Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

11 сар 2020
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 10 сар   12 сар »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Авиа компаниудын алдагдал өссөн ч, үнэ буурах боломжтой

Одоогоос арав гаруй жилийн өмнө дэлхийн зах зээлд нэг баррель түүхий нефтийн үнэ хоёр дахин буурч 70 гаруй ам.доллар шүргэх нь тэр. Энэ үед газрын тосны бүтээгдэхүүн экспортлогч орнууд төсвийн хямралд шууд нэрвэгдсэн гэхэд болно. Харин манайх шиг импортлогч орны тухайд аз тохиосон он жил байлаа. Манай улсын агаарын тээврийн компаниуд өмнө нь нэг тонн онгоцны түлш 2000 ам.доллараар авдаг байсан бол, 1691 ам.доллараар авч эхэлсэн нь үүний нэг тод жишээ юм. Харин онгоцны түлшний үнэ буурсан ч, авиа компаниудын үйлчилгээний үнэ буурсангүй. Тухайн үед, Изинис Эйрвейз компани 2 хүртэл насныханд 30 орчим мянган төгрөгөөр, 12 хүртэлх насныханд 182 мянган төгрөгөөр, түүнээс дээш насныханд 365 мянган төгрөгөөр үйлчилж байв. Харин холын аймгууд руу 2 хүртэлх насны хүүхэд 40 орчим мянган төгрөг, 12 хүртэл насныхан 226 мянган төгрөг, түүнээс дээш насныхан 453 мянган төгрөгөөр үйлчлүүлж байлаа.

Харин Аэро монголиа компанийн тухайд орон нутаг руу нислэг үйлдэхдээ 2 хүртэлх насныханд 30-39 ам.доллараар, 12 хүртэлх насныханд 175-227 ам.доллараар, түүнээс дээш насныханд 346-450 ам.доллараар үйлчилж байлаа. Тэгвэл тус компани Хөх хот руу нислэг үйлдэхдээ 2 хүртэлх насны хүүхдүүдээс 48 ам.доллар, 2-12 насныхан 272 ам.доллар, 12 дээш насныхан хоёр талдаа 530 ам.доллараар үйлчлүүлж байсан юм. Иргэд ийм үнээр байнга гадаад, дотоодод зорчино гэдэг хүндрэлтэй асуудлын нэг. Уг нь нэг тонн онгоцны түлшээр 1 цаг 30 минут нислэг үйлддэг гэж холбогдох мэргэжилтнүүд хэлдэг. Авиа компаниуд орон нутагт нислэг үйлдэхдээ ирж, очиход ойролцоогоор 3 цаг зарцуулдаг. Үүгээр тооцвол, агаарын тээврийн компаниуд орон нутгийн нислэгт 3500 ам.долларын өртөг бүхий хоёр орчим тонн шатахуун хэрэглэдэг гэх тооцоо тэр үед гарч байсан нь нууц биш.

Тиймээс ч, онгоцны түлшний үнийн бууралтаа дагаад, орон нутгийн нислэгийн үнэ бууруулах ёстой гэж үзэх хүмүүс цөөнгүй байлаа. Гэтэл авиа компаниуд үйлчилгээний хөлсөө буулгах нь битгий хэл шатахууны хураамж нэмж авч байв. Ингэхдээ, Аэро монголиа компани үнийн тарифынхаа 20 орчим хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг шатахууны хураамжид нэмж авч байсан бол, Изинис Эйрвэйз компани 41-60 хүртэл мянган төгрөгийг үйлчилгээний хөлс дээрээ нэмж авч байсан юм. Тухайн үед шатахууны хураамж авахаа зогсоох уу гэсэн асуултанд Изинис эйрвейз компани тоймтой хариулт өгөөгүй нь одоо ч тодхон. Харин Аэро монголиа компани шатахууны нэмэгдэл гэж үндсэн тариф дээрээ нэмж оруулсан ч, энэ нэмэгдлээ буулгах төлөвлөгөөтэй байгаагаа хуучилж байсан нь саяхан. Одоогоос арав гаруй жилийн өмнө онгоцны түлшний үнэ буурсан тул орон нутгийн нислэгийн үнээ буулгах шаардлага тулгарч байлаа.

