12 сар 30, 2024

Ерөнхий сайдын ивээл дор Робокон зохиогдлоо…

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор БСШУСЯ -ны дэмжлэгээр ABU ROBOCON-2019 MONGOLIA тэмцээн зохиогдлоо. Тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт болж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмцээнд оролцогчдод амжилт хүсч, зарим тоглолтыг үзэж сонирхов. ABU ROBOCON-2019 MONGOLIA тэмцээнд дэлхийн 16 улсын 17 багийн 290 гаруй тамирчин өрсөлдлөө. Оюутан залуусын бүтээлч, шинжлэх ухаанч, үзэл хандлагыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой энэхүү Олон улсын тэмцээнийг Азийн өргөн нэвтрүүлгийн холбооны гишүүн МҮОНРТ-ээс зохион байгуулсан юм. ABU ROBOCON-2019 MONGOLIA тэмцээнд Монголын баг тамирчид идэвхитэй, амжилттай оролцож, хоёрдугаар байрт шалгарав. БСШУСЯ-ны Дээд боловсролыг чанаржуулах бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа CDIO буюу инженерийн боловсролын үр дүнд суурилсан шинэ арга зүйгээр суралцсан оюутнууд ийнхүү амжилт гаргажээ.

Ази номхон далайн техник мэргэжлийн их, дээд сургуулиудын хооронд жил бүр Робокон роботын тэмцээн зохион байгуулж байх санаачлагыг Япон улс 2001 онд гаргаж байсан юм. Энэ үеэс эхлэн ази номхон далайн орнуудын дунд жил бүрийн наймдугаар сард энэ тэмцээн зохиогдсоор ирсэн. Харин манай улс 2002 оноос хойш Робокон тэмцээнийг дотооддоо тасралтгүй техник, технологийн чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд зохиож ирсэн юм. Робокон тэмцээнийг ази номхон далайн орнуудын үндэсний өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа явуулдаг телевизүүд өөрийн улсдаа зохион байгуулдаг. Тухайлбал, Япон залуусын дунд зохиогдог Робоконыг Эн Эйч Кэй телевиз зохиодог бол, Солонгост Ки Би Эс, Хятадад Си Си тв зохион байгуулдаг байна. Харин манай улсын Робокон тэмцээнийг Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс зохион байгуулж ирсэн юм.