Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

10 сар 2015
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 9 сар   12 сар »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Зүүн Цанхийн олборлолт хэзээ сэргэх вэ

Одоогоос таван жилийн өмнө манай улс Тавантолгойн ордын Цанхийн зүүн хэсэгт гэрээгээр нүүрс олборлох оператор компанийг сонгон шалгаруулах тендер зарласан. Энэ тендерт гадаадын гурван компани санал ирүүлснээс Австралийн MacMahon Holdings компани шалгарсан юм. Тиймээс тус компанитай гэрээ байгуулж, 2011 оноос нүүрс олборлуулж эхэлсэн. Гэвч тус компанитай байгуулсан гэрээг шинэчлэхээр өнгөрсөн оны наймдугаар сараас хэлэлцээр хийж эхэлжээ. Хэлэлцээр жил орчим үргэлжилсэн ч, хоёр тал ойлголцолд хүрээгүйн улмаас MacMahon Holdings компани өнгөрсөн зургаадугаар сард манай улсаас гарч явсан гэдэг. Ингэхдээ тус компани Зүүн Цанхид нүүрс олборлох эрхээ Хятадын TT VJ CO компанид 65 сая ам.доллараар шилжүүлээд гарсан гэх мэдээлэл байна. Ингэснээр Тавантолгойн Зүүн Цанхийн гэрээт олборлогч нь Австралийн MacMahon Holdings бус, Хятадын TT VJ CO болж хувирсан хэрэг. Эрдэнэс-Тавантолгой компанийнхан шинэ гэрээт олборлогч болох TT VJ CO компани руу өөрийн 200 гаруй ажилтнаа шилжүүлэх шийдвэр саяхан гаргажээ. Үүнтэй холбогдуулан тус компанийн ажилчид эсэргүүцлээ илэрхийлж, суулт зарлаад байна.

Тавантолгойн ордын Цанхийн хэсгийг хоёр хувааж, баруун хэсэгт нь стратегийн хөрөнгө оруулагч, зүүн хэсэгт нь гэрээт олборлогч оруулах шийдвэр одоогоос таван жилийн өмнө гарч байлаа. Энэ дагуу Баруун Цанхид үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагч, Зүүн Цанхид гэрээгээр нүүрс олборлох оператор компанийг сонгох тендерийг таван жилийн өмнө зарласан юм. Гэвч тухайн үед стратегийн хөрөнгө оруулагч тодроогүй учраас хожим энэ талбай руу Монгол уурхайчин нэгдэлийг гэрээт олборлогчоор оруулсан. Харин Зүүн Цанхийн гэрээт олборлогчоор Австралийн MacMahon Holdings компани ажиллаж байсныг дээр дурдсан. Энэ хоёр гэрээт олборлогчийн нэг нь ажилчдаа өөрсдөө цалинжуулдаг бол, нөгөө нь Эрдэнэс-Тавантолгой компаниас цалинждаг байжээ. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс-Тавантолгой компани MacMahon Holdings компаниар нүүрс олборлуулсны төлбөр төлөхийн зэрэгцээ энэ талбай дээр ажиллаж ирсэн 200 гаруй ажилтанг өөрөөсөө цалинжуулж иржээ. Тиймээс зардлаа бууруулахын тулд эдгээр ажилчдаа шинэ гэрээт олборлогч TT VJ CO компани руу шилжүүлэхээр болсон гэж Эрдэнэс-Тавантолгой компанийн удирдлагууд тайлбарлав.