Одоо ч ийм шаардлага байгаагаас гадна, энэ салбарынхан давхар өөр бэрхшээлийг давах туулах ёстой цаг үед ирээд байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ салбарын ажилтай танилцах үеэр Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал нисэхийн салбарт хүндрэл учруулж буйг учирлав. Сүүлийн жилүүдэд хурдацтай өсч байсан үзүүлэлтүүд энэ онд 50-иас дээш хувиар буурчээ. Тухайлбал өнгөрөлтийн нислэг 54, хөөрөлт буулт 63, зорчигч, ачаа, шуудан 63 хувиар буурчээ. Ингэснээр 2010-2019 онд өсөлттэй байсан Иргэний нисэхийн ерөнхий газрын орлого 48, агаарын тээвэрлэгч компаниудын борлуулалтын орлого 67 хувиар буурчээ. Өнгөрсөн онд нэг сая 600 гаруй мянган хүн агаарын тээврээр үйлчлүүлж байсан бол энэ онд 460 мянга болсон нь энэ салбар уналтад орж, хэрхэн авч үлдэх тухай бодох дохиог өгч буй.

МИАТ компани гэхэд энэ оны эхний гурван улиралд 1657 нислэг үйлдэж 410 орчим тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн ч, 287 удаа нислэг гүйцэтгэн 130 тэрбум төгрөг олжээ. Алдагдлаа багасгахын тулд тусгай үүргийн нислэгээс гадна, карго нислэг үйлдэх, дотоодын аялал зохиох, MAX агаарын хөлгийг газарт ашиглах зэргээр ажиллажээ. Хэдийгээр зээлийн эргэн төлөлтөө аль болох хойшлуулж, хөрөнгө оруулалтаа царцаан, зардлаа бууруулж байгаа ч байдал хэвээр үргэлжилвэл ирэх оны хоёрдугаар улирлаас төлбөрийн чадваргүй болох эрсдэл үүссэн талаар МИАТ компанийн гүйцэтгэх захирал Д.Баттөр хэлж байгаа юм. Тиймээс цаашид шатахуун, тээвэрлэлтийн зардлыг бууруулах, Хөгжлийн банкнаас таваас доошгүй жилийн хугацаатай, бага хүүтэй зээл олгох, эргэлтийн хөрөнгөөр дэмжихэд анхаарах хэрэгтэйг энэ салбарынхан хэлж байгаа юм.

Харин засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх агаарын тээвэрлэгч компаниудын хүссэн хэмжээгээр санхүүжилт өгч чадахгүй ч, боломжтой бүх арга хэмжээг авна гэдгээ илэрхийлсэн байна. Хэдийгээр агаарын тээвэрлэгч компаниуд санхүүгийн хүндрэлтэй байгаа ч, нислэгийн үнэ тарифаа нэмж иргэдийн нуруун дээр ачаалал үүсгэхгүй байхад анхаарахыг тэрээр захисан юм. Цаашид шинэ нисэх буудалд шилжих бэлтгэлээ сайтар хангахаас гадна, тэнд ажиллах хүмүүс, суурьших иргэдэд шаардлагатай орон сууц, сургууль, цэцэрлэг, нийтийн тээвэр, худалдаа, үйлчилгээ зэргийг цогцоор нь шийдвэрлэхэд анхаарахыг салбарын сайдад үүрэг болгов. Иргэний нисэхийн салбарт сахилга, хариуцлагыг дээд зэргээр мөрддөг байх ёстойг давхар сануулсан байна. Энэ үеэр дотоодын нислэг, нисэх буудлын үйлчилгээг НӨАТ-гүй болговол тасалбарын үнэ 8-10 хувиар буурах боломжтойг Хүннү Эйр компанийн захирал П.Мөнхжаргал онцолсон юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.