уулзаж байгууллагын үйл ажиллагаатай танилцсан юм.

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг 2020 оны эхний арван сарын байдлаар 24,8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1,7 сая тонноор илүү байна. Мөн хугацаанд 1,9 сая зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 580 орчим мянган хүнээр бага гэсэн статистик мэдээ гарчээ. Хэдийгээр төмөр замын тээх нэвтрүүлэх чадвар өмнөхөөсөө нэмэгдсэн ч, Ковид-19 цар тахлын улмаас олон улсын галт тэрэг үйлчилгээнд явахгүй байгаа нь зорчигч тээвэр буурахад нөлөөлсөн байна. Цаашид төмөр замын тээх нэвтрүүлэх чадварыг өсгөхийн тулд тус нийгэмлэг газрын тос боловсруулах үйлдвэрийн 27 километр төмөр замын дээд бүтцийн ажлыг гүйцэтгэжээ. Мөн Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын дээд бүтцийг барихад оролцон 88,5 км зам тавьсан байна. Сүүлийн гурван жилд мөн 15 шинэ зүтгүүр, өртөөний замд сэлгээний ажил гүйцэтгэх гурван зүтгүүр авсан талаар Замын дарга Д.Жигжиднямаа танилцуулав.

Энэ үеэр МОНП-1, МОНП-2 зээлийн өрийн үлдэгдлийг шийдвэрлэх талаар ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэдгээ Ерөнхий сайд хэллээ. Цаашид  дотоодын аж ахуйн нэгж, байгууллагуудыг ачааны галт тэргээр эрх тэгш хангах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, хариуцлага, сахилга батаа сайжруулахыг чиглэл болголоо. Мөн Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги  чиглэлийн төмөр замын дээд бүтцийн болон барилга, зураг төслийн ажлыг хугацаанд нь чанартай хийж дуусгах шаардлагатайг онцолсон юм.

Translate