Эрдэнэс-Тавантолгой компани 650 гаруй ажилтантайгаас 200 гаруйг нь шинэ гэрээт олборлогч TT VJ CO компани руу шилжүүлэх шийдвэр гарчээ. Харин ажилчид нь Эрдэнэс-Тавантолгой компаниас явахгүй гэдгээ илэрхийлж суулт зарласан байна. Энэ үл ойлголцол ойрын хугацаанд шийдэгдвэл шинэ гэрээт олборлогч сарын дотор Зүүн Цанхийн олборлолтыг сэргээх боломжтой гэнэ. MacMahon Holdings компанитай байгуулсан гэрээг шинэчлэх хэлэлцээр эхлүүлсэнтэй холбогдуулан өнгөрсөн оны наймдугаар сараас Зүүн Цанхийн олборлолтыг зогсоогоод байгаа. Гэвч хэлэлцээрт ахиц гараагүй учраас MacMahon Holdings компани Зүүн Цанхиас гарч, оронд нь шинэ гэрээт олборлогч орж ирлээ. Энэ хугацаанд буюу өнгөрсөн оны наймдугаар сараас хойш тус талбайгаас нэг ч тонн нүүрс олборлож экспортлоогүй гэж ойлгож болно. Үүнээс өмнө Чалкотой байгуулсан гэрээг сайжруулах зорилгоор Зүүн Цанхийн экспортыг жил гаруйн хугацаанд мөн зогсоож байсан юм. Тодруулбал, манай улс Зүүн Цанхийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд Хятадын төрийн өмчийн Чалко компаниас 350 сая америк доллар зээлж, үүнийгээ Зүүн Цанхийн нүүрсээр барагдуулахаар тохиролцсон байдаг.

Энэ дагуу 2011 оны наймдугаар сарын 4-нөөс эхлэн Хятадын төрийн өмчийн Чалко компанид нүүрсээ тонныг нь 70 ам.доллараар нийлүүлж, зээлийнхээ тодорхой хувийг барагдуулсан юм. Гэвч өмнөх Засгийн газрын үед нүүрсний экспортыг зогсоох замаар, гэрээний үнийг нэмэх оролдлого хийсэн нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсонтой ижил зүйл болсон гэж хэвлэлүүд шүүмжилдэг. Нүүрсний үнэ унасан үед, гэрээний үнэ нэмэх оролдлого хийсэн нь Зүүн Цанхийн бүтээгдэхүүнийг тонныг нь 70 ам.доллараас доош үнээр нийлүүлэхэд хүргэсэн гэж шүүмжилдэг. Ийнхүү Чалкотой байгуулсан гэрээг сайжруулахын тулд 2013 оны эхнээс жил гаруйн хугацаанд Зүүн Цанхийн олборлолт болон экспортыг зогсоож байлаа. Үүнээс хойш олборлолт, экспортыг сэргээсэн ч өнгөрсөн оны наймдугаар сараас MacMahon Holdings компанитай байгуулсан гэрээг шинэчлэх зорилгоор дахин энэ талбайн үйл ажиллагааг зогсоосон юм. Ийнхүү Чалко болон Макмахан компанитай хэлэлцээрийн ширээний ард суух бүрт Зүүн Цанхийн олборлолт, экспортыг зогсоож ирсэн ч,  “Чалко”-гийн өрөөс салахгүй байх нэг шалтгаан болж байна.

Өнгөрсөн оны эцэст энэ компанид 130 сая ам.доллар удахгүй нүүрсээр барагдуулаад төлчихнө гэж яриад сууж байсан бол өнөөдөр үүнтэй ойролцоо тоо бас л яриад сууж байна. Одоо тус компанид 115 сая ам.доллар төлөх дутуу байгаа учраас ингэж хэлж байгаа юм. Ийнхүү Зүүн Цанхийн уурхай зогсонги байгаа нь өр зээл хасагдахгүй байх нэг шалтгаан болж байна. Нөгөө талаас дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаж байгаа нь тус компанийн санхүүд хүндрэл учруулсан хэвээр байна. Зүүн Цанхийн олборлолт зогссон ч Баруун Цанхийн олборлолт хэвийн явж байгаа. Монгол уурхайчин нэгдэл он гарснаас хойш Баруун Цанхиас 3,6 сая тонн нүүрс олборлож экспортолжээ. Баруун Цанхийн нүүрсийг уурхайн амнаас өнгөрсөн оны эцэст 40 ам.доллараар худалдаж байсан бол, оны эцэст 33 ам.доллар болж буурсан. Харин одоо нэг тонн нүүрсийг Баруун Цанхийн уурхайн аман дээр 26 ам.долларын дундаж ханшаар худалдаж байна. Ийнхүү нүүрсний үнэ унасан үед Зүүн Цанхийн олборлолтыг ойрын хугацаанд эхлүүлэхгүй бол Эрдэнэс-Тавантолгой компанийн санхүү улам хүндэрнэ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Гэхдээ энэ нь Эрдэнэс-Тавантолгойн ажилтан болон удирдлагын хооронд үүссэн үл ойлголцол хэдий хугацаанд үргэлжлэхээс хамаарах болчихоод байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.