12 сар 6, 2024

Векселиэр санхүүжигдэх төслүүдийг хянана

2015 оны төсөвт оны эхээр тодотгол хийсэнтэй холбогдуулаад УИХ-ын 7 дугаар тогтоол, Засгийн газрын 282 дугаар тогтоол гарсан. Эдгээр тогтоолд 2008-2014 оны төсвийн тухай хуульд тусгагдаж тухайн төсвийн жилд бүрэн санхүүжигдээгүй, гэрээний үлдэгдэл төлбөр бүхий нийт 235 төсөл, арга хэмжээний ажлын санхүүжилтийг өрийн бичиг болох векселиэр санхүүжүүлэхийг Засгийн газарт даалгасан билээ. Үүнтэй холбогдуулан Сангийн яамнаас холбогдох яамд, төсвийн ерөнхийлөн захирагч нараас УИХ-ын 7-р тогтоолын хүрээнд хамаарах векселиэр санхүүжих төсөл, арга хэмжээний саналыг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулж 282-р тогтоол гаргажээ. Өөрөөр хэлбэл, царцаасан гэх тодотголтой объектуудын санхүүжилтийг дээрх тогтоолуудаар шийдвэрлэхээр болсон юм. Уг тогтоолын дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн нийт 235 төслийг хянаж, давхардсан тоогоор 286 аж ахуйн нэгжид 176 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор байгаа юм.

Үүнийг дотор нь задалж үзвэл, 2014 оны төсвийн тухай хуульд заасан бодит гүйцэтгэл нь 2015 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 80-аас дээш хувьтай, 44 гаруй тэрбум төгрөгийн 100 төсөл. Улсын төсвийн 2012-2014 оны хөрөнгө оруулалтад тусч бүрэн хэрэгжүүлсэн ч, гэрээний үлдэгдэл 99 гаруй тэрбум төгрөгийн 39 төсөл. УИХ-ын 2015 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан векселиэр санхүүжүүлэх нийт 33 тэрбум төгрөгийн санхүүжилтийн дүн бүхий 96 төсөл байгаа юм. Эдгээрийн үнийн дүн 176 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа бөгөөд арилжааны банкуудад вексель бичиж, дээрх санхүүжилтийг шийдвэрлэхээр болсон билээ. Векселийн тухай хуулийн дагуу Сангийн яам арилжааны банкуудтай гэрээ байгуулж, төвбанкнаас үнэт цаас худалдан авч, вексель бичнэ. Үүнийгээ аж ахуйн нэгжүүдэд олгож, холбогдох банкуудаар дамжуулан векселийг мөнгөжүүлэхээр болсон юм.

Энэ дагуу Сангийн яам дээрх тогтоолуудын хүрээнд арилжааны найман банктай Төлбөр баталгаажуулах тухай гэрээ байгуулж вексель бичиж эхэлсэн юм. Ингэхдээ Сангийн сайдын 2012 оны 290-р тушаалаар баталсан Санхүүжилтийн эрх нээхэд баримтлах журмын дагуу нэг талаас зээлийн үлдэгдэл, нөгөө талаас векселийг мөнгөжүүлэх чадавх зэрэг шалгуур үзүүлэлтэд үндэслэн найман арилжааны банкаар дамжуулан векселийг мөнгөжүүлэхээр сонгосон байна. Нийт 15 шалгуур үзүүлэлтийг хангасан байдлыг хянаж, Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийн эрх нээдэг зарчимтай ижил байдлаар хянан баталгаажуулж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар нийт 81 аж ахуйн нэгжийн векселийг бичиж, холбогдох гүйцэтгэгч компаниудад хүлээлгэн өгч, арилжааны банкуудад албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна.

Царцаагдсан барилгуудын санхүүжилтийг хийгээгүйн улмаас зарим аж ахуйн нэгж банкнаас авсан зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Зээл нь хугацаа хэтэрсэн, чанаргүй болсонтой холбоотойгоор арилжааны банкуудад ч хүндээр тусаад байгаа. Засгийн газар, гүйцэтгэгч компани, арилжааны банк хооронд үүссэн өр, авлагын асуудлыг векселиэр шийдвэрлэснээр бодит эдийн засаг, банк санхүүгийн салбарыг давхар дэмжинэ. Цаашлаад манай улсын санхүүгийн тогтвортой байдал, зээлжиж зэрэглэл зэрэг үзүүлэлтүүдэд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэж Сангийн яам үзэж байгаа юм. Тэгвэл УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын төсвийн 2008-2014 онуудын хөрөнгө оруулалтад тусган бүрэн хэрэгжүүлж дууссан, гэрээний үлдэгдэл санхүүжилт бүхий векселиэр санхүүжүүлэх төсөл арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн байдлыг шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах байнгын хорооны тогтоолыг баталлаа.

Өөрөөр хэлбэл, векселиэр санхүүжүүлэх 176 тэрбум төгрөгийн өртөг бүхий төслүүдийг дахин нягтлахаар болжээ. Тиймээс УИХ-ын Төсвийн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн санал, дүгнэлт гарах хүртэл “вексель” бичих ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоож байна гэж Сангийн яамнаас мэдэгдлээ. Өнгөрсөн пүрэв гаригаас хойш нийт 81 аж ахуйн нэгжид вексель бичиж, холбогдох гүйцэтгэгч компаниудад хүлээлгэн өгч, арилжааны банкуудад албан бичгээр мэдэгдээд байсан ч, нэгийг нь ч мөнгөжүүлээгүй гэж Сангийн сайд мэдэгдлээ.

Translate